Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой

Би хүмүүсийн дунд их ажил хийсэн бөгөөд энэ хугацаандаа бас олон ч үг илэрхийлсэн. Эдгээр үг нь бүгд хүний авралын төлөө бөгөөд хүнийг Надтай нийцэлтэй болгохын тулд илэрхийлэгдсэн юм. Гэвч Би газар дээр Өөртэй минь нийцэлтэй байдаг хүн цөөн хэдийг л олж авсан, иймээс Миний үгийг хүн нандигнадаггүй гэж Би хэлнэ, учир нь хүн Надтай нийцдэггүй билээ. Энэ мэтчилэн, Миний хийдэг ажил хүнийг ердөө л Надад шүтэн мөргүүлэхийн төлөө байдаггүй; хамгийн гол нь, хүнийг Надтай нийцэлтэй байж чаддаг болгохын төлөө байдаг. Завхарсан хүн бүхэн Сатаны урхинд амьдардаг, мөн махан биед, аминчхан хүсэлд автан амьдардаг ба тэдний дунд Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцтэй гэж хэлдэг хүмүүс байдаг ч бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч Минийхээс эсрэг замаар явдаг, тэдний үг биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг. Учир нь угтаа тэд бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, түүнийгээ уйгагүй уншиж, судар мэт цээжээр дууддаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэж юуг хэлдгийг ч мэддэггүй. Зүгээр л бичвэрүүдийг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлачхаад, үүнийгээ завтай цагтаа гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсгийг хэтэрхий чухалчилж, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилын аль алиныг нь хайхардаггүй байсан мөртөө Бичвэрийн үг нэг бүрээр хэнээрхдэг байсан. Тэд үнэнийг эрж хайдаг биш, харин үгтэй салахгүй зууралддаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн хоточ нохой байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд эцэст нь өршөөнгүй Есүсийг загалмайд цовдлохдоо тулсан. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн юм. Иймээс тэд Бичвэрийн номлолыг мөрддөггүй байсан Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүй болон нүглийн тахилыг хаяхыг илүүд үзсэн. Тэд Бичвэрийн үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Тэгвэл өнөөдрийн хүмүүс ямар вэ? Христ үнэнийг илэрхийлэхээр ирчхээд байхад тэд тэнгэрт орж, нигүүлсэл хүртэхийн тулд Христийг энэ ертөнцөөс хөөн зайлуулахыг илүүд үзнэ. Библийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд үнэний ирэлтийг бүрмөсөн үгүйсгэхийг илүүд үзэж, Библийн мөнх оршин тогтнолыг баталгаажуулахын тулд махбодод эргэн ирсэн Христийг загалмайд дахин цовдлохыг илүүд үзнэ. Зүрх сэтгэл нь ийм хорлонтой, Надад тийм их дайсагнадаг уг чанартай байж хүн яаж Миний авралыг хүртэж чадах юм бэ? Би хүмүүсийн дунд амьдардаг атал хүн Миний оршин байгааг мэддэггүй. Өөр дээр нь гэрлээ тусгах үед ч хүн Миний оршин байгааг мэдэхгүй хэвээр байдаг. Намайг уур хилэнгээ өөр дээр нь буулгах үед хүн Миний оршин тогтнолыг бүр ч эрс үгүйсгэдэг. Хүн үг үсэгтэй, Библитэй нийцэхээр эрэлхийлдэг, гэхдээ үнэнтэй нийцэлтэй байх замыг хайхаар нэг ч хүн Миний өмнө ирдэггүй. Хүн тэнгэр дэх Намайг хүндэлж, тэнгэр дэх Миний оршин тогтнолд онцгой анхаарал хандуулдаг атлаа хүмүүсийн дунд амьдардаг Би бол ердөө л тун өчүүхэн нэгэн болохоор махбод дахь Миний талаар хэн ч санаа тавьдаггүй. Библийн үгтэй л, тодорхойгүй Бурхантай л нийцэлтэй байхыг эрж хайдаг хүмүүс Надад өөдгүй дорд харагддаг. Учир нь тэдний шүтэн мөргөдөг зүйл нь үхмэл үг, бас өөрсдөд нь тоо томшгүй их эд баялаг өгөх чадвартай Бурхан юм. Тэдний шүтэн мөргөдөг зүйл нь оршин байдаггүй агаад хүний эрхээр байдаг Бурхан юм. Тэгвэл ийм хүмүүс Надаас юу олж авч чадах юм бэ? Хүн ердөө л үгээр илэрхийлэхийн аргагүй дорд юм. Миний эсрэг байж, Надаас хязгааргүй ихийг шаарддаг, үнэнийг огт хайрладаггүй, Миний эсрэг тэрсэлдэг тэр хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Миний эсрэг байдаг хүмүүс бол Надтай нийцэлгүй хүмүүс юм. Мөн үнэнийг хайрладаггүй хүмүүс ч Надтай нийцэлгүй хүмүүс. Миний эсрэг тэрсэлдэг хүмүүс бол бүр ч Миний эсрэг байдаг, Надтай нийцдэггүй хүмүүс билээ. Надтай нийцэлгүй бүх хүнийг Би муу ёрын нэгний гарт өгч, муу ёрын нэгний ялзралд орхиж, хорон муу үйлийг нь илчлэхийн тулд зөнгөөр нь орхиж, эцэст нь муу ёрын нэгэнд залгиулахаар шилжүүлнэ. Хэчнээн хүн Намайг шүтэн мөргөдөг нь Надад хамаагүй, өөрөөр хэлбэл, хэчнээн хүн Надад итгэдэг нь хамаагүй. Хэчнээн хүн Надтай нийцэлтэй вэ гэдэг л санааг минь чилээдэг ганц зүйл юм. Учир нь Надтай нийцэлгүй бүх хүн бол Надаас урвадаг муу ёрын хүмүүс билээ; тэд Миний дайсан бөгөөд дайснуудаа Би Өөрийн гэрт “тахихгүй.” Надтай нийцэлтэй хүмүүс Миний гэрт үүрд Надад үйлчилнэ, харин Надтай дайсагнадаг хүмүүс Миний шийтгэлийг үүрд амсана. Библийн үгийг л анхаарч, үнэний талаар юм уу Миний мөрийг эрж хайх талаар хайхрамжгүй ханддаг хүмүүс бүгд Миний эсрэг байдаг, учир нь тэд Библийн дагуу Намайг хязгаарлаж, Библийн дотор Намайг хорьдог, тэд ийм байдлаар үйлдэх нь миний хувьд туйлын их доромжлол юм. Ийм хүмүүс яаж Миний өмнө ирж чадах юм бэ? Тэд Миний үйл хэрэгт, Миний хүсэлд, эсвэл үнэнд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин ч хүнийг үхүүлдэг үгэнд донтдог. Тийм хүмүүс яаж Надтай нийцэлтэй байж чадах юм бэ?

Би маш олон үг илэрхийлж, хүсэл болон зан чанараа ч бас илэрхийлсэн, гэсэн атал хүмүүс одоо ч Намайг мэдэж, Надад итгэх чадваргүй л байна. Эсвэл, тэд одоо ч Намайг дуулгавартай дагаж чаддаггүй гэж хэлж болно. Библид амьдрагсад, хууль дунд амьдрагсад, загалмай дээр амьдрагсад, дүрэм журмын дагуу амьдрагсад, өнөөдөр Миний хийдэг ажлын дунд амьдрагсад дундаас хэн нь Надтай нийцэлтэй вэ? Та нар ерөөл, шагнал хүртэх тухай л боддогоос биш, Надтай хэрхэн нийцэлтэй байх, Намайг эсэргүүцдэг Нэгэн болохоос хэрхэн сэргийлэх талаар хэзээ ч бодолцож үзээгүй. Би та нарт үнэхээр урам хугарч байна, учир нь та нарт Би маш ихийг өгөөд, хариуд нь та нараас өчүүхэн багыг олж авсан. Та нарын заль мэх, их зан, шунал, тансаглах хүсэл, урвалт, дуулгаваргүй байдал—эдгээрийн аль нь Надад анзаарагдалгүй өнгөрөх юм бэ? Та нар Намайг аргацааж, Намайг хуурч, Намайг гутааж, Намайг аргалж, тахилын төлөө Намайг хяхаж, сүрдүүлдэг—ийм хорон үйл яаж Миний шийтгэлээс мултарч чадах юм бэ? Та нарын эдгээр муу үйл бол Миний дайсан гэдгийн чинь нотолгоо, бас Надтай үл нийцдэгийн чинь нотолгоо юм. Та нар дор бүрнээ өөрсдийгөө Надтай маш нийцэлтэй гэж итгэдэг, гэхдээ тийм байсан юм бол эдгээр маргашгүй нотлох баримт тэгээд хэнд нь хамаарах юм бэ? Та нар өөрсдийгөө Надад туйлын чин үнэнч, итгэмжит гэдэгт итгэдэг. Та нар өөрсдийгөө маш сайхан сэтгэлтэй, өр нимгэн бөгөөд Надад маш ихийг зориулсан гэж боддог. Бас Миний төлөө хангалттай ихийг хийсэн гэж боддог. Гэвч та нар эдгээр итгэлээ өөрсдийнхөө зан авиртай жишиж үзсэн үү? Та нар бол ихэд биеэ тоосон, ихээхэн шуналтай, ихээхэн хайхрамжгүй гэж Би хэлнэ; та нарын Намайг хуурдаг арга заль нэлээд сүйхээтэй, бас та нарт жигшүүрт санаа зорилго болон арга барил их бий. Та нарын үнэнч байдал үнэхээр шалихгүй, чин сэтгэл чинь дэндүү өчүүхэн, мөс чанар чинь бүр ч дутмаг. Зүрх сэтгэл чинь дэндүү хорлонтой байдаг бөгөөд хэнийг ч, цаашлаад Намайг ч хэлтрүүлдэггүй. Та нар хүүхдүүдийнхээ төлөө, нөхрийнхөө төлөө, эсвэл өөрийнхөө бүрэн бүтэн байдлын төлөө Намайг гэртээ оруулдаггүй. Надад санаа тавихын оронд та нар өөрсдийнхөө гэр бүл, үр хүүхэд, байр суурь, ирээдүй болоод өөрсдийн жаргал цэнгэлд санаа тавьдаг. Та нар үг хэлж, үйлдэл хийх үедээ хэзээ Миний талаар бодож байсан юм бэ? Тэсгэм хүйтэн өдрүүдэд ухаан бодол чинь үр хүүхэд, нөхөр, эхнэр, эцэг эх рүүгээ л чиглэдэг. Аагим халуун өдрүүдэд ч гэсэн та нарын бодол санаанд Намайг гэх орон зай байдаггүй. Үүргээ биелүүлэхдээ чи хувийн ашиг сонирхол, аюулгүй байдал, гэр бүлийн гишүүдээ л боддог. Чи Миний төлөө гэх юм юу хийсэн юм бэ? Хэзээ чи Миний талаар бодож байсан бэ? Хэзээ чи Миний төлөө, бас Миний ажлын төлөө ямар ч үнээр хамаагүй өөрийгөө зориулж байсан юм бэ? Надтай нийцэлтэй гэдгийн чинь нотолгоо хаана байна вэ? Надад үнэнч гэдгийн чинь бодит байдал хаана байна вэ? Дуулгавартай байдлын чинь бодит байдал хаана байна вэ? Санаа зорилго чинь хэзээ Надаас ерөөл олж авахын төлөө байгаагүй билээ? Та нар бүгд Намайг хуурч, мэхлэн, үнэнээр тоглоом хийж, үнэний оршин байгааг нуун, үнэний мөн чанараас урвадаг. Надтай ингэж дайсагнасны чинь төлөө та нарыг ирээдүйд юу хүлээж байгаа вэ? Та нар ердөө л тодорхойгүй Бурхантай нийцэлтэй байхыг болон тодорхойгүй итгэлийг эрж хайдаг, гэсэн ч та нар Христтэй нийцэлтэй биш. Ийм хорлонт үйл чинь хорон муу хүмүүст тохирсон яг тэр шийтгэлийг хүртэхгүй гэж үү? Тэр үед та нар Христтэй нийцэлгүй хэн ч уур хилэнгийн өдрөөс зугтаж чадахгүй гэдгийг ухаарч, Христтэй дайсагнадаг хүмүүст ямар төрлийн залхаан цээрлүүлэлт ирэхийг мэдэх болно. Тэр өдөр ирэх үед Бурханд итгэснийхээ төлөө ерөөгдөж, тэнгэрт орох мөрөөдөл чинь нуран унана. Харин Христтэй нийцэлтэй хүмүүсийн хувьд бол өөр хэрэг. Тэд маш ихийг алдаж, олон бэрхшээл туулсан ч хүн төрөлхтөнд өгсөн бүх өв залгамжлалыг минь хүлээн авах болно. Би л зөвт Бурхан бөгөөд Би л хүн төрөлхтнийг үзэсгэлэнтэй сайхан хүрэх газар луу аваачих чадвартай гэдгийг та нар эцэст нь ойлгоно.

Өмнөх: Дуудагддаг нь олон ч сонгогддог нь цөөхөн

Дараах: Чи Бурханы жинхэнэ итгэгч мөн үү?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих