Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд (29-р бүлэг)

Бүх зүйл дахин амилсан өдөр Би хүмүүсийн дунд ирсэн ба Би түүнтэй хамт гайхалтай өдөр, шөнүүдийг өнгөрүүлсэн. Зөвхөн энэ үед л хүн Миний ойр дотно байдлыг жаахан мэдэрдэг ба Надтай харилцах нь улам байнгын болох тусам тэрээр Надад юу байгаа, Би юу болох талаар зарим нэгийг ойлгодог—үүний үр дүнд тэр Миний талаар тодорхой хэмжээний мэдлэг олж авдаг. Бүх хүний дунд Би толгойгоо өргөж харахад тэд бүгд Намайг хардаг. Гэсэн ч дэлхийд гай гамшиг тохиолдох үед тэд тэр даруй зовон түгшиж, Миний дүр төрх тэдний зүрх сэтгэлээс арилдаг; гамшиг ирэхэд тэд балмагдаж, Миний сургамжийг үл ойшоодог. Би хүмүүсийн дунд олон жилийг өнгөрүүлсэн боловч хүн дандаа тоомжиргүй хэвээр байж, Намайг ер мэдээгүй. Өнөөдөр Би хүнтэй Өөрийн амаар ярьж, Өөрөөсөө ямар нэг зүйл авхуулахын тулд бүх хүнийг өмнөө ирүүлдэг ч тэд Надаас зай барьсан хэвээр байгаа тул Намайг мэддэггүй. Миний мөр орчлон ертөнц болон газар дэлхийн зах хязгаар хүртэл явах үед хүн өөрийгөө эргэцүүлж эхлэх ба бүх хүн Над руу ирж, Миний өмнө мэхийн ёсолж, Намайг шүтэн мөргөнө. Энэ нь Би алдрыг олж авах өдөр, Миний эргэн ирсэн өдөр, мөн Миний явах өдөр байх болно. Одоо Би бүх хүн төрөлхтний дунд Өөрийн ажлыг эхэлчихсэн, бүх орчлон даяар Өөрийн удирдлагын төлөвлөгөөний төгсгөлийг албан ёсоор эхлүүлчихсэн. Анхаарал болгоомжгүй хэнд ч энэ мөчөөс эхлэн хайр найргүй гэсгээлт оногдож болзошгүй бөгөөд энэ нь хэдийд ч тохиолдож магадгүй. Би цэвдэг сэтгэлтэйдээ энэ биш; харин ч энэ нь Миний удирдлагын төлөвлөгөөний нэг алхам; бүгд Миний төлөвлөгөөний алхмуудын дагуу явах ёстой ба ямар ч хүн үүнийг өөрчилж чадахгүй. Намайг ажлаа албан ёсоор эхлэх үед бүх хүн Намайг хөдлөхөд хөдөлж, тийнхүү орчлон ертөнц даяарх хүмүүс өөрсдөө Миний алхамтай хөл нийлүүлж, орчлон ертөнц дахинд “баяр баясал” бий болох ба хүн Надаас урам зориг авна. Үүний үр дүнд агуу улаан луу өөрөө Надад шавхуурдуулан будилж, самуурсан байдалд орж, Миний ажилд үйлчлэх ба хэдий дургүй байсан ч өөрийн хүслийг дагаж чадалгүй, Надад захирагдахаас өөр ямар ч аргагүй болно. Миний бүхий л төлөвлөгөөнд агуу улаан луу бол Миний товойлгогч, Миний дайсан, түүнчлэн Миний зарц; тиймээс Би тэрэнд тавих Өөрийн “шаардлагуудыг” хэзээ ч сулруулаагүй. Тийм учраас бие махбодтой болсон Миний ажлын сүүлчийн шат тэрний гэрт гүйцэлддэг. Ийм маягаар агуу улаан луу Миний төлөө зохистойгоор үйлчлэл үзүүлж илүү сайн чадна, үүгээр Би агуу улаан лууг байлдан дагуулж, Өөрийн төлөвлөгөөг гүйцээнэ. Намайг ажиллаж байхад тэнгэрэлчүүд бүгд Надтай хамт шийдвэрлэх тулаан эхлүүлж, сүүлчийн шатанд Миний хүслийг биелүүлэхээр шийддэг, ингээд газар дээрх хүмүүс тэнгэрэлчүүдийн адилаар Миний өмнө буулт хийж, Намайг эсэргүүцэх ямар ч хүсэлгүй болж, Миний эсрэг тэрслэх юу ч хийдэггүй. Эдгээр нь орчлон ертөнц даяарх Миний ажлын чиг хандлага билээ.

Хүмүүсийн дунд Миний ирсэн зорилго болон ач холбогдол нь бүх хүн төрөлхтнийг аварч, бүх хүн төрөлхтнийг Өөрийнхөө гэрт буцааж авчран тэнгэрийг газартай дахин нэгтгэж, мөн хүнийг тэнгэр, газрын хооронд “дохио” дамжуулдаг болгох явдал, учир нь энэ бол хүний төрөлхийн чиг үүрэг билээ. Хүн төрөлхтнийг бүтээх үедээ Би бүх зүйлийг тэдэнд бэлдэж хийсэн ба дараа нь Миний шаардлагын дагуу өөрсдөд нь өгсөн баялгийг хүлээн авахыг хүн төрөлхтөнд зөвшөөрсөн. Тиймээс Миний удирдамж дор хүн төрөлхтөн өнөөдөртэй золгосон гэж Би хэлдэг. Энэ нь бүгд Миний төлөвлөгөө юм. Бүх хүн төрөлхтний дотор тоо томшгүй олон хүн Миний хайрын хамгаалалт дор оршин суудаг, бас тоо томшгүй олон хүн Миний үзэн ядалтын гэсгээлт дор амьдардаг. Хүмүүс бүгдээрээ Надад залбирдаг ч өнөөгийн нөхцөл байдлаа өөрчилж чадахгүй л байдаг; найдвараа алдахаар тэд жам ёсонд захирагдахаас аргагүй болж, Надад дуулгаваргүй хандахаа больж чаддаг, учир нь хүний гүйцэтгэж чадах юм энэ л юм. Хүний амьдралын байдлын тухайд гэвэл, хүн жинхэнэ амьдралыг хараахан олоогүй, тэрээр энэ хорвоогийн шударга бус байдал, гансрал гутрал, золгүй байдлыг ухаарч хараахан чадаагүй—тиймээс, хэрэв гай зовлон гараагүй бол ихэнх хүмүүс мөн л Байгаль Эхийг шүтэх байсан ба өөрсдийнхөө “амьдралын” амтанд татагдсаар байх байсан. Энэ нь хүний ертөнцийн бодит байдал биш гэж үү? Хүнд хэлж буй Миний авралын дуу хоолой энэ биш гэж үү? Яагаад хүн төрөлхтний дотроос нэг нь ч Намайг хэзээ ч үнэхээр хайрлаж байгаагүй вэ? Хүн яагаад зөвхөн гэсгээлт, шалгалтын дунд байхдаа л Намайг хайрладаг мөртөө Миний хамгаалалт дор байхдаа хэн ч Намайг хайрладаггүй юм бэ? Би Өөрийн гэсгээлтийг хүн төрөлхтөнд олон удаа хүртээсэн. Тэд үүнийг хардаг боловч дараа нь үл ойшоодог, тэгээд тэд үүнийг тухайн үедээ судалж, цэгнэдэггүй, иймээс хүнд очдог бүхэн бол ердөө л хайр найргүй шүүлт юм. Энэ бол Миний ажиллах аргуудын зөвхөн нэг нь боловч энэ нь мөн л хүнийг өөрчилж, хүнээр Өөрийгөө хайрлуулахын тулд байдаг билээ.

Би хаанчлалд хаанчилдаг, цаашлаад Би бүхий л орчлон ертөнцөд хаанчилдаг; Би бол хаанчлалын Хаан, орчлонгийн Тэргүүний аль аль нь билээ. Энэ цагаас эхлээд Би сонгогдоогүй бүх хүнийг цуглуулж, Өөрийн ажлыг Харь үндэстний дотор эхлэх болно, мөн Би Өөрийн захиргааны зарлигийг бүхий л ертөнцөд зарлаж, ингэснээр Өөрийн ажлын дараагийн алхмыг амжилттай эхлүүлнэ. Би Өөрийн ажлыг Харь үндэстнүүдийн дунд түгээхийн тулд гэсгээлт ашиглана, өөрөөр хэлбэл, Би Харь үндэстнүүдийн эсрэг хүч хэрэглэнэ. Мэдээжээр, энэхүү ажил нь сонгогдсон хүмүүсийн дунд явагдах Миний ажилтай зэрэг хийгдэнэ. Миний ардууд газар дээр засаглаж, эрх мэдэл эзэмших үе нь бас газар дээрх бүх хүнийг байлдан дагуулсан өдөр байх бөгөөд цаашлаад энэ нь Миний амрах цаг байна—зөвхөн тэр үед л Би байлдан дагуулагдсан бүхэнд харагдана. Би ариун хаанчлалд харагдаж, бузар газар нутгаас Өөрийгөө нууна. Байлдан дагуулагдсан, Миний өмнө дуулгавартай болсон бүх хүн Миний царайг нүдээрээ харж, Миний дуу хоолойг чихээрээ сонсож чадна. Энэ бол эцсийн өдрүүдэд төрсөн хүмүүсийн ерөөл, энэ бол Миний урьдчилан тогтоосон ерөөл бөгөөд үүнийг ямар ч хүн өөрчилж чадахгүй. Ирээдүйн ажлын төлөө өнөөдөр Би ингэж ажилладаг. Миний бүх ажил хоорондоо хамааралтай, бүгдэд нь дуудлага ба хариу байдаг: Ямар ч алхмыг хэзээ ч гэнэт зогсоодоггүй, хэзээ ч ямар ч алхмыг бусдаас нь тусад нь гүйцэтгэдэггүй. Ийм биш гэж үү? Өнгөрсөн үеийн ажил өнөөдрийн ажлын суурь биш гэж үү? Өнгөрсөн үеийн үг өнөөдрийн үгийн анхдагч биш гэж үү? Өнгөрсөн үеийн алхмууд өнөөдрийн алхмын эхлэл биш гэж үү? Би хуйлмал номыг албан ёсоор нээх үе нь орчлон ертөнц даяарх хүмүүс гэсгээгдэх үе, дэлхий дахины хүмүүст шалгалт тулгарах үе бөгөөд энэ нь Миний ажлын оргил үе юм; бүх хүн гэрэл гэгээгүй газар амьдарч, бүх хүн хүрээлэн буй орчныхоо заналхийлэл дунд амьдардаг. Өөрөөр хэлбэл, бүтээлийн цаг үеэс эхлээд өнөөг хүртэл хүмүүсийн туулаагүй амьдрал энэ бөгөөд эрин үеүдийн турш хэн ч ийм амьдралыг “эдэлж” байгаагүй, иймээс Би өмнө нь хэзээ ч хийгдэж байгаагүй ажлыг хийсэн гэж хэлж байгаа юм. Энэ нь хэрэг явдлын бодит байдал бөгөөд энэ нь дотоод утга учир билээ. Миний өдөр бүх хүн төрөлхтөнд ойртож байгаа учраас, мөн энэ нь хол юм шиг харагдахгүй, харин яг хүний нүдний өмнө байгаа учраас хэн айхгүй байж чадах юм бэ? Бас хэн үүнд баярлахгүй байж чадах юм бэ? Бузар Вавилон хотын төгсгөл эцэстээ ирлээ; хүн цоо шинэ дэлхийтэй дахин учирч, тэнгэр, газар өөрчлөгдөн шинэчлэгдсэн.

Намайг бүх улс үндэстэн, бүх хүнд илрэн харагдах үед тэнгэрт цагаан үүлс хөврөн Намайг далдална. Мөн газар дээрх шувууд Миний төлөө баяртайгаар дуулан бүжиглэж, газар дээрх уур амьсгалыг онцлон тэмдэглэх бөгөөд ингэснээр газар дээрх бүх зүйл амилж, цаашид “аажмаар доош живэхээ” больж, харин эрч хүчтэй уур амьсгал дунд амьдарна. Намайг үүлсийн дунд байхад хүн Миний царай, Миний нүдийг бүдэг бадаг хардаг ба энэ үедээ бага зэрэг айдас мэдэрнэ. Урьд нь тэр Миний тухай түүхэн баримтуудыг домгоос сонссон ба үүний үр дүнд Надад хагас итгэж, хагас эргэлзэж байна. Тэр Миний хаана байгааг, эсвэл Миний царай хэр томыг буюу энэ нь далай шиг өргөн үү, эсвэл ногоон зүлэг шиг хязгааргүй юу гэдгийг мэдэхгүй. Хэн ч эдгээр зүйлийг мэдэхгүй. Хүн Миний царайг өнөөдөр үүлэн дундаас хараад л домогт гардаг Би бол бодит гэдгийг мэдэрнэ, тэгээд Надад арай нааштай хандах ба Миний үйл хэргээс болж л Намайг бахдах нь жаахан ихэснэ. Гэхдээ хүн Намайг мэдэхгүй хэвээр байгаа бөгөөд Миний нэг хэсгийг л үүлэн дундаас хардаг. Дараа нь Би Өөрийн гарыг сунгаж хүнд үзүүлнэ. Хүн гайхширч, гараараа амаа таглан Миний гарт цохиулахаас ихэд айх ба тэгээд бахдалдаа бага зэргийн хүндлэл нэмнэ. Хүн анхааралтай байхгүй л бол Надад цохиулна хэмээн жигтэйхэн айж, Миний хөдөлгөөн бүрийг нүд салгалгүй хардаг—гэхдээ хүн ажигласнаас болж Би хязгаарлагддаггүй, Би гар дахь ажлаа үргэлжлүүлэн хийдэг. Миний хийдэг бүх үйл хэрэг хүнийг Надад илүү таатай ханддаг болгосон ба ингээд яваандаа Надтай харилцах гээд Миний өмнө ирдэг. Би хэн болох нь хүнд бүхэлдээ илчлэгдэх үед хүн Миний царайг харна, түүнээс хойш Би цаашид ахин нуугдахгүй, эсвэл Өөрийгөө хүнээс далдлахгүй. Орчлон ертөнц даяар Би бүх хүнд ил харагдах ба мах цуснаас бүрдсэн хүн бүр Миний үйл хэргийг бүгдийг нь харна. Бүхий л сүнслэг хүмүүс Миний гэрт гарцаагүй амар амгалан орших ба Надтай хамт гайхалтай ерөөлүүдийг эдлэх нь эргэлзээгүй. Миний анхаардаг бүх хүн гэсгээлтээс гарцаагүй мултрах бөгөөд сүнсний шаналал, бие махбодын зовлонгоос зайлсхийх нь гарцаагүй юм. Би бүх хүнд ил харагдаж, эрх мэдлийг атган ноёрхоно, ингэснээр үхдэлийн үнэр орчлон ертөнцөд тархахаа болино; үүний оронд Миний цэнгэг анхилуун үнэр бүхий л дэлхий даяар тархана, Миний өдөр ойртож байгаа учраас хүмүүс сэрж, газар дээрх бүх зүйл эмх журамдаа орж, газар дэлхийн оршин байх өдрүүд үгүй болж байна, учир нь Би ирчихсэн!

1992 оны 4 дүгээр сарын 6

Өмнөх: Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд (26-р бүлэг)

Дараах: Итгэгчид ямар үзэл бодолтой байх учиртай вэ

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих