13.1. Хүнд тавих Бурханы шаардлага

605. Одоо та нар Бурханы ардууд болохоор эрэлхийлж, бүх зүйл зөв замд орж эхэлнэ. Бурханы ардууд байна гэдэг нь Хаанчлалын эрин үед орно гэсэн үг юм. Өнөөдөр та нар албан ёсоор хаанчлалын сургалтад орж эхэлдэг бөгөөд ирээдүйн амьдрал чинь урьдынх шигээ назгай, хайнга байхаа болино; тийм маягаар амьдарвал Бурханы шаардсан стандартад хүрэх боломжгүй. Хэрвээ чи жаахан ч гэсэн яардаггүй бол чамд өөрийгөө сайжруулах хүсэл байхгүй, чиний эрэл хайгуул будилуу, мунгинуу байгааг энэ нь харуулдаг бөгөөд чи Бурханы хүслийг биелүүлэх чадваргүй. Хаанчлалын сургалтад орох гэдэг нь Бурханы ардын амьдралаар амьдарч эхэлнэ гэсэн үг—чи тийм сургалтыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байна уу? Яарсан мэдрэмжтэй байхад бэлэн үү? Бурханы сахилгажуулалт дор амьдрахад бэлэн үү? Бурханы гэсгээлт дор амьдрахад бэлэн үү? Бурханы үг чам дээр ирж, чамайг турших үед чи хэрхэн үйлдэх вэ? Бүх төрлийн баримттай тулгарах үедээ чи юу хийх вэ? Урьд нь чи амь дээр анхаарлаа төвлөрүүлээгүй; өнөөдөр чи амь-бодит байдалд ороход төвлөрч, амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой. Энэ нь хаанчлалын ардуудын биелүүлэх ёстой зүйл юм. Бурханы ард болох бүх хүн амийг эзэмших ёстой бөгөөд хаанчлалын сургалтыг хүлээн зөвшөөрч, өөрсдийн амь зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлэх ёстой. Хаанчлалын ардуудаас Бурханы шаарддаг зүйл энэ юм.

Хаанчлалын ардуудад Бурхан дараах шаардлагыг тавьдаг:

1) Тэд Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрөөр хэлбэл, Бурханы эцсийн өдрүүдийн ажилд хэлэгдсэн бүх үгийг хүлээн зөвшөөрөх ёстой.

2) Тэд хаанчлалын сургалтад орох ёстой.

3) Тэд зүрх сэтгэлээ Бурханаар хөдөлгүүлэхээр эрэлхийлэх ёстой. Зүрх сэтгэл чинь Бурхан руу бүрмөсөн эргэж, хэвийн сүнслэг амьдралтай болох үедээ чи эрх чөлөөтэй ертөнцөд амьдарна, энэ нь Бурханы хайрын халамж, хамгаалалт дор амьдарна гэсэн үг юм. Бурханы халамж, хамгаалалт дор амьдрах үедээ л чи Бурханд харьяалагдана.

4) Тэд Бурханаар авхуулах ёстой.

5) Тэд газар дээрх Бурханы алдрын илрэл болох ёстой.

Энэ таван зүйл бол та нарт Миний даалгасан даалгавар юм. Би үгээ Бурханы ардуудад хэлдэг бөгөөд хэрвээ чи эдгээр даалгаврыг хүлээн зөвшөөрөх дургүй байгаа бол Би хүчлэхгүй—гэхдээ тэдгээрийг үнэхээр хүлээн зөвшөөрвөл чи Бурханы хүслийг биелүүлж чадна. Өнөөдөр та нар Бурханы даалгаврыг хүлээн зөвшөөрч эхэлдэг ба хаанчлалын ардууд болж, хаанчлалын ардуудаас шаарддаг стандартад хүрэхээр эрэлхийлдэг. Энэ нь оролтын эхний алхам юм. Хэрвээ чи Бурханы хүслийг бүрэн биелүүлэхийг хүсвэл энэ таван даалгаврыг хүлээн зөвшөөрөх ёстой ба тэдгээрийг биелүүлж чадвал Бурханы зүрх сэтгэлийн дагуу байж, Бурханд асар их ашиглагдах нь гарцаагүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы шинэхэн ажлыг мэдэж, Түүний мөрийг дага

606. Өнөөдөр та нарын өвлөж авсан зүйл эрин үеүдийн туршид байсан элч, эш үзүүлэгч нарынхаас хавьгүй илүү, бүр Мосе, Петр хоёрынхоос ч үлэмж их юм. Ерөөлийг ганц, хоёрхон өдөрт хүртэж чадахгүй; асар ихийг золиосолж байж олж авах ёстой. Өөрөөр хэлбэл, цэвэршүүлэлтийг туулсан хайр, асар их итгэл, Бурхан та нараас хүрэхийг шаарддаг олон үнэн та нарт байх ёстой; дээр нь та нар бэргэж, зугталгүй шударга ёсыг сонгож, Бурханыг үхэх хүртлээ тууштай хайрлах ёстой. Та нар шийдэмгий байж, амь зан чанараа өөрчилж завхралаа эдгээж, Бурханы зохион байгуулалтыг бүгдийг нь ямар ч гомдолгүйгээр хүлээн зөвшөөрч, бүр үхэх хүртлээ дуулгавартай байх ёстой. Та нар үүнд хүрэх учиртай. Энэ бол Бурханы ажлын эцсийн зорилт, мөн энэхүү бүлэг хүмүүсээс Бурханы шаарддаг зүйл билээ. Тэр та нарт өгдөг болохоор хариуд нь та нараас шаардах нь гарцаагүй, зүй ёсны шаардлага тавих нь дамжиггүй. Тиймээс Бурханы бүх ажилд учир шалтгаан байдаг бөгөөд өндөр стандарт, хатуу чанд шаардлага тогтоосон ажлыг Бурхан яагаад ахин дахин хийдгийг үүнээс харж болно. Ийм учраас та нар Бурханд итгэх итгэлээр дүүрэх учиртай. Товчхондоо Өөрийнх нь өвийг хүлээж авбал зохих хүмүүс болоосой гэсэндээ Бурхан бүх ажлаа та нарын төлөө хийдэг. Бурхан Өөрийн алдрын төлөө биш та нарын авралын төлөө, бохир газарт гүнээ зовж шаналсан энэ бүлэг хүмүүсийг төгс болгохын төлөө үүнийг хийдэг билээ. Та нар Бурханы хүслийг ойлгох ёстой. Иймээс ямар ч мэдлэг ухаан, эрүүл ухаан байхгүй харанхуй бүдүүлэг олон хүнд Бурханыг бүү турш, эсэргүүцэхээ боль гэж Би захидаг. Хүний хэзээ ч туулаагүй зовлонг Бурхан аль хэдийн туулж, аль хэдийнээ хүний оронд илүү их доромжлол амссан. Өөр юуг та нар зүгээр орхиж чадахгүй вэ? Юу Бурханы хүслээс илүү чухал байж болох билээ? Юу Бурханы хайраас дээгүүр байж болох билээ? Энэхүү бохир газарт Өөрийн ажлыг хэрэгжүүлэх нь Бурханд хангалттай хэцүү байгаа; дээр нь нэмээд хүн мэдсээр байж санаатайгаар гэм бурууг үйлдвэл Бурханы ажил сунжрах ёстой болно. Товчоор хэлбэл энэ нь хэнд ч ашиггүй, хэнд ч тусгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы ажил хүний төсөөлдөг шиг энгийн үү?

607. Миний хэлдэг үг бол бүх хүн төрөлхтөнд чиглэсэн үнэн юм; тэдгээрийг тодорхой нэгэн хүнд юм уу нэг төрлийн хүнд л хандаж хэлдэг юм биш. Тиймээс та нар Миний үгийг үнэний өнцгөөс хүлээн авахад анхаарлаа төвлөрүүлж, бүрэн анхаарсан, чин сэтгэлийн хандлагатай байх ёстой; Миний хэлдэг ганц ч үг юм уу үнэнийг бүү үл ойшоо, Миний хэлдэг бүх үгэнд хөнгөн хуумгай бүү ханд. Та нар амьдралдаа үнэнтэй хамаагүй зүйл ихээхэн хийснийг Би хардаг тул үнэний зарц болж, хорлонт муу, муухай байдалд боолчлогдохгүй байж, үнэнийг гишгэлэхгүй, Бурханы гэрийн аль ч булан тохойг бузарлахгүй байхыг онцгойлон хүсэж байна. Энэ бол та нарт өгөх Миний сануулга юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гурван сануулга

608. Та нар Миний уйгагүй хүчин чармайлтыг хий дэмий үрэхгүй байж, түүнээс ч илүүтэйгээр, хичээнгүйлэн санаа тавьж буйг минь ойлгож, Миний үгийг хүн байхын үндэс суурь хэмээн үзээсэй л гэж Би найдаж байна. Та нарын сонсоход бэлэн үг энэ мөн ч бай, биш ч бай, та нарын дуртайяа хүлээн авах, эсвэл таагүй хүлээн авах үг мөн ч бай, биш ч бай, та нар нухацтай хандах ёстой. Эс тэгвэл, үл тоомсорлосон, хайхрамжгүй зан чанар, араншин чинь Намайг маш их гонсойлгож, үнэндээ Миний зэвүүцлийг төрүүлнэ. Та бүгд Миний үгийг ахин дахин, магадгүй бүр цээжээр мэддэг болтлоо хэдэн мянган удаа уншина гэж Би ихэд найдаж байна. Ийм маягаар л та нар Миний итгэл найдварыг нураахгүй байж чадна. Гэхдээ та нарын нэг нь ч одоо ингэж амьдардаггүй. Эсрэгээрээ та нар бүгд ханатлаа идэж, уудаг садар самуун амьдралд ташуурдаг бөгөөд та нарын нэг нь ч Миний үгийг ашиглан, зүрх сэтгэл, сүнсээ баяжуулдаггүй. Ийм учраас, Би хүн төрөлхтний жинхэнэ төрхийг ингэж дүгнэсэн: Хүн хэдийд ч Надаас урваж чадна, Миний үгэнд туйлын үнэнч байж чадах хэн ч үгүй.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 1

609. Бурхан хүнээс нэгэн сэтгэлийн хайрыг шаарддаг; Тэрээр юу шаарддаг гэхээр хүнийг Өөрийнх нь үгээр бодлоо дүүргэж, Түүнийг гэх зүрх дүүрэн хайранд эзэмдүүлэхийг шаарддаг. Бурханы үгээр амьдрах, Түүний үгэн дотроос хүний эрж хайх ёстой зүйлийг хайх, үгийнх нь төлөө Бурханыг хайрлах, Бурханы үгийн төлөө гүйх, Бурханы үгийн төлөө амьдрах—эдгээр нь бүгд хүний хүрэхээр зүтгэх ёстой зорилго юм. Бүх зүйл Бурханы үгэнд үндэслэн бий болох ёстой; ингэснээр л хүн Бурханы шаардлагуудад нийцэж чадна. Хэрвээ хүн Бурханы үгээр зэвсэглээгүй бол Сатанд эзэмдүүлсэн өт хорхойноос өөрцгүй билээ! Бодоод үз: Бурханы хэчнээн үг чиний дотор үндэслэсэн бэ? Чи ямар зүйл дээр Бурханы үгийн дагуу амьдарч байгаа вэ? Чи ямар зүйл дээр Бурханы үгийн дагуу амьдраагүй вэ? Хэрвээ Бурханы үг чамайг бүрэн эзэмдээгүй бол яг юу зүрх сэтгэлийг чинь эзэмддэг юм бэ? Өдөр тутмын амьдралдаа чи Сатанд захирагдаж байна уу, эсвэл Бурханы үгэнд эзэмдүүлж байна уу? Чиний залбирал Түүний үгэнд суурилдаг уу? Чи Бурханы үгийн гэгээрлээр дамжуулан сөрөг байдлаасаа гарсан уу? Бурханы үгийг оршин тогтнолынхоо суурь болгох нь хүн бүрийн орох ёстой зүйл юм. Хэрвээ чиний амьдралд Бурханы үг байхгүй бол чи харанхуйн нөлөөн дор амьдарч байгаа бөгөөд Бурханд тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж, Түүний нэрийг гутааж байна. Ийм хүмүүс Бурханд итгэх нь тэр чигтээ дураараа аашилж, үймүүлж байгаа хэрэг. Чи амьдралынхаа хэр ихийг Түүний үгийн дагуу амьдарч өнгөрүүлсэн бэ? Чиний амьдралын хэдий хэр нь Түүний үгийн дагуу байгаагүй вэ? Бурханы үгийн чамаас шаардсан зүйлсийн хэр их нь чамд биеллээ олсон бэ? Хэр их нь биелээгүй вэ? Чи эдгээр зүйлийг нарийн шалгаж үзсэн YY?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Харанхуйн нөлөөнөөс ангижир, тэгвэл чи Бурханаар авхуулна

610. Та нар тэнгэрт байдаг ерөөлтэй адил газар дээрх ерөөлийг минь эдлэхэд бэлэн байна уу? Та нар Миний тухай ойлголт, Миний үгийн таашаал, Миний талаарх мэдлэгийг амьдралынхаа хамгийн үнэ цэнтэй, утга учиртай зүйлс хэмээн үзэхэд бэлэн үү? Та нар өөрсдийн хэтийн ирээдүйг бодолгүйгээр Надад бүрэн захирагдаж үнэхээр чадах уу? Та нар өөрсдийгөө хонь адилаар Надаар нядлуулж, Надаар удирдуулж үнэхээр чадах уу? Тийм зүйлсийг биелүүлж чадах хүн та нарын дунд байна уу? Надаар хүлээн зөвшөөрөгдөж, Миний амлалтыг хүлээн авсан бүх хүн Миний ерөөлийг хүртдэг хүмүүс юм гэж үү? Эдгээр үгээс та нар ямар нэг зүйлийг ойлгов уу? Хэрвээ Би та нарыг туршвал та нар өөрсдийгөө Миний эрхшээлд үнэхээр орхиж, эдгээр шалгалтын дунд Миний санаа зорилгыг эрж хайн, Миний зүрх сэтгэлийг ухамсарлаж чадах уу? Би чамайг сэтгэл хөдөлгөм олон үг хэлж, эсвэл олон сонирхолтой түүх ярьж чаддаг байгаасай гэж хүсэхгүй; харин Надад сайн гэрчлэл хийж, бодит байдал руу бүрэн дүүрэн, гүн гүнзгий орж чаддаг байхыг Би чамаас шаардаж байна. Хэрвээ Би шууд яриагүй бол чи эргэн тойрныхоо бүх зүйлийг хаяж, өөрийгөө Надаар ашиглуулахыг зөвшөөрч чадах байсан уу? Энэ нь Миний шаарддаг бодитой байдал биш гэж үү? Миний үгийн утга учрыг хэн ухаарч чадах вэ? Гэсэн ч цаашид эргэлзээнд автахгүй байж, өөрсдийн оролтод санаачилгатай байж, Миний үгийн мөн чанарыг ухаарахыг Би та нараас шаардаж байна. Энэ нь Миний үгийг буруу ойлгож, Миний утгыг ойлгохгүй байж, улмаар Миний захиргааны зарлигийг зөрчихөөс та нарыг сэргийлнэ. Миний үгээс та нарын төлөө гэсэн Миний санаа зорилгыг та нар ухаарна гэж Би найдаж байна. Өөрсдийн хэтийн ирээдүйн талаар дахин бүү бод, мөн бүх зүйл дээр Бурханы зохион байгуулалтад захирагдана гэж Миний өмнө шийдвэр гаргасан мэт үйлд. Миний гэр дотор зогсож байгаа тэр бүх хүн чадах чинээгээрээ аль болох ихийг хийх ёстой; чи газар дээрх Миний ажлын сүүлчийн хэсгийн төлөө хамгийн сайнаа өргөн барих ёстой. Чи ийм зүйлсийг хэрэгжүүлэхэд үнэхээр бэлэн байна уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 4-р бүлэг

611. Миний ардууд цаг ямагт Сатаны зальхай явуулгаас сэрэмжилж, Миний төлөө Миний гэрийн үүдийг хамгаалах ёстой; Сатаны урхинд унахаас сэргийлэхийн тулд бие биеэ дэмжиж, нэг нэгийгээ хангаж чаддаг байх ёстой ба Сатаны занганд унавал харамсахад хэтэрхий оройтсон байх болно. Яагаад Би та нарыг ийнхүү яаран сургаж байна вэ? Яагаад Би та нарт сүнсний ертөнцийн бодит баримтыг хэлж өгдөг вэ? Яагаад Би та нарт ахин дахин сануулж, захидаг вэ? Та нар энэ талаар ер нь бодож үзэж байсан уу? Бодож тунгаагаад ер нь тодорхой ойлгосон уу? Тиймээс та нар өнгөрсөн үеийн суурин дээр үндэслэн өөрсдийгөө боловсруулаад зогсохгүй, түүнчлэн өнөөдрийн үгийн удирдамж дор өөрсдийн доторх хольцыг арилган, Миний үг болгоныг сүнсэн дотроо үндэслүүлж, цэцэглүүлж, бүр ч чухал нь илүү их жимс гаргах хэрэгтэй. Учир нь Миний шаарддаг зүйл бол гоёмсог цэцэгс биш, харин элбэг дэлбэг үр жимс буюу мууддаггүй үр жимс юм. Миний үгийн жинхэнэ утгыг ойлгов уу? Хүлэмжин дэх цэцэгс одод шиг тоо томшгүй олон агаад бахдан биширсэн олны сэтгэлийг татдаг хэдий ч хатаж гандмагцаа Сатаны овжин явуулга шиг салбайж навсайдаг ба хэн ч тэдгээрийг сонирхдоггүй. Харин салхинд үлээгдэн, наранд шарагдаж, Надад гэрчлэл хийдэг бүх хүн гоёмсог сайхнаар цэцэглэдэггүй хэдий ч цэцэгс нь хагдармагц жимсэлдэг, учир нь Би тэгэхийг шаарддаг билээ. Эдгээр үгийг хэлэх үед минь та нар хэр ихийг ойлгож байна вэ? Цэцэгс гандаж, үр жимс ургамагц, мөн энэ бүх жимс Миний таашаалын төлөө өгөгдмөгц Би газар дээрх бүх ажлаа төгсгөж, Өөрийн мэргэн ухааны биелэлтийг эдэлж эхэлнэ!

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 3-р бүлэг

612. Бурханд удаан хугацаанд итгэсэн хүмүүс гайхалтай сайхан хүрэх газартай болно гэж чин сэтгэлээсээ найдсаар ирсэн бөгөөд өөрсдөд нь зол завшаан гэнэт тохионо гэж Бурханы бүх итгэгч найддаг. Тэгээд нэг л мэдэхэд тэнгэрт хаа нэгтээ амар амгалан сууж байх болно гэж тэд бүгд найддаг. Гэхдээ сайхан бодолтой энэ хүмүүс тэнгэрээс унаж ирэх тийм сайн зол завшааныг хүлээн авах юм уу тэнгэр дэх суудалд суухад тэнцэх эсэхээ ч огт мэдээгүй гэж Би хэлдэг. Та нар одоо өөрсдийгөө сайн мэддэг хэр нь эцсийн өдрүүдийн гай гамшиг болон муу хүмүүсийг шийтгэдэг Төгс Хүчитийн гараас зугтаж чадна гэж найдсаар байгаа. Сайхан мөрөөдөлтэй байж, аливааг өөрсдийнхөөрөө байлгахыг хүсэх нь ганц нэг хүний гайхалтай санаа биш, харин Сатаны завхруулсан бүх хүний нийтлэг онцлог юм шиг санагддаг. Тэгсэн ч гэсэн Би та нарын хэрээс хэтэрсэн энэ хүсэл болон ерөөл хүртэх гэсэн эрмэлзлийг эцэс болгохыг хүссээр л байна. Та нарын гэм буруу тоо томшгүй, тэрслүү байсан баримтууд ч үргэлж нэмэгдэж байхад ирээдүйн төлөөх сайхан төлөвлөгөө чинь үүнтэй яаж тохирох юм бэ? Чи биеэ огт барилгүйгээр, хүссэнээрээ алдаа гаргадаг атлаа мөрөөдөл чинь биелээсэй гэж хүссээр байгаа бол гүн нойрссоор байж, хэзээ ч бүү сэр гэж Би чамайг шавдуулна—учир нь чинийх бол хий хоосон мөрөөдөл бөгөөд зөвт Бурханы өмнө Тэр чамайг онцлон үзэхгүй. Хэрвээ чи мөрөөдөл чинь биелээсэй гэж л хүсдэг бол хэзээ ч бүү мөрөөд; харин үнэн болон баримттай үүрд нүүр тул. Энэ л чиний аврагдаж болох цорын ганц зам юм. Энэхүү арга барилын тодорхой алхмууд юу вэ?

Нэгдүгээрт, бүх гэм буруугаа харж, үнэнтэй нийцдэггүй бүх ааш авир, бодлоо шинжил.

Та нарын амархан хийж чадах нэг зүйл бол энэ бөгөөд оюун ухаантай бүх хүн үүнийг хийж чадна гэж Би итгэж байна. Гэвч, гэм буруу болон үнэн гэж юу гэсэн үг болохыг огт мэддэггүй хүмүүс үүнд хамаарахгүй, учир нь үндсэндээ тэд бол оюун ухаантай хүмүүс биш юм. Би Бурханаар хүлээн зөвшөөрөгдсөн, үнэнч, захиргааны ямар ч зарлигийг ноцтой зөрчөөгүй, гэм буруугаа амархан таньж мэддэг хүмүүстэй ярилцаж байна. Энэ нь та нараас Миний шаарддаг нэг зүйл бөгөөд биелүүлэхэд амархан хэдий ч энэ нь та нараас Миний шаарддаг цорын ганц зүйл биш. Ямартай ч, энэ шаардлагыг та нар нууцаар шоолохгүй, ялангуяа үүнийг дорд үзэж, хөнгөн хуумгай хандахгүй гэж Би найдаж байна. Үүнд нухацтай хандах ёстой ба хайхрамжгүй хандаж болохгүй.

Хоёрдугаарт, гэм буруу болон дуулгаваргүй байдал бүрдээ холбогдох үнэнийг эрж хайн, энэ үнэнийг ашиглан тэдгээр асуудлыг шийдвэрлэ. Тэгээд дараа нь гэм буруутай үйл хэрэг болон дуулгаваргүй бодол, үйлдлээ үнэний хэрэгжүүлэлтээр орлуул.

Гуравдугаарт, үргэлж сүйхээтэй, байнга овжин байдаг биш, харин үнэнч хүн бай. (Энд Би та нараас үнэнч хүн байгаач гэж дахин хүсэж байна.)

Энэ гурван зүйлийг бүгдийг нь биелүүлж чаддаг бол чи хувьтай хүмүүсийн нэг буюу мөрөөдөл нь биелж, сайн зол завшаан хүртдэг хүн юм. Та нар энэ гурван таагүй хүсэлтэд нухацтай хандаж магадгүй, эсвэл хариуцлагагүй хандаж магадгүй. Аль нь ч бай, Миний зорилго бол та нарын мөрөөдлийг биелүүлж, туйлын зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө болохоос та нараар даажигнаж, тоглоом хийх явдал биш юм.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө

613. Надад маш их найдлага бий. Та нар биеэ зүй зохистой, хүмүүжилтэй байдлаар авч явж, үүргээ үнэнчээр биелүүлж, үнэн болон хүн чанарыг эзэмшиж, байгаа бүхнээ, бүр амиа ч гэсэн Бурханы төлөө өгч чадна гэх зэргээр Би найддаг. Энэ бүх итгэл найдвар та нарын дутагдал, завхрал, дуулгаваргүй байдлаас үүддэг. Та нартай ярилцсан ярианаас минь нэг нь ч анхаарлыг чинь татахуйц байгаагүй бол Би дахиад юм хэлэхгүй байсан нь дээр бололтой. Гэхдээ та нар үүний үр дүн ямар байхыг ойлгож байгаа. Би бараг амардаггүй тул хэрвээ Би үг хэлэхгүй бол хүмүүсийн харж болох ямар нэг зүйлийг хийнэ. Би хэн нэгний хэлийг өмхийрүүлж, хэн нэгнийг мөчлөн үхүүлж, эсвэл хүмүүсийг сэтгэцийн эмгэгтэй болгож, маш олон арга замаар үзэшгүй муухай харагдуулж чадна. Бас Би өөрсдөд нь зориулж тусгайлан нэрсэн тарчлаанаа хүмүүст амсуулж чадна. Ингэвэл Би баяр хөөртэй, маш аз жаргалтай, тун сэтгэл ханамжтай байна. “Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хорлол” гэж дандаа хэлдэг байсан, тэгвэл одоо яагаад болохгүй гэж? Хэрвээ чи Намайг эсэргүүцэж, Надад шүүмжлэлтэй хандмаар байвал Би амыг чинь өмхийрүүлж, үүндээ эцэс төгсгөлгүйгээр баясна. Учир нь эцсийн эцэст, чиний хийсэн зүйл бол үнэн биш, тэр ч байтугай амьтай ямар ч хамаагүй байхад Миний хийдэг бүхэн бол үнэн юм; Миний бүх үйлдэл ажлын минь зарчим болон Миний тогтоосон захиргааны зарлигтай хамаатай байдаг. Тиймээс дор бүрнээ жаахан сайн чанар хуримтлуулж, ийм их мууг хийдгээ больж, завтай цагтаа Миний шаардлагуудыг анхаар гэж Би та нарыг шавдуулж байна. Тэгвэл Би баярлана. Хэрвээ та нар махан биедээ зориулдаг хичээл зүтгэлийнхээ мянганы нэгийг үнэнд нэмэрлэдэг (эсвэл хандивладаг) байсан бол байнга гэм буруу үйлдэж, өмхийрсөн амтай явахгүй байх байсан гэдгийг Би хэлэх байна. Энэ нь илэрхий биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Гэм буруу нь хүнийг там руу хөтөлнө

614. Бүтээлүүдийн нэг болохын хувьд хүн өөрт оногдсон байраа хадгалж, ухамсартайгаар авирлаж, Бүтээгчийн өөрт нь даалгасан зүйлийг хариуцлагатайгаар биелүүлэх ёстой. Хүн хэмжээ хязгаараас хэтэрч, чадвар чансаанаас нь давсан зүйл юм уу Бурханы жигшдэг зүйлийг хэзээ ч хийх ёсгүй. Хүн агуу, онцгой, бусдаас дээр байхаар хичээх ёсгүй, мөн Бурхан болох гэж эрэлхийлэх ёсгүй. Хүмүүс ийм байхыг хүсэх ёсгүй юм. Агуу, онцгой болохыг эрэлхийлнэ гэдэг нь утгагүй зүйл. Бурхан болохыг хичээх нь бүр ч гутамшигтай; энэ нь ой гутаж, жигшмээр үйлдэл юм. Магтууштай зүйл буюу бүтээлүүдийн юунаас ч илүүгээр баримтлах ёстой зүйл нь жинхэнэ бүтээл болох явдал; энэ л бүх хүний эрэлхийлэх ёстой цорын ганц зорилго билээ.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө I

615. Та нар дор бүрнээ нээлттэй, үнэнч зүрх сэтгэлээр өөрсдийнхөө үүргийг чадлынхаа хэрээр биелүүлж, ямар ч төлөөс төлөхөд бэлэн байх ёстой. Та нарын хэлснээр, тэр өдөр ирэхэд Өөрийнх нь төлөө зовж, төлөөс төлсөн хэнд ч Бурхан хайхрамжгүй хандахгүй. Ийм итгэл үнэмшлийг байнга баримталбаас зохистой бөгөөд хэзээ ч мартах ёсгүй. Ийм маягаар л Би та нарын тухайд сэтгэл амар байж чадна. Эс бөгөөс, Би та нарын тухайд хэзээ ч сэтгэл амар байж чадахгүй бөгөөд та нар үүрд Миний зэвүүцлийн бай байх болно. Хэрвээ та нар бүгд мөс чанараа дагаж, бүх зүйлээ Надад зориулж, Миний ажлын төлөө хүчин чармайлтаа хайрлалгүй, насан туршийн эрч хүчээ Миний сайн мэдээний ажилд зориулж чадвал та нарын ачаар зүрх сэтгэл минь баярлан догдлохгүй гэж үү? Ийм маягаар Би та нарын тухайд бүрмөсөн санаа амар байж чадна, тийм биз дээ?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүрэх газрын тухай

616. Чи эрин үеийн ач холбогдлыг зохистой дамжуулдаг хэлээр, эрин үе бүрд Бурханы илэрхийлсэн зан чанарыг бодитой байдлаар ярьж чадах уу? Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг туулдаг чи Бурханы зөвт зан чанарыг нарийвчлан дүрсэлж чадах уу? Чи Бурханы зан чанарыг тодорхой, нарийн зөв гэрчилж чадах уу? Чи зөв шударга байдлаар өлсөж, цангадаг, чамаар хариулуулахаар хүлээж байгаа өрөвдөлтэй, ядуу, чин сүсэгт шашны итгэгчдэд өөрийн үзсэн, туулсан зүйлийг хэрхэн дамжуулах вэ? Чамаар хариулуулах гээд ямар янзын хүмүүс чамайг хүлээж байгаа бол? Чи төсөөлж чадах уу? Мөрөн дээрх ачаа, даалгавар, үүрэг хариуцлагаа чи мэдэж байна уу? Түүхэн үүрэг хариуцлагын мэдрэмж чинь хаана байна вэ? Чи яаж дараагийн эрин үеийн эзэн болох вэ? Чамд эзэн хүний хүчтэй мэдрэмж бий юу? Бүх зүйлийн эзэн гэдгийг чи хэрхэн тайлбарлах вэ? Энэ нь үнэхээр дэлхий дээрх бүх амьд амьтан болон бүх зүйлийн эзэн үү? Ажлын дараагийн үе шат руу урагшлах ямар төлөвлөгөө чамд байна вэ? Чамайг хоньчноо болгохоор хэдэн хүн хүлээж байгаа вэ? Чиний даалгавар хүнд үү? Тэд ядуу, өрөвдөлтэй, сохор, аргаа барсан бөгөөд харанхуйд уйлж байна—зам хаана байна вэ? Харвах од мэт гэрэл гэнэт бууж, хүнийг маш олон жилийн турш дарангуйлсан харанхуйн хүчийг сарниулахыг тэд ямар их хүлээдэг билээ. Тэд ямар их дэнслэн найдаж, үүнийг өдөр шөнөгүй мөрөөдөж байгааг хэн мэдэх юм бэ? Гүнээ зовж буй энэ хүмүүс гэрэл гарах өдөр ч гэсэн суллагдах итгэл найдваргүйгээр харанхуй гянданд хоригдсоор байдаг; тэд хэзээ гашуудан уйлахаа болих вэ? Амар заяа үзээгүй энэ сул дорой сүнснүүдийн золгүй явдал аймшигтай бөгөөд өршөөлгүй хүлээс болон цэвдэг түүх тэднийг аль хэдийн ийм байдалтай болгон хүлсэн. Тэдний гашуудан уйлах чимээг хэн сонссон бэ? Гунигтай царайг нь хэн харсан бэ? Бурханы зүрх сэтгэл хэчнээн гашуудаж, түгшиж байдгийг чи ер нь бодож үзэж байсан уу? Өөрийн гараар бүтээсэн гэмгүй хүн төрөлхтөн нь ийм тарчлаан амсаж байгааг Тэр яаж тэвчиж чадах юм бэ? Эцсийн эцэст, хүн төрөлхтөн бол хордсон хохирогчид. Хэдийгээр хүн өнөөг хүртэл золоор амьд үлдсэн ч гэсэн хүн төрөлхтнийг муу ёрын нэгэн аль хэдийн хордуулсан гэдгийг хэн мэдэх билээ? Чи хохирогчдын нэг гэдгээ мартчихсан уу? Бурханыг гэх хайраасаа болоод чи амьд үлдсэн энэ хүмүүсийг аврахаар чармайхыг хүсэхгүй байна уу? Хүн төрөлхтнийг Өөрийн мах цус шигээ хайрладаг Бурханы ачийг хариулахын тулд хамаг эрч хүчээ зориулахыг хүсэхгүй байна уу? Эцсийн эцэст Бурханаар ашиглуулан энэхүү ер бусын амьдралаар амьдрахыг чи хэрхэн тайлбарлах вэ? Чамд сүсэг бишрэлтэй, Бурханд үйлчилдэг хүний утга учиртай амьдралаар амьдрах шийдвэр болон итгэл үнэхээр байна уу?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи ирээдүйн үүрэгтээ хэрхэн хандах ёстой вэ?

617. Бүтээгдсэн зүйл болохын хувьд чи мэдээж Бурханд шүтэн мөргөж, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Хэрвээ чи Бурханд шүтэн мөргөхгүй, харин бузар махан биед амьдарвал зүгээр л хүний өмсгөлтэй араатан биш гэж үү? Хүн болохын хувьд чи Бурханы төлөө өөрийгөө зарцуулж, бүх зовлонг тэвчих ёстой! Өнөөдөр өөрт чинь учирсан жаахан зовлонг чи баяртайгаар, итгэлтэйгээр хүлээн авч, Иов, Петр хоёр шиг утга учиртай амьдралаар амьдрах ёстой. Энэ дэлхий ертөнцөд хүн диаволын хувцсыг өмсөж, диаволын өгсөн хоолыг идэж, диаволын хяналтан дор ажиллаж, үйлчилж, түүний бузар заваанд нухлагддаг. Хэрвээ чи амьдралын утга учрыг ухаардаггүй, эсвэл үнэн замыг олж авдаггүй бол ингэж амьдрахад ямар ач холбогдол байх юм бэ? Та нар бол зөв замыг эрэлхийлдэг, ахиц дэвшлийг эрж хайдаг хүмүүс юм. Та нар бол агуу улаан лууны улс оронд өндийн боссон, Бурханы зөв шударга гэж нэрлэдэг хүмүүс билээ. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хэрэгжүүлэлт 2

618. Та нар энэхүү амар амгалан орчинд Бурханыг хайрлахаар оролдох ёстой. Хожим та нарт Бурханыг хайрлах ямар ч боломж байхгүй байх болно, учир нь махан биетэй байхдаа л хүмүүс Бурханыг хайрлах боломжтой байдаг; тэднийг өөр ертөнцөд амьдрах үед хэн ч Бурханыг хайрлах талаар ярихгүй. Энэ нь бүтээгдсэн зүйлийн хариуцлага биш гэж үү? Иймээс амьдралынхаа өдрүүдэд та нар Бурханыг хэрхэн хайрлах ёстой вэ? Чи энэ талаар ер нь бодож байсан уу? Чи үхсэнийхээ дараа л Бурханыг хайрлах гээд хүлээж байна уу? Энэ нь хоосон яриа биш гэж үү? Өнөөдөр яагаад чи Бурханыг хайрлахаар зорьдоггүй юм бэ? Завгүй байх зуураа Бурханыг хайрлах нь Бурханыг гэсэн жинхэнэ хайр байж болох уу? Бурханы ажлын энэ алхам удахгүй төгсгөлдөө очно гэж хэлсний шалтгаан бол Сатаны өмнө Бурханд аль хэдийн гэрчлэл бий. Тиймээс ямар нэгэн зүйл хийх хэрэг хүнд байхгүй; амьд байгаа хугацаандаа Бурханыг хайрлахаар эрж хайхыг хүнээс хүсдэг төдий юм—энэ нь гол зүйл. Бурханы шаардлагууд өндөр биш учраас, түүнчлэн Түүний зүрх сэтгэлд тэсэхийн аргагүй түгшүүр байдаг учраас Тэр ажлын энэхүү алхам дуусахаас өмнө ажлын дараагийн алхмын хураангуйг илчилсэн ба энэ нь хэр их цаг үлдсэнийг тодорхой харуулдаг; хэрвээ Бурхан зүрх сэтгэлдээ түгшээгүй байсан бол эдгээр үгийг ийм эрт хэлэх байсан гэж үү? Цаг бачим учраас Бурхан ийм маягаар ажилладаг. Та нар яг л амиа нандигнадаг шигээ Бурханыг бүх зүрх сэтгэлээрээ, бүх оюун ухаанаараа, бүх хүч чадлаараа хайрлаж чадна гэж найдаж байна. Энэ нь хамгийн утга учиртай амьдрал биш гэж үү? Өөр хаанаас та нар амьдралын утга учрыг олох юм бэ? Чи маш сохор байгаа бус уу? Чи Бурханыг хайрлахад бэлэн байна уу? Бурхан хүний хайрыг хүртэх үнэ цэнтэй юу? Хүмүүс хүний бахдал бишрэлийг хүртэх үнэ цэнтэй юу? Тэгвэл чи юу хийх ёстой вэ? Бурханыг зоригтойгоор, бүхий л зүрх сэтгэлээрээ хайрла—тэгээд Бурхан чамд юу хийхийг хар. Тэр чамайг хөнөөх эсэхийг хар. Дүгнэж хэлэхэд, Бурханыг хайрлах үүрэг даалгавар нь Бурханы төлөө аливааг хуулж, бичихээс илүү чухал. Чи хамгийн чухал зүйлийг нэгдүгээрт тавих ёстой, ингэснээр чиний амьдрал илүү утга учиртай, аз жаргалаар дүүрэн болох бөгөөд дараа нь чи Бурханы чамд зориулсан “ялыг” хүлээх ёстой. Чиний төлөвлөгөө Бурханыг хайрлах явдлыг багтаах болов уу гэж Би гайхаж байна. Хүн бүхний төлөвлөгөө нь Бурханы биелүүлэх зүйл болж, бодит байдал болоосой гэж Би хүсэж байна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Нууцын тухай тайлбар, 42-р бүлэг

619. Хүн утга учиртай амьдралыг амьдран харуулахаар зорих ёстой ба одоогийн нөхцөл байдалдаа сэтгэл ханах ёсгүй. Петрийн дүр төрхийг амьдран харуулахын тулд хүн Петрийн мэдлэг, туршлагыг эзэмших ёстой. Хүн илүү өндөр дээд, илүү гүн гүнзгий зүйлсийг эрэлхийлэх ёстой. Бурханыг гэх илүү гүн гүнзгий, илүү ариун хайрыг, мөн үнэ цэнтэй, утга учиртай амьдралыг эрэлхийлэх ёстой. Зөвхөн энэ л амьдрал юм; энэ үед л хүн Петртэй адил байх болно. Чи эерэг талд идэвхтэйгээр орох идэвх санаачилга гаргахад төвлөрөх ёстой ба илүү гүн гүнзгий, илүү нарийн ширийн, илүү бодитой үнэнийг үл хайхран орхих зуураа түрхэн зуурын амар тайвны төлөө ухарч няцахыг өөртөө дуулгавартайяа зөвшөөрөх ёсгүй. Чиний хайр бодит байх ёстой ба чи энэхүү доройтож гажуудсан, зовох юмгүй, амьтныхаас өөрцгүй амьдралаас өөрийгөө чөлөөлөх арга замыг олох ёстой. Чи утга учиртай, үнэ цэнтэй амьдралыг амьдран харуулах ёстой бөгөөд өөрийгөө хуурч, амьдралаа тоглоом шиг үзэх ёсгүй. Бурханыг хайрлахаар хүсэн тэмүүлдэг хүн бүрийн хувьд олж авч чадашгүй үнэн гэж үгүй бөгөөд бат зогсож чадахааргүй шударга ёс гэж үгүй билээ. Чи хэрхэн амьдрах ёстой вэ? Чи Бурханыг хэрхэн хайрлаж, Түүний хүслийг биелүүлэхийн тулд энэхүү хайраа хэрхэн ашиглах ёстой вэ? Чиний амьдралд үүнээс илүү том зүйл байхгүй. Юун түрүүнд, чи тийм хүсэл тэмүүлэл, цөхрөлтгүй оролдлоготой байх ёстой ба ноён нуруугүй, сул дорой амьтад шиг байх ёсгүй. Чи утга учиртай амьдралыг, утга учиртай үнэнийг хэрхэн туулахыг сурах ёстой бөгөөд тийм маягаар өөртөө хааш яаш хандах ёсгүй. Нэг л мэдэхэд амьдрал чинь урсаад өнгөрнө; үүний дараа чамд Бурханыг хайрлах өөр боломж олдох уу? Үхсэнийхээ дараа хүн Бурханыг хайрлаж чадах уу? Чи Петр шиг хүсэл тэмүүлэлтэй, мөс чанартай байх ёстой; амьдрал чинь утга учиртай байх ёстой, мөн чи өөрөөрөө тоглох ёсгүй. Хүний хувиар, Бурханыг эрэлхийлдэг хүний хувиар чи амьдралдаа хэрхэн хандахаа, өөрийгөө Бурханд хэрхэн өргөл болгох ёстойгоо, Бурханд итгэх итгэлээ хэрхэн илүү утга учиртай байлгах ёстойгоо болон нэгэнт Бурханыг хайрладаг тул яаж илүү ариун, илүү сайхан, илүү сайн байдлаар Түүнийг хайрлах ёстойгоо анхааралтай бодолцон үзэж чаддаг байх ёстой.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Петрийн туршлага: гэсгээлт, шүүлтийн талаарх түүний мэдлэг

620. Хүн төрөлхтнөөс болон Өөрийг нь дагадаг хүмүүсээс Бурхан дараах зөв шаардлагуудыг шаарддаг. Бурхан Өөрийг нь дагадаг хүмүүсээс таван зүйл шаарддаг: жинхэнэ итгэл, үнэнчээр дагах, туйлын дуулгавартай байдал, жинхэнэ мэдлэг, чин сэтгэлийн хүндэтгэл.

Энэхүү таван зүйлээр Бурхан, Өөрт нь эргэлзэхээ больж, өөрсдийн төсөөлөл, тодорхойгүй, хийсвэр үзэл бодлыг ашиглан Өөрийг нь дагахаа болихыг хүмүүсээс шаарддаг; тэд ямар нэг төсөөлөл, үзэл дээр үндэслэж Бурханыг дагах ёсгүй. Бурхан, Өөрийг нь дагадаг хүн бүрээс хайнга, хоёрдмол сэтгэлээр бус үнэнчээр дагахыг шаарддаг. Бурхан чамд ямар нэгэн шаардлага тавьж, чамайг туршиж, шүүж, чамтай харьцаж, чамайг засаж, сахилгажуулж, цохих үед чи Түүнд бүрэн дүүрэн захирагдах ёстой. Чи учир шалтгааныг нь асууж, болзол тавих ёсгүй, тэр ч байтугай, шалтаг хэлэх ёсгүй. Дуулгавартай байдал чинь туйлын байх ёстой. Бурханы талаарх мэдлэг бол хүмүүсийн хамгийн дутуу дулимаг байдаг талбар юм. Тэд Бурханд хамааралгүй хэллэг, айлдвар, үгсийг дандаа Түүнд тулгаж, эдгээр үг нь Бурханы талаарх мэдлэгийн хамгийн үнэн зөв тодорхойлолт гэж итгэдэг. Хүний төсөөлөл, дүгнэлт, мэдлэгээс гарсан зарим хэллэг нь Бурханы мөн чанарт өчүүхэн ч хамааралгүй гэдгийг тэд огт мэддэггүй. Ийм учраас хүмүүсийг олж аваасай гэж Бурханы хүсдэг мэдлэгийн тухайд, Бурхан чамаас зүгээр нэг Өөрийг нь, Өөрийнх нь үгийг танин мэдэхийг шаарддаггүй, харин Түүний талаарх мэдлэг чинь зөв байхыг шаарддаг гэдгийг Би та нарт хэлмээр байна. Хэдийгээр чи ганцхан өгүүлбэр хэлж чаддаг, өчүүхэн багыг л мэддэг ч гэсэн, энэхүү өчүүхэн бага мэдлэг чинь үнэн зөв, жинхэнэ бөгөөд Бурханы Өөрийнх нь мөн чанартай нийцдэг. Учир нь, Өөрийг нь бодитой бус, бодлогогүйгээр магтаж, сайшаахыг Бурхан жигшдэг. Түүнээс ч илүүтэйгээр, хүмүүс Түүнд агаар шиг хандахыг Тэр үзэн яддаг. Бурханы талаарх сэдвээр ярилцах үеэр хүмүүс ямар ч баримтгүйгээр, дураараа, тээнэгэлзэлгүй, зоргоороо ярихыг Тэр үзэн яддаг; түүнчлэн, Бурханыг мэддэг гэж итгэдэг, Түүний талаарх мэдлэгээрээ бардамнадаг, Түүний талаарх сэдвээр огт биеэ барилгүй, эрээ цээргүй ярилцдаг хүмүүсийг Тэр үзэн яддаг. Дээр дурдсан тэрхүү таван шаардлагын хамгийн сүүлийнх нь чин сэтгэлийн хүндэтгэл юм: Энэ бол Өөрийг нь дагадаг бүх хүнд тавих Бурханы эцсийн шаардлага билээ. Хүн Бурханы талаар үнэн, зөв мэдлэгтэй байвал Бурханыг үнэхээр хүндэтгэж, муугаас зайлж чаддаг. Энэхүү хүндэтгэл нь тэдний зүрх сэтгэлийн гүнээс гардаг; Бурханы шахалтын улмаас бус, харин сайн дураараа ийнхүү хүндэлдэг. Бурхан чамаас ямар нэгэн сайхан хандлага, биеэ авч явах байдал, гаднах зан авираар бэлэг барь гэж шаарддаггүй; харин зүрх сэтгэлийнхээ гүнд Өөрийг нь хүндэтгэж, Өөрөөс нь эмээхийг Тэр чамаас шаарддаг. Амь зан чанар чинь өөрчлөгдөж, Бурханы талаар мэдлэгтэй, Бурханы үйлсийн талаар ойлголттой болж, Бурханы мөн чанарын талаар ойлгож авч, мөн өөрийгөө Бурханы бүтээлийн нэг гэдэг бодит үнэнийг хүлээн зөвшөөрсний улмаас ингэж хүндэлдэг болдог. Иймд энд хүндэтгэлийг тодорхойлохдоо “чин сэтгэлийн” гэдэг үгийг хэрэглэсэн Миний зорилго бол Бурханыг хүндлэх хүндэтгэл нь зүрх сэтгэлийнх нь гүнээс гарах ёстой гэдгийг хүмүүст ойлгуулахын төлөө юм.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Цор ганц Бурхан Өөрөө X

621. Одоо та нар, дотор чинь Надаас урвах урвалт хэр их үлдсэнийг мэдэхийн тулд өөрсдийгөө аль болох хурдан шинжлэх ёстой. Та нарын хариуг Би тэсэн ядан хүлээж байна. Надтай харьцахдаа хуумгай бүү бай. Би хэзээ ч хүмүүстэй тоглоом тоглодоггүй. Хэрвээ Би ямар нэг юм хийнэ гэж хэлсэн бол гарцаагүй хийнэ. Би та нар дор бүрнээ Миний үгийг нухацтай авч үздэг хүмүүс байж, тэдгээрийг шинжлэх ухааны зөгнөлт зохиол мэт үзэхгүй гэдэгт Би найдаж байна. Би та нараас төсөөлөл биш, бодитой үйлдэл л хүсдэг. Дараа нь та нар Миний энэ асуултуудад хариулах ёстой: 1. Хэрвээ чи үнэхээр үйлчлэл үзүүлэгч мөн бол хайнга, сөрөг байдлын ямар ч элементгүйгээр Надад үнэнчээр үйлчлэл үзүүлж чадах уу? 2. Чамайг хэзээ ч үнэлж байгаагүйг минь олж мэдэх юм бол чи насан туршдаа үлдээд, Надад үйлчлэл үзүүлсээр байж чадах уу? 3. Чамайг ихээхэн хичээл зүтгэл гаргасан ч гэсэн Би чамд тун хүйтэн хөндий хандсаар байвал анзаарагдалгүйгээр Миний төлөө үргэлжлүүлэн ажиллаж чадах уу? 4. Чамайг Миний төлөө зарлага гаргасны дараа Би ялихгүй хүсэлтийг чинь биелүүлдэггүй бол чи сэтгэлээр унаж, Надад урам хугарах уу, эсвэл бүр уурсан хилэгнэж, хараал зүхэл хашхирах уу? 5. Хэрвээ чи Надад үргэлж маш үнэнч байж, Намайг ихэд хайрлаж байсан ч өвчин зовлон, ядуурлын тарчлаан амсаж, найз нөхөд, төрөл төрөгсдөдөө орхигдох юм уу амьдралдаа өөр золгүй явдал туулбал Намайг гэх үнэнч зан, хайр чинь үргэлжилсээр байх уу? 6. Зүрх сэтгэлдээ төсөөлсөн зүйлээс чинь нэг нь ч Миний хийсэнтэй таардаггүй бол чи ирээдүйн замдаа хэрхэн алхах вэ? 7. Хэрвээ чи хүртэнэ гэж найдаж байсан зүйлийнхээ нэгийг нь ч хүлээн авч чадахгүй бол Миний дагалдагч хэвээр байж чадах уу? 8. Хэрвээ чи Миний ажлын зорилго, ач холбогдлыг хэзээ ч ойлгож байгаагүй бол дураараа шүүлт хийж, дүгнэлт гаргадаггүй дуулгавартай хүн байж чадах уу? 9. Намайг хүн төрөлхтөнтэй хамт байх зуур чи Миний хэлсэн бүх үг, хийсэн бүх ажлыг эрхэмлэн нандигнаж чадах уу? 10. Чи ямар нэг юм хүлээн авахгүй байсан ч гэсэн, насан туршдаа Миний төлөө зовоход бэлэн, Миний үнэнч дагалдагч байж чадах уу? 11. Миний төлөө чи ирээдүйн амьдралын замаа бодолцон үзэхгүй, төлөвлөхгүй, бэлдэхгүй байж чадах уу? Эдгээр асуулт та нарт тавих Миний сүүлчийн шаардлагыг төлөөлдөг бөгөөд та нар бүгд Надад хариулт өгч чадна гэж Би найдаж байна.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2

622. Би чиний одоогийн үнэнч зан, дуулгавартай байдал, одоогийн хайр болон гэрчлэлийг л хүсдэг. Энэ мөчид чи гэрчлэл гэж юу болох, хайр гэж юу болохыг мэдэхгүй байсан ч гэсэн өөрт байгаа бүхнээ Надад авчирч, өөртөө байгаа цорын ганц үнэт эрдэнэс болох үнэнч зан, дуулгавартай байдлаа Надад өгөх ёстой. Хүний үнэнч зан, дуулгавартай байдал бол Миний Сатаныг ялсан гэдгийн, түүнчлэн хүнийг Би бүрэн байлдан дагуулсан гэдгийн гэрчлэл гэдгийг чи мэдэх ёстой. Чи Надад итгэхдээ Надад гэрчлэл хийж, өөр хэнд ч биш Надад үнэнч байж, эцсээ хүртэл Надад дуулгавартай байх үүрэгтэй. Ажлынхаа дараагийн алхмыг эхлэхээс минь өмнө чи Надад хэрхэн гэрчлэл хийх вэ? Надад чи яаж үнэнч, дуулгавартай байх вэ? Чи өөрийн чиг үүрэгт бүх үнэнч байдлаа зориулах уу, эсвэл зүгээр л бууж өгөх үү? Чи Миний зохицуулалт бүрд (үхэл, сүйрэл байсан ч гэсэн) захирагдахыг илүүд үзэх үү, эсвэл Миний гэсгээлтээс зайлсхийхийн тулд замын хагасаас зугтах уу? Надад гэрчлэл хийж, Надад үнэнч, дуулгавартай байг гэсэндээ Би чамайг гэсгээдэг. Мөн одоогийн гэсгээлт нь Миний ажлын дараагийн алхмыг нээж, ажлыг саадгүй урагшлуулахын төлөө байдаг. Тиймээс чамайг ухаалаг байж, өөрийн амь болоод оршин тогтнолын ач холбогдлыг ямар ч үнэ цэнгүй атга шороо мэт үзэхгүй байхыг Би зөвлөж байна. Миний ирэх ажил яг ямар байхыг чи мэдэх үү? Ирэх өдрүүдэд Миний яаж ажиллахыг, Миний ажил хэрхэн өрнөхийг чи мэдэх үү? Чи Миний ажлыг мэдэрч туулж байгаагийнхаа ач холбогдлыг төдийгүй, Надад итгэх итгэлийнхээ ач холбогдлыг мэдэх хэрэгтэй. Би маш их ажил хийсэн, чиний бодсон шиг замынхаа хагаст больж яаж чадах билээ? Би ийм өргөн цар хүрээтэй ажил хийсэн; яаж үүнийгээ үгүй хийж чадах билээ? Үнэхээр ч Би энэ эрин үеийг дуусгавар болгохоор ирсэн. Энэ бол үнэн, гэвч үүнээс гадна Би шинэ эрин үеийг эхлүүлж, шинэ ажлыг эхлүүлж, хамгийн гол нь хаанчлалын сайн мэдээ түгээх гэж байгааг чи мэдэх ёстой. Тиймээс одоогийн ажил нь зөвхөн эрин үеийг эхлүүлж, ирэх цагийн сайн мэдээг түгээж, ирээдүйд эрин үеийг төгсгөл болгох суурийг тавихын төлөө юм гэдгийг чи мэдэх хэрэгтэй. Миний ажил чиний боддог шиг тийм ч энгийн биш, чиний итгэдэг шиг ямар ч үнэ цэнгүй, утга учиргүй ч биш. Тиймээс Би чамд бас л ингэж хэлэх ёстой: Чи Миний ажилд амиа зориулах учиртай бөгөөд цаашлаад өөрийгөө Миний алдрын төлөө зориулах ёстой. Надад гэрчлэл хийхийг чинь Би удаан хүсэн хүлээсэн, Миний сайн мэдээг түгээхийг чинь бүр ч удаан хүсэн хүлээсэн. Чи Миний зүрх сэтгэлд байгаа зүйлийг ойлгох учиртай.

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?

Өмнөх: 13. Бурханы шаардлага, ятгалга, тайтгарал болон анхааруулгын тухай үгс

Дараах: 13.2. Хүнд хандсан Бурханы ятгалга, тайтгарал

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих