2-р зүйл: Тэд санал зөрөлдөгсөд рүү дайрч давшилж, гадуурхдаг

Антихристүүд хүмүүсийг хянадгийн эхний илрэл буюу хүмүүсийн зүрх сэтгэлийг татах талаар бид нөхөрлөж дууссан бөгөөд одоо хоёр дахь илрэлийн талаар нөхөрлөе. Антихристүүдийн хүмүүсийг хянадаг хоёр дахь арга нь санал зөрөлдөгсөд рүү дайрч давшилж, гадуурхдаг явдал юм. Эхний арга нь хүмүүсийг төөрөлдүүлж, зүрх сэтгэлийг нь татах явдлыг хамардаг; ийм хүн өнгөн дээрээ маш зөөлөн, хүний үзэлтэй нийцэхүйц байдлаар ярьдаг, бусдад ямар ч хор хөнөөл учруулдаггүй мэт харагддаг; тэд харьцангуй арга зальтай, ойлгомжгүй байдаг; бусад хүн тэдний ёрын муу санаархал болон хорлонтой, цуст, түрэмгий илрэлийг харж чаддаггүй; тэд гагцхүү зальжин арга мэх ашигладаг. Хоёр дахь арга болох санал зөрөлдөгсөд рүү дайрч давшилж, гадуурхах нь илүү тодорхой байдаг. “Дайрч давшилж, гадуурхах” гэдэг үгийн утгаас тэдгээр нь эерэг биш, харин гутаасан шинжтэй болохыг мэдэж болно. Дайрч давшилж, гадуурхах энэ арга нь ил тод, бүгдэд харагддаг зүйл юм. Энэ нь яг л гудамжинд хэрэлдэж буй хэрүүлч авгай нар бие биеийнхээ дутагдлыг дэлгэж, үг нь шулуухан, тодорхой, сонссон бүх хүнд ойлгомжтой байдагтай адил. Үг хэл нь тодорхой хэмжээний түрэмгий шинжтэй, хүлээцтэй байдал харуулахын оронд дайрч давшлах санаачилга гаргадаг. Антихристүүд хүмүүсийг ил тод дарж, гадуурхаж, хүмүүс рүү дайрч давшилж, хүмүүсийн асуудлыг ил болгодог нь бүгд зорилготой байдаг. Тэд үнэнийг эрэлхийлдэг, өөрсдийг нь ялган таньж чаддаг хүмүүсийг онилохын тулд иймэрхүү арга ашигладаг нь эргэлзээгүй. Энэ хүмүүсийг мохоосноор тэд өөрсдийн байр суурийг бэхжүүлэх зорилгодоо хүрдэг. Ингэж хүмүүс рүү дайрч давшилж, гадуурхах нь уг чанартаа хорлонтой юм. Тэдний үг хэл, ярианых нь хэв маягт илчилж, яллаж, гүтгэж, ёрын муугаар гүжирдсэн түрэмгийлэл байдаг. Тэр ч байтугай тэд баримтыг мушгин гуйвуулж, эерэг зүйлийг сөрөг болгож, сөрөг зүйлийг эерэг болгож ярьдаг. Антихристүүд ингэж хар цагааныг эргүүлж, зөв бурууг хольж хутгаснаараа хүмүүсийг ялж, нэр хүндийг нь сүйрүүлэх зорилгоо гүйцэлдүүлдэг. Санал зөрөлддөг хүмүүсийг ямар сэтгэлгээнээс болж ингэж дайрч давшилж, гадуурхдаг вэ? Ихэнхдээ энэ нь атаархсан бодлоос үүддэг. Харгис догшин зан чанарын хувьд атаархал нь хүчтэй үзэн ядалтыг агуулж байдаг. Антихристүүд атаархлынхаа улмаас хүмүүсийг дайрч давшилж, гадуурхдаг. Ийм нөхцөл байдалд, хэрвээ антихристүүд ил болгуулж, мэдээлэгдэж, байр сууриа алдаж, цохилтод өртвөл эсэргүүцэж, сэтгэл дундуур байх бөгөөд тэдний хувьд ширүүн өс хонзон санахад бүр ч амархан байх болно. Өс хонзон санах нь нэг төрлийн сэтгэлгээ бөгөөд бас нэг төрлийн завхарсан зан чанар юм. Хэн нэгний хийсэн зүйл өөрсдөд нь хохиролтой байхыг, бусад хүн өөрсдөөс нь илүү чадвартай байхыг, эсвэл хэн нэгний хэлсэн үг, санал өөрсдийнхөөс нь илүү сайн юм уу илүү ухаалаг байхыг, тэр хүний хэлсэн үг, зөвлөгөөтэй хүн бүр санал нийлж байхыг харах үедээ антихристүүд байр сууринд нь аюул учирлаа гэж бодож, зүрх сэтгэлд нь атаархал, үзэн ядалт төрж, дайрч давшилж, өс хонзон авдаг. Өс хонзон авахдаа антихристүүд ерөнхийдөө бай руугаа урьдчилан цохилт өгдөг. Тэд нөгөө тал нь бууж өгөх хүртэл хүмүүс рүү дайрч давшилж, мохоохдоо идэвх санаачилгатай байдаг. Тэгж байж л тэдний санаа амардаг. Хүмүүс рүү дайрч давшилж, гадуурхахын өөр ямар илрэл байдаг вэ? (Бусдыг басамжлах.) Бусдыг басамжлах нь үүний нэг илрэл юм; чи ажлаа хэчнээн сайн хийсэн ч антихристүүд чамайг сөрөг, сул дорой болж, зогсож чадахгүй болтол чинь басамжилж, эсвэл ялласаар байх болно. Тэгээд тэд баярлаж, зорилгодоо хүрсэн байх болно. Яллах нь бусдыг басамжлахын нэг хэсэг мөн үү? (Мөн.) Антихристүүд хүмүүсийг хэрхэн ялладаг вэ? Тэд ялихгүй зүйл дээр сүр бадруулдаг. Жишээлбэл, чи асуудалгүй зүйл хийсэн байлаа ч тэд чам руу дайрч давшлахын тулд хэл ам хийхийг хүсдэг тул үүнийг чиний эсрэг барьц болгон ашиглах бүхий л аргыг сүвэгчилж, ялихгүй зүйл дээр сүр бадруулан чамайг ялладаг, ингэснээр сонсож буй бусад хүн антихристүүдийн хэлж байгаа зүйл ортой бөгөөд чамайг буруу зүйл хийсэн гэж боддог. Үүгээр антихристүүд зорилгодоо хүрсэн байдаг. Энэ бол санал зөрөлдөгсдийг яллаж, дайрч давшилж, гадуурхаж байгаа хэрэг юм. Гадуурхах гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэд чиний хийсэн зүйл зөв гэдгийг зүрх сэтгэлдээ мэддэг боловч чамд атаархаж, чамайг үзэн ядаж, чам руу зориуд дайрч давшлахыг оролддог тул чиний хийсэн зүйлийг буруу гэж хэлдэг гэсэн үг юм. Тэгээд тэд өөрсдийн үзэл бодол, гажууд онолыг ашиглан чамтай мэтгэлцэн ялж, сонсож буй хүн бүрд хэлж байгаа зүйл нь зөв, сайн хэлсэн мэт санагдахуйц үнэмшилтэйгээр ярих болно; тэгээд тэр бүх хүн тэднийг сайшааж, чиний эсрэг тэдний талд зогсох болно. Антихристүүд үүнийг ашиглан чам руу дайрч давшилж, чамайг сөрөг, сул дорой болгодог. Үүгээр тэд санал зөрөлдөгсөд рүү дайрч давшилж, гадуурхах зорилгодоо хүрсэн байдаг. Санал зөрөлдөгсдийг гадуурхах нь заримдаа нүүр тулсан мэтгэлцээн хэлбэрээр, эсвэл заримдаа хэн нэгнийг шүүж, хор хутгаж, гүтгэж, ар хударгаар нь тэдний талаар худал зүйл зохиох хэлбэрээр тохиолдож болно. Жишээлбэл, антихрист санал зөрөлдөгчийг гадуурхахыг хүсэх үедээ эхлээд тэр санал зөрөлдөгч хэнтэй сайн харилцаатайг олж мэддэг. Тэгээд тэр хүн дээр очоод, “Юу гээч, тэр чамайг хэв чанаргүй, ухамсарлах чадвар муутай, сүнслэг ойлголтгүй, үүргээ зарчимгүйгээр гүйцэтгэдэг гэж хэлсэн. Би чамайг үнэндээ нэлээд сайн хүн гэж боддог болохоор түүнтэй мэтгэлцсэн” гэж хэлдэг. Ингэж яс хаясны дараа энэ хоёр хүний харилцаа мууддаг. Антихрист хөндлөнгөөс харж, уг харилцааг бүрэн тасрах хүртэл хагарлын галыг өрдсөөр байдаг. Ийм маягаар антихрист, хүмүүс болон санал зөрөлдөгчийн хооронд яс хаяж, хүмүүсийг санал зөрөлдөгчөөс зайгаа барихад хүргэж, түүнийг тусгаарлах зорилгодоо хүрдэг. Санал зөрөлдөгч ялагдаж, нэр хүнд нь унах хүртэл тэд түүний эсрэг барьц авах боломжийг хайсаар байдаг. Антихрист үүнийг өрсөлдөгчөө унагаж байгаа хэрэг гэж үздэг, ингэснээр энэ хүн өөрийнх нь байр сууринд заналхийлэхгүй. Антихрист санал зөрөлдөгчийг буулгаж авах нь хамгийн сайн гэж үздэг боловч хэрвээ буулгаж авч чадахгүй бол тэднийг тусгаарлаж, дараа нь гадуурхахын тулд боломжтой бүхнийг хийдэг. Хэрвээ тэднийг гадуурхаж чадахгүй бол антихрист тэднийг үргэлжлүүлэн тусгаарлаж, эцэст нь эрхшээлдээ оруулж, өршөөл гуйхад хүргэдэг. Антихрист үнэнийг эрэлхийлдэг, эсвэл санал бодол нь өөрийнхтэй нь нийцдэггүй хүмүүс рүү дайрч давшлахын тулд зарим хүчнийг өөртөө татаж, ашигладаг. Тэд чуулганыг сүйтгэж, фракцууд болгон хуваадаг бөгөөд эцэст нь чуулган хоёр юм уу гурван бүлэглэлд хуваагддаг—нэг нь тэдний үгийг сонсдог, нөгөө нь сонсдоггүй, гурав дахь нь төвийг сахисан байдаг. Тэдний “гайхалтай” удирдамж дор улам олон хүн тэдний үгийг сонсож, улам цөөн хүн үгийг нь сонсдоггүй. Илүү олон хүн тэдэнд бууж өгч, антихристээс өөр санал бодолтой хүмүүс тусгаарлагдаж, дуугарахаас зүрхшээдэг. Тэднийг ялган таньж, эсвэл эсэргүүцэж чадах хүн улам цөөрч, ийм маягаар антихрист аажмаар чуулган дахь ихэнх хүнийг хяналтдаа авч, эрх мэдэлтэй байр суурийг эзэлдэг. Энэ бол антихристийн зорьдог зорилго юм. Өөрөөс нь өөр санал бодолтой хүмүүстэй харилцахдаа антихрист ямар ч хүлээцгүй ханддаг. Тэрээр “Чи өөр санал бодолтой байсан ч миний удирдлагад дуулгавартай байх ёстой, учир нь одоо би эцсийн шийдвэрийг гаргана. Чи миний дор байдаг. Хэрвээ чи луу бол эвхрэх ёстой; бар бол хэвтэх ёстой; чи ямар ч чадвартай байсан, намайг энд байгаа цагт завшааныг далимдуулна, эсвэл хэрэг тарина гэж саналтгүй!” хэмээн боддог. Антихристийн зорьдог зорилго бол чуулганыг дангаар хянаж, Бурханы сонгосон хүмүүсийг хянах явдал юм.

Антихрист санал зөрөлдөгч рүү дайрч давшилж, гадуурхахын гол зорилго юу вэ? Тэд чуулганд өөрсдийнхтэй нь зөрчилдөх ямар ч дуу хоолой байхгүй, өөрсдийнх нь эрх мэдэл, удирдагчийн байр суурь үнэмлэхүй, үг нь үнэмлэхүй байх бөгөөд хүн бүр үгэнд нь орох ёстой, хэн нэгэн өөр санал бодолтой байсан ч түүнийгээ илэрхийлж болохгүй, харин зүрх сэтгэлдээ буглуулах ёстой тийм нөхцөл байдлыг бий болгохоор эрж хайдаг. Тэдэнтэй ил тод санал зөрөлдөж зүрхэлсэн хэн боловч тэдний дайсан болдог бөгөөд тэд тэр хүнийг тарчлаахын тулд боломжтой бүх аргыг ашиглаж, тэднийг алга болгохыг туйлын ихээр хүсдэг. Энэ бол антихрист санал зөрөлдөгчийг дайрч давшилж, гадуурхаж, байр сууриа бэхжүүлж, эрх мэдлээ хамгаалдаг нэг арга зам юм. Тэрээр “Чи өөр санал бодолтой байж болно, гэхдээ тэр талаараа дур зоргоороо яриад явж болохгүй, миний эрх мэдэл, байр сууринд аюул учруулж бүр ч болохгүй. Хэрвээ чамд эсэргүүцэх зүйл байвал надад аминчлан хэлж болно. Хэрвээ чи хүн бүрийн өмнө хэлж, намайг нэр нүүрээ алдахад хүргэх юм бол чи өөртөө гай дуудаж байгаа хэрэг бөгөөд би чамтай тооцоо бодох хэрэгтэй болно!” гэж боддог. Энэ ямар төрлийн зан чанар вэ? Антихрист бусдад чөлөөтэй ярихыг зөвшөөрдөггүй. Хэрвээ бусад хүн антихристийг эсэргүүцэх юм уу өөр ямар нэг зүйлийн талаар санал бодолтой байвал тэд үүнийгээ зүгээр чөлөөтэй хэлж болохгүй; антихристийн нэр нүүрийг бодолцох ёстой байдаг. Тэгэхгүй бол антихрист тэднийг дайсан мэт үзэж, дайрч давшилж, гадуурхах болно. Энэ ямар төрлийн уг чанар вэ? Энэ бол антихристийн уг чанар юм. Тэд яагаад ингэдэг вэ? Тэд чуулганд ямар нэгэн өөр дуу хоолой байхыг зөвшөөрдөггүй, чуулганд ямар ч санал зөрөлдөгч байхыг зөвшөөрдөггүй, мөн Бурханы сонгосон хүмүүс үнэний талаар ил тод нөхөрлөж, хүмүүсийг ялган танихыг зөвшөөрдөггүй. Тэдний хамгийн их айдаг зүйл бол хүмүүс өөрсдийг нь ил болгож, ялган таних явдал юм; тэд хүмүүсийн зүрх сэтгэл дэх эрх мэдэл, байр сууриа үргэлж бэхжүүлж, хэзээ ч ганхуулахгүй байхыг хүсдэг. Тэд өөрсдийнх нь нэр нүүр, нэр хүнд, эсвэл удирдагчийн байр суурь, үнэ цэнд аюул учруулах, нөлөөлөх юуг ч, хэзээ ч тэвчиж чадахгүй. Энэ нь антихристүүдийн хорлонтой уг чанарын илрэл биш гэж үү? Тэд аль хэдийн эзэмшиж буй эрх мэдэлдээ сэтгэл ханалгүй, түүнийгээ бэхжүүлж, баталгаажуулж, улмаар мөнхийн ноёрхолд хүрэхийг хүсдэг. Тэд бусдын зан авирыг төдийгүй зүрх сэтгэлийг нь хянахыг хүсдэг. Антихристүүдийн ашигладаг эдгээр арга нь тэр чигтээ эрх мэдэл, байр сууриа хамгаалахын төлөө байдаг бөгөөд эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн хүслээс нь бүрэн үүдэлтэй. Хэрвээ антихристүүд ил тод, шударгаар, үнэнд нийцүүлэн үйлддэг байсан бол бусад хүн дуугарч, өөр санал дэвшүүлж, өөрсдийг нь ил болгохоос яагаад айна гэж? Тэд хорон муу сэдэлтэй, буруутайгаа мэдэрдэг мөс чанартай учраас айдаг. Антихристүүд олон муу үйл үйлдсэнээ мэддэг бөгөөд нэгэнт ил болбол байр сууриа хадгалахад хэцүү төдийгүй, зайлуулагдах юм уу хөөгдөх аюулд орно. Тиймээс тэд бусдыг хазаарлаж, хязгаарлаж, үнэний талаар нөхөрлөх болон ялган танихад нь саад болохын тулд хамаг хүчин чармайлтаа дайчилдаг. Ялангуяа шударга ёсны хүчтэй мэдрэмжтэй, эсвэл ёрын муу хүмүүсийг ил болгож зүрхэлдэг хүмүүс бол антихристийн нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах болдог. Хэрвээ шударга ёсны мэдрэмжтэй хүмүүсийг мохоож, нэр хүндийг нь унагавал хэн ч өөрсдийг нь ил болгож зүрхлэхгүй, санал зөрөлдсөн дуу хоолой дахин гарахгүй бөгөөд энэ нь өөрсдөд нь аюулгүй байдлын мэдрэмж төрүүлнэ гэж антихристүүд боддог. Энэ бол антихристийн байнга хэрэглэдэг тактик юм. Тэд эрх мэдэл атгах барьцаа яавч сулруулахгүй бөгөөд эрх мэдлээ бэхжүүлэх хүчин чармайлтаа хэзээ ч бууруулахгүй—тэдний хэлдэг үг, хийдэг үйлдэл бүр нь эрх мэдэл, байр сууриа хамгаалахад чиглэдэг. Ялангуяа санал зөрөлдөгч байх үед, мөн тэр санал зөрөлдөгч ар хударгаар нь өөрийнх нь талаар ямар нэг зүйл хэлсэн, эсвэл шүүмжилснийг антихрист сонсох үед энэ нь бүр ч үнэн байдаг. Энэ тохиолдолд тэд шөнөжин унтахгүй, өдөржин хооллохгүй байсан ч хамаагүй, уг хэрэг явдлыг маш богино хугацаанд шийдвэрлэх болно. Тэд яаж ийм их хүчин чармайлт гаргаж чаддаг вэ? Учир нь байр суурь нь аюулд орсон, сорилтод өртсөн гэж тэдэнд санагддаг. Хэрвээ ийм арга хэмжээ авахгүй бол эрх мэдэл, байр суурьт нь аюул учирна—ёрын муу үйл, шившигтэй зан авир нь илчлэгдмэгц тэд байр суурь, эрх мэдлээ хадгалж үлдэж чадахгүйгээр үл барам, чуулганаас цэвэрлэгдэх юм уу хөөгдөнө гэж мэдэрдэг. Тийм ч учраас тэд асуудлыг дарж, өөрсдөд нь учрах бүх далд аюулыг сарниулах арга замыг бодож олохдоо улайран яардаг. Энэ бол байр сууриа хадгалж үлдэх цорын ганц арга зам нь юм. Антихристүүдийн хувьд байр суурь бол амин сүнс нь юм. Хэн нэгэн өөрсдийг нь илчлэх, эсвэл мэдээлэх гэж байгааг сонсмогцоо тэд айж, тавгүйтэн, маргааш гэхэд л байр сууриа алдаж, байр сууриас үүдэлтэй давуу эрхийн мэдрэмжийг ч, байр суурийн ашиг тусыг ч дахин хэзээ ч эдлэхгүй байх вий гэхээс айдаг. Тэд хэн ч цаашид өөрсдийнх нь үгэнд орохгүй, дагахгүй, хэн ч өөрсдөд нь зусардахгүй, тушаалыг нь биелүүлэхгүй байх вий гэхээс айдаг. Гэвч тэдний хувьд хамгийн тэвчихийн аргагүй зүйл бол байр суурь, эрх мэдлээ алдаад зогсохгүй, зайлуулагдаж, эсвэл хөөгдөж ч болзошгүй явдал юм. Хэрвээ тэгэхэд хүрвэл байр суурь, эрх мэдлийнх нь олгосон бүх давуу тал болон давуу эрхийн мэдрэмж, түүнчлэн Бурханд итгэснээр олж авах бүх ерөөл, шагналын найдвар хормын дотор алдагдах болно. Ийм хэтийн ирээдүй нь тэдний хувьд тэвчихэд хамгийн хэцүү байдаг. Эрх мэдэл, байр суурийн олгосон давуу тал, давуу эрхийн мэдрэмжийг нэгэнт алдвал тэдний сайн сайхан өдрүүд дуусна. Түүнчлэн, олон муу үйл хийснийхээ улмаас тэд гамшигт өртөж, Бурханы шийтгэлийг хүлээх болно.

Санал зөрөлдөгч гэж юу вэ? Антихристийн санал зөрөлдөгч гэж үздэг хүмүүс хэн бэ? Хамгийн наад зах нь тэд антихристийг удирдагч гэж нухацтай авч үздэггүй, өөрөөр хэлбэл түүнийг хүндэлж, шүтдэггүй, харин түүнд жирийн хүн мэт ханддаг хүмүүс юм. Энэ бол нэг төрөл. Тэгээд үнэнийг хайрладаг, үнэнийг эрэлхийлдэг, зан чанарын өөрчлөлтийг эрэлхийлдэг, Бурханыг хайрлах хайрыг эрэлхийлдэг хүмүүс бий; тэд антихристийнхээс өөр замаар явдаг бөгөөд антихристийн нүдээр бол тэд санал зөрөлдөгсөд юм. Өөр хүмүүс бий юу? (Антихристүүдэд үргэлж зөвлөгөө өгдөг, тэднийг ил болгож зүрхэлдэг хүмүүс.) Антихристэд зөвлөгөө өгч, тэднийг ил болгож зүрхэлдэг, эсвэл үзэл бодол нь өөрсдийнхөөс нь өөр байдаг хэнийг ч тэд санал зөрөлдөгч гэж үздэг. Мөн өөр нэг төрөл бий: хэв чанар, чадвараараа антихристтэй эн зэрэгцдэг, ярих, үйлдэх чадвар нь тэднийхтэй төстэй юм уу илүү дээр бөгөөд өөрсдийг нь ялган таньж чадна гэж антихристүүдийн үздэг хүмүүс. Антихристийн хувьд энэ нь хүлээн зөвшөөрөхийн аргагүй бөгөөд байр сууринд нь заналхийлдэг. Ийм хүмүүс бол антихристийн хамгийн том санал зөрөлдөгсөд юм. Антихрист ийм хүмүүсийг дутуу үнэлж, эсвэл өчүүхэн төдий ч назгайрч зүрхэлдэггүй. Тэд энэ хүмүүсийг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах мэт үзэж, тэднээс цаг ямагт сэрэмжилж, болгоомжилдог бөгөөд хийдэг бүх зүйлдээ тэднээс зайлсхийдэг. Ялангуяа санал зөрөлдөгч өөрийг нь ялган таньж, илчлэх гэж байгааг харах үедээ антихрист тун их сандардаг; тэд ийм санал зөрөлдөгчийг гадуурхаж, дайрч давшлахаар улайрч, улмаар тэр санал зөрөлдөгчийг чуулганаас зайлуулах хүртлээ сэтгэл нь ханадаггүй. Ийм сэтгэлгээтэй, зүрх сэтгэл нь эдгээр зүйлээр дүүрэн байхад тэд ямархуу зүйл хийж чадах вэ? Тэд эдгээр ах эгчийг дайсан мэт үзэж, тэднийг унагаж, тэднээс ангижрах арга зам бодож олох уу? Тэд гарцаагүй тэгнэ. Тэд санал зөрөлдөгсдийг буулгаж авах арга замыг бодож олохын тулд тархиа гашилгаж, тэднийг ялахын тулд юу ч хийхээс буцахгүй, тийм биз дээ? Санал зөрөлдөгсдийг буулгаж авна гэдэг нь антихрист, хүн бүрийг үгэндээ оруулж, хэнийг ч өөр зүйл хэлэх, өөр санал бодолтой байх, тэр ч байтугай өөрсдийг нь ил болгож зүрхлэхгүй болгоно гэсэн үг юм. Санал зөрөлдөгчийг ялна гэдэг нь антихрист тэднийг гүтгэж, яллаж, санал зөрөлдөгчийг тэнэг байдалд оруулж, засуулахын тулд хуурамч сэтгэгдэл төрүүлж, нэр хүндийг нь шавартай хутгана гэсэн үг юм. Ийм зүйл хийх нь дээд зэргийн муу үйл биш гэж үү? Энэ нь Бурханы зан чанарт халдаж байгаа хэрэг биш гэж үү? Антихрист санал зөрөлдөгсөд рүү дайрч давшилж, гадуурхах олон арга заль, арга барилтай байдаг. Ил тод сөргөлдөж, няцаахаас гадна тэдний хамгийн хүчтэй арга заль нь санал зөрөлдөгсдийг татаж, элсүүлж, бүгдийг нь үгэндээ оруулах явдал юм. Хэрвээ санал зөрөлдөгсөд үгэнд нь орохгүй бол шүтлэггүй хүмүүс улс төрийн өрсөлдөгчидтэйгөө харьцдагийн адилаар антихрист тэднийг дарж, дарангуйлж, нэр хүндийг нь унагах болно. Антихристүүд ийм хорон муу, хэрцгий байдаг. Гэвч заримдаа антихристүүд хүмүүсийг татахын тулд зөөлөн арга барил ашигладаг. Жишээлбэл, санал бодол нь өөрсдийнхтэй нь нийцдэггүй санал зөрөлдөгч байвал тэд тэр хүний юунд дуртай, сул тал нь юу болохыг харж, тэднийг буулгаж авахын тулд бүхий л төрлийн жигшүүрт арга ашигладаг. Эсвэл тэд санал зөрөлдөгчийн өмнө дуулгавартай дүр эсгэж, алдаагаа хүлээн зөвшөөрдөг, эсвэл санал зөрөлдөгчид ашиг тус авчирч, түүнийг сэтгэл хангалуун байлгахын тулд яахаас ч буцдаггүй, эсвэл дотнын найзуудаар нь санал зөрөлдөгчийг ятгуулж магадгүй; тэгээд тэд уг санал зөрөлдөгчтэй үнэний талаар нөхөрлөж байгаа дүр эсгэж, “Чуулганы ажил дээр бид хоёр хамтарвал төгс тохирно; цаашид бид энэ чуулганыг тавь тавиар хувааж болно. Би удирдагч ч гэлээ чиний ямар ч саналыг сонсоно. Үнэндээ би л чамтай хамтран ажиллах болно” гэж хэлдэг. Хэрвээ уг санал зөрөлдөгч үнэнийг ойлгодоггүй хүн байвал антихристэд түүнийг элсүүлэхэд амархан байх болно. Үнэнийг ойлгодог хүмүүс үүнийг нэвт харж, “Энэ үнэхээр далдуур үймүүлэгч юм; тэд ил тод дайрч давшлахгүй, харин заль мэх ашиглаж байна—хатуу тактикийн оронд зөөлөн арга ашиглаж байна” гэж хэлэх болно. Антихристийн хувьд санал үл нийлэгч байр суурь, эрх мэдэлд нь заналхийлдэг. Байр суурь, эрх мэдэлд нь заналхийлдэг хэн боловч, хэн байх нь хамаагүй, тэдний “учрыг олохын” тулд антихрист юу ч хамаагүй хийнэ. Антихристүүд энэ хүмүүсийг эрхэндээ оруулах юм уу элсүүлж чадахгүй бол хандыг нь дарах юм уу зайлуулах болно. Эцэст нь антихристүүд үнэмлэхүй эрх мэдэлтэй байх зорилгодоо хүрч, хууль дүрмийг уландаа гишгэнэ. Энэ нь байр суурь, эрх мэдлээ хадгалахын тулд антихристүүдийн сурсан зангаараа ашигладаг арга барилуудын нэг—тэд санал үл нийлэгчдийг дайрч давшилж, гадуурхдаг.

Антихристүүд санал зөрөлдөгсөд рүү дайрч давшилж, гадуурхахдаа ашигладаг арга барил, илрэл, үйлдлийн сэдэл, үйлдлийн эх сурвалжийн гарал үүсэл юу вэ? (Сатан.) Тодруулбал, эдгээр нь хүний амбиц, хүсэл болон Сатаны уг чанараас үүдэлтэй. Тэгвэл антихристийн зорилго юу вэ? Тэдний зорилго бол эрх мэдлийг булаан авч, хүмүүсийн зүрх сэтгэлийг хянаж, байр суурийнхаа ашиг тусыг эдлэх явдал юм. Энэ бол жинхэнэ антихрист. Хүмүүсийн зүрх сэтгэлийг татах болон санал зөрөлдөгсөд рүү дайрч давшилж, гадуурхах гэсэн хоёр зүйлийн үүднээс авч үзвэл “удирдагч” гэдэг үгийн утга болон удирдагчийн гүйцэтгэх үүрэг ролийг антихрист хэрхэн ойлгодог вэ? Удирдагч гэдэг бол эрх мэдэл, байр суурьтай, удирддаг хүмүүсээ захирах, өөртөө татах, төөрөлдүүлэх, сүрдүүлэх, хянах эрх мэдэлтэй хүн гэж тэд үздэг. Тэд “удирдагч” гэдэг үгийг ингэж ойлгодог. Тиймээс тэд удирдагчийн үүрэг роль гүйцэтгэх үедээ эдгээр тактикыг ажилдаа хэрэгжүүлдэг бөгөөд үүргээ ингэж гүйцэтгэдэг. Тэгвэл тэд үүргээ гүйцэтгэх үедээ үнэндээ юу хийж байна вэ? Тэд муу үйл үйлдэж байна гэж итгэлтэйгээр хэлж болох бөгөөд нарийн яривал тэд өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулж, сонгогдсон хүмүүс, хүмүүсийн зүрх сэтгэл болон байр суурийн төлөө Бурхантай өрсөлдөж байдаг. Тэд хүмүүсийн зүрх сэтгэл дэх Бурханы байр суурийг орлож, хүмүүсээр өөрсдийгөө шүтүүлэхийг хүсдэг. Та нар байнга ийм санаа зорилго, сэдэл өвөрлөж, ийм зан авир, хэрэгжүүлэлт харуулдаггүй гэж үү? Байнга эдгээр сатанлаг зан чанарыг харуулдаггүй гэж үү? (Харуулдаг.) Эдгээр сатанлаг зан чанарыг харуулах нь хэр ноцтой болж болох вэ? Өөрсдийгөө хянаж чадахгүй түвшинд хүрсэн үү? Ийм зүйл тохиолдох үед та нар тодорхой хэмжээнд ухамсарлаж, биеэ барьж, сахилгажуулж чаддаг уу? (Тийм.) Надад хэл дээ, эрх мэдлийг огт хүсдэггүй хүн гэж бий юу? Эрх мэдэлд дургүй хүн гэж бий юу? Байр суурийн ашиг тусад шунадаггүй хүн гэж бий юу? Үгүй, байхгүй. Үүний шалтгаан юу вэ? Яагаад гэвэл, хүмүүс бүгд Сатаны завхралд өртсөн; тэд бүгд сатанлаг уг чанартай. Бүх хүнд байдаг нэг нийтлэг зүйл бол тэд эрх мэдэл, байр сууринд дуртай, байр суурийн ашиг тусыг эдлэх дуртай байдаг. Энэ бол бүх хүнд байдаг нийтлэг шинж чанар юм. Тэгвэл яагаад зарим хүнийг антихрист гэж тооцогддог байхад зарим нь зүгээр л антихристийн зан чанар харуулдаг, эсвэл антихристийн замаар алхдаг вэ? Энэ хоёр бүлгийн ялгаа юу вэ? Нэгдүгээрт, Би тэдний хүн чанарын ялгааны талаар ярья. Антихристүүд хүн чанартай юу? Антихристүүдийн замаар алхдаг хүмүүс болон антихристүүдийн өөрсдийнх нь хүн чанарын ялгаа юу вэ? (Антихристүүдэд мөс чанар, эрүүл ухаан байдаггүй, хүн чанар байдаггүй, харин антихристүүдийн замаар алхдаг хүмүүст бага ч болов мөс чанар, эрүүл ухаан байдаг. Тэд үнэнийг хүлээн авч, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, мөн жинхэнэ гэмшил харуулж чаддаг.) Гэмшил харуулах нь нэг гол ялгаа юм. Антихристүүд гэмшиж мэддэг үү? (Үгүй, мэддэггүй.) Антихристүүд үнэнийг өчүүхэн төдий ч хүлээн авдаггүй; тэд мухардалд орсон ч гэсэн гэмшихгүй. Тэд хэзээ ч өөрсдийгөө таньж мэдэхгүй. Хүн чанарын тухайд, антихристүүдийн замаар алхдаг хүмүүс антихристүүдээс ялгаатай байдаг өөр нэг ялгаа бий, энэ нь жирийн сайн хүн болон ёрын муу хүний хоорондох ялгаа юм. Сайн хүмүүс мөс чанар, эрүүл ухаантайгаар ярьж, үйлддэг бол ёрын муу хүмүүст мөс чанар, эрүүл ухаан байдаггүй. Ёрын муу хүмүүс муу зүйл хийгээд ил болгуулах үедээ хүлээн зөвшөөрдөггүй: “Хм, хүн бүр мэдлээ ч гэсэн яаж ч чадахгүй биз дээ? Би хүссэнээ хийнэ! Намайг хэн ил болгож, шүүмжлэх нь надад хамаагүй. Үнэндээ хэн надад юу хийж чадах юм бэ?” Ёрын муу хүн хэчнээн их муу зүйл хийсэн ч ичдэггүй. Жирийн хүн муу зүйл хийх үедээ түүнийгээ өнгөлөн далдалж, нуун дарагдуулахыг хүсдэг. Хэрвээ хэн нэгэн тэднийг ил болговол тэд хэнтэй ч нүүр тулахаас хэтэрхий их ичиж, бүр цаашид амьдрахыг ч хүсдэггүй: “Өө, би яаж ийм зүйл хийж чадав аа? Би үнэхээр ичгүүргүй юм!” Тэд туйлын их харамсаж, бүр өөрсдийгөө харааж, дахин хэзээ ч ийм зүйл хийхгүй гэж тангарагладаг. Ийм зан авир нь тэд ичих мэдрэмжтэй, бага ч болов хүн чанартайн нотолгоо юм. Ичгүүргүй хүнд мөс чанар, эрүүл ухаан байдаггүй бөгөөд ёрын муу хүмүүс бүгд ичгүүргүй байдаг. Ёрын муу хүн ямар ч муу үйл үйлдсэн бай, энэ нь нүүрийг нь улайлгаж, зүрхний цохилтыг нь хурдасгахгүй бөгөөд тэд өөрсдийн үйлдлийг эрээ цээргүй өмгөөлж, сөрөг талыг эерэг болгон мушгин гуйвуулж, муу үйлийг сайн мэтээр ярьсаар байх болно. Ийм төрлийн хүнд ичих мэдрэмж байдаг уу? (Байдаггүй.) Хэрвээ тэд ийм хандлагатай бол ирээдүйд үнэхээр гэмших үү? Үгүй, тэд зүгээр л урьдын адил авирласаар байх болно. Энэ нь тэд ичгүүргүй гэсэн үг бөгөөд ичгүүргүй байна гэдэг нь мөс чанар, эрүүл ухаангүй гэсэн үг юм. Мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс муу зүйл хийсэн нь ил болсны дараа хэнтэй ч нүүр тулахаас хэтэрхий их ичдэг ба тэр зүйлээ дахин хэзээ ч хийдэггүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл, энэ нь ичгүүртэй хэрэг гэдгийг тэд мэдэрдэг бөгөөд хэнтэй ч нүүр тулахаас хэтэрхий их ичдэг; тэдний хүн чанарт ичих мэдрэмж байдаг. Энэ нь хэвийн хүн чанарын хамгийн наад захын стандарт биш гэж үү? (Мөн.) Ичдэггүй хүнийг хүн гэж нэрлэж болох уу? Болохгүй. Ичгүүр сонжуурыг ч мэддэггүй хүн хэвийн оюун ухаантай юу? (Үгүй.) Тэдэнд хэвийн оюун ухаан байдаггүй, эерэг зүйлийг хайрлах хайр бүр ч байдаггүй. Тэдний хувьд мөс чанар, эрүүл ухаантай байх нь хэтэрхий өндөр стандарт бөгөөд тэд үүнд хүрдэггүй. Тэгвэл антихристүүд болон антихристүүдийн замаар алхдаг хүмүүсийн хоорондох хамгийн үндсэн ялгаа юу вэ? Антихристийн мөн чанартай хүнийг байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдсэнийг нь өөр хэн нэгэн ил болгох үед тэд өөрсдийгөө буруу зүйл хийсэн гэж бодохгүй. Хожим нь тэд сургамж авч, Бурхан руу эргэхгүйгээр үл барам, харин ч удирдагч юм уу ажилчнаар сонгогдох боломж гармагц байр суурийн төлөө Бурхантай үргэлжлүүлэн тэмцэлдэж, урьдын адил үйлдэх ба үхэн үхтлээ гэмшихгүй. Ийм хүмүүст ямар нэгэн ухаалаг байдал байдаг уу? (Үгүй.) Ухаалаг байдалгүй хүмүүс ичгүүрийг мэдэрдэг үү? (Үгүй.) Ийм хүмүүст ухаалаг байдал ч, ичих мэдрэмж ч байдаггүй. Хэвийн хүн чанар, мөс чанар, эрүүл ухаантай хүмүүс өөрсдийг нь байр суурийн төлөө Бурхантай тэмцэлдэж байна гэж бусад хүн хэлэхийг сонсох үедээ “Өө яана аа, энэ чинь ноцтой хэрэг! Би Бурханыг дагагч шүү дээ! Би яаж байр суурийн төлөө Түүнтэй тэмцэлдэж болох юм бэ? Байр суурийн төлөө Бурхантай өрсөлдөх нь ямар ичгүүртэй юм бэ! Би хэчнээн хөшүүн, ямар тэнэг, ямар эрүүл ухаангүй болохоороо ийм юм хийдэг байна аа! Би яаж ийм зүйл хийж чадав аа?” гэж бодох болно. Тэд хийсэн зүйлээсээ болж бантаж, ичих бөгөөд ижил төстэй нөхцөл байдалтай тулгарах үед ичих мэдрэмж нь тэдний зан авирыг хязгаарлах болно. Бүх хүний уг чанар-мөн чанар нь Сатаны уг чанар-мөн чанар боловч хэвийн хүн чанарын эрүүл ухаантай хүмүүс ичих мэдрэмжтэй байж, зан авир нь хязгаарлагдах болно. Хүний үнэнийг ойлгох ойлголт аажмаар гүнзгийрч, Бурханы талаарх мэдлэг, ойлголт болон үнэнд дуулгавартай байдал нь гүнзгийрэхийн хэрээр энэ ичих мэдрэмж нь цаашид хамгийн наад захын хязгаар байхаа болино. Тэд үнэнд, мөн Бурханаас эмээдэг сэтгэлдээ улам бүр хязгаарлагдах болно. Тэд өөрсдийгөө үргэлжлүүлэн сайжруулж, улам бүр үнэнтэй нийцүүлэн үйлдэх болно. Харин антихристүүд үнэнийг эрэлхийлэх үү? Тэд яавч тэгэхгүй. Тэдэнд хэвийн хүний эрүүл ухаан байдаггүй, үнэнийг эрэлхийлнэ гэдэг нь юу гэсэн үг болохыг мэддэггүй, үнэнд зэвүүцдэг, үнэнийг өчүүхэн төдий ч хайрладаггүй тул тэд яаж үнэнийг эрэлхийлж чадах юм бэ? Үнэнийг эрэлхийлэх нь хэвийн хүн чанарын хэрэгцээ юм; зөв шударга байдлаар өлсөж, цангадаг хүмүүс л үнэнийг хайрлаж, эрэлхийлэх болно. Хэвийн хүн чанаргүй хүмүүс хэзээ ч үнэнийг эрэлхийлэхгүй.

Антихристийн замаар алхдаг хүмүүс жинхэнэ антихристүүдээс ялгаатай. Зарим хүн антихристийн зан чанараар дүүрэн байгаагаа хардаг бөгөөд алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг эрэлхийлж, ихэд нандигнан, хэзээ ч орхиж чаддаггүй. Тэд антихристийн уг чанартай, аврагдаж чадахгүй гэдэгтээ бат итгэдэг. Хэрвээ чи өөрийгөө үнэхээр мэддэггүй, мөн антихрист эсвэл ёрын муу хүн эсэхээ мэдэхгүй байвал ямар нэгэн ичих мэдрэмжтэй эсэхээ эргэцүүлэх ёстой. Хэрвээ байхгүй бол чи аюулд орсон бөгөөд чамайг ёрын муу хүн юм уу антихристийн уг чанар-мөн чанартай гэж хэлж болно. Чи одоо антихрист биш байлаа ч гэсэн ирээдүйд тийм болж магадгүй. Үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүсийн хамгийн хийхийг хүсдэггүй зүйл бол өөрсдийгөө эргэцүүлж, таньж мэдэх явдал юм. Тэд: “Намайг антихрист гэж хэн хэлэх нь надад хамаагүй. Алдар нэр, ашиг хонжоо, байр сууринд дургүй хүн гэж хэн байдаг юм бэ? Алдар нэр, ашиг хонжоо, байр сууринд дургүй гэж хэлсэн хэн боловч худлаа ярьж байна. Хэн байр суурьтай байж түүнийхээ ашиг тусыг эдлэхгүй байж чадах юм бэ? Тэнэг хүн л тийм байж чадна. Байр суурийн ашиг тусыг эдэлж чаддаг байхыг чадвар гэдэг юм!” гэж хэлдэг. Ямар төрлийн хүн ийм зүйл хэлдэг вэ? Энэ нь үнэнд зэвүүцдэг хүн биш гэж үү? Ийм хүн засаршгүй зөрүүд байдаг—тэд аврагдаж чадах уу? Тэд яавч аврагдаж чадахгүй, учир нь Бурхан ёрын муу хүмүүсийг авардаггүй; ийм хүмүүс бол Сатаны төрлийнхөн, тэд бол араатан юм. Зарим хүн Бурханы авралын бай болж чадах эсэхээ мэддэггүй. Энэ тохиолдолд, Бурханы үг чиний уг чанар-мөн чанар болон чиний завхарсан зан чанарыг ил болгох үед чи үүнийг мэдэрч, дотроо ичиж чадах эсэхээ, Бурханы ил болгож буй зүйл бол чиний жинхэнэ дүр төрх мөн гэж бодож, улмаар ичиж, өөрийгөө нуух газаргүй мэт санагдаж байгаа эсэхээ ажигла. Хэрвээ чамд ийм ичих мэдрэмж байвал, ийм ухамсар байвал энэ нь сайн хэрэг. Зарим хүн: “Бурханы үг намайг нэгд нэггүй ил болгосон. Би хэнтэй ч нүүр тулахаас хэтэрхий их ичиж байна, надад нуугдах газар алга. Би там руу илгээгдэх ёстой, Бурханы авралыг хүртэхэд тэнцэхгүй гэж бодож байна. Миний сөрөг байдал бүр амьдрах ч эрхгүй мэт санагдахад хүргэж байна. Би зүгээр л үхээд дуусгах хэрэгтэй” гэж ч хэлдэг. Ингэж санагдах нь сайн уу, муу юу? Энэ бол сайн хэрэг. Зарим хүн ойлгодоггүй бөгөөд “Энэ яаж сайн хэрэг байх юм бэ?” гэдэг. (Энэ нь тухайн хүн ичих мэдрэмжтэйг харуулж байна.) Энэ нь ичгүүрээр тодорхойлогддоггүй. Юун түрүүнд, ийм мэдрэмжтэй байна гэдэг нь чи ядаж л Бурханы үгийг ойлгож байна гэсэн үг юм. Хоёрдугаарт, өөрийгөө мэдэх мэдлэгийн чинь үндэс суурь юу вэ? (Бурханы үгийг хүлээн авах.) Зөв. Чи Бурханы үг бол үнэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг, энэ нь чи Бурханы үгийг стандарт болгон ашиглаж аврагдаж чадах эсэхээ болон ямар төрлийн хүн болохоо үнэлдэг гэсэн үг юм—чи аль хэдийн Түүний үгийг өөрийгөө үнэлэх стандарт болгосон байна. Энэ нь Бурханы үгэнд жинхэнэ итгэлтэйг чинь нотолж байна. Чи Бурханд жинхэнэ итгэлтэй байх үедээ л Түүний үгийг үнэн, өөрийгөө үнэлэх стандарт гэж үзэж чадна. Ингэдэг хүнд аврагдах боломж бий—энэ нь тухайн хүнд ичих мэдрэмж байгаа эсэхтэй адил тийм энгийн зүйл биш юм.

Антихристүүд санал зөрөлдөгсөд рүү дайрч давшилж, гадуурхах энэ илрэлийн тухайд, бид “санал зөрөлдөгч” гэдэг үгийн тодорхойлолтыг аль хэдийн хэлэлцсэн. Тэгвэл ямар хүмүүс энэ нэр томьёоны цар хүрээнд багтдаг вэ? Энэ нь голчлон аливаа зүйлийн талаар антихристүүдээс өөр үзэл бодолтой, тэднээс өөр замаар алхдаг хүмүүс юм. Антихристүүдийн нүдээр бол энэ хүмүүс бүгд санал зөрөлдөгсөд болдог бөгөөд тэд антихристүүдийн дайрч давшлах бай болдог. Санал зөрөлдөгсөд рүү дайрч давшилж, гадуурхах нь тун зөв зүйтэй зүйл, энэ нь Бурханы гэрийн ажлыг хамгаалж, чуулганы амьдралыг хамгаалж байгаа хэрэг гэж антихристүүд үздэг боловч үнэн хэрэгтээ энэ нь өөрсдийнхөө байр суурь, эрх мэдлийг хамгаалах арга зам, арга барил юм. Энэ нь Бурханы гэрийн ажлыг огтхон ч хамгаалдаггүй, Бурханы сонгосон хүмүүсийн чуулганы амьдралын хэвийн дэг журмыг бүр ч хадгалдаггүй. Энд дурдсан санал зөрөлдөгсдийн зарим нь үнэнийг эрэлхийлдэг хүмүүс юм. Бид үүнд итгэлтэй байж болно, учир нь антихристүүд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийн эсрэг байдаг бөгөөд үнэнийг эрэлхийлдэг хүмүүс л антихристүүдийг ялган таньж чаддаг.

2019 оны 1 дүгээр сарын 22

Өмнөх: 1-р зүйл: Тэд хүмүүсийн зүрх сэтгэлийг татахаар оролддог

Дараах: 3-р зүйл: Тэд үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийг гадуурхаж, дайрч давшилдаг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих