Бурханы тухай чиний ойлголт юу вэ?
Хүмүүс удаан хугацаанд Бурханд итгэсэн боловч тэдний ихэнх нь “Бурхан” гэдэг үгийг ойлгодоггүй, зүгээр л мунгинан дагадаг. Яагаад хүн чухам Бурханд итгэх ёстойг, эсвэл Бурхан чухам юу болох талаар тэдэнд ямар ч таамаг байдаггүй. Хэрвээ хүмүүс зөвхөн Бурханд итгэж, дагахаа мэддэг боловч Бурхан юу болохыг мэддэггүй, мөн Бурханыг таньдаггүй бол энэ нь асар том хошигнол биш гэж үү? Хүмүүс өдий хүрчхээд тэнгэрийн олон нууцыг нүдээр харж, хүний урьд өмнө хэзээ ч ойлгож байгаагүй гүн гүнзгий мэдлэгийн тухай ихээхэн сонссон ч гэсэн хүний хэзээ ч тунгаан бодож үзээгүй хамгийн энгийн үнэний талаар мэддэггүй. Зарим хүн: “Бид олон жил Бурханд итгэсэн. Бурхан юу болохыг бид яаж мэдэхгүй байх юм бэ? Энэ чинь биднийг дорд үзэж байгаа хэрэг биш гэж үү?” хэмээж болох юм. Гэвч бодит байдал дээр бол хэдийгээр өнөөдөр хүмүүс Намайг дагаж байгаа ч өнөөгийн ажлын талаар юу ч мэддэггүй бөгөөд Бурханы тухай нарийн төвөгтэй асуултуудыг бүү хэл, хамгийн илэрхий, хамгийн амархан асуултуудыг ч ухаарч чаддаггүй. Чиний үл тоомсорлодог, мэдэж чаддаггүй тэр бүх асуулт бол ойлгох хэрэгтэй хамгийн чухал асуулт гэдгийг мэдэх хэрэгтэй, учир нь чи зөвхөн олон нийтийг даган, өөрийгөө юугаар зэвсэглэх ёстой вэ гэдэгт ямар ч анхаарал хандуулдаггүй, мөн санаа тавьдаггүй. Яагаад Бурханд итгэх ёстойгоо чи үнэхээр мэддэг үү? Бурхан юу болохыг үнэхээр мэддэг үү? Хүн гэж юу болохыг үнэхээр мэддэг үү? Бурханд итгэдэг хүний хувьд, хэрвээ чи эдгээр зүйлийг ойлгож чадахгүй бол Бурханд итгэгчийн нэр хүндийг алдахгүй гэж үү? Өнөөдрийн Миний ажил бол хүмүүст мөн чанарыг нь ойлгуулж, Өөрийнхөө бүх үйл хэргийг ойлгуулж, Бурханы жинхэнэ нүүр царайг мэдүүлэх явдал юм. Энэ бол Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл, Миний ажлын сүүлчийн үе шат билээ. Тийм учраас Би та нарт амьдралын бүх нууцыг урьдчилан хэлж байна, ингэснээр та бүгд тэдгээрийг Надаас хүлээж авч чадах юм. Та нар хэтэрхий их дутагдалтай, хэтэрхий багыг эзэмшдэг учраас хүлээн авч чадахгүй, дааж чадахгүй байсан ч гэсэн энэ нь эцсийн эрин үеийн ажил учраас урьд нь та нарын хэзээ ч хүлээн авч байгаагүй бүх амь-үнэнийг Би та нарт хэлэх ёстой. Харанхуй нөмрөх үед та нар замаасаа дахин гажаад, ёрын муу нэгний явуулгад автах вий гэсэндээ Би Өөрийн ажлыг дуусгаж, хийх учиртай ажлаа гүйцэлдүүлж, юу хийхийг даалгаж буйгаа та нарт бүрэн мэдэгдэхийг хүсдэг. Та нарын ойлгодоггүй олон зам, мэддэггүй олон асуудал бий. Та нар тун мэдлэггүй; Би та нарын биеийн хэмжээ болон дутагдлыг сайн мэднэ. Тиймээс, хэдийгээр та нарын ойлгож чадахгүй олон үг байдаг ч урьд нь та нарын хэзээ ч хүлээн авч байгаагүй энэ бүх үнэнийг Би та нарт бас л хэлмээр байна, учир нь одоогийн биеийн хэмжээгээрээ Миний төлөө гэрчлэлд зогсож чадах эсэхэд чинь Би санаа зовсоор байдаг. Би та нарыг дорд үзэж байгаа юм биш; та нар бүгдээрээ Миний албан ёсны сургалтыг хараахан туулаагүй адгууснууд бөгөөд та нарын дотор хэр их алдар байгааг Би яавч харж чадахгүй. Хэдийгээр Би та нар дээр ажиллахдаа асар их эрч хүч зарцуулсан боловч та нарт идэвхтэй хүчин зүйл бараг байхгүй мөртөө сөрөг хүчин зүйл хуруу дарам цөөн байдаг ба Сатанд шившиг авчирдаг гэрчлэл л болдог мэт санагддаг. Та нарт байгаа бусад зүйл бараг бүгдээрээ Сатаны хор. Та нар Надад аврагдахын аргагүй мэт харагддаг. Одоогийн нөхцөл байдалд Би та нарын янз бүрийн илэрхийлэл, биеэ авч явах байдлыг хардаг, тэгээд эцэст нь жинхэнэ биеийн хэмжээг чинь мэддэг. Тийм учраас Би та нарын төлөө санаа зовсоор байна: Өөрөө амьдралаа мэдэг гээд орхисон бол хүмүүс өнөөдрийнхөөсөө дээр байх байсан уу, эсвэл өнөөдрийнхтэй адилхан байх байсан уу? Та нар нялхамсуу биеийн хэмжээндээ сэтгэл зовохгүй байна уу? Та нар үнэхээр Израилийн сонгогдсон хүмүүс шиг байж, цаг үргэлж ганцхан Надад үнэнч байж чадах уу? Та нарын харуулдаг зүйл чинь эцэг эхээсээ төөрсөн хүүхдүүдийн дүрсгүйтдэг зан биш, харин эзнийхээ ташуураас хол байгаа амьтдаас гардаг зэрлэг догшин байдал юм. Та нарт бас бүгдэд нь байдаг сул тал, та нарын нийтлэг эмгэг болох уг чанараа та нар мэдэх ёстой. Тиймээс өнөөдөр Би та нараас Миний төлөөх гэрчлэлдээ бат зогсохыг л шаарддаг. Ямар ч нөхцөлд хуучин эмгэгээ дахин бүү сэдрээ. Хамгийн чухал зүйл бол гэрчлэл хийх явдал юм—энэ нь Миний ажлын гол цөм билээ. Зүүдэнд нь ирсэн Еховагийн илчлэлийг Мариа хүлээн авч, итгээд дуулгавартай дагасантай адилаар та нар Миний үгийг хүлээн авах ёстой. Зөвхөн энэ нь л ариун явдал гэж тооцогддог. Та нар Миний үгийг хамгийн их сонсдог хүмүүс учраас Надаар хамгийн их ерөөгдсөн хүмүүс юм. Би үнэ цэнтэй бүх эзэмшлээ та нарт өгч, та нарт бүхнийг хайрласан атал байр суурь чинь Израилийн ард түмнийхээс асар өөр; эгээ л тэнгэр газар мэт ялгаатай байдаг. Гэсэн ч тэдэнтэй харьцуулахад та нар хамаагүй илүү ихийг хүлээн авсан; тэд Миний илрэлтийг цөхрөн хүлээж байхад та нар Надтай хамт таатай өдрүүдийг өнгөрөөн, Миний баялгийг эдэлдэг. Ийм ялгаатай байж та нар хашхирч, Надтай маргалдаж, эд хөрөнгө булаалдах ямар эрхтэй юм бэ? Та нар ихийг олж авсан бус уу? Би та нарт маш ихийг өгсөн боловч хариуд нь Надад өгч байгаа зүйл чинь зүрх шимшрүүлсэн уй гашуу, зовнил болон номхоршгүй эгдүүцэл, дургүйцэл байдаг. Та нар маш зэвүүн атлаа бас өрөвдөлтэй тул Өөрийн бүх дургүйцлийг дарж, та нарт ахин дахин эсэргүүцлээ илэрхийлэхээс өөр сонголт Надад байхгүй. Ажлын энэ хэдэн мянган жилийн туршид Би хүн төрөлхтөнд хэзээ ч эсэргүүцэл үзүүлээгүй, учир нь хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд та нарын дундах “заль мэх” л хамгийн их алдаршсан гэдгийг Би олж мэдсэн, тэр нь эртний алдарт өвөг дээдсийн чинь та нарт үлдээсэн нандин өв хөрөнгөтэй адил мэт байдаг. Хүнээс дор тэр гахай, нохойнуудыг Би хэчнээн их үзэн яддаг гээч. Та нар хэтэрхий мөс чанаргүй! Та нар хэтэрхий жудаггүй! Та нарын зүрх сэтгэл хэтэрхий хатуу! Хэрвээ Би ийм үг болон ажлыг израильчуудад аваачсан бол аль хэдийн алдрыг олж авах байлаа. Гэвч та нарын дунд бол энэ нь хүршгүй; та нарын дунд зөвхөн харгис хайнга байдал, үл тоомсорлол болон та нарын шалтаг л байдаг. Та нар дэндүү мэдрэмжгүй, даанч үнэ цэнгүй!
Та нар өөртөө байгаа бүхнийг Миний ажлын төлөө зориулах ёстой. Надад ашиг тустай ажил хийх ёстой. Ойлгодоггүй бүхнийг чинь Би та нарт тайлбарлахыг хүсэж байна, ингэвэл та нар өөрсдөдөө дутагдаж байгаа бүхнийг Надаас олж авч чадна. Хэдий та нарын дутагдал тоолоход хэтэрхий олон боловч Би та нар дээр хийх ёстой ажлыг үргэлжлүүлэн хийж, та нарт сүүлчийн өршөөлөө хайрлахыг хүсэж байна, ингэснээр та нар Надаас ашиг тус хүртэж, та нарт байхгүй, мөн дэлхий дээр хэзээ ч харагдаж байгаагүй алдрыг олж авч болох юм. Би маш олон жил ажилласан боловч хэн ч, хэзээ ч Намайг мэдээгүй. Би өөр хэнд ч, хэзээ ч хэлээгүй нууцуудаа та нарт хэлэхийг хүсэж байна.
Хүмүүсийн дунд бол Би тэдний харж чадахгүй Сүнс, тэдний хэзээ ч харилцаж чадахгүй Сүнс байлаа. Газар дээрх ажлынхаа гурван үе шатнаас (дэлхий ертөнцийн бүтээл, золин аврал, сүйрэл) үүдэн Би хүмүүсийн дунд ажлаа хийхээр өөр өөр цаг үед (хэзээ ч илэрхий бишээр) тэдний дунд гарч ирдэг. Анх удаа хүмүүсийн дунд ирсэн минь Золин авралын эрин үед байсан. Мэдээж, Би иудей гэр бүлд ирсэн; тийм болохоор газар дээр ирсэн Бурханыг эхлээд харах хүмүүс нь иудейчүүд байв. Би энэ үе шатны ажлыг биечлэн хийсэн шалтгаан нь Өөрийн махбод болсон биеийг золин авралын ажилдаа нүглийн тахил болгон ашиглахыг хүссэн юм. Тиймээс Намайг эхлээд харах хүмүүс нь Нигүүлслийн эрин үеийн иудейчүүд байлаа. Энэ бол эхний удаа махбодоор ажилласан минь юм. Хаанчлалын эрин үед Миний ажил байлдан дагуулж, төгс болгохын төлөө байдаг учраас Би хариулах ажлаа дахин махбодоор хийдэг. Энэ бол хоёр дахь удаа махбодод ажиллаж байгаа минь юм. Ажлын сүүлчийн хоёр үе шатанд хүмүүсийн харилцдаг зүйл харагдашгүй, хүршгүй Сүнс биш, харин Сүнс махбодод биеллээ олсон хүн билээ. Тиймээс хүний нүдээр бол Би дахиад Бурханы ямар ч гадаад төрх, мэдрэмжгүй хүн болсон. Түүнчлэн, хүмүүсийн хардаг Бурхан зөвхөн эрэгтэй ч биш, бас эмэгтэй бөгөөд энэ нь хүмүүст хамгийн гайхмаар, адармаатай байдаг. Миний ер бусын ажил олон олон жилийн турш хадгалагдсан хуучин итгэл үнэмшлийг ахин дахин нураасан. Хүмүүс мэл гайхдаг! Бурхан ердөө Ариун Сүнс, Сүнс, долоо дахин эрчимжсэн Сүнс, бүхнийг хамарсан Сүнс төдийгүй, мөн хүн—жирийн хүн, туйлын эгэл хүн юм. Тэр бол зөвхөн эрэгтэй ч биш, бас эмэгтэй. Тэд хоёулаа хүнээс төрсөн гэдгээрээ адилхан бөгөөд нэг нь Ариун Сүнснээс олдсон, нөгөө нь хүнээс төрсөн боловч Сүнснээс шууд гарсан гэдгээрээ адилгүй. Хоёулаа Бурханы махбод болох Тэд Эцэг Бурханы ажлыг гүйцэтгэдгээрээ адилхан бөгөөд нэг нь золин авралын ажил хийдэг, нөгөө нь байлдан дагуулалтын ажил хийдэг гэдгээрээ адилгүй. Хоёулаа Эцэг Бурханыг төлөөлдөг боловч нэг нь өгөөмөр сэтгэл, өршөөлөөр дүүрэн Золин Аврагч, харин нөгөө нь уур хилэн, шүүлтээр дүүрэн зөвт байдлын Бурхан билээ. Нэг нь золин авралын ажлыг эхлүүлдэг Дээд Командлагч, харин нөгөө нь байлдан дагуулах ажлыг гүйцэтгэдэг зөвт Бурхан юм. Нэг нь Эхлэл, нөгөө нь Төгсгөл. Нэг нь нүгэлгүй махбод, нөгөө нь золин авралыг гүйцээж, ажлыг үргэлжлүүлдэг махбод бөгөөд хэзээ ч нүгэлгүй. Хоёулаа нэг Сүнс, гэвч Тэд өөр өөр махбодод оршдог ба өөр өөр газарт төрсөн. Мөн Тэд хэдэн мянган жилээр тусгаарлагдсан. Тэгсэн хэр нь Тэдний бүх ажил харилцан нэгийгээ нөхдөг, хэзээ ч зөрчилддөггүй бөгөөд эн зэрэгцүүлэн ярьж болно. Хоёулаа хүн, гэхдээ нэг нь нялх хүү, харин нөгөө нь нярай охин. Энэ олон жилд хүмүүсийн харсан зүйл зөвхөн Сүнс, зөвхөн хүн, эрэгтэй хүн төдийгүй, бас хүний үзэлтэй нийцэхгүй олон зүйл байсан тул хүмүүс Намайг хэзээ ч бүрэн ойлгож чаддаггүй. Би оршин байдаг хэр нь хий хоосон мөрөөдөл мэт тэд Надад хагас итгэж, хагас эргэлзсээр байдаг, тийм учраас энэ өдрийг хүртэл хүмүүс Бурхан юу болохыг бас л мэдэхгүй хэвээр байгаа юм. Чи Намайг ганц энгийн өгүүлбэрээр товч дүгнэж үнэхээр чадах уу? Чи “Есүс бол Бурхан, Бурхан бол Есүс” гэж хэлж үнэхээр зүрхлэх үү? “Бурхан бол Сүнс, Сүнс бол Бурхан” гэж хэлэх зориг чамд үнэхээр бий юү? “Бурхан бол ердөө махбодоор хувцасласан хүн” гэж чи хэлж зүрхлэх үү? “Есүсийн дүр бол Бурханы агуу дүр мөн” гэж чи үнэхээр хэлж зүрхлэх үү? Чи Бурханы зан чанар болон дүрийг хэл ярианы чадвараараа нэгд нэггүй тайлбарлаж чадах уу? Чи “Бурхан эмэгтэй хүнийг биш, зөвхөн эрэгтэй хүнийг Өөрийн дүрээр бүтээсэн” гэж хэлж үнэхээр зүрхлэх үү? Хэрвээ чи ингэж хэлбэл Миний сонгосон хүмүүс дотор ямар ч эмэгтэй хүн байхгүй байх байсан бөгөөд хүн төрөлхтний дотор эмэгтэй хүний төрөл гэж бүр ч байхгүй байх байв. Одоо чи Бурхан юу болохыг үнэхээр мэдэх үү? Бурхан хүн үү? Бурхан Сүнс үү? Бурхан үнэхээр эрэгтэй юү? Миний хийхийг хүсдэг ажлыг зөвхөн Есүс гүйцэлдүүлж чадах уу? Хэрвээ чи Миний мөн чанарыг товчхон дүгнэхийн тулд дээр хэлснээс зөвхөн нэгийг нь л сонгох юм бол чи хэтэрхий мэдлэггүй үнэнч итгэгч юм. Хэрвээ Би ердөө ганцхан л удаа махбод болсон биеэр ажилласан бол та нар Намайг тодорхойлох байсан уу? Чи ганц хяламхийж хараад л Намайг нэвт шувт мэдэж үнэхээр чадах уу? Амьдралынхаа туршид үзэж амссан бүхнийхээ дүнд чи Намайг үнэхээр бүрэн дүүрэн дүгнэж чадах уу? Хэрвээ хоёр удаа бие махбодтой болохдоо Би адилхан ажил хийсэн бол та нар Надад хэрхэн хандах байсан бэ? Та нар Намайг загалмайд үүрд цовдлон орхих байсан уу? Бурхан чиний хэлдэг шиг тийм энгийн юм гэж үү?
Хэдийгээр та нарын итгэл маш чин сэтгэлийн боловч та нарын дундаас хэн нь ч Намайг бүрэн тайлбарлаж чадахгүй, хэн нь ч өөрсдийн хардаг бүх баримтыг бүрэн гэрчилж чадахгүй. Энэ талаар бодоод үз: Өнөөдөр та нарын ихэнх нь үүргээ хөсөр хаяад оронд нь махан биеийн араас хөөцөлдөж, махан биеийг ханган, махан биеийн ташаалд шунадаг. Та нар өчүүхэн үнэнийг эзэмшдэг. Тэгэхээр харсан бүхнээ гэрчилж яаж чадах юм бэ? Та нар Миний гэрчлэгчид байж чадна гэдэгтээ үнэхээр итгэлтэй байна уу? Хэрвээ нэг л өдөр чи өнөөдрийн харсан бүхнээ гэрчилж чадахгүй бол бүтээгдсэн зүйлийн чиг үүргээ алдсан байх болно, мөн чиний оршин тогтнол ямар ч утга учиргүй байна. Чи хүн байх үнэ цэнгүй байх болно. Чи хүн биш байх болно гэж хэлж ч болох юм! Би та нар дээр хэмжээлшгүй их ажил хийсэн, гэвч одоогоор чи юу ч сурахгүй, юу ч мэдэхгүй, үр ашиггүй ажиллаж байгаа учраас ажлаа өргөжүүлэх цаг минь ирэхэд чи бүлх залгисан мэт гөлрөн ширтэж, ямар ч нэмэргүй байх болно. Тэр нь чамайг бүх цаг үеийн нүгэлтэн болгохгүй гэж үү? Тэр цаг ирэхэд чи гүн гүнзгий харууслыг мэдрэхгүй гэж үү? Гутрал цөхрөлд живэхгүй гэж үү? Би сэлгүүцэж, уйдсандаа энэ бүх ажлыг хийж байгаа юм биш, харин хожмын ажлынхаа суурийг тавихын тулд хийж байгаа юм. Би мухардалд ороод, ямар нэг шинэ зүйл хийхээс өөр аргагүй болсон юм биш. Чи Миний хийдэг ажлыг ойлгох ёстой; энэ нь гудамжинд тоглож буй хүүхдийн хийдэг зүйл биш, харин Миний Эцэгийг төлөөлөн хийгддэг ажил юм. Би Өөрөө энэ бүхнийг ганцаараа хийж байгаа юм биш; харин Өөрийн Эцэгийг төлөөлдөг гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Энэ зуур та нарын үүрэг бол зүгээр л дагах, дуулгавартай байх, өөрчлөгдөх болон гэрчлэх явдал юм. Та нар яагаад Надад итгэх ёстой вэ гэдгийг л ойлгох учиртай; энэ бол та нарын дор бүрнээ ойлгох ёстой хамгийн чухал асуулт мөн. Миний Эцэг Өөрийн алдрын төлөө, дэлхийг бүтээсэн мөчөөсөө л та бүгдийг Миний төлөө урьдчилан тогтоосон. Тэрээр Миний ажлын төлөө болон Өөрийнхөө алдрын төлөө л та нарыг урьдчилан тогтоосон билээ. Миний Эцэгээс болж та нар Надад итгэдэг; Миний Эцэг урьдчилан тогтоосон учраас л та нар Намайг дагадаг. Үүний алийг нь ч та нар өөрсдөө сонгосон юм биш. Та нар бол Намайг гэрчлүүлэх зорилгоор Миний Эцэгийн Надад өгсөн хүмүүс юм гэдгийг ойлгох чинь бүр ч чухал юм. Тэр та нарыг Надад өгсөн учраас та нар Миний өгдөг зам болон Миний заадаг зам, бас үгийг даган мөрдөх ёстой, учир нь Миний замыг даган мөрдөх нь та нарын үүрэг билээ. Энэ нь Надад итгэх итгэлийн чинь анхдагч зорилго юм. Тиймээс Би та нарт ингэж хэлдэг: Та нар бол ердөө л Миний замыг мөрдүүлэхийн тулд Миний Эцэгийн Надад өгсөн хүмүүс билээ. Гэсэн ч та нар зөвхөн Надад итгэдэг; та нар израиль гэр бүлээс гаралтай биш, харин эртний могойн төрөл учраас Минийх биш. Миний төлөө гэрчлэл хийхийг л Би та нараас шаардаж байна, гэхдээ өнөөдөр та нар Миний замаар алхах ёстой. Энэ бүхэн нь ирээдүйн гэрчлэлийн төлөө байдаг. Хэрвээ та нар зөвхөн Миний замыг сонсдог хүмүүс шиг л үйлдэх юм бол ямар ч үнэ цэнгүй байх бөгөөд Миний Эцэг та нарыг Надад өгсний ач холбогдол алдагдана. Та нарт хэлэх гэж Миний зүтгээд байгаа зүйл бол энэ: Та нар Миний замаар алхах ёстой.