Жинхэнэ хүн байхын утга учир

Хүнийг удирдах нь үргэлж Миний үүрэг байж ирсэн. Түүнчлэн хүнийг байлдан дагуулах нь дэлхийг бүтээж байхдаа Миний тогтоосон зүйл юм. Эцсийн өдрүүдэд Би хүнийг бүрэн байлдан дагуулна, хүн төрөлхтний дундах тэрслүү хүмүүсийг байлдан дагуулах нь Сатаныг ялсны минь нотолгоо гэдгийг хүмүүс мэдэхгүй байж магад. Гэвч Сатаны барьж авч, үр хүүхдээ болгосон, гэрийг нь харж ханддаг үнэнч зарцаа болгосон хүмүүсийг Би байлдан дагуулна гэдгээ Өөрийн дайсантай тулаанд орох үедээ түүнд аль эрт хэлсэн билээ. Байлдан дагуулахын анхдагч утга нь ялан дийлж, доог тохуу болгох юм. Израиль хэлэнд энэ нь бүрмөсөн ялж, сүйрүүлнэ, Намайг дахин эсэргүүцэх чадваргүй болгоно гэсэн утгатай. Гэвч өнөөдөр та нарын дунд бол байлдан дагуулах гэсэн утгаар хэрэглэгддэг. Миний ажилд саад хийж, үймүүлж чадах нь байтугай, дахин Намайг эсэргүүцэж чадахгүй болтол нь хүн төрөлхтний ёрын муучуудыг бүрэн устгаж, бут цохих нь цаг ямагт Миний санаа зорилго байж ирсэн гэдгийг та нар мэдэх учиртай. Иймээс хүний хувьд энэ үг нь байлдан дагуулах гэсэн утгатай болсон билээ. Энэ нэр томьёо ямар ч утгатай байлаа гэсэн Миний ажил бол хүмүүсийг ялах явдал. Учир нь хүн төрөлхтөн Миний удирдлагад хавсралт болдог нь үнэн ч нарийндаа бол хүмүүс Миний дайсан гэдэг нь яриангүй. Тэд бол Надтай сөргөлдөж, дуулгаваргүй байдаг ёрын муучууд. Хүмүүс чухамдаа Миний хараасан ёрын муу нэгний үр удам. Хүмүүс бол чухамдаа Надаас урвасан тэргүүн тэнгэрэлчийн үр удам. Хүмүүс бол үнэндээ аль эрт Надад гологдсоноосоо хойш эвлэршгүй дайсан минь болсон диаволын залгамж халаа. Бүх хүн төрөлхтний дээр тэнгэр бүрхэн харанхуйлж, огтхон ч цэлмэх шинжгүй байх агаад хүний ертөнц түнэр харанхуйд автаж, улмаар тэнд амьдарч байгаа хүн нүднийхээ өмнө сунгасан гараа ч тэр, толгой өнгийлгөх үедээ нарыг ч олж харж чадахгүй байх ажээ. Хөл доорх зам нь шалбаагтай, хотгор хонхортой, тахир мурий нугачаатай; газар тэр аяараа хүүр цогцсоор бүрхээстэй. Харанхуй булан үхэгсдийн хүүрээр дүүрч, сэрүүхэн, сүүдэртэй буланд чөтгөр бөөнөөрөө үүрлэжээ. Хүний ертөнцийн хаа сайгүй чөтгөрүүд сүрэглэн ирж буцна. Элдэв янзын араатны үр сад бузар буртагт баригдчихаад ширүүн тулаанд орж, үүний дуу чимээ нь зүрхэнд айдас хуруулна. Ийм цаг үед, ийм дэлхий ертөнц, “газрын диваажинд” амьдралын жаргал цэнгэлийг эрж хайхын тулд хүн хаачдаг вэ? Амьдралын хүрэх газраа олохын тулд хаачих вэ? Сатаны хөлд эртнээс дэвслүүлсэн хүн төрөлхтөн анхнаасаа л Сатаны дүрд орсон жүжигчин байсан—хамгийн гол нь хүн төрөлхтөн Сатаны биелэл бөгөөд Сатанд гэрчлэл хийгч нотолгооны үүрэг гүйцэтгэдэг нь тов тодорхой. Ийм хүн төрөлхтөн, гажуудсан бөөн шаар шавхруу, хүний энэ завхарсан гэр бүлийн үр удам Бурханд гэрчлэл хийж яахан чадах билээ? Миний суу алдар хаанаас ирдэг вэ? Миний гэрчлэлийг хүн хаанаас нь ярьж эхэлж болох вэ? Учир нь хүн төрөлхтнийг аль эрт завхруулсан Миний дайсан, эрт үед бүтээж алдар суу, амьдран харуулалтаараа дүүргэсэн хүмүүсийг минь аль эрт авч бузарлачхаад Миний эсрэг зогсож байна. Алдар сууг минь булааж, Сатаны муу муухай, мөн сайн, мууг мэдүүлэгч модны жимсний шүүсийг ихэд хольсон хорыг л хүнд шингээжээ. Анх Би хүн төрөлхтнийг бүтээсэн; хүн төрөлхтний өвөг дээдэс Адамыг бүтээсэн. Түүнд бие хаа, дүр төрх заяагдаж, тэрээр ид хав, амин чанараар бялхаж, Бурханы алдар суу түүнийг дагалдсан билээ. Бурхан хүнийг бүтээсэн алдар суут өдөр энэ байлаа. Дараа нь Адамын биеэс Еваг бүтээсэн нь мөн л хүний өвөг дээдэс байсан, улмаар бүтээсэн хүмүүс минь Миний амьсгалаар дүүрч, суу алдраар минь бялхаж байсан билээ. Адам анх гараас минь мэндэлсэн бөгөөд Миний дүрийн төлөөлөл байсан юм. Иймээс “Адам” гэдэг нь анхандаа Миний амин эрч хүч, алдар сууг шингээсэн, бие, дүртэй, сүнс болон амьсгалтай, Миний бүтээсэн оршихуй хэмээх утгатай байв. Тэр Намайг төлөөлж, Миний дүрийг авч, амьсгалыг минь хүртэх чадвартай, сүнс бүхий цорын ганц бүтээгдсэн зүйл байсан юм. Эхэндээ Ева Миний бүтээхээр тогтоосон, амьсгалыг хүртсэн хоёр дахь хүн байсан тул “Ева” гэдэг уг нь Миний амин чанараар дүүрэн, алдар сууг минь хүртсэн, алдрыг минь үргэлжлүүлэх бүтээгдсэн зүйл гэсэн утгатай байлаа. Адамаас гарсан тул Ева мөн л Миний дүртэй байсан, учир нь тэр Миний дүрээр бүтсэн хоёр дахь хүн билээ. “Ева” гэдэг нь анхандаа сүнс, мах, яснаас бүтсэн амьд хүн, мөн хүн төрөлхтний дундах Миний хоёр дахь гэрчлэл төдийгүй хоёр дахь дүр гэсэн утгатай байв. Тэд хүн төрөлхтний өвөг дээдэс, хүний ариун нандин эрдэнэс, анхнаасаа сүнстэй хүмүүс байсан юм. Гэвч хүн төрөлхтний өвөг дээдсийн үр удмыг ёрын муу нэгэн дэвсэлж, эрхэндээ оруулж, хүний ертөнцийг түнэр харанхуйд автуулж, улмаар тэднийг Миний оршин тогтнолд итгэхээргүй болгожээ. Бүр ч жигшүүртэй нь, ёрын муу нэгэн хүмүүсийг завхруулж, бүгдийнх нь дээр дэвсэлж байхдаа тэдэнд хайрласан алдар суу, гэрчлэл, амин чанар, тэдэнд өгсөн амьсгал, амь, мөн хүний ертөнц дэх бүх алдар суу, хүн төрөлхтөнд зарлагадсан амьдралын бүх эх булгийг минь харгисаар булаан авч байна. Хүн төрөлхтөн гэрэлд байхаа больж, хүмүүс Миний олгосон бүх зүйлийг алдсан бөгөөд Миний өгсөн алдар сууг хөсөр хаяжээ. Бүх бүтээгдсэн зүйлийн Эзэн гэдгийг минь тэд яахан хүлээн зөвшөөрч чадах билээ? Тэнгэр дэх оршин тогтнолд минь яаж итгэсээр байх билээ? Газар дээрх алдрын минь илэрхийллийг тэд яаж олж чадах билээ? Өвөг дээдэс нь хүндэлдэг байсан Бурханыг энэ ач зээ нар өөрсдийг нь бүтээсэн Эзэн хэмээн хүлээн авч яахан чадах билээ? Адам, Евад Миний хайрласан алдар суу, дүр, гэрчлэл, мөн хүн төрөлхтний оршин тогтнолыг тэтгэдэг Миний олгосон амийг хөөрхийлөлтэй энэ ач зээ нар ёрын муу нэгэнд өгөөмрөөр “бэлэглэсэн”; ёрын муу нэгний дэргэд байгаагаа огт хайхралгүй, бүх алдар сууг минь түүнд өгдөг. “Шаар шавхруу” гэх нэр томьёо үүнээс л үүдэлтэй бус уу? Ийм хүн төрөлхтөн, ёрын муу чөтгөрүүд, алхаж яваа үхдэлүүд, Сатаны дүрүүд, Миний дайснууд алдар сууг минь эзэмшиж яахан чадах билээ? Хүмүүсийн дунд оршдог алдар суу, гэрчлэл болон нэгэн цагт бүгд Минийх байгаад эрт цагт хүмүүст өгсөн бүхнээ Би эргүүлэн олж авна—хүн төрөлхтнийг Би бүрэн байлдан дагуулна. Гэвч бүтээсэн хүмүүс минь Миний дүр, алдар суу бүхий ариун хүмүүс байсан гэдгийг чи мэдэх учиртай. Тэд Сатаных байгаагүй, түүнд дэвслүүлж ч яваагүй, Сатаны хорын өчүүхэн ч ул мөргүй, гагцхүү Миний илэрхийлэл байлаа. Иймээс Би Өөрийн гараар бүтээсэн зүйл, өөр этгээдийн харьяа бус, Өөрийн хайрладаг ариун хүмүүсийг л хүсэж байгаагаа хүн төрөлхтөнд хэлдэг. Түүнчлэн Би тэднийг таашааж, Өөрийн алдар суу хэмээн тооцно. Харин Сатаны завхралд өртөөд өнөөдөр Сатанд харьяалагдаж, Миний анхдагч бүтээл байхаа больсон хүн төрөлхтнийг Би хүсдэггүй. Хүний ертөнцөд буй алдар суугаа эргүүлэн олж авахыг Би зорьж буй тул Сатаныг ялсан алдрынхаа нотолгоо болгон хүн төрөлхтний дундаас амьд үлдэгсдийг бүрэн байлдан дагуулна. Гэрчлэлээ л Би Өөрийн биежилт, Өөрийн таашаалын бай болгодог. Миний хүсэл энэ билээ.

Хүн төрөлхтний хөгжлийн түүх хэдэн арван мянган жилийн тэртээгээс эхэлсэн авч анх Миний бүтээсэн хүн төрөлхтөн аль эрт доройтолд оржээ. Хүн төрөлхтөн Миний хүсдэг хүн төрөлхтөн байхаа больсон тул Миний нүдээр бол хүн төрөлхтөн хэмээн нэрлэгдэх эрхгүй болсон. Харин ч тэд Сатаны олзолсон хүн төрөлхтний хог шаар, Сатанд бариулж, нөмрөх хувцас нь болсон илжирсэн амьд хүүр билээ. Хүмүүс Миний оршин тогтнолд итгэдэггүй, Намайг ирж байхад ч угтан авдаггүй. Хүсэлтэд минь дурамжхан хариу үзүүлж, түр зуур буулт хийхээс биш амьдралын баяр гунигийг чин сэтгэлээсээ Надтай хуваалцдаггүй. Хүмүүс Намайг ойлгохын аргагүй гэж үздэг тул дурамжхан инээмсэглэж, эрх мэдэлтэнд тал засаж буй хандлагатай байдаг, учир нь хүмүүс Миний ажлыг огт мэддэггүй, өнөө үе дэх Миний хүслийг бүр ч мэддэггүй. Би та нартай илэн далангүй байя: Цаг нь ирэхээр Намайг шүтэн мөргөдөг хэн бүхний зовлон та нарынхыг бодвол тэвчихэд амар байх болно. Надад итгэх итгэлийн чинь хэмжээ үнэндээ Иовынхоос давдаггүй, иудейн фарисайчуудын итгэл ч та нарынхаас илүү байдаг тул галын өдөр ирэхэд та нарын зовлон Есүст зэмлүүлсэн фарисайчууд, Мосег эсэргүүцсэн 250 удирдагч, дүрэлзэх галд сүйрсэн Содомын зовлонгоос ч хүнд байх болно. Мосе хадыг цохиход Еховагийн хайрласан ус оргилсон нь түүний итгэлээс үүдэлтэй. Давид Ехова Намайг магтан лир хөгжим хөгжимдөж, зүрх сэтгэл нь баяр баяслаар дүүрдэг байсан нь түүний итгэлээс үүдэлтэй. Иов уул толгодыг бүрхсэн мал сүрэг, асар их эд хөрөнгөө алдан, бие нь яр шарханд баригдсан нь түүний итгэлээс үүдсэн. Ехова Миний дуу хоолойг сонсож, Ехова Миний алдар сууг харж чадсан нь ч түүний итгэлээс үүдэлтэй. Есүс Христийг Петр дагаж чадсан нь түүний итгэлээс улбаатай. Миний төлөө загалмайд цовдлогдож, алдар суут гэрчлэл хийж чадсан нь ч түүний итгэлээс улбаатай. Хүний Хүүгийн алдар суут дүрийг Иохан харсан нь түүний итгэлээс улбаатай. Эцсийн өдрүүдийн үзэгдлийг харсан нь түүний итгэлээс бүр ч их улбаатай. Харь үндэстний гэгдэх үй олон хүн Миний илчлэлийг олж авч, хүмүүсийн дунд ажлаа хийхээр махбодод эргэн ирсэн гэдгийг минь олж мэдсэн нь ч бас тэдний итгэлээс үүдэлтэй. Хатуу үгэнд минь цохиулдаг атлаа тэдгээрээс үүдэн тайтгарч, аврагддаг бүх хүн ч бас итгэлээсээ болж тэгдэг бус уу? Надад итгэдэг атлаа бэрхшээл туулдаг хүмүүс ертөнцөд мөн л гологдсон бус уу? Миний үгийн гадна амьдарч, шалгалтад зовохоос зайлсхийдэг хүмүүс бүгд ертөнцөд туугдаж яваа бус уу? Энд тэнд найгах намрын навчис адил тэдэнд, тайтгаруулсан үг минь бүү хэл амрах газар ч үгүй. Миний гэсгээлт, цэвэршүүлэлт тэднийг дагадаггүй ч тэд газраас газарт туугдаж, тэнгэрийн хаанчлалын гаднах гудмаар тэнэж яваа гуйлгачид бус уу? Ертөнц үнэхээр чиний амрах газар гэж үү? Миний гэсгээлтээс зайлсхийснээр чи ертөнцөөс баяслын багахан ч болов инээмсэглэл олж авч үнэхээр чадна гэж үү? Зүрх сэтгэл дэх илэрхий хоосролоо зуурдын баяслаар далдалж үнэхээр чадах уу? Гэр бүлийнхнээ бүгдийг нь хуурч болох ч гэлээ Намайг чи хэзээ ч хуурч чадахгүй. Итгэл чинь дэндүү хомс тул өнөөг хүртэл чи амьдралаас ямар ч баяр баясал олж авахад хүчин мөхөстлөө. Амьдралынхаа хагасыг Миний төлөө чин сэтгэлээсээ зарцуулах нь дутуу дулимаг, ажилд нухлуулсан байдалтайгаар махан биеийн төлөө бүхий л амьдралаа үрж, хүн үүрч бараг чадахааргүй бүх зовлонг туулснаас дээр гэж чамайг Би шавдуулъя. Өөрийгөө тэгтлээ нандигнаж, Миний гэсгээлтээс зугтах ямар хэрэг байна? Зуурдын гэсгээлтээс минь нуугдаад гагцхүү мөнхийн ичгүүр, мөнхийн гэсгээлтэд унах ямар хэрэгтэй юм бэ? Үнэндээ Би Өөрийн хүслийг хэнд ч тулгадаггүй. Бүх төлөвлөгөөнд минь захирагдахад үнэхээр бэлэн хүн байвал түүнд Би муухай хандахгүй. Харин Иов Ехова Надад итгэдэг байсны адилаар бүх хүн Надад итгэхийг Би шаарддаг. Итгэл чинь Томасын итгэлээс давбал та нар сайшаалыг минь хүртэж, үнэнч байснаараа та нар жаргалыг минь олж, өөрсдийн цаг үед Миний алдар сууг гарцаагүй олно. Харин дэлхий ертөнцөд итгэж, диаволд итгэдэг хүмүүс яг л Содом хотын олон түмний адилаар зүрх сэтгэл нь цэвдэг болж, салхинд хийссэн элс нүдэнд нь орж, диаволын тахил аманд нь орж, балартсан оюун ухаан нь ертөнцийг булаан авсан ёрын муу нэгэнд аль эрт эзэмдүүлсэн байдаг. Тэдний бодол бараг тэр чигтээ эрт үеийн диаволд олзлуулсан. Иймээс хүн төрөлхтний итгэл салхинд хийсэж, Миний ажлыг анзаарах ч чадваргүй байдаг. Тэд ажилд минь хааш яаш хандаж, ширүүн дориунаар шинжлэх гэж үлгэн салган оролдохоос цаашгүй байдаг бөгөөд Сатаны хоронд аль эрт эзэмдүүлснээс нь энэ үүдэлтэй.

Хүмүүс Надаар бүтээгдэж, бүтээлийн минь арвин объектыг бүгдийг нь эдэлсэн тул хүн төрөлхтнийг Би байлдан дагуулна. Гэвч хүмүүс бас Намайг голсон; тэдний зүрх сэтгэлд Би байдаггүй, тэд Намайг оршин тогтнолынх нь садаа гэж үзээд, Намайг үнэхээр харсан атлаа мөн л голж, Намайг ялж болох бүх аргыг сэдэхээр тархиа гашилгадаг. Хүмүүс өөрсдөд нь нухацтай хандах, хатуу шаардлага тавихыг Надад зөвшөөрдөггүй, мөн зөв шударга бус байдлыг нь шүүж, гэсгээх боломж олгодоггүй. Тэд үүнийг сонирхох нь байтугай яршигтай гэж үздэг. Иймд Надаас идэж, ууж, найрладаг атлаа Намайг мэддэггүй хүн төрөлхтнийг авч, ялан дийлэх нь Миний ажил юм. Би хүн төрөлхтнийг аюулгүй болгоод, дараа нь Өөрийн тэнгэрэлчүүд, алдар сууг авч оршин суудаг газартаа буцна. Учир нь хүмүүсийн үйлдэл эртнээс сэтгэлийг минь шархлуулж, ажлыг минь хэдэн хэсэг нураасан юм. Би баяртайгаар алхан одохоосоо өмнө ёрын муу нэгний булаасан суу алдрыг буцаан олж аваад, хүн төрөлхтөнд үргэлжлүүлэн амьдрах, “амар тайван, сэтгэл хангалуун амьдарч, ажиллах”, “тариалангийн талбайгаа хагалах” боломж олгохоор зорьдог бөгөөд тэдний амьдралд дахин оролцохгүй. Харин Би одоо ёрын муу нэгний гараас алдар суугаа бүрмөсөн буцаан олж авч, дэлхийг бүтээхдээ хүнд хайрласан алдар суугаа бүхэлд нь эргүүлэн авахаар зорьж байна. Газар дэлхий дээрх хүн төрөлхтөнд Би алдар суугаа дахин хэзээ ч хайрлахгүй. Учир нь хүмүүс алдар сууг минь хадгалж чадаагүйн дээр Сатаны дүрээр үүнийг сольсон. Хүмүүс Миний ирэхийг нандигнадаггүй, мөн Миний алдрын өдрийг ч өндрөөр үнэлдэггүй. Миний гэсгээлтийг хүртээд баярладаггүй, алдар сууг минь эргүүлэн өгөхийг бүр ч хүсдэггүй, ёрын муу нэгний хороос ангижрахыг ч хүсдэггүй. Хүн төрөлхтөн өнөөх л янзаараа Намайг хуурсан хэвээр, хүмүүс урьдын адил баяртайгаар инээмсэглэж, жаргалтай царайлсан хэвээр. Миний алдар суу орхин одсоны дараа хүн төрөлхтөнд нүүрлэх түнэр харанхуйн гүн гүнзгийг тэд мэддэггүй. Ялангуяа, Миний өдөр бүх хүн төрөлхтөн дээр ирэхдээ Ноагийн үеийн хүмүүсийнхээс ч илүү хатуурхахыг мэддэггүй, учир нь Миний алдар суу Израилийг орхих үед Израиль хэчнээн их харанхуйлсныг тэд мэддэггүй бөгөөд түнэр харанхуй шөнийг даван туулах ямар хэцүүг үүр цайх үед хүн мартдаг билээ. Нар дахин далд орж, хүн төрөлхтнийг харанхуй нөмрөх үед харанхуйд хүн дахин уйлж, шүдээ хавирна. Миний алдар суу Израилийг орхих үед зовлонт тэр өдрүүдийг тэсвэрлэх нь израильчуудад хэчнээн хэцүү байсныг та нар мартав уу? Одоо үе бол та нар Миний алдар сууг харах үе, мөн Миний алдрын өдрийг хуваалцах үе билээ. Миний алдар суу бузар булай газар нутгийг орхин одоход хүн харанхуйд уйлна. Одоо үе бол Миний ажиллах алдрын өдөр, мөн хүн төрөлхтнийг зовлонгоос гэтэлгэх өдөр, учир нь Би шаналан, гай зовлонгийн цаг үеийг тэдэнтэй хуваалцахгүй. Харин хүн төрөлхтнийг бүрэн байлдан дагуулж, хүн төрөлхтний ёрын муучуудыг бүрэн ялахыг л хүснэ.

Өмнөх: Бурханы тухай чиний ойлголт юу вэ?

Дараах: Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих