Зан чанар чинь өөрчлөгдөхгүй байх нь Бурханд дайсагнаж буй хэрэг

Хэдэн мянган жилийн завхралын дараа хүн хөшүүн, мулгуу болжээ; Бурханд тэрслүү байдал нь түүхийн хуудаснаа тэмдэглэгдэж, хүн өөрөө ч тэрслүү үйлдлүүдээ бүгдийг нь өчиж барахааргүй хэмжээнд тултлаа Бурханыг эсэргүүцдэг чөтгөр болсон юм. Учир нь Сатан хүнийг гүн завхруулж, хаашаа эргэхээ мэдэхгүй болтол нь төөрүүлсэн. Хүн өнөөдөр ч Бурханаас урвасаар байна: Бурханыг хараад ч урвадаг, Бурханыг харж чадахгүй байхдаа ч мөн л урвадаг. Бурханы хараал, уур хилэнг нүдээр үзсэнийхээ дараа ч гэсэн Түүнээс урвадаг хүмүүс хүртэл бий. Иймээс хүний эрүүл ухааны анхдагч чиг үүрэг нь алдагдаж, мөс чанарынх нь анхдагч чиг үүрэг ч алдагдсан гэж Би хэлнэ. Хүнийг Би хүний арьс нөмөрсөн араатан, хорт могой гэж хардаг, Миний нүдний өмнө хэчнээн өрөвдөлтэй харагдах гэж хичээлээ ч Би түүнд хэзээ ч өршөөнгүй хандахгүй, учир нь хүн хар цагаан, үнэн ба үнэн бишийн ялгааг мэддэггүй. Хүний эрүүл ухаан маш хөшүүн, гэсэн ч тэр ерөөл олж авахыг хүсдэг; хүн чанар нь маш олиггүй атлаа хааны дээд эрхтэй байхыг хүсдэг. Ийм эрүүл ухаантай байж тэр хэний хаан байж чадах юм бэ? Тийм хүн чанартай байж тэр хэрхэн сэнтийд суух юм бэ? Хүн үнэхээр ичгүүргүй! Ихэрхүү зантай өөдгүй амьтан! Ерөөл олж авахыг хүсдэг хүмүүст гэж хэлэхэд, та нар эхлээд толь олоод өөрсдийнхөө муухай дүрийг хар гэж Би зөвлөх байна—хаан болоход хэрэгтэй бүхэн чамд бий юу? Ерөөл хүртэж чадах хүний царай чамд байна уу? Зан чанарт чинь өчүүхэн төдий ч өөрчлөлт гараагүй, ямар ч үнэнийг хэрэгжүүлээгүй атлаа чи гайхалтай маргаашийг хүсэж л суудаг. Чи өөрийгөө мэхэлж байна! Ийм бохир заваан газарт төрсөн хүнд нийгэм ноцтой муу нөлөө үзүүлж ирсэн, тэрээр бурангуй нийгмийн ёс зүйн нөлөөнд автаж, “дээд боловсролын байгууллага”-д суралцаж ирсэн. Хоцрогдмол үзэл санаа, завхарсан ёс суртахуун, амьдралыг харах тааруухан үзэл, амьдралын жигшүүрт гүн ухаан, ямар ч хэрэггүй оршин тогтнол, амьдралын дорд хэв маяг, зуршил—энэ бүгд нь хүний зүрх сэтгэлийг асар ихээр үймүүлж, мөс чанарыг нь муутгаж, ноцтой доройтуулдаг. Ингэснээр хүн Бурханаас улам бүр холдож, Түүнийг улам их эсэргүүцдэг болсон. Хүний зан чанар өдөр ирэх тусам улам харгис болж, Бурханы төлөө юугаа ч орхиход бэлэн, Бурханыг дуртайяа дуулгавартай дагах, цаашлаад Бурханы илрэлтийг сайн дураараа эрж хайх хүн ганц ч үгүй болсон. Харин ч хүн Сатаны эрхшээл дор зугаа цэнгэл хөөцөлдөхөөс өөр юу ч хийдэггүй, намаг балчигтай газарт махан биеийн завхралд өөрийгөө тушаадаг. Харанхуйд амьдардаг тэр хүмүүс үнэнийг сонссон хэдий ч хэрэгжүүлье гэж боддоггүй, Бурханы илрэлтийг харсан ч гэсэн Түүнийг эрж хайх сонирхолгүй байдаг. Ингэж их доройтсон хүн төрөлхтөнд аврагдах боломж яаж байх юм бэ? Ингэж их уналтад орсон хүн төрөлхтөн гэрэлд амьдарч яаж чадах юм бэ?

Өөрийн мөн чанарыг мэдэхээс эхлээд үзэл санаа, уг чанар, оюун санааны төлөв гэх үндсэн өөрчлөлтөөр дамжин хүний зан чанар өөрчлөгддөг. Ийм маягаар л хүний зан чанарт жинхэнэ өөрчлөлт гарна. Хүний завхарсан зан чанарын уг шалтгаан нь Сатаны ов мэх, завхрал, хор юм. Хүн Сатанд хүлэгдэж, хянуулсан бөгөөд үзэл санаа, ёс суртахуун, мэдлэг ухаан, эрүүл ухаанд нь Сатан ноцтой хор хүргэсний улмаас зовж зүдэрдэг. Суурь зүйлийг нь Сатан завхруулж, Бурханы анх бүтээсэнтэй огт адилгүй болгосон учраас л хүн Бурханыг эсэргүүцэж, үнэнийг хүлээн авдаггүй. Тиймээс Бурханы талаарх мэдлэг, үнэний талаарх мэдлэгийг нь өөрчлөх үзэл санаа, мэдлэг ухаан, эрүүл ухааны өөрчлөлтөөс нь хүний зан чанарын өөрчлөлт эхлэх ёстой. Хамгийн гүн завхарсан газар нутагт төрсөн хүмүүс Бурхан юу болохыг, Бурханд итгэх гэж юу гэсэн үг болохыг бүр ч мэддэггүй. Хүмүүс хэдий чинээ их завхарсан байна, Бурханы оршин тогтнолыг төдий чинээ мэддэггүй, эрүүл ухаан, мэдлэг ухаанаар төдий чинээ дульхан байдаг. Хүн Бурханд тэрсэлж, эсэргүүцдэг нь Сатан хүнийг завхруулснаас эхтэй. Сатан завхруулсан учраас хүний мөс чанар хөшүүн болсны дээр хүн ёс суртахуунгүй, үзэл бодол нь доройтсон, хоцрогдмол сэтгэлгээтэй байдаг. Сатанд завхруулагдахаасаа өмнө хүн Бурханыг аяндаа дагаж, үгийг нь сонсоод Түүнийг дуулгавартай дагадаг байсан. Тэр угийн эрүүл ухаан, мөс чанар сайтай, хэвийн хүн чанартай байсан. Сатан завхруулсны дараа хүний төрөлх эрүүл ухаан, мөс чанар, хүн чанар үлбэгэр болж, Сатанд эрэмдэглүүлсэн. Тиймээс түүний дуулгавартай байдал болоод Бурханыг гэх хайр нь үгүй болсон. Хүний эрүүл ухаан хэвийн бус болж, зан чанар нь амьтныхтай адил болсон. Бурханд тэрслэх нь улам бүр олширч, ноцтой болсон. Гэсэн ч хүн үүнийгээ мэддэггүй, ухамсарладаг ч үгүй, ердөө л сохроор эсэргүүцэж, тэрсэлж байдаг. Хүний зан чанар эрүүл ухаан, мэдлэг ухаан, мөс чанараар нь илэрдэг; эрүүл ухаан, мэдлэг ухаан нь эрүүл саруул биш, мөс чанар нь туйлын үлбэгэр болсон учраас хүний зан чанар Бурханы эсрэг тэрсэлдэг. Хүн эрүүл ухаан, мэдлэг ухаанаа өөрчилж чадахгүй бол зан чанараа өөрчилж, бас Бурханы хүсэлд нийцүүлнэ гэж санахын ч хэрэггүй. Ухаан нь эрүүл саруул биш бол хүн Бурханд үйлчилж чадахгүйн дээр Бурханд ашиглуулахад тохирохгүй. “Хэвийн эрүүл ухаан” гэдэг нь Бурханд дуулгавартай, үнэнч байж, Бурханыг хүсэн эрмэлзэж, Бурханы талаар огт эргэлзэхгүй, Бурханыг гэсэн мөс чанартай байхыг хэлдэг. Бурханд нэгэн санаа сэтгэлээр зүтгэж, Бурханыг зориуд эсэргүүцэхгүй байхыг хэлдэг. Хэвийн бус ухаантай хүмүүс ийм байдаггүй. Сатан ялзруулснаас хойш хүн Бурханы талаар үзэлтэй болж, Бурханыг гэсэн хүсэл эрмэлзэл, Түүнд үнэнч байдлаа гээж, Бурханыг гэх мөс чанар гэж бүр юу ч үгүй болсон. Хүн Бурханыг санаатайгаар эсэргүүцэж, шүүмжилдэг, тэр ч бүү хэл ар хударгаар нь Түүн рүү хараал зүхэл урсгадаг. Түүнийг Бурхан гэдгийг хүн сайн мэддэг атлаа ар хударгаар нь Түүнийг шүүмжилж, Бурханыг дуулгавартай дагах ямар ч бодолгүй, ердөө л Түүнээс утга учиргүй юм нэхэж, Түүнд шаардлага тавьдаг. Хэвийн бус ухаантай ийм хүмүүс жигшүүрт зан авираа мэдэж, тэрслүү байдалдаа харамсах чадваргүй юм. Хэрвээ хүмүүс өөрсдийгөө мэдэх чадвартай бол эрүүл ухаан нь бага зэрэг сэргэсэн байна; өөрсдийгөө хараахан мэдэж чадаагүй хүмүүс хэдий чинээ Бурханы эсрэг тэрсэлж байна, төдий чинээ ухаан нь эрүүл саруул бус байдаг.

Хүний завхарсан зан чанарын илрэл нь өөр юунаас ч биш зөвхөн түүний хөшүүн мөс чанар, хорлонт уг чанар, эрүүл саруул бус ухаанаас эхтэй; хэрвээ хүний мөс чанар, эрүүл ухаан нь эргээд хэвийн байдалдаа орж чадвал Бурханы өмнө ашиглуулахад тохирох нэгэн болно. Хүний мөс чанар үргэлж хөшүүн байсаар ирсэн бөгөөд хэзээ ч эрүүл саруул байгаагүй ухаан нь улам мунхаг болж байдаг учраас л хүн Бурханд улам тэрсэлж, тэр ч байтугай Есүсийг загалмайд цовдолж, эцсийн өдрүүдэд бие махбодтой болсон Бурханыг гэртээ оруулахаас татгалзаж, Бурханы махбодыг яллаж, өчүүхэн дорд гэж үздэг. Хүнд өчүүхэн ч гэсэн хүн чанар байсан бол Бурханы махбод болсон биед тэгж их харгис хандахгүй л байсан; хүн өчүүхэн ч гэсэн эрүүл ухаантай байсан бол бие махбодтой болсон Бурханы биед тэгж их хэрцгий хандахгүй байсан; хүн өчүүхэн ч болов мөс чанартай байсан бол бие махбодтой болсон Бурханд ингэж “талархах”-гүй байсан. Бурхан махбод болсон эрин үед хүн аж төрдөг атлаа өөрт нь тийм сайхан боломж олгосон Бурханд талархаж чадахгүй, харин ч Бурханы ирэлтийг харааж, Бурхан бие махбодтой болсон тухай баримтыг огт тоохгүй, үүнийг эсэргүүцэж, үүнээс залхсан мэт байдаг. Хүн Бурханы ирэлтэд яаж ч ханддаг байсан хамаагүй, Түүнийг өчүүхэн төдий ч таатай угталгүй, Түүнд ухаангүй шаардлага тавьсаар ирсэн ч, товчхондоо Бурхан ажлаа үргэлж тэвчээртэй үргэлжлүүлж ирсэн. Хүний зан чанар туйлын хэрцгий болж, эрүүл ухаан нь дээд зэргээр дүйнгэ болж, мөс чанар нь ёрын муу нэгэнд бүрмөсөн дэвслүүлээд хүний анхдагч мөс чанар байхаа аль эрт больсон. Хүн төрөлхтөнд маш их амь, нигүүлслийг хайрласных нь төлөө бие махбодтой болсон Бурханд хүн талархдаггүйгээр үл барам, өөрт нь үнэнийг өглөө гэж Бурханд дургүйцэх болсон; хүн үнэнийг өчүүхэн төдий ч сонирхдоггүй учраас л Бурханд дургүйцэх болсон. Хүн бие махбодтой болсон Бурханы төлөө амиа золиосолж чаддаггүйгээр үл барам, Бурханаас тус гуйхыг хичээж, өгсөн зүйлээсээ хэдэн арав дахин их хүү нэхдэг. Иймэрхүү мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс үүнийг том асуудал биш гэж үздэг бөгөөд Бурханы төлөө маш ихийг зарлагадсан байхад Бурхан өөрсдөд нь хэтэрхий багыг өгсөн гэж итгэсээр байдаг. Надад аяга ус өгчхөөд алгаа тосон хоёр аяга сүүний мөнгө төл гэж нэхдэг, эсвэл нэг шөнө хонох өрөө өгчхөөд хэдэн шөнийн төлбөр нэхдэг хүмүүс бий. Ийм хүн чанар, ийм мөс чанартайгаар та нар амь олж авахыг хүссэн хэвээр байж яаж чадна вэ? Та нар ямар жигшмээр өөдгүй амьтад вэ! Хүний хүн чанар, мөс чанар ийм байдаг учраас бие махбодтой болсон Бурхан газар сайгүй хэрэн хэсэж, хоргодох газаргүй яваа билээ. Үнэхээр мөс чанар, хүн чанартай хүмүүс, бие махбодтой болсон Бурхан ийм их ажил хийх нь байтугай, ямар ч ажил хийгээгүй байсан ч шүтэн мөргөж, бүх сэтгэл зүрхээрээ Түүнд үйлчлэх ёстой. Энэ бол эрүүл саруул ухаантай хүмүүсийн хийх ёстой зүйл, энэ бол хүний үүрэг билээ. Ихэнх хүн Бурханд үйлчлэхдээ бүр болзол ярьдаг: Бурхан байна уу, хүн байна уу гэдэг нь тэдэнд хамаагүй, болзлынхоо талаар л ярьж, хүслээ хангах гэж л чармайдаг. Та нар Надад хоол хийж өгөхдөө үйлчилгээний хөлс нэхдэг, Миний төлөө гүйхдээ гүйсний төлбөрөө нэхдэг, Миний төлөө ажиллахдаа ажлын хөлсөө шаарддаг, Миний хувцсыг угаахдаа угаалгын төлбөр шаарддаг, чуулганыг хангахдаа биеэ тэнхрүүлэх зардлыг нэхдэг, үг хэлэхдээ илтгэгчийн төлбөр шаарддаг, ном тараахдаа түгээлтийн зардал шаарддаг, бичихдээ бичсэний төлбөрөө нэхдэг. Миний харьцаж байсан хүмүүс Надаас нөхөн төлбөр хүртэл нэхдэг бол гэр лүү нь буцаасан хүмүүс нэр хүндэд нь хохирол учруулсны төлбөр шаарддаг; гэрлээгүй хүмүүс инж юм уу алдсан залуу насныхаа нөхөн төлбөрийг нэхдэг; тахиа нядалдаг хүмүүс нядалгааны хөлс нэхдэг, хоол шардаг хүмүүс шарсныхаа төлбөрийг нэхдэг, шөл хийдэг хүмүүс төлбөрийг нь бас л нэхдэг… Эдгээр нь та нарын өндөр дээд, агуу хүн чанар, та нарын халуун дулаан мөс чанараас гарсан үйлдлүүд. Та нарын эрүүл ухаан хаана байна? Та нарын хүн чанар хаана байна? Би та нарт хэлчихье! Энэ хэвээрээ байвал Би та нарын дунд ажиллахаа болино. Би хүний арьс нөмөрсөн араатны сүрэг дунд ажиллахгүй, зэрлэг догшин зүрх сэтгэлээ эелдэг царайгаар нуудаг тийм бүлэг хүний төлөө Би ингэж зовохгүй, аврагдах өчүүхэн төдий ч боломжгүй тийм сүрэг амьтны төлөө Би тэсэж тэвчихгүй. Би та нараас нүүр буруулах өдөр та нарын үхэх өдөр, та нарыг харанхуй нөмрөх өдөр, та нарыг гэрэл орхих өдөр билээ. Би та нарт хэлчихье! Амьтнаас ч долоон дор та нар шиг хүмүүст Би хэзээ ч өгөөмөр хандахгүй! Миний үг, үйлдэлд хэмжээ хязгаар бий, та нарын хүн чанар, мөс чанар энэ чигээрээ байвал Би өөр ямар ч ажил хийхгүй, учир нь та нарын мөс чанар хэтэрхий дутуу дулимаг, та нар Надад маш их зовлон шаналал учруулсан, жигшмээр зан авир чинь Намайг маш их зэвүүцүүлдэг! Хүн чанар, мөс чанараараа маш дутуу дулимаг хүмүүст аврагдах боломж хэзээ ч байхгүй; тийм цэвдэг сэтгэлтэй, талархаж мэддэггүй хүмүүсийг Би хэзээ ч аврахгүй. Миний өдөр ирэхэд догшин уур хилэнг минь нэгэнтээ хүргэсэн дуулгаваргүй хүүхдүүд дээр Би шатам халуун галаа мөнхөд асгах болно. Над руу доромж үг чулуудаж, Намайг хаясан тэр амьтдад мөнхийн шийтгэлээ ноогдуулна. Нэгэнтээ Надтай хамт хооллож, аж төрж байсан атлаа Надад итгэдэггүй, Намайг доромжилж, Надаас урвасан дуулгаваргүй хөвгүүдийг уур хилэнгийн галаараа үүрд шатаах болно. Миний уур хилэнг хүргэсэн бүх хүнийг Би шийтгэнэ, нэгэнтээ Миний хажууд Надтай эн тэнцүү зогсохыг хүссэн хэр нь Надад шүтэн мөргөж, Намайг дуулгавартай дагаагүй тэр араатнууд дээр Би уур хилэнгээ тэр чигт нь буулгана; нэг үе Миний хэлсэн нууцад баясаж, Миний халамжийг эдэлж байсан, Надаас материаллаг таашаал булаах гэж оролдсон тэр амьтад дээр хүнийг цохидог саваа минь бууна. Миний байр суурийг эзлэхийг оролдсон хэнийг ч Би уучлахгүй; Надаас хоол хүнс, хувцас хунар булаахаар оролддог хүмүүсээс хэнийг нь ч Би өршөөхгүй. Одоохондоо та нар амар тайван байж, Надаас хэтэрсэн зүйл шаардсаар л байна. Уур хилэнгийн өдөр ирэхэд та нар Надаас дахиж юу ч шаардахгүй; тэр үед Би та нарыг шавайгаа ханатал “баясгана”, Би та нарыг нүүрээр чинь газар хатгуулна, тэгээд та нар дахин хэзээ ч босож ирж чадахгүй! Эрт орой хэзээ нэгэн цагт, Би энэ өрөө та нарт “төлөх” болно—та нар энэ өдөр ирэхийг тэвчээртэйгээр хүлээнэ гэж Би найдаж байна.

Жигшмээр энэ хүмүүс хэрээс хэтэрсэн хүслээ үнэхээр хойш тавиад Бурхан руу эргэн очиж чадвал аврагдах боломж одоо ч бий; Бурханыг үнэхээр хүсэн эрмэлздэг зүрх сэтгэлтэй бол Бурхан тэр хүнийг орхихгүй. Хүн Бурханыг олж авахдаа бүтэлгүйтдэг нь Бурхан сэтгэл хөдлөлтэй юм уу хүнээр авхуулахыг хүсдэггүйдээ биш, харин хүн Бурханыг олж авах гэж хүсдэггүй, Бурханыг яаралтай эрж хайдаггүйгээс болдог. Бурханыг үнэхээр эрж хайдаг хүнийг Бурхан юу гэж хараах юм бэ? Эрүүл саруул ухаантай, мэдрэмжтэй мөс чанартай хүнийг Бурхан юу гэж хараах юм бэ? Бурханд үнэхээр шүтэн мөргөж, үйлчилдэг хүнийг Түүний уур хилэнгийн гал юу гэж шатаах юм бэ? Бурханыг дуртайяа дуулгавартай дагадаг хүн Бурханы гэрээс юу гэж хөөгдөх юм бэ? Бурханыг хайрлаад хайрлаад ханадаггүй хүн юу гэж Бурханы шийтгэлд амьдрах юм бэ? Бурханы төлөө бүхнийг дуртайяа орхидог хүн юу гэж хоосон хоцрох юм бэ? Хүн Бурханыг эрэлхийлэх дургүй, өөрийн өмч хогшлыг Бурханы төлөө зарцуулах дургүй, нэг насны амьдралынхаа хичээл зүтгэлийг Бурханд зориулах дургүй байдаг; харин ч Бурхан хэтэрхий даварч байна, Бурханы хэтэрхий олон зүйл нь хүний үзэлтэй зөрчилдөж байна гэж хэлдэг. Иймэрхүү хүн чанартай бол хичээл зүтгэлээ харамгүй гаргалаа ч Бурханы сайшаалыг та нар хүртэж бас л чадахгүй, Бурханыг эрж хайдаггүйг чинь хэлэхийн ч хэрэггүй. Та нар бол хүн төрөлхтний гологдол бараа гэдгээ мэдэхгүй юу? Та нарынхаас дор хүн чанар байхгүй гэдгийг мэдэхгүй юу? Бусад хүн та нарыг “хүндлэхдээ” юу гэж дууддагийг мэдэхгүй гэж үү? Бурханыг үнэхээр хайрладаг хүмүүс та нарыг эцэг чоно, эх чоно, хүү чоно, ач чоно гэж нэрлэдэг; та нар бол чонын үр удам, чонын угсаатан, та нар ялгамж чанараа мэдэж аваад, үүнийгээ хэзээ ч мартах ёсгүй. Өөрийгөө алдартай хүн гэж бүү бод: Та нар бол хүн төрөлхтөн дотроос хамгийн хэрцгий, хүн-бус бүлэг юм. Та нар эдгээрийн алийг нь ч мэдэхгүй юу? Дунд чинь ажилласнаараа Би хэр их эрсдэл үүрснийг та нар мэдэх үү? Та нарын эрүүл ухаан эргээд хэвийн болохгүй бол, мөс чанар чинь хэвийн ажиллаж чадахгүй бол, та нар “чоно” нэршлээсээ хэзээ ч ангижирч чадахгүй, хараалын өдрөөс хэзээ ч зугтаж чадахгүй, шийтгэлийнхээ өдрөөс хэзээ ч мултарч чадахгүй. Та нар ямар ч үнэ цэнгүй дорд амьтан болж төрсөн. Та нар бол угаасаа өлсгөлөн чонын сүрэг, овоорсон хог хаягдал бөгөөд та нараас ялгаатай нь Би тус гуйх гэсэндээ бус, харин ажлын хэрэгцээ шаардлагын улмаас та нар дээр ажилладаг. Та нар энэ маягаараа тэрслүү хэвээр байвал Би Өөрийн ажлыг зогсоож, та нар дээр дахин хэзээ ч ажиллахгүй; харин ч Би сэтгэлдээ нийцсэн өөр бүлэг рүү ажлаа шилжүүлж, та нарыг ийнхүү үүрд орхих болно, учир нь Надад дайсагнадаг хүмүүсийг Би харахыг хүсдэггүй. Тэгэхээр та нар Надтай нийцтэй баймаар байна уу эсвэл Надад дайсагнамаар байна уу?

Өмнөх: Чи амилсан хүн мөн үү?

Дараах: Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих