Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд (26-р бүлэг)
Хэн Миний гэрт амьдран суусан бэ? Хэн Миний төлөө зогссон бэ? Хэн Миний оронд зовсон бэ? Хэн Миний өмнө ам өчгөө өгсөн бэ? Хэн өнөөг хүртэл Намайг дагасан хэр нь хайхрамжгүй болоогүй вэ? Яагаад хүмүүс бүгдээрээ хүйтэн хөндий, хатуу сэтгэлтэй байдаг юм бэ? Хүн төрөлхтөн яагаад Намайг орхисон бэ? Хүмүүс яагаад Надад дургүйцдэг вэ? Хүний ертөнцөд яагаад халуун дулаан байдал байдаггүй юм бэ? Сионд байхдаа Би тэнгэрт байдаг халуун дулааныг амталж, тэнгэрт байдаг ерөөлийг эдэлсэн. Дахин хүн төрөлхтний дунд амьдраад Би хүний ертөнцийн гашуун зовлонг амсаж, хүмүүсийн дунд байдаг янз бүрийн байр байдлыг бүгдийг нь Өөрийн нүдээр харсан. Нэг л мэдэхэд, Намайг “өөрчлөгдөхийн” хэрээр хүн өөрчлөгдсөн, гагцхүү ийм маягаар л тэр өнөөдөртэй золгожээ. Миний төлөө юу ч хийж чаддаг бай гэж Би хүнээс шаарддаггүй, Миний төлөө ямар нэгэн өсөлт гарга гэж ч шаарддаггүй. Харин Миний төлөвлөгөөний дагуу үйлдэж, Миний эсрэг тэрслэхгүйгээр, эсвэл Миний ичгүүрийн тэмдэг бололгүйгээр Надад цангинасан гэрчлэл хийж чаддаг байгаасай гэж л Би хүсдэг. Хүмүүсийн дунд Надад сайн гэрчлэл хийж, Миний нэрийг алдаршуулсан хүмүүс байсан ч хүний хэрэгжүүлэлт, биеэ авч явах байдал Миний сэтгэлийг хангалуун болгож яахан чадах билээ? Хүн Миний зүрх сэтгэлд нийцэж, Миний санаа зорилгыг хангаж яахан чадах билээ? Газар дээрх уул ус, газар дээрх цэцэг ногоо, өвс ургамал, модод бүгд Миний гарын урыг харуулж, бүгд Миний нэрийн төлөө оршин тогтнодог. Гэтэл хүн яагаад Миний шаардсан стандартад хүрч чаддаггүй юм бэ? Адгийн дорд байдлаасаа болоод тэр үү? Би түүнийг өргөмжилснөөс болоод тэр үү? Хүнд Би хэт харгис хандсанаас болоод тэр үү? Хүн яагаад Миний шаардлагаас цаг ямагт айна вэ? Өнөөдөр хаанчлал дахь олон түмний дундаас та нар дуу хоолойг минь л сонсохоос биш, царайг минь харахыг яагаад хүсдэггүй юм бэ? Миний үгийг Миний Сүнстэй тааруулалгүйгээр яагаад зүгээр л хардаг юм бэ? Яагаад Намайг дээд тэнгэр, доод газарт тусгаарладаг юм бэ? Газар дээр байхдаа Би тэнгэрт байдгаасаа өөр байдаг гэж үү? Тэнгэрт байхдаа Би газарт буун ирж чадахгүй гэж үү? Газарт байхдаа Би тэнгэрт хүрэх үнэ цэнгүй байдаг юм гэж үү? Газарт байх үедээ Би дорд амьтан мэт, тэнгэрт байх үедээ Би өргөмжит оршихуй мэт, тэнгэр газрын дунд эвлэршгүй ан цав байгаа мэт байдаг. Гэвч хүний ертөнцийнхөн эдгээр зүйлийн гарал үүслийн талаар юу ч мэдэхгүй мэт байцгаан, Миний үг дуу чимээнээс цаашгүй, ямар ч утга учиргүй мэтээр үргэлж Миний эсрэг явж ирлээ. Бүх хүн төрөлхтөн Миний үгэнд хичээл зүтгэл гаргаж, гадаад байдлыг минь өөрсдөө шинжилдэг ч бүгд л бүтэлгүйтэж, хичээл чармайлт нь ямар ч үр дүнд хүрдэггүй, харин ч Миний үгэнд цохигдоод дахин босож зүрхэлдэггүй.
