9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (III хэсэг)
II. Антихристүүдийн ашиг сонирхол
Б. Өөрсдийнх нь нэр хүнд, байр суурь
Өнгөрсөн удаа бид антихристүүдийн янз бүрийн илрэлийн ес дэх зүйлийн талаар нөхөрлөсөн. Үүнийг товчхон авч үзье. Бид антихристүүдийн ашиг сонирхлыг задлан шинжлэхдээ хэдэн хэсэгт хуваасан бэ? (Гурван хэсэг. Нэг дэх нь антихристүүдийн өөрсдийнх нь аюулгүй байдал, хоёр дахь нь өөрсдийнх нь нэр хүнд, байр суурь, гурав дахь нь сайн сайхан байдал.) Антихристүүдтэй холбоотой ашиг сонирхолд өөрсдийнх нь аюулгүй байдал, байр суурь, хувийн сайн сайхан байдал гэсэн энэ гурван хэсэг багтдаг—тийм биз дээ? (Тийм.) Нэг дэх хэсэг болох өөрсдийнх нь аюулгүй байдлыг ойлгоход харьцангуй амархан. Энэ нь тэдэнд тулгардаг аюултай орчин нөхцөлтэй холбоотой бөгөөд антихристүүдийн шууд ашиг сонирхол буюу хувийн аюулгүй байдлыг нь хөнддөг. Бид энэ хэсгийн талаар үндсэндээ нөхөрлөж дууссан. Хоёр дахь хэсэг нь өөрсдийнх нь нэр хүнд, байр суурь юм. Өнгөрсөн удаа бид үүний зарим илрэлийн талаар нөхөрлөсөн боловч нэлээд ерөнхий хүрээнд байсан. Та нар бүгд энэ хэсгийн талаар зүгээр л ухагдахууны төдий ойлголт, мэдлэгтэй байгаа гэж Би бодож байна. Хэрвээ Би та нарт зарим нэг жишээ хэлж өгч, нарийвчилсан, бодитой дүн шинжилгээ хийхгүй бол та нар антихристүүдийн мөн чанар, илрэлийн энэ талын тухай бичиг үсэг, хоосон сургаалын төдий жаахан ойлголттой л үлдэж, эдгээр бодитой, тодорхой илчлэл, илрэлийн алийг нь ч танин мэдэж чадахгүй байж мэднэ. Та нарын өнцгөөс харвал, эдгээр сэдвийг нөхөрлөх тухайд тодорхой байх тусмаа сайн, тийм үү? (Тийм.) Та нар бэлэн зүйл сонсох дуртай; юмыг өөрсдөө ухаж ойлгох дургүй. Та нар эдгээр номлолыг сонссоныхоо дараа гэрийн даалгавар хийдэг үү? Хэрвээ хэтэрхий дэлгэрэнгүй нөхөрлөвөл Намайг хэтэрхий номчирхуу, нуршуу байна гэж та нар бодох уу? Та нар: “Та бидний оюуны чадамжийг үнэхээр дутуу үнэлж байна; бид үнэхээр тийм муу хэв чанартай гэж үү? Та зүгээр л нэг юм уу хоёр жишээ хэлэхэд хангалттай. Түүнчлэн, антихристүүдийн мөн чанарыг задлан шинжлэх тухайд, тэд байр суурь, эрх мэдэлд дурладагтай холбоотой зүйлсийн талаар бид аль хэдийн нэлээд их нөхөрлөсөн. Антихристүүдийн ашиг сонирхлын талаарх бидний нөхөрлөл яагаад бас энэ сэдвийг хөнддөг юм бэ? Энэ нь хэтэрхий давтагдсан, дэлгэрэнгүй биш гэж үү? Энэ талаар нөхөрлөх үнэхээр шаардлагатай юу?” гэж хэлж магадгүй. Үнэндээ бага зэрэг давтах нь муу зүйл биш. Хэрвээ бид бүх өнцгөөс нөхөрлөвөл та нар антихристүүдийн мөн чанарын энэ талын тухай илүү гүн гүнзгий ойлголттой болно. Цаашлаад, үнэний талаар нөхөрлөх үед давталтаас зайлсхийх ёсгүй. Олон жилийн турш нөхөрлөсөн ч хүмүүс орж чадаагүй зарим үнэн байдаг. Давталтаас үргэлж зайлсхийхээр чармайж, үргэлж шинэ хэв маяг, илэрхийлэл хайх нь зөв үү? (Буруу.) Үнэн өөрөө хүмүүсийн амьдралтай нягт холбоотой байдаг. Хүмүүсийн амьдралдаа харуулдаг янз бүрийн зүйл болон завхарсан зан чанар, тэдний илрэл, мөн бүх төрлийн зүйлд ханддаг тэдний үзэл бодол, хандлага өдөр бүр ахин дахин өрнөж байдаг. Үнэний талаар нөхөрлөж, өөр өөр агуулга, мөн чанарыг янз бүрийн өнцгөөс задлан шинжлэх нь хүмүүс үнэнд ороход туйлын ашиг тустай. Өнгөрсөн удаа бид антихристүүдийн ашиг сонирхлын хоёр дахь хэсэг болох өөрсдийнх нь нэр хүнд, байр суурийн талаар энгийн, ерөнхий байдлаар нөхөрлөсөн. Өнөөдөр Би энэ талаар нарийвчлан нөхөрлөхийн тулд зарим нэг жишээ хэлье. Мэдээж, хэрвээ та нар Миний нөхөрлөлийн суурин дээр ямар нэгэн шинэ ойлголт олж авсан, эсвэл ямар нэгэн илчлэл, гэрэл олж авсан бол, эсвэл өөрсдийн туршлага, амьдралын явцад холбогдох зарим жишээг харсан бол та нар ч бас нөхөрлөлд оролцож болно. Дараа нь, антихристүүдийн ашиг сонирхлын өнцгөөс, өөрсдийнх нь нэр хүнд, байр суурийн тухайд антихристүүд юу илэрхийлдэг, антихристүүд ямар завхарсан зан ча харуулдаг, мөн антихристүүд ийм уг чанар-мөн чанарыг ямар байдлаар харуулдгийг тодорхой задлан шинжилцгээе.
Антихристүүд нэр хүнд, байр сууриа эрхэмлэх нь жирийн хүмүүсийнхээс давдаг бөгөөд энэ нь тэдний зан чанар-мөн чанар доторх зүйл юм; энэ нь түр зуурын сонирхол, эсвэл хүрээлэн буй орчны түр зуурын нөлөө биш—энэ бол тэдний амь дотор, ясанд нь байдаг зүйл, тиймээс энэ бол тэдний мөн чанар юм. Өөрөөр хэлбэл, антихристүүд юу ч хийсэн хамгийн түрүүнд өөрсдийн нэр хүнд, байр суурийг л бодолцдог, өөр юуг ч биш. Антихристүүдийн хувьд нэр хүнд, байр суурь бол тэдний амь бөгөөд насан туршдаа эрэлхийлдэг зорилго нь юм. Тэд юу ч хийсэн хамгийн түрүүнд “Миний байр суурь яах вэ? Нэр хүнд минь яах вэ? Үүнийг хийвэл надад сайн нэр хүнд авчрах уу? Энэ нь хүмүүсийн бодол санаан дахь миний байр суурийг өргөх үү?” гэж боддог. Энэ бол тэдний хамгийн түрүүнд боддог зүйл бөгөөд тэд антихристүүдийн зан чанар, мөн чанартай байдгийн хангалттай нотолгоо юм—тийм учраас л тэд аливааг ингэж бодолцон үздэг. Антихристүүдийн хувьд нэр төр, байр суурь бол зүгээр нэг нэмэлт шаардлага биш, тэргүйгээр байж чадахаар гадна талын зүйл бүр ч биш гэж хэлж болно. Тэдгээр нь антихристүүдийн уг чанарын нэг хэсэг, яс цусанд нь байдаг, төрөлхийн зүйл юм. Антихристүүд нэр төртэй, байр суурьтай эсэхэд хайхрамжгүй ханддаг биш; тэдний хандлага ийм биш. Тэгвэл тэдний хандлага ямар байдаг вэ? Нэр төр, байр суурь тэдний өдөр тутмын амьдрал, өдөр тутмын байдал, өдөр тутамдаа эрэлхийлдэг зүйлтэй нь нягт холбоотой байдаг. Антихристүүдийн хувьд нэр төр, байр суурь бол тэдний амь юм. Тэд яаж ч амьдарч, ямар ч орчинд амьдарч, ямар ч ажил хийж, юуг ч эрэлхийлж, ямар ч зорилготой байсан, амьдралын чиглэл нь ямар ч байсан, энэ бүхэн сайн нэр төртэй, өндөр байр суурьтай байхад төвлөрдөг. Энэ зорилго өөрчлөгддөггүй; тэд ийм зүйлсийг хэзээ ч хойш тавьж чадахгүй. Энэ бол антихристүүдийн жинхэнэ нүүр царай, мөн чанар билээ. Тэднийг ууланд балар харанхуй ойн гүнд тавьсан ч гэсэн нэр төр, байр суурийн араас хөөцөлдөхөө мөн л болихгүй. Тэднийг ямар ч бүлэг хүмүүсийн дунд тавьсан, тэд нэр төр, байр сууриас өөрийг бодохгүй. Антихристүүд Бурханд итгэдэг хэдий ч нэр хүнд, байр суурь эрэлхийлэхийг Бурханд итгэх итгэлтэй адилтгаж, энэ хоёр зүйлийг ижил түвшинд тавьдаг. Өөрөөр хэлбэл, Бурханд итгэх итгэлийн замаар алхахдаа тэд бас өөрсдийн нэр хүнд, байр суурийг эрэлхийлдэг. Антихристүүдийн зүрх сэтгэлд, Бурханд итгэхдээ үнэнийг эрэлхийлэх нь нэр хүнд, байр суурийг эрэлхийлэх явдал, нэр хүнд, байр суурийг эрэлхийлэх нь бас үнэнийг эрэлхийлэх явдал; нэр хүнд, байр суурийг олж авах нь үнэн болон амийг олж авах явдал гэж хэлж болно. Хэрвээ тэд алдар нэр, ашиг хонжоо, байр суурь олж аваагүй, хэн ч өөрсдийг нь хүндлэхгүй, өндрөөр үнэлэхгүй, эсвэл дагахгүй байна гэж бодвол сэтгэлээр унаж, Бурханд итгэх нь ямар ч утга учиргүй, үнэ цэнгүй гэж боддог бөгөөд дотроо “Бурханд ингэж итгээд би бүтэлгүйтчихэв үү? Надад ямар ч найдвар алга уу?” хэмээн гайхширдаг. Тэд зүрх сэтгэлдээ ихэвчлэн иймэрхүү зүйлийг тооцоолдог. Тэд Бурханы гэрт яаж байр эзлэх, чуулганд яаж нэр хүнд өндөртэй болох, юм ярих үедээ яаж хүмүүсийг сонсгох, юм хийх үедээ яаж тэднээр магтуулах, хаа явсан газартаа яаж өөрийгөө хүмүүсээр дагуулах, яаж чуулганд үг хэлэх нөлөөтэй, алдар нэр, ашиг хонжоо, байр суурьтай болох тухайгаа тооцоолдог—тэд зүрх сэтгэлдээ үнэхээр ийм зүйлд анхаарлаа төвлөрүүлдэг. Эдгээр нь тийм хүмүүсийн эрэлхийлдэг зүйл юм. Тэд яагаад үргэлж ийм зүйлсэд ач холбогдол өгдөг вэ? Бурханы үгийг уншиж, номлол сонссоныхоо дараа тэд энэ бүхнийг үнэхээр ойлгодоггүй, энэ бүхнийг үнэхээр ялган таньж чаддаггүй гэж үү? Бурханы үг болон үнэн тэдний үзэл, санаа, санал бодлыг өөрчилж үнэхээр чаддаггүй гэж үү? Огт тийм биш. Асуудал тэдэнд оршдог бөгөөд тэд үнэнийг хайрладаггүй, зүрх сэтгэлдээ үнэнд зэвүүцэж, улмаар үнэнийг огт хүлээж авдаггүйгээс нь болдог—энэ нь тэдний уг чанар, мөн чанараар тодорхойлогддог.
Антихристүүд Бурханы үг болон үнэнийг сонссоныхоо дараа зүрх сэтгэлдээ чиг баримжаа олсон мэт санагддаг. Гэвч энэ чиг баримжаа гэгч нь үнэндээ юу вэ? Энэ нь тэднийг байр суурь олж авна гэдэгтээ улам бүр итгэлтэй болгодог нэг төрлийн хэрэгсэл—эсвэл нэг төрлийн ашигтай зэвсэг олж авч байгаа хэрэг гэж хэлж болно. Тиймээс тэд энэ боломжийг ашиглан илүү ихийг сонсож, илүү ихийг уншиж, илүү ихийг сурч, илүү их нөхөрлөж, илүү ихийг хэрэгжүүлдэг бөгөөд аажмаар олон бичиг үсэг, хоосон сургаал ярьж, мартагдашгүй, хүмүүсийн хүндлэлийг хүлээсэн номлол гэгчийг номлож чадах хэмжээнд хүрдэг. Үгчилсэн утгаараа сайн гэж хүмүүсийн боддог эдгээр хоосон сургаалыг ухаармагцаа тэд яг л аврах олс шүүрэн авч, чиг баримжаа, үүрийн гэгээг олсон мэт болдог. Тиймээс антихристүүд хэрэгжүүлэхийн тулд, эсвэл Бурханы Үгийг дагахын тулд номлол сонсож, Бурханы үгийг уншдаггүй, мэдээж Түүний санаа зорилгыг ойлгохын тулд эдгээр зүйлийг хийдэггүй. Тэд Бурханы үгийг ашиглан, эсвэл сүнслэг гэж боддог эдгээр онолоо ашиглан, эсвэл сүрлэг номлол номлох замаар хүмүүсийг өөртөө татаж, илүү олон хүнийг уруу татан өөрсдийгөө шүтүүлж, дагуулахын тулд л эдгээр зүйлийг хийдэг. Үл мэдэгдэм байдлаар, Бурханы үг, үнэн болон Түүний зам нь энэ хүмүүсийн бусдын дунд байр суурь, нэр хүнд олж авахдаа ашигладаг нэг төрлийн суваг, нэг төрлийн шат, нэг төрлийн хэрэгсэл болдог. Тиймээс яаж ч харсан, антихристүүдээс ямар ч жинхэнэ итгэл, эсвэл ямар ч бодитой дуулгавартай байдлыг олж харж чадахгүй. Эсрэгээрээ тэд номлол сонсож, Бурханы үгийг уншихад хэчнээн их хүчин чармайлт гаргасан нь хамаагүй, Бурханы үгэнд итгэх итгэл нь хэчнээн “сүсэгтэй” мэт харагдсан нь хамаагүй, үгүйсгэж болохгүй нэг зүйл бий, тэр нь юу вэ гэвэл, антихристүүд эдгээр зүйлийг хийх үед тэдний санаа зорилго, төлөвлөгөө нь Бурханы хүслийг дагах явдал биш, мэдээж үүргээ сайн гүйцэтгэх явдал ч биш; тэд хамгийн өчүүхэн дагагч, эсвэл бүтээгдсэн зүйл байж, Бурханы даалгавар болон Түүний дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай, томоотой байдлаар хүлээн авахыг хүсдэггүй. Харин тэд зүгээр л эдгээр зүйлийг ашиглан хувийн зорилгодоо хүрч, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзэлж, Бурханы өмнө эерэг үнэлгээ олж авахыг л хүсдэг—тэдний хүсдэг бүхэн энэ. Тиймээс антихристүүд Бурханы үгийг яаж ч номлосон, тэдний номлодог номлол хэчнээн зөв, сүрлэг, сүнслэг, хүмүүсийн дур сонирхолд нийцсэн байсан ч хамаагүй, тэдэнд ямар ч хэрэгжүүлэлт, оролт байхгүй байх болно. Үүний зэрэгцээ, тэдний байр суурь, нэр хүндийн эрэлхийлэл улам их “үр дүнд” хүрнэ. Би яагаад ингэж хэлж байна вэ? Яагаад гэвэл, ийм хүмүүс юу ч хийсэн, асар их хүчин чармайлтаар юунд ч хүрч дөнгөсөн бай, тэдний эрэлхийлдэг чиглэл, зорилго, мөн үйлдэл хийх бүрдээ зүрх сэтгэлийнхээ гүнд өвөрлөдөг сэдэл, үүний эх сурвалж нь өөрсдийнх нь ашиг сонирхолтой маш нягт сүлжилдсэн байр суурь, нэр хүндээс салшгүй байдаг.
Юу тарина, түүнийгээ хураана гэдэг үг бий. Антихристүүд ямар ч сайн хэв чанар, билиг авьяастай байсан, эсвэл ямар ч сүсэг, сүнслэг илрэл харуулсан бай, тэд эрх мэдэл эзэмшиж, Бурханы сонгосон хүмүүсийг хянах амбиц, хүсэл өвөрлөдөг бөгөөд үнэнийг эрэлхийлдэггүй, зөвхөн нэр хүнд, байр суурийг л эрэлхийлдэг тул Бурханы шаардлагын дагуу хэрэгжүүлж чадах уу? Тэд үйлдлээрээ Бурханы шаарддаг стандартад нийцэж чадах уу? (Үгүй.) Тэгвэл тэдний үйлдэл, зан авир үнэндээ ямар үр дагаварт хүргэх вэ? (Гарцаагүй өөрсдийн бие даасан хаанчлалыг байгуулж, бүх шийдвэрийг гаргахад хүргэнэ.) Зөв. Антихристүүд юу ч хийсэн, эцсийн үр дүн нь энэ юм. Тэгвэл энэ үр дагавар юунаас үүдэлтэй вэ? Гол нь тэд үнэнийг хүлээн авч чаддаггүйгээс үүдэлтэй. Засуулж, шүүгдэж, эсвэл гэсгээгдсэн ч хамаагүй, антихристүүд үнэнийг зүрх сэтгэлдээ хүлээж авахгүй. Антихристүүд юу ч хийж байсан, үргэлж өөрсдийн гэсэн зорилго, санаархалтай байж, үргэлж өөрсдийн төлөвлөгөөний дагуу үйлддэг бөгөөд Бурханы гэрийн зохицуулалт, ажилд хандах хандлага нь энэ: “Чамд мянган төлөвлөгөө байж болох ч надад нэг л дүрэм бий”; энэ бүхэн антихристүүдийн уг чанараар тодорхойлогддог. Антихристүүд сэтгэлгээгээ өөрчилж, үнэн-зарчмын дагуу үйлдэж чадах уу? Дээрхээс тэднээс шууд тэгж шаардахгүй л бол энэ нь туйлын боломжгүй бөгөөд шаардсан тохиолдолд тэд аргагүйн эрхэнд дурамжхан жаахан зүйл хийж чадна. Хэрвээ тэд юу ч хийгээгүй бол ил болж, чөлөөлөгдөнө. Зөвхөн ийм нөхцөлд л тэд жаахан бодитой ажил хийж чаддаг. Энэ бол антихристүүдийн үүрэг гүйцэтгэхэд ханддаг хандлага юм; энэ нь бас тэдний үнэнийг хэрэгжүүлэхэд ханддаг хандлага юм: Үнэнийг хэрэгжүүлэх нь тэдэнд ашиг тустай байх үед, үүнийх нь төлөө хүн бүр тэднийг сайшааж, бишрэх үед тэд гарцаагүй биелүүлж, бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц төдий дүр эсгэсэн хүчин чармайлт гаргадаг. Хэрвээ үнэнийг хэрэгжүүлэх нь тэдэнд ямар ч ашиггүй бол, хэрвээ хэн ч үүнийг харахгүй, дээд түвшний удирдагчид харахгүй бол тийм үед үнэнийг хэрэгжүүлнэ гэж үгүй. Тэд үнэнийг хэрэгжүүлэх эсэх нь нөхцөл байдал, орчноос шалтгаалдаг бөгөөд үүнийг яаж бусдад харагдахуйц байдлаар хийж болох, ашиг тус нь хэр их байхыг тэд бодолцдог; тэд эдгээр зүйлийг маш овжноор ухамсарладаг бөгөөд янз бүрийн нөхцөл байдалд дасан зохицож чаддаг. Тэд цаг үргэлж өөрсдийн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг бодолцон үздэг, Бурханы санаа зорилгыг огтхон ч харгалзан үздэггүй бөгөөд үнэнийг хэрэгжүүлж, зарчмыг баримтлах тал дээр дутуу дулимаг байдаг. Антихристүүд зөвхөн өөрсдийн алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, хувийн ашиг сонирхолд л анхаарлаа хандуулдаг бөгөөд ямар ч ашиг олохгүй байхыг, эсвэл өөрсдийгөө гайхуулахгүй байхыг хүлээн зөвшөөрдөггүй, үнэнийг хэрэгжүүлэх нь тэдний хувьд төвөгтэй байдаг. Хэрвээ хүчин чармайлтыг нь үнэлэхгүй бол, мөн бусдын өмнө ажиллаж байсан ч ажлыг нь харахгүй бол тэд ямар ч үнэнийг хэрэгжүүлэхгүй. Хэрвээ ажлыг Бурханы гэрээс шууд зохицуулсан бөгөөд тэд хийхээс өөр аргагүй болбол энэ нь тэдний байр суурь, нэр хүндэд ашиг тустай эсэхийг тэд бодолцсоор л байдаг. Хэрвээ энэ нь тэдний байр сууринд сайн, нэр хүндийг нь өсгөж чадах бол тэд энэ ажилд бүхнээ зориулж, сайн хийдэг; тэд нэг сумаар хоёр туулай буудаж байна гэж боддог. Хэрвээ энэ нь тэдний алдар нэр, ашиг хонжоо, байр сууринд ямар ч ашиггүй бөгөөд муу хийвэл нэр хүндийг нь гутаах эрсдэлтэй бол тэд үүнээс мултрах арга юм уу шалтаг хайдаг. Антихристүүд ямар ч үүрэг гүйцэтгэсэн, үргэлж нэг л зарчмыг баримталдаг: Тэд нэр хүнд, байр суурь, эсвэл ашиг сонирхлын тухайд ямар нэгэн ашиг олох ёстой, ямар ч хохирол амсах ёсгүй. Антихристүүд зовж, төлөөс төлөх шаардлагагүй, нэр хүнд, байр сууринд нь ашиг тустай ажилд л хамгийн дуртай. Дүгнэж хэлбэл, антихристүүд юу хийж байгаа нь хамаагүй, эхлээд өөрсдийн ашиг сонирхлыг бодолцдог бөгөөд үүнийг бүхэлд нь бодож үзмэгцээ л үйлддэг; тэд үнэнийг жинхэнээсээ, чин сэтгэлээсээ, буулт хийлгүйгээр туйлын дуулгавартай дагадаггүй, харин шилж сонгож, болзолтойгоор дагадаг. Энэ нь ямар болзол вэ? Тэдний байр суурь, нэр хүнд хамгаалагдах ёстой, ямар ч хохирол амсах ёсгүй. Энэ болзол биелсэн тохиолдолд л тэд юу хийхээ шийдэж, сонгоно. Өөрөөр хэлбэл, антихристүүд үнэн-зарчим, Бурханы даалгавар, Бурханы гэрийн ажилд яаж хандах, өөрсдөд нь тулгарсан зүйлийг яаж зохицуулахаа нухацтай бодолцон үздэг. Тэд Бурханы санаа зорилгыг хэрхэн хангах, Бурханы гэрийн ашиг сонирхлыг яаж хохироохгүй байх, Бурханыг яаж сэтгэл хангалуун байлгах, ах эгч нарт яаж ашиг тус өгөхийг авч үздэггүй; тэд иймэрхүү зүйлийг бодолцдоггүй. Антихристүүд юуг бодолцон үздэг вэ? Өөрсдийнх нь байр суурь, нэр төрд нөлөөлөх эсэх, нэр хүнд нь буурах эсэхийг. Ямар нэг зүйлийг үнэн-зарчмын дагуу хийх нь чуулганы ажил, ах эгч нарт ашиг тустай ч өөрсдийнх нь нэр төрийг унагаж, өөрсдийнх нь жинхэнэ биеийн хэмжээг маш олон хүнд ухааруулж, ямаршуу уг чанар-мөн чанартайг нь мэдүүлэхээр байвал тэд үнэн-зарчмын дагуу яавч үйлдэхгүй. Бодитой ажил хийх нь илүү олон хүнд өндрөөр үнэлэгдэж, хүндлүүлж бишрүүлэхэд хүргэж, илүү их нэр хүндтэй болж, үг нь эрх мэдэлтэй болж, илүү олон хүнийг захирахаар байвал тэд тийм аргаар хийхийг сонгоно. Эс бөгөөс тэд Бурханы гэрийн, эсвэл ах эгч нарын ашиг сонирхлыг харгалзан үзээд, өөрсдийн ашиг сонирхлыг орхих сонголт хийнэ гэж хэзээ ч байхгүй. Антихристүүдийн уг чанар-мөн чанар ийм байдаг. Энэ нь аминчхан, жигшүүртэй биш гэж үү? Ямар ч нөхцөл байдалд антихристүүд өөрсдийн байр суурь, нэр төрийг хамгийн чухал гэж үздэг. Тэдэнтэй хэн ч өрсөлдөж чадахгүй. Ямар арга барил шаардлагатай нь хамаагүй хүмүүсийг өөртөө татаж, бусдаар өөрийгөө шүтүүлж л байвал антихристүүд үүнийг хийнэ. Хэрвээ өөр хэн нэгэн Бурханыг гэрчилснийхээ төлөө Бурханы сонгосон хүмүүсээр хүндлүүлж, сайшаагдвал антихристүүд ч бас хүмүүсийг өөртөө татахын тулд энэ аргыг ашиглана. Гэвч антихристүүдэд үнэн, эсвэл бодитой туршлага байдаггүй тул тэд хүний төсөөлөлд үндэслэн Бурханыг гэрчилдэг нэг цогц онол зохиох гэж тархиа гашилгаж, Бурхан хэчнээн агуу, Бурхан хүнийг хэр их хайрладаг, Бурхан хүнийг аврахын тулд хэрхэн төлөөс төлдөг, Бурхан Өөрийгөө хэр их даруу болгож, нуудаг талаар ярьдаг. Ийм маягаар Бурханыг гэрчилсний дараа тэдний хүрдэг үр дүн нь хүмүүсээр улам бүр хүндлүүлж, зүрх сэтгэлд нь илүү их зай эзэлж, Бурханд ямар ч зай үлдээхгүй байх явдал юм. Хэрвээ өөрийгөө танин мэдэх тухай ярих нь илүү олон хүнийг өөрсдөд нь итгэж, өөрсдийг нь дээдэлж, хүндлэхэд хүргэж чадна гэдгийг харвал тэд байнга өөрийгөө мэдэх тухай ярьж, байнга өөрсдийгөө задлан шинжилнэ. Тэд өөрсдийгөө диавол гэдгийг, хүн биш гэдгийг, эрүүл ухаангүй гэдгийг, үнэнийг эрэлхийлдэггүй гэдгийг, үнэнийг эзэмшдэггүй гэдгийг задлан шинжилнэ. Тэд бусдыг төөрөлдүүлж, итгэлийг нь олж авч, илүү олон хүнээр өөрсдийгөө магтуулж, дээдлүүлэхийн тулд хэдхэн үнэмшилтэй, ялихгүй сэдвээр нөхөрлөнө. Антихристүүд ингэж үйлддэг. Хэрвээ туршлагын гэрчлэл хуваалцах тодорхой нэг арга нь бусдын сайшаал, бишрэлийг олж авах боломж олгохоор байвал тэд үүнийг эргэлзэлгүй ашиглана. Тэд энэ аргад үнэхээр анхаарлаа төвлөрүүлж, хүчин чармайлт гаргаж, тархиа гашилгана. Товчхондоо энэ бүхнийг хийх тэдний зорилго, сэдэл нь байр суурь, нэр хүндийг л тойрон эргэлддэг. Гаднах хэл яриа, арга барил, зан авир, эсвэл нэг төрлийн бодол, үзэл бодол, эрэлхийллийн арга барил ч бай, эдгээр зүйл бүгд нэр хүнд, байр суурийг тойрон эргэлддэг. Антихристүүд ингэж л ажилладаг.
Антихристүүдийн хувьд нэр төр, байр сууринд нь халдах юм уу булаан авах нь амийг нь авах гэж оролдохоос илүү ноцтой хэрэг юм. Тэд хэчнээн олон номлол сонсож, хэчнээн олон Бурханы үгийг уншлаа гээд, хэзээ ч үнэнийг хэрэгжүүлээгүйдээ, антихристүүдийн замаар явж байгаадаа, антихристүүдийн уг чанар-мөн чанартай байгаадаа гуниглаж, харамсахгүй. Харин ч байр суурь олж авч, нэр төрөө өсгөх арга замын талаар үргэлж тархиа гашилгаж байдаг. Антихристүүд юм бүхнийг Бурханы өмнө биш, бусдын өмнө хийдэг гэж хэлж болно. Би яагаад ингэж хэлдэг вэ? Яагаад гэвэл, ийм хүмүүс байр сууринд маш их дуртай болохоор өөрийн амь, насан туршийн зорилго гэж үздэг. Түүнчлэн байр сууринд маш их дуртай болохоор үнэний оршин тогтнолд хэзээ ч итгэдэггүй, тэр ч бүү хэл, Бурханы оршин тогтнолд огтхон ч итгэдэггүй гэж хэлж болно. Тиймээс тэд нэр төр, байр суурьтай болохын тулд яаж ч тооцоолж, хүмүүсийг, Бурханыг мэхлэхийн тулд яаж ч хуурамч дүр эсгэхээр оролдлоо ч гэсэн зүрх сэтгэлийнхээ гүнд сэтгэл түгших нь байтугай үүнийгээ мэддэггүй, өөрийгөө зэмлэдэггүй. Тэд нэр төр, байр суурийн араас тууштай хөөцөлдөхдөө Бурханы хийсэн зүйлийг ч бас болчимгүйгээр үгүйсгэдэг. Би яагаад ингэж хэлдэг вэ? Антихристүүд зүрх сэтгэлийнхээ гүнд “Бүх нэр хүнд, байр суурийг хүн өөрийн хүчин чармайлтаар олж авдаг. Хүмүүсийн дунд хөлөө бат олж, нэр хүнд, байр суурь олж авснаар л хүн бурхны ерөөлийг эдэлж чадна. Хүмүүс үнэмлэхүй эрх мэдэл, байр суурь олж авсан үед л амьдрал үнэ цэнтэй болдог. Зөвхөн энэ л хүн шиг амьдарч байгаа хэрэг юм. Үүний эсрэгээр, бурхны үгэнд хэлсэнчлэн бүх зүйл дээр бурхны дээд эрх, зохицуулалтыг дуулгавартай дагаж, бүтээгдсэн зүйлийн байр сууринд дуртайяа зогсож, хэвийн хүн шиг амьдрах нь ямар ч нэмэргүй—тийм хүнийг хэн ч дээдлэхгүй. Хүн байр суурь, нэр хүнд, аз жаргалыг өөрөө тэмцэж олж авах ёстой; тэдгээрийн төлөө тэмцэж, эерэг, идэвх санаачилгатай хандлагаар булаан авах ёстой. Өөр хэн ч чамд тэдгээрийг өгөхгүй—идэвхгүйгээр хүлээх нь зөвхөн бүтэлгүйтэлд л хүргэнэ” гэж боддог. Антихристүүд ингэж л тооцоолдог. Энэ бол антихристүүдийн зан чанар юм. Хэрвээ антихристүүдийг үнэнийг хүлээн авч, алдаагаа хүлээн зөвшөөрч, жинхэнээсээ гэмшинэ гэж найдаж байгаа бол энэ нь боломжгүй—тэд үүнийг яавч хийж чадахгүй. Антихристүүд Сатаны уг чанар-мөн чанартай бөгөөд үнэнийг үзэн яддаг тул хаашаа ч явсан, дэлхийн зах хязгаарт хүрсэн ч нэр хүнд, байр суурийг эрэлхийлэх амбиц нь хэзээ ч өөрчлөгдөхгүй, мөн аливааг үзэх үзэл бодол нь ч, алхдаг зам нь ч өөрчлөгдөхгүй. Зарим хүн: “Энэ тал дээр үзэл бодлоо өөрчилж чадах цөөхөн хэдэн антихрист байдаг” гэж хэлнэ. Энэ үг зөв үү? Хэрвээ тэд үнэхээр өөрчлөгдөж чаддаг юм бол антихристүүд хэвээрээ байх уу? Антихристийн уг чанартай хүмүүс хэзээ ч өөрчлөгдөхгүй. Антихристийн зан чанартай хүмүүс үнэнийг эрэлхийлсэн тохиолдолд л өөрчлөгдөнө. Антихристийн замаар алхдаг зарим хүн чуулганы ажлыг үймүүлэх зарим нэг муу зүйл хийдэг бөгөөд тэд антихристүүд гэж тодорхойлогддог хэдий ч чөлөөлөгдсөнийхөө дараа жинхэнээсээ харамсаж, шинээр эхлэхээр шийдэн, хэсэг хугацаанд эргэцүүлж, өөрийгөө танин мэдэж, гэмшсэний дараа тэдэнд бодитой өөрчлөлт гардаг. Энэ тохиолдолд энэ хүмүүсийг антихристүүд гэж тодорхойлж болохгүй; тэд зүгээр л антихристийн зан чанартай. Хэрвээ тэд үнэнийг эрэлхийлбэл өөрчлөгдөж чадна. Гэсэн хэдий ч, антихрист гэж тодорхойлогдсон, чуулганаас зайлуулагдаж, эсвэл хөөгдсөн хүмүүсийн ихэнх нь жинхэнээсээ гэмшихгүй, эсвэл өөрчлөгдөхгүй гэдгийг баттай хэлж болно. Хэрвээ тийм зүйл болбол тэдгээр нь ховор тохиолдол юм. Зарим хүн: “Тэгвэл тэр ховор тохиолдлуудыг буруу тодорхойлсон хэрэг үү?” гэж асууна. Энэ нь боломжгүй. Эцсийн эцэст тэд ямар нэг муу зүйл хийсэн, үүнийг арилгаж болохгүй. Гэсэн хэдий ч хэрвээ тэд жинхэнээсээ гэмшиж чадвал, үүрэг гүйцэтгэхэд бэлэн байвал, мөн хэрвээ тэд гэмшлийн жинхэнэ гэрчлэлтэй бол чуулган тэднийг хүлээн зөвшөөрч болно. Хэрвээ энэ хүмүүс антихрист гэж тодорхойлогдсоныхоо дараа алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс, эсвэл гэмшихээс эрс татгалзаж, ямар ч аргаар хамаагүй өөрсдийгөө зөвтгөх гэж оролдсоор байвал тэднийг антихристүүд гэж тодорхойлох нь үнэн зөв, алдаа мадаггүй юм. Хэрвээ тэд алдаагаа хүлээн зөвшөөрч, тухайн үедээ жинхэнээсээ харамссан бол чуулган тэднийг яаж антихристүүд гэж тодорхойлох юм бэ? Тэгэх боломжгүй байх байсан. Тэд хэн ч байсан, хэчнээн их муу зүйл хийсэн, эсвэл алдаа нь хэчнээн ноцтой байсан ч хамаагүй, хүнийг антихрист үү, эсвэл антихристийн зан чанартай юу гэдгийг тодорхойлох нь тэд үнэнийг хүлээн авч, засалт туулж чадах эсэхээс, жинхэнээсээ харамсдаг эсэхээс шалтгаалдаг. Хэрвээ тэд үнэнийг хүлээн авч, засалтыг хүлээн авч чаддаг бол, хэрвээ жинхэнээсээ харамсдаг бол, мөн хэрвээ тэд бүхий л амьдралаа Бурханы төлөө хөдөлмөрлөж өнгөрөөхөд бэлэн байвал энэ нь үнэхээр багахан гэмшлийг илтгэдэг. Ийм хүнийг антихрист гэж тодорхойлж болохгүй. Тэр жинхэнэ антихристүүд үнэнийг үнэхээр хүлээн авч чадах уу? Яавч үгүй. Тэд үнэнийг хайрладаггүй, үнэнд зэвүүцдэг учраас л хамаг амьдралтай нь маш нягт сүлжилдсэн нэр хүнд, байр суурийг хэзээ ч орхиж чадахгүй. Антихристүүд нэр төр, байр суурьтай байснаар л нэр хүндтэй, жинхэнэ бүтээгдсэн зүйл байна, байр суурьтай байснаар л шагнал, титэм хүртэж, Бурханы сайшаалыг хүртэх шаардлагад нийцэж, бүхнийг олж авч, жинхэнэ хүн байна гэж зүрх сэтгэлдээ бат итгэдэг. Антихристүүд байр суурийг юу гэж хардаг вэ? Тэд үүнийг үнэн гэж хардаг; хүмүүсийн эрэлхийлэх ёстой хамгийн өндөр дээд зорилго гэж үздэг. Энэ нь асуудал биш гэж үү? Ийм маягаар байр сууринд шунаж чадах хүмүүс бол жинхэнэ антихристүүд юм. Тэд Паултай адил төрлийн хүмүүс билээ. Үнэнийг эрж хайж, Бурханд дуулгавартай байхаар эрж хайж, үнэнч шударга байхаар эрж хайх нь бүгд боломжит хамгийн өндөр байр суурь луу хөтөлдөг үйл явц; эдгээр нь биеэ авч явах зорилго, стандарт биш, ердөө л үйл явц бөгөөд Бурханд харуулахын тулд л тэдгээрийг хийдэг гэж тэд боддог. Энэ ойлголт нь утгагүй, хөгийн юм. Үнэнийг үзэн яддаг утгагүй хүмүүс л ийм хөгийн санаа гаргаж чадна.
Антихристүүдийн тухайд, үнэний ямар талыг нөхөрлөсөн бай, ухамсарлаж, ойлгох арга барил нь үнэнийг эрэлхийлдэг хүмүүсийнхээс өөр байх болно. Үнэнийг сонссоныхоо дараа үнэнийг эрэлхийлдэг хүмүүс “Надад үнэний энэ тал байхгүй бөгөөд Бурханы илчилсэн энэ байдлыг би өөртэйгөө холбож чадаж байна. Үүнийг сонссоны дараа би яагаад ингэж их харамсаж, Бурханд маш их өртэй санагдана вэ? Би үнэнийг эрэлхийлэх тал дээр маш их дулимаг хэвээр байгаа бөгөөд жинхэнээсээ дуулгавартай дагаж чаддаг болох болоогүй байна. Би маш их айж байна; энэ нь надад анхааруулга боллоо. Сүүлийн үед би өөрийгөө нэлээд сайн байна гэж бодож байсан ч үнэндээ би үнэнийг хэрэгжүүлдэг хүн, эсвэл Бурханд таалагддаг хүн биш гэдгээ огт мэдээгүй байж. Одоогоос эхлээд би болгоомжтой, хянамгай байж, Бурханы өмнө залбирч, Түүнээс удирдамж, гэрэлтүүлэлт гуйхад анхаарах ёстой. Би өөрийнхөөрөө зүтгэж болохгүй. Би үнэний энэ тал руу гүнзгий орно, надад ахиц дэвшил гаргах орон зай байсаар байна. Бурхан надад үүргээ илүү сайн гүйцэтгэх, чин сэтгэл, үнэнч байдлаа өргөх орчныг бүрдүүлж өгнө гэж найдаж байна” хэмээн боддог. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс ингэж боддог. Тэгвэл антихристүүд янз бүрийн үнэнийг хэрхэн ухамсарладаг вэ? Хүнийг зэмлэсэн Бурханы үгийг сонсоод тэд юу гэж боддог вэ? “Би тэр зүйл дээр тийм ч сайн байгаагүй, үйлдэл дээрээ алдаж, алдаа дутагдал гарлаа. Энэ талаар хэр олон хүн мэдэж байгаа бол? Бурхны үг нэлээд тодорхой хэлэгдсэн; тэр намайг нэвт харсан гэсэн үг үү? За яах вэ, энэ бол сайн үр дүн биш; миний хүсэж байгаа зүйл биш. Хэрвээ бурхан намайг нэвт харсан бол өөр хэн нэгэн энэ талаар мэдэж байгаа болов уу? Хэрвээ хэн нэгэн хүн мэдсэн бол бүр ч долоон дор. Зөвхөн бурхан л мэдэж байгаа, өөр хэн ч мэдээгүй бол зүгээр. Хэрвээ зарим хүн хүнийг ил болгосон бурхны эдгээр үгийг сонсоод, тэрийг надтай холбож, надад хамаатуулбал миний нэр хүндэд муугаар нөлөөлнө. Үүнийг засаж залруулах арга бодох хэрэгтэй. Би үүнийг яаж залруулах вэ?” Антихристүүд ийм маягаар тунгаан боддог. Жишээлбэл, хүмүүс хэрхэн үнэнч шударга байх ёстой талаар Бурханы нөхөрлөхийг сонссоныхоо дараа антихрист тэр даруй ингэж бодно: “Усан тэнэгүүд л үнэнч шударга хүн байхыг хичээдэг. Над шиг ухаантай хүн яаж үнэнч шударга хүн байх юм бэ? Үнэнч шударга хүмүүс бол мунхаг, тэнэгүүд; тэд толгойд орж ирсэн бүхнээ хэлж, бусдад бүх зүйлийг ярьж, бусдад бүхнийг ойлгуулдаг. Би хэзээ ч тэгэхгүй! Бурхан биднийг үнэнч шударга хүн байх ёстой гэж хэлж байгаа нь харьцангуй, тиймээс би зүгээр л ухаалаг хүн байх болно, тэгээд л гүйцээ. Үнэнч шударга хүн байхын тухайд, би хэзээ тийм байхаа л шилж сонгоно. Би зарим зүйлийн талаар сэтгэлээ нээх боловч зүрх сэтгэлийнхээ гүнд өвөрлөж явдаг тэр бүх нууц, далд зүйлс, хэрвээ яривал хүмүүс намайг дорд үзэж болзошгүй тийм зүйлсийн талаар ярихгүй. Үнэнч шударга хүн байх нь ямар давуу талтай юм бэ? Үүнд ямар ч давуу тал байхгүй гэж би бодож байна. Зарим хүн үргэлж өөрсдийгөө задлан шинжилж, үнэнч шударга байж, үнэнч шударгаар ярихыг хичээж, завхарсан зан чанараа ил болгодог боловч тэд бурхны нигүүлслийг хүртээгүй, засалт туулах ёстой үедээ засуулсаар л байдаг; бурхан тэдэнд ямар ч нэмэлт өргөмжлөл өгдөггүй.” Тэд цааш нь үргэлжлүүлэн “Би өөр зам сонгох хэрэгтэй. Энэ бол миний явах ёстой зам биш; би үүнийг зүгээр л бусдад үлдээе. Над шиг ухаантай хүн яаж тэгж амьдарч чадах юм бэ?” хэмээн тунгаан боддог. Антихрист үнэний ямар ч талыг сонссон, зүрх сэтгэлдээ ямар тооцоолол хийдэг вэ? Тэд тэрхүү үнэнийг цэврээр ухамсарлаж чадах уу? Тэд зүрх сэтгэлийнхээ гүнд үүнийг үнэн гэж хүлээн авч чадах уу? Яавч үгүй. Тэд байнга тооцоолж, хуйвалдаж, тасралтгүй ажиглаж байдаг. Эцэст нь тэд хэрхэн хариу үйлдэл үзүүлдэг вэ? Тэд нөхцөл байдлын дагуу өөрчлөгдөж, дасан зохицож, бусад хүмүүстэй харилцахдаа аядуу, зальжин байж, туйлын нууцлаг байдлаар үйлддэг. Тэд юу ч хийсэн, сэтгэлийнхээ гүнд юу ч бодож, тооцоолж байсан хамаагүй, бусдад мэдэгдэж чадахгүй, Бурханд ч мэдэгдэж чадахгүй; тэд эдгээр зүйлийг Бурханд илэн далангүй харуулж чаддаггүй, хүмүүстэй энэ талаар тодорхой ярилцдаг ч үгүй—тэд эдгээр зүйлийг өөрсдийнх нь хувийн хэрэг гэж үздэг. Тиймээс антихристүүд бол үнэнийг хэрэгжүүлэх туйлын чадваргүй хүмүүс юм. Тэд өөрсдөө үнэнийг хэрэгжүүлдэггүйгээс гадна үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүсийг бас басамжилдаг, үүнээс ч илүүтэйгээр үнэнийг хэрэгжүүлэх явцдаа зарим нэг гажуудал гаргасан, хэдэн буруу эргэлт хийсэн, эсвэл зарим нэг алдаа гаргасныхаа төлөө засуулдаг хүмүүсийг дооглож, хөндлөнгөөс тэднийг шоолон инээдэг. Тэд Бурханы зөвт байдалд итгэдэггүй, Түүний хүмүүст ханддаг янз бүрийн арга барилд үнэн болон Түүний хайр байдаг гэдэгт бүр ч итгэдэггүй; антихристүүд эдгээр зүйлд итгэдэггүй. Тэдний үзэл бодлын үүднээс бол, эдгээр нь бүгд хүмүүсийг мэхлэх зорилготой худал хуурмаг зүйл гэж тэд үздэг; тэд эдгээрийг ердөө л нэг төрлийн шалтаг, чихэнд чимэгтэй сонсогддог хэдэн үг хэллэг гэж боддог. Тэгээд тэд ихэвчлэн юунд нууцхан баярладаг вэ? “Аз болоход би бүхнээ өргөн барихаар тийм тэнэг биш; аз болоход би сэтгэлийнхээ гүнд тээж явдаг тэр заваан, муухай зүйлсийн талаар яриагүй; аз болоход би байр суурь, нэр хүндээсээ зуурсаар, тэдгээрийг эрэлхийлэхийн тулд чадах бүхнээ хийж, тэдгээрийн төлөө гүйж явна. Хэрвээ би өөрийнхөө төлөө гүйхгүй бол өөр хэн намайг гэх юм бэ?” Антихристүүд ов мэхтэй төдийгүй бас хорон муу, үнэнд зэвүүцдэг, харгис зан чанартай; өөрөөр хэлбэл, завхарсан хүмүүсээс харагддаг завхарсан зан чанарын бүх тал антихристүүдийн хувьд батлагдаж, нэг алхам “ахисан” байдаг. Хэрвээ хүн төрөлхтний завхарсан зан чанарыг харахыг хүсвэл нэг антихрист олоод задлан шинжилж, харилцах хэрэгтэй; энэ бол асуудлыг харуулах хамгийн сайн арга, завхарсан хүн төрөлхтний завхарсан мөн чанар болон Сатаны нүүр царайг нэвт харах хамгийн сайн арга юм. Хэрвээ чи антихристийг гол жишээ болгон авч, түүнийг задлан шинжилж, танин мэдвэл эдгээр зүйлийг илүү тодорхой ойлгож чадна.
Антихристүүдийн байр суурь, нэр хүндийн эрэлхийлэл нь жирийн хүмүүсийнхээс хавьгүй илүү бөгөөд байр суурь, нэр хүндийн төлөөх хүсэл нь ч мөн адил. Жирийн хүмүүст байр суурь, нэр хүндийн төлөөх ийм их хүсэл байдаггүй бол антихристүүдийн хувьд тэрхүү хүсэл нь туйлын хүчтэй, илэрхий байдаг. Чи антихристтэй харилцаж, тэдэнтэй ярилцаж, цагийг хамт өнгөрөөмөгц тэдний уг чанар-мөн чанар нүдний чинь өмнө ил болж, чи тэднийг тэр даруй нэвт харах болно. Тэдний хүсэл ийм л их байдаг. Тэдэнтэй харилцах харилцаа чинь гүнзгийрэх үед чи тэднийг жигшиж, тэднийг үл хэрэгсэнэ. Эцэст нь чи тэднийг үл хэрэгсээд зогсохгүй, бүр яллаж, хараах болно. Антихристүүд бол сайн зүйл биш; тэд Бурханы дайснууд төдийгүй үнэнийг эрэлхийлдэг хүн бүрийн дайснууд юм. Антихристүүд үнэнд зэвүүцдэг, байр суурь, нэр хүндийн төлөө элдэв янзын муу зүйл хийж чаддаг. Тэд юу ч хийсэн нөхцөл байдлын дагуу дүр эсгэж, дуурайж, дагаж намиран, байр суурь, нэр хүндийн төлөө буулт хийнэ. Ийм хүмүүсийн сүнс, мөн чанар нь бузар; тэд жигшмээр байдаг. Тэдэнд үнэнийг, эсвэл эерэг зүйлийг хайрлах өчүүхэн төдий ч хайр байдаггүй. Үүний зэрэгцээ тэд эерэг зүйл болон зөв бичиг үсэг, хоосон сургаалын номлолыг ашиглан хүмүүсийг төөрөлдүүлж, ингэснээр нэр хүнд, байр суурь олж авч, амбиц, хүслээ хангадаг. Энэ бол антихристүүдийн зан авир, мөн чанар юм. Сатан ямар харагддаг, Сатан энэ ертөнцөд биеэ хэрхэн авч явж, хүмүүстэй хэрхэн харьцдаг, мөн Сатан ямаршуу уг чанар-мөн чанартайг чи харж чадахгүй; Бурханы нүдээр Сатан яг ямар зүйл болохыг чи мэдэхгүй. Энэ нь асуудал биш; чи антихристийг ажиглаж, задлан шинжлэхэд л хангалттай бөгөөд чи энэ бүх зүйлийг—Сатаны уг чанар-мөн чанар, Сатаны муухай нүүр царай, Сатаны хорон муу, харгис байдлыг харах болно—энэ бүхэн чамд харагдана. Антихристүүд бол амьд Сатанууд; тэд бол амьд чөтгөрүүд юм.
1. Антихристүүд засалтад хэрхэн ханддаг вэ
Антихристүүд байр суурь, нэр хүндийн тухайд асар их амбиц, хүсэл тээдэг бөгөөд энэ нь бусдад туйлын ой гутам, зэвүүцмээр санагддаг. Энэ нь антихристийн уг чанар-мөн чанар маш үзэшгүй муухай, хорон муу болохыг хангалттай харуулдаг. Тэгвэл антихристийн уг чанар-мөн чанарыг ямар тодорхой илрэлүүд харуулдаг вэ? Эхлээд, антихристүүд засалтад хэрхэн ханддаг талаар бодож үзэцгээе. (Тэд үүнийг үзэн яддаг бөгөөд хүлээн авдаггүй.) Тэд ямар байдлаар үзэн яддаг вэ? Дэлгэрэнгүй ярь даа. (Нэлээд их муу юм хийсэн нэг антихрист байсан бөгөөд ах эгч нар түүний зарим илрэлийг ил болгохоор очих үед тэр огт гэмшээгүй, маш их гөжүүдэлж, өчүүхэн төдий ч харамсаагүй. Тэр ч байтугай өөрийг нь хилсдүүллээ гэж бодсон. Энэ бол миний харсан илрэл юм.) Энэ бол антихристийн сонгодог илрэл. Засалтад хандах антихристүүдийн ердийн хандлага бол үүнийг хүлээн авах юм уу хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалзах явдал юм. Тэд хэчнээн их муу юм хийдэг бай эсвэл Бурханы гэрийн ажил, Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод хэчнээн хор хөнөөл учруулдаг бай, өчүүхэн ч харамсдаггүй, ямар нэг өртэй юм шиг санагддаггүй. Энэ өнцгөөс нь харвал антихристүүдэд хүн чанар байна уу? Яавч үгүй. Тэд Бурханы сонгосон хүмүүст бүхий л төрлийн хор учруулдаг, чуулганы ажлыг ихээхэн хохироодог—Бурханы сонгосон хүмүүс үүнийг тов тодорхой харж чаддаг, антихристүүдийн ээлж дараалсан ёрын муу үйлийг харж чаддаг. Гэвч антихристүүд энэ баримтыг хүлээн авч, хүлээн зөвшөөрдөггүй, буруутай гэдгээ, эсвэл хариуцлага хүлээнэ гэдгээ хүлээн зөвшөөрөхөөс гөжүүдлэн татгалздаг. Энэ нь тэд үнэнд зэвүүцдэгийг илтгэж байгаа биш үү? Антихристүүд ийм хэмжээнд үнэнд зэвүүцдэг—тэд хэчнээн олон муу зүйл хийсэн ч үүнийгээ хүлээн зөвшөөрөхөөс гөжүүдлэн татгалзаж, эцсээ хүртэл бууж өгдөггүй. Энэ нь антихристүүд Бурханы гэрийн ажлыг хэзээ ч нухацтай авч үздэггүй, үнэнийг хэзээ ч хүлээн авдаггүй гэдгийг хангалттай нотолдог. Тэд Бурханд итгэхээр ирээгүй; тэд бол Бурханы гэрийн ажлыг үймүүлж, саад болохоор ирсэн Сатаны зарц нар юм. Антихристүүдийн зүрх сэтгэлд нэр хүнд, байр суурь л байдаг. Хэрвээ алдаагаа хүлээн зөвшөөрвөл хариуцлага хүлээх хэрэгтэй болж, улмаар байр суурь, нэр хүнд нь ноцтой хохирно гэж тэд боддог. Үүний үр дүнд тэд “үхэн үхтлээ үгүйсгэх” хандлагаар эсэргүүцдэг. Хүмүүс тэднийг яаж ч ил болгож, задлан шинжилсэн бай, тэд чадлынхаа хэрээр үгүйсгэдэг. Тэдний үгүйсгэл санаатай эсэхээс үл хамааран, товчхондоо эдгээр зан авир нь нэг талаар, үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг антихристүүдийн уг чанар-мөн чанарыг ил болгодог. Нөгөө талаар, энэ нь антихристүүд өөрсдийн байр суурь, нэр хүнд, эрх ашгийг хэчнээн их нандигнадаг болохыг харуулдаг. Тэгвэл энэ зуур чуулганы ажил болон ашиг сонирхолд хандах тэдний хандлага ямар байдаг вэ? Энэ нь басамжилсан, хариуцлагагүй хандлага байдаг. Тэдэнд мөс чанар, эрүүл ухаан огт байдаггүй. Антихристүүд хариуцлагаас бултаж байгаа нь эдгээр асуудлыг харуулж байгаа биш гэж үү? Нэг талаар, хариуцлагаас бултах нь үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг тэдний уг чанар-мөн чанарыг нотолдог, нөгөө талаар, тэд мөс чанар, эрүүл ухаан, хүн чанаргүй болохыг харуулдаг. Тэдний үймээн, муу үйлээс болж ах эгч нарын амь-оролт хэчнээн их хохирсон ч тэд өөрсдийгөө огт зэмлэдэггүй, үүнд хэзээ ч харамсдаггүй. Энэ ямар гээч амьтан бэ? Алдаагаа бага ч болов хүлээн зөвшөөрөх нь багахан мөс чанар, эрүүл ухаантайд тооцогдох байсан ч антихристүүдэд тийм өчүүхэн хэмжээний хүн чанар ч байдаггүй. Тэгвэл та нар тэднийг юу гэж хэлэх вэ? Антихристүүд бол мөн чанартаа диаволууд юм. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхолд хэчнээн их хохирол учруулсан ч үүнийг хардаггүй. Тэд зүрх сэтгэлдээ үүнд өчүүхэн төдий ч гунигладаггүй, өөрсдийгөө зэмлэдэггүй, өртэй мэт бүр ч санагддаггүй. Энэ нь хэвийн хүмүүсээс харагдах ёстой зүйл яавч биш. Тэд бол диаволууд бөгөөд диаволууд ямар ч мөс чанар, эрүүл ухаангүй байдаг. Тэд хэчнээн олон муу зүйл хийж, чуулганы ажилд хэчнээн их хохирол учруулсан ч үүнийгээ хүлээн зөвшөөрөхөөс эрс татгалздаг. Үүнийг хүлээн зөвшөөрвөл ямар нэг буруу зүйл хийсэн гэсэн үг болно гэж тэд боддог. Тэд “Би буруу зүйл хийж чадна гэж үү? Би хэзээ ч буруу зүйл хийхгүй! Хэрвээ надаар алдааг минь хүлээн зөвшөөрүүлбэл энэ нь миний ёс жудгийг доромжилсон хэрэг болох биш үү? Хэдийгээр би тэр хэрэгт оролцсон ч үүнийг бий болгоогүй, би гол хариуцагч нь байгаагүй. Чи хүссэн хүнээ л хайж оч, харин намайг хайж ирэх ёсгүй. Ямартай ч би энэ алдааг хүлээн зөвшөөрч чадахгүй. Би энэ хариуцлагыг үүрч чадахгүй!” гэж боддог. Хэрвээ тэд алдаагаа хүлээн зөвшөөрвөл яллагдаж, үхлийн ял сонсож, там болон хүхэр бүхий галт нуур луу хаягдана гэж боддог. Надад хэл дээ, ийм хүмүүс үнэнийг хүлээн авч чадах уу? Тэднийг жинхэнээсээ гэмшинэ гэж найдаж болох уу? Бусад хүн үнэний талаар хэрхэн нөхөрлөхөөс үл хамааран антихристүүд зүрх сэтгэлийнхээ угаас үүнийг эсэргүүцэж, үүний эсрэг зогсож, сөргөлдсөөр байдаг. Тэд чөлөөлөгдсөнийхөө дараа ч алдаагаа хүлээн зөвшөөрдөггүй, ямар ч гэмшил харуулдаггүй. 10 жилийн дараа энэ хэргийг дурдахад тэд өөрсдийгөө мэдэхгүй хэвээр байдаг бөгөөд алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрдөггүй. 20 жилийн дараа энэ хэргийг сөхөхөд тэд өөрсдийгөө таньж мэдээгүй л байдаг бөгөөд өөрсдийгөө зөвтгөж, өмгөөлөхийг оролдсоор байдаг. Бүр ч зэвүүцмээр нь, 30 жилийн дараа энэ хэргийг дурдахад тэд өөрсдийгөө таньж мэдээгүй л байдаг бөгөөд “Би алдаа гаргаагүй учраас хүлээн зөвшөөрч чадахгүй. Энэ нь миний хариуцлага байгаагүй; би үүнийг үүрэх ёсгүй” хэмээн мэлзэж, өөрсдийгөө зөвтгөхийг оролдсоор байдаг. Бүх хүнийг гайхшруулдаг зүйл нь, чөлөөлөгдсөнөөсөө хойш 30 жилийн дараа ч энэ антихристүүд чуулганаас авсан арга хэмжээг эсэргүүцсэн хандлага тээсээр байдаг. 30 жил өнгөрсөн ч тэд огт өөрчлөгдөөгүй. Тэгвэл тэд тэр 30 жилийг хэрхэн өнгөрүүлсэн бэ? Тэд Бурханы үгийг уншаагүй, эсвэл өөрсдийгөө эргэцүүлээгүй юм гэж үү? Тэд Бурханд залбирч, сэтгэлээ уудлаагүй юм гэж үү? Тэд номлол, нөхөрлөл сонсоогүй юм гэж үү? Тэд оюун ухаангүй, хэвийн хүн чанарын сэтгэлгээгүй юм гэж үү? Тэд тэр 30 жилийг хэрхэн өнгөрүүлсэн нь үнэхээр нууцлаг. Уг хэрэг гарснаас хойш 30 жил өнгөрөхөд тэд хорслоор дүүрэн хэвээр байдаг бөгөөд ах эгч нар өөрсдийг нь хилсдүүлсэн, Бурхан өөрсдийг нь ойлгодоггүй, Бурханы гэр өөрсөдтэй нь зүй бус харьцаж, асуудал үүсгэж, хүндрэл учруулж, шударга бусаар буруутгасан гэж боддог. Надад хэл дээ, ийм хүмүүс өөрчлөгдөж чадах уу? Тэд яавч өөрчлөгдөж чадахгүй. Тэдний зүрх сэтгэл эерэг зүйлсэд хандах дайсагнал, эсэргүүцэл, тэрслүү байдлаар дүүрэн байдаг. Бусад хүн муу үйлийг нь ил болгож, тэднийг зассанаараа ёс жудагт нь халдаж, нэр хүндийг нь гутааж, нэр хүнд, байр сууринд нь асар их хохирол учруулсан гэж тэд боддог. Тэд энэ хэрэг явдлаар Бурханы өмнө ирж залбиран, эрж хайж, өөрсдийн алдааг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, тэдэнд гэмших юм уу алдаагаа хүлээн зөвшөөрөх хандлага хэзээ ч байхгүй. Тэд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг бүр ч хүлээн авахгүй. Өнөөдөр тэд Бурханд өөрсдийгөө зөвтгөхдөө дуулгаваргүй байдал, сэтгэл дундуур байдал, гомдол тээсээр байдаг бөгөөд эдгээр шударга бус байдлыг залруулж, энэ хэргийг илчилж, яг хэн нь зөв, хэн нь буруу байсныг шүүж өгөхийг Бурханаас гуйж, бүр энэ хэргээс болж Бурханы зөвт байдалд эргэлзэж, үгүйсгэхдээ тулж, Бурханы гэрийг үнэн болон Бурхан захирдаг гэх баримтад эргэлзэж, үгүйсгэхдээ тулдаг. Энэ бол антихристүүд засалт хүртэхийн эцсийн үр дүн юм—тэд үнэнийг хүлээн авдаг уу? Тэд үнэнийг огт хүлээн авдаггүй; үнэнийг хүлээн авахаас эрс татгалздаг. Үүнээс бид антихристийн уг чанар-мөн чанар нь үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг болохыг харж болно.
Нэгэнт антихристүүд засалтыг хүлээн авдаггүй тул тэдэнд засалтын талаар ямар нэг мэдлэг байдаг уу? Тэд үнэний энэ талыг нөхөрлөхдөө юу гэж хэлдэг вэ? Тэд бусдад юу заадаг вэ? Тэд: “Хүмүүсийг засах нь бурхан тэднийг төгс болгохдоо ашигладаг нэг арга барил юм. Энэ нь хүмүүст өөрсдийгөө илүү сайн таньж мэдэх боломж олгодог. Хүмүүс засалт туулах үедээ үүнийг хүлээн авч, болзолгүйгээр дуулгавартай дагах ёстой. Засалтыг хүлээн авдаггүй хүмүүс бол бурханд тэрсэлдэг, үнэнийг хайрладаггүй хүмүүс юм. Хэрвээ чи үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэж байвал эхлээд засалтыг хүлээн авах ёстой; бурхан хүмүүсийг ингэж төгс болгодог, хүн бүр үүнийг туулах ёстой. Засалтыг хүлээн авах нь хүмүүс үнэнийг ойлгож, улмаар өөрийгөө танин мэдэж, бурхныг сэтгэл хангалуун байлгах хамгийн сайн арга замуудын нэг гэж хэлж болно. Чи хэн ч байсан—удирдагч байна уу, жирийн итгэгч байна уу хамаагүй—мөн ямар үүрэг гүйцэтгэж байгаагаас үл хамааран чи засалт туулахад бэлтгэх ёстой. Хэрвээ чи засалтыг хүлээн авч чадахгүй бол энэ нь биеийн хэмжээгүй хүн, хүүхэд гэдгийг чинь нотолно. Засалтыг хүлээн авч чаддаг хүн бүр амьтай, төгс болгуулах чадвартай, төлөвшсөн насанд хүрэгч юм” гэж хэлдэг. Эдгээр сүржин үг антихристүүдийн амнаас алхны цохилт мэт бууж, сайхан сонсогддог! Гэвч эдгээр үг юу вэ? Тэдний хэлдэг ганц ч болов мөр үнэн үү? Та нар үүнийг ялган таньж чадах уу? Та нар ч бас ихэнхдээ ийм зүйл хэлдэг, тийм биз дээ? (Тийм.) Надад хэл дээ, эдгээр үг юу вэ? (Хоосон сургаал.) Түгээмэл үг хэллэг ашиглан хоосон сургаал гэж юу болохыг нэгтгэн дүгнэж, тодорхойл доо. (Уриа лоозон.) Өөр үг хэллэг санаанд чинь орж байна уу? (Хэрэггүй, онолын үгс.) Өөр байна уу? (Бүгд хог шаар, дэмий яриа.) Тийм ээ, энэ тодорхойлолт голыг нь олсон, амьдралд ойр байна. Үүнийг өдөр тутмын хэллэг гэдэг: Хоосон сургаал бол бүгд дэмий яриа. “Дэмий яриа” гэдэг үг юуг илэрхийлж байна вэ? Хоосон үг. Үнэндээ бид үүнийг юу гэж тодорхойлдог вэ? Бичиг үсэг, хоосон сургаал. Антихристүүдийн хэлдэг эдгээр үг ердөө л бичиг үсэг, хоосон сургаал юм. Засалт туулах сэдвийн тухайд тэд ийм хоосон сургаалыг байнга чалчиж чаддаг ч энэ нь тэднийг үүний талаар жинхэнэ ойлголт, ухааралтай гэдгийг нотлох уу? Тэднийг ийм үг хэлэхийг сонсмогцоо тэдэнд засалтын талаар ямар ч бодит ойлголт байхгүй гэдгийг мэдэж болно. Ийм баахан дэмий зүйл чалчиж чадаж байгаа нь тэд үнэнийг эрэлхийлдэггүйг харуулж байна. Хэрвээ тэд үнэхээр засалт туулах болбол үүнийг хүлээн авах ямар ч боломжгүй. Засалтад хандах антихристийн хандлага бол дайсагнаж, эсэргүүцсэн хандлага юм; тэд үүнийг үнэн гэж яавч хүлээн авдаггүй, дуулгавартай дагадаггүй. Тэдний хувьд тэгэх нь ёс жудаг, нэр төрд нь халдсан доромжлол болно.
Антихристүүд засалтад хэрхэн ханддаг талаар та нарт өөр жишээ байна уу? (Зарим антихрист засалттай тулгарах үедээ гаднаа өөрсдийгөө таньж мэдэж байгаа мэт харагдаж болох ч тэдний үг нь заль мэх болон хүмүүсийг төөрөгдүүлэхийг оролдсон шинж чанартай байдаг. Заримдаа тэд алдаа гаргавал “Үүнийг тохиолдохыг Бурхан зөвшөөрсөн, хүн бүр бурхны дээд эрхийг дуулгавартай дагах ёстой” гэж хэлдэг. Заримдаа антихристүүд бүр зохиомлоор эргүүлэн буруутгаж, “Чи удирдагч, ажилчдаас өө сэв хайж, эсвэл тэдэнд хэтэрхий өндөр шаардлага тавьж болохгүй” гэж хэлдэг. Антихристүүд хүмүүсийг төөрөлдүүлж, өөрсдийг нь ялган танихаас сэргийлэхийн тулд ийм зүйл хэлдэг.) Энэ бол нэг илрэл—өөрөөр хэлбэл, антихристүүд бурууг зөв болгон мушгин гуйвуулж, хар цагааныг урвуулдаг. Хүмүүс асуудлыг нь нэвт харчих вий гэхээс айсан антихристүүд хүмүүст хийсэн зүйлээ мэдэгдэхгүй, ялган таниулахгүй байлгаж, улмаар хүмүүсийн оюун ухаанд өндөр байр суурь, сайн нэр хүндээ хадгалж үлдэхийн тулд яаран үг мушгиж, элдэв янзын аман заль ашиглан хүмүүсийг төөрөлдүүлж, оюун санааг нь үймүүлж, харааг нь бүдгэрүүлдэг. Энэ бол антихристүүд засалт хүртэх үедээ, эсвэл алдаа гаргаж, буруу замаар орох үедээ яавч эргэж буцдаггүй талаар бидний саяхан ярьсантай адилхан хандлага юм. Өөр ямар жишээ байна вэ? (Антихристүүд өөрсдийг нь зассан хэнд ч өс санадаг, хожим нь бүр тэднээс өшөө авч, тэдэн рүү дайрч давшлах боломж хайж магадгүй.) Дайрч давшилж, өшөө авах нь өөр нэг илрэл юм. Энэ нь антихристүүд байр суурь, нэр хүндээ хамгаалахтай ямар холбоотой вэ? Тэд яагаад дайрч давшилж, өшөө авахыг хүсдэг вэ? (Тэднийг зассан хэн боловч тэдний хийсэн бүх муу үйл болон хэрэг явдлын үнэн бодит баримтыг ил болгосон; тэр хүн байр суурь, нэр хүндийг нь унагаж, хүмүүсийн зүрх сэтгэлд оршиж байсан дүр төрхийг нь сүйтгэсэн учраас тэд өс санадаг.) Яг зөв, холбоо хамаарал нь үүнд л байгаа юм. Өөрсдийг нь зассан хүмүүс маш олон хүний өмнө өөрсдийг нь ил болгосноороо нэр төрд нь халдаж, өөрсдийг нь эвгүй байдалд оруулж, нэр хүндийг нь гутааж, бусдын оюун ухаан дахь байр суурийг нь ноцтой хохироосон гэж тэд боддог. Энэ бол тэдний өшөө авах шалтгаан юм. Энэ явдлаас болж тэдний нэр хүнд, байр суурь хохирсон бөгөөд зүрх сэтгэл дэх хорсол, үзэн ядалтаа гаргахын тулд тэд өөрсдийг нь ил болгож, зассан хүмүүс рүү дайрч давшилж, тэднээс өшөө авах боломж хайдаг. Антихристүүд өөр ямар илрэл харуулдаг вэ? (Зарим антихрист бас тун зальжин байдаг. Хэн нэгэн тэднийг засах үед тэд гаднаа үг сөрөхгүй, эсвэл ямар нэгэн мэдэгдэл хийхгүй байж магадгүй бөгөөд үнэндээ өөрсдийнхөө талаар ямар нэг зүйл ойлгож авсан мэт харагдаж болох ч хожим нь урьдын адилаар өнөөх л муу үйлээ үргэлжлүүлэн хийдэг, хэзээ ч үнэхээр гэмшдэггүй. Тэд хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд тиймэрхүү дүр эсгэлт ашигладаг.) Энэ бол өөр нэг илрэл юм. Тодорхой нэг төрлийн антихрист яг тэгж хийдэг. Тэд дотроо “Амьд хүн аргатай, аргалын гал цогтой. Би одоохондоо тэвчээртэй байж, чамд өөрийгөө нэвт харуулахгүй. Хэрвээ би чамтай улайм цайм сөргөлдөж, засалтыг хүлээн авахаас татгалзвал чи намайг үнэнийг хэрэгжүүлдэггүй, эсвэл хайрладаггүй хүн гэж хэлнэ, ийм үг тарвал миний нэр хүндэд нөлөөлнө. Хэрвээ ах эгч нар үүнийг мэдвэл үнэнийг огт хайрладаггүй хүний удирдлагыг хүлээн авахаас гарцаагүй татгалзана. Би эхлээд сайн дүр төрх бүрдүүлэх ёстой. Би засалттай тулгарах үедээ, мөн хэн нэгэн миний гаргасан аливаа алдаа, эсвэл гэм бурууг ил болгох үед үүнийг хүлээн авсан дүр эсгэн хүчээр инээмсэглэн тэвчиж, толгой дохин хүлээн зөвшөөрч, хэнд ч өөрийгөө нэвт харуулахгүй, эсвэл үнэндээ юу бодож байгаагаа мэдэгдэхгүй. Тэгээд би дүр эсгэж, хэдэн нулимс унагаж, бурханд өртэй гэх мэт зарим нэг зүйл хэлээд, тэр хэрэг явдлыг дуусгаж чадна. Ингэвэл ах эгч нар намайг үнэнийг хүлээн авдаг хүн гэж бодно, би зүй ёсоор үргэлжлүүлэн удирдагч байж чадна—тэгвэл миний нэр хүнд, байр суурь хадгалагдаж үлдэнэ, тийм биз дээ?” гэж боддог. Тэдний хийдэг бүхэн дүр эсгэлт юм. Ийм хүмүүсийг нэвт харах амархан гэж та нар хэлэх үү? (Тэднийг нэвт харах амархан биш.) Тэд асуудалтай тулгарах үедээ Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаг эсэх, үнэн-зарчмын дагуу үнэхээр хэрэгжүүлдэг эсэхийг харахын тулд тэднийг ажиглаж, тэдэнтэй харилцахад хэсэг хугацаа шаардагддаг. Тэд гаднаа хэчнээн сайн, эсвэл зөв ярьж байсан ч энэ нь зөвхөн түр зуурынх байдаг; эрт орой хэзээ нэгэн цагт тэдний үнэхээр юу бодож байгаа нь ил болно. Бурхан тэднийг илчлэхгүй байсан ч гэсэн антихристүүд жинхэнэ бодол санаа болон уг чанар-мөн чанараа тийм сайн нууцалж чадах уу? Тэд эдгээрийг бүх насаараа нуун далдалж чадах уу? Тэгэх боломжгүй; эрт орой хэзээ нэгэн цагт эдгээр зүйл ил болно. Тиймээс антихристүүд хэчнээн хорон муу, эсвэл ов мэхтэй байсан ч санаархал, сэдэл өвөрлөж, үйлдлээрээ үнэнийг эсэргүүцэж л байгаа цагт эцэстээ үнэнийг ойлгодог хүмүүс тэднийг ялган таньж, нэвт харах болно. Ийм антихристүүд бол хамгийн ов мэхтэй нь юм; гаднаа тэд үнэн болон эерэг зүйлсийг хүлээн авч байгаа мэт харагддаг ч үнэндээ зүрх сэтгэлийнхээ гүнд болон мөн чанартаа үнэнийг хайрладаггүй, тэр ч бүү хэл эерэг зүйлс болон үнэнд зэвүүцдэг. Тэд уран яруу ярьдаг учраас ихэнх хүн тэднийг ялган таньж чаддаггүй, зөвхөн үнэнийг ойлгодог хүмүүс л ийм төрлийн хүнийг ялган таньж, нэвт харж чаддаг. Өөр жишээ байна уу? (Хамтран ажиллагсад нь өөрөөс нь илүү хэв чанартай, ажлаа өөрөөс нь илүү сайн хийж байгааг нэг антихрист харсан. Тэрээр байр сууриа баталгаажуулахын тулд баримтыг нууцаар гуйвуулж, хамтран ажиллагсад болон түншүүдээ шүүж, хүмүүсийг төөрөлдүүлэн, өөртөө татаж, үгэндээ оруулдаг байсан. Энэ нь хамтран ажиллагсдынх нь дунд харилцан үл итгэлцэл үүсгэсэн. Тэд цаашид эвтэй найртай хамтран ажиллахаа больж, ажлын аль ч тал дээр ямар ч үр дүнд хүрээгүй. Антихристийн муу үйл ил болох үед тэрээр үүнийг хүлээн авахаас татгалзаад зогсохгүй, бүр шалтаг тоочиж, хариуцлагаас бултахыг оролдсон. Тэр нэр хүнд, байр суурийнхаа төлөө юу ч хийхээс буцахгүй нь илэрхий байсан; тэр хэчнээн олон ах эгчийг хохироож, Бурханы гэрийн ажлыг хэчнээн ноцтой үймүүлж, саад болсон ч сэтгэл нь гонсойж, буруутайгаа мэдрэх нь бүү хэл, үүнийгээ огт тоогоогүй. Түүнд өчүүхэн төдий ч хүн чанар, эрүүл ухаан байгаагүй.) Товчхондоо, антихристүүд өөрсдийн нэр хүнд, байр суурийг хамгаалахын тулд хэний ч ашиг сонирхлыг золиослохоос огт эргэлздэггүй. Тэд өөрсдийн байр суурийг хадгалахын тулд хүн бүрийг гишгэлэх хэрэгтэй болсон ч үүнийг хийхдээ тээнэгэлзэхгүй. Нэр хүнд, байр сууриа хамгаалахын тухайд тэд бусад хүмүүс амьд байна уу, үхсэн байна уу гэдгийг тоодоггүй, Бурханы гэрийн ажил болон чуулганы ашиг сонирхол тэдний оюун санаанд огт оршдоггүй, тэдний бодолцож үзэх цар хүрээнд огт багтдаггүй. Эдгээр үйлдлээс бид антихристүүд бол Бурханы гэрийн хүмүүс биш гэдгийг харж болно; тэд бол сэмхэн шургалсан шүтлэггүй хүмүүс юм. Бурханы гэр бол тэдний гэр биш учраас үүний ашиг сонирхлын аль нь ч тэдэнд хамаагүй байдаг. Тэд зүгээр л эрх мэдэл эзэмшиж, хүмүүсийг хянах зорилгодоо хүрч, Бурханы гэрт хувийн амбиц, хүслээ хангахыг л хүсдэг. Антихристүүд ийм төрлийн уг чанар-мөн чанартай байдаг учраас тэд засалтыг яавч хүлээн авахгүй, үнэний аль ч талыг хүлээн авахгүй.
Бидний сая ярьсан жишээнүүдээс антихристүүдийн нэр хүнд, байр суурийг эрэлхийлэх амбиц, хүсэл нь төрөлхийнх гэдгийг харж болно. Антихристүүд тийм уг чанар-мөн чанартайгаар төрдөг. Тэд төрснийхөө дараа үүнийг яавч сурдаггүй, энэ нь тэдний хүрээлэн буй орчны үр дагавар биш юм. Энэ нь зарим өвчтэй хүн төрснийхөө дараа өвчин тусдаггүй, харин өвчнийг өвлөж авдагтай адил юм. Ийм төрлийн өвчнийг эмчлэх боломжгүй. Антихристүүд нэр хүнд, байр суурийг эрэлхийлэх амбицтай төрдөг бөгөөд диаволын хаадын хойд дүрээс өөрцгүй. Антихристүүд үнэнд зэвүүцэж, үнэнийг үзэн яддаг, Бурханы шүүлт, гэсгээлтийг огт хүлээн авдаггүй. Тиймээс тэд ямар ч засалттай тулгарсан бай, үүнийг хүлээн авахгүй. Хэрвээ жирийн ах, эгч тэднийг засвал тэд үүнийг хүлээн авахыг бүр ч хүсэхгүй. Тэд “Чи намайг засах шалгуур хангаагүй, чи зохисгүй! Чи хэдэн өдөр итгэгч байсан бэ? Намайг итгэгч болох үед чи төрөө ч үгүй байсан! Намайг удирдагч болох үед чи бурханд итгэж ч эхлээгүй байсан!” гэж боддог. Энэ бол ах эгч нар өөрсдийг нь засахад тэдний тээдэг хандлага юм. Тэд шалгуур болон ажилласан жилд анхаардаг бөгөөд эдгээр үндэслэлээр засалт туулахаас татгалздаг. Тэгвэл Дээрх тэднийг засах үед тэд үүнийг хүлээн авч чадах уу? Уг чанар-мөн чанарт нь үндэслэвэл тэд үүнийг ч бас хүлээн авахгүй. Хэдийгээр тэд гаднаа юу ч хэлэхгүй байж болох ч зүрх сэтгэл нь үүнийг гарцаагүй эсэргүүцэж, үүнээс татгалзана. Энэ бол эргэлзээгүй. Үнэхээр Дээрхийн засалттай тулгарах үед антихристүүдийн гаргадаг хамгийн нийтлэг илрэл бол хариуцлагаас бултахын тулд өөрсдийнхөө төлөө цөхрөлтгүй булзаж, маргах явдал бөгөөд тэр ч байтугай шийтгэлээс мултрахын тулд Дээрхэд худал хэлж, доорх хүмүүсээс юм нуух явдал юм. Антихристүүд Дээрхээр засуулахаас зайлсхийхийн тулд ихэнхдээ Дээрхэд худал хэлж, доорх хүмүүсээс юм нуух арга барил ашигладаг. Жишээ нь, чуулганд маш олон асуудал байвал тэд хэзээ ч мэдээлдэггүй. Хэрвээ ах эгч нар нь эдгээр асуудлыг мэдээлэхийг хүсвэл антихристүүд зөвшөөрдөггүй бөгөөд мэдээлсэн хэн боловч тэдний дарангуйлж, гадуурхдаг. Үүний үр дүнд ихэнх хүн үүнд оролцохгүй байж, асуудлыг шийдвэрлэлгүй орхиж, бялдууч мэт авирлахаас өөр аргагүйд хүрдэг. Антихристүүд чуулганы бүх асуудлыг битүүмжилж, бүрэн нууц байлгадаг бөгөөд Дээрхийг оролцуулдаггүй, эсвэл Дээрхээр лавлуулдаггүй. Антихристүүд бас Дээрхийн ажлын зохицуулалтыг чадах чинээгээрээ саатуулж, дамжуулдаггүй, эсвэл хэрэгжүүлдэггүй. Хэрвээ Дээрхийн ажлын зохицуулалт хувийн нэр хүнд, байр сууринд нь огт нөлөөлөхгүй бол тэд хэдэн өнгөц мэдэгдэл хийж, хэлбэрдэж магадгүй ч үүнийг үнэхээр хэрэгжүүлэхгүй нь лавтай. Хэрвээ Дээрхийн ажлын зохицуулалт нэр хүнд, байр сууринд нь аюул заналхийлэл учруулбал, эсвэл тодорхой хэмжээнд нөлөөлбөл антихристүүд бодох хэрэгтэй болдог. Тэд хэрхэн үйлдэх, хэний эсрэг үйлдэх, хэзээ үйлдэхээ бодолцож үзэх ёстой болдог. Тэд эдгээр зүйлийг нарийн дэнсэлж, оюун санаандаа үүнийг ахин дахин тооцоолох ёстой болдог. Хэрвээ чуулганы ажилд зарим нэг асуудал гарвал Дээрх асуудлын талаар олж мэдэх үед гарцаагүй засуулна, эсвэл бүр чөлөөлөгдөнө гэдгээ антихристүүд мэддэг учраас асуудлыг нуун дарагдуулж, Дээрхэд мэдээлдэггүй. Хэрвээ эдгээр асуудлыг шийдвэрлэхгүй бол Бурханы гэрийн ажилд ямар үр нөлөө, эсвэл хор хөнөөл авчрахыг тэд огт тоодоггүй; тэд Бурханы гэрийн ажил ямар ч хохирол амссан хайхрамжгүй ханддаг. Ямар арга хэмжээ авах нь Бурханы гэрийн ажилд ашиг тустай байх, эсвэл Бурханыг сэтгэл хангалуун байлгах талаар тэд боддоггүй, зөвхөн өөрсдийн нэр хүнд, байр суурийг, Дээрх тэднийг хэрхэн үзэж, тэдэнд хэрхэн хандахыг, мөн нэр хүнд, байр сууриа хэрхэн хамгаалж үлдэхээ л бодолцон үздэг. Энэ бол антихристүүдийн аливааг авч үзэх, асуудлын талаар бодох арга барил бөгөөд энэ нь тэдний зан чанарыг бүрэн төлөөлдөг. Тиймээс антихристүүд чуулган дотор байгаа, эсвэл ажилд нь гарсан асуудлыг яавч үнэн зөвөөр мэдээлэхгүй. Тэд ямар ч ажил хийсэн, ямар ч бэрхшээлтэй тулгарсан, эсвэл тэр ажлыг гүйцэтгэхдээ хэрхэн зохицуулахаа мэдэхгүй, ямар сонголт хийхээ мэдэхгүй нөхцөл байдалтай тулгарсан ч тэр ажлыг хийж байхдаа үүнийг далдалж, нуун дарагдуулж, Дээрх тэдний хэв чанарыг хэтэрхий муу гэж хэлэх вий, бодит нөхцөл байдлынх нь талаар олж мэдэх вий, эсвэл эдгээр бэрхшээл, нөхцөл байдлыг даруй зохицуулж, шийдвэрлээгүй учраас тэднийг засах вий гэж айна. Антихристүүд Дээрхээр засуулахаас зайлсхийхийн тулд Бурханы гэрийн ашиг сонирхол болон чуулганы ажлыг үл тоомсорлодог. Тэд өөрсдийн байр суурь, амин зуулгыг хадгалж, Дээрхэд өөрсдийнхөө талаар сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд чуулганы ажил болон ашиг сонирхлыг золиослохоос буцдаггүй. Тэд чуулганы ажлын ахицыг саатуулж, нөлөөлөхийг тоодоггүй, Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтыг бүр ч тоодоггүй. Ах эгч нар ямар ч бэрхшээлтэй тулгарсан, эсвэл амь-оролтынх нь хувьд ямар ч асуудал байсан хамаагүй, антихристүүд тэдгээрийг шийдвэрлэж чаддаггүй бөгөөд Дээрхээс эрж хайхгүй. Асуудлыг нуун дарагдуулж, шийдвэрлэлгүй орхих нь чуулганы ажлын ахицыг саатуулж, нөлөөлнө, ах эгч нарын аминд хохирол учруулна гэдгийг тэд тодорхой мэддэг боловч эдгээр зүйлийг үл тоож, үл хайхардаг. Чуулганд ямар ч том асуудал гарсан тэд хэзээ ч мэдээлдэггүй, харин ч тэдгээрийг нуун далдалж, битүүмжлэхийн тулд чадах бүхнээ хийдэг. Хэрвээ ах эгч нар муу үйлийг нь олж мэдээд, захиа бичин мэдээлбэл антихристүүд тэр захидлуудыг нуун дарагдуулж, хааж боох гэж бүр ч их хичээдэг. Тэр захидлуудыг нуун дарагдуулж, хааж боох тэдний зорилго юу вэ? Энэ нь байр сууриа хадгалах, нэр хүнд, нэр төрөө хамгаалах, тухайн үед эзэмшиж байгаа бүхнээ авч үлдэхийн төлөө юм. Тэдний хувьд чөлөөлөгдөх, эсвэл Дээрх тэднийг ажилдаа тэнцэхгүй гэж үнэлэх нь амиа алдаж, цаазын ял сонсож байгаатай адил, Бурханд итгэх итгэлийнх нь зам эцэслэж байгаатай адил байдаг. Тиймээс юу ч болсон бай, тэд хэзээ ч Дээрхээс эрж хайдаггүй. Харин оронд нь ажилд нь байгаа бүх асуудлыг нуун дарагдуулах арга зам сүвэгчилж, Дээрхийг олж мэдэхэд саад болдог. Тэдний энэ хэрэгжүүлэлт маш жигшүүртэй биш үү? Бурхан болон Дээрхийн нүдээр сайн удирдагч нь хэзээ ч ямар нэг асуудал, бэрхшээлгүй, бүх хэргийг сайн зохицуулж чаддаг, бүх төрлийн ажилд тэнцдэг хүн байх ёстой гэж тэд боддог. Сайн удирдагч хэзээ ч бэрхшээлийн талаар гомдоллодоггүй, эсвэл асуудлын талаар эрж хайдаггүй бөгөөд сайн удирдагч бол Бурхан болон Дээрхийн оюун ухаанд төгс, өө сэвгүй хүн, Дээрхээр засуулах шаардлагагүйгээр ажлаа сайн хийж чаддаг хүн байх ёстой гэж тэд боддог. Үүний үр дүнд тэд байр сууриа улайран хамгаалж, Дээрхэд сайхан сэтгэгдэл төрүүлнэ гэж найдан, тэднийг ажилдаа тэнцэнэ, ажлаа хариуцаж чадна, ямар ч том асуудал гарахгүй гэж эндүүрэн бодоход Дээрхийг хүргэж, улмаар ажлынх нь талаар шууд лавлаж асуух, эсвэл тэдэнд чиглэл өгөх шаардлагагүй, мэдээж тэднийг засах шаардлагагүй гэж Дээрхэд бодогдуулахыг хүсдэг. Антихристүүд өөрсдөдөө ийм дүр төрх бүрдүүлэн, Бурхан тэдэнд итгэж, бүх зүйлийг даатгадаг, Бурхан тэдэнд чухал даалгавар өгч, асар их итгэдэг бөгөөд тэд сөрөг болж, хойрголбол ажилд нөлөөлнө гэж айсандаа тэднийг засахдаа дурамжхан байхдаа тулдаг гэж эндүүрэн бодоход бусдыг хүргэхийг хүсдэг. Антихристүүд өөрсдийгөө Бурханы гэр болон чуулганд нэр хүндтэй хүмүүс, Бурханы гэрийн чухал зүтгэлтнүүд гэж ах эгч нарт бодогдуулдаг. Тэд яагаад ах эгч нарт ийм төрлийн хуурмаг ойлголт, дүр төрх төрүүлэхийг хүсдэг вэ? Энэ нь хүмүүсээр өөрсдийгөө хүндлүүлж, шүтүүлж, чуулганд байр суурийн ашиг тус болон өндөр байр суурь, таатай хангамж эдэлж, бүр Бурханы байрыг эзлэх хэмжээнд хүрэхийн тулд юм. Тэд ах эгч нарт ихэвчлэн “Бурхан та нартай биечлэн ярьж чадахгүй, тэр та нарын түвшинд ирж, биечлэн ажил хийж чадахгүй, мөн тэр та нартай хамт амьдарч, өдөр тутмын амьдралд чинь тулгардаг янз бүрийн зүйл дээр та нарыг залж чиглүүлж яавч чадахгүй. Тэгвэл хэн эдгээр тодорхой ажлыг гүйцэтгэх вэ? Бидэн шиг удирдагч, ажилчид биш үү?” гэж хэлдэг. Тэд байр сууриа хамгаалахын тулд чадах бүхнээ хийх зуураа ихэвчлэн иймэрхүү зүйл хэлж, ийм санааг илэрхийлдэг, ингэснээр ах эгч нар өөрсдөд нь бүрэн, эргэлзээгүйгээр итгэж, найддаг. Тэдний энэ хэрэгжүүлэлтийн уг чанар юу вэ? Энэ нь Дээрхэд худал хэлж, доорх хүмүүсээс юм нуух явдал биш гэж үү? (Мөн.) Энэ бол тэдний арга барилын овжин хэсэг юм. Ихэнх хүн хэв чанар муутай, үнэнийг ойлгодоггүй, антихристүүдийг ялган таньж чаддаггүй бөгөөд антихристүүдэд төөрөлдөж, ашиглуулж л чадна. Хэрвээ антихристүүд: “Дээрх надад үнэхээр итгэдэг, тэд бүх хэрэг дээр намайг сонсдог” гэж хэлэн хүмүүсийг шууд төөрөлдүүлэхийг оролдвол хүмүүс бага зэрэг болгоомжилж, тэднийг бага зэрэг ялган таньж магадгүй, гэхдээ антихристүүд ингэж шулуухан ярьдаггүй. Тэд хүмүүсийг төөрөлдүүлэхийн тулд тодорхой ярианы арга барил ашигладаг бөгөөд удирдагчийн ажлыг тэдэнд даалгасан юм чинь Дээрх тэдэнд итгэж, найддаг байж таарна гэж эндүүрэхэд хүмүүсийг хүргэдэг. Ялган таних чадваргүй, үнэнийг эрэлхийлдэггүй мунхаг хүмүүс үүнд хууртаж, тэднийг дагадаг. Тэгээд ямар нэг зүйл тохиолдох үед тэр мунхаг хүмүүс Бурханд залбирдаггүй, эсвэл Бурханы үгээс үнэнийг эрж хайдаггүй, харин антихристүүдийн өмнө ирж, өөрсдөд нь зам зааж, замыг нь сонгож өгөхийг антихристүүдээс гуйдаг. Энэ бол антихристүүдийн үйлдлээрээ хүрэхийг хүсдэг зорилго юм. Хэрвээ чуулганд үнэнийг ойлгодог, антихристүүдийг ялган таньж, ил болгодог цөөн хэдэн хүн байхгүй бол ихэнх хүн антихристүүдэд сохроор итгэж, тэднийг шүтэж, дагаж, тэдний хяналт дор амьдрах болно. Энэ үнэхээр аюултай! Хэрвээ хэн нэгэн хүн антихристэд гурав юм уу таван жил төөрөлдөж, хянуулбал амь нь асар их хохирол амсана. Хэрвээ тэд антихристэд найм юм уу 10 жил төөрөлдөж, хянуулбал бүрмөсөн сүйрнэ; өөрсдийгөө аврахыг хүссэн ч гэсэн тэдэнд боломж олдохгүй.
Антихристүүд үргэлж байр суурь эдэлж, үүрд эцсийн шийдвэр гаргах зорилгодоо хүрэхийн тулд өөрсдийгөө Бурханы гэрт нэр хүндтэй хүмүүс, Бурханаар чухал албан тушаалд томилогдсон, Бурхан өөрсдийг нь үнэлж, өөрсдөд нь итгэдэг хэмээн ярьснаар үргэлж хүмүүсийг төөрөлдүүлж, өөртөө татаж, хянадаг. Антихристүүд юунаас хамгийн их айдаг вэ? Тэд байр сууриа алдаж, муу нэртэй болохоос хамгийн их айдаг. Ах эгч нар тэднийг үнэнийг эрэлхийлдэггүй, хэв чанар маш муутай, сүнслэг ойлголтгүй, эсвэл ямар ч бодитой ажил хийдэггүй, бодитой ажил хийх чадваргүй гэж бодох вий гэхээс тэд айдаг. Эдгээр нь антихристүүдийн сонсохоос хамгийн их айдаг зүйлс юм. Антихристүүд ийм үг, мэдэгдлийг сонсох үедээ сандралд орж, бүр бухимддаг бөгөөд заримдаа уурлаж цухалдан, “Би хэв чанар муутай юм чинь чи ашиглаж чадах хүнээ л ашигла; ямартай ч би энэ ажлыг хийж чадахгүй! Бурхан зөвт биш гэж үү? Би түүнд энэ олон жил итгэж, түүний төлөө гэр бүл, ажил төрлөө орхиж, ах эгч та нарын төлөө маш их зүтгэсэн. Та нар яагаад миний талаар ганц ч шударга үг хэлж чаддаггүй юм бэ?” гэж хэлэхэд хүрдэг. Тэд нэр хүнд, байр сууриндаа анхаарал хандуулахаа больж, өөрсдийгөө нууж, дүр эсгэхийг ч оролддоггүй; тэдний үзэшгүй муухай байдал бүрэн ил гардаг. Уураа гаргасныхаа дараа тэд нулимсаа арчаад, “Өө яана аа; би өөрийгөө шившиглэчихлээ. Би буцаад сэргэх хэрэгтэй!” гэж боддог. Тэгээд тэд үргэлжлүүлэн дүр эсгэж, сайн уриа лоозон, хоосон сургаал сурч, сонсож, уншиж, номлож, хүмүүсийг төөрөлдүүлсээр байдаг. Тэд нэр хүнд, байр сууриа аврах ёстой гэж боддог бөгөөд нэг л өдөр сонгууль болох үед ах эгч нар өөрсдийг нь бодож, хийсэн сайн зүйлсийг нь дурсаж, төлсөн төлөөс болон хэлсэн үгийг нь санана гэж найддаг. Энэ нь туйлын ичгүүргүй хэрэг биш гэж үү? Тэдний тэрхүү хуучин уг чанар огт өөрчлөгдөөгүй биз дээ? Антихристүүд яагаад хэзээ ч өөрчлөгддөггүй вэ? Энэ нь тэдний уг чанар-мөн чанараар тодорхойлогддог, тэд өөрчлөгдөж чадахгүй; тэд зүгээр л ийм хүмүүс. Өөрсдийнх нь амбиц, хүсэл бүрмөсөн замхран одох үед тэд уурлаж цухалдаад, дараа нь хавьгүй илүү томоотой болдог. Би саяхан нэг хүнийг ямархуу байгааг асуухад зарим ах эгч түүнийг маш томоотой байгаа гэж хэлсэн. “Томоотой” гэдэг нь ямар утгатай байв? Энэ нь тэрээр сүүлийн үед биеэ хамаагүй сайн авч явах болж, урьдынхаасаа хамаагүй дээр авирлах болсон; төвөг удаж, хүмүүс рүү дайрч давшилж, эсвэл байр суурийн төлөө өрсөлдөхөө больж, хүмүүстэй илүү зөөлөн, даруухан, аядуу тайван ярьж сурч байгаа гэсэн үг байв. Мөн тэрээр бусдад туслахын тулд зөв үг ашиглаж, өдөр тутмын амьдралдаа бусдад онцгой анхаарал халамж тавьж байсан. Тэр яг л цоо шинэ хүн болж хувирсан мэт байлаа. Гэхдээ тэр үнэхээр тэгсэн үү? Үгүй. Тэгвэл эдгээр хэрэгжүүлэлт нь юу байсан бэ? (Гадаад сайн зан авир.)
Зарим антихрист илчлэгдэж, бүх муу үйл нь ил болсны дараа ах эгч нартай тааралдахдаа “Би сүүлийн үед бурхнаар гэгээрүүлэгдэж, гэрэлтүүлэгдсэн мэт санагдаж, маш сайн байдалтай байна. Би өмнөх үйлдлээ гүнээ үзэн ядаж байгаа бөгөөд ах эгч нартаа учруулсан хохирлоо хэзээ ч мартаж, эсвэл орхиж чадахгүй нь. Би маш их гуниглаж байна” гэж хэлдэг. Ингэж хэлэхдээ тэд нулимс унагаж, бүр санаачилгаараа ах эгч нараас өөрсдийг нь засахыг гуйж, “Намайг сул дорой болно гэж бүү санаа зов. Хэрвээ та нар буруу зүйл хийж байгааг минь харвал намайг засаарай, би үүнийг хүлээн авч чадна—би үүнийг бурхнаас хүлээн авч чадна; би та нарт өс санахгүй” гэдэг. Тэд ах эгч нараар засуулахаас гөжүүдлэн татгалзаж, эсэргүүцэж, сөрж, өөрсдийгөө зөвтгөж, өмөөрч, дургүйцлээр дүүрэн байхаа болиод, засалтыг идэвхтэйгээр эрж хайдаг болсон. Энэ бол хандлагын нэлээд хурдан өөрчлөлт биш гэж үү? Энэ нь тэд харамсаж байна гэсэн үг үү? Энэ хандлагаас нь харвал тэд эргэлт хийсэн мэт харагдах тул чи тэднийг засах ёстой. Ингэснээр өнгөрсөнд хийсэн буруу зүйлийг нь тэдэнд ухааруулж, өөрсдийгөө танин мэдэхэд нь тусалж чадна. Тэр үед чи чин сэтгэлээсээ тэдэнд тусалж, “Чамайг сүүлийн үед нэлээд сайн үйлдэж байгааг би харж байна. Би чамтай зүрх сэтгэлээсээ яръя. Хэрвээ миний хэлсэн ямар нэг зүйл буруу байгаад, чи хүлээн авч чадахгүй бол бүү тоо; хэрвээ миний хэлсэн зүйл зөв гэж чи бодож байвал үүнийг Бурханаас хүлээн аваарай. Миний санаа зорилго чамд туслах явдал болохоос биш, чамайг унасан байхад чинь өшиглөх юм уу чам руу дайрах явдал биш. Хоёулаа бие биедээ зүрх сэтгэлээ нээж, нөхөрлөцгөөе. Чи удирдагчаар үйлчилж байх үедээ хаа сайгүй ихэрхэж, алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс татгалздаг байсан; чи гаднаа заримыг нь хүлээн зөвшөөрсөн ч гэсэн үнэндээ зүрх сэтгэлийнхээ угаас алдаагаа хүлээн зөвшөөрөөгүй—дараа нь яг ийм төрлийн асуудалтай тулгарах үедээ чи урьдынх шигээ л үйлдсэн. Жишээ нь, тэр хамгийн сүүлийн явдлын талаар ярилцъя. Чи хариуцлагагүй байсан учраас ямар нэг зүйл буруугаар эргэж, Бурханы гэрийн хөрөнгөд асар их хохирол учирсан. Чиний хариуцлагагүй байдлаас болж бас олон ах эгч баривчлагдаж, шоронд хоригдож, үүний төлөө төлөөс төлсөн. Үүний хариуцлагыг чи хүлээх ёстой гэж бодохгүй байна уу? Чи тэр хэрэг явдлын шууд хариуцагч байсан учраас Бурханы өмнө ирж, нүглээ улайж, гэмших ёстой. Үнэндээ хэрвээ чи алдаагаа хүлээн зөвшөөрвөл Бурхан үүнийг хамгийн муугаар бодоход гэм буруу гэж үзнэ, энэ нь ирээдүйд үнэнийг эрэлхийлэхэд чинь нөлөөлөхгүй. Ах эгч нар ч бас чамд зүй зохистой хандаж, чамайг Бурханы гэрийн гишүүн гэж үзэж чадна; тэд чамайг гадуурхахгүй, эсвэл чам руу дайрч давшлахгүй. Хүний бүх зүйл Бурханы гарт байдаг нь үнэн боловч хэрвээ чи хэзээ ч үнэнийг эрэлхийлдэггүй бол Бурханд жигшигдэж, хаягдах нь гарцаагүй, тэр үед чи сүйрлийн бай болно. Хэрвээ чи Бурханы ажлыг хүлээн авч, дуулгавартай дагаж, чин сэтгэлээсээ гэмшиж чадвал Бурхан урьдын гэм бурууг чинь санахгүй, чи Бурханы өмнө үнэнийг эрэлхийлдэг хүн хэвээр байх болно. Бид Бурханы өршөөл юм уу уучлалыг гуйдаггүй ч ядаж л хүмүүсийн хийх ёстой зүйлийг хийх ёстой; энэ бол бүтээгдсэн зүйл бүрийн хариуцлага, үүрэг бөгөөд бид бүгдийн алхах ёстой зам юм” гэж хэлэх хэрэгтэй. Энэ нь үнэн үг мөн биз дээ? Үүнд ямар нэгэн доог тохуу, эсвэл заль мэх байна уу? Үүнд ямар нэгэн ёжлол, эсвэл тохуурхал байна уу? (Үгүй.) Энэ нь хүмүүст тусалж, хүмүүсийг босгон байгуулах зарчимд нийцсэн, тайвнаар хэлсэн чин сэтгэлийн үг юм. Энэ үг зөв; үүн дотор хэрэгжүүлэх зам, түүнчлэн эрж хайх үнэн бий. Гэвч антихристүүд энэ үгийг хүлээн авч чадах уу? Тэд үүнийг үнэн хэмээн ухамсарлаж, хэрэгжүүлж чадах уу? (Тэд чадахгүй.) Тэд энэ үгэнд хэрхэн хариулах вэ? “Одоо ч гэсэн та нар бүгд миний алдаатай зууралдаж, орхихоос татгалзсаар байна уу? Бурхан хүртэл хүмүүсийн гэм бурууг санадаггүй байхад та нар яагаад үргэлж минийхийг ухаж төнхөөд байгаа юм бэ? Та нар надтай үнэн сэтгэлээсээ ярилцахыг хүсэж байна, надад тусалж байна гэж хэлдэг. Энэ ямар гээчийн тусламж вэ? Энэ нь өнгөрсөнтэй зууралдаж, надад хариуцлага тооцох гэсэн оролдлого болох нь илэрхий байна. Та нар надад л хариуцлага хүлээлгэх гэж оролдож байна, тийм үү? Тэр хэрэг явдлыг би ганцаараа хариуцна гэж үү? Бүх зүйл бурхны гарт байдаг, энэ нь бурхан хариуцлага хүлээх ёстой гэсэн үг. Тэр хэрэг гарах үед бурхан яагаад бидэнд ямар нэгэн сэжүүр өгөөгүй юм бэ? Үүнийг бурхан зохион байгуулаагүй гэж үү? Тэгвэл та нар яаж намайг буруутгаж чадаж байна аа?” Энэ бол тэд сэтгэл доторх бодлоо хэлж байгаа хэрэг биз дээ? Тэдний асуудал хаана оршиж байна вэ? Гаднаа тэд эргэлт хийж, илүү даруухан болсон мэт санагдсан; тэд цаашид байр суурь, нэр хүндийг эрэлхийлэхээ больсон мэт, тайван суугаад хэн нэгэнтэй ярьж, чин сэтгэлээсээ ярилцаж чаддаг болсон мэт урьдынхаасаа хамаагүй илүү томоотой харагдсан. Тэгвэл тэд яаж ийм зүйл хэлж чаддаг хэвээр байна вэ? Үүнээс ямар асуудал харж болох вэ? (Тэдний авирласан байдал бол зүгээр л буцаж сэргэхийн тулд бүрдүүлсэн хуурмаг дүр байсан.) Өөр юу байна? (Тэд үнэхээр өөрсдийгөө огт мэддэггүй бөгөөд эдгээр нь жинхэнэ гэмшлийн илрэл биш. Тэр нь зүгээр л нэг төрлийн хоёр нүүртэй хэрэгжүүлэлт юм. Бусад хүн асуудлынх нь талаар тэдэнтэй нөхөрлөх үед тэд үнэнийг хүлээн авч чадахгүй хэвээр байдаг. Тэдний уг чанар-мөн чанар үнэнд дайсагнадаг нь тодорхой байна.) Үүнд хоёр зүйл маш тодорхой байна. Нэгдүгээрт, антихрист байр сууриа алдах үед түүний байдлын нэг нь “Амьд хүн аргатай, аргалын гал цогтой” гэх хандлага бөгөөд үргэлж буцаж сэргэхэд бэлэн байдаг. Хоёрдугаарт, өмнө нь алхаж байсан буруу зам болон үйлдсэн гэм буруугийнхаа талаар антихристүүд хэзээ ч өөрсдийгөө үнэхээр эргэцүүлэхгүй. Тэд алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, үнэнийг хүлээн авахгүй, мууг үйлдсэн баримтаасаа мөн чанараа ойлгож авч, эсвэл үнэний дагуу хэрхэн хэрэгжүүлэхээ олж мэднэ гэж бүр ч үгүй. Тэд чөлөөлөгдөж, байр сууриа алдах үедээ “Би яг юуг буруу хийсэн бэ? Би хэрхэн гэмших ёстой вэ? Хэрвээ ийм төрлийн зүйл дахин тохиолдвол Бурханы санаа зорилгод нийцэхийн тулд би хэрхэн үйлдэх ёстой вэ?” гэж боддоггүй. Тэдэнд эргэлт хийх ийм хандлага байдаггүй. Тэд засалт туулсан ч, чөлөөлөгдсөн ч гэсэн буцан эргэж, үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлэх замыг эрж хайхгүй, эсвэл эрэлхийллийнхээ чиглэлийг өөрчлөхгүй. Тэд Бурханы гэрт хэчнээн их хохирол учруулсан ч, хэчнээн том уналтад орсон ч хэзээ ч нүглээ улайхгүй. Тэдний бүтэлгүйтэл нь дараагийн удаа үнэнийг эрэлхийлж, эрж хайхад хүргэхгүй; харин ч тэд бүх зүйлийг аварч үлдэж, алдсан байр сууриа буцааж авахын тулд яг юу хийж чадахаа тооцоолж байх болно. Энэ бол тэр хоёр зүйл юм. Нэг дэх нь, байр сууриа алдсаныхаа дараа байнга буцаж сэргэхэд бэлэн байдаг нэг төрлийн байдал. Хоёр дахь зүйл нь, алхаж байсан буруу замаа хүлээн зөвшөөрөх юм уу ойлгохоос татгалзах явдал. Энэ хоёр дахь зүйлийн нэг хэсэг нь алхаж байсан буруу замаа ойлгохгүй байх явдал; түүнчлэн тэд яавч чин сэтгэлээсээ гэмшихгүй, үнэнийг ч хүлээн авахгүй бөгөөд мэдээж Бурханы гэрт учруулсан хохирлоо харамссан зүрх сэтгэлээр нөхөн төлөхгүй. Тэд хэрхэн өөрчлөгдөх талаар, үнэнийг эрэлхийлдэггүй хүмүүс байснаа үнэнийг эрэлхийлж, хэрэгжүүлдэг хүмүүс болж хэрхэн өөрчлөгдөх талаар яавч бодохгүй. Антихристүүд үнэнд зэвүүцдэг, уг чанартаа хорон муу гэдэг нь энэ хоёр зүйлээс илэрхий байна; тэд хамелеон шиг өөрсдийгөө өнгөлөн далдалж, орчиндоо дасан зохицохдоо онцгой сайн. Тэд хувирамтгай мөн чанартай бөгөөд зүрх сэтгэлийнх нь гүн дэх байр суурийн эрэлхийлэл, амбиц, хүсэл нь хэзээ ч амардаггүй, хэзээ ч өөрчлөгдөхгүй. Хэн ч тэр хүмүүсийг өөрчилж чадахгүй. Эдгээр илрэлээс харвал ийм төрлийн хүний уг чанар-мөн чанар юу вэ? Антихрист нь ах юм уу эгч мөн үү? Антихрист жинхэнэ хүн мөн үү? (Биш.) Хэрвээ та нар энэ хүмүүсийг ах эгч гэж үздэг бол та нар ноцтой тэнэг гэсэн үг биш үү? Эдгээр илрэл нь антихристийн мөн чанарын илчлэл юм. Антихристүүд байр суурьгүй байх үедээ иймэрхүү байдалтай байдаг; зүрх сэтгэл дэх тооцоолол, харуулдаг зүйл, гаднаа хэрхэн үйлддэг, үнэнд болон өөрсдийн гэм бурууд хандах зүрх сэтгэлийнх нь угаас гардаг хандлага нь ийм байдаг бөгөөд тэдний үзэл бодол өөрчлөгдөхгүй. Чи үнэний талаар хэчнээн их нөхөрлөж, хэрэгжүүлэлтийн зөв, эерэг замын талаар хэчнээн их ярьсан ч тэд үүнийг зүрх сэтгэлийнхээ угаас хэзээ ч үнэхээр хүлээн авахгүй; оронд нь эсэргүүцнэ. Тэд бүр “За яах вэ, би цаашид байр суурьгүй байх учраас миний хэлсэн зүйл тооцогдохгүй. Хэн ч намайг дэмжихээ больсон; та нар зүгээр л намайг дооглож, надад хичээл заахыг хүсэж байна. Чи намайг сургах шалгуур хангасан уу? Чи өөрийгөө хэн гэж бодоо вэ? Намайг удирдагч болох үед чи хөлд ч ороогүй байсан! Чи ярьж буй энэ хэдэн зүйлээ надаас сураагүй гэж үү? Тэгсэн байтлаа надад хичээл заахыг оролдож байна. Чи орчлон ертөнц дэх өөрийн байрыг үнэхээр мэдэхгүй юм байна!” гэж боддог. Өөрсдийг нь засах, өөрсөдтэй нь ярих, хууч хөөрөх, эсвэл чин сэтгэлээсээ ярилцахын тулд хүмүүс тодорхой зэрэг зиндаатай байх хэрэгтэй гэж тэд боддог. Энэ хүмүүс ямар гээч зүйл вэ? Зөвхөн антихристүүд л ийм зүйл хэлж чадна; хэвийн хүмүүс болон ичих нүүртэй, бага зэрэг эрүүл ухаантай хүмүүс хэзээ ч ийм зүйл хэлэхгүй. Хэрвээ хэн нэгэн хүн та нарт номлол номлож, та нартай тайвнаар чин сэтгэлээсээ ярилцаж, та нарт байгаа асуудлыг зааж өгч, зарим нэг санал хэлбэл та нар үүнийг хүлээн авч чадах уу? Эсвэл антихристтэй адилхан сэтгэлгээтэй байх уу? Жишээ нь, чи 10 жил итгэгч байсан ч хэзээ ч удирдагч болж байгаагүй гэж бодъё. Өөр нэг хүн ердөө хоёр жил итгэсэн ч чамаас өндөр байр суурьтай бөгөөд чи үүнд бухимддаг. Чи Бурханд 20 жил итгээд эцэст нь дүүргийн удирдагч болсон гэж бодъё. Өөр хэн нэгэн ердөө таван жил итгээд бүс нутгийн удирдагч болж, чамайг удирдаж эхлэхэд үүнийг хүлээн авахад чамд хэцүү санагддаг. Хэрвээ тэр чамайг засвал чамд эвгүй санагдаж, түүний чамайг зассан нь зөв байсан ч гэсэн чи үүнийг хүлээн авахыг хүсдэггүй. Та нарт хэзээ нэгэн цагт ийм төрлийн хандлага, эсвэл илрэл байсан уу? (Тийм.) Энэ бол антихристийн зан чанар юм. Зөвхөн антихристүүд л антихристийн зан чанартай байдаг гэж чи бодож байна уу? Антихристийн зан чанартай хэн боловч аюулд орсон байдаг, тэд антихристийн замд орж магадгүй, энэ зан чанар тэднийг сүйрүүлж болзошгүй. Нөхцөл байдал ийм л байдаг. Бид антихристийн мөн чанарыг нөхөрлөж, задлан шинжлэх үед үүнд антихристийн зан чанартай хүмүүс ч бас багтдаг. Та нарынхаар, үүнд багтсан хүмүүс цөөнх үү, эсвэл олонх уу? Эсвэл үүнд хүн бүр багтдаг уу? (Үүнд хүн бүр багтдаг.) Тийм ээ, учир нь антихристийн зан чанар бол Сатаны зан чанар бөгөөд бүх завхарсан хүн Сатаны зан чанартай байдаг. Сая бид антихристүүд засалтад хэрхэн ханддаг тухай энэ сэдвээр бага зэрэг нөхөрлөлөө. Илүү дэлгэрэнгүй яривал, зарим тодорхой жишээг өгч болно. Цуглааныхаа үеэр нөхөрлө гээд үүнийг Би та нарт үлдээе. Та нар нөхөрлөж байхдаа бусад хүн ямар байдаг талаар үргэлж бүү ярь. Мэдээж бусдын илрэлийн талаар нөхөрлөх нь зайлшгүй боловч та нар голчлон өөрсдийнхөө илрэлийн талаар нөхөрлөх ёстой. Хэрвээ та нар антихристийн зан чанартай холбоотой зарим илрэл юм уу илчлэлийг өөрсдөөсөө олж чадвал энэ нь өөрийгөө танин мэдэхэд чинь тустай, ашигтай байх бөгөөд тэрхүү зан чанараас ангижрахад чинь тусална.
Бид өмнө нь антихристийн зан чанарын янз бүрийн илрэлийн талаар нөхөрлөсөн—та нар одоо өөрсдийгөө тэдгээртэй харьцуулан үзэж чадах уу? Та нар тодорхой хэмжээний ойлголттой болж чадсан уу? Зарим бодитой асуудлыг шийдвэрлэж чадах уу? Завхарсан зан чанарынхаа аль талыг өөрчлөхөөс үл хамааран, энэ бүхэн нь үнэнийг ойлгож, өөрийгөө үнэнтэй харьцуулан үзэж, дараа нь өөрийгөө ойлгож авах суурин дээр хэрэгждэг. Тиймээс завхарсан зан чанарын янз бүрийн илрэлийг ялган таньж, задлан шинжилж чаддаг байх нь өөрийгөө танин мэдэх болон зан чанарын өөрчлөлтөд хүрэх тухайд та нарын алхах ёстой зам юм. Та нар энэ зүйлийг ойлгож авсан уу? Та нарын зарим нь ойлгоогүй байж магадгүй бөгөөд “Та үргэлж эдгээр ялихгүй сэдэв, зүйлсийн талаар нөхөрлөдөг; Та хэзээ ч зарим гүн гүнзгий үнэний талаар ярьдаггүй, эсвэл ямар нэгэн гүн гүнзгий нууцыг илчилдэггүй. Энэ үнэхээр уйтгартай, залхмаар юм! Таны нөхөрлөж байгаа эдгээр зүйл бид тэнгэрийн хаанчлалд орох, агуу ерөөл хүртэх, ирээдүйд төгс болгуулахтай ямар хамаатай юм бэ?” гэж боддог. Энэ хүмүүс хэзээ ч ойлгодоггүй; тэд эдгээр зүйлийг сонсохдоо нойрмоглодог. Сүнслэг ойлголтгүй хүмүүс үүнийг ухаардаггүй; тэд үнэн бүрийн хөнддөг хүний янз бүрийн байдал, эсвэл янз бүрийн үнэний хоорондын харилцаа холбоог ойлгодоггүй. Тэд эдгээр зүйлийг ойлгодоггүй. Чи тэдэнд хэчнээн дэлгэрэнгүй тайлбар өгнө, тэд төдийчинээ төөрөлдөж, төдийчинээ багыг ойлгодог учраас үргэлж нойрмоглодог. Цуглаан дөнгөж эхлэх үед тэд дуулж, бүжиглэдэг бөгөөд дүрэм журам, зан үйл нь хэчнээн уйтгартай, эсвэл давтагдмал байсан ч нойрмоглодоггүй. Гэвч чамайг үнэний талаар болон хүмүүсийн янз бүрийн байдлын талаар нөхөрлөмөгц тэд зүүрмэглэж эхэлдэг. Үргэлж тэгж нойрмоглодог хүмүүст юу болоод байна вэ? Тэд илчлэгдээгүй гэж үү? Энэ нь үнэнийг хайрладаггүйн илрэл биш гэж үү? Амь-оролттой холбоотой янз бүрийн үнэний нарийн ширийн зүйлийн тухайд, үнэнийг чин сэтгэлээсээ эрэлхийлдэг, тодорхой хэв чанартай хүмүүс сонсох тусмаа илүү сайн ойлгодог байхад үнэнийг хайрладаггүй, сүнслэг ойлголтгүй хүмүүс эдгээрийн талаар сонсох тусмаа улам бүр будилдаг. Сонсох тусам энэ нь тэдэнд улам уйтгартай санагддаг бөгөөд хэчнээн их сонссон ч яг адилхан санагдсаар байдаг; тэд эдгээрээс ямар ч зам олж сонсож чаддаггүй. Амь-оролттой холбоотой хэрэг явдлууд үнэндээ тийм ч төвөгтэй биш, тиймээс эдгээрийн талаар төдийлөн их нөхөрлөх шаардлагагүй гэж тэдэнд санагддаг. Сүнслэг ойлголтгүй хүмүүс ийм байдаг. Зан чанарын өөрчлөлт нь асар их үнэнийг хамардаг. Хэрвээ зан чанараа өөрчлөхийг эрж хайх замд хүмүүс үнэн бүрд цаг хугацаа, хүчин чармайлт гаргахгүй, үнэн бүрийг ойлгож, ухамсарлаж, мэдэж авахгүй, мөн хэрэгжүүлэлтийн зам олохгүй бол ямар ч үнэнд яавч орж чадахгүй. Хүмүүс ямар арга замаар Бурханыг мэдэж авч чадах вэ? Энэ нь янз бүрийн үнэнийг бүгдийг нь ойлгож, орох явдал юм; энэ бол цорын ганц арга зам. Түүнчлэн үнэн бүр нь ямар нэгэн төрлийн онол, эсвэл нэг төрлийн мэдлэг, гүн ухаан биш; энэ нь хүмүүсийн амь болон оршин тогтнолынх нь байдал, тэдний байгаа байдал болон өдөр бүр боддог зүйлс, завхарсан мөн чанарынхаа ноёрхол дор тэдний бий болгодог янз бүрийн бодол, санаа, санаархал, хандлагатай холбоотой байдаг. Тиймээс эдгээр нь бидний ярьж байгаа сэдэв юм. Чи эдгээр сэдвийг ойлгож, өөртэйгөө холбож, хэрэгжүүлэлтийн зарчмыг олж, өөр өөр зан чанараас чинь бий болдог янз бүрийн байдал, үзэл бодлыг мэдэж авах үедээ тэдгээртэй холбоотой үнэнийг үнэхээр ойлгосон байх бөгөөд тэр үед л чи үнэн-зарчмын дагуу үнэн зөв хэрэгжүүлж чадна. Хэрвээ чи үгийг шууд утгаар нь л ойлгоод, Бурхан антихристүүдийн аминч, жигшүүртэй байдлыг ил болгохыг харах үедээ “Антихристүүд аминч, жигшүүртэй, харин би өөрөө нэлээд аминч бус; надад бусдад өгөх хайр их бий, би хүлээцтэй, би эрдэмтдийн гэр бүлд төрсөн, дээд боловсрол эзэмшсэн, алдартай хүмүүс болон сод бүтээлүүдийн нөлөөнд автсан, би аминч хүн биш” гэж боддог бол эдгээр зүйлийг хэлэх нь үнэнийг хүлээн авч байгаа хэрэг үү? Энэ нь өөрийгөө танин мэдэж байгаа хэрэг үү? Чи энэ тодорхой үнэнийг, эсвэл энэ тодорхой үнэнд багтдаг янз бүрийн байдлыг ойлгодоггүй нь нэлээд илэрхий байна. Чи тодорхой үнэнд багтдаг, Бурханы хэлсэн, ил болгосон янз бүрийн байдлыг ойлгож, өөрийгөө тэдгээртэй харьцуулан үзэж, хэрэгжүүлэлтийн зөв зарчмыг олж чадах үедээ үнэнийг хэрэгжүүлэх замд орсон байх бөгөөд үнэн-бодит байдалд орсон байх болно. Хэрвээ үүнийг хийгээгүй бол чи ердөө л хоосон сургаал ойлгосон; чи үнэнийг ойлгоогүй. Энэ нь бидний сая ярьсан, антихристүүд засалтад хэрхэн ханддаг тухай сэдэвтэй адилхан. Бидний нөхөрлөсөн янз бүрийн байдал, илрэл, илчлэл бүгд антихристийн уг чанар-мөн чанар болон зан чанартай холбоотой. Чи эдгээрийн хэдийг нь ойлгож байна вэ? Чи хэдийг нь өөртэйгөө харьцуулан үзсэн бэ? Чиний ухаарсан, энэ сэдэвт багтсан мэдэгдэл, нарийн ширийн зүйл, байдал нь бусад хүнд хамаатай юу, эсвэл чамд хамаатай юу? Чи өөрөө эдгээр байдалтай ямар нэгэн холбоотой юу? Чи тэдгээрийг үнэхээр өөртэйгөө холбосон уу, эсвэл зүгээр л дурамжхан хүлээн зөвшөөрч, санал нийлсэн үү? Энэ нь чиний ойлголт болон үнэнд хандах хандлагаас шалтгаална. Эдгээр байдлыг өөртэйгөө холбох нь үнэнийг хэрэгжүүлж чаддаг байхын урьдач нөхцөл төдий юм; чи аль хэдийн хэрэгжүүлж эхэлсэн гэсэн үг биш. Гэвч хэрвээ эдгээр байдлыг өөртэйгөө холбож чадахгүй бол чи үнэнийг хэрэгжүүлэхтэй ямар ч хамаагүй байх болно. Тийм байх аваас, чи номлол сонсох үедээ юу сонсох вэ? Чи зүгээр л дүр эсгэнэ; чи Бурханд итгэдэг мэт харагдах боловч үнэндээ Түүний үгийн дагуу хэрэгжүүлэхгүй, Түүний үгийн бодит байдалд орж чадахгүй. Чи зүгээр л эгэл хүн, үйлчлэлийн бай, товойлгогч байх болно. Та нар өөрсдийгөө эдгээр байдалтай хэрхэн харьцуулан үзэх, Миний хэлсэн зүйлстэй холбоотой янз бүрийн байдлыг хэрхэн задлан шинжлэхийн тухайд гэвэл, энэ нь өөрсдийн чинь мэдлэгээс хамаарна. Би та нарт эдгээр үгийг хэлж, та нарыг эдгээр үгээр хангаж л чадах бөгөөд үлдсэнд нь та нар өөрсдөө хүчин чармайлт гаргах шаардлагатай. Та нар эдгээр үгийг хүлээн авч чадах эсэх нь хандлагаас чинь шалтгаална. Зарим хүн зүрх сэтгэлдээ гөжүүд байдаг; тэд үргэлж дүр эсгэж, байр суурь, нэр хүндээ хамгаалахыг оролддог. Тэдэнд асуудал байгаа нь тодорхой боловч тэд эдгээр асуудлыг харж чаддаггүй, хүлээн зөвшөөрдөггүй, тэр ч бүү хэл өөрсдөө бусдыг ил болгож, задлан шинжилдэг. Үүний үр дүнд бусад хүмүүс үүнээс ашиг тус хүртдэг байхад тэд өөрсдөө юу ч олж авдаггүй. Энэ хүмүүс тэнэгүүд биш гэж үү? Энэ бол тэнэг зан авир. Номлол сонсохын зорилго нь бусад хүнийг ялган таньж сурах явдал биш, бусдын өмнөөс сонсох явдал ч биш; харин чи өөрөө юу хэлснийг сонсож, олж авахын төлөө байдаг. Чи Бурханы үг, үнэн, номлолыг сонсдог, энэ бүхнээс үнэнийг ойлгож, амийг олж авч, зан чанарын өөрчлөлтөд хүрдэг. Энэ нь бусад хүнтэй ямар нэгэн холбоотой юу? Эдгээр үг чамд хамаатай. Хэрвээ чи ийм төрлийн хандлага баримталбал эдгээр үг чамайг өөрчилж, чиний бодит байдал болж, зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжийг чамд олгож магадгүй.
Энэхүү эхний сэдвээр бид антихристүүд засалтад хэрхэн ханддаг тухай янз бүрийн илрэлийн талаар ярилцлаа. Нэг талаар, энэ сэдвээр нөхөрлөх нь энэ хэрэг явдал дээр антихристүүд ямархуу хандлагатай байдгийг болон тэдний уг чанар-мөн чанарын илчлэлийг ойлгоход чинь тусалдаг; нөгөө талаар, энэ нь та нарт зарим нэг эерэг удирдамж, сэрэмжлүүлэг өгдөг. Та нар үлдсэн асуудлуудын талаар өөрсдөө нөхөрлөж, шийдвэрлэж болно; энэ бол та нарын өөрсдийн хэрэг.
2. Антихристүүд өөрөөсөө илүү хүчтэй хүмүүст хэрхэн ханддаг вэ
Антихристүүдийн өөрсдийн нэр хүнд, байр суурийг хамгаалах хүслийн тухайд гэвэл, тэд засалт туулах үедээ л уг чанар-мөн чанараа харуулж, илчилдэггүй—антихристүүд өөр олон төрлийн нөхцөл байдал, хэрэг явдалтай тулгардаг. Тиймээс, бидний нөхөрлөх хоёр дахь сэдэв бол антихристүүд бүлэг хүмүүсийн дунд байр суурь, нэр хүндээ хэрхэн хадгалдаг тухай юм. Бүлэг хүмүүсийн дунд байхдаа антихристүүд, хийж буй бүх зүйлдээ өөрсдийн нэр хүнд, байр суурийг хамгаалахыг хичээж байгааг нь харуулж чадах ямар зан авир гаргадаг вэ? Энэ сэдэв тодорхой байна уу, үгүй юу? Үүний цар хүрээ том уу, эсвэл жижиг үү? Энэ нь төлөөлөл мөн үү, биш үү? (Төлөөлөл мөн.) Энэ сэдэв антихристүүдийн уг чанар-мөн чанартай шууд холбоотой. Антихристүүд бүлэг хүмүүсийн дунд амьдрахдаа ямар илрэл харуулдаг вэ? Тэд нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд ямархуу хандлага, ямар үйлдэл ашигладаг вэ? Юун түрүүнд, антихристүүд байр суурьгүй бол антихристүүд хэвээр байх уу? (Тийм.) Та нар энэ ойлголтыг тодорхой ойлгох хэрэгтэй. Зөвхөн байр суурьтай хүмүүс л антихристүүдийн мөн чанартай, антихристүүд байж чадна, эсвэл байр суурьгүй жирийн хүмүүс антихристүүд биш гэж бүү бод. Цар хүрээ нь үнэндээ нэлээд том. Антихристүүдийн мөн чанартай хэн боловч байр суурьтай эсэхээс, мөн удирдагч эсвэл жирийн итгэгч эсэхээс үл хамааран антихрист хэвээр байдаг; энэ нь тэдний мөн чанараар тодорхойлогддог. Тэгвэл антихристүүдийн мөн чанартай хүмүүс жирийн дагагч байх үедээ ямар илрэл гаргадаг вэ? Уг чанар-мөн чанарын ямар илчлэл нь тэд бол үнэндээ антихрист мөн гэдгийг хангалттай нотолдог вэ? Нэгдүгээрт, тэд бүлэг хүмүүсийн дунд хэрхэн амьдардаг, бусдад хэрхэн хандаж, аливаа зүйлийг хэрхэн зохицуулдаг, үнэнд ямар хандлага өвөрлөдгийг харцгаая. Бидний хамгийн их нөхөрлөх учиртай зүйл бол антихристүүд юу идэж, юу өмсөж, хаана амьдарч, хэрхэн зорчдог тухай биш, харин бүлэг дотор байхдаа нэр хүнд, байр сууриа хэрхэн хамгаалдаг тухай юм. Тэд жирийн итгэгч байсан ч гэсэн нэр хүнд, байр сууриа хамгаалахаар байнга оролдож, ийм төрлийн зан чанар, мөн чанарыг байнга харуулж, иймэрхүү зүйл хийсээр байдаг. Тиймээс энэ нь антихристүүдийн зан чанар, мөн чанарын талаарх бидний ойлголтыг нэг алхам урагшлуулдаг. Антихристүүд байр суурьтай эсэхээс үл хамааран, хэзээ, хаана байхаас үл хамааран антихристүүдийн зан чанар, мөн чанар тэднээс үргэлж илчлэгдэж, харагдаж байдаг. Энэ нь ямар ч орон зай, газар зүй, эсвэл хүмүүс, үйл явдал, зүйлсээр хязгаарлагддаггүй.
Антихристүүд үүргээ гүйцэтгэх үедээ, үүрэг нь юу ч байсан, өөрсдөө ямар ч бүлэгт байсан хамаагүй, нэгэн тодорхой зан авир гаргадаг нь бүх зүйл дээр үргэлж онцгойрч, өөрсдийгөө харуулахыг хүсдэг, үргэлж хүмүүсийг хазаарлаж, хянах хандлагатай байдаг, үргэлж хүмүүсийг удирдаж, эцсийн шийдвэр гаргахыг хүсдэг, үргэлж анхаарлын төвд байхыг хүсдэг, үргэлж хүмүүсийн нүд, анхаарлыг өөртөө татахыг хүсдэг, хүн бүрээр бишрүүлэхийг хүсдэг явдал юм. Антихристүүд ямар нэгэн бүлэгт нэгдэх үедээ, хүн нь хэд байх, бүлгийн гишүүд нь хэн байх, эсвэл тэдний мэргэжил, ялгамж чанар юу байхаас үл хамааран, юун түрүүнд хэн сүрлэг, шилдэг болохыг, хэн уран яруу, хэн сэтгэл хөдөлгөм байгааг, хэн шалгуур хангасан эсвэл нэр хүндтэй байгааг харахаар нөхцөл байдлыг дэнсэлдэг. Тэд хэнийг ялж чадах, хэнийг чадахгүйгээ, түүнчлэн хэн өөрсдөөс нь илүү, хэн дор болохыг үнэлж дүгнэдэг. Эдгээр нь тэдний хамгийн түрүүнд хардаг зүйлс юм. Нөхцөл байдлыг хурдан үнэлснийхээ дараа тэд үйлдэл хийж эхэлдэг бөгөөд өөрсдөөс нь дор хүмүүсийг түр зуур хойш тавьж, үл тоодог. Тэд эхлээд өөрсдөөсөө илүү гэж боддог, тодорхой хэмжээний нэр хүнд, байр суурьтай, эсвэл билиг авьяастай хүмүүс рүү очдог. Эд бол тэдний хамгийн түрүүнд өөрсдийгөө харьцуулж хэмждэг хүмүүс юм. Хэрвээ энэ хүмүүсийн хэн нэгэн нь ах эгч нарт хүндлэгдсэн, эсвэл Бурханд олон жил итгэсэн, нэр хүнд сайтай байх юм бол тэд антихристүүдийн атаархлын бай болж, мэдээж өрсөлдөгч гэж харагддаг. Тэгээд антихристүүд нэр хүндтэй, байр суурьтай, ах эгч нарын бишрэлийг хүлээсэн энэ хүмүүстэй өөрсдийгөө чимээгүйхэн харьцуулдаг. Тэд ийм хүмүүсийн талаар тунгаан бодож, тэд юу хийж чаддаг, юуг эзэмшсэн болохыг, мөн яагаад зарим хүн тэднийг хүндэлдгийг судалж эхэлдэг. Ажиглаж, хараад антихристүүд энэ хүмүүс тодорхой мэргэжилд гаргууд болохыг, түүнчлэн тэд Бурханд илүү удаан итгэж, зарим нэг туршлагын гэрчлэл хуваалцаж чаддаг учраас хүн бүр тэднийг өндрөөр үнэлдгийг ухаардаг. Антихристүүд ийм хүмүүсийг “олз” хэмээн үзэж, өрсөлдөгчөө хэмээн таньдаг бөгөөд дараа нь үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулдаг. Ямар төлөвлөгөө вэ? Тэд өрсөлдөгчидтэйгөө эн зэрэгцэхгүй байгаа талуудаа харж, дараа нь эдгээр тал дээр ажиллаж эхэлдэг. Жишээ нь, хэрвээ тэд тодорхой мэргэжлээр тэдэн шиг сайн биш бол тэр мэргэжлийг судалж, илүү их ном уншиж, бүх төрлийн мэдээллийг илүү их хайж, даруухнаар бусдын зааварчилгааг илүү их гуйдаг. Тэд тэр мэргэжилтэй холбоотой төрөл бүрийн ажилд оролцож, аажмаар туршлага хуримтлуулж, өөрсдийн хүч нөлөөг хөгжүүлдэг. Тэгээд өрсөлдөгчидтэйгөө өрсөлдөх нөөц бололцоотой болсон гэж үзэх үедээ тэд байнга урагш гарч, өөрсдийн “гайхалтай үзэл бодлыг” илэрхийлдэг бөгөөд өрсөлдөгчдөө эвгүй байдалд оруулж, нэрийг нь сэвтүүлэхийн тулд тэднийг зориуд няцааж, басамжилж, ингэснээрээ өөрсдийнхөө хэчнээн ухаантай, гоц гойд болохыг тодруулж, өрсөлдөгчдөө дардаг. Гярхай хүмүүс энэ бүхнийг харж чаддаг, харин мунхаг, мэдлэггүй, ялган таних чадваргүй хүмүүс л харж чаддаггүй. Ихэнх хүн антихристүүдийн урам зориг, эрэлхийлэл, зовлон зүдүүр, төлөөс төлж буйг болон гаднах сайн зан авирыг л хардаг боловч жинхэнэ нөхцөл байдал нь антихристүүдийн зүрх сэтгэлийн гүнд далдлагдсан байдаг. Тэдний гол зорилго юу вэ? Энэ нь байр суурь олж авах явдал юм. Тэдний бүх ажил, бүх хөдөлмөр, төлж буй бүх төлөөс нь зүрх сэтгэлдээ хамгийн их шүтдэг зүйл буюу байр суурь, эрх мэдэл дээр төвлөрдөг.
Антихристүүд чуулганд эрх мэдэл, байр суурьтай болохын тулд юун түрүүнд бусдын итгэл, хүндлэлийг хүлээхээр оролддог, ингэснээр тэд илүү олон хүнийг үнэмшүүлж, илүү олон хүнээр өөрсдийгөө бишрүүлж, шүтүүлж, улмаар чуулганд эцсийн шийдвэр гаргаж, эрх мэдлийг гартаа авах зорилгодоо хүрч чадна. Эрх мэдэл олж авах тухайд бол тэд бусадтай өрсөлдөж, тэмцэлдэхдээ хамгийн гаргууд байдаг. Үнэнийг эрэлхийлдэг хүмүүс, чуулганд нэр хүндтэй хүмүүс, ах эгч нарт хайрлагддаг хүмүүс бол тэдний гол өрсөлдөгчид юм. Байр сууринд нь заналхийлж буй хэн боловч тэдний өрсөлдөгч мөн. Тэд өөрсдөөс нь хүчтэй хүмүүстэй айж далдичилгүй өрсөлддөг; өөрсдөөс нь сул дорой хүмүүстэй өчүүхэн ч өрөвдөх сэтгэлгүйгээр өрсөлддөг. Тэдний зүрх сэтгэл өрсөлдөж, тэмцэлдэх гүн ухаанаар дүүрэн байдаг. Хэрвээ хүмүүс өрсөлдөж, тэмцэлдэхгүй бол ямар ч ашиг тус олж авч чадахгүй, гагцхүү өрсөлдөж, тэмцэлдэж байж л хүссэн зүйлээ олж авч чадна гэж тэд үздэг. Байр суурьтай болохын тулд, мөн бүлэг хүмүүсийн дунд давуу байр суурь эзлэхийн тулд тэд хэн нэгэнтэй өрсөлдөхдөө яахаас ч буцдаггүй бөгөөд байр сууринд нь заналхийлж буй ганц хүнийг ч зүгээр өнгөрөөдөггүй. Тэд хэнтэй ч харилцсан, эдгээр харилцаа нь өрсөлдөөн, тэмцлээр дүүрэн байдаг бөгөөд өтөл насанд хүртлээ өрсөлдөж, тэмцэлдсээр байдаг. Тэд: “Би тэр хүнтэй тэмцэлдвэл ялж чадах болов уу?” гэж байнга хэлдэг. Уран яруу, логиктой, цэгцтэй, дэс дараатай ярьж чаддаг хэн боловч тэдний атаархаж, даган дуурайх бай болдог. Үүнээс ч илүүтэйгээр тэдний өрсөлдөгч болдог. Үнэнийг эрэлхийлдэг, итгэлтэй, ах эгч нарт байнга тусалж, түшиж тулж чаддаг, сөрөг, сул дорой байдлаас гарахад нь ах эгч нарт тусалдаг хэн боловч тэдний өрсөлдөгч болдог, тодорхой мэргэжилд чадварлаг, тодорхой хэмжээнд ах эгч нарт хүндлэгдсэн хэн боловч тэдний өрсөлдөгч болдог. Ажилдаа үр дүн гаргаж, Дээрхэд хүлээн зөвшөөрөгдсөн хэн боловч мэдээж тэдний бүр ч том өрсөлдөгч болдог. Антихристүүд ямар ч бүлэгт байсан, уриа лоозон нь юу байдаг вэ? Та нар санал бодлоо хуваалцаарай. (Бусад хүмүүстэй болон Тэнгэртэй тэмцэлдэх нь эцэс төгсгөлгүй баяр цэнгэлийн эх сурвалж юм.) Энэ галзуурал биш гэж үү? Энэ бол галзуурал. Өөр байна уу? (Бурхан минь, тэд “Тэнгэрт ч, газарт ч би өөрөө өөрийнхөө эзэн” гэж боддоггүй гэж үү? Өөрөөр хэлбэл, тэд хамгийн өндөрт байхыг хүсдэг бөгөөд хэнтэй ч хамт байсан, үргэлж тэднээс илүү гарахыг хүсдэг.) Энэ бол тэдний санаануудын нэг юм. Өөр байна уу? (Бурхан минь, би “Ялагч бол хаан” гэх гурван үгийг бодлоо. Тэд хаана ч байсан хамаагүй, үргэлж бусдаас илүү байж, онцгойрохыг хүсдэг, хамгийн өндөрт байхыг чармайдаг гэж би бодож байна.) Та нарын хэлсэн зүйлийн ихэнх нь нэг төрлийн санаанууд байна; үүнийг нэг төрлийн зан авираар дүрслэх гээд үз дээ. Антихристүүд хаана ч байсан хамаагүй, заавал хамгийн өндөр байр суурийг эзлэхийг хүсдэг байх албагүй. Тэд хаашаа ч явсан тодорхой нэг зан чанар болон сэтгэлгээ тэдний үйлдлийг захирдаг. Энэ сэтгэлгээ нь юу вэ? Энэ бол “Би өрсөлдөнө! Өрсөлдөнө! Өрсөлдөнө!” “Өрсөлдөх” гэдэг үг яагаад нэг биш гурав байгаа юм бэ? (Өрсөлдөөн нь тэдний амь болсон, тэд өрсөлдөөнөөр амьдардаг.) Энэ бол тэдний зан чанар юм. Тэд дэндүү биеэ тоосон, дарахад хэцүү зан чанартай төрсөн, өөрөөр хэлбэл тэд өөрсдийгөө хэнээс ч дутахгүй гэж үздэг, туйлын ихэрхүү байдаг. Тэдний энэ итгэмээргүй биеэ тоосон зан чанарыг хэн ч зогсоож чадахгүй; тэд өөрсдөө ч хянаж чадахгүй. Иймээс тэдний амьдрал бүхэлдээ тэмцэлдэх, өрсөлдөх юм. Тэд юуны төлөө тэмцэлдэж, өрсөлддөг вэ? Мэдээж тэд алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, нэр нүүр, өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө өрсөлддөг. Ямар ч арга ашиглах ёстой болсон бай, хүн бүр өөрсдөд нь захирагдаж, өөрсдөдөө ашиг тус, байр суурь олж байгаа л бол тэд зорилгодоо хүрнэ. Тэдний өрсөлдөх хүсэл нь түр зуурын зугаа биш; энэ бол сатанлаг уг чанараас үүдэлтэй нэг төрлийн зан чанар юм. Энэ нь Тэнгэртэй, газартай, хүмүүстэй тэмцэлддэг агуу улаан луугийн зан чанартай адилхан. Тэгвэл чуулганы бусад хүнтэй тэмцэлдэж, өрсөлдөх үедээ антихристүүд юу хүсдэг вэ? Тэд эргэлзээгүйгээр нэр төр, байр суурийн төлөө өрсөлдөж байгаа. Харин байр суурьтай болох нь тэдэнд ямар хэрэгтэй вэ? Бусад хүн өөрсдийг нь сонсох, бишрэх, шүтэх нь тэдэнд ямар хэрэгтэй вэ? Антихристүүд өөрсдөө ч үүнийг тайлбарлаж чадахгүй. Үнэн хэрэгтээ тэд нэр хүнд, байр суурийг эдэлж, хүн бүр өөдөөс нь инээмсэглэж, зусардаж, бялдуучлан мэндчилэхэд дуртай байдаг. Иймээс чуулганд очих бүрдээ антихристүүд нэг л зүйлийг хийдэг нь бусадтай өрсөлдөж, тэмцэлдэх юм. Эрх мэдэл, байр суурьтай болсон ч тэд зогсдоггүй. Байр сууриа хамгаалж, хүч чадлаа баталгаажуулахын тулд бусадтай тэмцэж, өрсөлдсөөр байдаг. Тэд үхэх хүртлээ ингэсээр байх болно. Иймээс антихристүүдийн философи нь “Амьд байгаа цагтаа тэмцэлдэхээ бүү боль” юм. Ийм ёрын муу хүн чуулганд байвал ах, эгч нарыг үймүүлэх үү? Жишээлбэл, хүн бүр чимээгүйхэн Бурханы үгийг идэж, ууж, үнэний талаар нөхөрлөж, уур амьсгал амар тайван, сэтгэл санаа таатай сайхан байлаа гэе. Энэ үед антихрист сэтгэл дундуур байдалд автана. Тэд үнэний талаар нөхөрлөж буй хүмүүст атаархаж, тэднийг үзэн ядна. Тэд дайрч давшилж, тэднийг шүүмжилж эхэлнэ. Энэ нь амар тайван уур амьсгалыг эвдэхгүй гэж үү? Тэд бол бусдыг үймүүлж, жигшүүлэх гэж ирсэн ёрын муу хүмүүс юм. Антихристүүд ийм л байдаг. Заримдаа антихристүүд өрсөлдөж, дарангуйлдаг хүмүүсээ сүйрүүлэх юм уу ялахыг зорьдоггүй; нэр хүнд, байр суурь, нэрэлхүү зан, бардамналд хүрч, хүмүүсээр өөрсдийгөө бишрүүлэх юм бол зорилгодоо хүрнэ. Тэд өрсөлдөж байхдаа нэг төрлийн тодорхой сатанлаг зан чанарыг харуулдаг. Энэ нь ямар зан чанар вэ? Тэд ямар ч чуулганд гарч ирсэн бай, үргэлж бусадтай өрсөлдөж, тэмцэлдэхийг хүсдэг, үргэлж алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн төлөө өрсөлдөхийг хүсдэг бөгөөд уг чуулган эмх замбараагүй, үймээн самуунтай болж, өөрсдөө байр суурь олж авч, хүн бүр өөрсдөд нь буулт хийх үед л тэд зорилгодоо хүрсэн гэж боддог. Энэ бол антихристүүдийн уг чанар, өөрөөр хэлбэл, тэд зорилгодоо хүрэхийн тулд өрсөлдөөн, тэмцлийг ашигладаг.
Антихристүүд ямар ч бүлэгт байсан, уриа лоозон нь юу байдаг вэ? “Би өрсөлдөх ёстой! Өрсөлд! Өрсөлд! Хамгийн өндөр, хамгийн хүчирхэг нь болохын тулд би өрсөлдөх ёстой!” Энэ бол антихристийн зан чанар юм; тэд хаа явсан газраа өрсөлдөж, зорилгодоо хүрэхийг хичээдэг. Тэд Сатаны зарц бөгөөд чуулганы ажлыг үймүүлдэг. Антихристүүдийн зан чанар ийм байдаг: Тэд эхлээд чуулганаас, олон жил Бурханд итгэсэн, хөрөнгөтэй, зарим нэг билиг авьяастай эсвэл ур чадвартай, ах эгч нарын амь-оролтод ач тустай байсан, нэр хүнд сайтай, зиндаа дээгүүр, ах эгч нарын дунд сайнаар яригддаг, илүү их эерэг зүйлтэй хүнийг хайдаг. Тэр хүмүүс бол тэдний өрсөлдөгч юм. Ерөнхийд нь хэлбэл, антихристүүд бүлэг хүмүүсийн дунд байх болгондоо үргэлж ийм зүйл хийдэг. Тэд байр суурь, сайн нэр төр, хэрэг явдал дээр эцсийн шийд гаргах, бүлэг дотор шийдвэр гаргах эрхийн төлөө өрсөлддөг бөгөөд үүнийг олж авмагцаа баяртай болдог. Тэд эдгээр зүйлийг олж авсныхаа дараа бодитой ажил хийж чадах уу? Яавч үгүй, тэд бодитой ажил хийхийн төлөө өрсөлдөж, тэмцэлддэггүй; тэдний зорилго бол бусад бүх хүнийг давамгайлах явдал юм. “Надад буулт хийхийг хүсэж байна уу, үгүй юу гэдэг чинь надад хамаагүй; хөрөнгийн хувьд би хамгийн агуу нь, ярих ур чадварын хувьд би хамгийн шилдэг нь, билиг авьяасын хувьд би хамгийн авьяаслаг нь.” Ямар ч талбарт байсан хамаагүй, тэд үргэлж нэгдүгээр байрын төлөө өрсөлдөхийг хүсдэг. Хэрвээ ах эгч нар тэднийг зааварлагчаар сонговол тэд эцсийн үгийг хэлж, шийдвэр гаргах эрхтэй байхын тулд хамтрагчидтайгаа өрсөлдөнө. Хэрвээ чуулган тэдэнд тодорхой нэг ажлыг хариуцуулбал тэд үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар шийдвэр гаргах гэж зүтгэнэ. Тэд хэлсэн бүхнээ, шийдсэн бүх зүйлээ амжилттай болгож, бодит байдал болгохын тулд чармайхыг хүснэ. Хэрвээ ах эгч нар өөр хэн нэгний санааг хүлээж авбал тэд үүнийг зүгээр өнгөрөөх үү? (Үгүй.) Энэ нь асуудал болно гэсэн үг. Хэрвээ чи тэднийг сонсохгүй бол тэд чамайг хашрааж, тэдэнгүйгээр чи юу ч хийж чадахгүй мэт санагдуулж, хэрвээ тэднийг дуулгавартай дагахгүй бол ямар үр дагавар гарахыг чамд харуулна. Антихристүүдийн зан чанар ийм ихэрхүү, жигшмээр, ухаалаг бус байдаг. Тэдэнд мөс чанар ч, эрүүл ухаан ч байхгүй, бүр өчүүхэн төдий ч үнэн байхгүй. Антихристийн үйлдэл, үйл хэргээс хэвийн хүний эрүүл ухаангүй гэдгийг нь харж болох бөгөөд хүн антихристэд үнэний талаар нөхөрлөлөө ч гэсэн тэр үүнийг хүлээн авдаггүй. Чи ямар ч зөв юм хэлсэн тэд санал нийлдэггүй. Тэдний эрэлхийлэх дуртай цорын ганц зүйл бол нэр хүнд, байр суурь бөгөөд тэрийгээ тэд хүндэтгэн үздэг. Тэд байр суурийн ашиг тусыг эдэлж байгаа л бол сэтгэл хангалуун байдаг. Энэ л оршин тогтнолынх нь үнэ цэн гэж тэд боддог. Ямар бүлэг хүний дунд байхаас үл хамааран, өгдөг “гэрэл”, “дулаан”, авьяас, ер бусын байдлаа тэд хүмүүст харуулах ёстой байдаг. Тэд өөрийгөө онцгой гэж боддог учраас өөрт нь эгэл жирийн хүмүүсээс илүү дээр хандах ёстой, хүмүүсийн дэмжлэг, бишрэлийг хүртэх ёстой, хүмүүс өөрийг нь хүндэлж, өөрт нь шүтэх ёстой гэж аяндаа боддог—өөрсдийгөө энэ бүхнийг хүртэх эрхтэй гэж боддог. Ийм хүмүүс ичих нүүрэндээ илэг наасан бус уу? Ийм хүмүүс чуулганд байх нь төвөгтэй биш үү? Ямар нэг зүйл тохиолдох үед хүмүүс хэн зөв ярьж байгааг сонсож, Бурханы гэрийн ажилд ашиг тустай санал гаргасан хэнийг ч бай дуулгавартай дагаж, үнэн-зарчимд нийцэж байгаа хэний ч саналыг зөвшөөрөх ёстой гэдэг нь суурь мэдлэг юм. Хэрвээ антихристүүд зарчимд нийцэхгүй зүйл хэлбэл бусад бүх хүн тэднийг сонсохгүй, эсвэл саналыг нь зөвшөөрөхгүй байж магадгүй. Тэр тохиолдолд антихристүүд юу хийх вэ? Тэд өөрсдийгөө өмгөөлж, зөвтгөхийг үргэлжлүүлэн оролдож, бусдыг үнэмшүүлэх арга зам сүвэгчилж, ах эгч нарыг үгэндээ оруулж, саналаа хүлээн зөвшөөрүүлэхээр хичээнэ. Хэрвээ тэдний саналыг хүлээн зөвшөөрвөл энэ нь чуулганы ажилд ямар үр нөлөө үзүүлж болохыг тэд бодолцож үзэхгүй. Энэ нь тэдний бодолцон үзэх цар хүрээнд байдаггүй. Тэдний бодолцон үзэх цорын ганц зүйл юу вэ? “Хэрвээ миний саналыг хүлээн зөвшөөрөхгүй бол би нүүрээ хаашаа хийх юм бэ? Тиймээс би өрсөлдөж, саналаа зөвшөөрүүлэхийн тулд чармайх ёстой.” Ямар нэг зүйл тохиолдох болгонд тэд ингэж бодож, үйлддэг. Тэд энэ нь зарчимд нийцэж байгаа эсэхийг хэзээ ч эргэцүүлдэггүй, үнэнийг хэзээ ч хүлээн авдаггүй. Энэ бол антихристүүдийн зан чанар юм.
Антихристүүд огт эрүүл ухаангүй байдгийн гол илрэл юу вэ? Тэд өөрсдийгөө билиг авьяастай, чадвартай, сайн хэв чанартай, бусад хүн өөрсдийг нь шүтэж, дэмжих ёстой, Бурханы гэр өөрсдийг нь чухал байр сууринд тавих ёстой гэж үздэг. Үүнээс гадна, Бурханы гэр тэдний дэвшүүлсэн бүх санал, санааг хүлээн зөвшөөрч, дэмжих ёстой гэж тэд боддог бөгөөд хэрвээ Бурханы гэр тэдгээрийг хүлээж авахгүй бол маш их уурлаж, Бурханы гэрийн эсрэг зогсож, өөрсдийн бие даасан хаант улсыг байгуулдаг. Антихристүүдийн зан чанар, мөн чанарын энэхүү илчлэл чуулганд саад тотгор, үймээн учруулдаггүй гэж үү? Антихристүүдийн бүх үйлдэл чуулганы ажил болон Бурханы сонгосон хүмүүсийн амь-оролтод асар их саад тотгор, үймээн учруулдаг гэж хэлж болно. Антихристүүд чуулганы удирдах байр суурь, Бурханы сонгосон хүмүүсийн дундах нэр хүндийн төлөө өрсөлдөхдөө бусад руу дайрч давшилж, өөрсдийгөө өргөмжлөхийн тулд боломжит бүх аргыг ашигладаг. Тэд Бурханы гэрийн ажил болон Бурханы сонгосон хүмүүсийн амийн оролтод хэр их хор хөнөөл учруулж болохыг бодолцож үздэггүй. Өөрсдийнхөө амбиц, хүслийг хангаж чадах эсэхийг, байр суурь, нэр төрөө баталгаажуулж чадах эсэхийг л бодолцдог. Чуулган болон Бурханы сонгосон хүмүүсийн дунд тэд чөтгөр, ёрын муу хүн, Сатаны зарцын үүрэг рольтой байдаг. Тэд Бурханд үнэн сэтгэлээсээ итгэдэг хүмүүс яавч биш, Бурханыг дагагчид ч биш, үнэнийг хайрлаж, хүлээн авдаг хүмүүс бүр ч биш. Санаархал, зорилго нь хараахан биелээгүй байх үед тэд өөрсдийгөө хэзээ ч эргэцүүлдэггүй, танин мэддэггүй, өөрсдийнх нь санаархал, зорилго үнэнтэй нийцдэг эсэхийг хэзээ ч эргэцүүлдэггүй, аврал хүртэхийн тулд үнэнийг эрэлхийлэх замаар хэрхэн алхахыг хэзээ ч эрж хайдаггүй. Тэд дуулгавартай сэтгэлээр Бурханд итгэж, алхах учиртай замаа сонгодоггүй. Харин тэд толгойгоо гашилган, “Би яаж удирдагч юм уу ажилчны байр сууринд очих вэ? Би чуулганы удирдагч, ажилчидтай хэрхэн өрсөлдөх вэ? Би бурхны сонгосон хүмүүсийг хэрхэн төөрөлдүүлж, хянаж, христийг бэлгэдэл төдий болгох вэ? Би чуулганд өөрийн байрыг хэрхэн баталгаажуулах вэ? Би чуулганд хэрхэн хөлөө баттай олж, байр суурьтай болж, амжилтад хүрч, бүтэлгүйтэхгүй байхаа баталгаажуулж, эцэст нь бурхны сонгосон хүмүүсийг хянаж, өөрийн хаант улсыг байгуулах зорилгодоо хэрхэн хүрэх вэ?” гэж боддог. Энэ нь антихристүүдийн өдөр шөнөгүй боддог зүйлс юм. Энэ ямар зан чанар, уг чанар вэ? Жишээлбэл, жирийн ах эгч нар гэрчлэлийн нийтлэл бичихдээ өөрсдийн туршлага, ойлголтыг бичгээр хэрхэн үнэн зөвөөр илэрхийлэх талаар боддог. Тиймээс тэд Бурхан үнэний талаар өөрсдөд нь илүү их гэгээрэл өгч, өөрсдийг нь үнэний талаар илүү их, илүү гүн гүнзгий ойлголттой болгоно гэж найдан Бурханы өмнө залбирдаг. Харин антихристүүд нийтлэл бичихдээ илүү олон хүнд өөрсдийгөө ойлгуулж, таниулж, бишрүүлж, улмаар илүү олон хүний зүрх сэтгэлд байр суурь олж авахуйц байдлаар хэрхэн бичих тухай тархиа гашилган тунгаан боддог. Тэд алдар нэрээ өсгөхийн тулд энэхүү хамгийн энгийн, өчүүхэн зүйлийг ашиглахыг хүсдэг. Тэд иймэрхүү боломжийг ч алдаж чаддаггүй. Тэд ямархуу хүмүүс вэ? Зарим антихрист бусад хүмүүс туршлагын гэрчлэлийн нийтлэл бичиж чадаж байгааг хараад, байр суурь, нэр хүндийн төлөө тэдэнтэй өрсөлдөхийн тулд өөр хэний ч туршлагын гэрчлэлээс илүү гайхалтай зүйл бичихийг хүсдэг. Ингээд тэд хуурамчаар зохиож, хуулбарладаг. Тэд бүр хуурамч гэрчлэл хийх зэрэг зүйлийг ч хийж зүрхэлдэг. Өөрсдийнхөө нэрийг гаргаж, илүү олон хүнд өөрсдийгөө таниулж, нэрээ түгээхийн тулд антихристүүд бүх төрлийн ичгүүртэй зүйл хийхээс буцдаггүй. Тэд олонд танигдах, байр суурь олж авах, бүлэг хүмүүсийн дунд хүндлэгдэж, онцгой хүндэтгэл хүлээх өчүүхэн төдий боломжийг ч алддаггүй. Онцгой хүндэтгэл хүлээхийн зорил юу вэ? Антихристүүд ямар үр дагавар, зорилгод хүрэхийг хүсдэг вэ? Антихристүүд бусад хүмүүс өөрсдийг нь ер бусын хүмүүс, бусад хэнээс ч илүү эрхэмсэг, тодорхой салбарт гаргууд хүмүүс гэж хараасай гэж хүсдэг; тэд бусдын оюун ухаанд сайхан сэтгэгдэл, гүн гүнзгий сэтгэгдэл үлдээж, тэр ч бүү хэл аажмаар бусад хүмүүсийг өөрсдөдөө атаархуулж, өөрсдийгөө бишрүүлж, дээдлүүлэхийг хүсдэг. Энэ зорилгод хүрэхийн тулд хамаг чадлаараа чармайхын сацуу тэд бас өмнө нь алхаж байсан тэр л замаараа үргэлжлүүлэн алхсаар байдаг.
Антихристүүд ямар ч бүлэг хүмүүсийн дунд байсан, дүр эсгэж, эсвэл хүчин чармайлт гаргаж байсан ч хамаагүй, тэдний зүрх сэтгэлийн гүнд нуугддаг зүйл нь байр суурийн төлөөх хүслээс хэтрэхгүй. Тэдний илчилж, харуулдаг мөн чанар нь тэмцэл, өрсөлдөөнөөс цаашгүй. Антихристүүд юу ч хийсэн, байр суурь, нэр нүүр, ашиг сонирхлын төлөө бусадтай өрсөлдөж байдаг. Үүний хамгийн түгээмэл илрэл нь хүмүүсийн оюун ухаан дахь сайн нэр, сайн үнэлгээ, байр суурийн төлөө өрсөлдөх явдал, ингэснээр хүмүүс тэднийг дээдэлж, шүтэж, тэднийг тойрон эргэлдэж, төвөө болгодог. Энэ бол антихристүүдийн алхдаг зам; энэ бол антихристүүдийн өрсөлддөг зүйл юм. Бурханы үг эдгээр зүйлийг яаж ч яллаж, задлан шинжилсэн бай, антихристүүд үнэнийг хүлээн авахгүй, Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авахгүй, эсвэл Бурханаар шүүгдэж, яллагддаг эдгээр зүйлийг орхихгүй. Эсрэгээрээ, Бурхан эдгээр зүйлийг ил болгох тусам антихристүүд улам зальжин болдог. Тэд эдгээр зүйлийг эрэлхийлэхийн тулд илүү далд, зальтай арга хэрэглэдэг, ингэснээр хүмүүс тэдний юу хийж байгааг харж чадахгүй бөгөөд тэднийг эдгээр зүйлийг орхисон гэж эндүүрдэг. Бурхан эдгээр зүйлийг ил болгох тусам антихристүүд тэдгээрийг эрэлхийлж, олж авахын тулд илүү башир, овжин арга ашиглах арга замыг хайдаг. Түүнчлэн, тэд далд сэдлээ нуухын тулд чихэнд чимэгтэй үг ашигладаг. Товчхондоо, антихристүүд яавч үнэнийг хүлээн авдаггүй, зан авираа эргэцүүлдэггүй, эсвэл Бурханы өмнө ирж залбиран, үнэнийг эрж хайдаггүй. Харин ч тэд зүрх сэтгэлдээ Бурханы ил болголт, шүүлтэд бүр ч их дургүйцэж, бүр эдгээр зүйлд дайсагнасан хандлагаар хандах хэмжээнд хүрдэг. Тэд нэр хүнд, байр суурийн эрэлхийллээ орхидоггүйгээр үл барам, эдгээр зүйлийг бүр ч их нандигнаж, энэ эрэлхийллээ нууж, далдлах, мөн хүмүүсийг үүнийг нэвт харж, олж мэдэхээс сэргийлэх арга сүвэгчилдэг. Нөхцөл байдал ямар ч байсан, антихристүүд үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй төдийгүй, үнэн төрх нь илчлэгдэх үед, өөрөөр хэлбэл, эдгээр амбиц, хүслээ санамсаргүйгээр илчлэх үедээ бусад хүн Бурханы үг болон үнэнд үндэслэн мөн чанар, жинхэнэ нүүр царайг нь нэвт харах вий гэж илүү их санаа зовдог тул үүнийгээ нуухаар оролдож, өөрсдийгөө өмгөөлөхийн тулд чадах бүхнээ хийдэг. Үүнийг нуух тэдний зорилго юу вэ? Энэ нь байр суурь, нэр хүндээ алдахаас хамгаалж, дараагийн тэмцэлдээ хүчээ нөөх явдал юм. Энэ бол антихристүүдийн мөн чанар. Хэзээ ч, эсвэл нөхцөл байдал ямар ч байсан, тэдний биеэ авч явах зорилго, чиглэл өөрчлөгдөхгүй, амьдралынх нь зорилго, үйлдлийнх нь ар дахь зарчим, эсвэл байр суурь эрэлхийлэх зүрх сэтгэлийнх нь гүн дэх хүсэл, амбиц, зорилго ч өөрчлөгдөхгүй. Тэд байр сууринд хүрэхийн тулд чадах бүхнээ хийгээд зогсохгүй, үүнийг олж авахын тулд хүчин чармайлтаа эрчимжүүлнэ. Бурханы гэр үнэний талаар нөхөрлөх тусам тэд бусад хүн нэвт харж, ялган таньж чадахуйц зарим илэрхий зан авир, илрэлийг ашиглахаас улам овжноор зайлсхийнэ. Тэд өөр төрлийн арга барилд шилжин, алдаагаа хүлээн зөвшөөрч, өөрсдийгөө яллахдаа гашуунаар уйлж, хүмүүсээр өрөвдүүлж, тэднийг гэмшиж, өөрчлөгдсөн гэж эндүүрэхэд хүмүүсийг хүргэж, хүмүүс тэднийг ялган танихад улам хэцүү болгодог. Антихристүүдийн энэ мөн чанар юу вэ? Энэ нь бага зэрэг башир биш гэж үү? (Тийм.) Ийм башир хүмүүс диаволууд юм. Диаволууд үнэхээр гэмшиж чадах уу? Тэд байр суурь эрэлхийлэх амбиц, хүслээ үнэхээр хойш тавьж чадах уу? Диаволууд энэ амбицыг хойш тавьснаас үхэхийг илүүд үзнэ. Чи тэдэнтэй үнэний талаар яаж ч нөхөрлөсөн нэмэргүй бөгөөд тэд энэ амбицаа хойш тавихгүй. Хэрвээ энэ нөхцөл байдалд тэд тэмцэлдээ ялагдаж, ах эгч нараар ил болгуулбал дараагийн бүлэг рүү шилжих үедээ ч тэмцэлдсээр байх бөгөөд байр суурь, нэр нүүр, эцсийн үгийг хэлэх, шийдвэр гаргах эрхийн төлөө өрсөлдөнө. Тэд эдгээр зүйлийн төлөө өрсөлдөнө. Нөхцөл байдал ямар ч байсан, эсвэл ямар ч бүлэг хүмүүсийн дунд байсан, тэдний үргэлж баримталдаг зарчим бол өрсөлдөх явдал юм: “Зөвхөн би л удирдаж чадна; өөр хэн ч намайг удирдаж чадахгүй!” Тэд жирийн дагагч байхыг, эсвэл бусдын удирдлага, тусламжийг хүлээн авахыг огтхон ч хүсдэггүй. Энэ бол антихристүүдийн мөн чанар юм.
Бурханд олон жил итгэсэн хэр нь үнэнийг огт эрэлхийлдэггүй, үргэлж нэр хүнд, байр суурь эрэлхийлдэг хүмүүс чуулганд бий юу? Ийм хүмүүсийн илрэл юу вэ? Үргэлж өөрсдийгөө гайхуулдаг, өвөрмөц санаа гаргаж, сүржин үг чалчих хандлагатай хүмүүсийг та нар ийм хүмүүс гэж хэлэх үү? Тэд ихэвчлэн ямархуу зүйл хийдэг вэ? (Хэн нэгэн хүн үзэл бодлоо илэрхийлэхэд бусад бүх хүнд энэ нь зөв гэж санагддаг ч ямар мундаг болохоо харуулахын тулд энэ хүн өөр үзэл бодол гаргаж ирдэг бөгөөд хүмүүст тэр нь бүр ч зөв мэт санагдаж, эхний хүний үзэл бодлыг няцааснаар тэрээр өөрийнхөө ямар мундаг болохыг харуулдаг.) Үүнийг өөрийгөө гайхуулах гэдэг. Тэд бусдын үзэл бодлыг няцааж, дараа нь өөрсдийн гэсэн өвөрмөц өнцгийг гаргаж ирдэг бөгөөд тэр нь өөрсдөд нь ч бодитой юм уу үндэслэлтэй санагддаггүй—ердөө л уриа лоозон байдаг—гэсэн ч тэд хүмүүст ямар мундаг болохоо харуулж, хүн бүрийг үгэндээ оруулах ёстой болдог. Тэд үргэлж бусдаас өөр байх ёстой, үргэлж өвөрмөц санаа гаргах ёстой, үргэлж сүржин үг чалчиж байдаг бөгөөд бусдын хэлсэн зүйл хэчнээн хэрэгжихүйц, бодитой байсан ч хамаагүй, үүний эсрэг санал өгч, бусдын үзэл бодлыг үгүйсгэх янз бүрийн шалтгаан, шалтаг олох ёстой болдог. Эдгээр нь өвөрмөц санаа гаргаж, сүржин үг чалчихыг оролддог хүмүүсийн хамгийн түгээмэл зан авир юм. Хэн нэгний үйлдэл хэчнээн зөв зүйтэй, эсвэл тохиромжтой байх нь хамаагүй, тэд үүнийг няцааж, үл тоодог. Тэр хүн зохистой авирласныг тэд тодорхой мэдэж байсан хэдий ч үйлдлийг нь тохиромжгүй байсан гэж хэлсээр байдаг бөгөөд өөрсдөө байсан бол илүү сайн хийж чадах байсан, тэр хүнээс яавч дутахгүй гэж сонсогдохуйц байдлаар ярьдаг. Ийм хүмүүс хэн ч өөрсөд шиг нь сайн биш, өөрсдөө бүх талаар бусдаас илүү гэж боддог. Тэдний хувьд бусдын хэлсэн бүхэн буруу; бусад хүн үнэ цэнгүй, харин өөрсдөө л бүх талаар сайн байдаг. Тэд ямар нэг буруу зүйл хийж, засуулсан ч дуулгавартай дагахыг хүсдэггүй, үнэнийг хүлээн авахыг хүсдэггүй бөгөөд өөрсдийгөө алдаа гаргаагүй, засуулах ёсгүй байсан гэж бусдад бодогдуулахын тулд бөөн шалтаг тоочиж магадгүй. Өвөрмөц санаа гаргаж, сүржин үг чалчих дуртай хүмүүс ийм маягаар биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг. Үнэндээ энэ хүмүүсийн дийлэнх нь жинхэнэ авьяасгүй, юуг ч сайн хийж чаддаггүй, хийсэн бүхэн нь эмх замбараагүй болдог. Гэвч тэд өөрсдийгөө мэддэггүй, өөрсдийгөө бусдаас илүү гэж бодон, бусдын хийж байгаа юунд ч хамаагүй хөндлөнгөөс оролцож, хутгалдаж зүрхэлдэг ба үргэлж сүржин үг чалчиж, бусдаар өөрсдийгөө дээдлүүлж, сонсгохыг үргэлж хүсдэг. Нөхцөл байдал ямар ч байсан, эсвэл ямар ч бүлэгт байсан, тэд бусдыг өөрсдөд нь үйлчилж, өөрсдийг нь сонсоосой гэж л хүсдэг; тэд өөр хэнд ч үйлчилж, хэнийг ч сонсохыг хүсдэггүй. Тэд антихристүүд биш гэж үү? Антихристүүд ингэж биеэ тоож, өөрийгөө зөвтгөдөг; тэд ийм эрүүл ухаангүй байдаг. Тэд зөвхөн үнэмшилтэй хоосон сургаал ярьдаг бөгөөд хэрвээ бусад хүн алдааг нь хэлж өгвөл тэд үг, логикийг мушгин гуйвуулж, хүмүүст өөрсдийгөө зөв гэж бодогдуулахын тулд хуурамч, чихэнд чимэгтэй байдлаар ярих ёстой болдог. Өөр хүний санал бодол хэчнээн зөв байсан ч хамаагүй, антихристүүд уран яруу ярианы хэв маяг ашиглан үүнийг буруу мэт сонсогдуулж, хүн бүрээр өөрсдийнхөө санал бодлыг хүлээн зөвшөөрүүлдэг. Антихристүүд бол ийм төрлийн хүмүүс—тэд бусдыг төөрөлдүүлэхдээ гойд чадварлаг, хүмүүсийг будилуулж, зүг чигийг нь алдуулж, зөв бурууг ялгахаа болих хүртэл нь төөрөлдүүлж чаддаг. Эцэст нь ялган таних чадваргүй бүх хүн эдгээр антихристэд бүрмөсөн төөрөлдөж, олзлогдоно. Ихэнх чуулганд бусдыг ингэж төөрөлдүүлдэг хүмүүс бий. Бурханы сонгосон хүмүүс үнэнийг нөхөрлөж, эсвэл туршлагын гэрчлэлээ хуваалцаж байх үед антихристүүд үргэлж босож зогсоод өөрсдийн үзэл бодлыг илэрхийлдэг. Тэд туршлагаар олсон мэдлэгийнхээ талаар илэн далангүй нөхөрлөхийн тулд зүрх сэтгэлээ нээдэггүй; харин ч хэчнээн ухаантай болохоо гайхуулж, бусдаар өөрсдийгөө дээдлүүлэх зорилгодоо хүрэхийн тулд үргэлж ямар нэг зүйлийг зааж өгч, бусдын туршлагаар олсон мэдлэгийн талаар шүүмжилсэн, хариуцлагагүй үг хэлдэг. Антихристүүд бичиг үсэг, хоосон сургаал ярихдаа хамгийн чадварлаг; тэд хэзээ ч жинхэнэ туршлагын гэрчлэл хуваалцаж чаддаггүй, өөрийгөө мэдэх талаар хэзээ ч ярьдаггүй. Харин ч тэд үргэлж бусдаас асуудал хайж, тэр талаар сүр бадруулдаг. Антихристүүд бусдын санал бодлыг нээлттэй сэтгэлээр хүлээн авч, эсвэл өөрсдийн завхарсан зан чанарын талаар санаачилгаараа нөхөрлөж, бусдад өөрсдийгөө ил болгох нь хэзээ ч харагддаггүй. Тэд ямар эндүү ташаа, утгагүй үзэл бодол өвөрлөж байснаа, үүнийгээ хэрхэн эргүүлсэн талаараа нөхөрлөж байхыг чи гарцаагүй харахгүй бөгөөд гаргасан алдаа, эсвэл дутагдлаа хүлээн зөвшөөрч байхыг яавч сонсохгүй... Антихристүүд бусадтай хэчнээн удаан харилцсан нь хамаагүй, өөрсдөд нь ямар ч завхрал байхгүй, төгс төгөлдөр, ариун болж төрсөн, бусад хүн өөрсдийг нь шүтэх ёстой гэсэн мэдрэмжийг хүмүүст үргэлж төрүүлдэг. Жинхэнэ эрүүл ухаантай хүмүүс бусдаар дээдлүүлж, шүтүүлэхийг хүсдэггүй. Хэрвээ бусад хүн үнэхээр тэднийг дээдэлж, шүтвэл тэд үүнийг ичгэвтэр гэж үздэг, учир нь тэд өөрсдөө завхарсан зан чанартай завхарсан хүмүүс бөгөөд үнэн-бодит байдалгүй гэдгээ мэддэг. Тэд өөрсдийнхөө хэмжээг мэддэг тул ямар ч завхрал харуулж, ямар ч эндүү ташаа үзэл бодол гаргасан бай, эдгээр зүйлийн талаар илэн далангүй нөхөрлөж, бусдад мэдэгдэж чаддаг, ингэх нь тэдэнд маш тайван, чөлөөтэй, жаргалтай мэдрэмж төрүүлдэг. Тэдэнд ингэх нь огтхон ч хэцүү санагддаггүй. Бусад хүн тэднийг шүүж, дорд үзэж, тэнэг гэж дуудаж, эсвэл басамжилж байсан ч гэсэн тэд нэг их бухимддаггүй. Эсрэгээрээ, тэд үүнийг маш хэвийн зүйл гэж үзэж, үүнд зөв хандаж чаддаг. Хүмүүс завхарсан зан чанартай учраас аяндаа завхрал харуулна. Чи үүнийг хүлээн зөвшөөрөхөөс үл хамааран, энэ бол баримт. Хэрвээ чи өөрийнхөө завхралыг хүлээн зөвшөөрч чадвал тэр нь сайн хэрэг, бусад хүн үүнийг тодорхой харж чадвал бүр ч сайн, тэгвэл тэд чамайг шүтэж, дээдлэхгүй. Үнэнийг ойлгодог, бага зэрэг эрүүл ухаантай хүмүүс зүрх сэтгэлээ нээж, өөрсдийгөө танин мэдэх талаар нөхөрлөж чаддаг; тэдэнд энэ нь хэцүү санагддаггүй. Гэхдээ энэ нь антихристүүдийн хувьд маш хэцүү байдаг. Тэд цэвэр ариунаар сэтгэлээ нээдэг хүмүүсийг мангарууд гэж үздэг бөгөөд өөрийгөө танин мэдсэнээ ярьж, үнэнч шударгаар ярьдаг хүмүүсийг мунхаг гэж үздэг. Тийм учраас антихристүүд тэр хүмүүсийг бүрмөсөн дорд үздэг. Хэрвээ хэн нэгэн үнэнийг ойлгож чаддаг, хүн бүр түүнийг онцгойлон сайшаадаг бол антихристүүд тэр хүнийг нүдэнд орсон хог, шүдэнд орсон мах мэт үзэж, тэднийг шүүж, яллана. Тэд тэр хүний эзэмшсэн зөв хэрэгжүүлэлт болон эерэг зүйлсийг няцааж, тэдгээрийг буруу, гажууд ойлголт мэт сонсогдуулна. Хэн чуулганд, эсвэл ах эгч нарт ашиг тустай зүйл хийх нь хамаагүй, антихристүүд тэднийг дорд үзэх, дооглох, шоолох арга сүвэгчилнэ; тэдний хийсэн зүйл хэчнээн сайн байсан ч, хүмүүст хэчнээн их ашиг тусаа өгсөн ч хамаагүй, антихристүүд үүнийг дурдахад зохисгүй гэж үзэх бөгөөд үүнийг ялихгүй зүйл болгон багасгаж, огт үнэ цэнгүй мэт харагдах хүртэл нь жижигрүүлнэ. Харин антихристүүд өөрсдөө өчүүхэн төдий сайн зүйл хийвэл хүн бүрд харуулж, үүнийг өөрсдөө хийсэн, энэ нь өөрсдийнх нь гавьяа гэдгийг хүмүүст мэдэгдэхийн тулд чадах чинээгээрээ дэгсдүүлж, сүр бадруулна, ингэснээр ах эгч нар тэднийг онцгойлон хүндэтгэж, оюун ухаандаа байнга санаж, тэдэнд маш их талархаж, тэдний сайн талыг санаж явах болно. Бүх антихрист ингэж авирлаж чаддаг, антихристүүдийн зан чанартай хүмүүс ч бас тэгдэг. Энэ тал дээр антихристүүд хоёр нүүрт фарисайчуудаас ялгаагүй; үнэндээ тэднээс ч дор байдаг. Эдгээр нь антихристүүдийн хамгийн түгээмэл, илэрхий ердийн илрэлүүд юм.
Антихристүүд юм хийхдээ ямар хандлага өвөрлөдөг вэ? Тэд бусдын өмнө сайн зүйл хийхийг хүсдэг, нууцаар муу зүйл хийхийг хүсдэг. Тэд хийсэн сайн зүйлээ хүн бүрд мэдэгдэж, харин муу зүйлээ хэн ч мэдэгдэхгүй, ганц ч үг гадагш гаргахгүйн тулд бүгдийг нь нуун дарагдуулахыг хүсдэг бөгөөд үүнийг нуухын төлөө чадах бүхнээ хийх ёстой мэт санагддаг. Антихристүүдийн энэ зан чанар жигшмээр биш гэж үү? Антихристүүд ингэж авирладгийн зорилго юу вэ? (Энэ нь нэр хүнд, байр сууриа хамгаалахын тулд юм.) Тийм ээ. Өнгөн дээрээ тэд байр суурийн төлөө өрсөлдөөгүй, эсвэл байр суурийн төлөө ямар нэг юм хэлээгүй мэт харагддаг боловч тэдний хийж, хэлж байгаа бүхэн байр сууриа хамгаалж, хадгалж үлдэхийн төлөө, мөн өндөр нэр хүнд, сайн нэртэй байхын төлөө байдаг. Заримдаа тэд бүлэг дотор байр суурийн төлөө чармайхдаа ч үүнийгээ хэнд ч харуулдаггүй. Тэд хэн нэгнийг санал болгосон ч гэсэн, өөрөөр хэлбэл, хийх ёстой хэдэн зүйлээ хийсэн ч гэсэн, санал болгосон хүнээ өөрсдөд нь маш их талархахад хүргэж, зөвхөн өөрсдийнх нь санал болгосны ачаар л энэ үүргийг гүйцэтгэх боломж олдсон гэдгийг түүнд мэдэгдэхийг хүсдэг. Антихристүүд иймэрхүү боломжийг хэзээ ч алдахгүй. Тэд “Би чамайг санал болгосон ч гэсэн чиний удирдагч хэвээр тул чи надаас илүү гарч чадахгүй” гэж боддог. Антихристүүдийн байр суурь, нэр хүндийн төлөөх хүсэл тачаал нь нэлээд илэрхий байдаг. Байр суурийн төлөө өрсөлдөж, үүнийгээ хамгаалахын тулд тэд хэн нэгний ганц харц, эсвэл санамсаргүй хэлсэн ганц үгийг ч орхигдуулдаггүй, нүднээс далдуур болсон зүйлийг бүр ч орхигдуулдаггүй. Антихристүүд том жижиг гэлтгүй энэ бүх зүйлийг анзаардаг бөгөөд бусдын хэлсэн үг тэдний оюун санаанд ахин дахин эргэлддэг. Үүнийг хийх тэдний зорилго юу вэ? Тэд хов жив хөөцөлдөх дуртай юу? Үгүй; тэд энэ бүхнээс өөрсдийн байр суурийг хамгаалах арга зам, боломжийг олохыг хүсдэг. Тэд түр зуурын хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас болж байр суурь, нэр хүнддээ хохирол учруулахыг хүсдэггүй. Байр суурийн төлөө тэд бүх зүйлийг “нэвт харж” сурсан байдаг; ах эгч нар хүндэтгэлгүй санагдсан ямар нэг зүйл хэлэх юм уу өөрсдийнх нь үзэл бодолтой зөрчилдсөн санал илэрхийлэх үед тэд үүнийг зүгээр өнгөрөөдөггүй; тэд үүнийг нухацтай авч үзэн, нарийвчилсан судалгаа, гүнзгий дүн шинжилгээ хийж, дараа нь хэлсэн зүйлийг нь шийдвэрлэхэд тохирох хариуг олдог бөгөөд тэдний байр суурь хүн бүрийн сэтгэлд бат тогтож, туйлын ганхашгүй болохдоо тулдаг. Нэр хүнд нь сэвтэх мөчид, эсвэл нэр хүндэд нь хор хөнөөлтэй үг сонсох мөчид тэд даруй эх сурвалжийг нь мөшгөж, өөрсдийгөө цайруулах шалтаг, шалтгаан олохыг хичээдэг. Тиймээс антихристүүд ямар ч үүрэг гүйцэтгэж байсан, удирдагч, ажилчнаар ажиллаж байгаа эсэхээс үл хамааран завгүй хийж буй зүйл бүр, хэлж буй үг бүр нь байр суурийнх нь төлөө байдаг бөгөөд ашиг сонирхлоо хамгаалах хүслээс нь салгах аргагүй юм. Антихристүүдийн зүрх сэтгэлийн гүнд үнэнийг хэрэгжүүлэх, эсвэл Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах талаар ямар ч ойлголт байдаггүй. Тиймээс антихристүүдийн мөн чанарыг дараах байдлаар үнэн зөв тодорхойлж болно: Тэд бол Бурханы дайснууд; тэд бол Бурханы гэрийн ажлыг үймүүлж, саад болж, сүйтгэхээр ирсэн сүрэг диавол, Сатанууд юм. Тэд бол Сатаны зарц нар; тэд Бурханыг дагадаг хүмүүс биш, Бурханы гэрийн гишүүд ч биш, Бурханы авралын бай ч биш.
Өнөөдөр бидний нөхөрлөсөн зүйлийн аль нэг нь та нарын сэтгэлийг хөдөлгөсөн үү? Аль хэсэг нь сэтгэлийг чинь хөдөлгөсөн бэ? (Сүүлийн хэсэг, өөрөөр хэлбэл, Бурхан антихристүүдийн өрсөлдөөнт уг чанарыг задлан шинжилсэн хэсэг.) Үргэлж өрсөлдөх нь сайн хэрэг биш. Энэ зан авир нь антихристүүд болон сүйрэлтэй холбоотой. Энэ нь сайн зам биш. Хүмүүс ийм илрэл, илчлэлтэй байх үедээ юу хийх ёстой вэ? Тэд ямар сонголт хийх ёстой вэ? Тэд эдгээр зүйлээс хэрхэн зайлсхийх ёстой вэ? Эдгээр нь одоо хүмүүсийн хамгийн их бодож, тунгаах ёстой асуудлууд, бас хүмүүст өдөр бүр тулгардаг асуудлууд юм. Ямар нэг зүйл тохиолдох үед тэд хэрхэн өрсөлдөхөөс зайлсхийж чадах вэ, өрсөлдсөнийхөө дараа зүрх сэтгэл дэх шаналал, тавгүйтлээ хэрхэн шийдвэрлэх ёстой вэ—энэ бол хүн бүрийн нүүр тулах ёстой асуудал юм. Хүмүүс завхарсан зан чанартай тул бүгд нэр хүнд, ашиг хонжоо, нэр нүүрийн төлөө өрсөлддөг, тэдний хувьд өрсөлдөхөөс зайлсхийхэд хэцүү байдаг. Тэгвэл хүн өрсөлдөхгүй байлаа гээд антихристүүдийн зан чанар, мөн чанараас салсан гэсэн үг үү? (Үгүй, энэ бол зүгээр л өнгөц үзэгдэл. Хэрвээ тэдний дотоод зан чанар шийдвэрлэгдээгүй бол антихристүүдийн замаар алхах асуудлыг шийдвэрлэх боломжгүй.) Тэгвэл антихристүүдийн замаар алхах асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? (Нэг талаар, хүн энэ асуудлын талаар мэдлэгтэй байж, байр суурийн төлөө өрсөлдөх бодол, санаа төрөх үед Бурханы өмнө ирж залбирах ёстой. Түүнчлэн, тэд ах эгч нарт сэтгэлээ нээж, өөрсдийгөө ил болгоод, дараа нь эдгээр буруу бодол, санаанаас ухамсартайгаар урвах ёстой. Тэд бас өөрсдийг нь шүүж, гэсгээж, засаж, сахилгажуулахыг Бурханаас гуйх ёстой. Тэгвэл тэд зөв замд орж чадна.) Энэ нэлээд сайн хариулт байна. Гэхдээ үүнд хүрэх амаргүй; ялангуяа нэр хүнд, байр сууринд хэтэрхий дуртай хүмүүсийн хувьд үүнд хүрэхэд бүр ч хэцүү байдаг. Нэр хүнд, байр суурийг орхих амаргүй—хүмүүс үнэнийг эрэлхийлснээр л үүнд хүрч чадна. Үнэнийг ойлгосноор л тэд өөрсдийгөө мэдэж, алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлэхийн хоосныг тодорхой харж, хүн төрөлхтний завхралын үнэнийг тодорхой харж чадна. Хүмүүс өөрсдийгөө үнэхээр мэддэг болох үедээ л байр суурь, нэр хүндийг орхиж чадна. Завхарсан зан чанараа хаях амаргүй. Хэрвээ чи үнэнгүй, хэтэрхий олон дутагдалтай, хэт их завхрал харуулдаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн хэр нь үнэнийг эрэлхийлэхэд хүчин чармайлт гаргахгүй, дүр эсгэж, хоёр нүүр гаргаж, чамайг юу ч хийж чадна гэж андуурахад хүмүүсийг хүргэдэг бол энэ нь чамайг аюулд оруулна—эрт орой хэзээ нэгэн цагт хана мөргөж, унах цаг ирнэ. Чи үнэнгүй гэдгээ хүлээн зөвшөөрч, бодит байдалтай нүүр тулахуйц зоригтой байх ёстой. Чи сул талтай, завхрал харуулдаг, элдэв янзын дутагдалтай. Энэ бол хэвийн зүйл, учир нь чи жирийн хүн бөгөөд супер хүн биш, бүхнийг чадагч ч биш, чи үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бусад хүн чамайг дооглож, шоолох үед хэлсэн зүйл нь эвгүй санагдсанаас болж тэр даруй дургүйцэх хэрэггүй, эсвэл өөрийгөө чадвартай, төгс төгөлдөр гэж боддог учраас үүнийг эсэргүүцэх хэрэггүй—ийм үгэнд чи ингэж хандах ёсгүй. Чиний хандлага ямар байх ёстой вэ? Чи өөртөө “Би алдаа дутагдалтай, бүхэлдээ завхарсан, өө сэвтэй, би зүгээр л жирийн хүн. Тэд намайг дооглож, шоолж байгаа хэдий ч энэ нь үнэний ортой юу? Хэрвээ тэдний хэлсэн зүйлийн зарим нь үнэн бол би үүнийг Бурханаас хүлээн авах ёстой” гэж хэлэх ёстой. Хэрвээ чи ийм хандлагатай бол энэ нь байр суурь, нэр хүнд болон бусад хүний чиний талаар хэлж байгаа зүйлд зөв хандаж чаддагийн чинь нотолгоо юм. Байр суурь, нэр хүндийг хойш тавих амаргүй. Бага зэрэг билиг авьяастай, тодорхой хэмжээний хэв чанартай, эсвэл ажлын туршлагатай хүмүүсийн хувьд эдгээр зүйлийг хойш тавихад бүр ч хэцүү байдаг. Хэдийгээр тэд заримдаа эдгээрийг хойш тавьсан гэж хэлдэг ч зүрх сэтгэлдээ тэгж чаддаггүй. Нөхцөл байдал нь бүрдэж, боломж гармагц тэд урьдын адил алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн төлөө чармайсаар байх болно, учир нь бүх завхарсан хүн эдгээр зүйлд дуртай байдаг, гагцхүү билиг авьяасгүй, ур чадваргүй хүмүүсийн байр суурь эрэлхийлэх хүсэл нь арай сул байдаг. Мэдлэг, авьяас чадвар, сайхан царай, онцгой хөрөнгөтэй хүмүүсийн нэр хүнд, байр суурийн төлөөх хүсэл тун хүчтэй байдаг бөгөөд тэр ч бүү хэл ийм амбиц, хүслээр дүүрэн байх хэмжээнд хүрдэг. Энэ нь тэдний хувьд хойш тавихад хамгийн хэцүү зүйл юм. Тэдэнд байр суурь байхгүй үед хүсэл нь соёолж буй шатандаа байдаг. Тэд байр суурьтай болж, Бурханы гэр тэдэнд ямар нэг чухал ажил даалгах үед, ялангуяа тэд олон жил ажилласан, арвин туршлага, хөрөнгөтэй бол тэр хүсэл нь цаашид соёолж буй төдий биш, харин аль хэдийн үндэслэж, цэцэглэж, үр жимсээ өгөхөд бэлэн болсон байдаг. Хэрвээ хүн агуу зүйл хийх, алдартай болох, ямар нэг агуу хүн болох байнгын хүсэл, амбицтай байдаг бол асар их мууг үйлдэж, үр дагавар нь гармагц тэрээр бүрмөсөн дуусаж, таягдан хаягдана. Иймээс энэ нь асар их гай гамшигт хүргэхээс өмнө, цаг байгаа дээр тэд нөхцөл байдлыг хурдан эргүүлэх ёстой. Чи юу ч хийсэн, ямар ч нөхцөл байдалд байсан үнэнийг эрж хайж, үнэнч шударга, Бурханд дуулгавартай хүн байхыг хэрэгжүүлж, байр суурь, нэр хүндийн эрэлхийллээ хойш тавих ёстой. Чи байр суурийн төлөө өрсөлдөх байнгын бодол, хүсэлтэй байх үедээ, хэрвээ үүнийг шийдвэрлэхгүй орхивол ийм байдал ямар сөрөг үр дагаварт хүргэхийг ухаарах ёстой. Тиймээс цаг алдалгүй үнэнийг эрж хай, байр суурийн төлөө өрсөлдөх хүслээ дөнгөж соёолж байх үед нь давж гар, үүнийг үнэнийг хэрэгжүүлэх явдлаар соль. Үнэнийг хэрэгжүүлэх үед байр суурийн төлөө өрсөлдөх хүсэл, амбиц чинь багасаж, чи чуулганы ажлыг үймүүлэхгүй. Ингэснээр чиний үйлдлийг Бурхан дурсан санаж, сайшаана. Тэгвэл Би юуг онцлон тэмдэглэхийг хичээж байна вэ? Энэ бол хүсэл, амбиц чинь цэцэглэж, үр жимсээ өгч, асар их гай гамшигт хүргэхээс өмнө чи тэдгээрээс салах ёстой. Хэрвээ чи тэдгээрийг дөнгөж эхэн үед нь шийдвэрлэхгүй бол агуу боломжийг алдах болно; тэдгээр нь нэгэнт асар их гай гамшигт хөтөлсөн бол шийдвэрлэхэд хэтэрхий оройтсон байх болно. Хэрвээ чи махан биеэс урвах багахан ч гэсэн шийдэмгий байдалгүй бол үнэнийг эрэлхийлэх замд хөл тавихад маш хэцүү байх болно; хэрвээ чи алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлэхдээ ухралт, бүтэлгүйтэлтэй тулгараад сэхээрэхгүй бол энэ нь аюултай: Чи таягдан хаягдах магадлалтай. Үнэнийг хайрладаг хүмүүс нэр хүнд, байр суурийнхаа хувьд ганц хоёр удаа бүтэлгүйтэж, бүдрэх үедээ алдар нэр, ашиг хонжоо, байр суурь ямар ч үнэ цэнгүй гэдгийг тодорхой харж чаддаг. Тэд байр суурь, нэр хүндийг бүрмөсөн орхиж чаддаг бөгөөд хэзээд байр суурьгүй байсан ч гэсэн үнэнийг үргэлжлүүлэн эрэлхийлж, үүргээ сайн гүйцэтгэж, туршлагын гэрчлэлээ хуваалцаж, улмаар Бурханд гэрчлэл хийх үр дүнд хүрнэ гэж шийддэг. Тэд жирийн дагагчид байхдаа ч эцсийг нь хүртэл дагаж чаддаг бөгөөд тэдний хүсдэг ганц зүйл нь Бурханы сайшаалыг хүртэх явдал юм. Зөвхөн энэ хүмүүс л үнэнийг чин сэтгэлээсээ хайрладаг, шийдэмгий байдалтай хүмүүс юм. Бурханы гэр олон антихрист, ёрын муу хүмүүсийг таягдан хаясан бөгөөд үнэнийг эрэлхийлдэг зарим хүн антихристүүдийн бүтэлгүйтлийг харсныхаа дараа тэр хүмүүсийн явсан замыг эргэцүүлж, мөн өөрсдийгөө эргэцүүлж, танин мэддэг. Үүнээс тэд Бурханы санаа зорилгыг ойлгож авч, жирийн дагагчид байхаар шийдэж, үнэнийг эрэлхийлж, үүргээ сайн гүйцэтгэхэд анхаарлаа төвлөрүүлдэг. Бурхан тэднийг үйлчлэл үзүүлэгчид, эсвэл дорд амьтад гэж хэлсэн ч тэд үүнийг зүгээр гэж үздэг. Тэд зүгээр л Бурханы нүдэнд дорд хүмүүс, өчүүхэн, шалихгүй дагагчид байхыг хичээх бөгөөд эцэст нь Бурханаар стандартад нийцсэн бүтээгдсэн зүйлс гэж дуудагдах болно. Ийм хүмүүс бол сайн хүмүүс бөгөөд Бурханы сайшаадаг хүмүүс юм.
Бурхан үнэнийг эрэлхийлдэг хүмүүст дуртай бөгөөд алдар нэр, ашиг хонжоо, байр суурь эрэлхийлдэг хүмүүсийг хамгийн их жигшдэг. Зарим хүн байр суурь, нэр хүндийг үнэхээр нандигнаж, тэдгээрт ихэд уягдан, тэдгээрийг орхиж тэвчдэггүй. Тэд байр суурь, нэр хүндгүйгээр амьдрахад ямар ч баяр баясгалан, найдвар байхгүй, байр суурь, нэр хүндийн төлөө амьдарч байх үед л энэ амьдралд найдвар бий гэж үргэлж боддог бөгөөд өчүүхэн төдий нэр алдартай байсан ч хэзээ ч бууж өгөлгүй үргэлжлүүлэн тэмцэлдсээр байх болно. Хэрвээ чи ийм бодол санаа, үзэл бодолтой бол, хэрвээ зүрх сэтгэл чинь ийм зүйлсээр дүүрэн байдаг бол үнэнийг хайрлаж, эрэлхийлж чадахгүй, Бурханд итгэх итгэл чинь зөв чиглэл, зорилгогүй, өөрийгөө танин мэдэхээр эрэлхийлж, завхралаас салж, хүний дүр төрхийг амьдран харуулж чадахгүй; чи үүргээ гүйцэтгэхдээ цалгар назгай хандаж, ямар ч хариуцлагын мэдрэмжгүй байдаг бөгөөд зөвхөн мууг үйлдэхгүй, үймээн учруулахгүй, зайлуулагдахгүй байх төдийд л сэтгэл ханана. Ийм хүмүүс стандартад нийцэхүйц байдлаар үүргээ гүйцэтгэж чадах уу? Тэд Бурханаар авруулж чадах уу? Боломжгүй. Чи нэр хүнд, байр суурийн төлөө үйлдэх үедээ бүр “Миний хийж байгаа зүйл муу үйл биш бөгөөд үймээн учруулахгүй л бол сэдэл минь буруу байсан ч хэн ч үүнийг харж, эсвэл намайг яллаж чадахгүй” гэж боддог. Бурхан бүхнийг шинждэг гэдгийг чи мэддэггүй. Хэрвээ чи үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлдэггүй бөгөөд Бурханд жигшигдэн гологдвол чиний хувьд бүх зүйл дуусна. Бурханаас эмээдэг сэтгэлгүй бүх хүн өөрсдийгөө ухаантай гэж боддог; үнэндээ тэд Түүнд хэзээ халдсанаа ч мэддэггүй. Зарим хүн эдгээр зүйлийг тодорхой хардаггүй; тэд “Би илүү ихийг хийж, илүү их хариуцлага үүрэхийн тулд л нэр хүнд, байр суурь эрэлхийлдэг. Энэ нь чуулганы ажилд саад тотгор, үймээн учруулахгүй, Бурханы гэрийн ашиг сонирхлыг мэдээж хохироохгүй. Энэ бол том асуудал биш. Би зүгээр л байр сууринд дуртай, байр сууриа хамгаалдаг, гэхдээ энэ нь муу үйл биш” гэж боддог. Өнгөн дээрээ ийм эрэлхийлэл муу үйл биш мэт санагдаж болох ч эцэст нь юунд хүргэдэг вэ? Ийм хүмүүс үнэнийг олж авах уу? Тэд авралд хүрэх үү? Яавч үгүй. Тиймээс нэр хүнд, байр суурь эрэлхийлэх нь зөв зам биш—энэ нь үнэний эрэлхийллийн яг эсрэг чиглэлд явдаг. Товчхондоо, чиний эрэлхийллийн чиглэл, зорилго юу байх нь хамаагүй, хэрвээ чи байр суурь, нэр хүндийн эрэлхийллээ эргэцүүлдэггүй бөгөөд үүнийг хойш тавих маш хэцүү санагддаг бол энэ нь чиний амь-оролтод нөлөөлнө. Зүрх сэтгэлд чинь байр суурь зай эзэлж байгаа цагт энэ нь амьдралын чинь чиглэл, эрэлхийллийн зорилгыг бүрэн хянаж, нөлөөлж чадах бөгөөд энэ тохиолдолд зан чанартаа өөрчлөлт гаргах нь бүү хэл, үнэн-бодит байдалд ороход маш хэцүү байх болно; эцэстээ Бурханы сайшаалыг хүртэж чадах эсэх чинь мэдээж ойлгомжтой. Түүгээр ч үл барам, хэрвээ чи байр суурийн эрэлхийллээ хэзээ ч орхиж чадахгүй бол энэ нь үүргээ стандартад нийцэхүйц байдлаар гүйцэтгэх чадварт чинь нөлөөлнө, ингэснээр стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл болоход чамд маш хэцүү байх болно. Би яагаад ингэж хэлж байна вэ? Хүмүүс байр суурь эрэлхийлэхийг Бурхан юунаас ч илүү жигшдэг, учир нь байр суурийн эрэлхийлэл бол сатанлаг зан чанар, буруу зам, энэ нь Сатаны завхралаас үүдэлтэй, Бурханаар яллагддаг зүйл бөгөөд Бурханы шүүж, цэвэрлэх яг тэр зүйл юм. Хүмүүс байр суурь эрэлхийлэхийг Бурхан юунаас ч илүү жигшдэг атал чи байр суурийн төлөө гөжүүдлэн өрсөлдсөөр, үүнийг ямагт нандигнаж, хамгаалж, үргэлж өөртөө авахыг хичээдэг. Энэ бүхэнд Бурханд дайсагнах шинж чанар бага зэрэг байгаа биш үү? Бурхан хүмүүст байр суурийг тогтоогоогүй; Бурхан хүмүүсийг үнэн, зам, амиар хангадаг, ингэснээр тэд эцэстээ байр суурь, нэр хүндтэй, мянга мянган хүнд хүндлэгддэг нэгэн биш, харин стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл, өчүүхэн, жаахан бүтээгдсэн зүйл болдог. Иймээс ямар ч өнцгөөс харсан бай, байр суурийн эрэлхийлэл бол сүйрэлд хүргэх зам юм. Байр суурь эрэлхийлэх шалтаг чинь хэчнээн үндэслэлтэй байсан ч энэ зам буруу хэвээр бөгөөд Бурхан үүнийг сайшаадаггүй. Чи хэчнээн их хичээж, хэчнээн их төлөөс төлсөн ч бай, хэрвээ чи байр суурь хүсвэл Бурхан үүнийг чамд өгөхгүй; хэрвээ Бурхан чамд өгөхгүй бол чи үүнийг олж авах тэмцэлдээ бүтэлгүйтнэ, хэрвээ үргэлжлүүлэн тэмцэлдсээр байвал ганцхан л үр дүн гарна: Чи илчлэгдэж, таягдан хаягдана—чи сүйрэлд хүргэх замд орно. Үүнийг ойлгож байна уу?
2020 оны 3 дугаар сарын 7