47-Р БҮЛЭГ
Зөвт байдлын Төгс Хүчит Бурхан—Төгс Хүчит! Танд ерөөс юу ч нуугдмал биш. Хүмүүсийн хэзээ ч илчлээгүй, балар эртний үеэс өнө мөнхөд хүртэлх нууц нэг бүр Танд илэрхий, тов тодорхой байдаг. Бид цаашид эрж хайж, тэмтчих шаардлагагүй, учир нь өнөөдөр Таны үнэн бие бидэнд ил тод харагддаг, Та бол илчлэгдсэн нууц, Та бол бодитой Бурхан Өөрөө; өнөөдөр Та бидэнтэй нүүр тулан уулзсан бөгөөд Таны үнэн биеийг харна гэдэг бидний хувьд сүнсний ертөнцийн бүх нууцыг харж байгаа хэрэг юм. Энэ бол үнэхээр хэн нэгний төсөөлж чадах зүйл биш! Та өнөөдөр бидний дунд, бүр бидний дотор байж, бидэнд үнэхээр маш ойрхон байгаа; үүнийг дүрсэлж болохооргүй бөгөөд үүний доторх нууц хязгааргүй!
Төгс Хүчит Бурхан Өөрийн удирдлагын төлөвлөгөөг гүйцэлдүүлсэн. Тэр бол орчлон ертөнцийн ялгуусан Хаан. Бүх зүйл болон юмс Түүний гарын хяналтад байдаг. Бүх хүн өвдөг сөгдөн шүтэн мөргөж, жинхэнэ Бурханы нэрийг—Төгс Хүчитийг дуудаж байна. Түүний амнаас гарсан үгээр бүх зүйл хийгддэг. Яагаад та нар маш залхуу, Бурхантай хамт ажиллаж, Түүнтэй ойр нэгдэж, алдар суу руу Түүнтэй хамт явж чаддаггүй байдаг юм бэ? Та нар зовохыг хүсдэг юм гэж үү? Хаягдахыг хүсэж байна уу? Хэн Надад чин сэтгэлээсээ өөрсдийгөө зориулдгийг, хэн Надад чин сэтгэлээсээ өөрсдийгөө зарлагаддагийг Намайг мэдэхгүй гэж та нар бодов уу? Мэдлэггүй! Тэнэгүүд! Та нар Миний санаа зорилгыг танин мэдэж чадахгүй, тэр ч бүү хэл Миний ачаанд хайхрамжтай байх нь багасаж, үргэлж өөрсдийнхөө төлөө Миний санааг зовоож, Намайг уйгагүй ажиллуулдаг. Хэзээ энэ дуусах юм бэ?
Бүх зүйл дээр Намайг амьдран харуулж, бүх зүйл дээр Намайг гэрчлэх–энэ нь ердөө аман дээрээ л дүр эсгэдэг гэсэн үг үү? Та нар өөрсдөдөө юу сайн бэ гэдгийг мэддэггүй! Өөрсдийнхөө хийдэг зүйлийг та нар Надгүйгээр хийдэг, тэр ч бүү хэл өдөр тутмын амьдралд чинь Би байдаггүй. Та нар Бурханд итгэхийг огт ноцтойгоор хүлээж авдаггүйг Би мэднэ, иймд эдгээр нь та нарын үүрэх үр дүн. Та нар мөн л сэрээгүй байгаа бөгөөд хэрвээ ийм маягаар үргэлжлүүлэх юм бол Миний нэрийг шившиглэх болно.
Өөрөөсөө асуу, чамайг ярихад Би хамт байдаг уу? Идэх юм уу хувцсаа өмсөхөд чинь Миний амлалт тэнд байдаг уу? Та нар үнэхээр бодлогогүй! Асуудлыг чинь шууд хэлэхгүй байх болгонд үнэн төрхөө харуулдаг ба та нарын хэн нь ч үгэнд оромтгой биш. Хэрвээ ийм байгаагүй сэн бол, та нар өөрсдийгөө агуу гэж, дотроо олон зүйл эзэмшдэг гэж бодох байсан. Та нар дотроо Сатаны бузар муухайгаар дүүрсэн гэдгээ мэддэггүй юу? Энэ бүх зүйлийг уудлан гаргахын тулд Надтай цуг ажилла. Миний юу болох болон Надад байгаа зүйлээр өөрийгөө дотроос нь бүхэлд нь эзэмдүүл, тэгснээр Намайг амьдран харуулж, илүү бодит байдалтайгаар Намайг гэрчилж, та нараас болж илүү олон хүн Миний сэнтийн өмнө захирагдахад хүргэж чадна. Мөрөн дээрх ачаа чинь ямар хүнд болохыг та нар мэдэх ёстой: Христийг өргөмжилж, Христийг харуулж, Христийг гэрчил, тэгснээр үй олон хүн аврал хүртэж, Миний хаанчлал бат бөх, ганхашгүй хэвээр үлдэнэ. Та нарыг өнөөдрийн ажлын ач холбогдлыг ойлгохгүй, будилах вий гэсэндээ Би энэ бүгдийг онцолдог.
Аливаа зүйлтэй нүүр тулахаараа арга мөхөсдөж, халуун хайруулын тавган дээрх шоргоолж шиг–тойрон гүйдэг: энэ бол та нарын зан чанар. Гаднаа та нар насанд хүрсэн мэт харагддаг боловч дотоод амь чинь хүүхдийнх шиг, Миний ачаанд нэмж төвөг удах л чадвартай. Хэрвээ Би Өөрийнхөө санааг өчүүхэн ч чилээдэггүй зүйл гэж байдаг бол тэр нь та нарын төвөг уддаг байдал, тийм биш гэж үү? Өөрийгөө бүү зөвтгө. Миний хэлдэг зүйл бол үнэн. Хэдийгээр Би сүрлэг үг хэрэглэж байгаа ч Намайг та нарт байнга сургамжилж байна гэж үргэлж бүү бод. Та нарын бодит байдал ийм л байна.