Хүмүүсийн итгэлийг турших үед минь нэг ч хүн жинхэнэ гэрчлэл хийж чаддаггүй, нэг ч хүн бүхнээ өргөн барьж чаддаггүй; харин зүрх сэтгэлээ Надад булаалгах гэж байгаа мэт хүн үргэлжлүүлэн нуугдаад, сэтгэлээ нээхээс татгалзсаар байдаг. Иов хүртэл шалгалтын үеэр хэзээ ч үнэхээр тууштай зогсоогүй, мөн зовлон шаналал дунд ч сайн сайхныг цацруулаагүй. Хавар цагийн дулаанд бүх хүн ялимгүй ногоордог; өвлийн хүйтэн жаварт тэд хэзээ ч ногооноороо байдаггүй. Яс арьс болж, турж эцсэн биеийн хэмжээтэй хүн Миний санаа зорилгод нийцэж чадахгүй. Бүх хүний дунд бусдадаа үлгэр дуурайл болж чадах нэг ч хүн байхгүй, учир нь бүх хүн үндсэндээ адилхан, нэг нэгээсээ ямар ч ялгаагүй, өөр хоорондоо ялгарах зүйл багатай. Иймээс хүмүүс өнөөдөр ч гэсэн Миний үйл хэргийг бүрэн дүүрэн мэдэх чадваргүй хэвээр байдаг. Миний гэсгээлт бүх хүн төрөлхтөн дээр буух үед л хүмүүс өөрийн мэдэлгүй Миний ажлыг мэддэг болно, мөн Намайг юу ч хийгээгүй, хэнийг ч албадаагүй байхад хүн Намайг мэдэж авч, улмаар Миний үйл хэргийг харна. Энэ бол Миний төлөвлөгөө, Миний харуулсан үйл хэргийн нэг тал бөгөөд хүний мэдэх ёстой зүйл юм. Хаанчлалд тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл дахин сэргэж, амийн хүчээ ахин дахин олж авч эхэлдэг. Газар дэлхийн байр байдал өөрчлөгдсөний улмаас нутаг дэвсгэрийн хил хязгаар ч бас өөрчлөгдөж эхэлдэг. Өмнө нь Би, газар нь газраас тасарч, газар нь газартай нэгдэх үе бол бүх улс орныг бут цохих үе минь байх болно гэж зөгнөсөн. Энэ үед Би бүх бүтээлийг шинэчлэн бүхий л орчлон ертөнцийг дахин хуваарилж, улмаар орчлон ертөнцийг эмх цэгцэд оруулж, хуучныг шинэ болгон хувиргана—энэ бол Миний төлөвлөгөө, эдгээр нь Миний ажил билээ. Бүх улс орон, Миний сонгосон хүн нэг бүр Миний сэнтийн өмнө буцаж ирэхтэй зэрэгцэн Би тэнгэрийн бүх хишгийг хүний ертөнцөд хүртээнэ, ингэснээр Миний ачаар дэлхий ертөнц зүйрлэшгүй их хишгээр бялхана. Хуучин ертөнцийг оршин тогтнох зуур Би Өөрийн уур хилэнг улс орон болгон руу чулуудаж, орчлон ертөнц даяар ил тод болгосон захиргааны зарлигаа зарлах ба тэрийг зөрчсөн хэн боловч гэсгээгдэнэ:
Намайг бүх орчлон ертөнцөд хандан үг хэлэхэд бүх хүн Миний дуу хоолойг сонсдог, өөрөөр хэлбэл, орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг бүх хүн хардаг. Миний санаа зорилгын эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дунд унана. Би тэнгэр дэх үй олон одыг шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ, тэнгэрүүд урьдынх шигээ байхаа болино; газар дээрх бүх зүйл шинэчлэгдэнэ—Миний үгээс үүдэн энэ бүхэн гүйцэлдэнэ. Орчлон ертөнц дэх бүх улс орон шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ингэснээр газар дээрх улс орнууд үүрд үгүй болж, Надад шүтэн мөргөдөг хаанчлал л тэнд байх болно; газар дэлхийн бүх улс орон устгагдаж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц доторх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүн үндсээрээ устгагдана. Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн гал дунд унана—өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь бүгд үнсэн товрог болно. Намайг хүн бүрийг гэсгээх үед шашны нийгэмлэгийнхэн янз бүрийн хэмжээнд Миний хаанчлалд эргэн ирж, Миний үйл хэргээр байлдан дагуулагдана, учир нь тэд “цагаан үүл хөлөглөсөн Ариун Нэгэн” аль хэдийн ирснийг харсан байх болно. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон янз бүрийн гэсгээлтийг хүртэнэ; Намайг эсэргүүцсэн бүх хүн мөхнө, газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр үргэлжлүүлэн оршино. Би тоо томшгүй олон улс орон, тоймгүй олон хүнд харагдаж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүнд үүнийг харуулна.
Миний айлдвар гүнзгийрэхийн хэрээр Би бас орчлон ертөнцийн байр байдлыг ажигладаг. Миний үгээр бүх зүйл шинэчлэгддэг. Тэнгэр өөрчлөгдөж, газар ч бас өөрчлөгддөг. Хүмүүсийн анхдагч төрх ил болж, аажмаар хүмүүс бүгд төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрийн мэдэлгүй “гэр бүлдээ” буцан очдог. Үүнийг Би ихэд таашаадаг. Би үймээнээс ангид бөгөөд нэг л мэдэхэд Миний агуу ажил гүйцэлдэж, бүх зүйл өөрчлөгддөг. Би дэлхийг бүтээхдээ бүх зүйлийг төрлөөр нь ялгаж, хэлбэр дүрстэй бүх зүйлийг ангилсан. Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл ойртох үед Би бүтээлийн хуучны байдлыг сэргээнэ; Би бүх зүйлийг анх байснаар нь сэргээж, бүх зүйлийг нэгд нэггүй өөрчилж, бүх зүйлийг Өөрийнхөө төлөвлөгөөнд оруулна. Цаг нь ирлээ! Миний төлөвлөгөөний сүүлчийн үе шат гүйцэлдэх гэж байна. Аяа, бузар хуучин ертөнц! Энэ нь Миний үгийн дунд гарцаагүй унана! Миний төлөвлөгөөгөөр энэ нь лавтайяа юу ч биш болно! Аяа, бүх зүйл! Тэд бүгд Миний үгэн дотроос шинэ амь олж авна—тэд Захирагчтай болно! Аяа, цэвэр ариун, өө сэвгүй шинэ ертөнц! Миний алдар дунд энэ нь гарцаагүй сэргэнэ! Аяа, Сион Уул! Чимээгүй байхаа боль—Би ялгууснаар эргэж ирлээ! Бүх зүйлийн дундаас Би газар дэлхийг бүхэлд нь ажигладаг. Газар дээрх хүмүүс шинэ амьдрал эхлүүлж, шинэ итгэл найдвартай болсон. Аяа, Миний ардууд аа! Миний гэрэл дунд та нар яаж эргэн амилахгүй байж чадах юм бэ? Миний удирдамж дор баярлан дэвхцэхгүй байж яаж чадах юм бэ? Хуурай газар баясан хашхирч, ус хөгжөөнтэйгөөр инээн долгилно! Аяа, дахин амилсан Израиль аа! Миний урьдчилан тогтоосныг чи бахдахгүй байж яаж чадах юм бэ? Хэн мэгшин уйлсан бэ? Хэн цурхиран уйлсан бэ? Хуучны Израиль үгүй болж, өнөөгийн Израиль дэлхий дээр өндийн, сүндэрлэн байгуулагдаж, бүх хүний зүрх сэтгэлд бослоо. Өнөөдрийн Израиль Миний ардуудаар дамжуулан оршин тогтнолын үндэс суурьт гарцаагүй хүрнэ! Аяа, заналт Египет ээ! Намайг эсэргүүцэхгүй хэвээр байгаа чинь лавтай гэж үү? Чи Миний өршөөлийг далимдуулж, Миний гэсгээлтээс зугтахыг оролдож яаж чадах юм бэ? Миний гэсгээлт дотор амьдрахгүй байж яаж чадах юм бэ? Миний хайрладаг бүх хүн гарцаагүй үүрд мөнх оршин тогтноно, Намайг эсэргүүцдэг бүх хүн Надаар лавтайяа мөнхөд гэсгээгдэнэ. Учир нь Би бол хартай Бурхан бөгөөд хийсэн бүхнийх нь төлөө хүмүүсийг амархан хэлтрүүлэхгүй. Би бүхий л газар дэлхийг нягтлан шинжилж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, гэсгээлттэйгээр ертөнцийн зүүн зүгт гарч ирж, үй олон хүнд Өөрийгөө илчилнэ!
1992 оны 3 дугаар сарын 29