9-р зүйл: Тэд өөрсдөө ялгарч, хувийн ашиг сонирхол, амбицаа хангахын тулд л үүргээ биелүүлдэг; тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч бодолцон үздэггүй, харин ч бүр хувийн алдрын хариуд тэдгээр ашиг сонирхлоос урвадаг (IV хэсэг)
II. Антихристүүдийн ашиг сонирхол
Өнөөдөр бид сүүлийн цуглааныхаа сэдвээр үргэлжлүүлэн нөхөрлөнө. Өнгөрсөн удаа бид антихристүүдийн янз бүрийн илрэлийн 9-р зүйл дэх антихристүүдийн ашиг сонирхлын хоёр дахь хэсгийн талаар нөхөрлөсөн. Энэ хэсэгт бид тэдний өөрсдийнх нь нэр хүнд, байр суурийн талаар нөхөрлөсөн, тийм үү? (Тийм.) Эргэн бодоод, Надад ерөнхийд нь нэгтгэн дүгнэж хэл дээ. Антихристүүдийн өөрсдийнх нь нэр хүнд, байр суурийн талаар бид голчлон хэдэн зүйлийг нөхөрлөсөн бэ? (Бурхан өнгөрсөн удаа хоёр зүйлийн талаар нөхөрлөсөн. Нэг дэх нь засалтад хандах антихристүүдийн хандлагын тухай байсан. Антихристүүд засалтыг хэзээ ч хүлээн авч, дуулгавартай дагаж чаддаггүй, үүнийг үнэн гэж хүлээн авч ч чаддаггүй. Хоёр дахь нь антихристүүд бүлэг хүмүүсийн дунд нэр хүнд, байр сууриа хэрхэн хамгаалдаг, ямар илрэлтэй байдаг тухай байсан. Антихристүүдийн мөн чанар бол өрсөлдөх явдал бөгөөд тэд нэр хүнд, байр суурийнхаа төлөө өрсөлдөх ёстой болдог.) Тиймээс өнөөдөр энэ талаар үргэлжлүүлэн нөхөрлөцгөөе. Өнгөрсөн удаа Би та нарт ямар гэрийн даалгавар өгсөн бэ? Цуглааныхаа дараа Би та нарыг юуны талаар тунгаан бодож, нөхөрлөөрэй гэж хэлсэн бэ? Та нар санаж байна уу? (Бурхан биднээс антихристүүдийн илрэлийн талаарх нөхөрлөл, задлан шинжилгээтэй өөрсдийгөө харьцуулан үзэж, антихристүүдийн ямар зан чанартайгаа, мөн аливааг хийхдээ антихристүүдийн ямар уг чанарт найддагаа харахыг шаардсан.) Энэ нь гол сэдэв байсан. Дэд сэдэв нь юуны тухай байсан бэ? (Антихристүүд нэр хүнд, байр сууриа хамгаалахдаа өрсөлдөх ямар уг чанар харуулдаг, мөн эдгээртэй өөрсдийгөө харьцуулан үзэж, бодит амьдрал дээр бид тэдгээрийг хэрхэн харуулдаг, аливааг хэрхэн хийдэг, нэр хүнд, байр суурийн төлөө юу хэлж, юу хийдэг, байр сууриа хамгаалахын тулд ах эгч нартай алдар нэр, ашиг хонжооны төлөө өрсөлдөх ямар илрэл харуулдаг талаар байсан.) Үүн дээр нэмж хэлэх хүн байна уу? (Антихристүүдийн эдгээр илрэлийн талаар нөхөрлөхдөө бусад хүн ямар байдаг талаар үргэлж ярихын оронд, тэдгээртэй өөрсдийгөө харьцуулан үзэж, бидэнд антихристүүдийнхтэй адил ямар зан чанар, илрэл байгаа талаар нөхөрлөөрэй гэж Бурхан бидэнд хэлсэн.) Ерөнхийдөө энэ. Өнгөрсөн удаа бидний нөхөрлөсөн, антихристүүд бүлэг хүмүүсийн дунд хэрхэн авирладгийн уриа юу байсан бэ? Энэ нь та нарт сэтгэгдэл үлдээгээгүй гэж үү? (Тэдний уриа бол “Би өрсөлдөнө! Өрсөлдөнө! Өрсөлдөнө!”) Та нар үүнийг санаж байгаа юм байна. Яахаараа үүнийг санаж чаддаг билээ? (Яагаад гэвэл, Бурханы хэлсэн антихристүүдийн энэхүү “Би өрсөлдөнө! Өрсөлдөнө! Өрсөлдөнө!” гэх уриаг би өөрөө ч бас ихэвчлэн гаргаж, байнга харуулдаг. Түүнчлэн, Бурханы нөхөрлөлийн өнгө аяс нэлээд тод томруун байсан бөгөөд Бурханы эдгээр үгийг илэрхийлсэн байдал нь миний зүрх сэтгэлийн байдалтай яг таарч байсан тул надад маш гүнзгий сэтгэгдэл үлдээсэн.) Заримдаа, Би антихристүүдийн янз бүрийн илрэл, тэдний өөр өөр төрлийн уг чанар-мөн чанарын талаар нөхөрлөж, задлан шинжлэхдээ хүмүүс хүлээн авахад амархан, хүмүүст гүнзгий сэтгэгдэл үлдээдэг өдөр тутмын зарим үг хэллэг, түүнчлэн тодорхой өнгө аяс, арга барилыг ашигладаг бөгөөд бодит амьдралтай нэлээд ойр зарим жишээг ч бас ашигладаг. Ингэх нь антихристүүдийн мөн чанарыг мэдэж авч, өөрсдийгөө танин мэдэхэд нь хүмүүст үнэхээр тусалдаг. Энэ нь бас хүмүүс өөрсдийгөө мэдэж авч, бодит амьдралдаа Бурханы үгийг туулж мэдрэхэд ашиг тустай байдаг, мөн антихристүүдийн ийм зан чанарыг өөрчлөхөд тэдэнд бүр ч тус дөхөм болдог, тийм үү? (Тийм.) Та нар сүүлийн нөхөрлөлийг ерөнхийд нь эргэн саналаа, гэхдээ нарийн ширийн зүйлс нь үүгээр зогсохгүй—өөр олон нарийн ширийн зүйл бий. Та нар нөхөрлөл сонссоныхоо дараа нэгтгэн дүгнэх ёстой. Хамгийн наад зах нь, нөхөрлөл сонссоныхоо дараа та нар хамтдаа цугларч, үүнийг дахин хэд хэдэн удаа сонсох ёстой, дараа нь хүн бүр хамтдаа нэгтгэн дүгнэж болно. Сүүлийн нөхөрлөлийн талаарх та нарын дурсамж, дүгнэлтийг сонсоход, энэ нөхөрлөлийг яг л нэг, хоёр жилийн өмнө сонссон мэт нэлээд мартагдсан байгааг, энэ нь та нарт ямар ч сэтгэгдэл үлдээгээгүйг Би харж байна. Та нарт аль нэг хэсэг, ганц хоёр өгүүлбэр, эсвэл нэг хоёр хэрэг явдлын талаар зарим нэг ойлголт, сэтгэгдэл үлдсэн байж болох ч ихэнх хүн антихристүүдийг ил болгох гол мэдлэг болон задлан шинжилгээний талаар илүү их ойлголт, сэтгэгдэлгүй байгаа бололтой. Тиймээс та нар бидний ярилцсан зүйлсийн талаар хоорондоо илүү их цэгнэж, нөхөрлөх ёстой. Зүгээр л сонсчихоод, огт нухацтай авч үзэлгүйгээр хойш тавьж болохгүй. Хэрвээ тэгэх юм бол үнэн рүү орох оролт чинь хэтэрхий удаан байх болно—эдгээр номлолыг цэгнэн бодохгүй байж болохгүй! Тэгвэл та нар чуулганы амьдралдаа эдгээр номлолыг хэрхэн уялдуулдаг вэ? Та нар долоо хоног бүрийн цуглаан дээрээ эдгээр номлолыг нөхөрлөдөг үү? Эсвэл хамгийн сүүлийн үеийн номлол, нөхөрлөлийг хэд хэдэн удаа сонсож, ингэснээр ихэнх хүн сэтгэгдэлтэй үлдэж, тэдгээрийн талаар гүнзгий мэдлэгтэй болж, дараа нь тэдгээрээр дамжуулан үнэнийг ойлгодог уу? Та нар ингэдэг үү? (Бурхан минь, бид долоо хоног бүр цуглаан дээрээ эхлээд Бурханы хамгийн сүүлийн үеийн нөхөрлөлийг идэж, уудаг.) Чуулганы удирдагчид, номлогчид болон шийдвэр гаргах баг дахь чуулганы амьдралыг хариуцдаг хүмүүс үүнд хариуцлагыг хүлээх ёстой; ингэж байж л чуулганы ажлыг сайн хийж чадна.
В. Өөрсдийнхөө ашиг тусын төлөө явуулга хийх
1. Бурханы гэрийн хөрөнгийг шамшигдуулах
Өнөөдөр бид антихристүүдийн ашиг сонирхлын гурав дахь хэсэг—ашиг тусын талаар нөхөрлөнө. Ашиг тус гэж юу вэ? (Ерөөл хүртэх ба ашиг сонирхол.) Энэ бол маш энгийн тайлбар; энэ бол шууд утга нь юм. Үүн дээр бага зэрэг нэмж хэлбэл ашиг тус гэж юу вэ? (Энэ нь хүмүүс үүргээ биелүүлэх юм уу ертөнцөд ажиллахдаа хүртэж болох материаллаг болон материаллаг бус ашиг сонирхол, хүсүүштэй зүйлс, тав тух юм.) Энэ тайлбар зөв. Ашиг тус гэдэг нь хүмүүсийн цалингаасаа гадна хүлээн авдаг нэг төрлийн сайн хангамж бөгөөд үүнд өргөн хэрэглээний бараа, хоол хүнс, эсвэл купон зэрэг зүйлс багтдаг. Энэ нь мөн үүргээ биелүүлэх үедээ хүний хүртдэг тав тух болон материаллаг юм уу материаллаг бус хангамжийг хэлдэг; энэ бүх зүйл бол ашиг тус юм. Би энэ нэр томьёо ямар утгатайг тайлбарласан болохоор энэ хэсэгт бидний нөхөрлөх хүрээ, жишээ болон илрэлүүдийг та нар бүгд мэдэж байна уу? Яг одоо та нарын оюун ухаанд зарим хүний зан авир, үйлдэл, мөн эдгээр зүйлийг хийж чадах хүмүүс зурсхийн орж ирж байгаа, тийм үү? Та нарт хамгийн түрүүнд бодогдсон хүмүүс хэн бэ? (Байр сууриа далимдуулан чуулганыг шулж амьдардаг хүмүүс.) Энэ бол нэг төрлийн хүн. Энэ хүмүүс ч бас үүргээ биелүүлдэг. Тэдний зарим нь байр суурьтай, янз бүрийн түвшний удирдагч, ажилчид юм уу зааварлагчид байдаг, харин бусад нь жирийн үүрэг биелүүлдэг. Тэдэнд бүгдэд нь ямар илрэл нийтлэг байдаг вэ? Үүргээ биелүүлэх явцдаа тэд өөрсдийн махан бие, гэр бүл болон өөрсдийнхөө зугаа цэнгэлийн төлөө байнга ямар нэг ажил, зарим тодорхой зүйлийг хийдэг. Өдөр бүр тэд нааш цааш гүйж, төлөөс төлдөг бөгөөд энэ ажлыг хийх юм уу энэ үүргийг биелүүлснээрээ хүссэн ямар зүйлээ олж авах талаар оюун ухаандаа үргэлж бодож байдаг. Тэд үүнээс ямар тав тух, давуу хангамж олж авч болох талаар үргэлж төлөвлөж, тооцоолж байдаг. Нэгэнт мэдсэн л бол тэд эдгээр зүйлийг олж авахын тулд юу ч хийхээс буцахгүй, үүнээс ч илүүтэйгээр, эдгээр тав тух, ашиг сонирхлыг өөрсдөдөө олж авах ямар ч боломжийг лавтайяа алдахгүй. Энэ хэрэг явдлын тухайд, тэднийг хэрцгий, хүйтэн цэвдэг гэж хэлж болох бөгөөд тэд өөрсдийн ёс жудаг, нэр төрийг мэдээж огт бодолцдоггүй. Ах эгч нар өөрсдийг нь сөргөөр харж магадгүй гэж тэд айдаггүй, үүнээс болж Бурхан өөрсдийг нь хэрхэн үнэлэх талаар гарцаагүй санаа зовдоггүй. Тэд гагцхүү хүртэж болох бүх ашигтай хангамжийг эдлэхийн тулд хийж буй үүргээ хэрхэн далимдуулан ашиглах талаар нууцхан тунгааж, заль сэддэг. Тиймээс, иймэрхүү хүмүүст өнгөн дээрээ буруу гэж үзэх аргагүй нэг төрлийн бодол, үндэслэл байдаг, тэр нь юу вэ гэвэл: “Бурхны гэр бол миний гэр, миний гэр бол бурхны гэр; миний юм бол бурхных, бурхны юм бол минийх. Хүмүүсийн үүрэг бол тэдний хариуцлага бөгөөд үүргээсээ эдэлж болох бүх ашиг тус нь бурхны хүртээсэн нигүүлсэл юм; хүмүүс тэдгээрээс татгалзаж болохгүй, үүнийг түүнээс хүлээн авах ёстой. Хэрвээ би тэдгээрийг олж авахгүй бол өөр хэн нэгэн олж авна, тиймээс би даруу дүр эсгэлгүй, шуудхан эдгээр ашиг тусыг эдэлсэн нь дээр, би мэдээж юунаас ч даруухнаар татгалзах ёсгүй. Би зүгээр л дуулгавартай зүрх сэтгэл, илэн далангүй хандлагаар эдгээр ашиг тусын төлөө чармайж, тэдгээрийг хүлээн авахаар гараа сунгах хэрэгтэй.” Тэд ийм ашиг тусыг өөрсдийнх нь зүй ёсоор хүртэж, эзэмших ёстой нэг төрлийн хангамж гэж үздэг, яг л ажиллаж, цаг хугацаа, хөдөлмөрөө зориулдаг хүн авч буй цалин, хөлсөө өөрийнх нь зүй ёсны хувь гэж боддогтой адилхан. Тиймээс, тэд эдгээр зүйлийг шамшигдуулж, чармайж байж эдгээр ашиг тусыг олж авсан байлаа ч гэсэн үүнийгээ буруу, эсвэл Бурханы жигших зүйл гэж үздэггүй, ах эгч нар өөрсдийнх нь талаар ямарваа нэг санал бодолтой байх эсэхийг бүр ч тоодоггүй. Ингэх нь тун жам ёсны, үндэслэлтэй мэт антихристүүд энэ бүх зүйлийг эдэлж, эдгээр зүйлийн төлөө чармайдаг, үүнээс ч илүүтэйгээр, өдөр бүр зүрх сэтгэлдээ энэ бүх зүйлийн төлөө явуулга хийдэг. Энэ бол үүргээ биелүүлж буй антихристүүдийн ердийн байдал, бас үүргээ биелүүлэх үедээ хувийн ашиг сонирхлынхоо төлөө арга сэдэж буй антихристүүдийн ердийн байдал юм. Тэгвэл антихристүүдийн сэтгэлгээ юу вэ? “Хүмүүс үүргээ биелүүлэхдээ хариуд нь ямар нэг зүйл авахыг хичээх ёстой. Би энэ үүргийг биелүүлэхийн тулд гэр бүлээ орхиж, бурхан болон бурхны гэрийн төлөө шаргуу хөдөлмөр, эрч хүч, цаг хугацаагаа зориулсан юм чинь хүссэн бүх сайн хангамжаа эдлэх ёстой.” Антихристүүд энэ бүхнийг өөрсдийн зүй ёсоор хүртэх зүйлс, хүмүүс чармайх шаардлагагүйгээр Бурханы тэдэнд өгөх ёстой зүйлс мэтээр үздэг. Энэ бол антихристүүдийн үзэл бодол юм. Тиймээс, үүргээ биелүүлэхдээ тэд ашиг тусын төлөө байнга шаргуу ажилладаг бөгөөд өөр хэн нэгэн тэдгээр ашиг тусаас аваад, өөрсдөд нь багыг үлдээх вий гэж үргэлж айдаг. Энэ бол үүргээ биелүүлж буй антихристүүдийн нэг байдал юм. Үүргээ биелүүлэх тэдний бүх санаархал, сэдэл, зорилго эцсийн дүндээ юунд хүргэдэг вэ? Энэ бүхэн нь тэд бүх ашиг тусыг өөртөө авахаар явуулга хийж, эс тэгвээс өөрсдөө зүгээр л усан тэнэгүүд болж, амьдрал нь ямар ч утга учиргүй болно гэж бодоход хүргэдэг. Энэ бол антихристүүдийн сэтгэлгээ юм.
Бурхан антихристүүдийн уг чанар болон үнэнийг хайрладаггүй илрэлийг хэрхэн ил болгох нь хамаагүй, тэд эдгээр санаархал, эрэлхийллээ орхихгүй; тэд ашиг тусын төлөө чармайсаар л байдаг. Жишээлбэл, зарим хүнийг зочлох үүрэг биелүүлж эхэлсний дараа чуулган юм уу ах эгч нар зочин хүлээн авагч айлуудад зориулж бага зэрэг хоол хүнс, цахилгаан хэрэгсэл худалдаж авдаг, эсвэл бүр тодорхой хэмжээний мөнгө өгдөг. Хэрвээ энэ үүргийг биелүүлдэг хүн нь антихрист байх юм бол өөрсдөдөө олж авахаар оролддог хүссэн зүйлс нь ердөө ганц чүдэнз юм уу жижигхэн халбага төдий тийм энгийн зүйл биш. Тэд: “Би энэ ах эгч нарыг гэртээ байлгаж, үүргээ биелүүлэх үед нь тэдэнд үйлчилж байгаа учраас бурхны гэр мэдээж бүх материал, мөнгийг гаргах ёстой. Би гэр орноороо хангаж, та нарт хоол хийж өгч, аюулгүй байдлыг чинь хангаж байна; энэ нь хангалттай сайн хэрэг. Үлдсэн зүйлийг—та нарын идэж, ууж, хэрэглэж байгаа зүйлийг—чуулган хангах ёстой” гэдэг. Чуулган эдгээр зүйлээр хангах нь үнэндээ буруу биш боловч энд Миний нөхөрлөхийг хүсэж байгаа зүйл бол антихристүүд зочлох үүргийг хэрхэн биелүүлдэг болон бусад хүн энэ үүргийг хэрхэн чин сэтгэлээсээ биелүүлдгийн хоорондох ялгаа юм. Антихристүүд зочлох үүрэг биелүүлэх үед энэ үйлдлийг зүгээр л өнгөцхөн авч үзэж болохгүй; тэд далд сэдэлтэй байдаг. Тэд “Би энэ зочлох үүргийг биелүүлж байгаа юм чинь үүнээс ямар нэг зүйл олж авахын тулд явуулга хийх хэрэгтэй. Чуулган бага зэрэг хоол хүнс болон бусад хэрэгцээт зүйлээр хангаж байгаа учраас манай гэр бүлийнхэн ч бас ах эгч нартай хамт тэр хоолыг идэж, тэр бүх зүйлийг хүссэнээрээ хэрэглэх хэрэгтэй. Манай гэр бүл бол бурхны гэрийнх, тиймээс бурхны гэрт харьяалагддаг зүйл манай гэр бүлд ч бас харьяалагдана” гэж боддог. Энэ нь үүргээ биелүүлэхдээ антихристүүдийн гаргадаг хандлага мөн биз дээ? (Тийм.) Тиймээс зарим хүн зочлох үүрэг биелүүлж эхэлмэгцээ зүрх сэтгэл нь өөрчлөгдөж эхэлдэг, тэд ах эгч нарыг гэртээ байлгахад хэрэглэгддэг материаллаг зүйлс болон мөнгөний талаар байнга боддог бөгөөд хэрвээ хэн ч үүнийг анхааралтай шалгахгүй бол эдгээр антихристэд жаахан ашиг тус олж авах боломж гарч ирдэг. Ямархуу боломж вэ? Тэд нууцхан “Нэг хүн өдөрт ийм хэмжээний мөнгө үрдэг, тиймээс хэр их мөнгө илүү гарсан ч би чуулганд буцааж өгөхгүй; зүгээр л өөртөө үлдээнэ. Энэ бол ядаж л миний олсон мөнгө, тиймээс үүнийг өөртөө үлдээлээ гээд хэн ч намайг буруутгаж чадахгүй; мэдээж энэ бол миний хүртэх ёстой зүйл!” хэмээн тооцоолдог. Тэгээд тэд илүү гарсан мөнгийг халаасандаа хийдэг. Зарим антихрист ах эгч нарын хандивласан, эсвэл Бурханы гэрээс өгсөн материаллаг зүйлсийн заримыг өөрсдөдөө авч үлдэхийн тулд элдэв янзын шалтаг хайна. Зарим газарт ах эгч нарыг буцаж очоод байрлах үед орны гудас нь алга болсон, дэр, хөнжил нь алга болсон, мах, хүнсний ногоо нь бүгд алга болсон байдаг бөгөөд гэрийн эздээс энэ талаар асуухад эдгээр антихрист “Хоолыг удаан хадгалбал амтгүй болдог учраас бид идчихсэн” гэж хэлдэг. Тэд шунахай хүмүүс биш гэж үү? (Мөн.) Бурханы гэрээс өгсөн материаллаг зүйлс, түүнчлэн зочин хүлээн авагч айлуудад зориулж ах эгч нарын худалдаж авсан зүйлс эдгээр антихристийн эзэмшилд очмогцоо тэднийх болдог; тэд тэдгээрийг хүссэнээрээ хэрэглэж, идэж, эсвэл бүр шууд л өөрсдийн өмч мэт үзээд нуучихдаг. Ах эгч нарыг дахин тийшээ очих үед эдгээр зүйл хаана ч харагддаггүй. Хэрвээ чуулган эдгээр антихристийн оршин суудаг газрыг дахин ашиглах шаардлагатай болбол тэдгээр зүйлийг дахин худалдаж авахын тулд мөнгө үрэх хэрэгтэй болж, ах эгч нар тэдгээр зүйлийг гэрт нь дахин авчрах ёстой болдог. Үүнийг хараад антихристүүд баярлаж, “Бурханд итгэх нь үнэхээр сайхан юм аа! Өөр юу ч хийсэн би ингэж хурдан баяжиж чадахгүй; энэ бол юм олж авах хамгийн амар арга байна. Түүнчлэн, чуулганы эдгээр эд зүйл алга болсон талаар хэн ч цагдаад мэдэгдэж зүрхлэхгүй; хэрвээ чи үнэхээр намайг мэдээлэхээр оролдвол би чамайг түрүүлээд мэдээлнэ! Тиймээс чи амаа хамхиж, үүнийг тэвчихээс өөр яаж ч чадахгүй, чамд энэ талаар гомдоллох газар байхгүй. Би эдгээр зүйлийг өөрийн болгож, энэ хоолыг идчихсэн. Чи намайг яаж чадах юм бэ? Бурхан тал тохой татдаггүй. Би ах эгч нарыг гэртээ байлгаж байгаа, тиймээс энэ бол миний оруулсан хувь нэмэр, үүний минь төлөө бурхан намайг санах болно. Би жаахныг авлаа гээд айх юу байх вэ? Энэ бол зүгээр л миний хүртэх ёстой зүйл! Энэ хоолноос жаахныг идлээ гээд айх юу байна аа? Та нар үүнийг идэж болдог, харин би болдоггүй хэрэг үү? Та нар бурхны гэрийн гишүүд, гэхдээ би ч бас тийм биш гэж үү? Би энэ нөхцөл байдлаас ашиг тус хүртээд зогсохгүй, ганцаараа юм идэж, ганцаараа зооглох болно!” гэж боддог. Энэ бол антихристүүдийн үүрэгтээ ханддаг хандлага юм. Үүргээ биелүүлэхдээ тэд эдгээр зүйлийг авах зорилготой байдаг бөгөөд үүнийг хамгийн том ашиг тус гэж үзэн, “Эдгээр нь бурхны өгсөн хамгийн агуу нигүүлсэл; энэ нигүүлслээс илүү бодитой зүйл гэж үгүй, энэ ерөөлөөс илүү бодитой, мэдэгдэхүйц ашигтай зүйл гэж үгүй. Энэ үнэхээр гайхалтай! Бурханд итгэх нь ‘энэ амьдралд зуу дахин ихийг, ирэх ертөнцөд мөнх амийг хүлээн авна’ гэсэн үг гэж хүн бүр хэлдэг; энэ нь тэр үгийг биелүүлж байна. Би одоо энэ ерөөлийг урьдчилан амталж байна. Энэ үнэхээр бурхны нигүүлсэл мөн!” гэдэг. Тиймээс антихристүүд Бурханы гэрт харьяалагддаг зүйлсийг өөрийн болгохдоо огтхон ч эргэлздэггүй бөгөөд тэдгээрийг өршөөлгүйгээр өөрсдөдөө авдаг. Антихристүүд Бурханы гэрийн эдгээр хөрөнгийг хэрхэн үздэг вэ? Тэд тэдгээрийг үл итгэгч ертөнц дэх нийтийн өмч мэт үздэг; тэд бүгд шунахай, бүгд Бурханы гэрийн зүйлсийг өөрсдөдөө авахыг хүсдэг атлаа эдгээр нь үүргээ биелүүлснийхээ төлөө өөрсдийнх нь эдлэх ёстой нигүүлсэл, ерөөл гэж бодсоор байдаг. Түүгээр ч барахгүй, тэд үүндээ хэзээ ч харамсаж, ичдэггүй, өөрсдийнхөө хорон муу байдал, эсвэл ёс жудаггүй байдлыг ч хүлээн зөвшөөрдөггүй. Эдгээр антихристийн зарим нь бүр улам бүр шунахайрч, амбицтай болдог. Зочлох үүрэг биелүүлэх үедээ тэд өөрсдийнх нь үйлдлийг Бурхан жигшинэ, эсвэл үйлдэл нь Түүнд халдана гэж хэзээ ч боддоггүй. Харин ч тэд оюун ухаандаа тооцоолж, харьцуулсаар, “Тэр айл зочин хүлээн аваад тийм юм авсан. Хэрвээ би тэр хүмүүсийг гэртээ байлгасан бол тэр зүйлс зүй ёсоор минийх байх ёстой. Тэр зочин хүлээн авагч надаас илүү тухтай амьдарч, бас илүү сайн хооллодог. Би яагаад тэгж завшаагүй юм бэ?” гэж боддог. Тэд эдгээр зүйлийг ч тооцоолж, тэдгээрийн төлөө өрсөлддөг. Боломж гарч ирмэгц тэд өршөөлгүй ханддаг бөгөөд боломжийг яавч алдахгүй. Тиймээс антихристүүд зочлох үүрэг биелүүлэх үедээ улавч мэтийн жижиг зүйлээс эхлээд Бурханы гэрийн худалдаж авсан тоног төхөөрөмж мэтийн том зүйл хүртэл чадах бүхэндээ шунаж, өөрийн болгож авахыг хичээдэг. Тэд үүргээ биелүүлэх боломжийг далимдуулан эд зүйлсийг өөрсдөдөө авах элдэв янзын шалтаг, арга саам хайж, Бурханы гэрийн өмч хөрөнгийг шамшигдуулдаг атлаа Бурханы гэрийн өмч хөрөнгийг хамгаалахын тулд л ингэж байгаа, эдгээр нь үүргээ биелүүлснийхээ төлөө хүртэх ёстой л зүйлс хэмээн ичих ч үгүй хэлдэг. Эдгээр зүйл Бурханд итгэж, Бурханыг дагадаг хүмүүсийн дунд тохиолддог.
Антихристүүд зочлох үүргээ биелүүлэх үедээ гаднаа юманд шунадаггүй, юм авахыг хичээдэггүй мэт харагдаж, ах эгч нарыг гэртээ байлгасныхаа төлөө ямар нэг төлбөр авахаас татгалзаж магадгүй бөгөөд үнэ цэнгүй зарим эд зүйлийг хармагцаа тэдгээрийг яаран хадгалдаг. Гэвч Бурханы гэрт харьяалагддаг үнэт зүйлсийн тухайд бол тэд яавч ингэж зүгээр өнгөрөөхгүй. Тэд нэг юанийн үнэтэй зүйлийг өгч магадгүй ч зуу, мянга, түмэн юань, эсвэл бүр түүнээс ч илүү үнэтэй аливаа зүйлийг түрийвчиндээ сайтар чихэж, өөрсдөдөө авч үлддэг. Зарим хүний хувьд, Бурханы гэрийн хөрөнгийг хариуцаж байх үед нь тухайн орон нутагт аюултай нөхцөл байдал үүсэж, тэдний хийж байгаа зүйлийг мэддэг хүмүүс магадгүй өөр тийшээ зугтах юм уу баривчлагддаг тул тэдний хадгалж хамгаалж байгаа эдгээр хөрөнгийн талаар өөрсдөөс нь өөр хэн ч мэддэггүй—иймэрхүү нөхцөл байдалд л хүмүүс соригддог. Бурханд үнэхээр итгэдэг, үнэнийг хайрладаг, Бурханаас эмээдэг сэтгэлтэй хүмүүс цаг үргэлж үүргээ тууштай биелүүлж чаддаг бөгөөд эдгээр хөрөнгийг шамшигдуулах ямар ч санаа, бодол тэдэнд төрөхгүй. Гэвч антихристүүд ийм байдаггүй; тэд тархиа гашилгаж, эдгээр хөрөнгийг өөрсдийн болгох боломжит бүхий л аргыг бодож олно. Хөрөнгийг хамгаалж байгааг нь мэддэг хүмүүст ямар нэг зүйл тохиолдмогц антихристүүд зүрх сэтгэлдээ нууцхан баярлаж, баярлаж хөөрсөндөө бүр үсэрч цовхчдог. Тэд өөрсдийгөө зэмлэж, буруутгах нь бүү хэл, огтхон ч айхгүйгээр тэр даруй хөрөнгийг өөрсдийн болгож авдаг. Зарим антихрист эдгээр хөрөнгийг өөрсдийн өрхийн зардалд ашиглаж, дураараа захиран зарцуулдаг, зарим нь тэр даруй мөнгийг нь ашиглаж гэртээ хүссэн зүйлээ худалдаж авдаг, зарим нь бүр мөнгийг шууд банкны дансандаа хийж, өөртөө хадгалдаг. Ах эгч нарыг хөрөнгөө авахаар очих үед антихристүүд хийсэн зүйлээ хүлээн зөвшөөрч чаддаг уу? Антихристүүд яавч, хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бурханд итгэж, үүргээ биелүүлэх тэдний зорилго бол хүсүүштэй зүйлсийг олж авах явдал бөгөөд эдгээр хүсүүштэй зүйлд Бурханы тахил, Бурханы гэрийн өмч хөрөнгө, тэр ч байтугай ах эгч нарын хувийн эд зүйлс багтдаг. Тиймээс антихристүүд шунал, хүсэл, хувийн амбицтайгаар үүргээ биелүүлдэг; тэд үнэнийг эрэлхийлж, Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, эсвэл Бурханы авралыг хүлээн авахын тулд биш, харин бүх ашиг тус, бүх тав тух, бүх хөрөнгийг олж авахын тулд энд ирсэн байдаг. Энэ хүмүүс шунал, хүслээр дүүрэн байдаг гэж хэлж болно. Тэд зүрх сэтгэлээ юунд төвлөрүүлдэг вэ? Тэд Бурханы гэрийн хөрөнгөд зүрх сэтгэлээ төвлөрүүлдэг. Тийм учраас тэд зочлох үүрэг биелүүлэхдээ Бурханы гэр хэнд юу худалдаж авч өгдөг, Бурханы гэр хэнд хэдий хэмжээний мөнгө олгодог, зочлох үүрэг биелүүлснийхээ төлөө тодорхой хүмүүс Бурханы гэр болон ах эгч нараас хэр их давуу тал, ямар хүсүүштэй зүйлс олж авдагт анхаарлаа хандуулдаг—эдгээр нь тэдний ажигладаг зүйлс юм. Хэрвээ тэднээс жирийн ах эгч нарыг гэртээ байлгахыг хүсвэл үүнээс ямар ч хүсүүштэй зүйл олж авч чадахгүй тул гэртээ байлгахгүй байхын тулд бүх төрлийн шалтаг бодож олдог. Тэднээс дээд түвшний удирдагчийг гэртээ байлгахыг хүссэн даруйд тэдний хандлага 180 хэм эргэж, өөрчлөгдөн, нүүр дүүрэн инээмсэглэж, удирдагчийг тэсэн ядан хүлээдэг; тэд гэртээ байлгах гэж буй энэ “том хүн”-ийг гэртээ урьж, энэ удирдагчийг бурхан мэт шүтэхийг тэсэж ядан хүлээдэг. Тэд өөрсдөд нь аз таарлаа, энэ бол тэдний мөнгөний үнээ бөгөөд хэрвээ энэ боломжийг алдвал баяжих боломж нь үгүй болно гэж боддог тул үүнийг яаж зүгээр өнгөрөөж чадах юм бэ? Шунал, хүсэл, Бурханы гэрийн хөрөнгийг шамшигдуулах сэдэл, санаархал өвөрлөн тэд өөрсдөд нь хүсүүштэй зүйлс авчирч чадах энэ үүргийг хүлээн авдаг—тэдний эцсийн зорилго юу вэ? Үүргээ сайн биелүүлэх үү? Ах эгч нарыг сайн зочлох уу? Үнэнч байдлаа өргөн барих уу? Үнэнийг олж авах уу? Үгүй, эдгээрийн аль нь ч биш; тэд энэ боломжийг ашиглан хүсүүштэй зүйл олж авахыг хүсдэг. Тэд жирийн хүмүүсийг гэртээ байлгахгүй боловч байр суурьтай удирдагч юм уу ажилчныг гэртээ байлгах гэж байгаагаа сонсмогцоо үүнийг хийхээр ухаан жолоогүй зүтгэдэг бөгөөд дараа нь Бурханы гэрээр өөрсдөдөө бүх төрлийн өргөн хэрэглээний бараа, гэр ахуйн хэрэгсэл худалдаж авхуулахын тулд янз бүрийн шалтаг бодож олон, “Удирдагчид энд ирж байрлахдаа муу нөхцөлд байж болохгүй. Зочноо ая тухтай байлгах үүднээс бүх зүйлийг бэлдэх ёстой биш үү? Бид бурхны гэрээс өгсөн зүйлсийг эдэлдэггүй; хэрвээ эдэлж байвал зүгээр л удирдагчдын хажууд гэрэлд нь баясаж байгаа хэрэг. Түүнээс гадна, хэрвээ удирдагч ирвэл бидний өдөр бүр иддэг хоолонд дасахгүй байх вий гэж би айж байна. Удирдагчид өдөр бүр олон зүйлийг удирдах шаардлагатай болдог, хэрвээ тэдний бие өвдвөл зочин хүлээн авагчийн хувьд бид үүрэгтээ хайнга хандсан хэрэг болох биш үү? Тиймээс чуулган удирдагчдад зориулж өдөрт гурван удаа хоол бэлдэх ёстой. Бид тэдэнд зориулж сүү, талх, өндөг, бүх төрлийн хүнсний ногоо, жимс, мах, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг бэлэн байлгах ёстой” гэдэг. Энэ нь гайхалтай, халамжтай бодол биш гэж үү? Антихристүүд гаднаа хүний хэлээр ярьдаг боловч зүрх сэтгэлдээ үнэхээр удирдагчдын талаар бодож байгаа юу? Тэдний далд зорилго яг юу вэ? Тэдний зорилго тийм ч энгийн биш. Тэд ядуу, өмнө нь хэзээ ч сайхан зүйл идэж, харж байгаагүй байж магадгүй бөгөөд энэ боломжийг ашиглан нүд тайлж, баячууд шиг амьдарч, наад захын хамаг хэрэгцээгээ хангуулсан амьдралаар амьдарч, энэ боломжийг ашиглан эрүүл мэнддээ анхаарч, жирийн хүмүүсийн идэж чаддаггүй зүйлийг идэж, жирийн хүмүүсийн эдэлж чаддаггүй зарим хангамжийг эдлэхийг хүсдэг. Тийм учраас тэдний бодол маш халамжтай мэт санагддаг. Гэвч тэдний халамжийн ард юу нуугдаж байдаг вэ? Тэд өөрсдийнхөө төлөө явуулга хийхийг хүсдэг, эдгээр зүйлийг олж авч, эдгээр зүйлийг өөрийн болгохыг хүсдэг, өөрсдийн явуулгыг бүх талаар гарцаагүй тунгаан бодож байдаг—тэд хэзээ ч, хэний ч төлөө ингэхгүй. Удирдагчийг гэртээ байлгах үедээ эдгээр антихрист үнэхээр сайхан амьдардаг. Дараа нь тэд “Ингэж амьдрах сайхан боловч эдгээр зүйл үнэндээ минийх биш. Эдгээр зүйл хэзээ минийх болох вэ? Хэрвээ би энэ удирдагчаас салбал эдгээр зүйлийг цаашид эдэлж чадахгүй, гэхдээ хэрвээ түүнээс салахгүй бол түүнийг үргэлжлүүлэн гэртээ байлгах сайхан сэтгэл надад үнэхээр алга. Эдгээр хүсүүштэй зүйл байгаагүй бол би энэ үүргийг яавч биелүүлэхгүй байсан. Өдөр бүр би эрт босож, орой унтах ёстой болж, үргэлж айдастай байж, түүнд үйлчлэх хэрэгтэй болдог. Энэ үүргийг биелүүлснээр авахаасаа илүү алдах зүйл их байна, үүнээс олж авч байгаа давуу тал, таашаал минь хангалтгүй байна гэж би одоо үргэлж боддог болсон. Хэрвээ удирдагч энд урт хугацаагаар амьдарсаар байвал би яах вэ? Түүнийг явуулах арга бодож олох хэрэгтэй, тэгвэл манай гэр дахиад л амар жимэр болно” гэж дотроо боддог. Хүмүүс ингэж боддог уу? Хэвийн хүн чанартай, үүргээ чин сэтгэлээсээ биелүүлдэг хүмүүс ингэж бодох уу? (Үгүй.) Антихристүүд ингэж боддог. Тэдний олж авдаг хүсүүштэй зүйл юм уу давуу тал хэчнээн том байлаа ч тэдний шунал, хүслийг хэзээ ч хангаж чадахгүй; тэд цаддаггүй, өөрсдийгөө юу ч олж аваагүй гэж боддог бөгөөд энэ үүргийг биелүүлэх нь өөрсдийнх нь хийх учиртай ажил гэж боддоггүй. Эсрэгээрээ тэд үүнийг нэмэлт золиос, төлөөс гэж боддог. Тэд хэчнээн их зүйл олж авсан ч, эсвэл хэчнээн их давуу тал олж авсан ч хохирсон мэт санагдаж, Бурханы гэр өөрсдийг нь хохироож ашиг тус хүртэж байна, ах эгч нар өөрсдийг нь хохироож ашиг тус хүртэж байна, өөрсдөө үүнээс ямар ч хүсүүштэй зүйл олж авахгүй байна гэж боддог. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр хүссэн зүйл өөрсдийг нь хангаж чадахгүй, шунал нь ханашгүй мэт тэдэнд санагддаг. Надад хэл дээ, антихристүүд ямар хүн чанартай байдаг вэ? Тэдэнд ямар нэгэн хүн чанар байдаг уу? (Үгүй.) Хүн чанаргүй хүмүүст мөс чанар байдаг уу? Тэд үүргээ чин сэтгэлээсээ биелүүлэх хүсэл, түүнчлэн даруу, чин сэтгэлтэй байж, жинхэнээсээ өөрсдийгөө зориулах хүсэл тээн үүргээ биелүүлж чадах уу? Тэд төлбөр шаардахгүйгээр, ямар нэгэн хөлс нэхэхгүйгээр, ямар ч шагнал хайхгүйгээр үүргээ биелүүлж чадах уу? (Үгүй.) Яагаад чадахгүй гэж? Тэдэнд мөс чанарын ухамсар байдаггүй бөгөөд олж авсан давуу тал нь хэчнээн их байсан ч тэд үүнийгээ зүй ёсны хэрэг гэж боддог. Энэ “зүй ёсны хэрэг” гэдэг нь хэвийн хүмүүсийн бодож чаддаггүй, тэдний хэзээ ч бодохгүй зүйл биш гэж үү? Иймэрхүү бодол, хандлагад ичих мэдрэмж байна уу? (Үгүй.) Ичих мэдрэмжгүй хүмүүст хүн чанар байдаг уу? Энэ хэрэг явдал антихристүүдийн ичгүүр сонжуургүй, эсвэл мөс чанаргүй уг чанарыг ил болгодог.
Ичгүүр сонжуургүй хүмүүс ямар хүмүүс вэ? Хүн төрөлхтний дундаас ямар хүмүүс ичихээ мэддэггүй вэ? (Шизофрени өвчтэй хүмүүс.) Сэтгэцийн өвчтэй хүмүүс ичихээ мэддэггүй, тэд гудамжаар чармай нүцгэн гүйхдээ өөрсдийг нь харж байгаа бүх хүнийг анзаардаггүй, магадгүй бүр хувцас өмссөн хүмүүсийг шоолж, “Хувцас өмсөх та нарт ямар төвөгтэй байгааг хараач. Би гудамжаар хувцасгүй, чармай нүцгэн гүйж байна, надад маш эрх чөлөөтэй, баригдмал биш санагдаж байна!” гэдэг. Ичгүүр сонжуургүй байх гэдэг нь энэ биш үү? (Тийм ээ, мөн.) Энэ бол ичгүүр сонжуургүй байдал. Ичихээ мэддэггүй хүмүүст мөс чанарын ухамсар байдаггүй бөгөөд тэд сэтгэцийн өвчтэй байдаг; тэд бусдыг хохироож ашиг олдог, бусдад харьяалагддаг юуг ч хамаагүй авахыг хүсдэг, шунал, хүсэл нь хэвийн хүний ухаалаг байдлын цар хүрээнээс давсан байдаг—тэд өөрсдийгөө хянаж чадахгүй, мөс чанарын ухамсаргүй байх хэмжээнд очсон. Ийм хүмүүс үнэнийг олж авч чадах уу? Мэдээж үгүй. Тэд зөвхөн алдар нэр, ашиг хонжоо, байр суурь, материаллаг ашиг сонирхлыг л эрэлхийлдэг бөгөөд үнэнийг хэзээ ч олж авдаггүй. Тэгвэл тэд тэнгэрийн хаанчлалд байр эзлэх үү? Бурхан ийм хүмүүсийг аварч, төгс болгодоггүй. Энэ хүмүүс өрөвдмөөр үү? (Үгүй.) Энэ хүмүүс үзэн ядмаар; тэд ой гутам, зэвүүцмээр, жигшүүртэй байдаг. Энэ хүмүүсийн зан араншин жигшүүртэй, дорд; тэд нэр төргүй, ичгүүр сонжуургүй. Зүрх сэтгэл нь шунал, амбиц, хүслээр дүүрэн байдаг. Тэд зүгээр л үүргээ биелүүлэх боломжийг далимдуулан өөрсдөдөө ашиг сонирхол олж авахыг хичээдэг бөгөөд үнэнийг огт хүлээн авдаггүй, аливааг үнэн-зарчмын дагуу ч хийдэггүй. Бурханд залбирахдаа тэд бас хүсүүштэй зүйлс, ашиг сонирхол, Бурханы ерөөлийг гуйдаг. Тэд хэрхэн зовж, золиосолсноо Бурханд тоочдог бөгөөд амссан зовлон, төлсөн төлөөсөө ашиглан Түүнтэй наймаацаж, Бурханаас ерөөл, шагнал гуйж, тэр ч байтугай Бурхан руу гараа ил тод сунгаж хүссэн материаллаг хангамжаа гуйхын тулд л Бурханы өмнө очиж, эдгээр зүйлийн талаар залбирдаг. Бурханы өмнө ирэхдээ тэдний илэрхийлэхийг хүсдэг зүйл бол гомдол, эсэргүүцэл, сэтгэл ханамжгүй байдал, гоморхол, дургүйцэл, түүнчлэн шунал, хүсэл нь хангагдаагүйд урам хугарсан байдал юм. Бурхан эдгээр илрэлийг хараад тэднийг хайрладаг уу, эсвэл жигшдэг үү? (Тэднийг жигшдэг.) Тэд чуулганы төлөө бага зэрэг хүчин чармайлт гаргах үедээ, үүнийгээ тунхаглаж, гавьяаг нь өөртөө авахын тулд, янз бүрийн үүрэг, эсвэл янз бүрийн ажил хийхдээ гаргасан золиос, зориулсан зүйлийнхээ талаар Бурханд хэлэхийн тулд тэр даруй Бурханы өмнө ирдэг; Бурхан эдгээр зүйлийг мэдэхгүй байх вий, Бурхан эдгээр зүйлийг харж чадахгүй байх вий, Бурхан өөрсдийнх нь төлсөн төлөөсийг мартах вий гэхээс тэд үхтлээ айдаг. Тиймээс энэ хүмүүс Бурханы өмнө ёрын муу, нэлээд ичгүүр сонжуургүй харагддаг. Тэд Бурханы өмнө очин, төлсөн төлөөсөө тоочиж, тунхаглаж, авахыг хүсэж буй зүйлсээ Түүнд дүрслэн хэлж, Бурхан руу гараа сунгаж, хүссэн шагналаа гуйх үед Бурхан: “ёс бусыг үйлдэгчид та нар Надаас зайл” гэж хэлдэг. Бурханы хандлага ямар байдаг вэ? “Чам шиг хүмүүс Миний өмнө ирэх эрхгүй. Би чамд ой гутаж, чамайг зэвүүцэж байна. Чиний хүссэн бүхнийг Би чамд өгсөн; энэ амьдралд олж авахыг хүссэн зуу дахин ихийг чи аль хэдийн авсан. Чи өөр юу хүсээ вэ?” Хүн төрөлхтөнд Бурханы өгөхийг хүсдэг зүйл бол үндсэндээ материаллаг зүйл биш, харин Тэр хүн төрөлхтөнд үнэнийг өгөхийг хүсдэг, ингэснээр тэд үнэнээр дамжуулан авралд хүрч чадна. Гэвч антихристүүд Бурханы ажлыг улайм цайм эсэргүүцдэг, үнэнийг эрж хайдаггүй, үнэнийг хэрэгжүүлдэггүй. Харин ч Бурханы ажлын үеэр үүргээ биелүүлэх боломжийг ашиглан хүссэн зүйлсээ зохисгүй байдлаар өөрсдөдөө олж авахыг хүсдэг; тэд цоорхойг ашиглаж, бүх зүйл дээр бусдыг хохироон ашиг олдог атлаа хохирч, нэг их ашиг олоогүй мэт үргэлж санагддаг. Тэдэнд бас хэтэрхий их золиос гаргаж, зориулсан мэт, алдагдал нь ашгаасаа давсан мэт байнга санагддаг, түүгээр ч барахгүй, золиослолдоо байнга харамсаж, аливааг хангалттай сайн цэгнэн бодсонгүй, эсвэл өөрсдөдөө гарах гарц бодсонгүй гэж боддог. Тиймээс тэд золиослолынхоо шагналыг цаг тухайд нь аваагүйдээ зүрх сэтгэлдээ байнга уурлаж, Бурханд гомдоллох гомдлоор дүүрэн байдаг. Зүрх сэтгэлдээ тэд үргэлж тооцоолж, “Бурхан зөвт биш гэж үү? Ер нь бурхан хэнд ч тал тохой татдаггүй, тийм биз дээ? Бурхан бол хүмүүсийг ерөөдөг бурхан биш гэж үү? Бурхан хүний бүх сайн үйл, өөрийгөө зориулж, зарлагадсан бүхнийг нь санадаггүй гэж үү? Би бурхны ажлын төлөө гэр бүлээ орхиж, төлөөс төлсөн, гэхдээ би бурхнаас юу авсан юм бэ?” гэж боддог. Хэрвээ шунал, хүсэл нь богино хугацаанд хангагдахгүй бол тэд сөрөг болж, гомдоллож эхэлдэг. Хэрвээ шунал, хүсэл нь урт хугацаанд хангагдахгүй бол тэдний зүрх сэтгэл хуримтлагдсан хорслоор дүүрдэг. Тэгвэл энэ хуримтлагдсан хорслын үр дагавар юу вэ? Зүрх сэтгэлдээ тэд Бурханд эргэлзэж, тээнэгэлзэж эхэлнэ, Бурханы зөвт зан чанарыг шүүж эхэлнэ, тэр ч байтугай Бурханы хайр, мөн чанарт эргэлзэж эхэлнэ. Хэрвээ энэ хорсол удаан хугацаанд хуримтлагдвал эдгээр зүйл хорт хавдар болон хувирч, тархаж эхлэх бөгөөд тэд хэдийд ч Бурханаас урваж чаддаг болно. Ялангуяа тэд сөрөг, сул дорой, харьцангуй төлөвшөөгүй биеийн хэмжээтэй зарим хүний өмнө, эсвэл шинэхэн итгэсэн зарим хүний өмнө байхдаа эдгээр сөрөг сэтгэл хөдлөлийг хааяа нэг гаргаж, тарааж, Бурханд сэтгэл ханамжгүй байдал, Бурханы талаарх доромжлолоо тараадаг, тэр ч байтугай ялган таних чадваргүй зарим хүнийг төөрөлдүүлж Бурханы зөвт зан чанар, Түүний мөн чанарт эргэлзэхэд хүргэдэг. Үүнийг антихристүүд хийдэг биш үү? Амбиц, хүсэл, эрэлхийлэл, санаархал нь хангагдаагүйн улмаас тэд эдгээр зүйлийг хийж чаддаг, Бурханд ийм хандлага гаргаж чаддаг—энэ бол антихристийн зан чанар, сатанлаг зан чанар гэдэг нь тодорхой юм.
Антихрист чуулганд ямар ч зовлон туулж, ямар ч төлөөс төлсөн байлаа гэсэн, үүнийгээ өөрсдийнх нь хүлээсэн үүргийн нэг хэсэг, бүтээгдсэн зүйлийн гүйцэтгэх ёстой үүрэг гэж боддоггүй, харин Бурханы санах учиртай өөрсдийнх нь хувь нэмэр гэж үздэг. Хэрвээ Бурхан тэдний хувь нэмрийг санавал тэр даруй хариуг нь өгч, тэдэнд ерөөл, амлалт, эд материалын онцгой ивээл хайрлаж, давуу тал олж авах, тодорхой онцгой ашиг тус хүртэх боломж олгох ёстой гэж тэд боддог. Тэгж байж л антихрист сэтгэл хангалуун байх болно. Үүргийн талаарх антихристийн ойлголт юу вэ? Тэд үүргийг бүтээгдсэн зүйлсийн хүлээх ёстой үүрэг хариуцлага гэж боддоггүй, эсвэл Бурханыг дагадаг хүмүүсийн зайлшгүй биелүүлэх ёстой хариуцлага гэж ч боддоггүй. Харин ч тэд үүргээ гүйцэтгэх явдлыг Бурхантай наймаацах чип, Түүний шагналаар сольж болох зүйл, өөрсдийн амбиц, хүслийг хангаж, Бурханд итгэснийхээ төлөө ерөөл хүртэх арга зам гэж үздэг. Тэд Бурханы нигүүлсэл, ерөөлийг хүртэх нь үүргээ гүйцэтгэх урьдач нөхцөл байх учиртай, энэ нь хүмүүст Бурханд итгэх жинхэнэ итгэлийг өгдөг бөгөөд ирээдүйд санаа зовох зүйлгүй байхыг нь Бурхан баталгаажуулж өгсөн цагт л хүмүүс үүргээ сэтгэл амар гүйцэтгэж чадна гэж боддог. Түүнчлэн Бурхан үүргээ гүйцэтгэдэг хүмүүст тав тух, давуу эрх бүрийг олгох ёстой, хүмүүс үүргээ гүйцэтгэх хугацаандаа Бурханы гэрээс олгодог бүх ашиг тусыг эдлэх ёстой гэж тэд боддог. Эдгээр нь хүмүүсийн хүртэх ёстой зүйл. Антихристүүд зүрх сэтгэлдээ ингэж боддог. Ийм сэтгэлгээ нь чухамдаа антихристүүдийн үзэл бодол, зарчим бөгөөд үүрэгт хандах хандлагыг нь төлөөлдөг. Бурханы гэр үүргээ гүйцэтгэхтэй холбоотой үнэний талаар яаж ч нөхөрлөсөн, антихристүүдийн зүрх сэтгэлдээ тээдэг зүйлс хэзээ ч өөрчлөгдөхгүй. Тэд үүргээ гүйцэтгэх талаарх үзэл бодолтойгоо үүрд зууралдах болно. Энэ илрэлтэй холбогдуулан бидний ашиглаж болох нэг хэллэг бий—тэр нь юу вэ? Энэ бол материаллаг зүйлсийг бүхнээс дээгүүр тавьж буй хэрэг; өөрөөр хэлбэл, тэдний гартаа барьж чадах зүйлс л бодитой бөгөөд амлалт өгөх нь утгагүй хэрэг юм. Энэ хүмүүсийн илрэлийн мөн чанар нь материалист, тийм биз дээ? (Тийм.) Материализм бол бурхангүй үзэл юм; тэд зөвхөн харж, хүрч чадах зүйлээрээ л баримжаалдаг, зөвхөн харж чадах зүйл нь л тооцогддог бөгөөд харж чадахгүй зүйлийнхээ оршин тогтнолыг үгүйсгэдэг. Тиймээс антихристийн үүргийн талаарх мэдлэг, ойлголт нь үнэн-зарчимтай гарцаагүй зөрчилддөг бөгөөд шүтлэггүй хүмүүсийн үзэл бодолтой ав адилхан байдаг гэж тодорхойлж болно; үнэндээ тэд бол үл итгэгчид юм. Тэд Бурхан оршин байдагт итгэдэггүй, Бурханы бүх үг бол үнэн, үнэн зам гэдэгт ч итгэдэггүй. Тэд зөвхөн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг л бодитой гэж үздэг бөгөөд эрэлхийлж, эдэлж буй бүхнээ зөвхөн хүний хүчин чармайлт, тэмцэл, төлсөн төлөөсөөр л олж авч чадна гэж үздэг. Энэ нь “Хүмүүс аз жаргалыг хоёр гараараа бүтээх ёстой” гэдэг үзэл бодлоос юугаараа өөр юм бэ? Ямар ч ялгаагүй. Хүмүүс Бурханы төлөө үүргээ сайн гүйцэтгэхийн тулд өөрсдийгөө зарлагадаж, төлөөс төлснөөр эцэст нь үнэн ба амийг олж авдаг гэдэгт тэд итгэдэггүй. Бурханы шаардлагын дагуу үйлдэж, улмаар стандартад нийцсэн байдлаар үүргээ гүйцэтгэдэг хүмүүс Бүтээгчийн сайшаал, ерөөлийг хүртэж чадна гэдэгт тэд бас итгэдэггүй. Энэ нь тэд хүн төрөлхтөнд өгсөн Бурханы амлалт юм уу Бурханы ерөөлд итгэдэггүйг харуулж байна. Тэд бүхнийг захирах Бурханы дээд эрхийн баримтад итгэдэггүй, тиймээс тэдэнд жинхэнэ итгэл байдаггүй. Тэд зөвхөн “Би үүргээ гүйцэтгэдэг, тиймээс бурхны гэрээс онцгой хангамж, материаллаг ерөөл эдлэх ёстой. Бурхны гэр намайг эд материалын бүхий л давуу эрх, таашаалаар хангах ёстой. Тэр нь бодитой байх болно” гэж үздэг. Энэ бол антихристийн сэтгэлгээ, үзэл бодол юм. Тэд Бурханы амлалт итгэмжит гэдэгт, эсвэл үнэнийг олж авснаар хүн амийг олж авч, Бурханаар ерөөгддөг гэх баримтад итгэдэггүй. Үүргээ гүйцэтгэх тухайд тэд зүгээр л үнэнийг эрж хайдаггүй, үнэнийг хүлээн авдаггүй, энэ үнэнийг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй: Хүн бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэж чаддаг байх нь Бурханы хамгийн агуу ерөөл бөгөөд Бурханы санах зүйл юм, мөн энэ үйл явцад хүн үнэнийг олж авч, эцэст нь Бурханаар авруулж чадна—энэ бол Бурханаас хүнд өгсөн хамгийн агуу амлалт юм. Хэрвээ чи Бурханы чамд өгсөн амлалтад итгэж, эдгээр амлалтыг хүлээн авч чаддаг бол чамд Бурханд итгэх жинхэнэ итгэл байна. Эдгээр үгийг сонсох үед антихристүүд болон үл итгэгчдэд ямар санагддаг вэ? (Тэд Бурханы хэлдэг зүйлд итгэдэггүй, үүнийг хууран мэхлэлт гэж боддог.) Бурханы хэлдэг эдгээр үг зүгээр л зарим тэнэг, гэнэн мангаруудаар Бурханы төлөө үйлчлэл үзүүлүүлэхийн тулд хүмүүст хоосон төсөөлөл өгч, дараа нь үйлчлэл нь дуусмагц тэднийг хөөж явуулах гэсэн Түүний арга л гэж тэд боддог. Тэд “Үнэнийг олж авах аа? Ха! Үнэн гэж юу болохыг хэн харж чадах юм бэ? Бурхны амлалт юу болохыг хэн барьж үзэж чадах юм бэ? Хэн тэдгээрийг хүлээж авсан юм бэ? Бурхны амлалт бодитой биш; зөвхөн алдар нэр, ашиг хонжоо олж авч, байр суурийн ашиг тусыг эдлэх нь л бодитой; зөвхөн алдар нэр, ашиг хонжооны төлөө чармайж, байр суурийн ашиг тусыг эдлэх нь л жинхэнэ. Би хүнд бурхны өгдөг амлалт болон түүний хүнд өгдөг үнэний талаар олон жил сонсож байгаа ч огтхон ч өөрчлөгдөөгүй, ямар ч ашиг тус олж аваагүй, эдгээр зүйл намайг байр суурьтай, өргөмжлөгдсөн амьдралаар амьдруулсан нь бүр ч үгүй. Хэдийгээр зарим хүн үнэнийг олж авч, өөрчлөгдсөн, бурхны ерөөлийг хүртсэн гэж гэрчлэл хийдэг ч тэд маш эгэл жирийн харагддаг, бүгд л хэвийн хүмүүс, тэгэхээр тэд яаж бурхны ерөөлийг хүртэж, тэнгэрийн хаанчлалд орж чадах юм бэ?” гэж боддог. Тэд зөвхөн барьж, олж авч чадах зүйлсээ л хамгийн бодитой гэж боддог. Энэ нь үл итгэгчдийн үзэл бодол биш гэж үү? Яалт ч үгүй мөн. Тиймээс, эдгээр антихрист чуулганд орж ирмэгцээ бүх зүйлийг сэжиглэн үзэж, хаанаас ашиг тус олж болох, ямар боломж ашиглан давуу тал олж авч, Бурханд итгэх итгэлээсээ илүү их бодит ашиг тус хүртэж болохыг үргэлж тунгаан бодож байдаг—тэд зүрх сэтгэлдээ үргэлж эдгээр зүйлийг тооцоолж байдаг. Зөвхөн алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг олж авснаар л бүх ашиг тусыг хүртэж чадна гэсэн мэдрэмж тэдэнд төрдөг тул тэд байр суурийг эрэлхийлэхээр сонгож, гагцхүү эдгээр зүйлийн төлөө чармайхад өөрсдийгөө зориулдаг. Тэд үнэнийг хэзээ ч тунгаан боддоггүй, Бурханы санаа зорилгыг эрж хайдаггүй бөгөөд үнэнийг эрэлхийлэхийн тулд биш, зөвхөн зүрх сэтгэлээ тайтгаруулж, сэтгэлийн хоосролоо нөхөхийн тулд л Бурханы үгийг идэж, уудаг. Хэдийд ч бай, хэрвээ чи антихристээс шунал, хүслээ орхиж, алдар нэр, ашиг хонжоо, байр суурийн эрэлхийллээ бүрмөсөн орхиж, Бурханд итгэх итгэлээсээ хүсэж буй эдгээр ашиг тусаа орхихыг шаардвал тэр тэгж чадахгүй. Эдгээр зүйлийг орхиулах нь тэдэнд арьсыг нь хуулж, шөрмөсийг нь таслах гэж байгаа мэт санагддаг; эдгээр зүйлгүй бол тэдэнд зүрх сэтгэлээ сугалуулсан мэт, сүнсээ алдсан мэт санагддаг бөгөөд эдгээр амбиц, хүсэлгүйгээр Бурханд итгэх итгэл нь ямар ч найдваргүй болж, амьдрал нь утга учраа алдсан мэт санагддаг. Тэдний нүдээр, зөвхөн үүргийнхээ төлөө өөрсдийгөө зарлагадаж, бүхнээ зориулж, төлөөс төлдөг, хувийн ашиг тус эрж хайдаггүй хүмүүс бүгд тэнэгүүд юм. Антихристүүдийн баримталдаг ертөнцийн гүн ухааны зарчим бол “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх” гэдэг юм. Тэд “Хүмүүс яаж өөрсдийгөө бодохгүй байж чадах юм бэ? Хүмүүс яаж өөрсдийнхөө ашиг тусын төлөө чармайхгүй байж чадах юм бэ?” гэж боддог. Зүрх сэтгэлдээ тэд бүхнийг орхиж, Бурханы төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагаддаг хүмүүсийг жигшдэг, үүргээ үнэнчээр гүйцэтгэдэг, материаллаг амьдралын хувьд маш хэмнэлттэй, энгийн амьдардаг хүмүүсийг жигшдэг, Бурханд итгэж, үүргээ гүйцэтгэснийхээ төлөө хавчигдаж, улмаар гэртээ харьж чадахгүй байгаа хүмүүсийг жигшдэг. Тэд зүрх сэтгэлдээ энэ хүмүүсийг байнга шоолж, “Та нар бурханд итгэдгээсээ болоод гэр орноо алдсан. Гэр бүлтэйгээ хамт байж чадахгүй, ядуу тарчиг амьдарч байна—та нар үнэхээр тэнэг юм! Хүн юу ч хийсэн, бурханд итгэхдээ ч гэсэн ертөнцийн гүн ухааны зарчмыг баримтлах ёстой: Яавч хохирол амсаж болохгүй. Тэд бурхны амлалт, ерөөлийг харж, хүрч чаддаг байх ёстой бөгөөд баримтлахад тохиромжтой цорын ганц хандлага бол молтогчин туулай харахаас нааш шонхроо тавихгүй байх явдал юм. Та нар үнэхээр тэнэг юм! Намайг хар. Би бурханд ч итгэдэг, алдар нэр, ашиг хонжоо, байр суурийг ч эрэлхийлдэг. Би бурхны гэрийн бүх сайн хангамжийг эдэлдэг, ирээдүйд ч бас ерөөл хүртэж чадна. Би ямар ч зовлон туулах шаардлагагүй, миний хүртэх ерөөл та нарынхаас илүү их байх болно. Би та нар шиг гэр бүл, ажил төрлөө орхиж, гэртээ харьж чадахгүй, ирээдүйд ерөөл хүртэж чадах эсэхээ ч мэдэхгүйгээр төлөөс төлдөггүй” гэдэг. Энэ хүмүүс юу вэ? Тэд үнэнийг эрэлхийлдэггүй, үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэдэггүй атлаа үнэнийг эрэлхийлдэг, үүргээ гүйцэтгэж, Бурханы даалгаврыг биелүүлж, Бурханы хүслийг дагахын төлөө гэр бүл, ажил төрлөө орхиж, зовлон туулж, төлөөс төлдөг хүмүүсийг жигшдэг. Ийм хүмүүс олон бий юу? (Тийм.) Чуулган бүрд ийм хүмүүс байдаг. Энэ хүмүүс Бурханд үнэхээр итгэдэг хүмүүс мөн үү? Тэд аврагдаж чадах уу? (Үгүй.) Тэд Бурханд жинхэнээсээ итгэгчид биш, тэдний аврагдах магадлал бүр ч бага.
Антихристүүд ямар ч асуудалтай тулгарсан, эсвэл юу ч хийсэн бай, үнэнийг олж авч, авралд хүрч чадах эсэхээ биш, харин махан биеийнхээ бүх ашиг тусыг юун түрүүнд боддог. Тэдний зүрх сэтгэлд махан биетэй нь холбоотой бүх ашиг тус хамгийн чухал байр суурь, хамгийн өндөр байр суурь, хамгийн дээд байр суурийг эзэлдэг. Тэд зүрх сэтгэлдээ Бурханы санаа зорилгыг хэзээ ч бодолцдоггүй, Бурханы ажлыг хэзээ ч бодолцдоггүй, хүн ямар үүрэг гүйцэтгэх ёстойг бүр ч бодолцон үздэггүй. Бурхан хүмүүсээс үүргээ стандартад нийцсэн байдлаар гүйцэтгэхийг яаж ч шаардсан, стандартад нийцсэн бүтээгдсэн зүйл байхыг яаж ч шаардсан, антихристүүд бүрэн үл хайхардаг. Бурхан ямар ч арга хэрэглэсэн, ямар ч үг хэлсэн бай, энэ хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөж, улмаар төлөвлөгөөг нь өөрчилж, шунал, хүслийг нь орхиулж чаддаггүй. Энэ хүмүүс бол аман дээрээ ч, ачир дээрээ ч антихристүүдийн дундах материалистууд, үл итгэгчид юм. Тэгвэл энэ хүмүүсийг антихристүүдийн эгнээний шаар шавхруу гэж үзэж болох уу? (Болно, учир нь зарим антихрист байр суурийн төлөө ядаж л жаахан үйлчлэл үзүүлж чаддаг байхад энэ хүмүүс үйлчлэл үзүүлэхийг ч хүсдэггүй.) Тийм ээ. Энэ хүмүүс ашиг тус л хүсдэг, тэдний өдөржин ширтэж, боддог бүхэн нь ашиг тус бөгөөд хийдэг бүхэн нь ашиг тусыг тойрон эргэлддэг. Зарим хүн зочлох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өндөг, будаа, гурил нь дуусах үед хүн явуулж эдгээр зүйлийг худалдаж авхуул гэж чуулганд тэр даруй хэлдэг. Тэд өөрсдөө юу ч худалдаж авдаггүй; яг л зочлох үүрэг гүйцэтгэж эхлэхээсээ өмнө гэртээ эдгээр зүйлийг хэзээ ч идэж байгаагүй мэт авирладаг. Тэд урьд нь энэ бүхнийг өөрсдөө худалдаж авдаг байсан хэр нь энэ үүргийг гүйцэтгэж эхэлмэгцээ шалтаг тоочиж, өөрсдийнх нь зөв гэж бодож, өөртөө итгэлтэй байж, Бурханы гэр тэдэнд ямар нэгэн өртэй юм шиг Бурханы гэрийн өр нэхэгч, зээлдүүлэгч болж эхэлдэг—ийм хүмүүс сайн биш.
Би Хятадын эх газарт зочин хүлээн авагч зарим айлд байж үзсэн, зарим ах эгч үнэхээр хүн чанар сайтай байсан. Тэд хоёр гуравхан жил итгэсэн, үнэнийг нэг их ойлгоогүй байсан ч зочлох үүргээ чин сэтгэлээсээ гүйцэтгэсэн. Бурханы гэр тэдэнд мөнгө өгөх гэж оролдвол тэд татгалздаг байсан; тэд ах эгч нарын өгсөн зүйлийн хариуд мөнгө өгч, Бурханы гэрийн юуг ч анхааралтай, аюулгүй хадгалдаг байсан; хэрвээ Бурханы гэрийн худалдаж авсан зүйл дуусаагүй бол түүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг ч Бурханы гэрт буцааж өгдөг байв. Санхүүгийн хувьд илүү сайн зарим нь дуртайяа зочин хүлээн авдаг байсан бөгөөд Бурханы гэрээс өгсөн сохор зоосыг ч авдаггүй байсан. Зарим хүн чинээлэг биш байсан ч Бурханы гэрээс өгсөн ямар ч мөнгийг авдаггүй байв. Чуулган юм уу ах эгч нар зочлох үүрэгт нь хэрэглүүлэхээр тэдний гэрт юу ч өгсөн бай, тэд юуг нь ч шамшигдуулдаггүй. Энэ нь тэд үнэнийг ойлгодогтой холбоотой байсан уу? Үгүй ээ, энэ бол зан араншингийн асуудал. Түүнчлэн, илүү чухал нь тэд жинхэнэ итгэгчид байсан бөгөөд сайн зан араншинтай байсныхаа ачаар ингэж чадсан, эс бөгөөс тэд тэгж чадахгүй байх байсан. Би зочин хүлээн авагч зарим айлд зочилсон бөгөөд гэрийн эзэд Надад хэрэглүүлэхээр хамгийн сайн хөнжил, гудсаа гаргаж ирэхэд нь Би: “Энэ цоо шинэ, хэрэглээгүй юм байна. Сав боодолд нь буцааж хий, Би хэрэглэхгүй” гэж хэлсэн. Тэд Надад хэрэглүүлэх гэж зүтгэсэн. Тэгтэл зарим гэрийн эзэн Надад хэрэглүүлэхээр бүх зүйлийг шинээр худалдаж авсан байсан ба Би: “Шинэ зүйл битгий худалдаж ав, мөнгөний гарз. Би зүгээр л танайд байгааг л хэрэглэе. Ямар ч мөнгө бүү үр. Би очсон газар бүрдээ хүмүүст тэр, энэ зүйлийг худалдаж ав гэж зөвлөдөггүй. Үргэлж шинэ зүйл хэрэглэх шаардлагагүй” гэж хэлсэн. Зарим хүн энэ мөнгийг үрэх гэж зүтгэсээр байсан. Бас хооллох үеэр олон төрлийн хоол хийдэг зарим гэрийн эзэн ч байсан. Намайг юу идэх дуртайг мэддэггүй учраас сонголттой байлгахын тулд олон төрлийн хоол хийдэг байсан, учир нь хэрвээ цөөхөн төрлийн хоол хийвэл Намайг сайн идэхгүй байх гэж тэд санаа зовдог байв. Ийм хүмүүс ч бас олон бий. Гэвч зарим гэрийн эзэн өөр байдаг. Би энэ гэрийн эзэдтэй хамт байх үед тэд Намайг аргацаахын тулд өдөр тутмын хэрэглээний зарим зүйлийг санаан зоргоороо авчирсан, хоол хийхдээ хэрэглэсэн орц найрлага нь зөвхөн ах эгч нарын авчирсан зүйлс байсан бөгөөд илүү ихийг худалдаж авах шаардлагатай болох үедээ Надаас мөнгө нэхэж, гараа тосдог байсан. Тэгтэл өөр бусад гэрийн эзэн бий, тэдний гэрт Би зарим эд зүйлсээ хадгалуулахаар үлдээсэн юм. Намайг хэсэг хугацаанд буцаж очихгүй байх үед гэрийн эзэд шургуулгыг хөшиж онгойлгоод, зарим зүйл нь алга болсон байдаг. Тэд бүгд Бурханд итгэдэг, бүгд зочлох үүрэг гүйцэтгэдэг, гэвч тэдний хоорондох ялгаа мөн чанарын ялгаа юу? Бурханд итгэдэг зарим хүн ийм зүйл хийж чаддаг—энэ нь хүний хийх зүйл мөн үү? Энэ бол хулгайчид, дээрэмчид, хорон санаатнууд, луйварчдын хийдэг зүйл. Жинхэнэ итгэгчид ийм зүйл хийж чадах уу? Хэрвээ жинхэнэ итгэгч чиний юмыг хадгалж байгаа бол чи хэчнээн удаан хол байсан ч, бүр найм, арван жил болсон ч тэд үргэлж аюулгүй хадгална; тэд үүнд хүрэхгүй, үүнийг харахгүй, ухаж төнхөхгүй. Гэвч зарим гэрийн эзний хувьд, хэрвээ чи гэрт нь ямар нэг зүйл үлдээвэл чамайг хаалгаар гармагц юмыг чинь нэгжиж үзнэ. Тэд юу ухаж төнхдөг вэ? Тэд үнэтэй зүйл, тухайлбал үнэт эдлэл, гар утас, мөнгө байгаа эсэхийг харахаар чиний цүнхийг ухна—тэд энэ бүхнийг ухаж төнхдөг. Зарим эмэгтэй юу ухаж төнхөх хандлагатай байдаг вэ? Тэд чамд сайхан хувцас байгаа эсэхийг харахыг хүсдэг. Ухаж төнхсөнийхөө дараа тэд “Өө, энэ хувцас үнэхээр гоё юм аа. Өмсөөд үзье” гэж боддог. Надад хэл дээ, ийм зүйл тохиолддог биш үү? (Тийм.) Чи яаж мэдэж байгаа юм бэ? Та нар ийм зүйл тохиолдохыг харсан уу? Ийм зүйл тохиолддог гэж хэлэх баттай нотолгоо Надад бий. Нэг жил, намрын сүүлчээр Би нэг зочин хүлээн авагч айлд зарим хувцсаа үлдээсэн юм. Нэг өдөр гэнэт тэр хувцасны заримыг нь өмсөх хэрэгтэйгээ санаад, авахаар төлөвлөж, тэр айл руу очсон. Юу болсныг таа даа. Намайг гэрт ороход гэрийн эзэн настай эмэгтэй Миний ноосон хүрмийг өмсөж үзэж байсан. Би үүнийг харсан нь зүгээр л тохиолдлын хэрэг байсан. Намайг “Чи юу хийж байгаа юм бэ?” гэж хэлэхэд тэр эмэгтэй цочирдсон. Тэрээр ийм санаандгүй байдлаар өөрийнх нь юу хийж байгааг Намайг харна гэж хэзээ ч төсөөлөөгүй байсан бөгөөд маш их ичсэн. Гэвч ийм хүмүүс ичих нүүрэндээ илэг наасан байдаг бөгөөд тэр даруй “Өө, чиний ноосон хүрэм надад яг таарч байна гэж бодохгүй байна уу?” гэж хэлсэн. Би: “Энэ Миний хүрэм. Хэрвээ чамайг өмсвөл Би өмсөж чадахгүй” гэж хэлэв. Тэрээр: “Май ав, би хүсэхгүй байна” гэж хэллээ. Би: “Хэрвээ чи авахгүй юм бол яах гэж өмсөж үзэж байгаа юм бэ? Хувцасны шүүгээний хаалга цоожтой байгаагүй юм уу?” гэж хариулсан. Тэрээр: “Өнөөдөр надад хийх юм байхгүй байж таарсан болохоор энийг гаргаж ирээд харсан юм” гэж хэлсэн. Би: “Энэ чинийх биш учраас чи хүрэх ёсгүй байсан юм” гэж хэлэв. Энэ бол бодитоор тохиолдсон зүйлийн нэг жишээ. Түүнийг ингэхдээ ямар санаатай байсныг Би мэдэхгүй. Надад хэл дээ, ийм хүн Бурханд итгэдэг хүн мөн үү? Би түүнийг Бурханд итгэгч, Бурханы гэр бүлийн гишүүн гэж үзэх ёстой юу? (Үгүй.) Тэрээр Бурханыг дагагч байхад зохисгүй, тэр бол Сатаны бүлэглэлийн нэг, ичгүүр сонжуургүй, мөс чанар, ухаалаг байдалгүй, өчүүхэн ч хүн чанаргүй—тэр бол адгийн шаар. Бурхан ийм хүмүүсийг аврах уу? Ийм хүмүүст ёс жудаг, нэр төрийн хамгийн наад захын ойлголт байдаггүй, эсвэл Бурханыг хүндэтгэх хамгийн наад захын хүндэтгэл ч байдаггүй—Бурхан тэднийг аврах боломжгүй. Бурханы хэлдэг үнэн, хүнд өгдөг амь нь ийм хүмүүст зориулагдаагүй; энэ хүмүүс Бурханы гэр бүлийн гишүүд биш, харин Бурханы гэрийн гаднах үл итгэгчид бөгөөд диаволд харьяалагддаг. Антихристүүдийн уг чанар-мөн чанар нь үнэнийг хайрладаггүй, үнэнд зэвүүцдэг байхаас гадна, ёс жудагнь бас туйлын дорд, жигшүүртэй байдаг, ийм хүмүүс ой гутам, жигшүүртэй, зэвүүцмээр байдаг. Бидний саяхан ярьсан Бурханы гэрийн хөрөнгийг шамшигдуулдаг энэ хүмүүсийн илрэлүүдээс харахад энэ хүмүүс ямар ч үүрэг гүйцэтгэсэн, хэзээ ч өөрсдийгөө үнэхээр зарлагаддаггүй, хэзээ ч чин сэтгэлээсээ хийдэггүй. Харин ч тэд өөрсдийн гэсэн төлөвлөгөө, шунал, хүсэл тээж ирдэг, тэд үнэнийг олж авахын тулд биш, харин ашиг тусын хойноос гүйж ирдэг. Тиймээс үүнийг яаж ч харсан, Бурханы хувьд ийм хүмүүсийн хүн чанар стандартад нийцдэггүй. Тэгвэл Надад хэл дээ, та нар ийм хүмүүсийн хүн чанарыг стандартад нийцсэн гэж үздэг үү, тэднийг сайн хүмүүс гэж үздэг үү? (Үгүй.) Та нар ч бас ийм хүмүүсийг басамжилдаг, тийм биз дээ? (Тийм.) Зарим хүн Бурханы гэр ямар нэг зүйл худалдаж авсныг сонсоод өөрийнхөө хувийг авахыг хүсдэг, ах эгч нар хувцас хандивлаж байгааг хараад, өөрсдөө үүнийг хүртэх эрхтэй эсэх, эсвэл авах ёстой эсэхээс үл хамааран, очиж авахаар оролдон, хэнээс ч илүү идэвх санаачилгатай хөдөлдөг; Бурханы гэрт хийх шаардлагатай ажил байгааг, эсвэл хийх шаардлагатай зарим нэг бохир, ядаргаатай ажил байгааг сонсох үедээ тэр даруй нуугддаг бөгөөд хаанаас ч олддоггүй. Ийм хүмүүс зальтай, овжин, дорд ёс жудагтай байдаг—тэд ой гутам, зэвүүцмээр, жигшмээр байдаг!
Антихристүүдийн Бурханы гэрийн хөрөнгийг шамшигдуулдаг янз бүрийн илрэлийг ашиглан, бүх талаар өөрсдийнхөө ашиг тусад санаа тавьдгийг нь задлан шинжилж, энэ хүмүүс бол үл итгэгчид, материалистууд, жигшүүртэй, дорд, ёс жудаг муутай, зэвүүцмээр хүмүүс бөгөөд Бурханы аврах бай биш гэдгийг харж болно. Ийм хүмүүсийн тодорхойлолтыг үнэнд зэвүүцдэг гэх хэмжээнд хүргэх шаардлагагүй; бид тэднийг хүн чанар, ёс жудгийнх нь хувьд аль хэдийн нэвт харж чадах тул үүнийг үнэнтэй холбоотой тийм өндөр түвшинд хүргэх шаардлагагүй. Тиймээс, Бурханы гэрт ч бай, эсвэл ямар нэг бүлэг хүмүүсийн дунд ч бай, ийм хүмүүс үргэлж хамгийн дорд, хамгийн ёс жудаггүй байдаг нь гарцаагүй. Мэдээж, хэрвээ тэднийг Бурханы гэрт үнэнийг ашиглан хэмжих юм бол тэд бүр ч жигшүүртэй, дорд харагдана. Антихристүүдийн гаргадаг энэ илрэлийн талаар өөр жишээ та нарт байна уу? (Нэг антихрист Бурханы гэрийн ном хэвлэх хэргийг хариуцаж байсан бөгөөд хуурамч данс тооцоогоор дамжуулан Бурханы өргөлөөс хэдэн зуун мянган юань шамшигдуулсан. Түүнийг мөрдөн шалгасны дараа, энэ үүргийг гүйцэтгэж эхлэхээс өмнө гэр бүл нь маш бага мөнгөтэй байсан боловч энэ үүргийг гүйцэтгэж эхэлснийхээ дараа тэрээр байр, машин худалдаж авсан нь тогтоогдсон, гэхдээ эдгээр зүйлийг данс тооцооноос илрүүлж чадаагүй. Түүний гэр бүлийнхэн бүгд үнэхээр харгис байсан тул өргөлийг буцааж авч чадаагүй.) Энэ хэрэг дээр удирдагч, ажилчид шууд хариуцлага хүлээж байсан биш үү? (Тийм ээ. Хожим нь илүү олон нарийн ширийн зүйл ил болох үед, тухайн үед хариуцлага хүлээж байсан удирдагч, ажилчид энэ антихристийн хариуцаж байсан данс тооцоог хэзээ ч шалгаж байгаагүй нь тогтоогдсон. Тэд хариуцлагаа цалгардуулсан бөгөөд энэ нөхцөл байдал тэд хариуцлагагүй байснаас үүдэлтэй. Тэд гарцаагүй шууд хариуцлага хүлээж байсан.) Тэгвэл тэдний гэм бурууг Бурханы бүртгэлийн дэвтэрт тэмдэглэх ёстой юу? (Тийм.) Дараа нь энэ хүмүүст ямар арга хэмжээ авсан бэ? (Заримыг нь зайлуулж, хөөсөн, зарим нь өргөлийг буцааж төлж байгаа.) Энэ бол тэдэнд авах зохистой арга хэмжээ юм. Энэ хэрэг явдал дээр удирдагч, ажилчид үүргээ умартаж, хяналт тавих хариуцлагаа биелүүлж чадаагүй. Ялангуяа, тэд буруу хүн ашигласан бөгөөд энэ хүнд анхаарал хандуулж, хяналт тавих ямар ч хүчин чармайлт гаргаагүй, ашиглаж байсан хүнийхээ асуудлыг цаг тухайд нь илрүүлж чадаагүйгээс болж ноцтой үр дагавар гарч, Бурханы өргөл болон Бурханы гэрийн хөрөнгө ихээхэн хохирол амссан; энэ бол шууд хариуцаж байсан тэр бүх хүний хүлээх хариуцлага байсан бөгөөд тэдний гэм бурууг бүгдийг нь тэмдэглэх ёстой. Энэ бол ажилд зөв хүн ашиглаагүйгээс болж тэдний өөрсдөдөө авчирсан сөрөг үр дагавар бөгөөд энэ нь Бурханы гэрийг хохироож, эцэст нь Бурханы өргөлөөр төлөөс төлсөн. Надад хэл дээ, антихристүүд үргэлж шунахай байдаг уу, эсвэл үнэ цэнтэй зүйл харах үед л эдгээр ёрын муу санаа тэдэнд төрдөг үү? (Тэд үргэлж шунахай байдаг.) Тийм учраас ийм хүмүүстэй холбогдож, харилцах үедээ чи тэдний шунал, хүслийг гарцаагүй илрүүлж чадна. Удирдагч, ажилчид хариуцлагагүй байж, хүмүүсийг ялган таниагүй, хүмүүсийг тодорхой хараагүй, хүмүүсийг буруу ашигласнаас болж энэ үр дагавар гарсан тул тэдэн дээр хүндхэн хариуцлага буусан бөгөөд тэд хөөгдөх нь зүйтэй байсан юм.
Бид өмнө нь антихристүүдийн уг чанар, мөн чанар, зан чанар болон тэдний явдаг замын үндсэн гол талуудыг нөхөрлөсөн. Өнөөдөр бидний нөхөрлөж, задлан шинжилж байгаа зүйл бол антихристүүдийн хүн чанарын хүрээн дэх илрэлүүд бөгөөд энэ нь бодит амьдралтай холбоотой юм. Хэдийгээр энэ нь жижиг тал боловч антихристүүдийн зарим илрэлийг ялган танихад хүмүүст тусалж чадна; эдгээр нь бас антихристүүдийн зарим илэрхий онцлог, шинж тэмдэг, бэлгэ тэмдэг юм. Жишээлбэл, антихрист байр суурь, алдар нэр, ашиг хонжоо, нэр нөлөөнд дуртай, мөн маш аминч, жигшүүртэй, харгис байдаг бөгөөд үнэнийг хайрладаггүй, тэгвэл тэдний хүн чанар, ёс жудаг ямар байдаг вэ? Зарим хүн: “Хэдийгээр зарим антихрист нэр хүнд, байр сууринд дуртай ч нэр төртэй, эрхэмсэг ёс жудагтай, мөс чанар, эрүүл ухаантай байдаг” гэж хэлдэг. Энэ зөв үү? (Үгүй, буруу.) Яагаад үгүй гэж? Антихристүүд ямар зан чанар-мөн чанартайг ярихаа больё; эхлээд тэдний хүн чанар, ёс жудгийг харцгаая. Тэд гарцаагүй сайн хүмүүс биш, тэд нэр төр, мөс чанар, эрхэмсэг ёс жудагтай хүмүүс биш, үнэнийг хайрладаг хүмүүс бүр ч биш. Ийм хүн чанартай хүмүүс зөв замаар явж чадах уу? Мэдээж үгүй, учир нь тэдний ёс жудагт зөв замаар явдаг мөн чанар байхгүй, тиймээс энэ хүмүүс үнэнийг хайрлах боломжгүй, үнэнийг хүлээн авах бүр ч боломжгүй. Антихристүүдийн үүргээ гүйцэтгэдэг сэдэл, хандлагаас харахад, тэдний ёс жудаг, хүн чанар нь хүмүүст тэднийг голох, зэвүүцэх мэдрэмж төрүүлдэг бөгөөд тэд Бурханд бүр ч их жигшигдэн гологддог. Тэд ямар ч үүрэг гүйцэтгэсэн, Бурханы гэрийн хөрөнгийг шамшигдуулахыг үргэлж хүсдэг, Бурханаас шагнал, мөнгө, эд зүйл, ашиг тус нэхдэг. Тэгвэл Бурхан тэднийг ямар хүмүүс гэж үздэг вэ? Энэ хүмүүс гарцаагүй сайн хүмүүс биш. Тэгвэл Бурханы нүдээр Тэр ийм хүмүүсийг яг хэрхэн тодорхойлдог вэ? Тэр ийм хүмүүст ямар нэр өгдөг вэ? Библид Нигүүлслийн эрин үеийн нэгэн түүх тэмдэглэгдсэн байдаг: Иудас мөнгөний уутнаас байнга хулгайлдаг байсан бөгөөд эцэст нь тэрээр Бурханд ашиглагдаж, Эзэн Есүсээс урвах үйлчлэл үзүүлсэн. Эзэн Есүс загалмайд цовдлогдож, Эзэн болон найзуудаасаа урвах үүрэг роль гүйцэтгэсэн Иудасын гэдэс нь хагарч үхсэн. Тиймээс Бурханы гэрийн хөрөнгийг шамшигдуулж, Бурханд өргөсөн өргөлийг хулгайлдаг энэ хүмүүс Бурханы нүдэнд бүгд Иудасууд бөгөөд энэ хүмүүсийг Бурхан Иудас гэж нэрлэдэг гэсэн үг юм. Одоо Иудас хэмээн яллагдаж байгаа энэ антихристүүд хэдийгээр Иудас шиг Эзэн болон найзуудаасаа урвах мэтийн зүйл хийдэггүй ч тэдний уг чанар-мөн чанар адилхан. Тэдэнд ямар нийтлэг зүйл байдаг вэ? Тэд байр суурь болон үүргээ гүйцэтгэх боломжоо ашиглан Бурханы гэрийн хөрөнгийг хулгайлж, шамшигдуулдаг. Тийм учраас энэ хүмүүсийг Бурхан Иудас гэж нэрлэдэг бөгөөд тэд Эзэн болон найзуудаасаа урвасан Иудастай энэ тэнцүү юм. Өөрөөр хэлбэл, Бурханы гэрийн хөрөнгийг шамшигдуулж, булаан авдаг энэ антихристүүд Эзэн болон найзуудаасаа урвасан Иудастай адил бөгөөд ийм хүмүүсийг ямар төгсгөл хүлээж байгааг ойлгохын тулд нэг их бодох шаардлагагүй.
2. Ах эгч нарыг өөртөө үйлчлүүлж, ажиллуулах
Антихристүүдийн үүргээ гүйцэтгэхдээ олж авахаар чармайдаг ашиг тус нь бидний аль хэдийн ярилцсан мөнгө, эд материал, хоол хүнс, хэрэглэх зүйлсээр хязгаарлагддаггүй бөгөөд эдгээр ашиг тусын цар хүрээ маш том байдаг. Жишээлбэл, антихристүүд үүрэг гүйцэтгэх үедээ үүрэг гүйцэтгэж байна гэх нэрийдлээр ах эгч нарыг ашиглаж, ах эгч нарыг өөртөө үйлчлүүлж, ажиллуулж, тэднийг зарж зараалдаг—энэ нь антихристүүдийн олж авахаар чармайдаг ашиг тус биш гэж үү? (Мөн.) Зарим хүн чуулганы удирдагч болохоосоо өмнө гэрийнхээ бүх зүйлийг өөрсдөө үргэлж хийдэг бөгөөд ямар ч амбиц, муу санаагүй мэт харагддаг. Гэвч тэд чуулганы удирдагчаар сонгогдож, байр суурьтай болмогцоо бүх зүйлийг өөрсдөө хийсээр байдаг уу? Тэд байр суурьтай болмогцоо өөрсдийгөө өөр болсон, Бурханы гэрт тусгай хангамж хүртэх ёстой гэж боддог бөгөөд өөрсдийн “үүрэг”-ийг хамтдаа биелүүлэхийн тулд “олон нийтийн хүч”-ийг дайчилж сурах ёстой гэж үздэг; гэрийнх нь ажил болгон чуулганы хариуцлагын хүрээнд хамаарах ажил болж, тэд гэрийн ажил, өдөр тутмын ажлаа ах эгч нарт хуваарилдаг. Жишээлбэл, тэдэнд гэрт нь хийх шаардлагатай ямар нэгэн ажил гарах үед тэд ах эгч нарт “Би сүүлийн хэд хоног чуулганы ажил гээд завгүй байлаа. Та нарын хэн нь миний ажилд туслах цагтай байна вэ?” гэдэг. Гурав эсвэл таван хүн сайн дураараа очиж, хэсэг хугацааны дараа ажил нь дуусдаг. Эдгээр удирдагч “Олон хүний гар ажлыг хөнгөвчилдөг. Удирдагч байх сайхан юм, намайг зүгээр л нэг үг хэлэхэд ажил бүтчихнэ. Ирээдүйд гэрт хийх зүйл гарах бүрд би ах эгч нараар туслуулна” гэж боддог. Ингэж явсаар тэд чуулганы удирдагчдын ажлыг бараг хийдэггүй хэр нь хүмүүсийг өөрсдийнхөө гэрт ажиллуулахаар зохицуулах ажлыг их хийж, бүр үүнийгээ цагийн хуваарьт оруулдаг—ямар “завгүй” чуулганы удирдагчид вэ! Удирдагч болохоос нь өмнө тэдэнд гэрт нь хийх зүйл хэзээ ч тийм их байдаггүй байсан атал удирдагч болсных нь дараа гэрт нь хийх ажил хамаагүй ихэсдэг. Зарим ах эгч нар тэдэнд үр тариа тарьж, зарим нь газрыг нь усалж, зарим нь хүнсний ногоо тарьж, зарим нь зэрлэгийг нь зулгааж, зарим нь бордоо цацаж, зарим нь ногоог нь зарж өгч тусалдаг бөгөөд олсон бүх мөнгөө өөрсдөдөө сохор зоос ч үлдээлгүй тэдэнд өгдөг. Тэд чуулганы удирдагч болсны дараа гэр орных нь амьдрал цэцэглэн хөгждөг; тэд юу ч хийсэн хүмүүс үргэлж тэднийг дэмжиж, тусалдаг бөгөөд тэдний хэлсэн үг бүр маш үр нөлөөтэй байдаг. Тэд маш их баярлаж, сэтгэл хангалуун байдаг бөгөөд “Чуулганы удирдагч гэх энэ цол үнэхээр сайхан, байр суурьтай байх гайхалтай юм. Хэрвээ манай гэрт хоол хүнс дутвал би зүгээр л ганц үг хэлж, хүмүүс надад хоол хүнс өгдөг, тэд бүр үүнийхээ төлөө мөнгө авахыг ч хүсдэггүй. Ямар тухтай амьдрал вэ! Би итгэлийнхээ ачаар үнэхээр бурхнаар ерөөгдөж байна. Энэ бол агуу ерөөл, бас үнэхээр бурхны нигүүлсэл! Бурхан үнэхээр агуу юм; бурханд талархъя!” гэж улам бүр боддог. Хэн нэгэн тэдэнд үйлчилж, эсвэл тэдэнд зарагдсаны дараа тэд үргэлж “бурханд талархал өргөж”, “үүнийг бурхнаас хүлээн авдаг”. Эдгээр өчүүхэн чуулганы удирдагч албан тушаалаа ийм хэмжээнд ашиглаж чаддаг—та нар ингэж чадах уу? Та нар ийм зүйл хийж чадах уу? Хүмүүс яагаад удирдагч болохын төлөө өрсөлддөг вэ? Яагаад тэд байр суурийн төлөө өрсөлддөг вэ? Хэрвээ олж авах ашиг тус байгаагүй бол хүн байр суурийн төлөө өрсөлдөх байсан уу? Хэрвээ тэдний өрсөлдөж олж авсан байр суурь нь ажлын мал шиг зүтгэж, ажиллах гэсэн утгатай байсан бол хэн ч ингэж төвөг удахгүй байх байсан. Байр суурьтай болсноор маш олон давуу тал, ашиг тус олж авч болдог учраас л хүмүүс үүнийг булаан авч, үүний төлөө өрсөлдөхийн тулд үхэн хатан зүтгэдэг. Өчүүхэн чуулганы удирдагч байх нь тэдэнд ийм их ашиг тус авчирч, амьдралд нь ийм их тав тух, маш олон давуу талыг авчирдаг—ямар хүн ингэж авирладаг вэ? Тэд үнэнийг эрэлхийлдэг хүн мөн үү? Тэд хүн чанар, мөс чанартай хүн мөн үү? Тэд Бурханаас эмээдэг сэтгэлтэй хүн мөн үү? (Үгүй.) Тэд өөрсдийгөө хүн бүрийн төлөө, Бурханы гэрийн төлөө чуулганы удирдагчаар ажиллаж байна гэж үздэг бөгөөд үүнийг үүрэг гэж боддоггүй. Тэд чуулганы удирдагчийн хувиар хийдэг ямар ч ажил нь гэр бүлийн амьдралаа золиосолсны үндсэн дээр хийгддэг тул төлсөн төлөөсийг нь ах эгч нар нөхөн төлөх ёстой гэж үздэг. Хэрвээ тэдэнд гэрийн ажил хийх цаг байхгүй бол ах эгч нар тэдэнд тусалж хийх ёстой; хэрвээ тэдэнд тариан талбайд ажиллах цаг байхгүй бол ах эгч нар талбайд нь очиж, үүнийг хийх үүрэг хүлээсэн мэт тэдний өмнөөс ажиллах ёстой. Чуулганы удирдагч болсноосоо болоод юуг ч орхисон бай хамаагүй, ах эгч нар үүнийх нь төлөө тэдэнд хоёр дахин нөхөн төлөх ёстой. Антихристүүд үүргээ гүйцэтгэж байхдаа ах эгч нарыг ашиглан өөртөө үйлчлүүлж, хувийн амьдралынхаа төлөө юм хийлгэхээр ах эгч нарыг зардаг зүйлсийн зарим нь энэ юм. Антихрист удирдагч болмогцоо ийм боломжийг огтхон ч алдахгүй бөгөөд эдгээр давуу тал хурууных нь салаагаар урсан өнгөрөхийг зүгээр хараад зогсохгүй нь лавтай. Харин ч тэд яг эсрэгээр нь хийдэг: Тэд хором мөч бүрийг ашиглаж, боломж бүрийг атган авч, ах эгч нарыг өөртөө ажиллуулж, тэднийг ачааны мал мэт ажиллуулдаг. Тэд ах эгч нарын мунхаг, үнэнч шударга занг мөлжиж, бүр Бурханы төлөө үүргээ дуртайяа гүйцэтгэж, төлөөс төлөх гэсэн ах эгч нарын сэтгэлгээг мөлжиж, тэднийг өөртөө үйлчлүүлдэг. Үүний зэрэгцээ, тэд бас зарим үгийг үнэн мэт дүр эсгэж, тэдгээрийг ашиглан ах эгч нарт зааж сургаж, ингэснээр тэдэнд ийм санаа суулгадаг: Удирдагчид ч бас хүн, удирдагчид ч бас гэр бүлтэй, удирдагчид ч бас амьдралаараа амьдрах ёстой, хэрвээ удирдагчид гэрийнхээ хэрэг явдлыг зохицуулах цаг байхгүй бол ах эгч нар эдгээр хэргийг өөрсдийн үүрэг гэж үзэх ёстой; удирдагч эдгээр зүйлийг хийхийг тэднээс гуйхыг хүлээх хэрэггүй, харин удирдагчийн хийж чадахгүй байгаа эдгээр зүйлийг идэвхтэйгээр, сайн дураараа хийх ёстой. Ийм уруу таталт, өдөөлт дор олон ах эгч эдгээр удирдагчид сайн дураараа үйлчилдэг. Энэ бол эрх мэдэл, байр суурийг булаан авснаараа антихристүүдийн хүрэхийг хүсдэг зорилго бөгөөд тэдний хэрэгжүүлэхийг хүсдэг ажлуудын нэг, эрх мэдэл, байр суурийг булаан авснаараа олж авахыг чармайдаг ашиг тусынх нь нэг юм. Ийм хүн олон бий юу? (Тийм.) Энэ хүмүүс бол Сатанууд юм. Үнэнгүй, зөв замаар явдаггүй хүмүүс өчүүхэн төдий байр суурьтай байлаа ч ийм зүйл хийж чаддаг—энэ хүмүүс өрөвдөлтэй биш үү? Та нар тэдний зан араншингийн талаар юу гэж бодож байна вэ? Тэд мөс чанар, эрүүл ухаантай юу?
Зарим чуулганд ихэвчлэн өөрийнхөө гэрт байдаггүй, харин чуулганы удирдагчийнхаа гэрт удаан хугацаагаар байрладаг ах эгч нар байдаг. Яагаад тэд үргэлж удирдагчийнхаа гэрт байдаг вэ? Яагаад гэвэл удирдагч нь “удирдагч” гэх байр сууринд очсоноос хойш гэрт нь урт хугацааны гэрийн үйлчлэгч хэрэгтэй болсон. Тэрээр нэг эгчийг сонгодог бөгөөд энэ эгч удирдагчийн гэрийн тусгай үйлчлэгч болдог. Энэ эгч гэрийн үйлчлэгч болдог, тэгвэл түүний үүрэг юу болж хувирдаг вэ? Тэр өөрт оногдсон ажил юм уу чуулгантай холбоотой ажлыг хийдэггүй, харин оронд нь удирдагчийн гэр бүлийнхний бүгдийнх нь өдөр тутмын амьдралд үйлчилдэг бөгөөд удирдагчийн гэрийн ажлыг хийх нь тун жам ёсны, үндэслэлтэй хэрэг гэж боддог, энэ талаар ямар ч гомдол, үзэл тээдэггүй. Энд хэн нь асуудалтай байна вэ? Чуулганы удирдагч хэчнээн их ажил хийх ёстой байлаа ч, эсвэл хэчнээн олон хүнийг удирддаг байлаа ч тэд үнэхээр тийм завгүй байдаг уу? Тэд өдөр тутмын амьдралаа болгоод явж үнэхээр чаддаггүй гэж үү? Чаддаггүй байлаа ч гэсэн энэ нь тэдний л хэрэг. Энэ нь бусдад ямар хамаатай юм бэ? Хэрвээ ах эгч нар хайхрамжгүй юм уу хойрго байвал ийм удирдагчид тэдэнд муухай аашилж, үүнийг далимдуулан тэдэнтэй “үнэнийг нөхөрлөдөг” бөгөөд энэ явдлаас болоод ах эгч нар засалт туулдаг—энд юу болоод байна вэ? Гэрийнх нь ор хөнжлийн даавуу бохирдох үед ах эгч нар угаах ёстой, гэр нь замбараагүй байх үед ах эгч нар цэвэрлэх ёстой, хоолны цагаар ах эгч нар хоол хийх ёстой; эдгээр удирдагч лазан болдог бөгөөд тэд ингэж л удирдагчаар ажилладаг. Энэ хүмүүс ийм илрэл, ийм хүн чанартай байх үедээ үнэнийг эрэлхийлж чадах уу? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Ийм хүмүүс хүн чанараар хэтэрхий дутмаг, хэтэрхий жигшүүртэй. Тэд үнэнийг ер сонирхохгүй.) Хэрвээ тэд үнэнийг сонирхохгүй юм бол яагаад удирдагч болдог вэ? (Тэд нэр хүнд, байр суурийг эрэлхийлж, өөрсдийгөө гайхуулахын тулд тэгдэг.) Та нар үүнийг тодорхой тайлбарлаж чадахгүй байна, тийм үү? Ямар хүмүүс ах эгч нарыг мөлжиж, өөртөө үйлчлүүлж, ажиллуулж чаддаг вэ? Энэ нь антихристүүдийн илэрхий онцлог шинжийн нэг биш гэж үү? Бүх зүйл дээр зөвхөн өөрсдийн ашиг тусыг эрж хайдаг, зөвхөн өөрсдийн ашиг, алдагдалд л санаа зовдог бөгөөд ингэж үйлдэх нь үнэнд нийцдэг эсэх, энэ нь хүн чанартай эсэх, Бурханд таалагддаг эсэх, ах эгч нар үүнээс ямар нэгэн ашиг тус олж, босгон байгуулагдаж чадах эсэхийг бодолцон үздэггүй—тэд эдгээр зүйлийг бодолцдоггүй, харин зөвхөн өөрсдийн ашиг, алдагдлыг болон бодит ашиг тус хүртэж чадах эсэхээ л бодолцдог. Энэ бол антихристүүдийн дагадаг зам бөгөөд энэ нь антихристүүдийн зан араншин юм. Энэ бол байр суурьтай нэг төрлийн хүн. Зарим хүн байр суурьгүй, жирийн үүрэг гүйцэтгэдэг бөгөөд жаахан шалгуур хангамагцаа бас л бусдыг өөртөө үйлчлүүлэхийг хүсдэг. Зарим хүн хэд хэдэн эрсдэлтэй үүрэг гүйцэтгэдэг бөгөөд бас л бусдыг захирч өөртөө үйлчлүүлэхийг хүсдэг. Мөн онцгой үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үүргээ ах, эгч нарыг өөртөө үйлчлүүлэх үндсэн нөхцөл, наймаацах хэрэгсэл, нэг төрлийн хөрөнгө гэж үздэг хүмүүс ч бий. Жишээлбэл, зарим хүн бусдын сураагүй, эсвэл эзэмшээгүй онцгой мэргэжлийн ур чадварыг мэддэг. Тэд Бурханы гэрт эдгээр мэргэжлийн ур чадвартай холбоотой үүрэг гүйцэтгэж эхлэх үедээ өөрсдийгөө бусад хүмүүсээс өөр, Бурханы гэрт чухал байр сууринд тавигдаж байна, одоо дээд зиндаанд орсон гэж боддог бөгөөд ялангуяа үнэ цэн нь хоёр дахин өссөн, өөрсдөө хүндтэй болсон гэж санагддаг. Үүний үр дүнд тэд тодорхой ажлуудыг өөрсдөө хийх шаардлагагүй, хоол авчруулах, хувцсаа угаалгах зэрэг өдөр тутмын ажлын тухайд бусдыг захирч ямар ч хөлсгүйгээр өөртөө үйлчлүүлэх нь зүйн хэрэг гэж боддог. Тэр ч бүү хэл, үүргээ гүйцэтгээд завгүй гэдгээр шалтаглан ах эгч нараар энийг ч, тэрийг ч өөрсдийнхөө төлөө хийлгэдэг хүмүүс бий. Өөрсдөө заавал хийх ёстой зүйлсээс гадна, бусдыг өөртөө үйлчлүүлж болох, эсвэл бусдыг захиран хийлгэж болох бүх зүйлийг тэд өөр хүмүүсээр хийлгэдэг. Яагаад тэр вэ? Тэд “Би хөрөнгөтэй, би хүндэтгэл хүлээхүйц, би бурхны гэр дэх ховорхон авьяастан, би онцгой үүрэг гүйцэтгэдэг, би бурхны гэрийн хөгжүүлэлтийн гол хүлээн авагч. Та нарын хэн нь ч над шиг сайн биш, бүгд надаас доогуур түвшнийх. Би бурхны гэрт онцгой хувь нэмэр оруулж чадна, та нар чадахгүй. Тиймээс та нар надад үйлчлэх ёстой” гэж боддог. Энэ нь хэрээс хэтэрсэн, ичгүүргүй шаардлага биш гэж үү? Хүн бүр зүрх сэтгэлдээ ийм шаардлага тээдэг боловч мэдээж антихристүүд эдгээр зүйлийг бүр ч харгисаар, ичгүүр сонжуургүйгээр шаарддаг, тэдэнтэй үнэний талаар яаж ч нөхөрлөлөө гэсэн тэд үүнээсээ татгалзахгүй. Жирийн хүмүүст ч бас антихристүүдийн энэ илрэлүүд байдаг бөгөөд хэрвээ тэд бага зэрэг авьяастай бол, эсвэл өчүүхэн төдий хувь нэмэр оруулбал өөрсдийгөө онцгой хангамж эдлэх эрхтэй гэж үздэг. Тэд өөрсдийнхөө хувцас, оймсыг угаадаггүй, бусдаар үүнийг хийлгэдэг бөгөөд хүн чанарт харшлах зарим нэг үндэслэлгүй шаардлага тавьдаг—тэд үнэхээр эрүүл ухаангүй! Хүмүүст байдаг эдгээр санаа, шаардлага нь ухаалаг байдлын хүрээнд байдаггүй; наанадаж тэдгээр нь хүн чанар, мөс чанарын стандартад нийцдэггүй, цаанадаж үнэнтэй нийцдэггүй. Эдгээр илрэлийг бүгдийг нь өөрсдийнхөө ашиг тусын төлөө чармайдаг антихристүүдийн ангилалд оруулж болно. Завхарсан зан чанартай хүн бүр ийм зүйл хийж чаддаг бөгөөд үүнийг хийж ч зүрхэлдэг. Хэрвээ хэн нэгэн хүн бага зэрэг авьяастай, хөрөнгөтэй байгаад, жаахан хувь нэмэр оруулбал дараа нь бусдыг мөлжихийг хүсдэг, үүрэг гүйцэтгэх боломжоо ашиглан өөрсдийнхөө ашиг тусын төлөө зүтгэхийг, бүх зүйлийг бэлэнчилж, бусдыг өөртөө үйлчлүүлснээс ирэх аз жаргал, хангамжийг эдлэхийг хүсдэг. Тэр ч бүү хэл үүргээ гүйцэтгэхийн тулд гэр бүл, ажил төрлөө орхидог зарим нэг хүн байдаг бөгөөд энэ хугацаанд тэд ямар нэгэн хөнгөн өвчин тусаж, улмаар сэтгэл хөдлөлд автан, хэн ч өөрсдөд нь санаа тавьж, халамжлахгүй байна гэж гомдоллодог. Чи өөрийнхөө төлөө үүргээ гүйцэтгэж байна, өөрийнхөө үүргийг гүйцэтгэж, өөрийнхөө хариуцлагыг биелүүлж байна—энэ нь бусад хүмүүст ямар хамаатай юм бэ? Хүн ямар ч үүрэг гүйцэтгэсэн бай, энэ нь хэзээ ч өөр хэн нэгний төлөө, эсвэл өөр хэн нэгэнд үйлчлэхийн тулд хийгддэггүй, тиймээс хэн ч бусдад ямар ч хөлсгүйгээр үйлчлэх юм уу бусдад захирагдах үүрэг хүлээдэггүй. Энэ үнэн биз дээ? (Тийм.) Хэдийгээр Бурхан хүмүүсээс хайр энэрэлтэй байж, бусдад тэвчээртэй, хүлээцтэй ханддаг байхыг шаарддаг ч хүн бусдаас ийм байхыг субьектив байдлаар шаардаж болохгүй, тэгэх нь үндэслэлгүй хэрэг юм. Хэрвээ чамайг шаардаагүй байхад хэн нэгэн чамд хүлээцтэй, тэвчээртэй хандаж, чамайг хайрлаж чадаж байвал энэ нь тэдний л хэрэг. Харин чамайг шаардсан учраас л ах эгч нар чамд үйлчилдэг бол, хэрвээ тэд чамд хүчээр захирагдаж, мөлжүүлдэг бол, эсвэл чи тэднийг мэхэлсний үндсэн дээр чамд үйлчилдэг бол чамд асуудал байна. Зарим хүн бүр үүрэг гүйцэтгэх боломжийг далимдуулж, үүгээр шалтаглан чинээлэг зарим ах, эгч нараас эд зүйл нэхэж, тэднээр энийг ч, тэрийг ч худалдаж авхуулан, өөртөө үйлчлүүлдэг. Жишээлбэл, хэрвээ тэдэнд дахиад хэдэн хувцас хэрэгтэй болбол тэд нэг ах юм уу эгчид: “Чи хувцас оёж чадна биз дээ? Яваад надад өмсөх юм оёод өг” гэж хэлдэг. Тэр ах юм уу эгч: “Тэгвэл хэтэвчээ гарга. Чи материалаа ав, тэгвэл би чамд нэг юм оёж өгье” гэдэг. Тэд мөнгөө гаргадаггүй, харин оронд нь тэр ах юм уу эгчийг албадан өөртөө материал авхуулдаг—энэ үйлдлийн уг чанар ов мэхтэй биш гэж үү? Ах эгч нарын хоорондын харилцааг мөлжих, өөрсдийн хөрөнгийг ашиглах, үүрэг гүйцэтгэх боломжийг далимдуулан ах эгч нараас бүх төрлийн үйлчилгээ, хангамж шаардах, ах эгч нарыг захиран өөрийнхөө төлөө ажиллуулах—эдгээр нь бүгд антихристүүдийн дорд ёс жудгийн илрэл юм. Ийм хүмүүс үнэнийг эрэлхийлж чадах уу? Тэд ер нь өөрчлөгдөж чадах уу? (Үгүй.) Намайг ингэж нөхөрлөхийг сонсоод магадгүй зарим хүн эдгээр зүйлийг хийх нь муу гэдгийг ухаарч, биеэ бага зэрэг барьж чадах байх, гэхдээ биеэ барих нь үнэнийг эрж хайж, хэрэгжүүлж чаддаг байхтай адилхан уу? Биеэ барих нь зүгээр л ухаарч, өөрийн дүр төрх, нэрэлхүү занг анхаарч буй хэрэг юм. Намайг ингэж задлан шинжлэхийг сонссоныхоо дараа энэ хүмүүс асуудлын ноцтой байдлыг харж, дахиж алдаа гаргаж болохгүй гэдгээ, мөн ах эгч нар өөрсдийг нь ялган танивал өөрсдийг нь ил болгож, голно гэдгийг ухаардаг. Тэдний ухаарал зөвхөн энэ хэмжээнд хүрдэг боловч тэдний хүсэл, шунал зүрх сэтгэлээс нь арилах боломжгүй.
Зарим хүн “Би бурхны гэрийн төлөө хүчин чармайлт гаргадаг, би бурхны гэрт маш их хувь нэмэр оруулсан, би хэн ч орлож чадашгүй үүрэг гүйцэтгэдэг. Надад хэрэгцээ гарах үед ах эгч нар болон бурхны гэр миний шаардлагыг хангахын тулд надад тусламжийн гараа сунгах үүрэгтэй. Тэд надад цаг ямагт болзолгүйгээр, хариу төлбөргүйгээр үйлчлэх ёстой” гэж боддог. Энэ нь ичгүүртэй бодол биш гэж үү? Дорд ёс жудгийн илрэл биш гэж үү? Жишээлбэл, хүн бүр л заримдаа өвддөг, гэвч зарим хүн өвдөх үедээ энэ талаар хэзээ ч бусдад яриад явдаггүй, харин оронд нь үүргээ зохих ёсоор үргэлжлүүлэн гүйцэтгэдэг. Хэн ч тэднийг мэддэггүй, тэдэнд санаа тавьдаггүй, тэд дотроо гомдоллодоггүй, үүргээ ч хойшлуулдаггүй. Гэвч зарим хүн өвдөөгүй байхдаа ч өвчтэй мэт дүр эсгэж, хатан хаан юм уу язгууртан шиг авирлаж, хүмүүсийг өөртөө үйлчлүүлэхийн тулд элдэв арга сүвэгчилж, онцгой хангамж хүртэхийн тулд боломжтой бүхнийг хийдэг. Тэд өвдөөгүй байхдаа өвчтэй мэт дүр эсгэдэг, тэд үнэхээр өвдөх юм бол бүр ч төвөгтэй байдаг, учир нь тэр үед хэчнээн хүн тэдний гарт зовж, хаа сайгүй тэдэнд зарагдахыг хэн мэдлээ. Ийм хүн өвдөх үед хүн бүрд гай зовлон нүүрлэдэг; зарим нь тэдэнд тахианы шөл хийж өгч, зарим нь иллэг хийж, зарим нь хооллож, зарим нь алхахад нь тусалдаг—олон хүн зовдог биш үү? (Тийм.) Уг нь энэ нь зүгээр л жирийн, хөнгөн өвчин байсан боловч тэд ноцтой, эдгэршгүй өвчин мэт дүр эсгэх ёстой болдог—яагаад тэд дүр эсгэх ёстой гэж? Тэд ах эгч нарыг мэхэлж, өөртөө үйлчлэл үзүүлүүлж, туслуулж, зарахын тулд ингэдэг. Энэ хүмүүс ичгүүртэй биш гэж үү? (Тийм.) Ийм хүн олон бий юу? Та нар бүгд ийм биш гэж үү? (Би үүнийг өөрөөсөө хараахан таньж мэдээгүй байна.) Хэрвээ та нар үүнийг таньж мэдээгүй бол ерөнхийдөө өдөр тутмын амьдралдаа зан авираа шинжилдэггүй, бодол санаа болон уг чанар-мөн чанараа шинжилдэггүй, Бурханы шинжилтийг хүлээн авдаггүй гэдгийг чинь энэ нь нотолж байна. Зарим хүн үүргээ гүйцэтгэж байхдаа арай илүү ядарч, шөнө нойроо бага зэрэг хугаслахаараа үүнийгээ аймшигтай нөхцөл байдал мэтээр харуулдаг. Маргааш өглөө нь босоод тэд “Би өнгөрсөн шөнө цурам хийсэнгүй. Сүүлийн хэд хоног үүргээ гүйцэтгээд маш завгүй байсан болохоор хэтэрхий их ядраад унтаж чадсангүй. Хурдан хүн олж надад иллэг хийлгэ!” гэж гомдоллодог. Үнэн хэрэгтээ тэд зургаан цаг унтсан байдаг. Тэдэнд ямар ч асуудал гарсан бай, тэд үүнийхээ бурууг үргэлж үүрэгтээ тохдог; тэд ядарсан ч бай, зовж зүдэрсэн ч бай, эсвэл өвдөж, бие нь тавгүйрхсэн ч бай эдгээр зүйлд үргэлж үүргээ буруутгадаг. Яагаад тэд үүргээ буруутгадаг вэ? Энэ нь зүгээр л зарим нэг давуу тал олж авч, хүн бүрээр өөрсдийгөө өрөвдүүлж, улмаар хүмүүсийг өөртөө үйлчлүүлж, үйлчлэл үзүүлүүлэхийг шаардаж байгаагаа зөвтгөхийн тулд юм. Үргэлж эзэн хаан, хатан хаан шиг авирлаж, бусдыг өөртөө үйлчлүүлэхийг хүсдэг энэ хүмүүс ямар гээчийн амьтад вэ? Энэ хүмүүс дорд ёс жудагтай, жигшүүртэй. Зарим хүн бага зэрэг бие нь тавгүйрхэж, хааяа нэг хоол идэж чадахгүй болох үедээ үүнийгээ асар ноцтой мэт харуулж, маш их сүржигнэж, өөртөө иллэг хийлгэх хүн даруйхан олдог. Иллэг бага зэрэг өвтгөх үед тэд уйлж, чангаар хашхичдаг бөгөөд үүний утга нь: “Иллэг хийлгэхдээ ч би зовж байна. Хэрвээ бурхан надад шагнал өгч, намайг төгс болгохгүй бол би үнэхээр хохирно!” гэдэг юм. Тэд бага зэрэг зовлон туулж, багахан төлөөс төлөх үедээ үүнийгээ дэлхий даяар зарлаж, дэлхий дээрх хүн бүрд мэдэгдэхийг хүсдэг. Чи өөрийнхөө төлөө үүргээ гүйцэтгэдэггүй гэж үү? Чи Бурханы өмнө үүргээ гүйцэтгэдэггүй гэж үү? Чи яах гэж зовлонгоо хүмүүст зарладаг юм бэ? Энэ нь өнгөцхөн биш гэж үү? Ийм хүмүүс дорд ёс жудагтай бөгөөд тэд үнэхээр жигшмээр! Энэ хүмүүс өөр юугаараа дорд байдаг вэ? Тэд бас зарим онцгой дадал зуршил, хачин зан гаргаж, өөрсдийгөө бусдаас өөр, маш үнэ цэнтэй, асар их халамж, хамгаалалт шаардлагатай гэдгээ хүмүүст мэдэгдэх гэж найддаг. Жишээлбэл, хэн нэгэн хүн хоолны дуршил муутай байна, юу ч идэж чадахгүй байна гэж хэлэх үед ийм хүн гэдсээ дарж, өөрийнх нь ходоод ч бас муу байгаа, гэхдээ үүргээ цөхрөлтгүй гүйцэтгэж байгаа гэж хэлээд, хэн нэгнийг яаралтай ходоодны эм авчир гэж зардаг. Бас Би нэг хүнд “Юу гээч, Би бага хэмжээгээр л идэж чаддаг, Миний ходоод хүйтэн хоол, унданд эмзэг” гэж хэлсэн юм. Тэр хүн Намайг ингэж хэлэхийг сонсоод “Таны ходоод хүйтэн зүйлд эмзэг юм уу? Минийх ч бас” гэж хариулсан. Би: “Чиний ходоод яаж хүйтэн зүйлд эмзэг байдаг юм бэ?” гэхэд тэр: “Би даармагцаа гэдэс өвддөг; хүйтэн зүйлд эмзэг” гэж хэлсэн. Ингэж хэлэнгээ тэрээр гадил арилгаад хэдхэн хазаад л залгичихсан. Би: “Тэр гадилыг хэдхэн хазаад л залгиж байгааг чинь бодоход чиний ходоод хүйтэн зүйлд үнэхээр эмзэг байх нь ээ. Чиний ходоод үнэхээр хүйтэн зүйлд эмзэг гэж үү?” гэсэн. Ийм хүмүүс ичгүүр сонжуургүй, ухаалаг байдалгүй биш гэж үү? Хэрвээ хүн хэвийн хүн чанарын ухаалаг байдалгүй, ичих нүүргүй бол огтхон ч хүн биш, харин араатан юм. Араатан үнэнийг ойлгож чаддаггүй, хэвийн хүн чанарын ёс жудаг, нэр төр, мөс чанар, эрүүл ухаангүй байдаг. Энэ хүмүүс ичгүүр сонжуургүй, нэр төргүй байдаг учраас өчүүхэн төдий үүрэг гүйцэтгэж, бага зэрэг бэрхшээл туулах үедээ хүчин чармайлтыг нь хүн бүр хүлээн зөвшөөрч, тэднийг шинээр бишрэн харж, Бурхан тэдэнд онцгой хангамж өгч, тэдэнд эелдэг хандаж, тэднийг ерөөгөөсэй гэсэндээ үүнийгээ дэлхий даяар зарлахыг хүсдэг. Үүний зэрэгцээ, хэн нэгэн тэдэнд даруй үйлчилж, шаардлагад нь хариу өгч, тэдний дуудлагад бэлэн байх ёстой. Тэднийг цангах үед хэн нэгэн тэдэнд цай аягалж өгөх ёстой; өлсөх үед нь хэн нэгэн тэдэнд хоол өгөх ёстой. Тэдэнд үйлчилдэг, хэлснийг нь хийдэг, хэрэгцээг нь хангадаг хүн үргэлж байх ёстой. Тэдний махан бие өөр хэн нэгний төлөө төрсөн мэт, мөн тэд төрөлхөөсөө хэн нэгнээр үйлчлүүлж байх шаардлагатай мэт байдаг; хэн ч тэдэнд үйлчлэхгүй бол тэд өөрсдөдөө санаа тавих чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй мэт байдаг. Юу хийхийг нь зааж тушаах хүн, эсвэл өөртөө ажиллуулж, өөртөө үйлчлүүлэхээр зарах хүн байхгүй үед тэд ганцаардаж, хоосорч, амьдрал ямар ч утга учиргүй, найдваргүй мэт санагддаг. Тэд бусдыг өөртөө үйлчлүүлж, үйлчлэл үзүүлүүлэх боломж, шалтаг олмогцоо тэнгэрийн умдаг атгасан мэт сэтгэл хангалуун, баяртай байдаг. Тэд амьдрал ийм гайхалтай, Бурханд итгэх ийм гайхалтай, энэ бол Бурханд итгэх итгэлийн утга учир, итгэгч хүн Бурханд ингэж л итгэх учиртай гэж боддог. Үүргийн талаарх тэдний ойлголт бол бусдыг өөртөө үйлчлүүлж, бусдыг дураараа зарахын үндсэн дээр хүчин чармайлт гаргаж, хариуцлагаа биелүүлэх явдал юм—энэ бол тэдний үүрэг. Тэд үүргийнхээ төлөө үргэлж шагнал авах ёстой, үргэлж ямар нэгэн зүйл олж авч, ямар нэгэн зүйл авахаар оролдох ёстой гэж үздэг. Хэрвээ тэд мөнгө юм уу эд материал олж авахаар оролдохгүй бол махан биеийн таашаал, баяр баясгалан олж авахыг оролддог бөгөөд ядаж л махан бие нь баяр баясгалантай, тав тухтай байх ёстой, тэгвэл тэд баярлаж, улмаар үүргээ гүйцэтгэх эрч хүчтэй болж, үүргээ бага зэрэг үнэнчээр гүйцэтгэж чадна. Ийм хүмүүс үнэний талаар гажууд ойлголттой байдаг уу, эсвэл дорд ёс жудгаасаа болоод зүгээр л үнэнийг хүлээн авдаггүй юу? (Тэд дорд ёс жудагтай тул үнэнийг хүлээн авдаггүй.) Энэ хүмүүс бол тэр чигтээ үл итгэгчид, антихристүүдийн ачлалт үр удам, антихристүүдийн биелэл юм.
Ертөнцөд байхдаа жүжиглэх дуртай, жүжигчний мэргэжилд дуртай байсан ч тэнд амбицаа биелүүлж чадаагүй зарим жүжигчин Бурханы гэрт байдаг. Одоо тэд Бурханы гэрт ирж, эцэстээ хүсэл нь биелжээ: Тэд дуртай мэргэжлээрээ ажиллаж чадах болж, зүрх сэтгэл нь үгээр хэлэхийн аргагүй баяр хөөрөөр бялхахын зэрэгцээ энэ боломжийг олгосонд нь Бурханд талархдаг. Тэдний нэгэнд нь гол дүр бүтээх аз таарч, дараа нь өөрийгөө байр суурьтай, үнэ цэнтэй хүн гэж бодоод, байр суурь, үнэ цэнийнхээ төлөө ямар нэг зүйл хийх ёстой гэж бодсон. Тэрээр ертөнцийн алдартнууд, одод юу хийдэг, хэрхэн авирладаг, хэв маяг нь ямар байдаг, ямархуу амьдралын хэв маягаар амьдардгийг харж, тэднийг дуурайн хуулбарлаж, үүнийгээ чанартай, эрхэмсэг амьдралаар амьдарч байна гэж үзсэн. Тиймээс тэр гол дүр авч, “од” болсон мөчөөсөө эхлэн бардамнаж эхэлсэн. Тэр хэр их бардамнасан бэ? Энэ асуудлыг тайлбарлаж чадах нэг жижиг хэрэг урьд нь гарч байсан. Зураг авалтын багийнхан бүгд зураг авалтаа эхлүүлэхэд бэлэн болоход энэхүү “од”-ын өрөөсөн хөмсөг сайн зурагдаагүй байсан бөгөөд хүн бүр түүнийг хүлээж, түүнийг тойрон эргэлдэж, түүнд үйлчлэх хэрэгтэй болсон. Арван минут, хорин минут өнгөрөхөд өнөөх одод хөмсөг нь тийм ч сайн зурагдаагүй байна гэж санагдаад, нүүр будагчаар арилгуулж, дахин зуруулсан. Нэг цаг өнгөрч, жүжигчид болон багийнхан бүгд энэ “од”-ын хөмсгийг сайн зурагдаж дуусахыг хүлээгээд, дараа нь зураг авалтаа эхлүүлсэн—хүн бүр энэ хүнд үйлчилж, түүнийг тойрон эргэлдэх хэрэгтэй болсон. Энэ ямархуу хүн бэ? Тэр хэвийн хүн мөн үү? Хүн чанартай хүн мөн үү? Үгүй. Тэр бол Сатаны хуарангийн хүн, Сатанд харьяалагддаг бөгөөд Бурханы гэрийн хүн биш. Бурханы гэрт одод байдаг уу? Бурханы гэрт одод байдаггүй, зөвхөн ах эгч нар л байдаг; зөвхөн өөр өөр үүрэг л байдаг бөгөөд өндөр, нам байр суурийн ялгаа байдаггүй. Тэгвэл ямар үндэслэлээр энэ нэг хүн ах эгч нарыг хүлээлгэсэн бэ? Нэг зүйл лавтай, тэр өөрийгөө бусдаас илүү чухал, өөрийнх нь үүрэг бусдынхаас илүү жинтэй, түүнгүйгээр жүжгийн зураг авалтыг хийх боломжгүй, түүнгүйгээр бусад хүн үүргээ хий дэмий гүйцэтгэж байгаа хэрэг болно гэж бодсон. Тийм учраас бусад бүх хүн түүнд үйлчилж, түүнийг хүлээхийн тулд төлөөс төлж, тэвчээр гаргах ёстой болсон бөгөөд хэн ч гомдоллох ёсгүй байв. Хүн чанаргүй байхаас гадна, ийм хүмүүс ингэж авирлах зарчмыг хаанаас олж авдаг вэ? Тэдний зарчим үнэн болон Бурханы үгээс гардаг уу, эсвэл хүний завхарсан зан чанараас гардаг уу? (Хүний завхарсан зан чанараас.) Сатаны хуарангаас ирсэн хүмүүс Сатаны завхарсан зан чанартай байгаад зогсохгүй, бүлэг хүмүүсийн дунд гаргадаг үйлдэл, зан авир, илрэл нь ч бас жигшмээр байдаг. Яагаад жигшмээр гэж? Тэд үргэлж нөхцөл байдлыг гартаа авч, бусдад явуулга хийж, бусдаар өөрсдийгөө хүрээлүүлж, өөрсдийгөө гол хүн болгохыг хүсдэг. Ингэхдээ тэд өөрсдийгөө бусад бүх хүнээс өндөр байр сууринд тавьж байгаа нь илэрхий юм; тэд бусдаас дээгүүр байж, бусад бүх хүнийг хянахыг хүсдэг. Энэ нь хүмүүсийн хийх учиртай зүйл мөн үү? (Биш.) Үүнийг хэн хийдэг вэ? (Сатан.) Энэ бол Сатаны хийдэг зүйл. Бурхан хүмүүсээс үүргээ гүйцэтгэхийг шаарддаг үнэнүүд дунд, хүмүүс үүргээ гүйцэтгэх үедээ нөхцөл байдлыг гартаа авч, хүн бүрийн бодол санаа, зан авирыг хянах ёстой гэсэн шаардлага байдаг уу? (Үгүй.) Тэгвэл энэ нь хаанаас гардаг вэ? Энэ бол хүмүүст төрөлхөөсөө байдаг сатанлаг уг чанар юм. Хүмүүс бол Сатанууд бөгөөд төрсөн цагаасаа л ийм уг чанартай байдаг. Тэдэнд үүнийг сурах шаардлага байхгүй, хэн нэгнээр заалгах ч шаардлагагүй бөгөөд чи тэдэнтэй үнэний талаар яаж ч нөхөрлөсөн, тэд үүнийгээ орхихгүй. Мөн тайзан дээр гарч үзүүлбэрээ үзүүлэхээсээ өмнө хэдэн сул үсээ янзлаагүй нэг хүн байсан. Гадаад байдлын хувьд тэр зүгээр харагдаж байсан ч цагтаа тайзан дээр гарч үзүүлбэрээ үзүүлээгүй; ах эгч нар хэчнээн шавдуулсан ч ямар ч нэмэргүй байсан. Тэр өөрийгөө од, гол хүн гэж үзсэн; энэ хэдхэн ширхэг үсний төлөө хүн бүрээр төлөөс төлүүлж, цагийг нь үрсэн бөгөөд хүн бүр ганцхан түүнд үйлчлэх ёстой болсон. Энэ нь хэвийн хүн чанартай хүнд байх учиртай илрэл мөн үү? Энэ үйлдлийн уг чанар юу вэ? Тэр бардамнаж байсан биш үү? Тэр хариуцлагагүй байсан бөгөөд учирлаад нэмэргүй байв. Түүний хувьд хэний ч үүрэг өөрийнх шиг нь чухал биш, хүн бүр түүнд үйлчлэх ёстой байв. Тэрээр “Энэ хоёр туг үсийг сэнсдэж хэвэнд нь оруулахад бүтэн өдөр шаардлагатай бол та нар намайг бүтэн өдөр хүлээх хэрэгтэй; хэрвээ хоёр өдөр шаардлагатай бол хоёр өдөр хүлээх хэрэгтэй; хэрвээ насан туршдаа янзлах шаардлагатай бол та нар насан туршдаа хүлээх хэрэгтэй. Бурхны гэрийн ажил, ашиг сонирхол ямар хамаатай юм бэ—миний ашиг сонирхол нэгдүгээрт тавигдана! Хэрвээ би үсээ сэнсдэж хэвэнд нь оруулж чадахгүй бол камерын өмнө гарах үед миний дүр төрх сэвтэх биш үү? Миний дүр төрх маш чухал. Бурхны гэрийн ашиг сонирхол юу ч биш!” гэж бодсон. Энэ хүн ямар гээч зүйл вэ? Ийм төрлийн хүн бас “Би бурхныг хайрладаг, бурханд гэрчлэл хийдэг, бурхны төлөө үүргээ гүйцэтгэдэг, би бүхнийг орхидог” гэж хэлнэ. Энэ бүгд худал биш гэж үү? Тэд ганц хоёр үс сэнсдэх төдий зүйлийг орхиж чадахгүй байж юу орхиж чадах юм бэ? Тэд юу хаяж чадах юм бэ? Тэдний орхиж байгаа нь бүгд хуурамч! Ийм хүмүүс ямар ч бодлогогүй, мөс чанаргүй, дорд ёс жудагтай бөгөөд үнэнийг бүр ч хайрладаггүй. Тэдний хүн чанар шалгуур хангадаггүй тул хэн ч тэдэнтэй үнэний талаар ярихгүй, тэд үүнд зохисгүй бөгөөд зан араншин нь ч шалгуур хангадаггүй. Ийм олиггүй хүн чанартай хүнтэй үнэний талаар ярих нь гахай, нохойтой үнэний талаар ярихтай адилхан биш гэж үү? Тэд бага зэрэг хүний төрхтэй болж, хүн шиг ярьж чаддаг болох үед хүмүүс тэдэнтэй үнэний талаар ярина, харин яг одоо тэд үүнийг хүртэх эрхгүй. Ийм хүмүүс маш олон, нэлээд их байдаг. Тэгвэл зарим хүнд яагаад эдгээр зүйлийг харуулдаггүй вэ? Учир нь тэдэнд хараахан боломж олдоогүй; тэдний хэв чанар, авьяас билэг маш эгэл жирийн учраас, тэдэнд олны анхаарлын төвд орох боломж гараагүй, тэд ямар нэгэн хөрөнгө олж аваагүй учраас л тэр, гэхдээ зүрх сэтгэлдээ тэд арга сэдэж байгаа ба төлөвлөгөө нь бүрэлдэх шатандаа байсаар байгаа. Тийм учраас тэд иймэрхүү илчлэл харуулаагүй. Гэхдээ ийм илчлэл байхгүй гэдэг нь тэдэнд ийм уг чанар байхгүй гэсэн үг биш. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлдэггүй бөгөөд антихристүүдийн замаар явдаг бол эрт орой хэзээ нэгэн цагт ийм илчлэл гаргах өдөр ирнэ. Чи бол чи, хүн чанаргүй байдал бол хүн чанаргүй байдал; чи дүр эсгэснээрээ, эсвэл авьяасгүй, хэв чанар муутай байлаа гээд хүн чанартай хүн болж чадахгүй. Тиймээс ганцхан зам бий: Хүн үнэнийг хүлээн авч, засалтыг хүлээн авч чадвал түүний зан араншин бага зэрэг сайжирч чадна. Тэрээр эдгээр баримттай нүүр тулж, эдгээр баримтад зөвөөр хандаж, дараа нь өөрийнхөө зан авир, зүрх сэтгэлийнхээ гүнийг байнга шинжилж, шалгаж чаддаг болох үедээ илүү дээрдэж, биеэ бага зэрэг барьж чадна. Биеэ бага зэрэг барьснаар ямар зорилгод хүрч чадах вэ? Чи өөрийгөө төдийлөн эвгүй байдалд оруулахгүй, нэр хүнд чинь бага зэрэг сайжирч, хүмүүс чамайг зэвүүцэхгүй, Бурхан чамайг жигшихгүй, ийм маягаар чамд Бурханаар авруулах боломж гарч мэднэ. Энэ нь хүнд байх ёстой хамгийн наад захын эрүүл ухаан биш гэж үү? Өчүүхэн төдий мөс чанар, эрүүл ухаантай хүн ингэж хэрэгжүүлж, орох амархан биш гэж үү?
Ийм хүмүүсийн талаар Миний ярихыг сонсох үедээ та нар нэлээд сэтгэл амар байдаг, гэхдээ хэрвээ Би та нарын дундах тодорхой хүмүүсийн талаар яривал та нарт ямар санагдах вэ? Та нар хэвийн хариу үйлдэл үзүүлэх үү? Би чамд хэлье, хэрвээ чи зан чанарын өөрчлөлтөд хүрч, үнэн-бодит байдалд орохыг хүсвэл сорилтуудыг ар араас нь давах ёстой. Эдгээр хэрэг явдлыг бүү дутуу үнэл; хэрвээ чиний хүн чанар шалгуур хангахгүй бол ах эгч нар чамайг зэвүүцээд зогсохгүй, Бурхан ч бас чамайг төгс болгохгүй, эсвэл чамайг аврахгүй. Бурхан хэн нэгнийг аврах хамгийн үндсэн нөхцөл бол тэр хүн хүн чанар, эрүүл ухаан, мөс чанартай байх ёстой, ичих нүүртэй байх ёстой. Ийм хүн Бурханы өмнө ирж, Түүний үгийг сонсох үед Бурхан түүнийг гэрэлтүүлж, удирдаж, залж чиглүүлнэ. Хүн чанар, мөс чанар, эрүүл ухаангүй, эсвэл ичгүүрийн мэдрэмжгүй хүмүүс Бурханы өмнө очих шаардлагыг хэзээ ч хангахгүй. Чи номлол сонсдог, зарим хоосон сургаалыг мэддэг байлаа ч гэсэн гэгээрүүлэгдэхгүй хэвээр байх тул үнэн-бодит байдалд үүрд орж чадахгүй. Хэрвээ чи үнэн-бодит байдалд орж чадахгүй бол авралд хүрэх найдвар чинь тэг гэдгийг ухаарахад тийм ч их зүйл шаардагдахгүй. Хэрвээ чи зөвхөн антихристүүдийн эдгээр илрэл болон антихристүүдийн зан чанар, мөн чанарыг эзэмшдэг бөгөөд Бурханы шаарддаг хэвийн хүн чанарын илрэлүүдийн аль нь ч чамд байхгүй бол чи асар их аюулд оржээ. Хэрвээ чи Миний ил болгож буй антихристүүдийн эдгээр илрэл, мөн чанар нэг бүрийг, тэдний үйлдэл болон илчлэлийн хамтаар өөртэйгөө тулган үзэж чаддаг бол, хэрвээ чи тэдгээрийг бүгдийг нь их бага хэмжээгээр эзэмшдэг бол энэ нь чиний хувьд маш аюултай. Хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхгүй хэвээр байж, антихрист гэж тодорхойлогдох хүртлээ хүлээвэл бүрмөсөн дуусна. Антихристийн мөн чанартай байх, эсвэл антихристийн зан чанартай байхын аль нь үхэлд хүргэх өвчин бэ? (Антихристийн мөн чанартай байх нь.) Тийм гэж үү? (Тийм.) Үүнийг сайтар бодоод, дахин хариул даа. (Антихристийн мөн чанартай байх болон антихристийн зан чанартай байхын аль аль нь үхэлд хүргэх өвчин юм.) Яагаад тэр вэ? (Яагаад гэвэл антихристийн мөн чанартай хүмүүс үнэнийг эрэлхийлэхгүй, антихристийн зан чанартай хүмүүс ч бас адилхан. Ямар ч асуудалтай тулгарсан, антихристийн зан чанартай хүмүүс үнэнийг эрэлхийлэхэд хэзээ ч анхаардаггүй бөгөөд тэдэнд хамгийн наад захын хүн чанар, эрүүл ухаан ч байдаггүй; ийм хүмүүс үнэнийг олж авч чадахгүй, авралд хүрч ч чадахгүй—энэ нь бас үхэлд хүргэх өвчин юм.) Өөр хэн яримаар байна? (Миний ойлгосноор бол энэ хоёрын аль нь ч үхэлд хүргэх өвчин биш, харин хүн үнэнийг эрэлхийлдэггүй бол тэр нь үхэлд хүргэх өвчин юм.) Энэ сайн үзэл бодол байна. Гэвч үүнд нэг урьдач нөхцөл бий, тэр нь антихристийн мөн чанар юм—антихристийн мөн чанартай тэр хүмүүс зүгээр л үнэнийг эрэлхийлдэггүй, тэд бол үл итгэгчид—антихристийн мөн чанартай байх нь хамгийн аюултай зүйл юм. Антихристийн мөн чанар гэж юу гэсэн үг вэ? Энэ хүмүүс зүгээр л үнэнийг эрэлхийлдэггүй гэсэн үг; тэд зөвхөн байр суурь эрэлхийлдэг, төрөлхөөсөө Бурханы дайснууд, антихристүүд, Сатаны биелэл, төрөлхийн диаволууд, хүн чанаргүй, материалистууд, стандарт үл итгэгчид бөгөөд ийм хүмүүс үнэнд зэвүүцдэг. “Үнэнд зэвүүцэх” гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэд Бурхан бол үнэн гэдэгт итгэдэггүй, Бурхан бол Бүтээгч гэх баримтыг хүлээн зөвшөөрдөггүй, Бурхан бүх зүйлийг болон бүхнийг захирдаг гэх баримтыг бүр ч хүлээн зөвшөөрдөггүй гэсэн үг юм. Тэгвэл ийм хүмүүст үнэнийг эрэлхийлэх боломж олгоход тэд үнэнийг эрэлхийлж чадах уу? (Үгүй.) Тэд үнэнийг эрэлхийлж чаддаггүй учраас, мөн тэд үүрд үнэний дайсан, Бурханы дайсан байдаг учраас үнэнийг хэзээ ч олж авч чадахгүй. Үнэнийг үүрд олж авч чадахгүй байх нь үхэлд хүргэх өвчин юм. Мөн антихристийн зан чанартай бүх хүн зан чанарын хувьд антихристийн мөн чанартай хүмүүстэй ижил төстэй байдаг: Тэд ижил илрэл, ижил илчлэл харуулдаг бөгөөд эдгээр илрэл, илчлэлийг харуулах арга зам, сэтгэлгээний хэв маяг, Бурханы талаарх үзэл, төсөөлөл нь ч бүгд адилхан байдаг. Гэвч антихристийн зан чанартай хүмүүсийн хувьд, тэд үнэнийг хүлээн авч, Бурхан бол Бүтээгч гэх баримтыг хүлээн зөвшөөрч чадах эсэх нь хамаагүй, үнэнийг эрэлхийлдэггүй л бол тэдний антихристийн зан чанар үхэлд хүргэх өвчин болдог бөгөөд үүнээс болоод тэдний төгсгөл антихристийн мөн чанартай хүмүүсийнхтэй адилхан байх болно. Харин аз болоход, антихристийн зан чанартай хүмүүсийн дунд хүн чанар, эрүүл ухаан, мөс чанар, ичгүүрийн мэдрэмжтэй, эерэг зүйлсийг хайрладаг, Бурханаар авруулах нөхцөлтэй зарим хүн байдаг. Энэ хүмүүс үнэнийг эрэлхийлдэг учраас зан чанарын өөрчлөлтөд хүрч, завхарсан зан чанараа хаяж, антихристийн зан чанараа хаядаг, тиймээс антихристийн зан чанар нь тэдний хувьд цаашид үхэлд хүргэх өвчин байхаа больж, аврагдах боломжтой болдог. Ямар нөхцөлд, антихристийн зан чанартай байх нь үхэлд хүргэх өвчин гэж хэлж болох вэ? Үүнд нэг урьдач нөхцөл бий, энэ нь хэдий энэ хүмүүс Бурханы оршин тогтнолыг хүлээн зөвшөөрч, Бурханы дээд эрхэд итгэж, Бурханы хэлсэн бүхэнд итгэж, хүлээн зөвшөөрч, үүргээ гүйцэтгэж чаддаг ч нэг зүйл буруу байдаг: Тэд үнэнийг хэзээ ч хэрэгжүүлдэггүй, эсвэл үнэнийг эрэлхийлдэггүй. Тиймээс тэдний антихристийн зан чанар тэдний хувьд үхлийн аюултай болж, амийг нь авч чадна. Антихристийн мөн чанартай хүмүүсийн тухайд, нөхцөл байдал ямар ч байсан, энэ хүмүүс үнэнийг хайрлах юм уу үнэнийг хүлээн авах боломжгүй, үнэнийг хэзээ ч олж авч чадахгүй. Ойлгож байна уу? (Тийм.) Та нар ойлгож байна. Надад давтаад хэл дээ. (Антихристийн мөн чанартай хүмүүс бол төрөлхөөсөө Бурханы дайснууд. Тэд үнэнийг хайрладаг, хүлээн авч чаддаг хүмүүс яавч биш бөгөөд тэд хэзээ нэгэн цагт үнэнийг олж авах боломжгүй, тиймээс тэдний хувьд антихристийн зан чанар нь үхэлд хүргэх өвчин юм. Харин антихристийн зан чанартай зарим хүний хувьд, хүн чанар, эрүүл ухаан, мөс чанар, ичгүүрийн мэдрэмжтэй байх, эерэг зүйлсийг хайрлаж, үнэнийг эрэлхийлэх, улмаар үнэнийг эрэлхийлснээрээ зан чанарын өөрчлөлтөд хүрэх гэсэн урьдач нөхцөлийг хангаж байвал тэд зөв замаар явж байгаа бөгөөд тэдний хувьд антихристийн зан чанар нь үхэлд хүргэх өвчин биш юм. Энэ бүхэн нь энэ хүмүүсийн мөн чанар болон тэдний явдаг замаар шийдэгддэг.) Өөрөөр хэлбэл, антихристийн мөн чанартай хүмүүс хэзээ ч үнэнийг эрэлхийлэх боломжгүй, хэзээ ч авралд хүрч чадахгүй, харин антихристийн зан чанартай хүмүүсийг хоёр төрөлд ангилж болно: Нэг төрөл нь үнэнийг эрэлхийлдэг бөгөөд авралд хүрч чадна, нөгөө төрөл нь үнэнийг огт эрэлхийлдэггүй бөгөөд авралд хүрч чадахгүй. Авралд хүрч чадахгүй хүмүүс бүгд хөдөлмөрчид юм; зарим үнэнч хөдөлмөрчин үлдэж чадах бөгөөд тэд өөр үр дүнтэй нүүр тулах боломжтой.
Яагаад антихристийн мөн чанартай хүмүүс авралд хүрч чаддаггүй вэ? Яагаад гэвэл энэ хүмүүс үнэнийг хүлээн зөвшөөрдөггүй, Бурхан бол үнэн гэдгийг ч хүлээн зөвшөөрдөггүй. Энэ хүмүүс эерэг зүйлс байдгийг хүлээн зөвшөөрдөггүй, эерэг зүйлсийг хайрладаггүй. Харин ч тэд хорон муу, сөрөг зүйлсийг хайрладаг; тэд бол хорон муу, сөрөг бүхний биелэл бөгөөд сөрөг, хорон муу бүхнийг илэрхийлэгчид юм, тийм учраас тэд үнэнд зэвүүцэж, үнэнд дайсагнаж, үнэнийг үзэн яддаг. Тэд ийм мөн чанартайгаар үнэнийг эрэлхийлж чадах уу? (Үгүй.) Тиймээс энэ хүмүүсээр үнэнийг эрэлхийлүүлэх боломжгүй. Нэг амьтныг өөр төрлийн амьтан болгох боломжтой юу? Жишээлбэл, муурыг нохой юм уу хулгана болгох боломжтой юу? (Үгүй.) Хулгана үргэлж хулгана хэвээр байж, ихэвчлэн нүхэнд нуугдаж, сүүдэрт амьдарна. Муур үргэлж хулганын төрөлхийн дайсан байх бөгөөд үүнийг өөрчлөх боломжгүй—үүнийг хэзээ ч өөрчилж чадахгүй. Гэвч антихристийн зан чанартай хүмүүсийн дунд үнэнийг болон эерэг зүйлсийг хайрладаг, үнэнийг хэрэгжүүлж, эрэлхийлэхийн тулд бүхнээ зориулахад бэлэн зарим хүн бий; тэд Бурханы хэлсэн бүхнийг хэрэгжүүлдэг, Бурхан өөрсдийг нь яаж ч залж чиглүүлсэн дагадаг, Бурханы шаардсан бүхнийг хийдэг, тэдний явдаг зам Бурханы шаарддаг замтай бүрэн нийцдэг, тэд Бурханы заасан чиглэл, зорилгын дагуу эрэлхийлдэг. Бусдынх нь хувьд гэвэл, тэд үнэнийг эрэлхийлдэггүйгээс гадна антихристийн замаар явдаг бөгөөд энэ хүмүүсийн төгсгөл ямар байхыг ухаарахад тийм ч хэцүү биш. Тэд үнэнийг олж авч чадахгүйгээр үл барам аврагдах боломжоо ч алдана—энэ хүмүүс хэчнээн өрөвдөлтэй вэ! Бурхан тэдэнд боломж олгож, тэднийг мөн үнэн, амиар хангадаг боловч тэд эдгээр зүйлийг нандигнадаггүй, төгс болгуулах замаар явдаггүй. Бурхан зарим хүнийг бусдаас илүүд үзэж, энэ хүмүүст боломж олгодоггүй юм биш, харин тэд эдгээр боломжийг нандигнадаггүй, эсвэл Бурханы шаардсаны дагуу үйлддэггүй учраас аврагдах боломжоо алддаг. Тиймээс тэдний антихристийн зан чанар нь үхлийн аюултай болж, амиа алдахад хүргэдэг. Тэд зарим хоосон сургаалыг ойлгож, гаднаа зарим нэг үйлдэл, сайн зан авир харуулах нь Бурхан тэдний антихристийн зан чанарын хэргийг сөхөхгүй, тэд үүнийг нуун дарагдуулж чадна, улмаар аяндаа үнэнийг хэрэгжүүлэх шаардлагагүй болж, хүссэн бүхнээ хийж, өөрсдийнхөө ойлголт, арга барил, дур хүслийн дагуу үйлдэж болно гэсэн үг хэмээн боддог. Эцсийн эцэст, Бурхан тэдэнд ямар ч боломж олгосон бай, тэд өөрсдийнхөө замналтай цөхрөлтгүй зууралдсаар, антихристийн замаар явж, Бурханы дайсан болдог. Тэд Бурханы дайсан болсон нь Бурхан тэднийг анхнаас нь тэгж тодорхойлсноос болоогүй—Бурхан эхэндээ тэдэнд ямар ч тодорхойлолт өгөөгүй, учир нь Бурханы нүдээр тэд Түүний дайсан биш, эсвэл антихристийн мөн чанартай хүмүүс биш, харин зүгээр л сатанлаг, завхарсан зан чанартай хүмүүс байсан юм. Бурхан хэчнээн их үнэнийг илэрхийлсэн ч тэд эрэлхийлэлдээ үнэний төлөө чармайдаггүй хэвээр байдаг. Тэд авралын замд хөл тавьж чаддаггүй, харин оронд нь антихристийн замаар явж, эцэст нь аврагдах боломжоо алддаг. Энэ нь харамсалтай биш гэж үү? Маш харамсалтай! Энэ хүмүүс үнэхээр өрөвдөлтэй. Тэд яагаад өрөвдөлтэй вэ? Тэд хэдэн бичиг үсэг, хоосон сургаал ойлгоод өөрсдийгөө үнэнийг ойлгосон гэж боддог; үүргээ гүйцэтгэхдээ бага зэрэг төлөөс төлж, зарим нэг сайн зан авир харуулаад өөрсдийгөө үнэнийг хэрэгжүүлж байна гэж боддог; тэд бага зэрэг авьяас, хэв чанар, билиг авьяастай байдаг бөгөөд зарим нэг бичиг үсэг, хоосон сургаалыг ярьж, бага сага ажил хийж, зарим нэг онцгой үүрэг гүйцэтгэж чаддаг бөгөөд өөрсдийгөө амийг олж авсан гэж боддог; тэд бага зэрэг зовлон туулж, багахан төлөөс төлж чаддаг бөгөөд үүнийгээ Бурханыг дуулгавартай дагаж, Бурханы төлөө бүхнийг хаяж чадна гэж эндүүрдэг. Тэд гаднах сайн зан авир, билиг авьяас болон өөрсдийгөө зэвсэглэсэн бичиг үсэг, хоосон сургаалаа ашиглан үнэнийг хэрэгжүүлэх явдлыг орлуулдаг—энэ бол тэдний хамгийн том асуудал, үхлийн аюултай өө сэв нь юм. Энэ нь тэднийг аль хэдийн авралын замд орсон, аль хэдийн биеийн хэмжээтэй, амьтай болсон гэж эндүүрэхэд хүргэдэг. Ямартай ч, хэрвээ энэ хүмүүс эцэст нь авралд хүрч чадахгүй бол өөрсдөөсөө өөр хэнийг ч буруутгах аргагүй; учир нь тэд өөрсдөө үнэн дээр төвлөрдөггүй, үнэнийг эрэлхийлдэггүй, антихристүүдийн замаар сайн дураараа явдаг.
30 жил номлол сонссоныхоо дараа ч үнэн гэж юу болох, хоосон сургаал гэж юу болохыг мэддэггүй зарим хүн одоо байдаг. Тэд ам нээхдээ л хоосон онол, бусдад сургамжилсан үг, хоосон уриа лоозон ярьдаг бөгөөд урьд нь хэрхэн зовлон туулж, төлөөс төлснөө л үргэлж ярьж, ийнхүү ахмад насаа гайхуулдаг. Тэд өөрийгөө хэрхэн танин мэдсэн, засалтыг хэрхэн хүлээн авдаг, завхарсан зан чанараа хэрхэн харуулдаг, алдар нэр, ашиг хонжооны төлөө хэрхэн өрсөлддөг, эсвэл ямар антихристийн зан чанар харуулдгаа хэзээ ч ярьдаггүй. Тэд эдгээр зүйлийн талаар хэзээ ч ярьдаггүй; тэд зүгээр л өөрсдийнхөө хувь нэмрийн талаар ярьдаг, гэм буруугийнхаа талаар ярьдаггүй. Энэ хүмүүс асар их аюулд орсон биш үү? Зарим хүн 20, 30 жил номлол сонссон хэр нь үнэн-бодит байдал гэж юу болох, эсвэл Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагах гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдэхгүй хэвээр байдаг тул энэ хүмүүст Бурханы үгийг ойлгох чадавх байхгүй байх гэж Би сэжиглэдэг. 30 жил номлол сонссоныхоо дараа тэд өөрсдийгөө биеийн хэмжээтэй болсон гэж боддог ч байр суурьгүй болох үедээ сөрөг байж чаддаг хэвээр бөгөөд хүмүүсээс далд уйлж, гомдоллож, тэр ч байтугай ажлаа хаяж мэднэ. 30 жил номлол сонссоныхоо дараа чөлөөлөгдөх үедээ тэд шазруун, бодлогогүй хэвээр байж, Бурханы эсрэг зогсож чаддаг. Ийм олон жил номлол сонсоод тэд юу ойлгосон юм бэ? Хэрвээ тэд ийм олон номлол сонссоныхоо дараа үнэн гэж юу болохыг ойлгоогүй бол тэдний итгэл хий дэмий байсан биш үү? Үүнийг мунгинасан итгэл гэж нэрлэдэг!
2020 оны 3 дугаар сарын 14