Христийн мөн чанар бол Тэнгэрлэг Эцэгийн хүсэлд дуулгавартай байх явдал юм

Бие махбодтой болсон Бурханыг Христ гэдэг ба Христ бол Бурханы Сүнсний өмссөн махбод билээ. Энэхүү махбод нь махан биетэй ямар ч хүнтэй адилгүй. Христ бол мах, цуснаас бүрдсэн бус, харин Сүнсний биелэл учраас ийм ялгаа байгаа юм. Түүнд хэвийн хүн чанар, бүрэн дүүрэн бурханлаг чанарын аль аль нь бий. Түүний бурханлаг чанарыг ямар ч хүн эзэмшдэггүй. Түүний хэвийн хүн чанар нь махбод дахь бүх хэвийн үйл ажиллагааг хангадаг байхад бурханлаг чанар нь Бурханы Өөрийн ажлыг гүйцэтгэдэг. Түүний хүн чанар ч бай, бурханлаг чанар ч бай, аль аль нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг. Христийн мөн чанар бол Сүнс буюу бурханлаг чанар юм. Тиймээс, Түүний мөн чанар нь Бурханы Өөрийн мөн чанар байдаг; энэхүү мөн чанар Өөрийнх нь ажилд саад болохгүй, Тэрээр Өөрийнхөө ажлыг сүйтгэх ямар нэг зүйлийг хийж яавч чадахгүй, Өөрийнх нь хүсэлд харшилдаг үгийг хэзээ ч хэлдэггүй. Тиймээс бие махбодтой болсон Бурхан нь Өөрийнхөө удирдлагад саад болох ямар нэг ажлыг бүр хэзээ ч хийхгүй. Үүнийг бүх хүн ойлгох ёстой. Ариун Сүнсний ажлын мөн чанар нь хүнийг аврахын төлөө, Бурханы Өөрийн удирдлагын төлөө байдаг. Үүний адилаар, Христийн ажил ч бас хүнийг аврахын төлөө, Бурханы хүслийн төлөө байдаг. Бурхан махбод болсон болохоор мөн чанар нь Түүний махбод дотор биеллээ олж, улмаар Түүний махбод ажлыг нь хариуцахад хангалттай болдог. Тиймээс, бие махбодтой болсон байх хугацаанд Бурханы Сүнсний бүх ажил нь Христийн ажлаар солигддог бөгөөд бие махбодтой болсон хугацааны туршид бүх ажлын цөм нь Христийн ажил байдаг. Үүнийг өөр ямар ч эрин үеийн ажилтай хольж болохгүй. Бурхан махбод болсон тул махбодынхоо ялгамж чанараар ажилладаг; Тэр махбодоор ирдэг тул хийх учиртай ажлаа махбодоор хийж дуусгадаг. Бурханы Сүнс ч бай, Христ ч бай, хоёулаа Бурхан Өөрөө бөгөөд хийх учиртай ажлаа хийж, биелүүлэх учиртай үйлчлэлээ биелүүлдэг.

Бурханы мөн чанар нь өөрөө эрх мэдэл эзэмшдэг боловч Өөрөөс нь гардаг эрх мэдэлд Тэр бүрэн захирагдаж чаддаг. Сүнсний ажил ч бай, махбодын ажил ч бай, аль нь ч нөгөөтэйгөө зөрчилддөггүй. Бурханы Сүнс бол бүх бүтээлийн дээрх эрх мэдэл юм. Бурханы мөн чанартай махбод ч бас эрх мэдэл эзэмшдэг, гэхдээ махбод дахь Бурхан нь тэнгэрлэг Эцэгийн хүслийг дуулгавартай дагадаг бүх ажлыг хийж чаддаг. Үүнд нэг ч хүн хүрч, ухан ойлгож чадахгүй. Бурхан Өөрөө эрх мэдэл боловч Түүний махбод эрх мэдэлд нь захирагдаж чадна. “Эцэг Бурханы хүслийг Христ дуулгавартай дагадаг” гэдэг үгийн цаад учир энэ билээ. Бурхан бол Сүнс бөгөөд авралын ажлыг хийж чаддаг, хүн болох үедээ ч үүнийг хийж чаддаг. Ямартай ч, Бурхан Өөрөө Өөрийнхөө ажлыг хийдэг; Тэр саад болдог ч үгүй, үймүүлдэг ч үгүй, өөр хоорондоо зөрчилддөг ажил бүр ч хийдэггүй, учир нь Сүнс, махбод хоёрын хийдэг ажлын мөн чанар адилхан юм. Сүнс ч бай, махбод ч бай, хоёулаа нэг хүслийг биелүүлэхийн төлөө ажиллаж, адилхан ажлыг удирддаг. Сүнс, махбод хоёр харьцуулшгүй хоёр өөр чанартай хэдий ч мөн чанар нь адилхан; хоёулаа Бурханы Өөрийн мөн чанар болон ялгамж чанарыг агуулдаг. Бурханд Өөрт нь дуулгаваргүй байдлын ямар ч элемент байхгүй; Түүний мөн чанар нь сайн. Тэр бол бүх гоо үзэсгэлэн, сайн сайхан, бүх хайрын илэрхийлэл билээ. Бурхан махбодод байхдаа ч гэсэн, Эцэг Бурханд дуулгаваргүй хандах юу ч хийдэггүй. Амиа золиослоод ч хамаагүй, Тэр чин сэтгэлээсээ тийнхүү үйлдэхэд бэлэн байх ба өөр ямар ч сонголт хийхгүй. Бурханд Өөрийгөө зөвтгөж, чухалчилдаг, ихэрхүү, биеэ тоосон байдлын ямар ч элемент байдаггүй; шударга бус зангийн ямар ч элемент байдаггүй. Бурханд дуулгаваргүй байдаг бүхэн Сатанаас гардаг; Сатан бол бүх муу муухай, хорон муугийн эх сурвалж билээ. Хүнийг Сатан завхруулж, боловсруулсан учраас л Сатаныхтай адил чанартай байдаг. Христийг Сатан завхруулаагүй, иймээс Тэр зөвхөн Бурханы шинж чанарыг агуулдаг ба Сатаны шинж чанарын аль нь ч байдаггүй. Ажил хэчнээн хэцүү бэрх ч бай, махбод хэчнээн сул дорой ч бай хамаагүй, Бурхан махбодод амьдрах зуураа Бурханы Өөрийн ажилд саад болох зүйл хэзээ ч хийхгүй, Эцэг Бурханы хүслийг дуулгаваргүй байдлаар бүр ч хаяхгүй. Тэрээр Эцэг Бурханы хүслийг эсэргүүцсэний оронд бие махбодын зовлон туулахыг илүүд үзнэ; Есүс “Эцэг минь, хэрвээ боломжтой бол энэ аягыг Надаас өнгөрүүлээч; гэхдээ Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” гэж залбиран хэлсэнтэй энэ нь яг адилхан юм. Хүмүүс өөрийнхөө сонголтыг хийдэг, харин Христ тэгдэггүй. Хэдий Тэр Бурханы Өөрийн ялгамж чанартай ч махбодын өнцгөөс Эцэг Бурханы хүслийг мөн л эрж хайдаг ба Өөрт нь Эцэг Бурханы даалгасан зүйлийг биелүүлдэг. Энэ нь хүний хүрч чадахгүй зүйл юм. Сатанаас гардаг зүйл Бурханы мөн чанартай байж чаддаггүй; харин Бурханд дуулгаваргүй байж, эсэргүүцдэг мөн чанартай байж л чадна. Сатан Бурханд бүрэн дуулгавартай байж чаддаггүй, Бурханы хүслийг дуртайяа дуулгавартай дагаж бүр ч чаддаггүй. Христээс бусад бүх хүн Бурханыг эсэргүүцэх зүйл хийж магадгүй бөгөөд Бурханы даалгасан ажлыг нэг ч хүн шууд өөртөө авч чадахгүй; нэг ч хүн Бурханы удирдлагыг өөрсдийн гүйцэтгэх үүрэг гэж үзэж чаддаггүй. Христийн мөн чанар нь Эцэг Бурханы хүсэлд захирагдах явдал юм; Бурханы эсрэг дуулгаваргүй байдал бол Сатаны шинж чанар мөн. Энэ хоёр чанар нь нийцдэггүй ба Сатаны шинж чанартай хэнийг ч Христ гэж нэрлэж болохгүй. Хүн Бурханы ажлыг оронд нь хийж чаддаггүйн шалтгаан гэвэл хүнд Бурханы ямар ч мөн чанар байдаггүй. Хүн хувийн ашиг сонирхол, хэтийн ирээдүйнхээ тусын тулд Бурханы төлөө ажилладаг, харин Христ бол Эцэг Бурханы хүслийг биелүүлэхийн тулд ажилладаг.

Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь удирддаг. Хэдий Тэр махбодтой ч, хүн чанар нь тэр чигтээ махан биетэй хүнийхтэй адилгүй. Түүнд Өөрийн гэсэн цор ганц зан араншин байдаг бөгөөд үүнийг ч гэсэн бурханлаг чанар нь удирддаг. Түүний бурханлаг чанарт ямар ч сул тал байхгүй; Христийн сул тал гэж хүн чанарынх нь сул талыг хэлдэг. Энэ сул тал нь Түүний бурханлаг чанарыг тодорхой хэмжээнд хязгаарладаг боловч ийм хязгаарлалт нь хэмжээ хязгааргүй бус, харин тодорхой цар хүрээ, цаг хугацаан дотор байдаг. Бурханлаг чанарынхаа ажлыг хэрэгжүүлэх цаг нь болоход, Түүний хүн чанараас үл хамааран энэ нь хийгддэг. Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь бүрэн чиглүүлдэг. Түүний хүн чанарын хэвийн амьдралаас гадна хүн чанарынх нь бусад бүх үйлдэлд бурханлаг чанар нь нөлөө үзүүлж, нөлөөлж, удирдаж байдаг. Христ хүн чанартай хэдий ч бурханлаг чанарынх нь ажилд энэ нь саад болдоггүй бөгөөд яг нарийндаа энэ нь Христийн хүн чанарыг бурханлаг чанар нь чиглүүлдгээс үүдэлтэй; Түүний хүн чанар нь бусадтай харилцахдаа биеэ хэрхэн авч явах тухайд төлөвшөөгүй байдаг ч бурханлаг чанарынх нь хэвийн ажилд нөлөөлдөггүй. Христийн хүн чанар завхраагүй гэж хэлэхдээ Би, Түүний хүн чанарыг бурханлаг чанар нь шууд захирч чаддаг, мөн Тэрээр жирийн хүнийг бодвол илүү эрүүл ухаантай байдаг гэх утгаар хэлдэг юм. Ажилдаа бурханлаг чанараар удирдуулахад Түүний хүн чанар хамгийн тохиромжтой байдаг; Түүний хүн чанар нь бурханлаг чанарын ажлыг хамгийн сайн илэрхийлж чаддаг, мөн ийм ажилд хамгийн сайн захирагдаж чаддаг. Бурхан махбодод ажиллахдаа махан биетэй хүний биелүүлэх учиртай үүргээс хэзээ ч хараа салгадаггүй; Тэрээр тэнгэр дэх Бурханыг чин зүрх сэтгэлээр шүтэн мөргөх чадвартай. Түүнд Бурханы мөн чанар байдаг бөгөөд Түүний ялгамж чанар бол Бурханы Өөрийн ялгамж чанар юм. Тэр гагцхүү газар дээр ирээд, бүтээгдсэн зүйлийн гадаад бүрхүүлтэй бүтээгдсэн зүйл болж, урьд нь Түүнд байгаагүй хүн чанарыг эзэмшсэн. Тэрээр тэнгэр дэх Бурханыг шүтэн мөргөж чаддаг, энэ нь Бурханы Өөрийн оршихуй бөгөөд хүн дуурайшгүй билээ. Түүний ялгамж чанар бол Бурхан Өөрөө. Махбодын өнцгөөс л Тэрээр Бурханыг шүтэн мөргөдөг; тиймээс, “Христ тэнгэр дэх Бурханыг шүтэн мөргөдөг” гэх үг буруу биш. Тэрээр хүнээс яг Өөрийн оршихуйг л шаарддаг; хүнээс ийм зүйл шаардахынхаа өмнө Өөрөө энэ бүхэндээ аль хэдийн хүрсэн байдаг. Тэр Өөрөө ангид байх зуураа бусдад хэзээ ч шаардлага тавихгүй, учир нь энэ бүхэн Түүний оршихуйг бүрдүүлдэг. Тэр ажлаа хэрхэн хэрэгжүүлдэг нь хамаагүй, Бурханд дуулгаваргүй ханддаг байдлаар авирлахгүй. Тэр хүнээс юу ч шаарддаг байлаа гэсэн, ямар ч шаардлага нь хүний хүрч чадах зүйлээс хэтэрдэггүй. Түүний хийдэг бүхэн Бурханы хүслийг биелүүлдэг бөгөөд Түүний удирдлагын төлөө байдаг. Христийн бурханлаг чанар бүх хүнээс дээр байдаг; тиймээс Тэр бол бүтээгдсэн бүх зүйлээс хамгийн өндөр дээд эрх мэдэл юм. Энэ эрх мэдэл нь Түүний бурханлаг чанар, өөрөөр хэлбэл, Бурханы Өөрийн зан чанар, оршихуй бөгөөд энэ нь Түүний ялгамж чанарыг тодорхойлдог. Тиймээс, Түүний хүн чанар хэчнээн хэвийн ч бай, Түүнд Бурханы Өөрийн ялгамж чанар байдаг гэдэг нь маргаангүй; Тэр ямар өнцгөөс ярьж, Бурханы хүслийг яаж ч дуулгавартай дагадаг байлаа гэсэн, Түүнийг Бурхан Өөрөө биш гэж хэлж болохгүй. Мунхаг, мэдлэггүй хүмүүс Христийн хэвийн хүн чанарыг өө сэв гэж үздэг. Тэр бурханлаг чанарын оршихуйгаа яаж ч илэрхийлж, илчиллээ гэсэн, хүн Түүнийг Христ гэж хүлээн зөвшөөрөх чадваргүй. Христ Өөрийн дуулгавартай, даруу байдлыг харуулах тусам, тэнэг хүмүүс Христийг улам хөнгөн хуумгай авч үздэг. Түүнд гадуурхаж, басамжилсан хандлагаар ханддаг атлаа ихэмсэг дүртэй “агуу хүмүүс”-ийг шүтэхээр ширээн дээр залдаг хүмүүс ч байдаг. Бурханд хандах хүний эсэргүүцэл, дуулгаваргүй байдал нь, бие махбодтой болсон Бурханы мөн чанар Бурханы хүсэлд захирагддаг баримтаас, мөн Христийн хэвийн хүн чанараас үүдэн гардаг; энэ нь Бурханд хандах хүний эсэргүүцэл, дуулгаваргүй байдлын эх үүсвэр юм. Христэд хүн чанарынх нь гадаад төрх байгаагүй, бүтээгдсэн зүйлийн өнцгөөс Эцэг Бурханы хүслийг ч эрж хайгаагүй, харин оронд нь супер хүн чанарыг эзэмшсэн байсан бол хүмүүсийн дунд ямар ч хүн дуулгаваргүй хандахгүй байсан байх. Хүн тэнгэр дэх үл үзэгдэх Бурханд итгэхэд үргэлж бэлэн байдгийн шалтгаан нь тэнгэр дэх Бурханд хүн чанар байдаггүй, бүтээгдсэн зүйлийн ганц ч чанар байдаггүй. Тиймээс хүн үргэлж тэнгэр дэх Бурханд хамгийн их хүндэтгэлтэйгээр ханддаг боловч Христэд басамжилсан хандлага гаргадаг.

Газар дээрх Христ нь Бурханы Өөрийн өмнөөс ажиллах чадвартай хэдий ч махбод дахь дүрээ бүх хүнд харуулах санаа зорилготойгоор ирдэггүй. Тэрээр бүх хүнд Өөрийгөө харуулахаар ирдэггүй; Өөрийнх нь гараар удирдуулах боломжийг хүмүүст олгож, улмаар шинэ эрин үе рүү оруулах гэж Тэр ирдэг. Христийн махбодын чиг үүрэг нь Бурханы Өөрийн ажлын төлөө, өөрөөр хэлбэл, махбод дахь Бурханы ажлын төлөө байдаг болохоос махбодынхаа мөн чанарыг хүмүүст бүрэн ойлгуулахын төлөө байдаггүй. Тэр яаж ч ажиллалаа гэсэн, Түүний хийдэг юу ч махбодын хийж чадах зүйлээс хэтэрдэггүй. Тэр яаж ч ажиллалаа гэсэн, хэвийн хүн чанартай махбодоор ажилладаг бөгөөд Бурханы жинхэнэ төрх байдлыг хүнд бүрэн илчилдэггүй. Үүнээс гадна, махбод дахь Түүний ажил хэзээ ч хүний төсөөлдөг шиг ер бусын, үнэлж баршгүй байдаггүй. Христ махбод дахь Бурханыг Өөрийг нь төлөөлж, Бурханы Өөрийн хийх учиртай ажлыг биечлэн хэрэгжүүлдэг хэдий ч тэнгэр дэх Бурханы оршин тогтнолыг үгүйсгэдэггүй, Өөрийнхөө үйл хэргийг ч улайран тунхагладаггүй. Харин ч Тэрээр махбод дотроо даруухнаар нуугдсан хэвээр үлддэг. Христээс гадна, өөрсдийгөө Христ хэмээн хуурамчаар зарладаг хүмүүст Түүний чанарууд байдаггүй. Тэрхүү хуурамч Христүүдийн биеэ тоож, өөрсдийгөө өргөмжилдөг зан чанартай харьцуулж үзэх үед, ямархуу махбод үнэхээр Христ вэ гэдэг нь илэрхий болдог. Тийм хуурамч Христүүд хэдий чинээ хуурамч байна, төдий чинээ бардамнадаг бөгөөд хүнийг мэхлэхийн тулд төдий чинээ тэмдэг, гайхамшиг үзүүлэх чадвартай байдаг. Хуурамч Христүүдэд Бурханы чанар байдаггүй; хуурамч Христэд хамаардаг ямар ч элемент Христэд холилдоогүй байдаг. Бурхан махбодын ажлыг гүйцэтгэхийн тулд л махбод болдог болохоос, зүгээр л Өөрийгөө хүмүүст харуулах гэсэндээ тэгдэггүй. Харин ч Тэр Өөрийнхөө ажлаар ялгамж чанараа бататгаж, Өөрийнхөө илчилдэг зүйлээр мөн чанараа баталгаажуулдаг. Түүний мөн чанар үндэслэлгүй биш; ялгамж чанараа Тэр Өөрийн гараар булаан аваагүй; энэ нь Түүний ажил болон мөн чанараар тодорхойлогддог. Хэдий Тэр Бурханы Өөрийн мөн чанартай, Бурханы Өөрийн ажлыг хийх чадвартай ч эцсийн эцэст бас л Сүнстэй адилгүй махбод билээ. Тэр бол Сүнсний чанартай Бурхан биш; харин махбодын бүрхүүлтэй Бурхан юм. Тиймээс, Тэр хэчнээн хэвийн, хэчнээн сул дорой ч байсан бай, мөн Эцэг Бурханы хүслийг яаж ч эрж хайдаг бай хамаагүй, Түүний бурханлаг чанарыг үгүйсгэх аргагүй. Бие махбодтой болсон Бурханд хэвийн хүн чанар болон хэвийн хүн чанарын сул талууд оршдог төдийгүй, бурханлаг чанарынх нь гайхалтай, тайлагдашгүй байдал, түүнчлэн махбод дахь бүх үйл хэрэг нь ч бас оршдог. Тиймээс, Христийн дотор хүн чанар, бурханлаг чанарын аль аль нь үнэхээр, бодитоор оршдог. Энэ нь огтхон ч хоосон, ер бусын зүйл биш. Тэрээр ажил гүйцэтгэх үндсэн зорилготойгоор газар дээр ирдэг; газар дээр ажил гүйцэтгэхийн тулд хэвийн хүн чанартай байх шаардлагатай; эс бөгөөс, Түүний бурханлаг чанарын хүч чадал хэчнээн их байсан ч, анхдагч чиг үүргээ сайтар биелүүлж чадахгүй. Түүний хүн чанар асар их ач холбогдолтой хэдий ч энэ нь Түүний мөн чанар биш. Түүний мөн чанар бол бурханлаг чанар юм; тиймээс газар дээрх үйлчлэлээ хэрэгжүүлж эхлэх мөчид Тэрээр бурханлаг чанарынхаа оршихуйг илэрхийлж эхэлдэг. Түүний хүн чанар нь гагцхүү махбодынхоо хэвийн амьдралыг хангахын төлөө оршдог, ингэснээр Түүний бурханлаг чанар махбодод хэвийн ажиллаж чаддаг; бурханлаг чанар л Түүний ажлыг бүхэлд нь чиглүүлдэг. Өөрийн ажлыг дуусгах үедээ Тэр үйлчлэлээ хэрэгжүүлсэн байх болно. Хүний мэдэх учиртай зүйл бол Түүний бүхий л ажил бөгөөд Өөрийн ажлаар л дамжуулан Тэр Өөрийг нь мэдэх боломжийг хүнд олгодог. Тэрээр ажлынхаа явцад бурханлаг чанарынхаа оршихуйг нэлээд бүрэн илэрхийлдэг бөгөөд энэ нь хүн чанар холилдсон зан чанар юм уу хүний бодол, зан авир холилдсон оршихуй биш. Бүх үйлчлэл нь дуусах цаг ирэхэд Тэр илэрхийлэх учиртай зан чанараа аль хэдийн бүрэн, төгс илэрхийлсэн байх болно. Түүний ажил ямар нэг хүний заавраар явагддаггүй; Түүний зан чанарын илэрхийлэл ч бас нэлээд чөлөөтэй байдаг бөгөөд оюун санаагаар хянуулж, эсвэл бодлоор боловсруулагддаггүй, харин аяндаа илчлэгддэг. Энэ нь хэний ч хийж чадахгүй зүйл юм. Хүрээлэн буй орчин хахир хатуу, тааламжгүй байсан ч гэсэн, Тэрээр тохиромжтой цагт нь зан чанараа илэрхийлж чаддаг. Христ болох Нэгэн нь Христийн оршихуйг илэрхийлдэг бол Христ биш хүмүүст Христийн зан чанар байдаггүй. Тиймээс, Түүнийг бүгд эсэргүүцэж, Түүний талаар үзэлтэй боллоо ч гэсэн, Христийн илэрхийлсэн зан чанар Бурханых мөн гэдгийг хүний үзэлд үндэслээд хэн ч үгүйсгэж чадахгүй. Чин зүрх сэтгэлээр Христийг эрэлхийлдэг, эсвэл Бурханыг зориуд эрж хайдаг бүх хүн, Түүний бурханлаг чанарын илэрхийлэлд үндэслээд Христ мөн гэдгийг нь хүлээн зөвшөөрнө. Хүний үзэлтэй нийцдэггүй ямар нэг талаас нь болж Христийг тэд хэзээ ч үгүйсгэхгүй. Хүн хэдий маш мунхаг боловч хүний хүсэл юу болох, Бурханаас юу үүддэг болохыг бүгд яг таг мэдэж байдаг. Гагцхүү өөрсдийнхөө санаа зорилгоос үүдэн олон хүн Христийг санаатайгаар эсэргүүцдэг. Хэрвээ ийм биш байсан бол, Христийн оршин тогтнолыг үгүйсгэх шалтгаан ганц ч хүнд байхгүй байх байв, учир нь Христийн илэрхийлдэг бурханлаг чанар үнэхээр оршин байдаг ба Түүний ажлыг энгийн нүдээр харж болно.

Христийн ажил болон илэрхийлэл мөн чанарыг нь тодорхойлдог. Тэрээр Өөрт нь даалгасан зүйлийг чин сэтгэлээр гүйцэлдүүлж чаддаг. Тэрээр тэнгэр дэх Бурханыг чин сэтгэлээр шүтэн мөргөж чаддаг бөгөөд Эцэг Бурханы хүслийг үнэн зүрх сэтгэлээсээ эрж хайдаг. Энэ бүгд Түүний мөн чанараар тодорхойлогддог. Иймээс Түүний төрөлхийн илэрхийлэл ч гэсэн мөн чанараар нь тодорхойлогддог; үүнийг “төрөлхийн илэрхийлэл” гэж нэрлэдгийн минь шалтгаан нь Түүний илэрхийлэл бол даган дуурайсан явдал биш, хүний олгосон боловсролын үр дүн ч биш, хүний олон жилийн боловсруулалтын үр дүн ч бас биш. Тэр үүнийг сураагүй, эсвэл Өөрийгөө үүгээр гоёогүй; харин ч энэ нь Түүний дотор төрөлхөөсөө байдаг. Хүн, Түүний ажил, илэрхийлэл, хүн чанар болон хэвийн хүн чанарынх нь бүхий л амьдралыг үгүйсгэж болох боловч тэнгэр дэх Бурханыг үнэн сэтгэлээсээ шүтдэг мөргөдгийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй; тэнгэрлэг Эцэгийн хүслийг биелүүлэхээр ирснийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй, мөн Эцэг Бурханыг эрж хайдаг чин сэтгэлийг нь хэн ч үгүйсгэж чадахгүй. Хэдий Түүний дүр мэдрэхүйд таатай биш, яриа нь ер бусын өнгө аясгүй, ажил нь хүний төсөөлдөг шиг газар донсолгож, тэнгэр чичрүүлэм биш боловч Тэр бол үнэхээр тэнгэрлэг Эцэгийн хүслийг үнэн сэтгэлээсээ биелүүлж, тэнгэрлэг Эцэгт бүрэн захирагдаж, үхэн үхтэлээ дуулгавартай байдаг Христ мөн юм. Учир нь Түүний мөн чанар бол Христийн мөн чанар билээ. Энэхүү үнэнд хүн итгэхэд хэцүү боловч энэ нь бодит баримт мөн. Христийн үйлчлэл бүрэн гүйцэлдэх үед, Түүний зан чанар болон оршихуй нь тэнгэр дэх Бурханы зан чанар, оршихуйг төлөөлдөг болохыг хүн Түүний ажлаас харж чадна. Тэр үед, Тэрээр үнэхээр махбод болсон Үг мөн бөгөөд мах цуснаас бүрдсэн хүнтэй адилгүй гэдгийг Түүний бүх ажлын нийлбэр цогц баталж чадна. Газар дээрх Христийн ажлын алхам бүр өөрийн гэсэн бэлгэдлийн ач холбогдолтой байдаг боловч алхам бүрийн бодит ажлыг туулдаг хүн Түүний ажлын ач холбогдлыг ухаарч чаддаггүй. Ялангуяа хоёр дахь удаа бие махбодтой болохдоо Бурханы гүйцэтгэдэг ажлын хэд хэдэн алхмын хувьд ийм байдаг. Христийн үгийг л үзэж дуулснаас биш, Түүнийг хэзээ ч харж байгаагүй ихэнх хүн Түүний ажлын талаар ямар ч үзэлгүй байдаг; Христийг харж, үгийг нь сонссон, мөн ажлыг нь туулсан хүмүүст Түүний ажлыг хүлээн авахад хэцүү байдаг. Христийн гадаад төрх, хэвийн хүн чанар хүнд таалагддаггүй учраас тэр биш үү? Христийг явсны дараа ажлыг нь хүлээн авдаг хүмүүст ийм бэрхшээл гарахгүй, учир нь тэд ердөө л Түүний ажлыг хүлээн авдаг ба Христийн хэвийн хүн чанартай харилцдаггүй. Хүн Бурханы талаарх үзлээ орхиж чаддаггүй, харин ч Түүнийг няхуур судалдаг; энэ нь, хүн Түүний гадаад төрхийг л анхаардгаас биш, ажил болон үгэнд нь үндэслэн Түүний мөн чанарыг таньж чаддаггүйгээс болдог. Хэрвээ хүн Христийн гадаад төрхийг нүдээ анин өнгөрөөж, эсвэл Христийн хүн чанарын талаар ярилцахаас зайлсхийж, ажил болон үгийг нь ямар ч хүн биелүүлэх аргагүй бурханлаг чанарынх нь тухай л ярьдаг бол хүний үзэл хоёр дахин багасаж, бүх бэрхшээл нь шийдвэрлэгдэх хэмжээнд ч хүрнэ. Бие махбодтой болсон Бурханы ажлын үеэр хүн Түүнийг тэвчиж чаддаггүй, Түүний талаарх тоо томшгүй үзлээр дүүрэн байдаг бөгөөд эсэргүүцэж, дуулгаваргүй байх тохиолдол түгээмэл байдаг. Хүн Бурханы оршин тогтнолыг тэвчиж, Христийн номхон даруу, нууцлаг байдлыг хүлцэж, тэнгэрлэг Эцэгийг дуулгавартай дагадаг Христийн мөн чанарыг уучилж чаддаггүй. Тиймээс, Тэр ажлаа дуусгасны дараа хүнтэй хамт мөнхөд үлдэж чадахгүй, учир нь хүн Түүнийг өөрсөдтэй нь хамт амьдрахыг зөвшөөрөхийг хүсдэггүй. Хүн Түүнийг ажлынх нь хугацаанд хүлцэж чадахгүй бол үйлчлэлээ хэрэгжүүлчихээд өөрсдийнх нь хажууд амьдарч, Түүний үгийг аажмаар туулахыг нь харахыг хэрхэн тэвчиж чадах билээ? Тэр үед Түүнээс болж олон хүн унахгүй гэж үү? Хүн Түүнд газар дээр ажиллахыг л зөвшөөрдөг; энэ нь хүний хүлцэх хамгийн дээд хязгаар юм. Хэрвээ Түүний ажил байгаагүй бол хүн Түүнийг аль хэдийн газар дэлхийгээс хөөн зайлуулчих байсан, тэгэхээр ажил нь дуусчихвал Түүнд хэчнээн хүлээцгүй хандах билээ? Тэр үед хүн Түүнийг цаазалж, үхтэл нь тамлахгүй гэж үү? Хэрвээ Түүнийг Христ гэдэггүй байсан бол Тэр хүн төрөлхтний дунд ажиллаж чадахгүй байх байсан; хэрвээ Тэр Бурханы Өөрийн ялгамж чанараар ажиллалгүй, ердөө л хэвийн хүн шиг ажилласан бол хүн Түүний ажлын өчүүхэн хэсгийг тэвчих нь байтугай, айлдсан ганц өгүүлбэрийг нь ч тэвчихгүй байх байсан юм. Иймээс Тэр Өөрийнхөө ажилд энэ ялгамж чанараа л авч явах болдог. Ингэхгүй байсныг бодвол, Түүний ажил ийм маягаар илүү хүчирхэг байдаг, учир нь хүмүүс бүгд зэрэг зиндаа, агуу ялгамж чанарыг дуулгавартай дагахыг хүсдэг. Хэрвээ Тэр ажиллахдаа, эсвэл Бурхан Өөрөө болон гарч ирэхдээ Бурханы Өөрийн ялгамж чанарыг авч яваагүй бол, ажил хийх боломж Түүнд огт байхгүй байх байв. Түүнд Бурханы мөн чанар, Христийн оршихуй байдаг хэмээх бодит баримтыг үл харгалзан, хүн Түүнд уужуу сэтгэл гаргаж, хүн төрөлхтний дунд санаа амар ажлаа явуулах боломж олгохгүй байх байв. Тэрээр ажилдаа Бурханы ялгамж чанарыг авч явдаг; хэдийгээр ийм ажил нь, тийм ялгамж чанаргүйгээр хийснээс олон арав дахин илүү хүчтэй боловч хүн Түүнд одоо ч бүрэн дуулгавартай байдаггүй, учир нь хүн Түүний мөн чанарт биш, зэрэг зиндаанд нь л захирагддаг. Тэгвэл, нэг л өдөр Христ албан тушаалаасаа буувал ганц өдөр ч гэсэн амьд явах боломжийг хүн Түүнд олгох байсан гэж үү? Өөрийн гараар хийсэн ажлаас нь хожмын он жилүүдэд гарах үр нөлөөг харахын тулд Бурхан хүнтэй хамт газар дээр амьдрахыг хүсдэг. Гэвч хүн Түүний байгааг ганц ч өдөр тэвчиж чадахгүй, иймээс Түүнд болихоос өөр арга байхгүй. Хүмүүсийн дунд хийх ёстой ажлаа хийж, Өөрийн үйлчлэлийг хэрэгжүүлэх боломжийг Бурханд олгосон гэдэг нь хэдийнээ хүний хүлээцтэй байдал, нигүүлслийн хамгийн дээд хязгаар билээ. Түүний биечлэн байлдан дагуулсан хүмүүс Түүнд ийм нигүүлсэл үзүүлдэг хэдий ч, нэг ч хором хэтрүүлэлгүй, ажлаа дуустал үлдэхийг л Түүнд зөвшөөрдөг. Тэгвэл Түүний байлдан дагуулаагүй хүмүүс яах вэ? Тэрээр хэвийн хүний бүрхүүлтэй Христ учраас хүн бие махбодтой болсон Бурханд ийм маягаар ханддаг бус уу? Хэрвээ Түүнд хэвийн хүн чанар бус, бурханлаг чанар л байсан бол, хүний бэрхшээлүүд хамгийн хялбархан шийдвэрлэгдэх байсан бус уу? Мөн чанар нь тэнгэрлэг Эцэгийн хүсэлд захирагддаг Христийнх яг мөн байлаа ч гэсэн Түүний бурханлаг чанарыг хүн дурамжхан хүлээн зөвшөөрч, эгэл хүний бүрхүүлийг нь огт сонирхдоггүй. Тийм болохоор Тэр баяр баясгалан, уй гашуугийн аль алийг нь хуваалцахаар хүмүүсийн дунд байх ажлаа цуцлахаас өөр аргагүй болсон, учир нь хүн Түүний оршин тогтнолыг цаашид тэвчиж чадахгүй.

Өмнөх: Бурханы ажил ба хүний хэрэгжүүлэлт

Дараах: Хүний хэвийн амьдралыг сэргээж, түүнийг гайхалтай сайхан хүрэх газарт аваачих нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих