12. Хаанчлалын эрин үеийн үндсэн хууль, захиргааны зарлиг, тушаалуудын тухай сонгодог үгс
595. Миний төлөвлөсөн ажил нэг ч хором зогсолгүй урагшилсаар байдаг. Хаанчлалын эрин үед орж, та нарыг Өөрийн ардууд болгон хаанчлалдаа оруулсан тул Би та нарт өөр шаардлагууд тавина; өөрөөр хэлбэл, энэхүү эринийг захирахдаа баримтлах үндсэн хуулийг Би та нарын өмнө тунхаглан зарлаж эхэлнэ:
Та нар Миний ардууд гэж нэрлэгддэг тул Миний нэрийг алдаршуулж чаддаг байх ёстой; өөрөөр хэлбэл, шалгалтын дунд гэрчлэлд зогс. Хэрвээ хэн нэгэн Намайг аргалж, Надаас үнэнийг нуух гэж оролдвол, эсвэл Миний араар шившигтэй үйл хийвэл тийм хүмүүс бүгд ялгаагүй Миний гэрээс хөөгдөж, зайлуулагдан, өөрсөдтэй нь харьцахыг минь хүлээнэ. Урьд нь Надад үнэнч бус, ачлалгүй байсан хүмүүс, мөн өнөөдөр Намайг ил тод шүүхээр дахин өндийн босдог хүмүүс ч бас Миний гэрээс хөөгдөнө. Миний ардууд ачаанд минь үргэлж анхаарал хандуулж, түүнчлэн үгийг минь мэдэхээр эрэлхийлэх ёстой. Ийм хүмүүсийг л Би гэгээрүүлэх бөгөөд тэд хэзээ ч гэсгээлт амсахгүйгээр, Миний удирдамж, гэгээрэл дор амьдрах нь гарцаагүй. Миний ачаанд анхаарал хандуулж чадалгүй, өөрсдийнхөө ирээдүйг төлөвлөхөд хамаг анхаарлаа төвлөрүүлдэг хүмүүс—өөрөөр хэлбэл, үйлдлээрээ Миний зүрх сэтгэлийг хангалуун байлгахаар зорихын оронд өглөг тусламж хайдаг хүмүүс буюу гуйлгачин шиг энэ амьтдыг ашиглахаас Би эрс татгалзана, учир нь тэд төрсөн цагаасаа л Миний ачаанд анхаарал хандуулна гэж юу гэсэн үг болохыг огт мэдээгүй. Тэд бол хэвийн эрүүл ухаанаар дутмаг хүмүүс юм; ийм хүмүүс тархины “тэжээлийн дутагдлаас” болж зовж байгаа ба “шим тэжээл” авахын тулд гэртээ харих хэрэгтэй. Надад ийм хүмүүс ямар ч хэрэггүй. Миний ардуудын дундах хүн бүр, Намайг мэдэх явдлыг идэх, хувцаслах, унтахтай адил хүний хэзээ ч, ганц хором ч мартдаггүй зүйл шиг, эцэст нь хүртэл заавал биелүүлэх үүрэг гэж үзэх шаардлагатай, ингэснээр Намайг мэдэх гэдэг нь эцэстээ хоол идэхтэй адил, дадсан гараар амархан хийдэг зүйл болно. Миний хэлдэг үгийн тухайд бол, нэг бүрийг нь туйлын итгэлтэйгээр авч үзэн, бүрэн өөрийн болгох ёстой; хааш яаш, хагас дутуу арга хэмжээ байж болохгүй. Миний үгэнд анхаарал хандуулдаггүй хэнийг ч Намайг шууд эсэргүүцэж байна гэж үзнэ; Миний үгийг иддэггүй, эсвэл тэдгээрийг мэдэхээр эрэлхийлдэггүй хэнийг ч Надад анхаарал хандуулахгүй байна гэж үзэх ба Миний гэрийн хаалгаар шууд шүүрдэж гаргана. Яагаад гэвэл, урьд нь Миний хэлсэнчлэн Миний хүсдэг зүйл бол асар олон тооны хүн биш, харин онцгой сайн чанар юм. Зуун хүнээс нэг нь л Миний үгээр дамжуулан Намайг мэдэж чаддаг бол Би энэ ганцхан хүнийг гэгээрүүлж, гэрэлтүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд бусдыг нь бүгдийг хаяхад бэлэн байх болно. Олон тооны хүмүүс дангаараа Намайг илтгэж, Намайг амьдран харуулж чадна гэдэг үнэн байх албагүй гэдгийг эндээс харж болно. Миний хүсдэг зүйл бол (хэдийгээр үр нь дүүрэн биш байж болох ч) улаан буудай бөгөөд (хэдий үр нь бахадмаар боловсорсон байсан ч) үрийн сүүл биш юм. Эрж хайхыг анхаардаггүй, харин хөшүүн хойрго байдлаар авирладаг хүмүүсийн тухайд гэвэл, тэд өөрсдөө явах ёстой; тэд Миний нэрд гутамшиг авчирсаар байх вий гэсэндээ Би тэднийг дахиж харахыг хүсдэггүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 5-р бүлэг
596. Би хэнийг ч шийтгэх гэж яардаггүй, бас хэнд ч шударга бус ханддаггүй—Би бүгдэд зөвт байдаг. Би хөвгүүдээ үнэхээр хайрладаг ба Намайг эсэргүүцдэг тэр муу хүмүүсийг үнэхээр үзэн яддаг; энэ бол Миний үйлдлүүдийн ар дахь зарчим. Та нар дор бүрнээ Миний захиргааны зарлигийн талаар жаахан ойлголттой байх хэрэгтэй; эс бөгөөс та нар өчүүхэн төдий ч эмээхгүй бөгөөд Миний өмнө хайхрамжгүй авирлах болно. Би юу гүйцэлдүүлмээр байгааг, юу биелүүлмээр байгааг, юу олж авмаар байгааг юм уу, эсвэл Миний хаанчлалд ямар төрлийн хүн хэрэгтэй гэдгийг та нар бас мэдэхгүй.
Миний захиргааны зарлиг бол:
1) Хэн байх чинь хамаагүй, зүрх сэтгэлдээ Надтай зөрчилдвөл чи шүүгдэнэ.
2) Миний сонгосон хүмүүс аливаа буруу бодлынхоо төлөө нэн даруй сахилгажуулагдана.
3) Надад үл итгэгчдийг Би нэг тийш тавина. Хайхрамжгүй ярьж, үйлдэхийг нь Би тэдэнд эцсийг нь хүртэл зөвшөөрнө, тэгээд тэднийг бүрэн шийтгэж, учрыг нь олно.
4) Надад итгэгчдийг Би цаг ямагт харж хандан, хамгаална. Би авралын замыг ашиглан тэднийг цаг ямагт амиар хангана. Энэ хүмүүст Миний хайр байх бөгөөд тэд лав унахгүй, замаа алдахгүй. Тэдэнд буй аливаа сул тал түр зуурынх байх бөгөөд Би тэдний сул талыг мэдээж нэхэн санахгүй.
5) Надад итгэдэг мэт харагддаг ч үнэндээ итгэдэггүй—Бурхан байдагт итгэдэг боловч Христийг эрж хайдаггүй, гэхдээ бас эсэргүүцдэггүй—хүмүүс бол хамгийн өрөвдөлтэй бөгөөд Би Өөрийн үйл хэргээр дамжуулан тэдэнд тодорхой харуулна. Ийм хүмүүсийг Би үйлдлээрээ аварч, тэднийг буцаан авчирна.
6) Миний нэрийг эхлээд хүлээн зөвшөөрсөн, ууган хөвгүүд ерөөгдөнө! Би та нарыг ханатлаа эдлэг гэж хамгийн сайн ерөөлийг та нарт гарцаагүй хайрлана; хэн ч үүнд саад болж зүрхлэхгүй. Энэ бүгдийг тэр чигт нь та нарт бэлтгэсэн, учир нь энэ бол Миний захиргааны зарлиг билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 56-р бүлэг
597. Одоо Би Өөрийн хаанчлалын захиргааны зарлигийг сонордуулъя: Бүх зүйл Миний шүүлт, Миний зөвт байдал, Миний сүр жавхлан дотор байдаг бөгөөд Би зөвт байдлаа бүгдэд хэрэгжүүлдэг. Надад итгэдэг гэж хэлдэг ч зүрх сэтгэлдээ Надтай зөрчилддөг, эсвэл зүрх сэтгэл нь Намайг хаясан хүмүүс бүгд Миний тогтоосон цагт хөөгдөх болно. Хүнд анзаарагдахгүй байдлаар Миний тухай егөөдөн ярьдаг хүмүүс даруй үхэх болно (тэд сүнс, бие, сэтгэлээрээ үхнэ). Миний хайрладаг хүмүүсийг дарлаж, үл тоомсорлодог хүмүүсийг Миний уур хилэн даруй шүүнэ. Өөрөөр хэлбэл, Миний хайрладаг хүмүүст атаархдаг, Намайг зөвт бус гэж боддог хүмүүсийг Өөрийн хайртай хүмүүсээр шүүлгэхээр шилжүүлэн өгнө. Төлөв томоотой, энгийн, үнэнч бүх хүн (мэргэн ухаан мөчид хүмүүсийг оролцуулаад), мөн Миний хүсэлд гуйвшгүй чин үнэнчээр ханддаг бүх хүн Миний хаанчлалд үлдэнэ. Сургалтад хамрагдаагүй, өөрөөр хэлбэл, мэргэн ухаан, мэдлэг дутуу энэ үнэнч хүмүүс Миний хаанчлалд эрх мэдэлтэй байх болно. Гэвч тэд ч бас харьцуулж, эвдүүлж байсан. Тэд сургалтад хамрагдаагүй гэдэг нь зайлшгүй биш боловч эдгээр зүйлээр дамжуулан Би Өөрийн төгс хүчит байдал, мэргэн ухааныг хүн бүхэнд үзүүлэх болно. Надад эргэлзсээр байгаа тэр хүмүүсийг Би хөөн явуулна, Надад тэднээс ганц нь ч хэрэггүй (энэ мэт цаг үед Надад эргэлзсэн хэвээр байдаг хүмүүсийг Би жигшдэг). Бүхий л орчлон ертөнц даяар хийдэг үйл хэргээрээ Би үнэнч хүмүүст Өөрийн үйлдлийн гайхамшигт байдлыг үзүүлж, тэгснээрээ тэдний мэргэн ухаан, мэдлэг, ялган таних чадварыг хөгжүүлнэ, мөн Өөрийн гайхамшигт үйл хэргийн дүнд Би зальхай хүмүүсийг хормын дотор устгана. Миний нэрийг хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн бүх ууган хөвгүүн (ариун, хир толбогүй, үнэнч тэр хүмүүсийг хэлж байна) эхлээд хаанчлалд орж, бүх улс үндэстэн, бүхий л ард түмнийг Надтай хамт захирч, хаанчлалд хаан суун, хамтдаа бүх улс үндэстэн, бүх ард түмнийг шүүх болно (өөр хэнийг ч бус, хаанчлал дахь бүх ууган хөвгүүнийг хэлж байна). Бүх улс үндэстэн, бүх ард түмний дундаас шүүгдэж, гэмшсэн хүмүүс Миний хаанчлалд орж, Миний ардууд болох ба зөрүүд, гэмшдэггүй хүмүүс ёроолгүй нүхэнд (үүрд мөхөхөөр) хаягдана. Хаанчлал дахь шүүлт эцсийнх байх бөгөөд Би дэлхийг нэгд нэггүй цэвэрлэж байгаа хэрэг байх болно. Ямар ч шударга бус байдал, уй гашуу, нулимс, шүүрс алдалт гэж байхаа болино, тэр ч бүү хэл дэлхий ертөнц гэж байхгүй болно. Бүгд Христийн илрэл болж, бүгд Христийн хаанчлал байх болно. Ямар их алдар суу вэ! Хэчнээн их алдар суу вэ!
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 79-р бүлэг
598. Одоо Би Өөрийн захиргааны зарлигийг та нарт сонордуулъя (өөр өөр хүмүүст өөр өөр гэсгээлт оноох бөгөөд сонордуулсан өдрөөсөө хүчинтэй):
Би хэлсэндээ хүрдэг, бүх зүйл Миний гарт байдаг: Эргэлзсэн хэн ч бай гарцаагүй хороогдох болно. Ямар ч бодолцох зүйл гэж байхгүй; тэднийг нэн даруй сөнөөж, Миний зүрх сэтгэлээс үзэн ядалтыг үгүй хийнэ. (Хороогдсон хэн ч болов Миний хаанчлалын гишүүдийн нэг биш, Сатаны үр удам байх ёстой гэдэг нь үүнээс хойш баталгаажиж байна.)
Та нар ууган хүүгийн хувиар өөрсдийн байр суурийг хадгалж, үүргээ сайн биелүүлж, бусдын хэрэгт хошуу дүрэхгүй байх ёстой. Та нар Миний удирдлагын төлөвлөгөөнд өөрсдийгөө өргөн барьж, хаа ч явсан Надад сайн гэрчлэл хийж, Миний нэрийг алдаршуулах хэрэгтэй. Ичгүүртэй үйл бүү хий, харин Миний хөвгүүд, Миний ардуудад үлгэр жишээ бол. Хором ч болов цадиггүй бүү бай: Та нар хүн бүрд барлаг шиг бус, ууган хүүгийн хувиар харагдаж, харц дээгүүр урагш алхах, ёстой. Миний нэрийг гутаах биш харин алдаршуулахыг Би та нараас хүсэж байна. Ууган хүү болсон хүмүүс бүхнийг хийж чадахгүй, харин тус бүрдээ өөрийн гэсэн үүрэгтэй. Энэ бол Миний та нарт өгсөн зайлсхийж болохгүй үүрэг хариуцлага. Та нар Миний даалгасан зүйлсийг биелүүлэхэд бүх зүрх сэтгэл, бүх оюун ухаан, бүх хүчин чадлаа зориулах ёстой.
Энэ өдрөөс хойш орчлон ертөнц даяар Миний бүх хүү, Миний бүх ардыг хариулах үүргийг биелүүлэх нь Миний ууган хөвгүүдэд оногдох бөгөөд үүнийг биелүүлэхэд бүхий л зүрх сэтгэл, бүхий л оюун ухаанаа зориулж чадаагүй хэнийг ч бай Би гэсгээнэ. Энэ бол Миний зөвт байдал—Би Өөрийн ууган хөвгүүдийг ч өршөөж, зөөлөн хандахгүй.
Хэрэв Миний хөвгүүд, Миний ардууд дунд Миний ууган хөвгүүдийн нэгийг дооглож, доромжилдог хүн байвал Би хатуу шийтгэнэ, учир нь Миний ууган хөвгүүд Намайг төлөөлдөг бөгөөд тэдэнд яаж хандана, Надад бас тэгж хандаж байгаа хэрэг. Энэ бол Миний захиргааны зарлигуудын хамгийн хатуу чанга нь юм. Миний хөвгүүд, Миний ардуудын дунд энэ зарлигийг зөрчсөн хэнд ч бай, Миний зөвт байдлыг хүссэнээрээ хэрэгжүүлэхийг Би Өөрийн ууган хөвгүүдэд зөвшөөрнө.
Намайг өнгөцхөнөөр хардаг; Миний хоол унд, хувцас хунар, нойронд л анхаардаг; Миний ачааг хайхардаггүй, Миний гадаад хэрэгт л оролцдог, өөрсдийн үүргийг зохистой биелүүлэхэд анхаарал хандуулдаггүй хэнийг ч Би аажмаар хаядаг. Энэ нь чихтэй бүхэнд хамаатай.
Надад үйлчлэл хийж дууссан хэн ч бай, хэл ам гаргалгүй дуулгавартайгаар буцах ёстой. Болгоомжтой бай, эс бөгөөс Би чамайг журамлах болно. (Энэ бол зарлигийн нэмэлт.)
Одооноос Миний ууган хөвгүүд төмөр савааг авч, бүх улс үндэстэн, ард түмнийг захирах Миний эрх мэдлийг хэрэгжүүлж, бүх улс үндэстэн, ард түмний дунд алхаж, Миний шүүлт, зөвт байдал, сүр жавхланг бүх улс үндэстэн, ард түмний дунд хэрэгжүүлж эхэлнэ. Миний удирдлагын төлөвлөгөө биелж, Миний ууган хөвгүүд Надтай хамт хаанчилж чаддаг учраас Миний хөвгүүд, Миний ардууд зогсолтгүй Надаас эмээж, Намайг магтаж, Намайг уухайлж, Намайг алдаршуулах болно.
Энэ бол Миний захиргааны зарлигийн нэг хэсэг бөгөөд ажил урагшлахын хирээр дараа нь Би та нарт тэдгээрийг хэлэх болно. Дээрх захиргааны зарлигаас та нар Миний ажлаа хийдэг хурдыг, мөн Миний ажил ямар алхамд хүрснийг харах болно. Энэ бол баталгаа билээ.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 88-р бүлэг
599. ХААНЧЛАЛЫН ЭРИН ҮЕД БУРХАНЫ СОНГОСОН ХҮМҮҮСИЙН ДУУЛГАВАРТАЙ ДАГАХ ЁСТОЙ ЗАХИРГААНЫ АРВАН ЗАРЛИГ
(Бурханы үгээс сонгосон бүлэг)
1) Хүн өөрийгөө дөвийлгөж, өргөмжлөх ёсгүй. Бурханыг шүтэн мөргөж, өргөмжлөх ёстой.
2) Бурханы ажилд ашигтай бүхнийг хий, харин Бурханы ажлын ашиг сонирхолд хор хүргэх юуг ч бүү хий. Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ажлыг хамгаал.
3) Бурханы гэр дэх мөнгө, материаллаг эд зүйл болон бүх эд хөрөнгө нь хүмүүсийн өргөх ёстой тахил юм. Эдгээр тахилыг өөр хэн ч биш, тахилч болон Бурхан л эдэлж болно, учир нь хүний өргөсөн тахил Бурханы таашаалд зориулагддаг. Бурхан эдгээр тахилыг зөвхөн тахилчтай хуваалцдаг ба өөр хэн ч тахилын аль нэг хэсгийг эдлэх эрхгүй, эдлэхэд ч тохирохгүй. Хүний өргөсөн бүх тахил (мөнгө болон эдэлж болох материаллаг эд зүйлийг оролцуулаад) хүнд биш, Бурханд өгөгддөг. Тиймээс, эдгээр зүйлийг хүн эдлэх ёсгүй; хэрвээ хүн эдлэх юм бол тахил хулгайлж байгаа хэрэг болно. Ийм зүйл хийдэг хэн боловч Иудас юм, учир нь Иудас урвагч байгаад зогсохгүй бас мөнгөний уутанд хийсэн зүйлээс зөвшөөрөлгүй авсан.
4) Хүн ялзарсан зан чанартайгаас гадна сэтгэл хөдлөлтэй байдаг. Ийм болохоор Бурханд үйлчлэх үед эсрэг хүйсийн хоёр гишүүн хоёулхнаа хамт ажиллах туйлаас хориотой. Ийм үйлдэл хийж байгаад баригдсан хэн боловч гарцаагүй хөөгдөнө, хэнийг ч ялгахгүй.
5) Чи Бурханд шүүмжлэлтэй хандах ёсгүй, Бурхантай холбоотой хэрэг явдлыг хамаагүй хэлэлцэж ч болохгүй. Чи хүний хийх учиртай зүйлсийг хийж, хүний ярих учиртайг ярь, харин хэрээс хэтэрч, хил хязгаараа давах ёсгүй. Бурханы зан чанарт халдах зүйл хийхээс сэргийлэхийн тулд хэл үгээ хянаж, зам мөрөө хичээ.
6) Чи хүний хийх учиртай зүйлийг хийж, даалгавраа хэрэгжүүлж, хариуцлагаа биелүүлж, үүргээ гүйцэтгэх ёстой. Чи Бурханд итгэдэг учир Бурханы ажилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй; хэрвээ тэгэхгүй бол чи Бурханы үгийг идэж уухад болон Бурханы гэрт амьдрахад тэнцэхгүй.
7) Чи чуулганы ажил болон хэрэг явдалд Бурханд дуулгавартай байхаас гадна, Ариун Сүнсээр ашиглагдсан хүний зааврыг бүх зүйл дээр дага. Өчүүхэн төдий ч зөрчлийг зөвшөөрөхгүй. Чанд дагаж мөрд, харин зөв бурууг бүү шинж; аль нь зөв, аль нь буруу вэ гэдэг нь чамд ямар ч хамааралгүй. Чи бүрэн дуулгавартай байхад л анхаарах ёстой.
8) Бурханд итгэдэг хүмүүс Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөх ёстой. Чи ямар нэг хүнийг өргөмжилж, эсвэл бишрэн шүтэх ёсгүй; чи Бурханыг эн тэргүүнд, хүндэлдэг хүмүүсээ хоёрдугаарт, өөрийгөө гуравдугаарт тавих учиргүй. Ямар ч хүн зүрх сэтгэлд чинь орон зай эзлэх ёсгүй ба чи хүмүүсийг, ялангуяа өөрийнхөө дээдэлдэг хүмүүсийг Бурхантай дүйцүүлж, адилтган бодох ёсгүй. Бурхан үүнийг тэвчихгүй.
9) Ухаан бодлоо чуулганы ажил дээр төвлөрүүл. Махан биеийнхээ хэтийн ирээдүйг хойш тавьж, гэр бүлийн хэрэг явдал дээр шийдэмгий байж, Бурханы ажилд бүхий л зүрх сэтгэлээсээ өөрийгөө зориулж, Бурханы ажлыг эн тэргүүнд тавин, өөрийн амьдралыг хоёрдугаарт тавь. Энэ бол ариун хүний ёс журам юм.
10) Чи итгэл үнэмшилгүй төрөл төрөгсдөө (үр хүүхэд, хань ижил, эгч дүүс, эцэг эх гэх мэт) хүчээр чуулганд оруулах ёсгүй. Бурханы гэр гишүүдээр дутахгүй бөгөөд ашиггүй хүмүүсээр орон тоо дүүргэх хэрэг үгүй. Дуртайяа итгэдэггүй бүх хүнийг чуулган руу хөтлөх ёсгүй. Энэ зарлиг бүх хүнд хамаатай. Энэ талаар та нар бие биеэ хянаж, шалгаж, нэг нэгэндээ сануулж байх ёстой бөгөөд хэн ч үүнийг зөрчиж болохгүй. Итгэл үнэмшилгүй төрөл төрөгсөд чуулганд дурамжхан орж ирсэн ч гэсэн, тэдэнд ном өгч, шинэ нэр оноох ёсгүй; ийм хүмүүс Бурханы гэрт харьяалагддаггүй бөгөөд чуулганд орохыг нь шаардлагатай бүх аргаар зогсоох хэрэгтэй. Хэрвээ чөтгөрүүдийн халдлагаас үүдэн чуулганд хүндрэл учирвал өөрийг чинь чуулганаас хөөж, өөрт чинь хязгаарлалт тогтоох болно. Товчоор хэлбэл, энэ хэрэгт бүх хүн хариуцлага хүлээнэ, гэхдээ чи болчимгүй загнаж, хувийн өс хонзон авахад үүнийг ашиглаж болохгүй.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил
600. Хүмүүс өөрсдийн биелүүлэх ёстой олон үүргийг баримтлах ёстой байдаг. Үүнийг хүмүүс дагаж мөрдөх ёстой, үүнийг тэд хэрэгжүүлэх ёстой. Ариун Сүнсний хийх ёстой зүйлийг Ариун Сүнсээр хийлгэ; хүн үүнд оролцож болохгүй. Хүн өөрийн хийх ёстой зүйлийг л баримтлах хэрэгтэй ба энэ нь Ариун Сүнстэй ямар ч холбоогүй. Энэ нь хүний хийх учиртай зүйлээс өөр юу ч биш бөгөөд Хуучин Гэрээн дэх хуулийг дагахтай яг л адил тушаал мэт даган мөрдөх ёстой. Хэдийгээр одоо Хуулийн эрин үе биш боловч Хуулийн эрин үед ярьдаг байсантай адил дагаж мөрдөх ёстой олон үг байсаар байгаа. Ариун Сүнс сэтгэл хөдөлгөдөгт найдсанаар л эдгээр үгийг хэрэгжүүлдэггүй, харин эдгээр нь хүний даган мөрдөх ёстой зүйл юм. Жишээлбэл: Та нар бодитой Бурханы ажлыг шүүх ёсгүй. Бурханы гэрчилсэн хүнийг эсэргүүцэх ёсгүй. Бурханы өмнө та нар зөв зохистой авирлах ёстой, замбараагүй байж болохгүй. Хэл яриа чинь боломжийн байж, үг, үйлдэл чинь Бурханы гэрчилсэн хүний зохицуулалтыг дагах ёстой. Та нар Бурханы гэрчлэлийг хүндлэх ёстой. Бурханы ажлыг болон Түүний амнаас гарч байгаа үгийг үл тоох ёсгүй. Та нар Бурханы айлдварын өнгө, зорилгыг дуурайх ёсгүй. Гаднаа та нар Бурханы гэрчилсэн хүнийг илэрхий эсэргүүцэх ямар нэг зүйл хийж болохгүй, гэх мэтчилэн эдгээрийг хүн бүр даган мөрдөх ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Шинэ эрин үеийн тушаал
601. Өнөөдөр хүний хувьд, дараах зүйлийг сахин мөрдөхөөс илүү чухал зүйл үгүй: Нүдний чинь өмнө зогсож байгаа Бурханыг чи аргалахаар оролдох юм уу Түүнээс юу ч нуух ёсгүй. Урд чинь байгаа Бурханы өмнө чи бузар заваан, биеэ тоосон юм ярьж болохгүй. Бурханы итгэлийг олж авах гэж нүдний чинь өмнө байгаа Бурханыг чихэр шиг үг, сайхан яриагаар хуурч болохгүй. Бурханы өмнө чи хүндэтгэлгүй авирлаж болохгүй. Чи Бурханы амнаас гарсан үг бүрийг дуулгавартай дагах ёстой бөгөөд Түүний үгийг сөрж, эсэргүүцэж, маргаж болохгүй. Чи Бурханы амнаас гарсан үгийг хүссэнээрээ тайлбарлаж болохгүй. Хорон муу хүмүүсийн ов мэхтэй урхинд орохоос зайлсхийж үг хэлээ хянах ёстой. Чамд зориулан Бурханы тогтоосон хил хязгаарыг давахаас зайлсхийж алхаагаа хянах ёстой. Хэрэв чи хил хязгаарыг давбал Бурханы байр сууринд зогсож, ихэрхүү, ихэмсэг үгээр ярихад хүрч, тэгснээр Бурханд жигшигдэх болно. Чи Бурханы амнаас гарсан үгийг хайхрамжгүйгээр түгээж болохгүй, тэгвээс бусад хүн чамайг дооглон тохуурхаж, диаволууд чамайг маллах вий. Чи өнөөдрийн Бурханы бүх ажлыг дуулгавартай дагах болно. Чи ойлгоогүй ч гэсэн үүнийг шүүж болохгүй; чи эрж хайж, нөхөрлөхөөс өөрийг хийж чадахгүй. Ямар ч хүн Бурханы анхдагч байр сууринд халдах ёсгүй. Чи хүний байр сууринаас өнөөдрийн Бурханд үйлчлэхээс өөр юу ч хийж чадахгүй. Чи хүний байр сууриас өнөөдрийн Бурханд зааж болохгүй—ингэх нь буруу юм. Бурханы гэрчилсэн хүний байранд хэн ч зогсож болохгүй; үг, үйлдэл, сэтгэлийн гүн дэх бодлоороо чи хүний байр сууринд зогсдог. Үүнийг баримтлах ёстой, энэ бол хүний хариуцлага, үүнийг хэн ч өөрчилж болохгүй бөгөөд ингэх нь захиргааны зарлигийг зөрчинө. Үүнийг хүн бүхэн санах ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Шинэ эрин үеийн тушаал
602. Миний айлдсан өгүүлбэр бүхэн эрх мэдэл, шүүлт агуулдаг агаад Миний үгийг хэн ч өөрчилж чадахгүй. Би үгээ хэлэхэд аливаа зүйл Миний үгийн дагуу биелэгдэх нь гарцаагүй; энэ бол Миний зан чанар юм. Миний үг бол эрх мэдэл, Миний үгийг засварладаг хэн боловч Миний гэсгээлтийг зөрчиж буй хэрэг бөгөөд Би тэднийг цохин унагаах ёстой. Ноцтой тохиолдолд тэд өөрсдийн аминд сүйрэл авчирч, Үхэгсдийн орон руу явах буюу ёроолгүй нүхэнд унадаг. Хүн төрөлхтөнтэй Би ингэж л харьцдаг, хүн үүнийг өөрчлөх аргагүй—энэ бол Миний захиргааны зарлиг. Үүнийг санаж яв! Миний зарлигийг зөрчихийг хэнд ч зөвшөөрөхгүй; Миний хүслийн дагуу аливааг хийх ёстой! Өмнө нь Би та нарт хэтэрхий зөөлөн байж, та нар зөвхөн Миний үгтэй л таарч байсан. Хүмүүсийг цохиж унагаах тухай Миний хэлсэн үг хараахан биелээгүй байна. Гэхдээ Миний хүслийг дагадаггүй хүмүүсийг шийтгэхээр бүх гай гамшиг (Миний захиргааны зарлигийн дагуу) өнөөдрөөс эхлэн ар араасаа ирнэ. Бодит баримтууд гарч ирэх ёстой, эс бөгөөс хүмүүс Миний уур хилэнг харж чадахгүй, ахин дахин самуурах болно. Миний удирдлагын төлөвлөгөөний нэг алхам нь энэ бөгөөд ажлынхаа дараагийн алхмыг Би ингэж хийдэг. Зөрчил гаргах, мөхлийн зовлонг үүрд туулахаас зайлсхийж чадаасай гэсэндээ Би та нарт үүнийг урьдчилан хэлж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн Би Өөрийн ууган хөвгүүдээс бусад бүх хүнийг Өөрийн хүслийн дагуу зохих байранд нь тавьж, нэг нэгээр нь гэсгээх болно. Би нэгийг нь ч зүгээр өнгөрөөхгүй. Та нар дахиж завхраад үзээрэй! Та нар дахиж тэрслээд үзээрэй! Би бүгдэд нь зөвт байдаг, Надад уян сэтгэл өчүүхэн ч үгүй гэдгийг Би өмнө нь хэлсэн бөгөөд Миний зан чанарт халдах ёсгүйг энэ нь харуулдаг. Энэ бол Миний үнэн бие. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бүх хүн Миний үгийг сонсож, бүх хүн Миний суу алдарт дүр төрхийг хардаг. Бүх хүн Надад бүрэн дүүрэн, туйлын дуулгавартай байх ёстой—энэ бол Миний захиргааны зарлиг юм. Орчлон ертөнц даяарх, хорвоогийн хязгаарт буй бүх хүн Намайг магтан алдаршуулах хэрэгтэй, учир нь Би бол цор ганц Бурхан Өөрөө, Би бол Бурханы үнэн бие билээ. Миний үг, айлдварууд болон Миний яриа, зан байдлыг хэн ч өөрчилж чадахгүй, учир нь эдгээр нь ганцхан Миний хувьд чухал, эдгээр нь эртнээс нааш Надад байсан бөгөөд үүрд орших болно.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 100-р бүлэг
603. Миний шүүлт хүн болгонд очиж, Миний захиргааны зарлиг хүн бүрд хүрч, Миний үг ба Миний үнэн бие хүн бүрд илчлэгддэг. Энэ бол Миний Сүнсний агуу ажлын цаг (энэ үед ерөөгдөх хүмүүс, гай зовлон амсах хүмүүсийг ялган салгана). Миний үг гармагц, Би ерөөгдөх хүмүүс болон гай зовлон амсах хүмүүсийг ялгаж салгачихсан байна. Энэ бүгд тов тодорхой, Би үүнийг бүгдийг нь ганц хяламхийхэд л харж чадна. (Үүнийг Би хүн чанартайгаа холбогдуулан хэлж байна; иймд эдгээр үг нь Миний урьдчилан тогтоож, сонгосонтой зөрчилддөггүй.) Би уул толгод, гол горхи ба бүх зүйлийн дунд, орчлонгийн орон зайгаар газар бүрийг ажиглан, цэвэрлэн хэсүүчилдэг бөгөөд ингэснээр тэдгээр бохир, садар самуун газар нутаг бүгд оршин тогтнохоо больж, Миний үгийн үр дүнд юу ч биш болон чандарлагдана. Надад бүх зүйл хялбархан. Хэрвээ одоо үе нь дэлхийг устгана гэж Миний урьдчилан тогтоосон цаг байсан бол Би үүнийг ганц үгээр л залгих байсан. Гэхдээ одоо үе бол тэр цаг биш. Миний төлөвлөгөөг үймүүлж, Миний удирдлагад саад болохгүйн тулд Намайг энэ ажлыг хийхээс өмнө бүгд бэлэн байх ёстой. Үүнийг хэрхэн ухаалгаар хийхээ Би мэднэ: Надад Миний мэргэн ухаан бий, Надад Миний өөрийн зохицуулалт бий. Хүмүүс хуруугаа ч хөдөлгөх ёсгүй; Миний гарт үхэхээс болгоомжил. Миний захиргааны зарлигт энэ аль хэдийн хүрсэн. Үүнээс хүн, Миний захиргааны зарлигийн хатуу чангыг, мөн тэдгээрийн цаадах хоёр тал бүхий зарчмуудыг харж чаддаг: Нэг талаас, Миний хүсэлтэй нийцдэггүй, Миний захиргааны зарлигийг зөрчдөг бүх хүнийг Би алдаг; нөгөө талаас, Миний захиргааны зарлигийг зөрчдөг бүхнийг Би хилэгнэхдээ хараадаг. Энэ хоёр тал салшгүй бөгөөд Миний захиргааны зарлигийн цаадах гүйцэтгэх зарчмууд юм. Хүн хэчнээн үнэнч байх нь хамаагүй, хүн бүртэй энэ хоёр зарчмын дагуу, ямар ч сэтгэлийн хөдлөлгүйгээр харьцдаг. Газар дэлхийн бүх зүйлийг, ертөнцийн бүх юмыг, мөн Миний хүсэлтэй нийцдэггүй бүх зүйлийг шатаах Миний зөвт байдал, Миний сүр жавхлан, Миний уур хилэнг харуулахад энэ нь хангалттай. Миний үгэнд далдалсан нууц байдаг бөгөөд Миний үгэнд бас илчлэгдсэн нууц байдаг. Иймээс хүний үзлээр бол, Миний үг хүний оюун санаанд хэзээд ойлгогдошгүй, мөн Миний зүрх сэтгэл үргэлж тайлагдашгүй байдаг. Тэгэхээр, Би хүмүүсийг үзэл болон бодол санаанаас нь салгах ёстой. Энэ бол Миний удирдлагын төлөвлөгөөний хамгийн чухал зүйл. Өөрийн ууган хөвгүүдийг олж авч, хийхийг хүссэн зүйлээ хэрэгжүүлэхийн тулд Би үүнийг ийм маягаар хийх ёстой.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 103-р бүлэг
604. Хуучин ертөнц оршсоор байгаа цагт Би Өөрийн уур хилэнг улс үндэстнүүд рүү нь буулгаж, захиргааны зарлигаа орчлон ертөнц даяар ил тод зарлаж, түүнийг зөрчсөн хэнд ч гэсгээлт хүртээнэ:
Намайг үг хэлэхээр орчлон ертөнцийн зүг царайгаа хандуулахад бүх хүн төрөлхтөн Миний дуу хоолойг сонсож, дараа нь орчлон ертөнц даяар Миний хийсэн бүх үйл хэргийг хардаг. Миний хүслийн эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр Намайг эсэргүүцдэг хүмүүс Миний гэсгээлт дор унана. Би тэнгэр дэх тоймгүй олон одыг авч шинэчилнэ, Миний ачаар нар сар ч шинэчлэгдэнэ—хурмаст тэнгэр урьдынх шигээ байхаа больж, газар дээрх тоо томшгүй олон зүйл шинэчлэгдэнэ. Миний үгээр дамжуулан бүх зүйл бүрэн төгс болно. Орчлон ертөнц дэх олон улс үндэстэн шинээр хуваагдаж, Миний хаанчлалаар солигдоно, ийнхүү газар дээрх улс орнууд үүрд үгүй болж, бүгдээрээ Надад шүтэн мөргөдөг хаанчлал болно; газар дээрх бүх улс орон сөнөж, оршин тогтнохоо болино. Орчлон ертөнц дэх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүн устана; Сатаныг шүтдэг бүх хүн Миний дүрэлзсэн галд унана. Өөрөөр хэлбэл, одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусад нь үнсэн товрог болно. Олон ард түмнийг гэсгээх үед минь шашны ертөнц дэх хүмүүс цагаан үүл хөлөглөн айсуй Ариун Нэгнийг харсан байх тул Миний ажлаар байлдан дагуулагдаж, өөр өөр түвшинд Миний хаанчлалд эргэн ирнэ. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж, өөрсдийнхөө үйлдэлд тохирсон гэсгээлтийг хүртэнэ. Миний эсрэг зогссон хүмүүс бүгд мөхнө; харин газар дээрх үйл хэрэг нь Надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн Миний хөвгүүд, Миний ардуудын засаглал дор газар дэлхий дээр оршсоор байна. Би тоо томшгүй олон хүн, тоймгүй олон улс үндэстэнд Өөрийгөө илчилж, газар дэлхий дээр Өөрийнхөө дуу хоолойгоор үг хэлж, агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан, бүх хүн төрөлхтөн үүнийг нүдээрээ харна.
Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 26-р бүлэг