Цор ганц Бурхан Өөрөө II

Бурханы зөвт зан чанар

Бурханы эрх мэдлийн тухай өмнөх нөхөрлөлийг одоо та нар сонссон болохоор энэ асуудлын талаар нэлээд их үгээр зэвсэглэсэн гэдэгт чинь Би итгэлтэй байна. Та нар хэр ихийг хүлээн авч, ухаарч, ойлгож чадах нь бүгд хэр их хичээл зүтгэл гаргахаас чинь хамаардаг. Та нар энэ асуудалд чин сэтгэлээсээ хандаж чадна гэж Би найдаж байна; үүнд хайнга хандаж огт болохгүй! Тэгвэл, Бурханы эрх мэдлийг мэдэх нь Бурханыг бүхэлд нь мэдэхтэй адилхан уу? Бурханы эрх мэдлийг мэдэх нь цор ганц Бурханыг Өөрийг нь мэдэхийн эхлэл гэж хэлж болох бөгөөд Бурханы эрх мэдлийг мэднэ гэдэг нь хүн цор ганц Бурханы Өөрийнх нь мөн чанарыг мэдэх үүд хаалгаар аль хэдийн алхан орсон гэсэн үг гэж бас хэлж болно. Энэхүү ойлголт нь Бурханыг мэдэхийн нэг хэсэг юм. Тэгвэл нөгөө хэсэг нь юу вэ? Өнөөдөр Миний нөхөрлөхийг хүсэж буй сэдэв бол энэ—Бурханы зөвт зан чанар билээ.

Би өнөөдрийн сэдвийн талаар нөхөрлөхөөр Библиэс хоёр хэсгийг сонгон авсан: Эхнийх нь Бурхан Содомыг устгахтай хамаатай ба үүнийг Эхлэл 19:1–11 болон Эхлэл 19:24–25-аас олж харж болно; хоёр дахь нь Бурхан Ниневег чөлөөлөхтэй хамаатай бөгөөд үүнийг Иона 1:1–2-оос болон Ионагийн номын гурав, дөрөв дэх бүлгээс олж харж болно. Энэ хоёр хэсгийн талаар юу хэлэхийг минь сонсохоор та бүхэн хүлээж байгаа гэж Би таамаглаж байна. Мэдээжийн хэрэг, Миний хэлэх зүйл Бурханыг Өөрийг нь мэдэх, Түүний мөн чанарыг мэдэх тухай цар хүрээнээс давж болохгүй, гэхдээ өнөөдрийн нөхөрлөл юун дээр төвлөрөх вэ? Та нараас хэн нэг чинь үүнийг мэдэх үү? Бурханы эрх мэдлийн тухай Миний нөхөрлөлийн аль хэсэг анхаарлыг чинь татсан бэ? Тийм эрх мэдэл, хүч чадлыг эзэмшдэг Нэгэн л Бурхан Өөрөө гэж Би яагаад хэлсэн бэ? Ингэж хэлснээрээ Би юуг тайлбарлахыг хүссэн бэ? Үүнээс та нар юу сураасай гэж Би хүссэн бэ? Бурханы мөн чанарыг илэрхийлдэг нэг тал нь Түүний эрх мэдэл, хүч чадал мөн үү? Тэдгээр нь Түүний ялгамж чанар, байр суурийг баталдаг мөн чанарынх нь нэг хэсэг мөн үү? Эдгээр асуултад үндэслэн Миний юу ярих гэж байгааг та нар хэлж чадах уу? Би юуг та нарт ойлгуулахыг хүсэж байна вэ? Үүнийг сайтар эргэцүүлэн бод.

Бурханыг зөрүүдлэн эсэргүүцсэнийхээ төлөө хүн Бурханы уур хилэнд сүйрдэг

Юуны түрүүнд, Бурхан Содомыг сүйрүүлсэн тухай тайлбарласан судрын хэдэн хэсгийг харцгаая.

Эхлэл 19:1–11 Хоёр тэнгэрэлч Содомд нар жаргах цагаар ирэхэд Содомын гол хаалган дээр сууж байсан Лот тэднийг хараад угтан босож, нүүрээрээ газар унан мөргөөд: “Хараач, эзэд минь, зам зууртаа зарцынхаа гэрт орж, бүхий л шөнөжингөө саатан, хөлөө угааж, өглөө эрт босоод аян замдаа гарна уу” гэж хэлэв. Тэд, “Үгүй, бид бүхэл шөнийг гадаа өнгөрөөнө” гэлээ. Тэр тэднийг ихэд хүчлэн гуйсанд тэд түүний гэрт оржээ; тэр тэднийг дайлж цайлан, исгээгүй талх барьж өгснийг тэд идэв. Харин тэднийг хэвтэхээс өмнө хотын хүмүүс буюу Содомын хүмүүс хүртэл хөгшин залуугүй дөрвөн зүгээс ирж, гэрийг нь бүслээд Лотыг дуудаж: “Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэдэнтэй хүссэнээ хийе” гэцгээв. Лот гарч ирж, хаалгаа хаагаад “Ах дүү нар минь, ийм муухай зүйл битгий хийгээч гэж би та нараас гуйж байна. Хараач, би эр хүн үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг минь зөвшөөрөөч, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас энэ хүмүүст л юу ч битгий хийгээрэй” гэж хэлэв. Тэд, “Хойшоо бай. Энэ хүмүүс түр хугацаагаар ирчихээд бас шүүгч болох юм гэнэ: бид чамд тэднээс муугаар хандана” гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо. Харин нөгөө хүмүүс гараа сунган Лотыг гэрт татан оруулж, хаалгыг хаав. Тэгээд тэд гэрийн хаалган дээр байсан хүмүүсийг том жижиггүй юу ч харахгүй болгосонд тэд хаалга олох гэж ихэд зүдрэв.

Эхлэл 19:24–25 Тэгээд Ехова Содом, Гоморра хоёрт хүхэр ба галыг тэнгэрээс Еховагаас илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчийг, газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв.

Содомын хорон муу, завхрал нь хүн болон Бурханы аль аль нь жигшихээр түвшинд хэдийнээ хүрсэн учраас Бурханы нүдэнд бол уг хотыг сүйрүүлэх нь зүйтэй байсан гэдгийг эдгээр хэсгээс ойлгоход хэцүү биш юм. Гэхдээ сүйрүүлэхээс өмнө хотын дотор юу болсон бэ? Эдгээр үйл явдлаас хүмүүс ямар урам зориг авч болох вэ? Эдгээр үйл явдалд хандах Бурханы хандлага нь Түүний зан чанарын талаар хүмүүст юуг харуулдаг вэ? Үйл явдлыг бүхэлд нь ойлгохын тулд Сударт юу гэж тэмдэглэснийг анхааралтай уншицгаая…

Содомын завхрал: Хүний уурыг хүргэж, Бурханыг хилэгнүүлэв

Тэр шөнө, Лот Бурханы илгээсэн хоёр элчийг хүлээн авч, тэдэнд зоог бэлдэж өгчээ. Хоол идсэний дараа, тэднийг хэвтэцгээхээс өмнө хотын өнцөг булан бүрээс хүмүүс ирж, Лотын байшинг тойрон хүрээлж, түүнийг дуудсан. Тэднийг “Энэ шөнө танайд ирсэн хүмүүс хаана байна? Тэднийг бидэнд авчир, бид тэдэнтэй хүссэнээ хийе” хэмээсэн гэж Сударт тэмдэглэсэн байдаг. Хэн энэ үгийг хэлсэн бэ? Хэнд энэ үгийг хэлсэн бэ? Энэ нь байшингийнх нь гаднаас Лотод сонсгох гэж хашхирах Содомын ард иргэдийн үг байсан. Эдгээр үгийг сонсоход ямар санагдаж байна вэ? Чиний уур хүрч байна уу? Эдгээр үг зэвүүг чинь хүргэж байна уу? Уур хилэн чинь буцалж байна уу? Эдгээр үгээс Сатан нэвт мэдрэгдэж байгаа бус уу? Тэдгээрээс чи энэ хот дахь ёрын муу, хар барааныг мэдэрч чадаж байна уу? Үгээр нь дамжуулан чи энэ хүмүүсийн хэрцгий, бүдүүлэг зан авирыг мэдэрч чадаж байна уу? Тэдний үйлдлээс завхрал нь хэр гүн байгааг мэдэрч чадаж байна уу? Тэдний хорон муу уг чанар, харгис хэрцгий зан чанар өөрсдөө ч хянахын аргагүй түвшинд хүрсэн гэдгийг хэлсэн үгийнх нь агуулгаас харах хэцүү биш. Лотыг эс тооцвол, энэ хотын хүн бүхэн Сатанаас ялгаагүй байсан; өөр хүнийг харах төдийд энэ хүмүүс хорлож, сүйтгэхийг хүсэж байв… Эдгээр зүйл нь, энэ хотын аюулт, аймшигт чанараас гадна эргэн тойрных нь үхлийн аураг хүнд мэдрүүлээд зогсохгүй хорон муу, цусанд шунасан байдлыг нь бас мэдрүүлдэг.

Хүний сүнсийг залгих галзуу хүслээр дүүрэн хүмүүс, хүний үнэргүй бүлэг дээрэмчинтэй нүүр тулаад Лот хэрхэн хариу барьсан бэ? Сударт өгүүлснээр: “Ийм муухай зүйл битгий хийгээч гэж би та нараас гуйж байна. Хараач, би эр хүн үзээгүй хоёр охинтой; тэднийг та нарт авчрахыг минь зөвшөөрөөч, та нар сайн гэж үзсэн зүйлээ тэдэнтэй хий: манай гэрт ирсэн учраас энэ хүмүүст л юу ч битгий хийгээрэй” гэжээ. Лот энэ үгээрээ юу хэлэх гэсэн бэ гэвэл: Элч нарыг хамгаалахын тулд тэрээр хоёр охиноо өгөхөд бэлэн байв. Ямар ч эрүүл ухаанаар тооцож үзвэл, тэр хүмүүс Лотын болзлыг зөвшөөрч, хоёр элчийг тайван орхих ёстой байлаа; эцсийн эцэст, элч нар тэдний хувьд огт танихгүй, тэдэнтэй ямар ч хамаагүй, ашиг сонирхолд нь ямар ч хохирол учруулаагүй хүмүүс байсан. Гэвч, хорон муу уг чанартаа автсан тэд уг асуудлыг ингээд орхиогүй, харин ч хүчин чармайлтаа улам нэмэгдүүлсэн. Энд байгаа тэдний өөр нэг харилцан яриа нь, энэ хүмүүсийн жинхэнэ, хорон уг чанарын талаар илүү гүнзгий ойлголтыг хүмүүст гарцаагүй өгч чадахын зэрэгцээ Бурхан яагаад энэ хотыг сүйрүүлэхийг хүссэн шалтгааныг ухаарч, ойлгох боломжийг хүмүүст олгодог.

Тэд дараа нь юу гэж хэлсэн бэ? Библид өгүүлснээр: “Тэд, ‘Хойшоо бай. Энэ хүмүүс түр хугацаагаар ирчихээд бас шүүгч болох юм гэнэ: бид чамд тэднээс муугаар хандана’ гээд Лотыг хүртэл хүчээр түлхэж, хаалгыг нь эвдэхээр дөхөж очлоо.” Тэд яагаад Лотын хаалгыг эвдэхийг хүссэн бэ? Учир нь тэд, тэр хоёр элчид хор хүргэхээр байж ядаж байсан юм. Тэрхүү элч нар яах гэж Содомд ирсэн бэ? Тэдний ирсэн зорилго нь Лот болон түүний гэр бүлийг аврах явдал байсан боловч, хотын хүмүүс тэднийг албан тушаал хүлээн авахаар ирсэн хэмээн андуурсан юм. Хотын хүмүүс цэвэр таамаглал дээр үндэслэж зорилгыг нь асуулгүйгээр энэхүү хоёр элчид хэрцгийгээр хор хүргэхийг хүссэн; тэд өөрсөдтэй нь огтоос хамаагүй хоёр хүнд хор хүргэхийг хүссэн. Энэ хотын хүмүүс хүн чанар, эрүүл ухаанаа бүрмөсөн алдсан байсан нь тодорхой. Тэдний галзуурал, зэрлэг догшин байдлын түвшин нь хүмүүсийг хорлож, сүйтгэдэг Сатаны хорон уг чанараас хэдийнээ ялгаагүй болсон байлаа.

Тэд Лотоос энэ хүмүүсийг өгөхийг шаардахад Лот юу хийсэн бэ? Лот тэднийг өгөөгүйг бид бичвэрээс мэднэ. Бурханы энэ хоёр элчийг Лот мэддэг байсан уу? Мэдээж үгүй! Гэтэл тэр яагаад энэ хоёр хүнийг аварч чадсан бэ? Тэд юу хийхээр ирснийг тэр мэдэж байсан уу? Хэдийгээр ирсэн шалтгааныг нь мэдээгүй боловч Бурханы зарц нар гэдгийг нь Лот мэдэж байсан тул тэднийг гэртээ оруулсан юм. Тэрээр Бурханы энэхүү зарц нарыг “эзэн” хэмээх цолоор дуудаж байсан нь Лот бол Содомын бусад хүмүүстэй адилгүй, Бурханы сурамгай дагагч байсныг нь харуулдаг. Тиймээс Бурханы элч нар өөр дээр нь ирэх үед энэ хоёр зарцыг гэртээ оруулахын тулд тэрээр амь насаараа дэнчин тавьсан; түүнчлэн энэхүү хоёр зарцыг хамгаалахын тулд хоёр охиноороо солих санал тавьсан. Энэ бол Лотын зөв шударга үйл хэрэг байсан; энэ нь Лотын уг чанар-мөн чанарын бодит илэрхийлэл, мөн Лотыг аврахын тулд Бурхан Өөрийн зарц нарыг илгээсэн шалтгаан юм. Аюул тулгарсан үед Лот өөр юуг ч үл хайхран энэ хоёр зарцыг хамгаалсан; тэр ч байтугай хоёр охиноо зарц нарын аюулгүй байдлын төлөө солихоор оролдсон. Тэр хотод ийм зүйл хийж чадах хүн Лотоос өөр байсан уу? Байгаагүй гэдгийг баримт нотолдог! Тиймээс Лотыг эс тооцвол Содомд байсан хүн бүр сүйрлийн бай болсон, тэд үүнийг хүртэх ёстой байсан гэдгийг хэлэх нь илүүц биз.

Бурханы уур хилэнг хүргэснийхээ төлөө Содом бүр мөсөн газрын хөрснөөс арчигджээ

Содомын ард иргэд энэ хоёр зарцыг хараад, ирсэн шалтгааныг нь асуугаагүй, Бурханы хүслийг түгээхээр ирсэн эсэхийг нь ч бас нэг ч хүн асуугаагүй. Эсрэгээрээ, тэд тайлбарлахыг нь хүлээлгүйгээр бөөгнөрөн цугларч, зэрлэг нохой, догшин чоно мэт тэр хоёр зарцыг барихаар ирсэн. Ийм зүйл болж байгааг Бурхан харсан уу? Хүний ийм зан авир, ийм үйл явдлыг хараад Бурхан зүрх сэтгэлдээ юу бодож байсан бэ? Бурхан энэ хотыг устгахаар шийдсэн; Тэр тээнэгэлзэж, азнахгүй байсан, тэвчээртэй хандахаа ч бас болих байсан. Түүний өдөр ирсэн тул хийхийг хүссэн ажлаа хийж эхэлсэн. Тиймээс Эхлэл 19:24–25-д, “Тэгээд Ехова Содом, Гоморра хоёрт хүхэр ба галыг тэнгэрээс Еховагаас илгээж; хотуудыг, бүх тал хөндийг болон хотын бүх оршин суугчийг, газар дээрх ургамал амьтан бүгдийг сүйрүүлэв” гэж байдаг. Энэ хоёр эшлэл нь, энэ хотыг сүйрүүлсэн Бурханы аргаас гадна, бас Бурханы сүйрүүлсэн зүйлсийг хэлж өгдөг. Эхлээд, Бурхан хотыг түймэрдсэн бөгөөд галын хэмжээ нь бүх хүнийг, газарт ургасан бүхнийг устгахад хангалттай байсан гэж Библид өгүүлдэг. Өөрөөр хэлбэл, тэнгэрээс буусан гал нь зөвхөн хотыг устгаад зогсоогүй, дотор нь байсан бүх хүн, бүх амьд зүйлийг ганц ч ул мөр үлдээлгүйгээр устгасан. Хотыг сүйрүүлсний дараа газар дээр амьд зүйл үлдээгүй байв; ямар ч амьдрал үлдээгүй, бас амьдралын ямар ч шинж тэмдэг үлдээгүй. Хот үхмэл нам гүм байдлаар дүүрэн эзгүй хоосон, зэлүүд газар болж хувирсан. Энэхүү газарт Бурханы эсрэг хорон муу үйл хэрэг үйлдэгдэхээ больж, аллага хийж, цус асгаруулахаа больсон.

Яагаад Бурхан энэ хотыг тэр чигээр нь шатаахыг хүссэн бэ? Та нар үүнээс юу харж болох вэ? Бурхан Өөрийнх нь бүтээл болох хүн төрөлхтөн болон байгалийг ингэж сүйрэхийг харж үнэхээр тэвчих байсан уу? Хэрвээ чи Ехова Бурханы уур хилэнг тэнгэрээс буулгасан галаас ялган харж чадвал, Түүний сүйрүүлсэн бай, энэхүү хот ямар хэмжээнд газрын хөрснөөс арчигдсанаас Түүний уур хилэн ямар их байсныг ойлгоход хэцүү биш юм. Бурхан нэг хотыг жигшвэл Өөрийн шийтгэлийг онооно. Бурхан хотод зэвүүцвэл уураа хүмүүст мэдүүлэхийн тулд дахин дахин сануулга өгнө. Гэхдээ Бурхан хотыг сүйрүүлж, устгахаар шийдэх үед—өөрөөр хэлбэл, Түүний уур хилэн, сүр жавхланд халдсан үед—Тэр шийтгэл, сануулга өгөхөө больж, харин ч шууд устгана. Тэр огт байхгүй болгох болно. Энэ бол Бурханы зөвт зан чанар билээ.

Содом Өөрт нь ахин дахин дайсагнаж, эсэргүүцсэний дараа Бурхан бүрмөсөн газрын хөрснөөс арчсан

Бурханы зөвт зан чанарын талаар ерөнхийд нь ойлгосон болохоор бид, нүглийн хот хэмээн Бурханы үзэж байсан газар, Содом хот руу ахин анхаарлаа хандуулж болох юм. Энэ хотын мөн чанарыг ойлгосноор Бурхан яагаад устгахыг хүссэн, яагаад үүнийг бүрмөсөн устгасан болохыг бид ойлгож чадна. Үүнээс бид Бурханы зөвт зан чанарыг мэдэж авч чадна.

Хүний өнцгөөс харвал, Содом нь хүний хүсэл мөрөөдөл, ёрын мууг бүрэн дүүрэн хангаж чадах хот байв. Шөнө болгон хөгжим бүжгээр уруу татан, сэтгэл булааж, эзэмдэх энэхүү хотын хөгжил цэцэглэлт нь хүнийг ховсдож, галзуурахад хүргэж байжээ. Ёрын муу байдал нь хүмүүсийн зүрх сэтгэлийг эвдэж, ховсодсоор самуурахад хүргэдэг. Энэ бол бузар, ёрын муу сүнснүүд галзууран гүйлдэж байдаг хот байлаа; аллага, нүглээр бялхаж, цуст, илжирсэн үнэр нэвт ханхалж байв. Энэ бол хүмүүсийн цусыг царцаасан, хүн айсандаа дайжин холдох хот байв. Эрэгтэй, эмэгтэй, хөгшин, залуу аль нь ч бай хэн ч энэ хотод үнэн замыг эрж хайгаагүй; хэн ч гэрлийг хүсэмжилж, нүглээс зайлж холдохоор тэмүүлээгүй. Тэд Сатаны хяналтад, Сатаны завхрал, хууран мэхлэлт дор амьдарч байлаа. Тэд хүн чанараа гээж, эрүүл ухаанаа, хүний оршин тогтнолын анхдагч зорилгоо алдсан байв. Тэд Бурханыг эсэргүүцэх тоо томшгүй олон хорон муу үйл үйлдсэн; Түүний удирдамжаас татгалзаж, Түүний хүслийг эсэргүүцсэн. Энэ хүмүүс, энэ хот, хотын доторх бүх амьд зүйлийг алхам алхмаар сүйрлийн замд аваачсан зүйл нь тэдний хорон муу үйл хэрэг байсан билээ.

Хэдийгээр энэхүү хоёр хэсэг нь Содомын ард иргэдийн завхралын хэмжээг бүгдийг нь нарийн ширийн тэмдэглээгүй, харин хотод ирснийх нь дараа Бурханы хоёр зарцтай хэрхэн харьцаж байсныг тэмдэглэсэн боловч Содомын ард иргэд хэр их завхарсан, ёрын муу байсан, Бурханыг хэр хэмжээнд эсэргүүцэж байсныг илчилсэн энгийн баримт бий. Үүгээр хотын хүмүүсийн үнэн нүүр царай, мөн чанарыг бас харуулдаг. Тэд Бурханы анхааруулгыг хүлээн авахаас татгалзсанаар үл барам Түүний шийтгэлээс айгаагүй. Эсрэгээрээ тэд Бурханы уур хилэнг басамжилсан. Тэд Бурханыг сохроор эсэргүүцэж, Тэр юу ч хийсэн, яаж ч хийсэн бай, тэдний хорон уг чанар улам л их болж, Бурханыг ахин дахин эсэргүүцэж байсан юм. Содомын хүмүүс Бурханы оршин тогтнол, ирэлт, шийтгэл, тэр ч бүү хэл Түүний анхааруулгад дайсагнаж байв. Тэд дэндүү биеэ тоосон, залгиж, хорлож болох бүх хүнийг залгиж, хорлодгийн дээр Бурханы зарц нарт ч мөн ялгаагүй хандсан. Содомын ард иргэдийн үйлдсэн бүх хорон муу үйлийн тухайд, Бурханы зарц нарт хор хүргэсэн нь зөвхөн мөсөн уулын орой бөгөөд ийнхүү илчлэгдсэн хорон муу уг чанар нь үнэндээ захгүй их далай дахь ганц дуслаас хэтрэхгүй юм. Тиймээс Бурхан тэднийг галаар устгахыг сонгосон. Бурхан хотыг устгахын тулд үер, эсвэл хар салхи, газар хөдлөлт, цунами болон өөр бусад аргыг хэрэглээгүй. Энэ хотыг устгахдаа Бурхан галыг ашигласан нь юуг илтгэдэг вэ? Энэ нь хот бүрэн дүүрэн сүйрч; газрын хөрснөөс тэр чигээрээ арчигдаж, оршин тогтнохоо бүрмөсөн больсон гэсэн үг байв. Энд, “сүйрэл” гэдэг нь хотын хэлбэр дүрс, бүтэц, гадаад харагдах байдал үгүй болохыг хэлээд зогсохгүй; мөн хотын доторх хүмүүсийн сүнс оршихоо больж, бүрмөсөн устгагдсан гэсэн утгатай юм. Энгийнээр хэлбэл, энэ хоттой холбоотой бүх хүн, үйл явдал, юмс устсан. Тэрхүү хотын хүмүүсийн хувьд хойд нас, дахин төрөлт гэж байхгүй; Бурхан тэднийг бүтээгдсэн хүн төрөлхтний дундаас үүрд арилгасан. Гал ашигласан нь энэ газарт нүгэл эцэс болсныг, нүглийг тэнд хазаарлан барьсныг илтгэж байв; энэ нүгэл оршин тогтнож, тархахаа больсон. Энэ нь, Сатаны ёрын муу шим тэжээлтэй хөрсөө алдсаны зэрэгцээ орогнож, амьдрах газар нь болж байсан үхээрийн газраа алдсан гэсэн үг байв. Бурхан, Сатан хоёрын тулаанд Бурхан галыг ашигласан нь Сатаныг тамгалсан Түүний ялалтын тэмдэг байлаа. Содомын сүйрэл бол хүнийг завхруулж, залгиснаараа Бурханыг эсэргүүцэх Сатаны санаархлын асар том алдаа, бас хүн Бурханы удирдамжийг голж, бузар үйлд автаж байсан хүн төрөлхтний хөгжлийн гутамшигт үе юм. Түүнчлэн энэ нь Бурханы зөвт зан чанарын жинхэнэ илрэлийн тухай тэмдэглэл билээ.

Тэнгэрээс Бурханы илгээсэн гал Содомыг юу ч үгүй үнсэн товрог болгох үед “Содом” гэх нэртэй хот, хотын доторх бүх зүйлийн хамт цаашид оршин тогтнохоо болино гэсэн үг байлаа. Бурханы уур хилэнд энэ нь сүйрч, Бурханы уур хилэн, сүр жавхлан дотроос үгүй болсон. Бурханы зөвт зан чанараас болж Содом тохирсон шийтгэл, зүй ёсны төгсгөлөө хүртсэн. Содом оршин тогтнохоо больсон нь ёрын муугаас нь болсон бөгөөд энэхүү хотыг, энд амьдарч байсан ямар ч хүнийг, уг хотын дотор өсөж үржсэн ямар ч амийг хэзээ ч харахыг хүсээгүй Бурханы хүслээс бас болсон юм. Бурханы “энэ хотыг хэзээ ч дахин харахгүй байх хүсэл” бол Түүний уур хилэн, мөн түүнчлэн Түүний сүр жавхлан билээ. Хотын хорон муу байдал, нүгэл нь Түүний уур, зэвүүцэл, жигшил, мөн хотыг, түүн доторх ямар ч хүн, амьд зүйлсийг дахин хэзээ ч харахгүй байх хүслийг нь төрүүлсэн учраас Бурхан энэ хотыг шатаасан юм. Хот шатаж дуусаад үнсэн товрог л үлдмэгц Бурханы нүдэнд үнэхээр оршин тогтнохоо больсон; энэ хотын тухай Түүний дурсамж хүртэл үгүй болж, арилсан. Тэнгэрээс илгээсэн гал Содом хотыг бүхэлд нь, түүн доторх нүглээр дүүрэн хүмүүс, хотын доторх нүгэлд сэвтсэн бүх зүйлийг устгаад зогсохгүй; үүнээс ч илүүтэйгээр Бурханы эсрэг хүн төрөлхтний ёрын муу болоод эсэргүүцлийн дурсамжийг хүртэл устгасан гэсэн үг юм. Хотыг шатаасан Бурханы зорилго энэ байлаа.

Энэ хүн төрөлхтөн туйлын их ялзарсан. Энэ хүмүүс Бурхан хэн болох, өөрсдөө хаанаас ирснээ мэдэхгүй байсан. Хэрвээ чи Бурханыг дурдвал энэ хүмүүс дайран давшилж, гүтгэж, доромжлох байв. Бурханы зарц нар Түүний анхааруулгыг түгээхээр ирэхэд хүртэл энэ завхарсан хүмүүс ямар ч гэмшсэн шинж үзүүлээгүй төдийгүй хорон муу үйлээ орхиогүй, харин ч эсрэгээрээ тэд Бурханы зарц нарт улайм цайм хор хүргэсэн. Тэдний илэрхийлж, харуулсан зүйл бол Бурханд туйлын ихээр дайсагнадаг уг чанар-мөн чанар нь байсан юм. Энэ завхарсан хүмүүсийн Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл нь тэдний завхарсан зан чанарын илрэлээс хамаагүй илүү, зүгээр нэг үнэний тухай ойлголт дутмагаас үүдэн гүжирдэж, доог тохуу хийх явдлаас хавьгүй илүү зүйл байсан гэдгийг бид харж болно. Тэдний хорон муу авир тэнэглэл, мэдлэггүй байдлаас болоогүй; тэд мэхлэгдсэнээс болж ингэж авирлаагүй, төөрөлдсөнөөс бүр ч болоогүй. Тэдний авир Бурханы эсрэг жигшмээр эрээ цээргүй дайсагнаж, эсэргүүцэж, хашхичих түвшинд хүрсэн. Хүний ийм зан авир Бурханыг, Түүний зан чанарыг—халдаж болохгүй зан чанарыг хилэгнүүлэх нь эргэлзээгүй. Тиймээс Бурхан уур хилэн, сүр жавхлангаа шууд, ил тод гаргасан; энэ нь Түүний зөвт зан чанарын жинхэнэ илрэл билээ. Нүглээр бялхсан хоттой нүүр тулгараад Бурхан аль болох хурдан устгаж, доторх хүмүүсийг нь болон тэдний бүх нүглийг хамгийн бүрэн төгс аргаар газрын хөрснөөс арчиж, энэ хотын хүмүүсийн оршин тогтнохыг болиулж, энэ газарт нүгэл өсөж үржихийг зогсоохыг хүссэн. Үүнийг хийх хамгийн түргэн агаад бүрэн төгс арга нь галаар шатаах явдал байв. Содомын ард түмэнд хандах Бурханы хандлага нь хаяж, үл тоох биш байлаа. Харин ч энэ хүмүүсийг шийтгэж, цохин унагааж, бүрмөсөн сүйрүүлэхийн тулд Тэр уур хилэн, сүр жавхлан, эрх мэдлээ ашигласан. Тэдэнд хандах Түүний хандлага нь бие махбодыг нь сүйрүүлээд зогсохгүй, мөн сүнсийг нь сүйрүүлж, газрын хөрснөөс үүрд мөнх арчих явдал байсан юм. “Оршин тогтнохоо болих” гэдэг үгээр Бурханы хэлэх гэсэн жинхэнэ утга санаа энэ билээ.

Бурханы уур хилэн нуугдмал агаад хүнд мэдэгддэггүй боловч халдахыг тэвчдэггүй

Мунхаг, харанхуй бүдүүлэг бүх хүн төрөлхтөнд хандах Бурханы хандлага нь үндсэндээ өршөөл, хүлээцтэй байдалд үндэслэдэг. Нөгөө талаар, Түүний уур хилэн нь асар урт хугацаанд, бараг ихэнх үйл явдал дээр далдлагдаж, хүнд мэдэгддэггүй. Үүний үр дүнд, Бурхан уур хилэнгээ илэрхийлж байгааг харах нь хүний хувьд хэцүү, Түүний уур хилэнг ойлгоход ч бас хэцүү байдаг. Ийм болохоор хүн Бурханы уур хилэнг үл тоодог. Бурханы хамгийн сүүлчийн ажил, хүнд хүлээцтэй хандаж, уучлах алхамтай хүн нүүр тулах үедээ—өөрөөр хэлбэл, Бурхан сүүлчийн удаа хүн төрөлхтөнд өршөөл үзүүлж, анхааруулга өгөх үед—хэрвээ хүн Бурханыг эсэргүүцэх нөгөө л аргаа хэрэглэсээр, гэмшиж замаа засаж, Түүний өршөөлийг хүлээн авах гэж ямар ч хүчин чармайлт гаргахгүй бол Бурхан тэдэнд хүлээцтэй, тэвчээртэйгээр хандахаа болино. Эсрэгээрээ, энэ үед Бурхан өршөөлөө буцаан авах болно. Үүний дараа Тэр зөвхөн уур хилэнгээ л гаргана. Тэр өөр өөр арга хэрэглэн хүмүүсийг шийтгэж, устгаж болдгийн адил уур хилэнгээ өөр өөр байдлаар илэрхийлж болно.

Содом хотыг устгахдаа Бурхан гал ашигласан нь хүн төрөлхтнийг юм уу аливаа зүйлийг бүрмөсөн үгүй хийх хамгийн хурдан арга байсан юм. Содомын ард иргэдийг шатаасан нь тэдний махан биеийг устгаад зогсохгүй; тэдний сүнс, сэтгэл, биеийг бүхэлд нь устгаж, энэ хотод байсан хүмүүс, материаллаг ертөнц болоод хүнд үл үзэгдэх ертөнцийн аль алинд нь оршин тогтнохооргүй болгосон. Энэ бол Бурхан Өөрийн уур хилэнг харуулж, илэрхийлдэг нэг арга зам нь юм. Ийм маягийн илрэл, илэрхийлэл нь Бурханы уур хилэнгийн мөн чанарын нэг тал байдгийн адил бас Бурханы зөвт зан чанарын мөн чанарын илрэл билээ. Бурхан уур хилэнгээ гаргахдаа, ямар ч өршөөл, өгөөмөр сэтгэлийг харуулахаа больж, мөн хүлээцтэй байдал, тэвчээрээ ч харуулахаа больдог; үргэлжлүүлэн тэвчээртэй байж, өршөөлөө дахин хүртээж, хүлээцтэй байдлаа дахин нэгэнтээ хайрла гэж Түүнийг ятгаж чадах ямар ч хүн, юмс, учир шалтгаан гэж үгүй. Харин ч оронд нь, Бурхан ганц ч хором эргэлзэхгүйгээр уур хилэн, сүр жавхлангаа гаргаж, хүссэн зүйлээ хийдэг. Тэр эдгээр зүйлийг Өөрийн хүсэлд нийцүүлэн хурдан, цэвэрхэн байдлаар хийх болно. Энэ бол Өөрийн уур хилэн, сүр жавхланг гаргадаг Бурханы арга зам, хүн үүнд халдаж болохгүй, мөн энэ нь Түүний зөвт зан чанарын нэг талын илэрхийлэл билээ. Бурхан хүний төлөө санаа зовж, хүнийг хайрлаж байгааг хүмүүс хараад уур хилэнг нь мэдэрч, сүр жавхланг нь харж, халдахыг тэвчдэггүй гэдгийг нь мэдэрч чаддаггүй. Эдгээр зүйл нь, Бурханы зөвт зан чанар нь гагцхүү өршөөл, хүлээцтэй байдал, хайр юм гэдэгт хүмүүсийг итгэхэд үргэлж хүргэдэг. Гэвч Бурхан хотыг устгаж, хүн төрөлхтнийг жигшихийг нь хүн харах үед, хүнийг сүйрүүлэх Түүний уур хилэн, сүр жавхлан нь Түүний зөвт зан чанарын өөр нэг талыг зэрвэс харах боломжийг хүмүүст олгодог. Энэ бол Бурханы халдахыг тэвчдэггүй байдал юм. Халдахыг тэвчдэггүй Бурханы зан чанар нь аливаа бүтээгдсэн зүйлийн төсөөллөөс даван гардаг бөгөөд бүтээгдээгүй зүйлсийн дундаас нэг нь ч үүнд хөндлөнгөөс оролцож, нөлөөлөх чадваргүй; үүнээс ч илүүтэйгээр үүнийг хуулбарлаж, дуурайж чадахгүй. Тиймээс Бурханы зан чанарын энэ тал нь хүн төрөлхтний хамгийн сайн мэдэх ёстой зүйл юм. Бурханд Өөрт нь л ийм зан чанар байдаг, Бурхан Өөрөө л ийм зан чанарыг эзэмшдэг. Хорон муу, харанхуй бүдүүлэг, тэрслүү байдал, хүн төрөлхтнийг завхруулж, залгидаг Сатаны ёрын муу үйлдлийг Бурхан үзэн яддаг, Өөрийг нь эсэргүүцдэг бүх нүгэлт үйлдлийг жигшдэг учраас, мөн ариун, бузартаагүй мөн чанарынхаа улмаас Бурхан ийм зөвт зан чанартай байдаг. Үүнээс болж, ямар ч бүтээгдсэн, эсвэл бүтээгдээгүй зүйлс Өөрийг нь илт эсэргүүцэж, сөрөхийг Тэр тэвчихгүй. Түүний нэгэнтээ өршөөл үзүүлж, эсвэл сонгож байсан хүн Түүний зан чанарыг уурлуулж, тэвчээртэй, хүлээцтэй байдлын зарчмыг нь зөрчих л юм бол Тэр өчүүхэн төдий ч өршөөж, тээнэгэлзэлгүйгээр халдахыг тэвчдэггүй зөвт зан чанараа гаргаж, харуулах болно.

Бурханы уур хилэн бол бүх шударга хүч, бүх эерэг зүйлийн баталгаа

Бурханы үг, бодол, үйлдлийн талаарх эдгээр жишээг ойлгосноор чи Бурханы зөвт зан чанарыг, хүний халдахыг тэвчихгүй зан чанарыг ойлгож чадах уу? Товчоор хэлбэл, үүнээс хүн хэр ихийг ойлгож чадахаас үл хамааран, энэ бол зөвхөн Түүнд л байдаг, Бурханы Өөрийнх нь зан чанарын нэг тал билээ. Бурханы халдахыг тэвчдэггүй байдал нь Түүний онцгой мөн чанар; Бурханы уур хилэн бол Түүний онцгой зан чанар; Бурханы сүр жавхлан бол Түүний онцгой мөн чанар юм. Бурханы уур хилэнгийн цаад зарчим нь зөвхөн Өөрт нь байдаг ялгамж чанар болоод байр суурийг харуулдаг. Энэхүү зарчим нь бас цор ганц Бурханы Өөрийнх нь мөн чанарын бэлгэ тэмдэг гэдгийг хэлэх нь илүүц биз. Бурханы зан чанар бол цаг хугацаа өнгөрлөө гээд огтхон ч өөрчлөгддөггүй, газар зүйн байршил өөрчлөгдлөө гээд ч бас өөрчлөгддөггүй, Түүний төрөлхийн мөн чанар билээ. Түүний төрөлх зан чанар нь Түүний угийн мөн чанар юм. Тэр Өөрийн ажлыг хэн дээр хэрэгжүүлэхээс үл хамааран, мөн чанар нь өөрчлөгддөггүй, бас Түүний зөвт зан чанар ч тэр. Хүн Бурханыг уурлуулах үед Түүний гаргадаг зүйл нь Түүний төрөлх зан чанар юм; энэ үед Түүний уур хилэнгийн цаад зарчим өөрчлөгддөггүй, бас Түүний цор ганц ялгамж чанар, байр суурь ч тэр. Мөн чанар нь өөрчлөгдсөн, эсвэл Түүний зан чанараас өөр өөр элемент гарсан учраас Тэр уурладаггүй, харин Өөрийг нь эсэргүүцэх хүний эсэргүүцэл зан чанарт нь халддаг учраас уурладаг. Хүн Бурханыг эрээ цээргүйгээр өдөөн хатгах нь Бурханы ялгамж чанар, байр суурийг ихэд сорьдог. Бурханы үзэл бодлоор бол хүн Түүнийг өдөхдөө Түүнтэй тэмцэлдэж, Түүний уур хилэнг сорьж байдаг. Хүн Бурханыг эсэргүүцэж, Бурхантай тэмцэлдэж, Бурханы уур хилэнг тасралтгүй сорих үед—нүгэл хяналтаас гарсан ийм нь л үед—Бурханы уур хилэн аяндаа илэрч, харагдана. Тиймээс Бурхан уур хилэнгээ илэрхийлэх нь бүх ёрын муу хүч оршин байхаа болихын бэлгэ тэмдэг; дайсагнагч бүх хүч устгагдахын бэлгэ тэмдэг билээ. Энэ бол Бурханы зөвт зан чанарын, Бурханы уур хилэнгийн хосгүй чанар билээ. Бурханы эрхэм чанар, ариун байдлыг сорьж, шударга хүчинд хүн саад хийж, харахгүй байх үед Бурхан уур хилэнгээ гаргах болно. Бурханы мөн чанарын улмаас, Бурхантай өрсөлдөж, эсэргүүцэж, тэмцэлддэг газар дээрх тэдгээр бүх хүч нь ёрын муу, завхарсан, шударга бус юм; тэдгээр нь Сатанаас ирсэн, түүнд харьяалагддаг. Бурхан шударга, гэрэл гэгээтэй, өө сэвгүй ариун учраас Бурханы уур хилэн дүрэлзэхийн хамтаар ёрын муу, ялзарсан, Сатанд харьяалагддаг бүх зүйл үгүй болох болно.

Бурханы уур хилэн асгарах нь Түүний зөвт зан чанараа илэрхийлэх нэг тал нь мөн боловч Бурханы уур хилэн байны тухайд яавч ялгаварладаггүй биш, бас зарчимгүй ч биш. Эсрэгээрээ, Бурхан огтхон ч түргэн ууртай биш, Өөрийн уур хилэн, сүр жавхланг ч бас амархан харуулдаггүй. Түүнчлэн, Бурханы уур хилэн тун хяналттай, хэмжээтэй байдаг; энэ нь хүний уурлаж бухимдан, уураа гаргадаг зуршилтай огтхон ч харьцуулшгүй. Хүн, Бурхан хоёрын хоорондох маш олон яриа Библид тэмдэглэгдсэн байдаг. Ярианд оролцсон хүмүүсийн заримынх нь үг өнгөцхөн, мэдлэггүй агаад хүүхдийнх шиг байсан боловч Бурхан тэднийг цохин унагааж, бас яллаа ч гүй. Ялангуяа, Иовын шалгалтын үеэр Иовд хэлсэн үгийг нь сонссоныхоо дараа Ехова Бурхан Иовын гурван найз болон бусад хүнд хэрхэн хандсан бэ? Тэр тэднийг ялласан уу? Тэдэнд хилэгнэсэн үү? Тэрээр ямар ч ийм зүйл хийгээгүй! Харин ч тэдний өмнөөс гуйж, тэдний төлөө залбир гэж Иовд хэлсэн бөгөөд Бурхан Өөрөө тэдний алдааг хүндээр хүлээж аваагүй. Эдгээр тохиолдол нь бүгд, ийм завхарсан, харанхуй бүдүүлэг хүмүүст ханддаг Бурханы үндсэн хандлагыг төлөөлдөг. Тиймээс, Бурхан уур хилэнгээ гаргах нь Өөрийн сэтгэл санааны байдлыг илэрхийлж байгаа хэрэг огт биш, мэдрэмжээ гаргаж байгаа явдал ч бас биш юм. Хүний буруу ойлголтоос эсрэгээр, Бурханы уур хилэн нь бүрэн тэсрэн гардаг хилэн биш. Бурхан сэтгэл хөдлөлөө барьж чадахаа больсон, эсвэл уур нь буцалж, гаргахаас аргагүй болсноос болж уур хилэнгээ гаргадаг юм биш. Эсрэгээрээ, Түүний уур хилэн бол зөвт зан чанарынх нь илэрхийлэл, жинхэнэ илрэл, Түүний ариун мөн чанарыг бэлгэдсэн илчлэл билээ. Бурхан бол уур хилэн, халдахыг Тэр тэвчдэггүй—энэ нь, Бурханы уур хилэн учир шалтгааныг ялгадаггүй, эсвэл зарчимгүй байдаг гэсэн үг биш; харин учир шалтгааныг ялгалгүй, зарчимгүйгээр, дураараа дүрсхийдэг уур хилэн, зөвхөн завхарсан хүн төрөлхтөнд л байдаг. Хүн байр суурьтай болмогц сэтгэл хөдлөлөө хянахад үргэлж хэцүү болох учраас сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлж, сэтгэл хөдлөлөө гаргах боломжийг шүүрч авахдаа дуртай байх болно; өөрийн чадлыг харуулж, байр суурь, ялгамж чанар нь энгийн хүмүүсийнхээс ялгаатай гэдгийг бусдад мэдэгдэхийн тулд тэрээр ямар ч илэрхий шалтгаангүйгээр байнга дүрсхийн уурладаг. Мэдээж ямар ч байр суурьгүй завхарсан хүмүүс ч бас үргэлж хяналтаа алддаг. Хувийн ашиг сонирхол нь хохирсноос болж тэд байнга уурладаг. Өөрсдийн байр суурь, нэр хүндийг хамгаалахын тулд тэд сэтгэл хөдлөлөө үргэлж гаргаж, биеэ тоосон уг чанараа харуулах болно. Нүглийн оршин тогтнолыг хамгаалж тэтгэхийн тулд хүн дүрсхийн уурлаж, сэтгэл хөдлөлөө гаргах бөгөөд эдгээр үйлдэл нь хүний сэтгэл ханамжгүй байдлаа илэрхийлэх арга юм; эдгээр нь хольц, заль мэх, далд явуулга, хүний завхрал, ёрын муугаар бялхдаг, юу юунаас ч илүүтэйгээр хүний зэрлэг санаархал, хүслээр бялхаж байдаг. Шударга ёс хорон муу байдалтай харшилдах үед, хүн шударга ёсны оршин тогтнолыг хамгаалж, хадгалахын тулд дүрсхийн уурлахгүй; харин ч эсрэгээрээ, шударга ёсны хүчинд заналхийлж, түүнийг хяхан хавчиж, дайрч довтлох үед, хүн үл ойшоож, зайлсхийж, далдичин зугтах хандлагатай байдаг. Харин муу ёрын хүчтэй тулгарах үедээ хүн аялдан дагаж, мэхийж, бөхөлзсөн хандлагатай байдаг. Тиймээс хүн уураа гаргах нь ёрын муу хүчний гарах гарц, махан биетэй хүний улангассан, зогсоохын аргагүй ёрын муу авирын илэрхийлэл юм. Харин Бурхан уур хилэнгээ гаргах үед, бүх ёрын муу хүч зогсож, хүнд хор хүргэх бүх нүглийг тогтоон барьж, Бурханы ажилд саад болдог дайсагнагч бүх хүчийг ил болгож, тусгаарлаж, харааж, Бурханыг эсэргүүцдэг Сатаны бүх хамсаатныг шийтгэж, үндсээр нь устгана. Оронд нь, Бурханы ажил ямар ч саадгүйгээр үргэлжилж, Бурханы удирдлагын төлөвлөгөө хуваарийн дагуу алхам алхмаар үргэлжлүүлэн хөгжиж, Бурханы сонгосон хүмүүс Сатаны үймээн, хууралтаас ангид байдаг бол, Бурханыг дагадаг хүмүүс амар амгалан, тайван орчинд Бурханы манлайлал, хангалтыг эдэлнэ. Бурханы уур хилэн бол бүх ёрын муу хүчийг өсөж үржин, хаа хамаагүй тархахаас сэргийлдэг хамгаалалт, мөн бүх зөв шударга, эерэг зүйлийн оршин тогтнол, тархалтыг хамгаалж, тэднийг дарангуйлал, сүйрлээс мөнхөд хамгаалдаг хамгаалалт билээ.

Бурхан Содомыг сүйрүүлсэн явдлаас та нар Түүний уур хилэнгийн мөн чанарыг харж чадаж байна уу? Түүний уур хилэнтэй өөр ямар нэг зүйл холилдсон уу? Бурханы уур хилэн хольцгүй цэвэр үү? Хүний үгээр хэлбэл Бурханы уур хилэн жинхэнэ үү? Түүний уур хилэнгийн цаана ямар нэг арга заль байдаг уу? Ямар нэгэн нууц явуулга байдаг уу? Хэлж болохгүй ямар нэгэн нууц байдаг уу? Би та нарт хатуухан бөгөөд нухацтайгаар ингэж хэлж чадна: Бурханы уур хилэнд хэн нэгнийг эргэлзэхэд хүргэж болох ямар ч зүйл байхгүй. Түүний уур хилэн бол өөр ямар нэгэн санаа, зорилго өвөрлөдөггүй цэвэр, жинхэнэ уур билээ. Түүний уур хилэнгийн цаад шалтгаан нь цэвэр ариун, гэм зэмгүй, шүүмжлэлээс дээгүүр байдаг. Энэ нь Түүний ариун мөн чанарын төрөлхийн илрэл, илэрхийлэл; энэ бол өөр ямар ч бүтээлд байдаггүй зүйл билээ. Энэ бол Бурханы цор ганц зөвт зан чанарын нэг хэсэг, бас Бүтээгч болон Түүний бүтээлийн тус тусынх нь мөн чанарын хоорондох эрс тэс ялгаа юм.

