3. Бурханы илрэлт болон ажилд гэрчлэл хийсэн үгс
165. Сионы магтаалын өдөр ирж, Бурханы оршин суудаг газар гарч ирлээ. Бүх ард түмний магтдаг суу алдарт ариун нэр түгж байна. Ай, Төгс Хүчит Бурхан минь! Орчлон ертөнцийн Тэргүүн, эцсийн өдрүүдийн Христ. Тэр бол бүхий л орчлон ертөнцийн дээр сүр жавхлантай, эрхэмсгээр сүндэрлэдэг Сион уулнаа мандсан гэрэлт Нар билээ…
Төгс Хүчит Бурхан минь! Бид Таныг баяр хөөртэйгөөр дууддаг; бид бүжиглэж, дуулдаг. Та бол үнэхээр бидний Золин Аврагч, орчлон ертөнцийн агуу Хаан! Та бүлэг ялагчийг бий болгож, Бурханы удирдлагын төлөвлөгөөг биелүүлсэн. Бүх ард түмэн энэ уул руу цуварна. Бүх ард түмэн сэнтийн өмнө сөгдөн мөргөнө! Та бол цорын ганц жинхэнэ Бурхан бөгөөд алдар, хүндлэл хүртэх эрхтэй билээ. Бүх алдар, магтаал, эрх мэдэл сэнтийд байх болтугай! Амийн булаг сэнтийгээс урсан гарч, Бурханы үй олон ардыг усалж, тэжээдэг. Амь өдөр бүр өөрчлөгддөг; шинэ гэрэл, илчлэлүүд биднийг дагаж, Бурханы тухай шинэ гүнзгий ойлголтыг байнга өгдөг. Бид туршлагын дунд Бурханы талаар бүрэн итгэлтэй болдог. Түүний үг байнга ил болж, зөв хүмүүс дотор илэрдэг. Бид үнэндээ маш их ерөөгдсөн! Өдөр бүр Бурхантай нүүр тулан уулзаж, бүх зүйл дээр Бурхантай ярилцаж, бүх зүйлийг удирдах дээд эрхийг Бурханд өгдөг. Бид Бурханы үгийг сайтар тунгааж, зүрх сэтгэл маань Бурханы дотор тайван болдог, ийм маягаар бид Бурханы өмнө очиж, тэндээс Түүний гэрлийг хүлээн авдаг. Бид өдөр бүр амьдрал, үйлдэл, үг яриа, бодол, санаа бүртээ Бурханы үг дотор амьдарч, цаг ямагт ялган таньж чаддаг. Бурханы үг чадварлагаар залж чиглүүлдэг; санамсаргүй байхад л дотор нуугдсан зүйлс ээлж дараалан ил гарна. Бурхантай нөхөрлөх нөхөрлөлд алгуурлахыг тэвчдэггүй юм; Бодол, санаануудыг маань Бурхан ил болгодог. Хором бүрд бид өөрсдийнхөө шүүлтэд ордог газар болох Христийн суудлын өмнө амьдарч байна. Бидний бие доторх хэсэг бүрийг Сатан эзэмдсэн хэвээр байдаг. Өнөөдөр, Бурханы дээд эрхийг сэргээхийн тулд Түүний сүмийг цэвэрлэх ёстой. Бурханаар бүрэн эзэмдүүлэхийн тулд бид үхэх сэхэхээ үзэн тэмцэх ёстой. Хуучны бид цовдлогдсон цагт л дахин амилсан Христийн амь мандан бадрах болно.
Одоо, Ариун Сүнс бидний сэргэлтийн төлөө тулаан хийхийн тулд булан тохой бүр лүү маань довтлон дайрдаг! Бид өөрсдийгөө үгүйсгэхэд бэлэн байж, Бурхантай хамтран ажиллахыг хүсэж байгаа цагт Бурхан биднийг дотроос маань үргэлж гэрэлтүүлэн ариусгаж, Сатаны эзэмшсэнийг шинээр сэргээх нь гарцаагүй, ингэснээр Бурхан биднийг аль болох хурдан бүрэн төгс болгож болох юм. Цагаа бүү үр, хором бүрд Бурханы үг дотор амьдар. Ариун хүмүүсийн хамт өсөн хөгжиж, хаанчлалд хүргэгдэж, Бурхантай хамт алдар луу ор.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 1-р бүлэг
166. Филадельфийн чуулган хэлбэрээ олсон нь бүхэлдээ Бурханы нигүүлсэл, өршөөлийн ач юм. Үй олон ариун хүмүүсийн зүрх сэтгэлд Бурханыг гэх хайр бий болж, тэд сүнслэг замаараа гуйвж дайвалгүй алхдаг. Цор ганц жинхэнэ Бурхан махбод болсон бөгөөд Тэр бол бүх зүйлийг захирдаг орчлон ертөнцийн Тэргүүн гэсэн итгэлээ тэд бат баримталдаг: Үүнийг Ариун Сүнс баталгаажуулсан бөгөөд энэ нь уулс мэт хөдөлшгүй үнэн юм! Мөн энэ нь хэзээ ч өөрчлөгдөхгүй!
Өө, Төгс Хүчит Бурхан минь! Өнөөдөр Та бидний сүнслэг нүдийг нээж, сохор нь харж, доголон нь алхаж, уяман өвчтөн нь эдгэх боломж олгосон. Та тэнгэрийн цонхыг нээж, бидэнд сүнсний ертөнцийн нууцуудыг ойлгох боломжийг олгосон. Бидэнд Таны ариун үгс шингэж, Сатаны завхруулсан хүн чанараас биднийг аварсан—энэ бол Таны хэмжээлшгүй агуу ажил, Таны хэмжээлшгүй их өршөөл билээ. Бид бол Таныг гэрчлэгч!
Та удаан хугацаанд даруухнаар, чимээгүйхнээр нуугдмал байж ирсэн. Та ахин амилалт, цовдлолын зовлон, хүний амьдралын баяр хөөр, уй гашууг, хавчлага, бэрхшээлийг үзсэн; Та хүний ертөнцийн зовлон шаналлыг туулж, амссан, бас Та эрин үед хаягдсан. Бие махбодтой болсон Бурхан бол Бурхан Өөрөө юм. Бурханы хүслийн төлөө Та биднийг овоолсон өтөг бууцнаас аварч, баруун гараараа биднийг өргөн, нигүүлслээ бидэнд үнэгүй өгсөн. Зовлон шаналлыг үл хайхран, Өөрийн амийг бидэнд оруулсан; цус, хөлс, нулимсаараа Таны төлсөн төлөөс ариун хүмүүс дээр биеллээ олсон. Бид бол Таны уйгагүй хүч чармайлтын үр дүн;а бид бол Таны төлсөн төлөөс.
Өө, Төгс Хүчит Бурхан минь! Таны хайр болон өршөөл, Таны зөвт байдал болон сүр жавхлан, Таны ариун агаад даруу байдлаас үүдэн бүх хүн Таны өмнө сөгдөж, үүрд мөнхөд Таныг шүтэн мөргөнө.
Өнөөдөр Та бүх чуулганыг—Филадельфийн чуулганыг—бүрэн төгс болгож, өөрийн 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөөгөө хэрэгжүүлсэн. Ариун хүмүүс сүнсээрээ холбогдон, хайраар дагалдаж, булгийн эхтэй нэгдэн Таны өмнө даруухнаар захирагдаж чадна. Амийн амьд ус зогсолтгүй урсаж, чуулган дахь бүхий л шавар шавхай, бохир усыг угааж, цэвэрлэн, Таны сүмийг дахин нэгэнтээ ариусгаж байна. Бид бодитой жинхэнэ Бурханыг мэдэж авч, Түүний үгсийн дагуу алхаж, өөрсдийн үүрэг, хариуцлагыг танин мэдэж, чуулганы төлөө өөрсдийгөө зарлагадахын тулд чадах бүхнээ хийсэн. Таны хүслийг саатуулахгүйн тулд бид хором бүрд Таны өмнө тайван байж, Ариун Сүнсний ажлыг анхаарах ёстой. Ариун хүмүүс харилцан бие биеэ хайрладаг бөгөөд заримынх нь давуу тал бусдынхаа алдаа дутагдлыг нөхнө. Тэд цаг ямагт сүнс дотор алхаж, Ариун Сүнсээр гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдэж чаддаг. Тэд үнэнийг ойлгосон даруйдаа хэрэгжүүлдэг. Тэд шинэ гэрэлтэй хөл нийлүүлж, Бурханы мөрийг дагадаг.
Бурхантай идэвхтэй хамтран ажилла; Түүнд хяналтыг өгнө гэдэг нь Түүнтэй хамт алхаж буй явдал юм. Бидний бүх санаа, үзэл, бодол, энэ ертөнцийн ээдрээ агаарт утаа мэт замхардаг. Бид Бурханыг сүнсэндээ хаанчлуулж, Түүнтэй хамт алхаж, тэгсэнээрээ ангид оршиж, дэлхий ертөнцийг ялан дийлэх бөгөөд бидний сүнс чөлөөтэй нисэж, чөлөөлөлтөд хүрдэг: Энэ нь Төгс Хүчит Бурхан Хаан болох үеийн үр дүн юм. Бид бүжиглэж, магтан дуулж, магтаалаа өргөж, шинэ дуугаа өргөхгүй байж яаж чадах билээ?
Бурханыг магтах үнэхээр олон зам бий: Түүний нэрийг дуудах, Түүнд ойртох, Түүнийг бодох, залбиран-унших, нөхөрлөх, бодож бясалгах, тунгаах, залбирал болон магтаалын дуу. Эдгээр магтаалын төрөлд таашаал ч бий, тослолт ч бий; магтаалд хүч байдаг, бас ачаа ч байдаг. Магтаалд итгэл байдаг, шинэ ойлголт ч байдаг.
Бурхантай идэвхтэй хамтран ажилла, уялдаатай үйлчилж, нэгд, Төгс Хүчит Бурханы санаа зорилгыг биелүүл, ариун сүнслэг бие болохоор яаравчил, Сатаныг гишгэл, Сатаны хувь заяаг төгсгөл болго. Филадельфийн чуулган Бурханы өмнө өргөгдсөн бөгөөд Бурханы алдраар тунхаглагддаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 2-р бүлэг
167. Ялгуусан Хаан алдар суут сэнтийдээ заларна. Тэрээр золин авралыг гүйцэлдүүлж, Өөрийн бүх ардыг алдар суутайгаар гарч ирэхэд удирдан хөтөлсөн юм. Тэрээр орчлон ертөнцийг гартаа атгаж, ариун мэргэн ухаан болон сүр хүчээрээ Cионыг барьж, бэхжүүлсэн. Сүр жавхлангаараа Тэр нүгэлт ертөнцийг шүүдэг; Тэрээр бүх үндэстэн, бүх ард түмэн, газар дэлхий, тэнгис далай хийгээд тэдгээрт буй бүхий л амьд зүйлийг, мөн түүнчлэн садар самууны дарсанд согтогсдыг шүүдэг. Бурхан тэднийг гарцаагүй шүүж, тэдэнд уурсах нь дамжиггүй бөгөөд үүгээр эгшин зуур, сааталгүйгээр шүүлтээ явуулдаг Бурханы сүр жавхлан илчлэгдэнэ. Бурханы уур хилэнгийн гал тэдний жигшүүрт гэмт хэргийг шатааж, хэзээ мөдгүй тэдэнд гай гамшиг тохиолдоно; тэд зугтан зайлах ямар ч арга зам мэдэхгүй, нуугдах ямар ч газаргүй байх ба уйлж, шүдээ хавирна, тэгээд өөрсдөдөө сүйрэл авчирна.
Бурханы ялгуусан хайрт хөвгүүд Сионд үлдэх нь эргэлзээгүй бөгөөд тэндээс хэзээ ч явахгүй. Асар олон ард түмэн Түүний дуу хоолойг анхааран сонсож, үйлдлийг нь нухацтай анхаарах бөгөөд тэдний магтаалын дуу хэзээ ч зогсохгүй. Цорын ганц жинхэнэ Бурхан гарч ирлээ! Бид Түүнд сүнсээрээ итгэлтэй болох бөгөөд Түүнийг ойрхон дагана; хамаг чадлаараа урагш давшиж, дахиж эргэлзэхээ болино. Дэлхийн төгсгөл бидний өмнө дэлгэгдэж байна; чуулганы зөв зохистой амьдрал болон биднийг хүрээлэн буй хүмүүс, юмс, хэрэг явдал одоо ч гэсэн бидний сургуулилалтыг эрчимжүүлж байна. Дэлхий ертөнцийг ихэд хайрладаг зүрх сэтгэлээ буцаан авахаар яаравчилцгаая! Тун их муудсан хараагаа буцаан сайжруулахаар яаравчилцгаая! Хэрээс хэтрэхгүйн тулд хөлөө хорьё. Амаа хамхицгаая, ингэснээр бид Бурханы үгээр амьдарч, өөрсдийн ашиг, алдагдлын төлөө арцалдахаа больж магадгүй юм. Аяа, дэлхий ертөнц болон эд хөрөнгөд шунан дурладгаа зогсоо! Аяа, нөхөр, охид, хөвгүүдтэйгээ зууралдан хоргодохоос өөрсдийгөө чөлөөл! Аяа, өөрсдийн үзэл санаа, атгаг сэжгээс татгалз! Аяа, сэрцгээ; цаг бага байна! Сүнсээрээ дээш хар, дээш хар, Бурханаар удирдуул. Юу тохиолдовч Лотын эхнэр шиг болж болохгүй. Хөсөр хаягдана гэдэг хэчнээн өрөвдөлтэй вэ! Ямар өрөвдөлтэй гээч! Аяа, сэрцгээ!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 3-р бүлэг
168. Уулс, гол мөрөн өөрчлөгдөж, ус голдрилоороо урсдаг ба хүний амь газар, тэнгэр шиг удаан оршдоггүй. Зөвхөн Төгс Хүчит Бурхан л үеийн үед үүрд амьдардаг мөнхийн бөгөөд амилсан амь билээ! Бүх зүйл, бүх үйл явдал Түүний гарт байдаг ба Сатан Түүний хөл дор байдаг.
Бурханы урьдчилан тогтоосон сонголтоор өнөөдөр Тэр биднийг Сатаны атганаас аварч байна. Тэр бол үнэхээр бидний Золин Аврагч юм. Биднийг Бурханы амьтай холбохоор зорьж, Христийн мөнхийн, амилсан амийг үнэндээ бидний дотор урлан хийсээр ирсэн нь бид үнэндээ Түүнтэй нүүр учран, Түүнийг идэж, Түүнийг ууж, Түүнийг эдэлж чадаж болох юм. Энэ бол Бурхан зүрхнийхээ цусаар төлж, амь бие үл хайрлан хийсэн тахил билээ.
Улирлууд салхи, жавар дамжин өнгөрч, амьдралын асар их шаналал, хавчлага, зовлон, дэлхий ертөнцийн асар их үгүйсгэл, гүжирдлэг, засгийн газрын асар их гүтгэлэгтэй нүүр тулан ирж, одовч Бурханы итгэл ч, Түүний шийдэмгий зан ч огт багасдаггүй. Бурханы хүсэл, Бурханы удирдлага болон төлөвлөгөөг гүйцэлдүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ биеэ зориулсан Тэр Өөрийн амийг зөнд нь орхидог. Өөрийн бүх үй олон ардын төлөө Тэр биеэ үл хайрлаж, тэднийг болгоомжтой тэжээж, усалдаг. Бид хэчнээн мунхаг, хэчнээн хэцүү байдаг маань хамаагүй, бид зөвхөн Түүний өмнө дуулгавартай байх ёстой ба Христийн амилсан амь бидний хуучин уг чанарыг өөрчилнө… Энэ ууган хөвгүүдийнхээ төлөө Тэр цуцалтгүй хөдөлмөрлөж, нойр хоолоо умартдаг. Хэчнээн олон өдөр, шөнө, хэчнээн шатам халуун, тэсгим хүйтэнд Тэр Сионоос бүх чин сэтгэлээсээ харуулддаг гээч.
Дэлхий ертөнц, гэр орон, ажил болон бүхнийг баяртайгаар, сайн дураараа умартсан, хорвоогийн зугаа цэнгэл Түүнд огт хамаагүй… Түүний амнаас гарсан үг биднийг цохиж, зүрх сэтгэлийн маань гүнд нуугдсан зүйлсийг ил болгодог. Бид үнэмшихгүй байж хэрхэн чадах юм бэ? Түүний амнаас гарсан өгүүлбэр бүр бидний дотор хэдийд ч биелж болно. Түүний нүдэн дээр, эсвэл Түүний нүднээс далд бид юу хийвч Түүнд мэддэггүй, хардаггүй юу ч үгүй, ойлгодоггүй юм Түүнд үгүй. Үнэн хэрэгтээ бидний төлөвлөгөө, зохицуулалтыг эс харгалзан бүгд Түүний өмнө ил гарах болно.
Түүний өмнө суугаад сэтгэлдээ баяр хөөр мэдрэн амгалан тайван байх атал үргэлж хоосон санагдаж, Бурханд үнэхээр өртэйгээ мэдэрдэг: Энэ бол төсөөлшгүй, хүрэх боломжгүй гайхамшиг билээ. Төгс Хүчит Бурхан бол ганц жинхэнэ Бурхан гэдгийг батлахад Ариун Сүнс хангалттай! Энэ бол баараггүй нотолгоо! Энэ бүлгийн бид өгүүлшгүй их ерөөгдсөн! Бурханы нигүүлсэл болон өршөөл байгаагүй бол бид мөхөж, Сатаныг л дагах байсан. Төгс Хүчит Бурхан л биднийг аварч чадна!
Ай! Бодитой Бурхан, Төгс Хүчит Бурхан минь! Бидний сүнслэг нүдийг нээж, сүнсний ертөнцийн нууцуудыг олж харах боломжийг Та олгосон билээ. Хаанчлалын төлөв хязгааргүй. Хүлээхдээ сонор сэрэмжтэй байя. Тэр өдөр тийм ч хол байж болохгүй.
Дайны гал бургиж, үхэр бууны утаа баагьж, цаг агаар дулаарч, уур амьсгал өөрчлөгдөж, тахал тархах бөгөөд хүмүүс амьд үлдэх горьдлогогүй, үхэхээс л аргагүй болно.
Ай! Бодитой Бурхан, Төгс Хүчит Бурхан минь! Та бол бидний дархан цамхаг. Та бол бидний хоргодох газар. Бид Таны жигүүр дор бөөгнөх ба гай гамшиг бидэнд хүрч чадахгүй. Энэ нь Таны бурханлаг хамгаалалт, халамж билээ.
Бид бүгд дуугаа чангалан дуулна: бид магтан дуулж, бидний магтаалын чимээ Сион даяар цуурайтна! Бодитой Бурхан, Төгс Хүчит Бурхан бидэнд алдар суут хүрэх газрыг бэлдчихсэн. Сэрэмжтэй бай, ай, соргог бай! Хараахан хожигдоогүй байна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 5-р бүлэг
169. Төгс Хүчит Бурхан—хаанчлалын Хаан гэрчлэгдсэнээс хойш Бурханы удирдлагын цар хүрээ бүх орчлон ертөнц даяар бүрэн дэлгэрчээ. Бурханы илрэлт Хятадад гэрчлэгдээд зогсохгүй, Төгс Хүчит Бурханы нэр бүх улс үндэстэн, бүх газар нутагт гэрчлэгдсэн юм. Тэд бүгд энэ ариун нэрийг дуудаж, боломжтой бүх аргаар Бурхантай нөхөрлөхийг эрмэлзэж, Төгс Хүчит Бурханы хүслийг ухаарч, чуулган дотор уялдаа холбоотой үйлчилж байна. Ариун Сүнс ийм гайхалтайгаар ажилладаг.
Янз бүрийн улс үндэстний хэл нэг нэгээсээ ялгаатай байдаг боловч цорын ганц Сүнс бий. Энэ Сүнс орчлон ертөнц даяарх чуулгануудыг нэгтгэдэг бөгөөд өчүүхэн ч ялгаагүйгээр Бурхантай туйлын нэг юм, энэ бол эргэлзэх аргагүй зүйл билээ. Ариун Сүнс одоо тэднийг дуудаж байгаа бөгөөд Түүний дуу хоолой тэднийг сэрээж байна. Энэ бол Бурханы өршөөлийн дуу хоолой юм. Тэд бүгд Төгс Хүчит Бурханы ариун нэрийг дуудаж байна! Тэд бас магтаал өргөж, дуулдаг. Ариун Сүнсний ажилд ямар нэг гажуудал огтхон ч байх боломжгүй бөгөөд энэ хүмүүс зөв замын дагуу урагшлахын тулд шаардлагатай бүхнийг хийдэг, тэд эргэж буцдаггүй ба гайхамшгууд нь ар араасаа овоордог. Энэ бол хүмүүс төсөөлөхөд хэцүү, таамаглах боломжгүй зүйл юм.
Төгс Хүчит Бурхан бол орчлон ертөнц дэх амийн Хаан билээ! Тэрээр алдар суут сэнтийд заларч, дэлхийг шүүж, бүгдийг ноёлж, бүх улс үндэстнийг захирдаг. Бүх хүн Түүнд өвдөг сөгдөж, Түүнд залбирч, Түүнд ойртож, Түүнтэй ярилцдаг. Чи Бурханд хэчнээн удаан итгэсэн ч бай, байр суурь чинь хэчнээн өндөр ч бай, зэрэг зиндаа чинь хэчнээн дээгүүр ч бай, зүрх сэтгэлдээ Бурхантай сөргөлдөх юм бол шүүгдэх ёстой бөгөөд Түүний өмнө нүүрээрээ газар унан мөргөж, шаналалтайгаар гуйх чимээ гаргах ёстой; энэ нь үнэндээ өөрийнхөө үйлдлийн үр жимсийг хурааж байгаа хэрэг юм. Энэхүү уйлах дуу чимээ бол гал ба хүхэрт нуурт тарчилж буй дуу бөгөөд Бурханы төмөр саваагаар гэсгээгдэж буй хашхираан мөн; энэ нь Христийн суудлын өмнөх шүүлт билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 8-р бүлэг
170. Төгс Хүчит Бурхан! Түүний алдар суут бие ил тод үзэгдэж, ариун сүнслэг бие гарч ирсэн, Тэр бол бүрэн төгс Бурхан Өөрөө мөн! Дэлхий ертөнц, бие махбод хоёулаа өөрчлөгдсөн бөгөөд уулан дээрх Түүний хувирал бол Бурханы үнэн бие билээ. Тэр толгойдоо алтан титэм зүүдэг, хувцас нь цав цагаан, цээжээрээ алтан бүстэй ба дэлхий ертөнц болон бүх зүйл Түүний хөлийн гишгүүр юм. Түүний нүд галын дөл адил, хоёр талдаа иртэй хурц илд аманд нь байдаг бөгөөд баруун гарт нь долоон од байдаг. Хаанчлалд хүрэх зам хязгааргүй гэгээлэг, Түүний алдар мандан гэрэлтэнэ; уулс баяр хөөртэй байж, ус инээн баясаж, нар сар, од эрхэс бүгд зохих зүй тогтлоороо эргэлдэж, ялгуусан эргэн ирэлтээрээ зургаан мянган жилийн удирдлагын төлөвлөгөө гүйцэлдсэнийг зарладаг цор ганц, жинхэнэ Бурханыг угтан авна. Бүгд баяр хөөртэйгөөр дэвхрэн бүжнэ! Хөөрөн баясацгаа! Төгс хүчит Бурхан алдар суут сэнтийдээ заларсан! Дуулцгаа! Төгс Xүчитийн ялгуусан туг далбаа сүр жавхлант, гайхамшигт Сион уулан дээр өндөрт мандлаа! Бүх үндэстэн уухайлж, бүх хүн дуулж, Сион уул баяр хөөртэйгөөр инээж байна, Бурханы алдар манджээ! Би зүүдэндээ ч Бурханы царайг харна гэж огт бодож байгаагүй, гэлээ ч өнөөдөр үүнийг харлаа. Би Түүнтэй өдөр бүр нүүр нүүрээ харан уулзаж, Түүнд зүрх сэтгэлээ нээдэг. Тэр идэж, уудаг бүхнээр харамгүй хангадаг. Амьдрал, үг, үйлдэл, бодол, санаа гээд бүгдийг Түүний алдар суут гэрэл гэрэлтүүлдэг. Тэр замын алхам бүрд хөтөлдөг, аливаа тэрслүү зүрх сэтгэл дээр шүүлт нь нэн даруй буудаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 15-р бүлэг
171. Хүний Хүү гэрчлэгдэж, Бурхан Өөрөө ил тод илчлэгдлээ. Бурханы алдар гарч ирэн, аагим халуун нар мэт хурцаар гэрэлтжээ! Бурханы алдар суут нүүр царай нүд гялбам туяарна; хэний нүд Түүн рүү эсэргүүцэн харж зүрхлэх билээ? Эсэргүүцэл нь үхэл рүү хөтөлдөг! Чи зүрх сэтгэлдээ юу ч гэж бодсон, ямар ч үг хэлсэн, эсвэл юу ч хийсэн бай, өчүүхэн төдий ч өршөөл гэж үгүй. Миний шүүлтээс өөр олж авсан зүйлгүй гэдгийгээ та нар бүгд ойлгож, харах болно! Та нар Миний үгийг идэж, уух гэж хичээдэггүй хэр нь Миний бүтээн байгуулалтыг дур зоргоороо тасалдуулж, устгаж байхад Би тэвчээд өнгөрүүлж чадна гэж үү? Би тиймэрхүү хүнд зөөлөн хандахгүй! Зан авир чинь бүр ноцтой доройтвол чи галын дөлд залгиулна! Төгс хүчит Бурхан толгойноосоо өлмий хүртлээ мах, цусны өчүүхэн ч хэсэггүй сүнслэг биед биеллээ олдог. Тэрээр орчлон ертөнцөөс хэтийдэж, гуравдагч тэнгэрт алдар суут сэнтийдээ залран, бүх зүйлийг захирдаг! Орчлон ертөнц болон бүх зүйл Миний гарт бий. Би үг хэлбэл тэр нь биеллээ олно. Би тушаавал тэр ёсоор болно. Сатан Миний хөл дор, ёроолгүй нүхэнд байдаг! Миний дуу гарахад тэнгэр газар өнгөрөн одож, оргүй хоосон болно! Бүх зүйл шинэчлэгдэнэ, энэ бол туйлын зөв, хувиршгүй үнэн. Би дэлхийг бас бүх муу хүнийг ялан дийлсэн. Би энд суугаад та нартай ярьж байна; чихтэй бүхэн сонсогтун, амьтай бүхэн хүлээн авагтун.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 15-р бүлэг
172. Төгс Хүчит жинхэнэ Бурхан, сэнтийд заларсан Хаан хамаг орчлонг захирч, бүх үндэстэн, бүх хүнтэй нүүр тулдаг бөгөөд тэнгэрийн доорх бүх зүйл Бурханы алдраар гэрэлтдэг. Орчлон ертөнц дээрх болон газар дэлхийн зах хязгаар хүртэлх бүх амьд зүйл харах болно. Уулс, гол, нуур, хуурай газар, далай тэнгис, бүх амьд зүйл жинхэнэ Бурханы нүүр царайн гэрэлд хөшгөө нээж, зүүднээс сэрэх мэт, үр нахиа хөрсийг нэвтлэн гарах мэт сэргэсэн байна.
Аяа! Цорын ганц жинхэнэ Бурхан дэлхий ертөнцийн өмнө гарч ирлээ. Түүнд хэн эсэргүүцлээр хандаж зүрхлэх вэ? Бүгд айн дагждаг. Бүгд бүрэн үнэмшиж, бүгд олонтоо уучлал гуйж, Түүний өмнө бүгд өвдөг сөхөрч, амтай бүхэн Түүнийг шүтэн мөргөдөг! Эх газар, далай, уулс, гол, бүх зүйл Түүнийг эцэс төгсгөлгүй магтдаг! Хавар цаг ирж, урьхан салхи үлээн, хаврын шиврээ бороог авчирна. Горхины урсгал хүн бүрийн адил уй гашуу, баяр хөөрөөр долгилж, өртэй байдлын, бас өөрийгөө зэмлэх сэтгэлийн нулимс унагана. Гол мөрөн, нуур, давлагаа, долгио бүгд дуулж, жинхэнэ Бурханы ариун нэрийг магтана! Магтаал нь үнэхээр тод цуурайтна! Нэгэн цагт Сатаны ялзруулсан хуучин зүйл бүгд нэг бүрчлэн шинэчлэгдэж, өөрчлөгдөж, цоо шинэ ертөнц рүү орно…
Энэ бол ариун бүрээний дуу, одоо сонсогдож эхэллээ! Чих тавигтун. Чихэнд чимэгтэй энэ дуу чимээ бол сэнтийн айлдвар бөгөөд үндэстэн, ард түмэн бүрд цаг ирснийг, эцсийн төгсгөл ирснийг тунхаглаж байна. Миний удирдлагын төлөвлөгөө дууссан. Миний хаанчлал газар дээр ил гарч ирсэн. Газрын хаанчлалууд Бурхан Миний хаанчлал боллоо. Миний долоон бүрээ сэнтийгээс дуугарч байна, үнэхээр гайхамшигт зүйлс тохиох болно! Газрын зах хязгаар бүрээс хүмүүс цасан нуранги мэт хүч түрж, аянга цахилгаан мэт эрчлэн зүг бүрээс хурдалцгаана. Зарим нь далайг гаталж, зарим нь онгоцоор нисэж, зарим нь бүхий л хэлбэр хэмжээтэй хөлөгт сууж, зарим нь морь унан ирж байна. Сайн хар даа. Анхааралтай сонс доо. Сэтгэл нь хөөрсөн, хүчирхэг, сүрдэм, зүс зүсний морьд унасан энэ морьтнууд тулааны талбараа эзэлж байгаа мэт үхлийг ч үл хайхарна. Жинхэнэ Бурханы төлөө хашхирах хүмүүсийн дуун, янцгаах морьдын төвөргөөн дунд үй олон эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүд даруй гишгэчүүлэх болно. Зарим нь үхэж, зарим нь эцсийн амьсгалтайгаа үлдэж, зарим нь эрэмдэг зэрэмдэг болоод санаа тавих хүнгүй, бачимдан хашхирч, өвдсөндөө орь дуу тавина. Тэрслүү хөвгүүд! Та нарын эцсийн төгсгөл энэ биш гэж үү?
Миний дуу хоолойг сонсож, бүх үндэстэн, газар бүрээс цугласан Өөрийн ардыг хараад Би баярлана. Бүх хүн жинхэнэ Бурханы тухай байнга ярин, баярласандаа зогсолтгүй магтаж, дэвхэрнэ! Тэд дэлхий дээр гэрчлэл өргөдөг бөгөөд жинхэнэ Бурханыг гэрчлэх тэдний дуу яг л их усны нүргэлэх чимээ адил билээ. Бүх хүн Миний хаанчлал руу шавна.
Миний долоон бүрээ дуугаран үүргэлж буй хүмүүсийг сэрээдэг! Хурдан бос, хэт оройтоогүй байна. Өөрийн амийг хар! Нүдээ нээгээд одоо ямар цаг болохыг хар. Эрж хайх юу байна? Бодох юм юу байна? Зуурах юм юу байна? Миний амийг олж авах болон өөрийн хайрладаг, зууралддаг юм бүхнээ олж авах хоёрын үнэ цэний ялгааг чи хэзээ ч бодож үзээгүй юм гэж үү? Дур зоргоороо байхаа боль, наадан тоглохоо ч боль. Энэ боломжийг бүү алд. Энэ цаг дахин ирэхгүй! Шууд босоод сүнсээ дасгалжуулж, Сатаны алив явуулга, арга залийг нэвт харж, саад хийхийн тулд янз бүрийн арга хэрэгсэл ашиглаж, Сатаныг ялан дийл, тэгснээр чиний амийн туршлага гүнзгийрч, Миний зан чанарыг амьдран харуулаад, амиа төлөвшүүлэн, хатуужуулж, Миний мөрийг үргэлж дагах болно. Бүү шантар, сул дорой бүү бай, замын шууд төгсгөл хүртэл алхам алхмаар, үргэлж урагшил!
Долоон бүрээ дахин дуугарах үед, энэ нь тэрслүү хөвгүүд, бүх үндэстэн болон ард түмнийг шүүлт рүү дуудсан дуудлага байх ба үндэстэн бүр Бурханы өмнө бууж өгнө. Бурхан алдар суут төрхөөрөө бүх үндэстэн, бүх ард түмний өмнө гарцаагүй гарч ирнэ. Хүн бүр бүрэн үнэмшиж, жинхэнэ Бурханыг тасралтгүй дуудан хашхирна. Төгс хүчит Бурхан илүү алдар суутай болж, Миний хөвгүүд Надтай хамт алдрыг хуваалцаж, хааны цол хэргэмийг хуваалцаж, бүх үндэстэн, бүх ард түмнийг шүүж, мууг шийтгэн, Надад харьяалагддаг хүмүүсийг аварч, өршөөн, хаанчлалыг бат бөх, тогтвортой болгоно. Долоон бүрээний дуугаар асар олон хүн аврагдан, өвдөг сөгдөж, Намайг тасралтгүй магтан шүтэн мөргөхөөр Миний өмнө буцан ирнэ!
Долоон бүрээ дахин нэгэнтээ дуугарах үед, энэ нь эрин үеийн төгсгөл хэсэг, диавол Сатаныг ялсан ялалтын бүрээн дуу, газар дээрх хаанчлалын ил тод амьдралыг эхлүүлэх ёслолын буудлага байх болно! Маш сүрлэг энэ дуу, сэнтийн эргэн тойронд цуурайтах энэ дуу, тэнгэр газрыг доргиох энэ бүрээн дуу бол Миний удирдлагын төлөвлөгөөний ялалтын тэмдэг буюу Сатаны шүүлт бөгөөд энэ дуу энэхүү хуучин ертөнцийг бүхэлд нь үхэл рүү, ёроолгүй нүх рүү ялладаг! Энэхүү бүрээн дуу нь нигүүлслийн хаалга хаагдаж, зөв, зүйтэй хаанчлалын амьдрал газар дээр эхлэхийг илтгэдэг юм. Бурхан Өөрийг нь хайрладаг хүмүүсийг авардаг. Тэд Түүний хаанчлал руу буцмагц газар дээрх хүмүүст өлсгөлөн, тахал нүүрлэж, Бурханы долоон аяга буюу долоон гамшиг ар араасаа тохионо. Тэнгэр газар өнгөрөн одовч Миний үгс өнгөрөн одохгүй!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 36-р бүлэг
173. Аянга зүүн зүгээс цахих үе нь бас Би үгээ айлдаж эхлэх яг тэр мөч бөгөөд—аянга цахих үед бүхий л орчлон ертөнц гэрэлтэж, бүх од хувирдаг. Бүх хүн төрөлхтөн ангилагдсан мэт байдаг. Зүүн зүгийн гэрлийн энэхүү цацрагийн туяан дор бүх хүн төрөлхтний анхдагч төрх илчлэгдэж, нүд нь гялбаж, яахаа мэддэггүй бөгөөд үзэшгүй муухай төрхөө яаж нуухаа бүр ч мэддэггүй. Тэд бас Миний гэрлээс зугтан уулын агуй руу дүрвэж байгаа амьтадтай адил байдаг—гэхдээ тэдний дундаас хэн нь ч Миний гэрэл дотроос арчигдан арилж чадахгүй. Бүх хүн гайхаж, бүгд хүлээсээр, бүгд харсаар байгаа; Миний гэрэл ирснээр бүгд өөрсдийн төрсөн өдөрт баярлахын сацуу өөрсдийн төрсөн өдрийг хараадаг. Зөрчилдөөнтэй сэтгэл хөдлөлийг тодорхой илэрхийлэх боломжгүй; өөрийгөө зэмлэсэн нулимс нь гол горхи үүсгэн, хүчтэй ширүүн урсгалд урсаж, нүд ирмэх төдийд ул мөргүй арилна. Миний өдөр дахин нэг удаа хүн төрөлхтөнд ойртож ирэн, хүн төрөлхтнийг дахин нэгэнтээ сэрээж, хүн төрөлхтөнд шинээр эхлэх цэгийг өглөө. Миний зүрх цохилж, Миний зүрхний цохилтыг дагаад уулс баяртайгаар дэвхэрч, ус баярлан бүжиж, давлагаа хадан цохио мөргөнө. Миний зүрх сэтгэлд юу байгааг илэрхийлэхэд хэцүү. Би бүх бохир зүйлийг Өөрийн харцны дор үнс нурам болтол шатаахыг хүсдэг; бүх дуулгаваргүй хөвгүүдийг дахин хэзээ ч оршин тогтнуулалгүй, нүднийхээ өмнөөс арилгахыг хүсдэг. Би агуу улаан лууны аж төрдөг газарт шинэ эхлэлийг бий болгоод зогсоогүй, мөн орчлон ертөнц дээр шинэ ажил эхлүүлсэн. Удалгүй дэлхийн хаанчлалууд Миний хаанчлал болно; удалгүй Миний хаанчлалаас болж, мөн Би аль хэдийн ялалтад хүрч, ялгууснаар эргэн ирснээс болж газар дээрх хаанчлалууд оршин тогтнохоо үүрд болино. Агуу улаан луу Миний төлөвлөгөөг тасалдуулахын тулд боломжтой бүр аргыг барж, газар дээрх Миний ажлыг үгүй болгохоор найдсан, гэхдээ түүний зальжин арга мэхнээс болж Миний зориг мохож болох уу? Би түүний заналхийллээс сүрдээд итгэл найдвараа алдаж болох уу? Миний гарт байдаггүй ганц ч зүйл тэнгэрт ч, газарт ч хэзээ ч байгаагүй; товойлгогч болж Надад үйлчилдэг энэ хэрэгсэл буюу агуу улаан лууны хувьд бүр ч тийм байдаг бус уу? Тэр ч гэсэн Миний гараар жолоодуулдаг зүйл биш гэж үү?
Намайг хүний ертөнцөд бие махбодтой болсон үед хүн төрөлхтөн Миний удирдамж дор өөрийн мэдэлгүй өдий хүрч, өөрийн мэдэлгүй Намайг мэдэж авсан. Гэвч өмнө нь буй замаар яг хэрхэн алхах талаар хэн ч таамагладаггүй, хэн ч мэддэггүй—тэрхүү зам өөрсдийг нь хааш аваачихыг мэдэх хүн бүр ч байдаггүй. Зөвхөн Төгс Хүчит харж хандвал л хүн замын төгсгөл хүртэл явж чадна; зүүн зүг дэх аянгаар замчлуулснаар л хүн Миний хаанчлалын хаалгаар алхан орж чадна. Хүмүүсийн дунд Миний царайг харсан хүн, зүүн зүгийн аянгыг харсан хүн хэзээ ч байгаагүй; тэгвэл Миний сэнтийгээс гарч буй айлдварыг сонссон хүн хэчнээн цөөхөн байх билээ? Үнэндээ, эрт дээр үеэс хойш нэг ч хүн Миний үнэн биетэй шууд харилцаагүй; өнөөдөр л дэлхий дээр ирсэн үед минь хүмүүс Намайг харах боломжтой болсон. Гэхдээ одоо ч гэсэн хүмүүс Намайг мэдэхгүй хэвээр байна, тэд юу гэж байгааг минь ойлголгүйгээр зүгээр л Миний царайг харж, Миний дуу хоолойг сонсдог. Бүх хүн ийм байдаг. Миний ардуудын нэг болохоор та нар Миний царайг харахдаа гүн гүнзгий бахархлыг мэдэрдэг бус уу? Та нар Намайг мэддэггүй учраас адгийн ичгүүрийг мэдэрдэг бус уу? Би хүмүүсийн дунд алхаж, хүмүүсийн дунд амьдардаг, учир нь Би махбод болж, хүний ертөнцөд ирсэн билээ. Миний зорилго бол хүмүүст Өөрийн махан биеийг харуулах төдийхөн биш; үүнээс ч чухал нь Өөрийгөө мэдүүлэх явдал юм. Түүнчлэн, Би Өөрийн махбод болсон биеэр дамжуулан хүнийг нүглийнх нь төлөө яллана; Өөрийн махбод болсон биеэр дамжуулан Би агуу улаан лууг ялж, ичээг нь бүрмөсөн устгана.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 12-р бүлэг
174. Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унана. Би тэнгэр дэх тоймгүй олон одыг авч шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр урьдынх шигээ байхаа больж, газар дээрх тоо томшгүй олон зүйл шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн төгс болно. Орчлон ертөнц дэх олон улс үндэстэн шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ийнхүү газар дээрх улс орнууд үүрд үгүй болж, бүгдээрээ Надад шүтэн мөргөдөг хаанчлал болно; газар дээрх бүх улс орон сөнөж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана. Өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь үнсэн товрог болно. Олон ард түмнийг гэсгээх үед минь шашны ертөнц дэх хүмүүс цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх тул Миний ажлаар байлдан дагуулагдаж, өөр өөр түвшинд Миний хаанчлалд эргэн ирнэ. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон гэсгээлтийг хүртэнэ. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; харин газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр оршсоор байна. Би тоо томшгүй олон хүн, тоймгүй олон улс үндэстэнд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойгоор үг хэлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүн төрөлхтөн үүнийг нүдээрээ харна.
Дуу хоолой минь эрчимжихэд Би орчлон ертөнцийн байр байдлыг ч бас ажигладаг. Тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл бүгд Миний үгээр шинэчлэгддэг. Тэнгэр өөрчлөгдөж, газар ч бас өөрчлөгддөг. Хүмүүсийн анхдагч төрх ил болж, аажмаар хүн бүр төрлийнхөө дагуу ангилагдаж, өөрийн мэдэлгүй гэр бүлийнхнийхээ тэвэрт буцан очих замаа олно. Үүнийг Би ихэд таална. Би саад тотгороос ангид бөгөөд нэг л мэдэхэд Миний агуу ажил гүйцэлдэж, тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл бүгд өөрчлөгддөг. Би дэлхийг бүтээхдээ бүх зүйлийг төрлөөр нь загварчилж, хэлбэр дүрстэй бүх зүйлийг өөрсдийнх нь төрөлтэй хамт тавьсан. Миний удирдлагын төлөвлөгөөний төгсгөл ойртож байгаа тул Би бүтээлийн хуучин байр байдлыг сэргээнэ; Би бүх зүйлийг анхдагч байдалд нь оруулж, бүхнийг гүн гүнзгий өөрчилнө, ингэснээр бүх зүйл Миний төлөвлөгөөнд эргэж ирнэ. Цаг нь ирлээ! Миний төлөвлөгөөний сүүлчийн үе шат гүйцэлдэх гэж байна. Аяа, бузар хуучин ертөнц өө! Чи Миний үгийн дор гарцаагүй унана! Миний төлөвлөгөөгөөр юу ч үгүй болох нь гарцаагүй! Аяа, тоо томшгүй олон бүтээгдсэн зүйл ээ! Та нар бүгд Миний үгэн дотроос шинэ амь олж авна—захирагч Эзэнтэй болно! Аяа, цэвэр ариун, өө сэвгүй шинэ ертөнц өө! Миний алдар дотор чи гарцаагүй сэргэнэ! Аяа, Сион Уул аа! Чимээгүй байхаа боль—Би ялгууснаар эргэж ирлээ! Бүтээлийн дундаас Би бүх газар дэлхийг шинждэг. Газар дээр хүн төрөлхтөн шинэ амьдрал эхлүүлж, шинэ итгэл найдвартай болсон. Аяа, Миний ардууд аа! Миний гэрэл дотор та нар эргэн амилахгүй байж яаж чадах юм бэ? Миний удирдамж дор баярлан дэвхцэхгүй байж яаж чадах юм бэ? Хуурай газар баясан хашхирч, ус хөгжөөнтэйгөөр инээн долгилно! Аяа, дахин амилсан Израиль аа! Миний урьдчилан тогтоосныг чи бахдахгүй байж яаж чадах юм бэ? Хэн мэгшин уйлсан бэ? Хэн цурхиран уйлсан бэ? Хуучны Израиль үгүй болж, өнөөгийн Израиль дэлхий дээр өндийн, сүндэрлэн байгуулагдаж, бүх хүний зүрх сэтгэлд бослоо. Өнөөдрийн Израиль Миний ардуудаар дамжуулан оршин тогтнолын эх үүсвэрт гарцаагүй хүрнэ! Аяа, заналт Египет ээ! Чи Миний эсрэг зогсохоо больсон байлгүй дээ? Чи Миний өршөөлийг далимдуулж, Миний гэсгээлтээс зугтахыг оролдож яаж чадна вэ? Миний гэсгээлт дотор оршихгүй байж яаж чадах юм бэ? Миний хайрладаг бүх хүн гарцаагүй үүрд мөнх амьдарна, харин Миний эсрэг зогсдог бүхнийг Би мөнхөд гэсгээх нь гарцаагүй. Учир нь Би хартай Бурхан бөгөөд хийсэн бүхнийх нь төлөө хүмүүсийг амархан хэлтрүүлэхгүй. Би бүхий л газар дэлхийг ажиглан харж, зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн болон гэсгээлттэйгээр ертөнцийн зүүн зүгт гарч ирж, тоймгүй олон хүнд Өөрийгөө илчилнэ!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг
175. Үй түмэн хүн Намайг уухайлдаг, үй олон хүн Намайг магтдаг; бүх ам нэгэн жинхэнэ Бурханыг дуудаж, бүх хүн Миний үйл хэргийг харахаар хараагаа бэлчээдэг. Хаанчлал хүний ертөнцөд бууж ирлээ, Миний үнэн бие баялаг агаад элбэг дэлбэг. Үүнд баясахгүй хэн байх билээ? Баяр хөөртэйгөөр бүжихгүй хэн байх билээ? Өө, Сион! Намайг тэмдэглэхийн тулд ялгуусан тугаа өргө! Ялалтын ялгуусан дуугаа дуулж, Миний ариун нэрийг түгээ! Газар дэлхийн зах хязгаар дахь бүх бүтээл ээ! Миний төлөө тахил болохоор өөрсдийгөө яаран цэвэрлэ! Тэнгэрүүдийн одны орд оо! Даруйхан байрандаа эргэн очиж огторгуйд Миний сүр хүчийг харуул! Намайг гэх дундаршгүй хайр хүндлэлээ шингээсэн газар дээрх хүмүүсийн дууг Би чих тавин сонсож байна! Бүх бүтээл эргэн амилах энэ өдөр, Би хүний ертөнцөд буун ирсэн. Энэ мөчид, яг энэ үед бүх цэцэг цоморлогоо дэлгэж, бүх шувуу нэгэн өнгөөр жиргэж, бүх зүйл баяр хөөрөөр цалгидаг! Хаанчлалын ёслолын буудлагын дуунаар Сатаны хаанчлал нуран унаж, хаанчлалын сүлд дууллын нүргээнд дахин хэзээ ч өндийхгүйгээр устан үгүй болдог!
Газар дээр хэн өндийн босож, эсэргүүцэж зүрхлэх билээ? Газар луу буухдаа Би шатаалт, уур хилэн, бүх гай гамшиг авчирдаг. Газар дээрх хаанчлалууд одоо Миний хаанчлал болсон! Тэнгэрт үүлс хөлбөрөн нүүгэлтдэг; тэнгэрийн дор гол нуурууд долгилж, сэтгэл уярам аялгууг баясалтайгаар урсгадаг. Ичсэн амьтад үүрнээсээ гарч, бүх хүнийг Би зүүд нойрноос нь сэрээдэг. Түмэн олон ардын хүсэн хүлээсэн өдөр эцэстээ ирлээ! Тэд хамгийн сайхан дууг Надад өргөн барьдаг!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, Хаанчлалын сүлд дуулал
176. Хаанчлалын ёслолын буудлага тасхийхэд тэр нь мөн долоон аянга нижигнэх үе бөгөөд энэхүү дуу чимээ тэнгэр, газрыг доргиож, дээд тэнгэрийг сэргээж, бүх хүний сэтгэлийн утсыг чичрүүлдэг. Хаанчлалын сүлд дуу агуу улаан лууны газар нутаг даяар албан ёсоор цуурайтан, агуу улаан лууны үндэстнийг устгаж, дараа нь Өөрийн хаанчлалыг байгуулсан гэдгийг минь нотолдог. Үүнээс ч чухал нь, Миний хаанчлал газар дэлхий дээр байгуулагддаг. Энэ мөчид Би дэлхийн улс орон бүхэнд Өөрийн тэнгэрэлч нарыг илгээж эхэлнэ, ингэснээр тэд Миний хөвгүүдийг, Миний ардуудыг хариулж болох юм; энэ нь бас Миний ажлын дараачийн алхмын шаардлагыг хангахын тулд байдаг. Гэхдээ Би тулалдахын тулд агуу улаан лууны цагираглан хэвтэж буй газарт биечлэн очдог. Бүх хүн махбод доторх Намайг мэдэж, махбодоос Миний үйл хэргийг харж чаддаг болох үед агуу улаан лууны ичээ үнс нурам болж, ул мөргүй арилна…
Өнөөдөр Би агуу улаан лууны улс оронд бууж ирснээр үл барам, Өөрийн царайг бүхий л орчлон ертөнцийн зүг хандуулж, дээд тэнгэрийг тэр чигт нь донсолгож байна. Миний шүүлтэд өртөхгүй ганц ч гэсэн газар бий юу? Миний буулгасан гамшиг дор оршдоггүй ганц ч гэсэн газар бий юу? Би хаашаа ч явсан бүх төрлийн “гай гамшгийн үрийг” цацсан. Энэ нь Миний ажилладаг арга замуудын нэг, мөн хүнийг аврахын төлөө гэдэг нь эргэлзээгүй бөгөөд тэдэнд Миний хүртээдэг зүйл бол мөн л нэг төрлийн хайр юм. Бүр олон хүн Намайг мэдэж, Намайг харж чаддаг болж, ийм маягаар маш олон жилийн турш хараагүй боловч яг одоо бодитой байгаа Бурханыг хүндэлж эхлээсэй гэж Би хүсдэг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 10-р бүлэг
177. Аврагчийн ирэхийг нүдээр үзэж чадах юм сан хэмээн хүн хэдэн мянган жилийн туршид эгээрэн хүссэн. Мянга мянган жилийн турш Өөрийг нь санан бэтгэрч, хүсэн мөрөөссөн хүмүүсийн дунд Аврагч Есүс цагаан үүл хөлөглөн, Өөрийн биеэр бууж ирэхийг хүн харахыг хүссэн. Хүн бас Аврагч эргэн ирж, бидэнтэй эргэн нэгдээсэй гэж хүсэн хүлээж байсан. Өөрөөр хэлбэл, хэдэн мянган жилийн туршид хүмүүсээс алс байсан Аврагч Есүсийг буцаад ирээсэй, иудейчүүдийн дунд хийсэн золин аврах ажлаа дахин нэг удаа хэрэгжүүлж, хүнд энэрэнгүй, элэгсэг хандаасай, хүний нүглийг уучилж, хүний нүглийг үүрч, тэр ч бүү хэл хүний бүх гэм бурууг үүрч, хүнийг нүглээс гэтэлгээсэй хэмээн хүн хүсэмжилдэг. Тэд Аврагч Есүсийг өмнөхтэйгөө адил хайр татам, нөхөрсөг, эрхэм бөгөөд хэзээ ч хүнд хилэгнэдэггүй, хэзээ ч хүнийг зэмлэдэггүй Аврагч байгаасай гэж хүсэн хүлээдэг. Энэ Аврагч нь хүний бүх нүглийг уучилж, хариуцлагыг нь үүрч, бүр хүний төлөө өмнөх шигээ загалмай дээр нас эцэслэдэг. Есүсийг явснаас хойш Түүнийг дагаж байсан шавь нар болоод Түүний нэрийн ачаар аврагдсан ариун хүмүүс бүгд цөхрөнгөө баран Түүнийг санан бэтгэрч, хүлээсээр ирсэн юм. Нигүүлслийн эрин үед Есүс Христийн нигүүлслээр аврагдсан бүх хүн Аврагч Есүс цагаан үүлэн дээр буун ирж, бүх хүний дунд гарч ирэх эцсийн өдрүүд дэх тэр нэгэн баярт өдрийг хүсэмжилсээр байна. Мэдээж энэ бол мөн өнөөдөр Аврагч Есүсийн нэрийг хүлээн зөвшөөрч байгаа бүх хүний хамтын хүсэл юм. Есүс Христ газар дэлхий дээр байхдаа “Би яг л явсан шигээ ирнэ” гэж хэлсэн үгээ биелүүлэхээр гэнэт ирэхийг нь орчлон ертөнц даяарх Аврагч Есүсийн авралыг мэддэг бүх хүн цөхрөнгөө баран хүсэн хүлээсээр ирлээ. Цовдлуулж, дахин амилсныхаа дараа Есүс цагаан үүлэн дээр тэнгэр өөд буцан явж, Хамгийн Дээд Нэгний баруун талд Өөрийн байрыг эзэлсэн гэж хүн итгэдэг. Үүний адилаар, Есүс Өөрийг нь хэдэн мянган жилийн турш цөхрөнгөө баран хүсэн хүлээсэн хүмүүсийн дунд дахин, цагаан үүлэн дээр (энэ үүл нь Есүс тэнгэр лүү буцахдаа хөлөглөсөн үүлийг хэлж байна) бууж ирэх ба иудейчүүдийн дүр төрх болон хувцастай байх юм. Тэрээр хүний өмнө гарч ирснийхээ дараа тэдэнд хоол хүнс хайрлаж, тэдний төлөө амийн ус ундруулаад, хүмүүсийн дунд хайр, нигүүлслээр дүүрэн, амьд, бодитоор амьдрах болно. Энэ мэтчилэн төсөөлдөг. Гэвч Аврагч Есүс ингээгүй; Тэр хүний төсөөлснөөс эсрэг зүйл хийсэн. Эргэн ирэхийг нь хүсэн хүлээж байсан хүмүүсийн дунд Тэр ирээгүй, бас цагаан үүл хөлөглөж бүх хүнд харагдаагүй. Тэр аль хэдийн ирчихсэн боловч хүн мэддэггүй бөгөөд мэдлэггүй хэвээр үлддэг. Хүн Түүнийг зүгээр л зорилгогүй хүлээж байгаа бөгөөд Түүнийг аль хэдийн “цагаан үүлэн” дээр (тэр үүл бол Түүний Сүнс, Түүний үг, Түүний бүхий л зан чанар болоод Тэр юу болох юм) бууж ирчхээд, одоо эцсийн өдрүүдэд бий болгох бүлэг ялагчдынхаа дунд байгаа гэдгийг мэддэггүй. Хүн үүнийг мэдэхгүй: Ариун Аврагч Есүс хүнийг гэсэн хайр, энхрийллээр дүүрэн боловч бузар буртаг, ариун бус сүнснүүдийн амьдран суудаг “сүмүүдэд” ажиллаж яаж чадах юм бэ? Түүний ирэхийг хүн хүлээсээр байгаа боловч зөвт бусын махыг идэж, зөвт бусын цусыг ууж, зөвт бусын хувцас өмсдөг, Түүнд итгэдэг атлаа Түүнийг мэддэггүй, Түүнийг үргэлж сүрдүүлдэг хүмүүст Тэр яаж харагдаж чадах юм бэ? Хүн Аврагч Есүсийг хайраар дүүрч, энэрэл ундарсан бөгөөд золин авралаар дүүрэн нүглийн тахил юм гэдгийг л хүн мэддэг. Харин Тэр бас зөвт байдал, сүр жавхлан, уур хилэн, шүүлтээр бялхаж, эрх мэдлийг эзэмшсэн, эрхэм чанараар дүүрэн Бурхан Өөрөө мөн гэдгийг хүн огт мэддэггүй. Иймээс хүн хэдийгээр Золин аврагчийн эргэж ирэхийг эгээрэн хүсэн хүлээж, мөрөөсөл болдог бөгөөд “Тэнгэр” хүртэл хүний залбиралд уярсан ч гэсэн, Өөрт нь итгэдэг ч Өөрийг нь мэддэггүй хүмүүст Аврагч Есүс харагддаггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн
178. Би алдар суугаа Израильд өгч, дараа нь буцаан авсан, улмаар израильчуудыг болон бүх хүн төрөлхтнийг зүүн зүгт аваачсан. Би бүгдийг нь гэрэлд авчирсан, ингэснээр тэд дахин гэрэлтэй золгож, холбоотой болж, цаашид гэрлийг хайх шаардлагагүй болно. Гэрлийг хайж буй бүх хүнд гэрлийг дахин харуулж, Израильд байсан алдар суугаа Би харуулна; Би аль эрт хүн төрөлхтний дунд цагаан үүл хөлөглөн бууж ирснийг, тоолж баршгүй цагаан үүл, элбэг дэлбэг жимсийг багц багцаар нь тэдэнд харуулж, цаашлаад Израилийн Ехова Бурханыг харуулна. Би тэдэнд иудейчүүдийн Эзэн, удаан хүлээсэн Мессияг болон үеийн үед хаадад хавчигдан шахагдаж ирсэн Өөрийнхөө дүр төрхийг бүтнээр нь харуулна. Би орчлон ертөнц даяар ажиллаж, агуу ажил гүйцэтгэн, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд бүхий л алдар суу, үйлээ илчилнэ. Би олон жил Намайг хүлээж байсан хүмүүст, Намайг цагаан үүл хөлөглөн ирэхийг хүсэн хүлээсэн хүмүүст, дахин нэг удаа гарч ирэхийг минь хүсэн хүлээж байсан Израильд болон Намайг хавчин шахдаг бүхий л хүн төрөлхтөнд өөрийн алдар суут төрхөө бүрэн дүүрэн харуулна. Ингэснээр Би аль эрт алдар суугаа аваад, зүүн зүгт авчирсан, Миний алдар суу Иудейн нутагт байхаа больсон гэдгийг бүгд мэдэх болно. Учир нь эцсийн өдрүүд аль хэдийн ирсэн!
Орчлон даяар Би Өөрийн ажлыг хийж байна, зүүн зүгт аянга цахилгаан зогсолтгүй цахилж, бүхий л үндэстэн, урсгалыг доргиодог. Миний дуу хоолой бүх хүнийг өнөөдөр лүү хөтөлсөн. Би бүх хүнийг дуу хоолойгоороо байлдан дагуулж, энэ урсгалд оруулж, Өөрийнхөө өмнө дуулгавартай байлгадаг, учир нь Би аль эрт Өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эгүүлэн татаж, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн ирэхийг сэтгэл түгшин хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангахгүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг санагалзахгүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй байх хэн байна вэ? Канааны баян тансаг руу хараа бэлчээхгүй хэн байх вэ? Золин аврагч эргэн ирэхийг хүсэн хүлээхгүй хэн байх вэ? Агуу эрх мэдэлтэй Түүнийг эрхэмлэн хайрладаггүй хэн байна вэ? Миний дуу хоолой дэлхий даяар тархах болно; Би сонгосон хүмүүстэйгээ нүүр тулж, тэдэнд илүү олон үг хэлнэ. Уул, усыг доргиох хүчит аянга шиг бүх орчлон ертөнц, хүн төрөлхтөнд хандан Би үгээ хэлдэг. Тиймээс, Миний аман дахь үгс хүний эрдэнэ болж, хүмүүс бүгд Миний үгийг нандигнадаг. Аянга цахилгаан зүүнээс баруун зүг хүртэл цахилдаг. Миний үгс хүн татгалзхааргүй байхын зэрэгцээ ойлгохын аргагүй боловч тэгэх тусмаа баярлан хөөрмөөр байдаг. Бүх хүн дөнгөж төрсөн нярай мэт Миний ирснийг тэмдэглэж, баяр хөөртэй байна. Дуу хоолойгоороо дамжуулан Би бүх хүнийг Өөрийнхөө өмнө авчрах болно. Түүнээс хойш Би албан ёсоор хүмүүсийн эгнээнд орох бөгөөд ингэснээр тэд Намайг шүтэн биширнэ. Цацруулж буй алдар суу, аман дахь үгээрээ Би бүх хүнийг өмнөө ирүүлэн, зүүн зүгээс аянга цахилж, зүүн зүгийн “Чидун жимсний уулан” дээр Өөрийгөө бууж ирснийг харуулна. Намайг иудейчүүдийн Хүүгийн хувьд биш, харин Зүүн зүгийн аянга болж газар дээр аль эртнээс байсныг тэд харах болно. Учир нь Би дахин амилж, хүн төрөлхтний дундаас холдон яваад удаж байгаа бөгөөд хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө шүтэгдэж байсан Тэр нэгэн, мөн Би одоогоос тоолж баршгүй олон эрин үеийн өмнө израильчуудын хаясан нярай билээ. Түүнээс гадна, Би энэ эрин үеийн хамгийн алдан суут Төгс Хүчит Бурхан билээ! Бүгд Миний сэнтийн өмнө ирж, Миний алдар суут төрхийг харж, дуу хоолойг минь сонсож, Миний үйлсийг харцгаа. Энэ бол Миний бүхий л хүсэл; Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе, мөн Миний удирдлагын зорилго: улс орон болгон Намайг шүтэн мөргөж, хэл болгон Намайг хүлээн зөвшөөрч, хүн бүр итгэлээ Надад өгч, бүх хүн Надад захирагдана!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Долоон Аянгын Нүргээн—Хаанчлалын сайн мэдээ ертөнц даяар тархахыг зөгнөж байна
179. Намайг нэг үе Ехова гэдэг байсан. Түүнчлэн Мессиа гэж дууддаг байсан ба хүмүүс хайрлаж хүндэлсэндээ Аврагч Есүс гэж нэг үе нэрлэсэн. Гэвч өнөөдөр Би өнгөрсөн үед хүмүүсийн мэддэг байсан Ехова юм уу Есүс биш, харин эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан, энэ эрин үеийн төгсгөлийг авчрах Бурхан билээ. Би бол газрын мухраас өндийн босож, Өөрийн бүх зан чанараар бялхдаг, эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан Өөрөө билээ. Хүмүүс Надтай хэзээ ч харьцаж байгаагүй, Намайг хэзээ ч мэдэж байгаагүй бөгөөд Миний зан чанарыг хэзээд мэдэхгүй байсаар ирсэн. Дэлхийг бүтээснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн Намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдаж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн, бодитоор амьдран суудаг ба төөнөх нар, дүрэлзэх гал адил хүч чадлаар дүүрч, эрх мэдлээр бялхан байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй, дүрэлзэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл байхгүй. Яваандаа бүх үндэстэн Миний үгээс болоод ерөөгдөнө, мөн Миний үгээс болж бут ниргүүлнэ. Энэ маягаар, эцсийн өдрүүдэд бүх хүн Намайг эргэж ирсэн Аврагч гэдгийг, бүх хүн төрөлхтнийг байлдан дагуулдаг Төгс Хүчит Бурхан гэдгийг, бас нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд мөн бүх зүйлийг шатаах нарны дөл, бүх зүйлийг илчлэх зөвт байдлын Нар болдгийг минь харна. Эцсийн өдрүүдийн Миний ажил энэ юм. Би бол зөвт Бурхан агаад төөнөх нар, дүрэлзэх гал гэдгийг бүх хүнд харуулахын тулд энэ нэрийг авч, энэ зан чанарыг эзэмшсэн юм. Ингэснээр цорын ганц жинхэнэ Бурхан болох Намайг бүх хүн шүтэн мөргөж, тэгснээрээ тэд Миний жинхэнэ царайг харах юм: Би бол зөвхөн израильчуудын Бурхан биш, мөн зөвхөн Золин аврагч биш, харин тэнгэр, газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн
180. Бурханы удирдлагын зургаан мянган жилийн төлөвлөгөө дуусаж байгаа бөгөөд Түүний илрэлтийг эрж хайдаг бүхэнд хаанчлалын үүд хаалга аль хэдийн нээгдээд байна. Хүндэт ах эгч нар аа, та бүхэн юу хүлээгээ вэ? Юу эрж хайгаа вэ? Бурханыг илрэхийг хүлээж байгаа юм уу? Түүний мөрийг хайж байна уу? Бурханы илрэлтийг хэчнээн их хүсэн хүлээдэг билээ! Бурханы мөрийг олох хэчнээн хэцүү билээ! Ийм эрин үед, ийм дэлхий ертөнцөд Бурханы илрэх өдрийг нүдээр үзэхийн тулд бид яах ёстой вэ? Бурханы мөртэй хөл нийлүүлэхийн тулд юу хийх ёстой вэ? Ийм төрлийн асуултууд Бурханыг илрэхийг хүлээж байгаа бүх хүнд тулгардаг. Та бүхэн эдгээрийг нэг бус удаа бодож үзсэн, гэхдээ үр дүн нь юу байв? Бурхан хаана илэрдэг юм бэ? Бурханы мөр хаа байгаа юм бэ? Хариултыг нь та нар олсон уу? “Бурхан Өөрийг нь дагадаг бүх хүний дунд гарч ирдэг, Түүний мөр бидний дунд байдаг; Ийм л энгийн!” гэж олон хүн хариулна; Улиг болсон хариултыг хэн ч өгч чадна, гэхдээ Бурханы илрэлт болон Түүний мөр гэдэг нь юу гэсэн утгатайг та нар ойлгодог уу? Бурханы илрэлт гэдэг нь Тэр газар дэлхий дээр ажлаа хийхээр Өөрөө биечлэн ирэхийг хэлдэг. Тэрээр эрин үеийг эхлүүлж, эрин үеийг төгсгөх ажил явуулахын тулд Өөрийн ялгамж чанар, зан чанартайгаар, мөн Өөрийн төрөлх арга замаар хүн төрөлхтний дунд буудаг. Энэ төрлийн илрэлт нь нэг төрлийн ёслол биш юм. Энэ бол тэмдэг, дүр зураг, гайхамшиг, ямарваа агуу үзэгдэл биш, нэг төрлийн шашны зан үйл ч биш. Энэ бол хэний ч харж, хүрч болох жинхэнэ, бодит баримт билээ. Энэ төрлийн илрэлт нь ёс төдий зүйл хийхийн төлөө, эсвэл богино хугацааны даалгаврын төлөө байдаггүй; харин Түүний удирдлагын төлөвлөгөөний ажлын нэг үе шатны төлөө байдаг. Бурханы илрэлт нь үргэлж утга учиртай байдаг бөгөөд Түүний удирдлагын төлөвлөгөөтэй ямар нэг байдлаар үргэлж холбоотой байдаг. Энд буй илрэлт гээч нь Бурхан хүнийг залж, чиглүүлж, гэгээрүүлдэг төрлийн “илрэлт”-ээс тэс өөр юм. Бурхан Өөрийгөө илчлэх бүрдээ агуу ажлын нэг алхмыг хийдэг. Энэ ажил нь өөр ямар ч эрин үеийн ажлаас өөр билээ. Энэ нь хүний ухаан санаанд багтамгүй ба хүн үүнийг хэзээ ч туулж байгаагүй. Энэ бол шинэ эрин үеийг эхлүүлж, хуучин эрин үеийг төгсгөдөг ажил бөгөөд хүн төрөлхтнийг аврахын төлөө шинэчилж, сайжруулсан ажлын нэг хэлбэр юм; түүнчлэн энэ нь хүн төрөлхтнийг шинэ эрин үе рүү аваачдаг ажил билээ. Энэ бол Бурханы илрэлтийн утга учир юм.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан
181. Та нар Бурханы илрэлт гэж юу болохыг ойлгомогцоо Бурханы мөрийг хэрхэн эрж хайх ёстой вэ? Энэ асуултыг тайлбарлахад хэцүү биш: Бурханы илрэлт хаа байна, мөрийг нь тэндээс олох болно. Ийм тайлбар ядах юмгүй сонсогдож болох ч хэрэгжүүлэхэд төдий л амаргүй байдаг, учир нь Бурханыг хаана гарч ирдгийг олон хүн мэддэггүй, Тэр хаана илрэхийг хүсэж байгааг, эсвэл хаана илрэх ёстойг бүр ч мэддэггүй. Ариун Сүнс хаа ажиллаж байна, тэнд Бурхан илэрдэг гэж зарим нь ойворгоноор итгэдэг. Эсвэл сүнслэг хүмүүс хаа байна, тэнд Бурхан илэрдэг гэж итгэдэг. Эсвэл алдар нэртэй хүмүүс хаа байна, тэнд Бурхан илэрдэг гэж итгэдэг. Ийм итгэл нь зөв, буруу эсэхийг түр хойш тавья. Ийм асуултыг тайлбарлахын тулд бидний зорилго эхлээд тодорхой байх ёстой: Бид Бурханы мөрийг хайж байгаа. Сүнслэг хүмүүсийг эрж хайгаагүй, алдар нэртэй хүмүүсийг бүр ч эрэлхийлээгүй байна; Бурханы мөрийг бид эрэлхийлж байна. Ийм учраас, бид Бурханы мөрийг хайж байгаа тул Бурханы хүсэл, Бурханы үг, айлдварыг хайх нь зохистой—учир нь Бурхан хаана шинэ үгээ хэлнэ, Бурханы дуу хоолой тэнд байх бөгөөд Бурханы мөр хаа байна, Бурханы үйл хэрэг тэнд байдаг. Бурханы илэрхийлэл хаа байна, тэнд Бурхан илэрдэг, Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн, зам, амь оршдог. Та нар Бурханы мөрийг эрж хайхдаа “Бурхан бол үнэн, зам, амь” гэх үгийг үл тоомсорлосон. Иймээс олон хүн үнэнийг хүлээн авах үедээ ч гэсэн Бурханы мөрийг олсон гэдэгтээ итгэдэггүй бөгөөд Бурханы илрэлтийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй. Ямар ноцтой алдаа гээч! Бурханы илрэлтийг хүний үзэлд нийцүүлэх боломжгүй, Бурхан хүний хүсэлтээр гарч ирэх бүр ч боломжгүй. Бурхан ажлаа хийх үедээ Өөрөө сонголтоо хийж, төлөвлөгөөгөө Өөрөө гаргадаг; түүнчлэн Өөрийн гэсэн зорилго, арга барилтай байдаг. Тэрээр ямар ч ажил хийлээ гэсэн энэ тухай хүнтэй хэлэлцэж, хүний зөвлөгөөг эрж хайх шаардлагагүй, мөн хүн нэг бүрд ажлынхаа талаар мэдэгдэх шаардлага ч байхгүй. Энэ бол хүн бүрийн мэдэх ёстой Бурханы зан чанар юм. Та нар Бурханы илрэлтийг нүдээр үзэж, Бурханы мөрийг дагая гэвэл эхлээд өөрсдийнхөө үзлээс холдох ёстой. Та нар Бурханаас ингэ, тэг гэж шаардах ёсгүй, Түүнийг өөрийнхөө баригдмал сэтгэлгээнд хорьж, үзлээрээ хязгаарлах ч ёсгүй. Харин та нар Бурханы мөрийг хэрхэн хайх ёстой, Бурханы илрэлтийг хэрхэн хүлээн авах ёстой, Бурханы шинэ ажилд хэрхэн захирагдах ёстой талаар өөрсдөөсөө асуух хэрэгтэй; хүний хийх ёстой зүйл бол энэ. Хүн бол үнэн биш, мөн үнэнийг эзэмшдэггүй тул эрж хайж, хүлээн зөвшөөрч, дуулгавартай дагах ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан
182. Өнөөдөр Бурхан шинэ ажил хийсэн. Чи эдгээр үгийг хүлээн зөвшөөрч чадахгүй байж магад, тэдгээр нь чамд хачин санагдаж магад боловч төрөлхийн чанараа бүү илчил гэж Би чамд зөвлөе, учир нь Бурханы өмнө зөвт байдлын төлөө үнэхээр өлсөж цангадаг хүмүүс л үнэнийг олж авч чадах ба үнэхээр үнэн сүсэгт хүмүүсийг л Бурхан гэгээрүүлж, залж чиглүүлж чадна. Хэрүүл маргаанаар биш, тайван тогтуунаар үнэнийг эрж хайснаар үр дүнд хүрдэг. “Өнөөдөр Бурхан шинэ ажил хийсэн” гэж Би хэлэхдээ Бурхан махбодод эргэн ирсэн явдлыг хэлж байгаа юм. Магадгүй эдгээр үгийг чи тоодоггүй байх; магадгүй чи тэдгээрийг үзэн яддаг; эсвэл магадгүй асар их сонирхдог байх. Ямартай ч, Бурханы илрэлтийг үнэхээр хүсэн хүлээдэг бүх хүн яаран дүгнэлт гаргахын оронд энэ баримттай нүүр тулж, няхуур шинжлэн үзэж чадна гэж Би найдаж байна; энэ бол ухаалаг хүний хийх ёстой зүйл юм.
Ийм зүйлийг судалж шинжлэх нь хэцүү биш боловч бид дор бүрнээ энэ нэг үнэнийг мэдэх шаардлагатай байдаг: Бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы мөн чанарыг эзэмшинэ, бие махбодтой болсон Бурхан Тэрбээр Бурханы илэрхийллийг эзэмшинэ. Бурхан махбод болдог тул хийхээр зорьж буй ажлаа авчирна, мөн Бурхан махбод болдог тул Өөрийн юу болохыг илэрхийлж, хүнд үнэнийг авчирч, амь хайрлаж, замыг заан харуулж чадна. Бурханы мөн чанаргүй махбод нь харваас бие махбодтой болсон Бурхан биш; үүнд эргэлзэх зүйл үгүй. Хэрвээ хүн, Бурханы махбод болсон бие мөн эсэхийг судалж шинжлэхээр зорьж байгаа бол Түүний илэрхийлдэг зан чанар, хэлдэг үгээс үүнийг нотлох ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы махбод болсон бие мөн эсэх, үнэн зам мөн эсэхийг нотлохын тулд хүн Түүний мөн чанарт үндэслэн ялган таних ёстой. Иймээс Бурханы махбод болсон бие мөн эсэхийг тодорхойлох гол түлхүүр нь гадаад дүр төрхөөс илүүтэйгээр Түүний мөн чанарт (Түүний ажил, Түүний айлдвар, Түүний зан чанар болон өөр олон талд) оршдог. Хэрвээ хүн Түүний гадаад дүр төрхийг л шинжлээд, үүний үр дүнд мөн чанарыг нь орхигдуулбал хүн харанхуй бүдүүлэг, мунхаг гэдгийг энэ нь харуулдаг. Гадаад дүр төрх нь мөн чанарыг тодорхойлж чадахгүй; түүгээр ч үл барам, Бурханы ажил хэзээ ч хүний үзэлтэй нийцэхгүй. Есүсийн гадаад дүр төрх хүний үзэлтэй зөрчилдөөгүй гэж үү? Түүний төрх байдал болон хувцаслалт жинхэнэ ялгамж чанарынх нь талаар ямар нэг сэжүүр өгч чадаагүй бус уу? Эртний фарисайчууд Есүсийн гадаад дүр төрхийг л харж, хэлсэн үгийг нь үнэн сэтгэлээсээ авч үзээгүйгээс болоод Түүнийг эсэргүүцсэн биш үү? Бурханы илрэлтийг эрж хайдаг ах эгч нар нэг бүр түүхийн эмгэнэлт явдлыг давтахгүй гэж Би найдаж байна. Та нар орчин үеийн фарисайчууд болж, Бурханыг загалмайд дахин цовдлох ёсгүй. Бурханыг эргэн ирэхэд хэрхэн угтан авахаа анхааралтай бодолцон үзэж, хэрхэн үнэнд захирагддаг хүн байх тухай тодорхой мэдэж байх ёстой. Есүс үүл хөлөглөн эргэн ирэхийг хүлээж байгаа хүн бүрийн хариуцлага энэ билээ. Бид сүнсний нүдээ арчиж цэвэрлэн, хэтрүүлэгтэй уран зөгнөлийн үгэнд автахгүй байх ёстой. Бурханы бодитой ажлын талаар бодож, Бурханы бодит талыг харах ёстой. Эзэн Есүс үүл хөлөглөн, та нарын дунд гэнэт бууж ирээд, Өөрийг нь хэзээ ч мэдээгүй, хараагүй, Өөрийнх нь хүслийг хэрхэн биелүүлэхээ мэддэггүй та нарыг авах тэр өдрийг үргэлж хүсэн хүлээж, сэтгэл хөдлөлдөө бүү авт, эсвэл мөрөөдөлдөө бүү умба. Бодитой хэрэг явдлыг бодсон чинь дээр!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг
183. Энэ удаа Бурхан сүнслэг биеэр биш, харин тун эгэл жирийн биеэр ажиллахаар ирсэн. Түүнээс гадна, энэ нь Бурханы махбод болсон хоёр дахь бие төдийгүй, бас махбодод Бурханы эргэн ирсэн бие юм. Энэ бол маш эгэл жирийн махбод. Чи Түүнээс бусдаас онцгойроод байх зүйл юу ч олж харж чадахгүй ч урьд өмнө нь хэзээ ч сонсож байгаагүй үнэнийг Түүнээс олж авах боломжтой. Энэ өчүүхэн жаахан махбод л Бурханаас ирсэн үнэний бүх үгийн биелэл болж, эцсийн өдрүүд дэх Бурханы ажлыг гүйцэтгэж, хүнд ойлгуулахын тулд Бурханы зан чанарыг бүхэлд нь илэрхийлдэг. Чи тэнгэр дэх Бурханыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи тэнгэр дэх Бурханыг ойлгохыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Чи хүн төрөлхтний хүрэх газрыг харахыг үнэхээр их хүсдэггүй гэж үү? Тэр чамд өөр хэний ч хэлж чадаагүй энэ бүх нууцыг хэлнэ, Тэр бас чиний ойлгодоггүй үнэнийг хэлж өгнө. Тэр бол хаанчлалд орох чиний хаалга, шинэ эрин үе рүү дагуулах чиний хөтөч юм. Ийм эгэл жирийн махбод ойлгохын аргагүй олон нууцыг агуулдаг. Түүний үйл хэрэг чамд ойлгомжгүй байж болох ч Тэр бол хүмүүсийн боддог шиг энгийн махбод биш гэдгийг хийж буй ажлынх нь бүхий л зорилго чамд хангалттай харуулдаг. Учир нь Тэрээр Бурханы хүслийг болон эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы үзүүлсэн хайр халамжийг төлөөлдөг. Хэдийгээр чи тэнгэр, газрыг доргиох мэт Түүний үгийг сонсож чадахгүй, галын дөл мэт дүрэлзэн буй Түүний нүдийг харж чадахгүй, мөн Түүний төмөр савааны сахилгажуулалтыг хүлээн авч чадахгүй ч Түүний үгээс Бурхан уур хилэнтэй гэдгийг сонсож, Бурхан хүн төрөлхтөнд энэрэнгүй ханддагийг мэдэж авч чадна; чи Бурханы зөвт зан чанар, мэргэн ухааныг олж харахын сацуу бүх хүн төрөлхтнийг гэх Бурханы анхаарал халамжийг ухаарч чадна. Эцсийн өдрүүд дэх Бурханы ажил нь тэнгэр дэх Бурхан газар дээрх хүмүүсийн дунд амьдарч байгааг хүнд харуулж, Бурханыг мэдэх, дуулгавартай дагах, хүндэтгэх, хайрлах боломжийг хүмүүст олгохын төлөө байдаг. Ийм учраас Тэр махбодоор хоёр дахь удаагаа эргэж ирсэн. Өнөөдөр хүмүүсийн хардаг зүйл бол хүнтэй адилхан, нэг хамар, хоёр нүдтэй, гойд зүйлгүй Бурхан ч гэлээ, хэрэв энэ хүн байгаагүй бол тэнгэр, газар асар их өөрчлөгдөх байсан, мөн энэ хүн байгаагүй бол тэнгэр бүүдийж, газар дэлхий эмх замбараагүй байдалд автан, бүх хүн төрөлхтөн өлсгөлөн, тахал дунд амьдрах байсан гэдгийг эцэст нь Бурхан та нарт харуулна. Хэрэв бие махбодтой болсон Бурхан эцсийн өдрүүдэд та нарыг аврахаар ирээгүй бол Бурхан бүх хүн төрөлхтнийг аль эрт тамд устгах байсан; хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үүрд хүнд нүгэлтэн болж, үргэлжийн мөнхөд цогцос болох байсныг Тэр та нарт харуулна. Хэрэв энэ махбод байгаагүй бол бүх хүн төрөлхтөнд зайлахын аргагүй гамшиг нүүрлэж, эцсийн өдрүүдэд хүн төрөлхтөнд Бурханы оноох илүү хүнд шийтгэлээс зайлж зугтах боломжгүй болох байсныг та нар мэдэх ёстой. Хэрэв энэхүү эгэл жирийн махбод төрөөгүй бол та нар бүгд амьдарч чадахгүй атлаа амьдрал гуйж, үхэж чадахгүй мөртөө үхлийн төлөө залбирах байдалд орох байлаа. Хэрэв энэ махбод байгаагүй бол та нар үнэнийг олж авч, өнөөдрийн Бурханы сэнтийн өмнө ирж чадахгүй, харин жигшүүрт нүглийнхээ улмаас Бурханд шийтгүүлэх байсан юм. Хэрвээ Бурхан махбодоор эргэж ирээгүй бол хэнд ч аврагдах боломж олдохгүй байх байсан; энэ махбод ирээгүй бол Бурхан аль эрт хуучин эрин үеийг төгсгөх байсан гэдгийг та нар мэдсэн үү? Ийм байтал, хоёр дахь удаагаа бие махбодтой болсон Бурханыг та нар голсоор байж чадна гэж үү? Та нар энэхүү эгэл жирийн хүнээс маш их ашиг тус хүртэж чадах байтал яагаад Түүнийг баяртайгаар хүлээн авахгүй байна вэ?
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?
184. Бурханы ажил бол чиний ойлгож ухаарч чадахгүй зүйл юм. Хэрвээ чи сонголт чинь зөв эсэхийг ч бүрэн ухаарч чадахгүй, Бурханы ажил амжилт олох эсэхийг ч мэдэж чадахгүй бол азаа үзээд, энэхүү эгэл жирийн хүн чамд асар их тус хүргэх эсэхийг, мөн Бурхан үнэхээр агуу ажлыг хийсэн эсэхийг харж яагаад болохгүй гэж? Гэвч, Ноагийн цаг үед хүмүүс Бурханы хувьд харж тэвчишгүй байх хэмжээнд идэж уун, гэрлэж, нөхөрт гарч байсан тул Тэрээр хүн төрөлхтнийг утсгахын тулд асар их үер буулган, зөвхөн Ноагийн гэр бүлийн найман хүн болон бүх төрлийн жигүүртэн шувууд, араатан амьтдыг өршөөсөн гэдгийг Би чамд хэлэх ёстой. Гэхдээ эцсийн өдрүүдэд Бурханы өршөөсөн хүмүүс бол эцсээ хүртэл Түүнд үнэнч байсан бүх хүн юм. Энэ хоёр эрин үе нь Бурханы хувьд харж тэвчишгүй асар их завхралын үе байсан ба хоёр эрин үе дэх хүн төрөлхтөн маш их завхарч, Бурхан бол өөрсдийнх нь Эзэн гэдгийг үгүйсгэсэн хэдий ч Бурхан зөвхөн Ноагийн цаг үеийн хүмүүсийг л устгасан билээ. Хоёр эрин үеийн хүн төрөлхтөн Бурханд асар их уй гашуу учруулсан ч Бурхан эцсийн өдрүүдийн хүмүүст өдийг хүртэл тэвчээртэй хандсан. Яагаад тэр вэ? Та нар үүнд гайхаж байгаагүй гэж үү? Хэрвээ та нар үнэхээр мэдэхгүй байгаа бол Би хэлээд өгье. Бурхан эцсийн өдрүүдэд хүмүүст нигүүлсэл хайрлаж чаддагийн учир нь хүмүүс Ноагийн цаг үеийн хүмүүсээс бага завхарснаас, эсхүл тэд Бурханд гэмшлээ харуулснаас болоогүй, эцсийн өдрүүдийн технологи маш их хөгжсөн болохоор Бурхан түүнийг нь устгаж чадахгүй байгаагаас бүр ч болоогүй. Харин ч Бурхан эцсийн өдрүүд дэх бүлэг хүмүүст ажлаа хийх ёстой ба Бурхан Өөрөө бие махбодтой болоод энэ ажлыг хийнэ. Түүнчлэн Бурхан энэ бүлгийн нэг хэсгийг авралынхаа бай, удирдлагын төлөвлөгөөнийхөө үр жимс болгохоор сонгож, энэ хүмүүсийг дараачийн эрин үед аваачна. Тиймээс, ямартай ч Бурханы төлсөн төлөөс нь бүхэлдээ эцсийн өдрүүдэд Өөрийн махбод болсон биеэр хийх гэж буй ажлынх нь бэлтгэл байв. Энэхүү махбодын ачаар л та нар өнөөдрийг хүрсэн. Бурхан махбодоор амьдардаг учир та нарт амьд үлдэх боломж бий. Энэ бүх зол завшаан нь энэхүү эгэл жирийн хүнээс улбаатай билээ. Үүгээр ч зогсохгүй, эцэст нь улс орон бүр энэ эгэл жирийн хүнийг шүтэн мөргөхийн сацуу энэ өчүүхэн жаахан хүнд талархаж, түүнийг дуулгавартай дагана, учир нь Түүний авчирсан үнэн, амь, зам нь бүх хүн төрөлхтнийг аварч, хүн Бурхан хоёрын дундах зөрчлийг зөөлрүүлж, хоорондох зайг нь багасгаж, Бурхан хүн хоёрын бодлыг холбосон юм. Тэрээр мөн Бурханы төлөө бүр ч агуу их алдар сууг олж авсан билээ. Ийм эгэл жирийн хүн чиний итгэл, бишрэлийг хүртэхэд зохисгүй гэж үү? Ийм эгэл жирийн махбод Христ гэж дуудуулахад тохирохгүй гэж үү? Ийм эгэл жирийн хүн бусад хүмүүсийн дунд Бурханы илэрхийлэл болж чадахгүй гэж үү? Хүн төрөлхтнийг гамшгаас гэтэлгэсэн ийм хүн Түүнийг гэх хайр, хүслийг чинь хүртэх эрхгүй гэж үү? Та нар Түүний амаар илэрхийлэгдсэн үнэнийг голж, та нарын дундах Түүний оршин тогтнолыг жигших юм бол эцэстээ юу болж хоцрох вэ?
Бурханы эцсийн өдрүүд дэх бүх ажил энэ эгэл жирийн хүнээр дамжин хийгддэг. Тэрээр бүхнийг чамд хайрлах болно, тэгээд ч зогсохгүй чамд хамаатай бүхнийг шийдэж чадна. Ийм хүн та нарын боддог шиг дурдахын ч хэрэггүй тийм энгийн хүн байж болох уу? Түүний үнэн та нарыг бүрэн үнэмшүүлэхэд хангалтгүй гэж үү? Түүний үйл хэргийг харах нь та нарыг бүрэн үнэмшүүлэхэд хангалтгүй гэж үү? Эсхүл Түүний авчирдаг зам цааш алхахад чинь зохисгүй гэж үү? Эцсийн эцэст Түүнийг зэвүүцэж, Түүнийг хаяж, Түүнээс зайлсхийх ямар шалтгаан та нарт байна вэ? Энэ хүн л үнэнийг илэрхийлдэг, энэ хүн л үнэнээр хангадаг, энэ хүн л та нарт дагах зам өгдөг. Та нар эдгээр үнэн дотроос Бурханы ажлын ул мөрийг хайж олж чадахгүй хэвээр байгаа юм гэж үү? Есүсийн ажил байгаагүй бол хүн төрөлхтөн загалмайгаас бууж чадахгүй байсан, харин өнөөдрийн бие махбодтой болсон Бурхан байгаагүй бол загалмайгаас буусан хүмүүс Бурханы сайшаалыг хэзээ ч хүртэж чадахгүй, эсвэл шинэ эрин үед орж чадахгүй байх байлаа. Энэ эгэл жирийн хүн ирээгүй бол Бурханы жинхэнэ төрхийг харах боломж та нарт хэзээ ч олдохгүй, та нар шаардлага ч хангахгүй байх байсан, учир нь та нар бүгд аль эрт устгагдах ёстой байсан бай юм. Бурхан хоёр дахь удаагаа бие махбодтой болон ирсэн учраас та нарыг уучилж, өршөөл үзүүлсэн. Ямартай ч, эцэст нь та бүхэнд хэлэх ёстой үг минь бол энэ: Бие махбодтой болсон Бурхан буюу энэ эгэл жирийн хүн та нарт амин чухал юм. Энэ бол хүмүүсийн дунд Бурханы аль хэдийн хийсэн агуу зүйл билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан хүмүүсийн дунд агуу зүйл хийснийг чи мэдсэн үү?
185. Аврагч эцсийн өдрүүдэд ирэхдээ мөн л Есүс гэгдэн, дахин Иудейд төрж, Иудейд ажлаа хийсэн бол, Би зөвхөн Израилийн ард түмнийг л бүтээж, Израилийн ард түмнийг л золин аварсан ба Харь үндэстнүүдтэй ямар ч хамаагүй гэдгийг энэ нь нотлох байсан. “Би бол тэнгэр, газар, бүх зүйлийг бүтээсэн Эзэн” хэмээх Миний үгтэй энэ нь зөрчилдөх байсан бус уу? Би Иудейг орхисон бөгөөд Харь үндэстнүүдийн дунд ажлаа хийдэг, учир нь Би бол зөвхөн Израилийн ард түмний Бурхан биш, харин бүх бүтээлийн Бурхан билээ. Би Израилийн ард түмний Бурхан Ехова төдийгүй Харь үндэстнүүдийн дундах Өөрийн сонгосон бүх хүний Бүтээгч тул эцсийн өдрүүдэд Харь үндэстнүүдийн дунд гарч ирдэг. Би Израил, Египет, Ливаныг төдийгүй Израилын чанад дахь бүх Харь үндэстнийг бүтээсэн. Ийм учраас Би бол бүх бүтээлийн Эзэн билээ. Би Израилыг ердөө л ажлынхаа эхлэлийн цэг болгон ашиглаж, Иудей болон Галилыг золин аврах ажлынхаа түшиц газар болгон хэрэглэсэн, харин одоо бүхий л эрин үеийг төгсгөхдөө Харь үндэстнүүдийг суурин газраа болгон ашиглана. Би Израилд ажлын хоёр үе шатыг (Хуулийн эрин үе ба Нигүүлслийн эрин үеийн ажлын хоёр үе шат) хийсэн бөгөөд Израилийн чанад дахь газар нутаг даяар бас ажлын хоёр үе шатыг (Нигүүлслийн эрин үе ба Хаанчлалын эрин үе) хэрэгжүүлсээр байна. Харь үндэстнүүдийн дунд Би байлдан дагуулах ажлыг хийж, эрин үеийг ийнхүү төгсгөнө. Хэрвээ хүн, эцсийн өдрүүдэд шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажил хийж эхэлсэн гэдгийг минь мэдэлгүй, Намайг дандаа Есүс Христ гэж дууддаг бол, мөн Аврагч Есүсийн ирэхийг үргэлж хэнхэглэн хүлээдэг бол тийм хүмүүсийг Би Надад итгэдэггүй хүмүүс гэж хэлнэ. Тэд бол Намайг мэддэггүй хүмүүс бөгөөд Надад итгэх итгэл нь хуурамч юм. Тийм хүмүүс Аврагч Есүсийн тэнгэрээс ирэхийг нүдээр үзэж чадах уу? Тэд Миний ирэхийг биш, харин иудейчүүдийн Хааны ирэхийг л хүлээдэг билээ. Ариун бус, хуучин энэ ертөнцийг бүрэн устгахыг минь тэд хүсэн мөрөөсдөггүй, харин өөрсдөө золин аврагдах гэсэндээ Есүсийн хоёр дахиа ирэхийг хүсэн хүлээдэг. Есүс энэхүү бузартсан, зөв шударга бус газраас бүх хүн төрөлхтнийг дахин нэг удаа золин аврахыг тэд хүлээдэг. Ийм хүмүүс эцсийн өдрүүд дэх Миний ажлыг гүйцэлдүүлэх хүмүүс болж яаж чадах юм бэ? Хүний хүсэл Миний хүслийг биелүүлж, Миний ажлыг хэрэгжүүлэх чадалгүй, учир нь хүн ердөө л Миний урьд нь хийсэн ажлыг биширч, нандигнадаг болохоос Намайг үргэлж шинэ, хэзээ ч хуучин байдаггүй Бурхан Өөрөө гэдгийг огт мэддэггүй. Хүн Намайг Ехова, бас Есүс гэдгийг л мэддэг болохоос хүн төрөлхтнийг төгсгөлд аваачих эцсийн өдрүүдийн Нэгэн гэдгийг огт мэддэггүй. Хүний хүсэн хүлээдэг, мэддэг зүйл нь бүгд түүний үзлээс улбаатай бөгөөд энэ нь ердөө л тэдний хоёр нүдээрээ харж чадах зүйл байдаг. Тэр нь Миний хийдэг ажилтай нийцдэггүй, харин зөрчилддөг. Хэрвээ Миний ажил хүний санаагаар болдог байсан бол энэ хэзээ дуусах билээ? Хүн төрөлхтөн хэзээ амралтад орох юм бэ? Бас Би яаж долоо дахь өдөр Амралтын өдөрт орж чадах юм бэ? Би хүний санаа зорилгын дагуу бус, Өөрийнхөө төлөвлөгөө, зорилгын дагуу ажилладаг.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Аврагч аль хэдийн “цагаан үүлэн” дээр эргэн ирсэн
186. Чи америк, британи, өөр аль ч үндэстэн бай хамаагүй, өөрийнхөө үндэс угсааны баригдмал байдлаас гарч, өөрийгөө даван, бүтээгдсэн зүйлийн байр сууринаас Бурханы ажлыг харах хэрэгтэй. Ингэснээр чи Бурханы мөрөнд хязгаарлалт тогтоохгүй. Учир нь одоо цагт олон хүн Бурханыг тодорхой нэг улс үндэстэнд, тодорхой нэг ард түмний дунд гарч ирэх боломжгүй гэж үздэг. Бурханы ажлын ач холбогдол хэчнээн гүн гүнзгий, Бурханы илрэлт хэчнээн чухал билээ! Хүний үзэл, бодол тэдгээрийг яаж хэмжиж чадах билээ? Иймээс чи Бурханы илрэлтийг эрж хайхын тулд үндэс угсааныхаа үзлийг эвдэх ёстой гэж Би хэлдэг. Ингэснээр л чи өөрийн үзлээр хязгаарлагдахгүй; ингэснээр л чи Бурханы илрэлтийг угтан авахад тэнцэнэ. Эс бөгөөс мөнхийн харанхуйд үлдэж, Бурханы сайшаалыг хэзээ ч олж авахгүй.
Бурхан бол бүхий л хүн төрөлхтний Бурхан юм. Тэрээр Өөрийгөө ямар ч улс үндэстэн, ард түмний хувийн өмч гэж үздэггүй, харин ямар нэг хэлбэр, улс үндэстэн, ард түмэнд хязгаарлагдалгүйгээр, Өөрийн төлөвлөснөөр ажлаа явуулдаг. Чи магад энэ хэлбэрийг хэзээ ч төсөөлөөгүй байх, эсвэл энэ хэлбэрт үгүйсгэх хандлагаар ханддаг байх, эсвэл Бурханы Өөрийгөө илчилдэг улс үндэстэн, ард түмэн нь хүн болгонд ялгаварлан гадуурхагддаг, газар дэлхий дээр хамгийн хоцрогдмол байж таардаг байх. Гэвч Бурханд Өөрийн мэргэн ухаан гэж бий. Тэрээр Өөрийн агуу их хүч чадал болон үнэн, зан чанараараа дамжуулан Өөртэй нь нэг санаатай, Өөрийнхөө бүрэн төгс болгохыг хүссэн бүлэг хүмүүсийг үнэнхүү олж авсан—бүх төрлийн шалгалт, гай гамшиг болон бүх төрлийн хавчлагыг туулж, Түүгээр байлдан дагуулагдсан бүлэг Түүнийг эцсээ хүртэл дагаж чаддаг. Ямар нэг хэлбэр, улс үндэстэнд хязгаарлагддаггүй Бурханы илрэлтийн зорилго нь ажлыг төлөвлөснөөрөө гүйцэлдүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Бурхан Иудейд махбод болох үедээ бүхий л хүн төрөлхтнийг золин аврах цовдлолын ажлыг гүйцэлдүүлэх зорилготой байсантай энэ нь яг адилхан. Гэвч Бурхан ийм зүйл хийх боломжгүй гэж иудейчүүд итгэсэн бөгөөд Бурхан махбод болж, Эзэн Есүсийн дүрээр гарч ирэх боломжгүй гэж бодсон юм. Тэдний “боломжгүй” гэдэг нь Бурханыг яллаж, эсэргүүцэх үндэслэл нь болж, эцэстээ Израилыг сүйрэлд хүргэсэн. Өнөөдөр олон хүн үүнтэй төстэй алдаа гаргажээ. Тэд Бурханы илрэлт айсуй гэж бүх чадлаараа тунхагладаг атлаа бас хажуугаар нь Түүний илрэлтийг ялладаг; “боломжгүй” гэх итгэлээрээ тэд Бурханы илрэлтийг дахин нэг удаа баригдмал төсөөлөл дотроо хязгаарладаг. Иймээс Бурханы үгтэй тулгарсныхаа дараа тачигнатал инээд алдах олон хүнийг Би харж байсан. Гэтэл энэ инээд иудейчүүдийн яллалт, доромжлолоос ер нь ялгаатай гэж үү? Та нар үнэний дэргэд хүндлэлгүй загнадаг, хүсэл тэмүүлэлтэй хандлага та нараас бүр ч гардаггүй. Та нар зүгээр л хайнга судалчхаад, санаа амар жаргалтай хүлээж суудаг. Ингэж шинжиж, хүлээснээр юу олж авч чадах юм бэ? Бурханы хувийн удирдамжийг хүлээн авч чадна гэж бодоо юу? Бурханы айлдварыг ялган таньж чадахгүй юм бол чи Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд яаж тэнцэх юм бэ? Бурхан хаана илэрнэ, тэнд үнэн илэрхийлэгдэж, Бурханы дуу хоолой тэнд байх болно. Үнэнийг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүс л Бурханы дуу хоолойг сонсож чадах бөгөөд ийм хүмүүс л Бурханы илрэлтийг нүдээр үзэхэд тэнцдэг. Үзлээ хая! Тайван байж, эдгээр үгийг анхааралтай унш. Үнэнийг хүсэн хүлээдэг бол чамайг Бурхан гэгээрүүлэх бөгөөд Түүний хүсэл, Түүний үгийг чи ойлгох болно. “Боломжгүй” гэсэн бодлоо хая! Хүмүүс аливааг боломжгүй гэж итгэх тусам энэ нь болох магадлал өндөртэй байдаг, учир нь Бурханы мэргэн ухаан тэнгэрүүдээс ч дээгүүр халин нисдэг, Бурханы бодол хүний бодлоос дээгүүр бөгөөд Бурханы ажил хүний бодол, үзлийн хил хязгаарыг давдаг. Ямарваа зүйл хэдий чинээ боломжгүй байна, эрж хайж болох төдий чинээ их үнэн үүнд байдаг; ямарваа зүйл хэдий чинээ хүний үзэл, төсөөллөөс гадна оршино, Бурханы хүсэл тэнд бүр ч их агуулагдаж байдаг. Учир нь, Өөрийгөө хаана ч илчиллээ гэсэн Бурхан бол Бурхан хэвээр байдаг бөгөөд илрэлтийнх нь байршил, хэв маягаас үүдэн Түүний мөн чанар хэзээ ч өөрчлөгдөхгүй. Мөр нь хаана байгаагаас үл хамааран Бурханы зан чанар нэг янзаараа байдаг, мөр нь хаа ч байлаа гэсэн Тэр бол бүх хүн төрөлхтний Бурхан. Яг л Эзэн Есүс бол зөвхөн израилчуудын Бурхан бус, Ази, Европ, Америкийн бүх хүний Бурхан төдийгүй, бүхий л орчлон дахь цорын ганц Бурхан гэдэгтэй энэ нь адил билээ. Иймд Бурханы айлдвараас Түүний хүслийг эрж хайж, илрэлтийг нь олж мэдэж, Түүний мөртэй хөл нийлүүлцгээе! Бурхан бол үнэн, зам, амь билээ. Түүний үг, илрэлт зэрэгцэн оршдог бөгөөд Түүний зан чанар болон мөр хүн төрөлхтөнд цаг үргэлж нээлттэй байдаг. Хүндэт ах эгч нар аа, та нар эдгээр үгээс Бурханы илрэлтийг харж, шинэ эрин үе рүү алхахдаа Түүний мөрийг дагаж эхлэн, илрэлтийг нь хүлээдэг хүмүүст зориулан Бурханы бэлдсэн үзэсгэлэнтэй сайхан шинэ тэнгэр, газарт орж чадна гэж Би найдаж байна!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 1: Бурханы илрэлт шинэ эрин үеийг авчирсан
Тайлбар:
а. Эх бичвэрт “үр дүн” гэх хэллэг байдаггүй.