Хүн бусдын нүдэн дээр, эсвэл бусдын нүднээс далдуур уурлах нь хамаагүй хүн бүхэн уурлахдаа өөр өөр санаа, зорилготой байдаг. Магадгүй тэд нэр төрөө өсгөж, эсвэл хувийн ашиг сонирхлоо хамгаалж, дүр төрхөө хадгалж, нэр нүүрээ бодож байж болох юм. Зарим хүн уураа барихаар хичээдэг байхад зарим нь илүү түргэн зантай, өчүүхэн төдий ч биеэ барилгүйгээр хүссэн үедээ уур хилэн нь бадардаг. Товчхондоо, хүний уур завхарсан зан чанараас нь үүсдэг. Зорилго нь ямар байх нь хамаагүй, энэ нь махан биеийнх, уг чанарынх байдаг; хүний уг чанар-мөн чанарын юу нь ч үнэнтэй нийцдэггүй учраас энэ нь шударга ёс, шударга бус байдалтай ямар ч хамаагүй. Тиймээс завхарсан хүн төрөлхтний уур уцаарыг Бурханы уур хилэнтэй харьцуулах ёсгүй. Сатаны завхруулсан хүний үйлдэл нь ямагт завхралыг хадгалж хамгаалах хүслээс эхэлдгийн дээр үнэндээ завхрал дээр үндэслэдэг; тийм учраас хэдий онолын хувьд хүний уур уцаар хэчнээн зүй ёсны мэт санагдаж байсан ч гэсэн хүний уурыг Бурханы уур хилэнтэй харьцуулж болохгүй. Бурхан уур хилэнгээ гаргах үед, ёрын муу хүчнүүд зогсож, ёрын муу зүйлс устгагддаг байхад зөв шударга болоод эерэг зүйлс Бурханы халамж, хамгаалалтыг эдэлж, үргэлжлүүлэх боломжтой болдог. Шударга бус, сөрөг, ёрын муу зүйлс нь шударга, эерэг зүйлсийн хэвийн үйл ажиллагаа болон хөгжлийг саатуулж, үймүүлж, сүйтгэдэг учраас Бурхан уур хилэнгээ гаргадаг. Бурханы уур хилэн нь байр суурь, ялгамж чанараа хамгаалах зорилготой байдаггүй, харин шударга, эерэг, үзэсгэлэнтэй, сайн сайхан зүйлсийн оршин тогтнолыг хамгаалж, хүн төрөлхтний хэвийн амьдрах хууль, дэг журмыг хамгаалах зорилготой юм. Энэ бол Бурханы уур хилэнгийн эх үндэс билээ. Бурханы уур хилэн бол Түүний зан чанарын маш зүй ёсны, байх л ёстой, жинхэнэ илрэл мөн. Түүний уур хилэнд ямар ч далд санаа байдаггүй, хүсэл, заль мэх, хорон санаа, хүчирхийлэл, муу муухай болоод завхарсан хүн төрөлхтний өөр бусад аливаа нийтлэг шинжийг байтугай хууран мэхлэлт, хуйвалдаан ч агуулдаггүй. Бурхан Өөрийн уур хилэнг гаргахаасаа өмнө, бүх зүйлийн мөн чанарыг аль хэдийн тов тодорхой, бүрэн дүүрэн ухан ойлгож, тодорхой, үнэн зөв тодорхойлолт, дүгнэлтийг аль хэдийн боловсруулсан байдаг. Тиймээс бүх зүйлийг хийхдээ баримталдаг Бурханы зорилго нь Түүний хандлагатай адил тов тодорхой байдаг. Тэр мунгинуу, харалган, түргэн зантай, хайхрамжгүй биш, Тэр яавч зарчимгүй биш. Энэ бол Бурханы уур хилэнгийн бодитой тал, Бурханы уур хилэнгийн энэхүү бодитой талаас үүдэн хүн төрөлхтөн хэвийн оршин тогтнох болсон юм. Бурханы уур хилэнгүйгээр хүн төрөлхтөн хэвийн бус амьдрах нөхцөл рүү уруудаж, шударга, үзэсгэлэнтэй, сайн сайхан бүх зүйл устаж, оршин тогтнохоо болих байв. Бурханы уур хилэнгүйгээр бүтээгдсэн зүйлийн оршин тогтнох хууль, дэг журам эвдэгдэж, эсвэл бүр бүрэн сүйрэх байлаа. Хүнийг бүтээснээс хойш Бурхан, хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг хамгаалж, хадгалахын тулд зөвт зан чанараа тасралтгүй ашигласан юм. Түүний зөвт зан чанар нь уур хилэн, сүр жавхланг агуулдаг учраас бүх ёрын муу хүн, зүйл, эд юмс болон хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг үймүүлж, хохироодог бүх зүйл Түүний уур хилэнгийн улмаас шийтгүүлж, хянуулж, устдаг. Сүүлийн хэдэн мянган жилийн туршид, хүн төрөлхтнийг удирдах Бурханы ажилд Бурханыг эсэргүүцэж, Сатаны хамсаатан, боол мэт авирладаг бүхий л төрлийн бузар, муу ёрын сүнснүүдийг цохин унагааж, устгахаар Бурхан зөвт зан чанараа тасралтгүй ашигласаар ирсэн. Тиймээс хүнийг аврах Бурханы ажил үргэлж Өөрийнх нь төлөвлөгөөний дагуу урагшилж байсан. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэн оршин тогтнодог учраас хүмүүсийн хамгийн зөв шударга үйл хэрэг хэзээ ч сүйрээгүй.

Та нар Бурханы уур хилэнгийн мөн чанарын талаар ойлголттой болсон болохоор Сатаны ёрын мууг хэрхэн ялгах талаар бүр ч илүү дээр ойлголттой гарцаагүй болсон байх ёстой!

Сатан энэрэнгүй, шударга, журамтай мэт харагддаг ч мөн чанартаа харгис агаад ёрын муу билээ

Сатан хүмүүсийг мэхлэх замаар нэр хүнд олж авдгийн дээр үргэлж өөрийгөө зөв шударга байдлын манлайлагч, үлгэр дуурайл болгодог. Зөв шударга байдлыг хамгаалах нэрийдлээр хүмүүст хор учруулж, сүнсийг нь залгиж, хүнийг хөшүүн болгож, хууран мэхэлж, турхирахын тулд бүхий л төрлийн арга барил ашигладаг. Түүний зорилго нь, ёрын муу үйл хэргийг нь хүн хүлээн зөвшөөрч, дагадаг болгож, Бурханы эрх мэдэл, дээд эрхийг эсэргүүцэхэд хүнийг өөртөө нэгтгэх явдал юм. Гэвч, хүн түүний явуулга, хуйвалдаан, өөдгүй төрхийг мэддэг болж, түүнд гишгэчүүлж, хууртаж, үргэлжлүүлэн түүнд боолчлогдож, түүнтэй хамт шийтгүүлж, сүйрэхийг хүсэхгүй байх үед Сатан урьдын ариун гэгээн төрхөө өөрчилж, хуурамч багаа хуулан ёрын муу, харгис догшин, муухай, хэрцгий жинхэнэ нүүр царайгаа илчилдэг. Тэр өөрийг нь дагахаас татгалзаж, өөрийнх нь муу ёрын хүчийг эсэргүүцдэг бүх хүнийг үгүй хийхэд юунаас ч илүү дуртай. Энэ үед Сатан итгэл даахуйц, боловсон дүр төрхтэй байж чадахаа больж; харин ч хонины арьсан доороос муу муухай, диаволлог жинхэнэ төрх нь ил гардаг. Явуулга нь илчлэгдэж, жинхэнэ төрх нь ил болмогц Сатан уурсаж, зэрлэг балмад зангаа харуулдаг. Үүний дараа хүмүүсийг хорлож, залгих хүсэл нь улам бүр л нэмэгдэх болно. Учир нь, хүн үнэнийг ухаарахад тэр уурсдагийн дээр эрх чөлөө болон гэрэлд тэмүүлж, өөрийнх нь шоронгоос чөлөөлөгдөхийг хүсэн эрмэлзсэнийх нь төлөө тэрээр хүнд асар их өс хонзон санадаг. Түүний уур хилэн өөрийн ёрын мууг л хамгаалж хадгалахыг зорьдог бөгөөд энэ нь ч бас харгис хэрцгий уг чанарынх нь жинхэнэ илрэл юм.

Сатаны хийсэн бүхэн нь түүний ёрын муу уг чанарыг харуулдаг. Хүнд Сатаны хийсэн бүх ёрын муу үйл хэргээс—хүнийг төөрөгдүүлэн өөрийгөө дагуулах гэсэн эртний хичээл чармайлтаас нь эхлээд хүнийг ашиглаж, ёрын муу үйл хэрэгтээ татан оруулах хүртэл, мөн үнэн нүүр царай нь илчлэгдэж, хүн түүнийг таньж, хаясны дараа хүнд өс санах хүртэл—бүгд Сатаны ёрын муу мөн чанарыг илчилдэг, Сатан эерэг зүйлтэй ямар ч хамаагүй, Сатан бол бүх ёрын муу зүйлийн эх сурвалж хэмээх баримтыг бүгд баталдаг, Түүний үйлдэл нэг бүр муу муухайг нь хадгалж, муу үйл хэргийг нь үргэлжлүүлж, шударга болон эерэг зүйлсийн эсрэг явж, хүний хэвийн оршин тогтнолын хууль, дэг журмыг алдагдуулдаг. Сатаны эдгээр үйл нь Бурханд дайсагнадаг бөгөөд Бурханы уур хилэнд сүйрэх болно. Сатанд өөрийн гэсэн уур хилэн байдаг боловч түүний уур хилэн бол ердөө л ёрын муу уг чанараа гаргах арга зам юм. Сатан унтууцаж, улангасан уурладгийн шалтгаан нь гэвэл: Түүний үгээр хэлшгүй явуулга ил болсон; түүний хуйвалдаан зүгээр өнгөрөхөд амаргүй байдаг; Бурханыг орлож, Бурхан шиг авирлах гэсэн түүний галзуу санаархал, эрмэлзэл нь цохигдож, саад учирсан; бүх хүн төрөлхтнийг захирах түүний зорилго нь одоо талаар болж, хэзээ ч биелэх боломжгүй болсон. Сатаны хуйвалдаан хэрэгжихийг зогсоож, Сатаны муу муухай дэлгэрч, тархахыг тасалдуулсан зүйл бол Бурхан уур хилэнгээ ахин дахин гаргасан явдал юм. Тийм учраас Сатан, Бурханы уур хилэнг үзэн ядаж, бас түүнээс айдаг. Бурханы уур хилэн буух болгондоо Сатаны жигшүүрт үнэн дүр төрхийг ил болгоод зогсохгүй, Сатаны хорон муу хүслийг харуулах явцдаа хүн төрөлхтний эсрэг Сатаны уур хилэнгийн шалтгааныг бүрмөсөн илчилдэг. Сатаны уур хилэн буцалж байгаа нь түүний хорон муу уг чанар жинхэнээсээ илчлэгдэж, түүний явуулга ил болж байгаа явдал юм. Мэдээж Сатан уурсах болгонд, энэ нь ёрын муу зүйлсийн сүйрлийг, мөн эерэг зүйлс хамгаалагдаж, үргэлжлэн байгааг тунхагладаг; Бурханы уур хилэнд халдаж болохгүй гэдэг бодит үнэнийг тунхагладаг!

Бурханы зөвт зан чанарыг мэдэхийн тулд хүн туршлага болон төсөөлөлдөө найдах ёсгүй

Чи Бурханы шүүлт, гэсгээлттэй нүүр тулсан үедээ, Бурханы үгийг хуурамч гэж хэлэх үү? Чи Бурханы уур хилэнгийн цаана түүх байгаа бөгөөд тэр нь хуурамч гэж хэлэх үү? Бурханы зан чанар бүхэлдээ зөвт байх албагүй хэмээн хэлж Түүнийг гүтгэх үү? Бурханы үйл болгонтой харьцахдаа чи Бурханы зөвт зан чанарт өөр ямар ч хольц байхгүй, ариун агаад өө сэвгүй гэдэгт эхлээд итгэлтэй байх ёстой. Эдгээр үйлд, Бурхан хүн төрөлхтнийг цохин унагааж, шийтгэж, сүйрүүлэх багтдаг. Бурхан үйл болгоноо бүгдийг нь Өөрийн төрөлх зан чанар, төлөвлөгөөнд чанд нийцүүлэн хийдэг бөгөөд үүнд хүний ямар ч мэдлэг, уламжлал, гүн ухаан хамаардаггүй. Бурханы үйл нэг бүр нь завхарсан хүн төрөлхтөнд харьяалагддаг ямар ч зүйлтэй холбоогүй, Түүний зан чанар, мөн чанарын илэрхийлэл билээ. Зөвхөн хүн төрөлхтөнд хандах Бурханы хайр, өршөөл, хүлээцтэй байдал л өө сэвгүй, жинхэнэ агаад ариун гэсэн үзэл хүн төрөлхтөнд байдаг, харин Бурханы хилэгнэл болон уур хилэн мөн адил жинхэнэ гэдгийг хэн ч мэддэггүй; түүнчлэн Бурхан яагаад халдахыг тэвчдэггүй, Түүний хилэгнэл яагаад асар их байдаг гэх мэт асуултуудыг хэн ч эргэцүүлэн бодож байгаагүй. Эсрэгээрээ, зарим хүн Бурханы уур хилэнг завхарсан хүн төрөлхтнийх шиг муухай ааштай андуурч, Бурханы уурыг завхарсан хүн төрөлхтнийх шиг улангассан уур гэж буруу ойлгодог. Тэр ч бүү хэл, тэд Бурханы уурыг хүн төрөлхтний завхарсан зан чанарын ердийн илрэлтэй яг адил, Бурхан уур хилэнгээ гаргах нь завхарсан хүмүүсийн онцгүй нөхцөл байдалтай тулгарахдаа гаргадаг ууртай яг адилхан гэж эндүүрч бодон, Бурхан уур хилэнгээ гаргах нь Түүний сэтгэл хөдлөлийн илэрхийлэл гэж итгэдэг. Энэ нөхөрлөлийн дараа та нар дор бүрнээ Бурханы зөвт зан чанарын талаар буруу ойлголт, төсөөлөл, таамаглалтай байхаа болино гэж Би найдаж байна. Миний үгийг сонссоныхоо дараа Бурханы зөвт зан чанарын уур хилэнг зүрх сэтгэлдээ үнэхээр танин мэдэж, Бурханы уур хилэнгийн талаарх урьдын буруу ойлголтоо хаяж, Бурханы уур хилэнгийн мөн чанарын талаарх өөрсдийн буруу итгэл үнэмшил, үзэл бодлыг өөрчилж чадна гэж Би найдаж байна. Түүнчлэн, та нар зүрх сэтгэлдээ Бурханы зан чанарын талаар үнэн зөв тодорхойлолттой болж чадна, Бурханы зөвт зан чанарын талаар эргэлзэхээ больж, Бурханы жинхэнэ зан чанарт хүний аливаа эргэцүүлэл, төсөөллийг тулгахгүй гэж Би найдаж байна. Бурханы зөвт зан чанар бол Бурханы Өөрийнх нь жинхэнэ мөн чанар билээ. Энэ бол хүний бичсэн, эсвэл тодорхойлсон зүйл биш. Түүний зөвт зан чанар бол Түүний л зөвт зан чанар, ямар ч бүтээлтэй хамаатай, холбоотой биш. Бурхан Өөрөө бол Бурхан л Өөрөө. Тэр хэзээ ч бүтээлийн нэг хэсэг болохгүй, бүтээгдсэн зүйлсийн нэг болсон ч гэсэн, Түүний төрөлх зан чанар болоод мөн чанар өөрчлөгдөхгүй. Тиймээс Бурханыг мэдэх нь эд юмыг мэдэхтэй адил биш; Бурханыг мэдэх нь ямар нэг зүйлийг задлан шинжлэх явдал биш, хүнийг ойлгохтой ч бас адилгүй. Хэрвээ хүн эд юмыг мэдэх, эсвэл хүнийг ойлгох үзэл баримтлал, арга барилаа Бурханыг мэдэхэд ашигладаг бол Бурханы талаарх мэдлэгийг хэзээ ч олж авч чадахгүй. Бурханыг мэдэх нь туршлага, төсөөллөөс хамааралтай биш учраас чи туршлага болон төсөөллөө Бурханд хэзээ ч тулгах ёсгүй; туршлага болон төсөөлөл чинь хэчнээн ч баялаг байсан, бас л хязгаарлагдмал юм. Үүнээс ч илүүтэйгээр төсөөлөл чинь баримттай нийцдэггүй, үнэнтэй бүр ч нийцдэггүй, Бурханы жинхэнэ зан чанар болоод мөн чанартай таардаггүй. Бурханы мөн чанарыг ойлгохын тулд төсөөлөлдөө найдах юм бол чи хэзээ ч амжилт олохгүй. Цорын ганц зам бол Бурханаас ирдэг бүхнийг хүлээн авч, дараа нь аажмаар туулж, ойлгох явдал юм. Ингээд зогсохгүй, хамтарч ажилласны чинь төлөө, бас үнэнээр өлсөж, цангасны чинь төлөө Өөрийгөө үнэхээр ойлгуулж, мэдүүлэхээр Бурхан чамайг гэгээрүүлэх өдөр ирнэ. Үүгээр ярианыхаа энэ хэсгийг дуусгацгаая.

Хүмүүс чин сэтгэлээсээ гэмшсэнээр Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртэнэ

“Бурхан Ниневег аварсан” тухай Библийн түүхийг дор өгүүлэв.

Иона 1:1–2 Еховагийн үг Амиттаин хүү Ионад ирээд, “Бос, их хот Ниневе уруу очиж, түүний оршин суугчдад хашхир. Учир нь тэдний хорон муу Миний өмнө ирэв” гэжээ.

Иона 3 Еховагийн үг Ионад хоёр дахь удаагаа ирж “Бос, их хот Ниневе рүү явж, Миний чамд айлдах тунхаглалыг тэдэнд зарла” гэж хэлэв. Ингээд Иона босож, Еховагийн үгийн дагуу Ниневе рүү явжээ. Ниневе, гурван өдрийн турш явж туулах үлэмж том хот байв. Иона нэг өдөржингөө хотоор явж, “Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө” гэж хашхиран хэлж байлаа. Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд энэ үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд үнсэн дээр суулаа. Тэрээр тунхаг гаргаж, “Хаан болон түүний ноёдын зарлигийн дагуу хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: тэд юм идэж, ус ууж болохгүй. Харин хүн болон адгуус амьтад бүгд таар нөмрөх ёстой, хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая. Бурхан эргэж зөөлрөн, догшин ширүүн уур хилэнгээ эргүүлж, бид мөхөхгүй ч байх юм билүү, хэн мэдэх билээ?” гэжээ. Бурхан ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг харав; тэгээд тэдэн дээр буулгана гэж хэлсэн гай гамшигтаа гэмшиж, улмаар тэднийг сүйрүүлсэнгүй.

Иона 4 Гэхдээ энэ нь Ионад огт таалагдсангүй, тэр маш их уурлав. Тэгээд тэрээр Еховад залбирч: “Өө, Ехова минь, би Танд залбирч байна, би нутагтаа байхдаа Танд үүнийг хэлээгүй гэж үү? Та бол нигүүлсэнгүй, өршөөнгүй, уурлахдаа удаан, сайхан сэтгэлтэй, гай гамшгийг зөөлрүүлэгч гэдгийг би мэддэг учраас Таршиш руу зугтсан. Тийм учраас, өө Ехова минь, Та надаас миний амийг аваач гэж би гуйж байна: учир нь, надад амьд явахаас үхэх нь илүү дээр” гэж хэлэв. Тэгэхэд нь Ехова түүнээс “Чамд уурлах шалтгаан байна уу?” гэж асуулаа. Улмаар Иона хотоос гарч, хотын зүүн талд суув, тэнд өөртөө сүүдрэвч бариад, хотод юу тохиолдохыг харах хүртлээ сүүдэрт нь суужээ. Тэгэхэд Ехова Бурхан эрэндийн бут бэлтгэж, толгой дээгүүр нь сүүдэрлэн, гуниг ганьхралаас нь салгахын тулд Ионагийн дээгүүр ургууллаа. Иона эрэндийн бутанд маш их баярлав. Гэхдээ дараа өдрийн өглөө болоход Бурхан өт бэлдэж, эрэндийн бутыг нэрвэхэд тэр нь гандаж хатав. Нар мандахад Бурхан дорнын халуун салхи бэлдэж, Ионагийн толгойг наранд цохиулахад тэр ухаан балартаж, үхэхийг хүсэн “Амьд явахаас үхсэн нь надад дээр” гэж хэлэв. Бурхан Ионагаас “Эрэндийн бутны төлөө уурлах шалтгаан чамд байна уу?” гэж асуухад тэрээр, “Надад бүр үхтэлээ уурлах шалтгаан байна” гэлээ. Тэгэхэд Ехова: “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөн хайрлах хэрэггүй гэж үү?” гэж хэлэв.

Ниневегийн түүхийн тойм

“Бурхан Ниневег аварсан” тухай түүх хэдий богинохон боловч Бурханы зөвт зан чанарын нөгөө талыг зэрвэс харах боломжийг хүнд олгодог. Тэрхүү тал нь яг юунаас бүрдэж байгааг ойлгохын тулд бид Судар луу буцаж очоод, Өөрийн ажлын явцад хэрэгжүүлсэн Бурханы үйл хэргийг эргэж нэг харах ёстой.

Эхлээд энэ түүхийн эхлэлийг харцгаая: “Еховагийн үг Амиттаин хүү Ионад ирээд, ‘Бос, их хот Ниневе уруу очиж, түүний оршин суугчдад хашхир. Учир нь тэдний хорон муу Миний өмнө ирэв’ гэжээ” (Иона 1:1–2). Судрын энэ хэсгээс бид, Ехова Бурхан, Ниневе хот руу явахыг Ионад тушаасан гэдгийг мэднэ. Тэр яагаад Ионад энэ хот руу яв гэж тушаасан бэ? Библид энэ тухай маш тодорхой өгүүлсэн: Энэ хотын хүмүүсийн хорон муу нь Ехова Бурханы нүдэнд өртсөн учраас Өөрийн хийхийг зорьж байгаа зүйлийг тэдэнд тунхаглахын тулд Тэр Ионаг илгээжээ. Иона гэж хэн байсныг бидэнд хэлж өгөх юу ч тэмдэглэгдээгүй боловч энэ нь мэдээж Бурханыг мэдэхтэй хамаагүй. Тиймээс та нар Иона гэх энэ хүнийг ойлгохын хэрэггүй. Та нар Бурхан Ионад юу хий гэж тушаасныг, Бурхан ийм зүйл хийсэн шалтгааныг л мэдэх хэрэгтэй.

Ехова Бурханы анхааруулга Ниневед хүрэв

Бид хоёр дахь хэсэг буюу Ионагийн номын гуравдугаар бүлэг рүү орцгооё: “Иона нэг өдөржингөө хотоор явж, ‘Ердөө дөч хоногийн дараа Ниневе хөмөрнө’ гэж хашхиран хэлж байлаа.” Эдгээр нь Ниневе хотынхонд хэл гэж Ионад Бурханы шууд дамжуулсан үг байв, тэгэхээр мэдээж эдгээр нь Ниневе хотынхонд хэлэхийг хүссэн Еховагийн үг юм. Тэдний хорон муу нь Түүний нүдэнд өртсөн учир, Бурхан энэ хотын хүмүүсийг жигшиж, үзэн ядаж эхэлсэн, иймээс энэ хотыг Тэр устгахыг хүссэн гэдгийг эдгээр үг хүмүүст хэлдэг. Гэсэн хэдий ч, Бурхан хотыг устгахаасаа өмнө Ниневе хотынхонд зарлан тунхаглахын зэрэгцээ хорон муу байдалдаа гэмшиж, шинээр эхлэх боломжийг тэдэнд өгсөн. Энэ боломж нь дөч хоног үргэлжлээд дуусах байв. Өөрөөр хэлбэл, хотын хүмүүс дөчин өдрийн дотор гэмшиж, Ехова Бурханы өмнө нүглээ улайж, нүүрээрээ газар унан мөргөхгүй бол Бурхан Содомын нэгэн адилаар энэ хотыг устгах байсан юм. Ехова Бурханы Ниневегийн хүмүүст хэлэхийг хүссэн зүйл энэ байлаа. Энэ нь энгийн нэг тунхаглал байгаагүй нь тодорхой. Энэ нь Ехова Бурханы уурыг дамжуулаад зогсохгүй, мөн Ниневе хотынхонд хандах хандлагыг нь дамжуулсны зэрэгцээ бас уг хотод амьдарч байсан хүмүүст хатуу анхааруулга болсон. Энэхүү анхааруулга нь тэдний хорон муу үйлдэл Ехова Бурханы үзэн ядалтыг төрүүлсэн, удахгүй тэднийг сүйрлийн ирмэгт аваачна гэдгийг хэлсэн. Тиймээс Ниневегийн оршин суугч нэг бүрийн аминд аюул заналхийлж байсан юм.

Ехова Бурханы анхааруулгад үзүүлсэн Ниневе болон Содомын хариу үйлдлийн эрс тэс ялгаа

Хөмрөх гэдэг нь юу гэсэн үг вэ? Ярианы хэлээр бол энэ нь оршин тогтнохоо болно гэсэн үг. Гэхдээ ямар замаар? Хэн бүхэл бүтэн хотыг хөмөрч чадах вэ? Хүний хувьд мэдээж ийм үйлдлийг гүйцэтгэх боломжгүй. Ниневегийн хүмүүс тэнэг байгаагүй; энэ тунхаглалыг сонсмогцоо л тэд даруй ойлгосон. Тэрхүү тунхаглал нь Бурханаас ирснийг, Бурхан ажлаа гүйцэтгэх гэж байгааг, өөрсдийнх нь хорон муу байдал Ехова Бурханыг хилэгнүүлж, Түүний уурыг өөрсөд дээрээ авчирч, ингэснээр удахгүй хоттойгоо хамт сүйрэх юм байна гэдгээ тэд мэдсэн. Ехова Бурханы анхааруулгыг сонссоныхоо дараа уг хотын хүмүүс хэрхэн авирласан бэ? Хаанаасаа эхлээд энгийн иргэд хүртэл хүмүүс ямар хариу үйлдэл хийснийг Библид маш дэлгэрэнгүй дүрсэлсэн. Дараах үгс Сударт тэмдэглэгдсэн байдаг: “Тэгээд Ниневе хотын хүмүүс Бурханд итгэж, мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсөв. Ниневе хотын хаанд энэ үг хүрэхэд тэр сэнтийнээсээ босож, нөмрөгөө тайлан, таар нөмрөөд үнсэн дээр суулаа. Тэрээр тунхаг гаргаж, ‘Хаан болон түүний ноёдын зарлигийн дагуу хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: тэд юм идэж, ус ууж болохгүй. Харин хүн болон адгуус амьтад бүгд таар нөмрөх ёстой, хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая…’ гэжээ” (Иона 3:5–9).

Ехова Бурханы тунхаглалыг сонссоны дараа, Ниневегийн хүмүүс Содомын хүмүүсийнхээс шал өөр хандлага харуулсан—Содомын хүмүүс Бурханыг илт эсэргүүцэж, муугаас мууг хийж байсан бол энэ үгийг сонссоныхоо дараа Ниневе хотынхон хэрэг явдалд тоомсоргүй хандаагүй, эсэргүүцээ ч гүй. Харин тэд Бурханд итгэж, мацаг барилт зарласан. Энд “итгэсэн” гэдэг үг нь юуг хэлж байна вэ? Энэ үг нь өөрөө итгэл, дуулгавартай байдал гэсэн утгыг илэрхийлдэг. Хэрвээ бид Ниневе хотынхны бодит үйлдлийг ашиглан энэ үгийг тайлбарлавал, Бурхан хэлснийхээ дагуу хийж чадна, хийх ч болно гэж тэд итгэсний дээр гэмшихэд бэлэн байсан гэсэн үг юм. Ниневегийн хүмүүс заналхийлж буй аюулаас айж байсан уу? Тэдний итгэл нь тэдний зүрх сэтгэлд айдас төрүүлж байсан. Тэгэхээр Ниневе хотынхны итгэл болон айдсыг батлахын тулд бид юу ашиглаж болох вэ? Библид өгүүлсэнчлэн: “…тэд мацаг барилт зарлан, хамгийн томоосоо хамгийн бага хүртлээ таар өмсжээ.” Өөрөөр хэлбэл, Ниневе хотынхон үнэхээр итгэсэн, энэхүү итгэлээс айдас төрж, тэднийг мацаг барьж, таар өмсөхөд хүргэсэн. Гэмшиж эхэлж байгаагаа тэд ингэж харуулсан юм. Содомын хүмүүсээс шал эсрэгээр Ниневегийн хүмүүс Бурханыг эсэргүүцээгүйгээр үл барам, мөн зан авир болон үйлдлээрээ гэмшиж байгаагаа тодорхой харуулсан. Мэдээж энгийн ард иргэд төдийгүй, хаан нь ч ялгаагүй, Ниневегийн хүмүүс бүгд үүнийг хийсэн.

Ниневегийн хааны гэмшил Ехова Бурханы сайшаалыг хүртсэн

Ниневегийн хаан энэ мэдээг сонсоод сэнтийнээсээ босож, өмсгөлөө тайлан, таар нөмрөөд, үнсэн дээр суусан. Тэгээд тэр, хотод байгаа хэн ч юу ч амсаж болохгүй, үхэр хонь, өөр бусад ямар ч амьтан идээшилж, ус ууж болохгүй хэмээн тунхагласан. Хүн болон мал амьтад адилхан таар нөмрөх учиртай, хүмүүс чин сэтгэлээсээ Бурханаас гуйх ёстой байсан. Бас хүн бүр муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийдгээ болих ёстой гэж хаан тунхагласан. Эдгээр үйлдлээс үзвэл, Ниневегийн хаан үнэн сэтгэлээсээ гэмшиж байсан юм. Сэнтийнээсээ босож, хааны өмсгөлөө тайлж, таар нөмрөн, үнсэн дээр суусан гээд түүний хийсэн эдгээр үйлдэл нь Ниневегийн хаан хааны байр сууриа орхиж, энгийн ардын хамтаар таар өмссөн гэдгийг хүмүүст хэлж өгдөг. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы тунхаглалыг сонссоныхоо дараа Ниневегийн хаан өөрийн муу замыг, хүчирхийлэл хийхээ үргэлжлүүлэхээр хаан суудлаа эзэгнээгүй; харин ч өөрийн барьж байсан эрх мэдлийг орхиж, Ехова Бурханы өмнө гэмшсэн. Энэ үед Ниневегийн хаан, хааны хувиар гэмшээгүй; харин Бурханы энгийн албатын хувиар гэмшиж, нүглээ улайхын тулд Бурханы өмнө очсон. Түүнчлэн Ехова Бурханы өмнө өөр шиг нь нүглээ улайж, гэмшихийг бүхий л хотынхонд бас хэлсэн; дээр нь нэмээд, үүнийг хийх тодорхой төлөвлөгөө түүнд байсныг Сударт ийнхүү өгүүлжээ: “Хүн, адгуус амьтан, мал сүрэг юу ч амсаж болохгүй: тэд юм идэж, ус ууж болохгүй … хүн Бурханд хандан чадлаараа гуй, хүн бүр ёрын муу замаасаа эргэж, гар дахь хүчирхийллээ хая.” Хотын захирагч болохын хувьд Ниневегийн хаан эрхэм дээд байр суурь болоод эрх дархтай бөгөөд хүссэн бүхнээ хийж чадах байсан. Ехова Бурханы тунхаглалтай нүүр тулах үедээ тэр хэрэг явдлыг үл тоож, эсвэл зүгээр л ганцаараа гэмшиж, нүглээ улайж болох байсан; хотын хүмүүсийн гэмших эсэхийн тухайд бол тэрээр үүнийг огт тоохгүй орхиж болох байсан юм. Гэхдээ Ниневегийн хаан огтхон ч ингээгүй. Тэр сэнтийнээсээ босож, үнс, таар өмсөж, Ехова Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайгаад зогсохгүй, бас уг хотод байгаа бүх хүн, малд мөн адил ингэхийг тушаасан. Тэр ч бүү хэл тэрээр “Бурханд хандан чадлаараа гуйхыг” хүмүүст тушаасан. Энэхүү хэд хэдэн үйлдлээрээ Ниневегийн хаан, удирдагч хүний хийх ёстой зүйлийг үнэхээр биелүүлсэн. Түүний үйлдлүүд нь хүн төрөлхтний түүхэн дэх ямар ч хааны хувьд хийхэд хэцүү зүйл байсан ба үнэндээ өөр ямар ч хаан ийм зүйл хийж чадаагүй. Эдгээр үйлдлийг хүн төрөлхтний түүхэнд урьд өмнө болж байгаагүй зүйл гэж хэлж болох бөгөөд хүн төрөлхтөн үүнийг дуурсаж, даган дуурайваас зохистой. Хүн үүссэн цагаас хойш бүхий л хаад Бурханыг сөрж, эсэргүүцэхэд албатуудаа хөтөлж байсан. Өөрсдийн хорон муугийнхаа төлөө аврал эрэн Бурханаас гуйж, Ехова Бурханы өршөөлийг хүлээн авч, заналхийлж буй шийтгэлээс зайлсхийхэд хэн ч, хэзээ ч албатуудаа хөтөлж байгаагүй. Ниневегийн хаан харин албатуудаа Бурхан руу хандуулж, дор бүрнээ хорон муу замыг орхиж, хүчирхийлэл хийхээ болиход хүргэж чадсан. Түүнчлэн тэр хаан ширээгээ орхиж чадсан бөгөөд хариуд нь Ехова Бурхан сэтгэл нь өөрчлөгдөж, харамсаж, уур хилэнгээ татаж, хотын хүмүүст амьд үлдэх боломж олгож, тэднийг сүйрлээс хамгаалжээ. Энэхүү хааны үйлдлийг хүн төрөлхтний түүхэн дэх ховор гайхамшиг, тэр ч бүү хэл завхарсан хүн төрөлхтөн Бурханы өмнө гэмшиж, нүглээ улайж байгаагийн үлгэр дуурайл гэж л нэрлэж болно.

Бурхан Ниневе хотынхны зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг харсан нь

Бурханы тунхаглалыг сонссоныхоо дараа Ниневегийн хаан болон түүний албатууд хэд хэдэн үйлдэл хийсэн. Тэдний зан авир болоод үйлдлийн уг чанар юу байсан бэ? Өөрөөр хэлбэл, тэдний авирын ерөнхий мөн чанар нь юу байсан бэ? Тэд яагаад тийм юм хийсэн бэ? Бурханы нүдээр бол тэд үнэхээр гэмшсэн, учир нь тэд чин сэтгэлээсээ Бурханаас гуйж, Түүний өмнө нүглээ улайгаад зогсохгүй, хорон муу авирлахаа больсон. Бурханы үгийг сонсоод тэд ихэд эмээж, Тэр хэлснээрээ хийнэ гэж итгэсэн учраас ийм үйлдэл хийжээ. Мацаг барьж, таар өмсөж, үнсэнд сууснаараа тэд замаа засаж, хорон мууг цээрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэхийг хүсэж, уураа барихыг гуйн Ехова Бурханд залбирч, шийдвэрээ буцааж, өөрсөд дээр нь буух гэж буй гай гамшгийг зогсоохыг Ехова Бурханаас гуйж байв. Тэдний бүх зан авирыг шинжилж үзвэл, өөрсдийнх нь урьдын хорон муу үйл Ехова Бурханд жигшүүртэй байсан гэдгийг тэд аль хэдийн ойлгосон байсан ба Тэр яагаад өөрсдийг нь удахгүй сүйрүүлэх болсныг ч бас тэд хэдийнээ ойлгосон байсан гэдгийг бид харж болно. Энэ шалтгааны улмаас тэд бүгд бүрэн дүүрэн гэмшиж, хорон муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийхээ болихыг хүссэн. Өөрөөр хэлбэл, Ехова Бурханы тунхаглалыг мэдмэгцээ тэд бүгд зүрх сэтгэлдээ айдас мэдэрсэн; тэд хорон муу авирлахаа больж, Ехова Бурханы ихэд жигшдэг үйлийг үйлдэхээ больсон юм. Түүнчлэн, урьдын нүглийг нь уучилж, урьдын үйлдлүүдээр нь хандахгүй байхыг Ехова Бурханаас гуйсан. Тэд Ехова Бурханыг дахин хэзээ ч хилэгнүүлэхгүй байх боломжтой л байвал ахин хэзээ ч хорон мууг үйлдэхгүй байж, Ехова Бурханы зааврын дагуу үйлдэхэд бэлэн байлаа. Тэдний гэмшил чин сэтгэлийн агаад бүрэн гүйцэд байв. Энэхүү гэмшил нь тэдний зүрх сэтгэлийн гүнээс гарсан бөгөөд хуурамч, түр зуурын байгаагүй.

Нэгэнтээ, Ниневегийн бүх хүн, хаанаасаа эхлээд ардууд хүртэл, Ехова Бурхан өөрсдөд нь хилэгнэсэн, тэдний дараа дараагийн үйлдэл бүр, бүхий л авир, мөн гаргасан шийдвэр, хийсэн сонголт бүрийг Бурхан тов тодорхой харж чадна гэдгийг мэдэж авсан. Бурханы зүрх сэтгэл Тэдний зан авирыг дагаж өөрчлөгдсөн юм. Яг тэр үед Бурханы сэтгэл санаа ямар байсан бэ? Библи тэр асуултад чинь хариулж чадна. Дараах үгс сударт тэмдэглэгдсэн байсан: “Бурхан ёрын муу замаасаа эргэсэн тэдний үйлсийг харав; тэгээд тэдэн дээр буулгана гэж хэлсэн гай гамшигтаа гэмшиж, улмаар тэднийг сүйрүүлсэнгүй” (Иона 3:10). Хэдийгээр Бурхан санаагаа өөрчилсөн ч Түүний сэтгэл санаанд ямар ч ярвигтай зүйл байгаагүй. Тэр зүгээр л уураа илэрхийлж байснаа тайтгарсан бөгөөд дараа нь Ниневе хотын хүмүүст гай гамшиг учруулахгүй байхаар шийдсэн. Ниневе хотынхныг гай гамшгаас хэлтрүүлэх Бурханы шийдвэр маш хурдан байсны шалтгаан нь Бурхан Ниневегийн хүн бүрийн зүрх сэтгэлийг ажигласанд оршино. Тэдний чин сэтгэлээсээ гэмшиж, нүглээ улайж, чин сэтгэлээсээ Түүнд итгэж, хорон муу үйлдэл нь Бурханы зан чанарыг хилэгнүүлснийг гүнээ мэдэрч, үүний улмаас Ехова Бурханы заналхийлж буй шийтгэлээс айсан гээд тэдний зүрх сэтгэлийн гүнд байгаа зүйлийг нь Тэр харсан юм. Үүний зэрэгцээ, энэхүү гай гамшгаас зайлсхийж магадгүй гэсэндээ өөрсдөд нь уурлахаа болихыг Түүнээс гуйж зүрх сэтгэлийнхээ гүнээс залбирсан залбирлыг нь Ехова Бурхан бас сонссон билээ. Энэ бүх бодит байдлыг ажиглаад Бурханы уур хилэн бага багаар намжсан. Түүний уур хилэн урьд нь хэчнээн их байсан ч гэсэн, энэ хүмүүсийн зүрх сэтгэлийн гүн дэх чин сэтгэлийн гэмшлийг хараад Түүний сэтгэл хөдөлсөн болохоор тэдэнд гай гамшиг учруулж түвдээгүйн дээр тэдэнд хилэгнэхээ больсон. Харин ч Тэр тэдэнд Өөрийн өршөөл, хүлээцтэй байдлыг үргэлжлүүлэн үзүүлж, тэднийг үргэлжлүүлэн залж чиглүүлж, хангаж байсан билээ.

Бурханд итгэх итгэл чинь жинхэнэ бол чи Түүний халамжийг үргэлж хүртэнэ

Бурхан Ниневегийн хүмүүст хандах санаа зорилгоо өөрчилсөнд ямар ч эргэлзээ юм уу тодорхойгүй байдал хамаагүй. Харин ч энэ нь цэвэр уур хилэнгээс цэвэр хүлээцтэй байдал болж хувирсан юм. Энэ бол Бурханы мөн чанарын жинхэнэ илрэл билээ. Бурхан үйлдэхдээ хэзээ ч шийдэмгий бус байж, тээнэгэлздэггүй; Түүний үйлдлийн цаад зарчим болон зорилго бүгд тодорхой, ил тод, цэвэр ариун, өө сэвгүй, мөн ямар ч заль мэх, далд явуулга огт холилдоогүй байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы мөн чанар ямар ч хар бараан, ёрын мууг агуулдаггүй. Ёрын муу үйлдэл нь Түүний нүдэнд өртсөн учраас Бурхан Ниневе хотынхонд хилэгнэсэн; тэр үед Бурханы уур хилэн мөн чанараас нь үүдэн гарсан. Гэсэн хэдий ч, Бурханы уур хилэн арилж, дахин нэг удаа Ниневегийн хүмүүст хүлээцтэй хандах үед Түүний харуулсан бүхэн нь бас л Түүний мөн чанар байсан юм. Энэ өөрчлөлт нь бүхэлдээ Бурханд хандах хүний хандлага өөрчлөгдсөнөөс болсон. Энэ бүх хугацаанд Бурханы халдашгүй зан чанар өөрчлөгдөөгүй; Бурханы хүлээцтэй мөн чанар өөрчлөгдөөгүй; Бурханы энэрэнгүй, өршөөнгүй мөн чанар өөрчлөгдөөгүй. Хүмүүс хорон муу үйл үйлдэж, Бурханд халдах үед Тэр тэдэнд хилэгнэнэ. Хүмүүс үнэхээр гэмших үед, Бурханы зүрх сэтгэл өөрчлөгдөж, уур хилэн нь намжих болно. Хүмүүс зөрүүдлэн Бурханыг эсэргүүцсээр байвал Түүний хилэн намжихгүй, Бурхан уур хилэнгээрээ бага багаар дарсаар тэднийг сүйрүүлэх болно. Энэ бол Бурханы зан чанарын мөн чанар юм. Бурхан уур хилэн, өршөөл, өгөөмөр сэтгэлийн алийг нь ч үзүүлж байсан, Бурханы зан чанарын илрэлээр аль нь илрэн гарахыг, хүний авир, зан байдал, зүрх сэтгэлийнх нь гүнд дэх Бурханд хандах хандлага шийддэг. Хэрвээ Бурхан тасралтгүй нэг хүнд уурлаж байвал тэр хүний зүрх сэтгэл Бурханыг эсэргүүцдэг нь гарцаагүй. Тэр хүн хэзээ ч үнэхээр гэмшиж, Бурханы өмнө толгой бөхийж, Бурханд жинхэнээсээ итгэж байгаагүй учраас Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хэзээ ч хүртээгүй. Хэрвээ хүн Бурханы халамж, өршөөл, хүлээцтэй байдлыг үргэлж хүртдэг бол тэр хүн зүрх сэтгэлдээ Бурханд үнэхээр итгэдэг нь гарцаагүй бөгөөд түүний зүрх сэтгэл Бурханыг эсэргүүцдэггүй. Тийм хүн үргэлж Бурханы өмнө үнэхээр гэмшдэг; тиймээс Бурханы сахилгажуулалт түүн дээр дандаа ирдэг ч гэсэн, Түүний уур хилэн ирэхгүй.

Энэхүү товч тайлбар нь хүмүүст Бурханы зүрх сэтгэл, Түүний мөн чанарын үнэн бодитой байдал, Бурханы уур хилэнг харуулж, Түүний сэтгэл өөрчлөгдөх нь учир шалтгаантай байдаг гэдгийг харуулдаг. Ууртай байх үедээ болон сэтгэл нь өөрчлөгдөх үедээ Бурхан эрс тэс ялгаатай харагддаг нь уур хилэн болон хүлээцтэй байдал хэмээх Бурханы мөн чанарын хоёр талын хооронд томоохон зай, ялгаа оршиж байгаа гэж хүмүүст итгүүлдэг ч гэсэн Ниневе хотынхны гэмшилд хандах Бурханы хандлага нь Бурханы жинхэнэ зан чанарын өөр нэг талыг дахин нэг удаа хүмүүст харуулдаг. Бурханы сэтгэл өөрчлөгдөх нь Бурханы өршөөл, өгөөмөр сэтгэлийн үнэн бодитой байдал, Бурханы мөн чанарын жинхэнэ илрэлийг хүн төрөлхтөнд дахин нэг удаа үнэн бодитоор харуулдаг. Бурханы өршөөл, өгөөмөр сэтгэл нь домог биш, худал зүйл ч биш гэдгийг хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Учир нь Бурханы тухайн үеийн мэдрэмж жинхэнэ байсан; Бурханы сэтгэл өөрчлөгдсөн нь ч үнэн байсан; Бурхан үнэхээр хүн төрөлхтөнд дахин нэг удаа өршөөлөө хайрлаж, хүлээцтэй хандсан.

Ниневе хотынхон үнэн сэтгэлээсээ гэмшсэнээр Бурханы өршөөлийг хүртэж, төгсгөлөө өөрчилсөн

Бурханы сэтгэл өөрчлөгдсөн болон Түүний уур хилэнгийн хооронд ямар нэгэн харшилдах зүйл байсан уу? Мэдээж үгүй! Учир нь яг тухайн үеийн Бурханы хүлээцтэй байдал өөрийн гэсэн шалтгаантай байсан. Энэ нь ямар шалтгаан байж болох вэ? Энэ бол Библид өгүүлсэн “Хүн бүр ёрын муу замаасаа татгалзаж”, “өөрсдийн гар дахь хүчирхийллээ хаях” хэмээх шалтгаан юм.

Энэхүү “ёрын муу зам” нь цөөн хэдэн муу үйлийг хэлдэггүй, харин хүмүүсийн зан авир урган гардаг ёрын муу эх сурвалжийг хэлдэг. “Ёрын муу замаасаа эргэх” гэдэг нь тухайн хүмүүс дахин хэзээ ч тийм үйлдэл гаргахгүй гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, тэд ахин хэзээ ч ийм ёрын муу авир гаргахгүй; тэдний үйлдлийн арга барил, эх үүсвэр, зорилго, санаа зорилго, зарчим бүгд өөрчлөгдсөн; зүрх сэтгэлдээ таашаал, аз жаргал авчрахын тулд тэд дахин хэзээ ч тэдгээр арга барил, зарчмыг ашиглахгүй. “Гар дахь хүчирхийллээ хаях” гэдгийн “хаях” гэдэг нь болих, орхих, өнгөрснөөсөө бүрэн салах, хэзээ ч эргэж буцахгүй байх гэсэн утгатай. Ниневегийн хүмүүс хүчирхийлэл хийхээ болих үед энэ нь тэдний жинхэнэ гэмшлийг баталж, бас илэрхийлсэн. Бурхан хүмүүсийн гадаад байдлыг харж, мөн зүрх сэтгэлийг нь ажигладаг. Ниневе хотынхон чин сэтгэлээсээ гэмшихийг нь гарцаагүй ажиглаж, мөн ёрын муу замаа орхиж, гар дахь хүчирхийллээ хаясныг нь хараад Бурхан зүрх сэтгэлээ өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, энэ хүмүүсийн авир, зан байдал, аливааг хийх янз бүрийн арга, түүнчлэн үнэн сэтгэлээсээ нүглээ улайж, гэмшсэн учраас Бурханы сэтгэл өөрчлөгдөж, санаагаа өөрчилж, шийдвэрээ буцаан, тэднийг шийтгэж сүйрүүлэхээ больсон. Тиймээс Ниневегийн хүмүүсийн төгсгөл өөрчлөгдсөн. Тэд амиа золин аварсны зэрэгцээ Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртсэн, энэ мөчид Бурхан бас уур хилэнгээ татсан билээ.

Бурханы өршөөл, хүлээцтэй байдал ховор биш, хүний жинхэнэ гэмшил л ховор юм

Бурхан Ниневе хотынхонд хэчнээн их уурласан ч гэсэн, тэднийг мацаг барихаа зарлаж, таар, үнс өмсмөгц Түүний зүрх сэтгэл нь зөөлөрч, санаа нь өөрчлөгдөж эхэлсэн. Хотыг нь устгах болно гэдгээ тэдэнд тунхаглах үед буюу тэднийг нүглээ улайж, гэмшихээс өмнө, Бурхан тэдэнд уурласан хэвээр байв. Тэднийг гэмшлийн хэд хэдэн үйлдэл хийнгүүт Ниневегийн хүмүүст уурлах Бурханы уур аажмаар өршөөл, хүлээцтэй байдал болон хувирсан. Бурханы зан чанарын энэ хоёр тал нэг үйл явдал дээр давхцан илэрсэнд ямар ч зөрчилдөх зүйл байхгүй. Тэгэхээр ийнхүү зөрчилдөхгүй гэдгийг хүн хэрхэн ойлгож, мэдэх ёстой вэ? Ниневегийн хүмүүсийг гэмших үед Бурхан, энэхүү хоёр эсрэг тэсрэг мөн чанарыг илэрхийлэн, харуулж, Бурханы мөн чанарын үнэн бодитой агаад халдашгүй байдлыг харах боломжийг хүмүүст олгосон. Хүмүүст дараах зүйлийг хэлэхийн тулд Бурхан Өөрийн хандлагыг ашигласан: Бурхан хүмүүсийг тэвчдэггүй, эсвэл тэдэнд өршөөл үзүүлэхийг хүсдэггүйдээ биш; харин хүмүүс Бурханд үнэхээр гэмших нь ховор, муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийхээ болих нь ховор билээ. Өөрөөр хэлбэл, Бурхан хүнд уурлахдаа хүнийг жинхэнээсээ гэмшиж чадна гэж найддаг, үнэндээ хүний жинхэнэ гэмшлийг харна гэж найддаг, тэгсэн тохиолдолд Тэр хүнд өршөөлөө өгөөмрөөр хайрлаж, хүлээцтэй хандсаар байх болно. Өөрөөр хэлбэл, хүний ёрын муу авир Бурханы уур хилэнг төрүүлдэг байхад Бурханыг сонсож, Түүний өмнө үнэхээр гэмшдэг, мөн муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл хийхээ больсон хүмүүст Бурхан өршөөлөө хайрлаж, хүлээцтэй ханддаг. Ниневе хотынхонд хандсан байдлаас Бурханы хандлага маш тодорхой харагдсан: Бурханы өршөөл, хүлээцтэй байдлыг хүртэх нь огтоос хэцүү биш, хүнээс Тэр жинхэнэ гэмшлийг л шаарддаг. Хүмүүс муу замаасаа татгалзаж, хүчирхийлэл үйлдэхээ больсон цагт Бурхан зүрх сэтгэлээ, тэдэнд хандах хандлагаа өөрчилнө.

Бүтээгчийн зөвт зан чанар нь жинхэнэ агаад тод томруун

Ниневегийн хүмүүсийн талаарх Бурханы сэтгэл өөрчлөгдөх үед Түүний өршөөл, хүлээцтэй байдал нь хуурамч байсан уу? Мэдээж үгүй! Тэгвэл энэхүү нэг нөхцөл байдалтай харьцах явцад Бурханы зан чанарын энэхүү хоёр тал өөрчлөгдсөнөөр юуг харуулсан бэ? Бурханы зан чанар бол нэгэн бүхэл, огтхон ч салангид биш. Тэр хүмүүст Өөрийн уур хилэн, эсвэл өршөөл, хүлээцтэй байдлыг илэрхийлэх эсэх нь хамаагүй, эдгээр нь бүгд Түүний зөвт зан чанарын илэрхийлэл юм. Бурханы зан чанар идэвхтэй эрч хүчээр дүүрэн, Тэрээр аливаа зүйлийн өрнөл явцын дагуу бодол, хандлагаа өөрчилдөг. Ниневе хотынхонд хандах Түүний хандлага өөрчлөгдсөн нь, Түүнд Өөрийн гэсэн бодол, санаа байдаг гэдгийг хүн төрөлхтөнд хэлж өгдөг; Тэр бол робот юм уу шавар баримал биш, харин амьд Бурхан Өөрөө билээ. Тэр Ниневегийн хүмүүст уурлаж чадах ч тэдний хандлагаас хамаарч өнгөрснийг нь уучилж бас чадна. Тэр Ниневе хотынхонд гай гамшиг авчрахаар шийдэж болно, бас тэдний гэмшлээс үүдэн Өөрийн шийдвэрийг өөрчилж болно. Хүмүүс дүрэм журмыг хатуу чанд мөрдөж, тэрхүү дүрэм журмаа ашиглан Бурханд хязгаар тогтоож, Түүнийг тодорхойлох дуртай байдгийн адил томьёо ашиглан Бурханы зан чанарыг ойлгохоор оролдох дуртай байдаг. Тиймээс хүний бодлоор бол Бурхан боддоггүй, Түүнд мөн чанартай холбоотой санаа ч бас байдаггүй. Гэвч бодит байдал дээр, Бурханы бодол аливаа юмс болон хүрээлэн буй орчны өөрчлөлтийн дагуу байнга өөрчлөгдөж байдаг. Эдгээр бодол нь өөрчлөгдөж байх зуур Бурханы мөн чанарын өөр өөр тал нь илрэн гардаг. Энэхүү өөрчлөлтийн явцад, сэтгэл нь өөрчлөгдөх яг тэр агшинд Бурхан Өөрийнх нь амь жинхэнээсээ оршин байдаг, Түүний зөвт зан чанар идэвхтэй эрч хүчээр дүүрэн байдгийг харуулдаг. Үүний зэрэгцээ Өөрийнх нь уур хилэн, өршөөл, хайр энэрэл, хүлээцтэй байдал үнэхээр оршин байдгийг хүн төрөлхтөнд батлахын тулд Бурхан Өөрийн жинхэнэ илчлэлийг ашигладаг. Аливаа зүйл хэрхэн өрнөхөөс хамаарч Түүний мөн чанар хэдийд ч, хаана ч илрэн гардаг. Түүнд арслангийн уур хилэн, эхийн өршөөл, хүлээцтэй байдал байдаг. Түүний зөвт зан чанарт эргэлзэж, түүнд нь халдаж, өөрчилж, эсвэл мушгин гуйвуулахыг ямар ч хүнд зөвшөөрөхгүй. Бүх хэрэг явдал, бүх зүйлийн дунд Бурханы зөвт зан чанар буюу Бурханы уур хилэн, Бурханы өршөөл нь хэдийд ч, хаана ч илрэн гарч болно. Тэр эдгээр талыг бүх бүтээлийн өнцөг булан бүрд эрч хүчтэйгээр илэрхийлж, агшин бүрд эрч хүчтэйгээр хэрэгжүүлдэг. Бурханы зөвт зан чанар цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагддаггүй; өөрөөр хэлбэл, Бурханы зөвт зан чанар нь цаг хугацаа, орон зайн хязгаарт баригдан механикаар илэрхийлэгдэж, илэрдэггүй, харин хэдийд ч, хаана ч чөлөөтэй илэрч, илэрхийлэгддэг. Бурханы сэтгэл өөрчлөгдөж, уур хилэнгээ илэрхийлэхээ больж, Ниневе хотыг устгахаас түдгэлзэж байгааг хараад чи Бурхан зөвхөн өршөөнгүй агаад элэгсэг гэж хэлж чадах уу? Бурханы уур хилэн зүгээр л хоосон үг гэж чи хэлж чадах уу? Бурхан догшин ширүүнээр хилэгнэж, өршөөлөө буцаан авах үед Тэр хүн төрөлхтнийг жинхэнээсээ огт хайрладаггүй гэж чи хэлж чадах уу? Бурхан хүмүүсийн ёрын муу үйлийн хариуд ийнхүү догшин ширүүн уур хилэнгээ илэрхийлдэг; Түүний уур хилэн өө сэвгүй. Хүмүүсийн гэмшлийн хариуд Бурханы зүрх сэтгэл хөдөлдөг бөгөөд энэхүү гэмшлээс болж Түүний сэтгэл өөрчлөгддөг. Түүний сэтгэл хөдөлж, сэтгэл нь өөрчлөгдөж, хүнд өршөөл, хүлээцтэй байдлаа үзүүлж байгаа энэ бүгд нь огт өө сэвгүй; тэдгээр нь цэвэр, ариун, өө сэвгүй, жинхэнэ байдаг. Бурханы өршөөл нь өршөөлөөс өөр юу ч биш байдгийн адил хүлээцтэй байдал нь чухамхүү хүлээцтэй байдал билээ. Хүний гэмшил болоод зан байдлын өөрчлөлтийн дагуу Түүний зан чанар нь уур хилэн, эсвэл өршөөл, хүлээцтэй байдал харуулдаг. Тэр юуг харуулж, илэрхийлэх нь хамаагүй, бүгд ариун агаад шууд байдаг; мөн чанар нь өөр ямар ч бүтээлийнхээс ялгаатай байдаг. Үйлдэл нь суурилдаг зарчмыг Бурхан илэрхийлэхэд, тэдгээр нь ямар ч өө сэвгүй байдаг, Түүний бодол, санаа, гаргаж буй шийдвэр болгон, хийж буй үйлдэл болгон нь мөн адил. Бурхан ийнхүү шийдэж, ийнхүү үйлдсэн болохоор ажил хэргээ ч бас ингэж гүйцэлдүүлдэг. Эх үүсвэр нь өө сэвгүй учраас Түүний ажил хэргийн үр дүн нь алдаа мадаггүй, зөв байдаг билээ. Бурханы уур хилэн өө сэвгүй. Үүний адилаар, бүх бүтээлийн дундаас өөр хэнд ч байдаггүй, Бурханы өршөөл, хүлээцтэй байдал нь ариун, өө сэвгүй агаад сайтар эргэцүүлэн бодож, туршлагажихыг тэсвэрлэж чадна.

Ниневегийн түүхийг ойлгосноороо та нар Бурханы зөвт зан чанарын мөн чанарын нөгөө талыг одоо харж байна уу? Бурханы цор ганц зөвт зан чанарын нөгөө талыг харж байна уу? Хүн төрөлхтний дундаас хэн нэгэнд нь ийм зан чанар байдаг уу? Хэн нэгэнд нь ийм уур хилэн буюу Бурханы уур хилэн байдаг уу? Бурханд байдаг шиг өршөөл, хүлээцтэй байдал хэн нэгэнд байна уу? Бүтээлийн дундаас хэн ийм асар их уур хилэнг хуралдуулж, хүн төрөлхтнийг устгаж, эсвэл тэдэн дээр гай гамшиг буулгахаар шийдэж чадах вэ? Мөн хэн хүнд өршөөл хайрлаж, хүлээцтэй хандаж, уучилж, улмаар хүнийг устгана гэсэн өмнөх шийдвэрээ өөрчилж чадахуйц вэ? Бүтээгч Өөрийн өвөрмөц арга барил, зарчмуудаар дамжуулан зөвт зан чанараа илэрхийлдэг, Тэр ямар ч хүн, үйл явдал, юмсын хяналт, хязгаарлалтад захирагддаггүй. Тэр цор ганц зан чанартай болохоор хэн ч Түүний бодол, санааг өөрчилж чадахгүй, бас хэн ч Түүнийг ятгаж, ямар нэг шийдвэрийг нь өөрчилж чадахгүй. Бүх бүтээлийн үйлдэл болон бодол бүхэлдээ Түүний зөвт зан чанарын шүүлтийн дор оршдог. Тэр уурлан хилэгнэх эсвэл өршөөл үзүүлэх эсэхийг хэн ч хянаж чаддаггүй; Бүтээгчийн мөн чанар, өөрөөр хэлбэл, Бүтээгчийн зөвт зан чанар л үүнийг шийдэж чадна. Бүтээгчийн зөвт зан чанарын хосгүй чанар нь ийм билээ!

Ниневегийн хүмүүст хандах Бурханы хандлага өөрчлөгдсөнийг шинжилж, ойлгосноороо та нар “цор ганц” хэмээх үгийг ашиглан Бурханы зөвт зан чанарт байдаг өршөөлийг тайлбарлаж чадах уу? Бурханы уур хилэн бол Түүний цор ганц зөвт зан чанарын мөн чанарын нэг тал юм гэдгийг бид өмнө нь хэлсэн. Одоо Би, Бурханы уур хилэн болон Бурханы өршөөл гэсэн хоёр талыг Түүний зөвт чанар хэмээн тодорхойлох болно. Бурханы зөвт зан чанар нь ариун; халдаж, эргэлзэхийг тэвчдэггүй; бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлсийн алинд нь ч байдаггүй зүйл юм. Энэ нь цор ганц агаад ганцхан Бурханд л байдаг. Өөрөөр хэлбэл, Бурханы уур хилэн ариун бөгөөд халдашгүй. Үүний адилаар, Бурханы зөвт зан чанарын нөгөө тал болох Бурханы өршөөл ариун агаад халдаж болохгүй. Бүтээгдсэн, бүтээгдээгүй зүйлийн аль нь ч Бурханыг үйл хэрэгт нь орлож, эсвэл төлөөлж чадахгүй, мөн Содомын сүйрэл, Ниневегийн аврал дээр хэн ч Түүнийг орлох юм уу төлөөлж бас чадахгүй. Энэ нь Бурханы цор ганц зөвт зан чанарын жинхэнэ илэрхийлэл билээ.

Хүн төрөлхтөнд хандах Бүтээгчийн үнэн сэтгэл

Бурханыг таньж мэдэх нь амаргүй гэж хүмүүс үргэлж ярьдаг. Гэхдээ Бурханыг таньж мэдэх нь огтхон ч хэцүү зүйл биш гэж би хэлнэ, учир нь Бурхан Өөрийн үйл хэргийг хүнд байнга харуулдаг. Бурхан хүн төрөлхтөнтэй ярилцахаа хэзээ ч зогсоогоогүй, Өөрийгөө хүнээс хэзээ ч нуугаагүй, Өөрөө ч нуугдаагүй билээ. Түүний бодол, санаа, үг, үйл хэрэг бүгд хүн төрөлхтөнд илчлэгддэг. Тиймээс хүн Бурханыг таньж мэдэхийг хүсэх л юм бол төрөл бүрийн арга замаар Түүнийг ойлгож, мэдэж авч чадна. Бурхан өөрөөс нь санаатайгаар зайлсхийж, Өөрийгөө хүн төрөлхтнөөс санаатайгаар нуусан, хүнд Өөрийгөө ойлгуулж, мэдүүлэх санаагүй байна гэж хүн сохроор бодохын шалтгаан нь тэрээр Бурхан гэж хэн болохыг мэдэхгүй, бас Бурханыг ойлгохыг хүсэхгүйд байгаа юм. Түүгээр ч үл барам, хүн Бүтээгчийн бодол, ажил, үйл хэргийн талаар ер бодолцохгүй байгаа юм… Үнэнийг хэлэхэд, хүн ердөө өөрийн чөлөөт цагаа ашиглаад Бүтээгчийн үг эсвэл үйл хэрэг дээр төвлөрч, тэдгээрийг ойлгож, Бүтээгчийн бодол, Түүний зүрх сэтгэлийн дуу хоолойд багахан л анхаарвал, Бүтээгчийн бодол, үг, үйл хэрэг нь харагдахуйц, ил тод гэдгийг төвөггүйхэн ойлгох болно. Түүнчлэн Бүтээгч хүмүүсийн дунд цаг ямагт байдаг, Тэр хүн болон бүх бүтээлтэй үргэлж ярилцдаг, Тэр өдөр бүр шинэ үйл хэрэг бүтээдгийг ойлгоход багахан хүчин чармайлт гарна. Түүний мөн чанар, Түүний зан чанар хүнтэй ярилцахад нь харагддаг; Түүний бодол, санаа үйл хэрэгт нь шингэсэн байдаг; Тэр хүн төрөлхтөнтэй үргэлж хамт байж, ажиглаж байдаг. Тэр хүн төрөлхтөн болон бүтээл бүхэнтэй Өөрийн чимээгүй үгээр ийн ярилцдаг: “Би тэнгэрт байна, Өөрийн бүтээлүүдийн дунд байна. Би харуулд гарч байна; Би хүлээж байна; Би чиний дэргэд байна…” Түүний гар дулаахан бөгөөд хүчтэй; Түүний алхаа хөнгөн; Түүний хоолой зөөлөн бөгөөд ялдам; Түүний дүр нааш цааш эргэлдэж, хүн төрөлхтнийг тэврэн авдаг; Түүний зүс царай үзэсгэлэнтэй бөгөөд эелдэг. Тэр хэзээ ч орхиж явж, алга болоогүй. Өдөр, шөнөгүй Тэр хүн төрөлхтөнд байнга хань болж, хэзээ ч орхиж явдаггүй. Тэр Ниневе хотыг аврах үед хүн төрөлхтнийг гэсэн анхаарал халамж, онцгой дотно сэтгэл, бас хүнийг гэх чин сэтгэлийн хайр, санаа зовнил нь бага багаар харагдсан билээ. Ялангуяа, Ехова Бурхан, Иона хоёрын ярианаас Бүтээгч Өөрийнхөө бүтээсэн хүн төрөлхтөнд хэчнээн зөөлөн ханддаг нь бүрэн харагдана. Тэдгээр үгээс чи хүн төрөлхтөнд хандах Бурханы чин сэтгэлийн талаар гүнзгий ойлголт авч болно…

Дараах мөрүүд Ионагийн номын 4:10–11-д тэмдэглэгджээ: “Тэгэхэд Ехова: ‘Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөн хайрлах хэрэггүй гэж үү?’ гэж хэлэв.” Энэ бол Ехова Бурханы хэлсэн үг бөгөөд үүнийг Бурхан, Иона хоёрын ярианаас тэмдэглэгдэж үлджээ. Хэдий энэ яриа нь товчхон боловч Бүтээгчийн хүн төрөлхтөнд санаа тавьдаг, тэднийг орхихыг хүсэхгүй байгаа нь харагддаг. Эдгээр үг нь Бурханы зүрх сэтгэлийн гүнд дэх бүтээлдээ ханддаг жинхэнэ хандлага, сэтгэлийг илэрхийлдэг. Эдгээр товч тодорхой, хүнд ховор сонсогддог үгээрээ Бурхан хүн төрөлхтнийг яг хэрхэх тухайгаа өгүүлдэг. Энэ яриа Бурхан Ниневе хотын иргэдэд хэрхэн ханддагийг илэрхийлсэн байна—харин энэ нь ямар хандлага вэ? Энэ бол Ниневе хотын хүмүүст гэмшсэнийх нь өмнө болон хойно хандсан хандлага нь бөгөөд хүн төрөлхтөнд ханддаг хандлага юм. Эдгээр үгэнд Түүний бодол, Түүний зан чанар агуулагддаг.

Бурханы ямар бодол энэ үгэнд илэрдэг вэ? Хэрэв чи үгийг нь уншихдаа сайтар анхаарах юм бол Тэр “өрөвдөх” гэдэг үг ашигласныг төвөггүй анзаарах болно; энэ үгийг ашигласан нь хүн төрөлхтөнд ханддаг Бурханы жинхэнэ хандлагыг харуулж байгаа юм.

Шууд утгаар нь авч үзвэл “өрөвдөх” гэдэг үгийг хүмүүс янз янзаар тайлбарлаж болно: Нэгд, “хайрлах, хамгаалах, ямар нэг зүйлд зөөлөн сэтгэлээр хандах” гэсэн утгатай; хоёрт, “ихэд хайрлах”; эцэст нь, “ямар нэг зүйлийг гэмтээхийг хүсэхгүй, тэгэхийг тэвчиж чадахгүй” гэсэн утгыг агуулдаг. Товчхондоо, энэ үг нь энхрийлэн хайрлах, хайр сэтгэл, мөн хэн нэгнийг, ямар нэг зүйлийг орхихыг хүсэхгүй байх гэсэн утгыг илэрхийлдэг бөгөөд хүнд хандах Бурханы өршөөл, тэвчээр гэсэн утгыг агуулдаг. Хүмүүсийн түгээмэл хэрэглэдэг энэ үгийг Бурхан ашигласан атал энэхүү үг нь Бурханы зүрх сэтгэлийн дуу хоолой болон хүн төрөлхтөнд ханддаг Түүний хандлагыг бас ил болгож чадсан.

Ниневе хот нь Содомын хүмүүсийнх шиг завхарсан, ёрын муу, хүчирхийллээр дүүрсэн байсан боловч тэдний гэмшил Бурханыг бодлоо өөрчилж тэднийг устгахгүй байхаар шийдэхэд хүргэжээ. Бурханы үг, зааварт хандаж байгаа тэдний байдал нь Содомын иргэдийнхээс огт өөр байсан бөгөөд тэд Бурханд үнэн сэтгэлээсээ захирагдаж, хийсэн нүгэлдээ үнэн сэтгэлээсээ гэмшиж, зан авир нь бүх талаараа жинхэнэ бөгөөд чин сэтгэлийнх байсан тул Бурхан чин сэтгэлээсээ тэднийг өрөвдөж байгаагаа дахин нэгэнтээ илэрхийлж, өрөвдөх сэтгэлээ тэдэнд хайрлажээ. Хүн төрөлхтөнд Бурханы хайрладаг зүйл, хүн төрөлхтнийг өрөвдөх сэтгэлийг хэн ч хуулбарлаж чадахгүй бөгөөд Бурханы өршөөл, тэвчээр, хүн төрөлхтөнд хандах чин сэтгэл ямар ч хүнд байх боломжгүй юм. Чиний бодлоор бол өндөрт зогсоод агуу хүний өнцгөөс ярьж, хамгийн өндөр цэгээс хүн төрөлхтөнд юм уу бүтээлд хандаж ийм үг хэлж чадах агуу хүн эсвэл супер хүн байгаа юу? Хүн төрөлхтөн дунд хүний амьдралын байдлыг гарын таван хуруу шигээ мэдэх хүн хэн байна вэ? Хүн төрөлхтний оршин тогтнолын төлөө ачаа үүрч, хариуцлага хүлээж чадах хүн хэн байна вэ? Хотыг нураана гэж тунхаглаж чадахуйц хэн байна вэ? Хотыг өршөөж чадахуйц хэн байна вэ? Өөрийнхөө бүтээлийг өрөвддөг гэж хэн хэлж чадах вэ? Зөвхөн Бүтээгч! Зөвхөн Бүтээгч хүн төрөлхтөнд өр зөөлөн ханддаг. Зөвхөн Бүтээгч энэ хүн төрөлхтнийг энэрч, хайрладаг. Зөвхөн Бүтээгч л энэ хүн төрөлхтнийг жинхэнэ, салшгүй хайраар хайрладаг. Түүнчлэн зөвхөн Бүтээгч л хүн төрөлхтөнд өршөөлөө хайрлаж, Өөрийн бүтээлийг бүгдийг нь өрөвдөж чадна. Хүний үйлдэл бүрд Түүний зүрх булгилж, шаналж байдаг: хүний муу болон завхралд уурсаж, бухимдаж, гашууддаг; хүний гэмшил, итгэл үнэмшлийг таашааж, баярлаж, уучилж, хөөрөн баясдаг; Түүний бодол санаа бүр хүн төрөлхтний төлөө оршиж, хүн төрөлхтнийг тойрон эргэлддэг; Тэр юу болох, Түүнд юу байгаа нь бүхэлдээ хүн төрөлхтний төлөө зориулагдаж байдаг; Түүний сэтгэл хөдлөл бүхэлдээ хүн төрөлхтний оршин тогтнолтой холбоотой байдаг. Хүн төрөлхтний төлөө Тэр аялж, яардаг; Тэр амийнхаа хэсэг бүрийг чимээгүйхэн өгч байдаг; Тэр амийнхаа минут, секунд бүрийг зориулж байдаг… Тэр өөрийн амийг нандигнахаа огт мэддэггүй мөртөө Өөрийн бүтээсэн хүн төрөлхтнийг үргэлж өрөвдөж ирсэн… Тэр Өөрт байгаа бүхнээ энэ хүн төрөлхтөнд өгдөг… Тэр өршөөл, тэвчээрээ болзолгүйгээр, хариу нэхэхгүйгээр үзүүлдэг. Хүн төрөлхтөн нүднийх нь өмнө амьдарч, Өөрийнх нь амийн хангалтыг хүртсээр байгаасай гэсэндээ л Тэр ингэдэг. Хүн төрөлхтөн нэг л өдөр Түүний өмнө захирагдаж, Тэр хүний оршин тогтнолыг тэтгэж, бүх бүтээлийн амийг хангадаг гэдгийг мэдээсэй гэсэндээ л ингэдэг.

Бүтээгч хүн төрөлхтөнд зориулж үнэн сэтгэлээ илэрхийлдэг

Ехова Бурхан, Иона хоёрын хоорондох энэ яриа нь хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн чин сэтгэлийн илэрхийлэл гэдэг нь эргэлзээгүй. Нэг талаар энэ нь, Өөрийнх нь дээд эрхийн дор байдаг бүх бүтээлийн тухай Бүтээгчийн ойлголтыг хүмүүст мэдүүлдэг; Ехова Бурханы хэлсэнчлэн “Тэгэхэд Би, баруун, зүүн гараа ялган салгаж чадахгүй зуун хорин мянгаас илүү хүнтэй, бас олон малтай их хот Ниневег өрөвдөн хайрлах хэрэггүй гэж үү?” Өөрөөр хэлбэл, Ниневегийн талаарх Бурханы ойлголт нь огт өнгөц биш байсан. Тэрээр хотын доторх амьд зүйлсийн (хүмүүс, амьтдыг оролцуулаад) тоог мэдээд зогсохгүй, мөн хэчнээн хүн баруун, зүүн гараа ялгаж мэдэхгүй байгааг, өөрөөр хэлбэл, хэчнээн хүүхэд, залуус байгааг мэдэж байв. Энэ нь хүн төрөлхтнийг Бурхан бүрэн дүүрэн ойлгодгийн бодит баталгаа юм. Нөгөө талаар энэ нь хүн төрөлхтөнд хандах Бүтээгчийн хандлагыг, өөрөөр хэлбэл, Бүтээгчийн зүрх сэтгэлд хүн төрөлхтний эзлэх жинг хүмүүст мэдүүлдэг. Яг л Ехова Бурханы хэлсэнчлэн: “Чи өөрөө хөдөлмөрлөж, ургуулаагүй, нэг шөнийн дотор ургаад, хатаж үхсэн эрэндийн бутыг өрөвдсөн. Тэгэхэд Би … их хот Ниневег өрөвдөн хайрлах хэрэггүй гэж үү?” Эдгээр нь Ионаг зэмлэсэн Ехова Бурханы үг боловч бүгд үнэн юм.

Ехова Бурханы үгийг Ниневегийн хүмүүст тунхаглахыг Ионад даалгасан хэдий ч, тэрээр Ехова Бурханы санаа зорилгыг ойлгоогүй, мөн уг хотын хүмүүсийн төлөөх Түүний санаа зовнил болоод хүлээлтийг ч бас ойлгоогүй. Бурхан энэхүү зэмлэлээрээ, хүн төрөлхтнийг Тэр Өөрийн гараар бүтээж, хүн нэг бүрийн төлөө уйгагүй хүчин чармайлт гаргаж, хүн бүр Бурханы итгэл найдварыг хүлээж, хүн бүр Бурханы амийн хангалтыг эдэлсэн; хүн нэг бүрийн төлөө Бурхан уйгагүй хүчин чармайлтын төлөөс төлсөн гэдгийг түүнд хэлэхийг хүссэн юм. Иона эрэндийн бутыг өрөвдөн хайрлаж байсны адилаар Бурхан Өөрийн гараар бүтээсэн хүн төрөлхтнийг өрөвдөн хайрлаж байсан гэдгийг ч бас энэхүү зэмлэл Ионад хэлсэн. Ялангуяа хотод маш олон хүүхэд, гэмгүй мал амьтад байсан учраас, Бурхан хүн төрөлхтнийг яагаад ч тийм амархан, эсвэл эцсийн боломжит мөчийг хүртэл орхихгүй байсан. Баруун, зүүн гараа ч ялгаж чадахгүй, Бурханы бүтээлийн эдгээр залуу, мэдлэггүй бүтээгдэхүүнтэй харьцахдаа, Бурхан тэдний амийг тасалж, төгсгөлийг нь тийм түргэн тодорхойлно гэж бүр ч төсөөлөхийн аргагүй байсан юм. Бурхан тэдний өсөж том болохыг харахыг хүссэн; тэд ахмадуудынхаа явсан замаар алхахгүй, Ехова Бурханы анхааруулгыг тэд дахин сонсохгүй, Ниневегийн өнгөрсөн үеийг гэрчилнэ гэж Тэр найдсан. Үүнээс ч илүүтэйгээр, гэмшсэнийх нь дараах Ниневег харж, гэмшлийнх нь дараах Ниневегийн ирээдүйг харж, Бурханы өршөөл дор Ниневег дахин нэгэнтээ амьдрахыг нь харна гэж Бурхан бүр ч их найдсан. Тиймээс, Бурханы нүдээр бол, баруун, зүүн гараа ялгаж мэдэхгүй тэдгээр бүтээлийн объект нь Ниневегийн ирээдүй байв. Тэд Ниневегийн жигшүүрт өнгөрсөн үеийг мөрөндөө үүрэх байсны адилаар, Ехова Бурханы удирдамж дор Ниневегийн өнгөрсөн болон ирээдүйг гэрчлэх чухал үүрэг хүлээх байв. Ехова Бурхан ийнхүү чин сэтгэлээ илэрхийлэхдээ хүн төрөлхтнийг гэх Бүтээгчийн өршөөлийг бүрэн дүүрэн харуулсан. “Бүтээгчийн өршөөл” бол хоосон үг биш, хуурамч амлалт ч биш гэдгийг хүн төрөлхтөнд энэ нь харуулсан; үүнд тодорхой зарчим, арга барил, зорилго байдаг. Бурхан бол жинхэнэ, бодит агаад ямар ч худал хуурмаг, хуурамч төрх ашигладаггүй, ийм маягаар Тэр өршөөлөө цаг хугацаа, эрин үе болгонд эцэс төгсгөлгүйгээр хүнд хайрладаг. Гэхдээ өнөөдрийг хүртэл Бүтээгчийн Ионатай ярьсан яриа нь, Тэр яагаад хүн төрөлхтөнд өршөөл үзүүлдэг, хүн төрөлхтөнд хэрхэн өршөөл үзүүлдэг, хүн төрөлхтөнд хэр хүлээцтэй байдаг, хүн төрөлхтнийг гэх чин сэтгэлийнхээ талаар Түүний хэлсэн цорын ганц мэдэгдэл юм. Энэхүү ярианы үеэр Ехова Бурханы товчхон хэлсэн үг нь хүн төрөлхтний талаарх Түүний бодлыг бүрэн дүүрэн илэрхийлдэг; хүн төрөлхтөнд хандах Түүний зүрх сэтгэлийн хандлагын жинхэнэ илэрхийлэл, мөн хүн төрөлхтөнд хайрласан Түүний арвин их өршөөлийн бодит нотолгоо юм. Тэр өршөөлөө зөвхөн хүн төрөлхтний ахмад үеийнхэнд л хайрлаагүй, залуу үеийнхэнд ч бас өгсөн бөгөөд үеэс үед үргэлж ийм л байж ирсэн. Хэдийгээр Бурханы уур хилэн хүн төрөлхтний тодорхой өнцөг буланд, тодорхой эрин үед байнга буудаг боловч Бурханы өршөөл хэзээ ч зогсоогүй. Тэрээр Өөрийн бүтээлийг үеийн үед, өршөөлөөрөө залж чиглүүлж, хөтөлж, хангаж, тэжээн тэтгэдэг, учир нь хүн төрөлхтөнд хандах Түүний чин сэтгэл хэзээ ч өөрчлөгдөхгүй. Яг л Ехова Бурханы хэлсэнчлэн: “Тэгэхэд Би … өрөвдөн хайрлах хэрэггүй гэж үү?” Тэр Өөрийн бүтээлийг үргэлж өрөвдөн хайрласаар ирсэн. Энэ бол Бүтээгчийн зөвт зан чанарын өршөөл, мөн Бүтээгчийн бүрэн дүүрэн цор ганц чанар юм!

Таван төрлийн хүн

Бурханы зөвт зан чанарын тухай нөхөрлөлөө Би энэ хүрээд түр орхиё. Цааш нь Би Бурханы дагагчдыг Бурханы тухай ойлголт болон Түүний зөвт зан чанарын талаарх ойлголт, туршлагаар нь хэд хэдэн төрөл болгон ангилна, ингэснээр та нар өөрсдийн одоогийн үе шат, одоогийн биеийн хэмжээгээ мэдэж авч болно. Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг, Түүний зөвт зан чанарыг ойлгосон байдлын тухайд, хүмүүсийн оршиж байгаа өөр өөр үе шат болон биеийн хэмжээг ерөнхийд нь таван төрөлд хувааж болно. Энэхүү сэдэв нь цор ганц Бурхан, Түүний зөвт зан чанарыг мэдэх суурин дээр тулгуурладаг. Тиймээс дараах агуулгыг уншихдаа та нар, Бурханы цор ганц чанар, зөвт зан чанарын талаар чухамхүү хэр их ойлголт, мэдлэгтэй вэ гэдгээ ойлгохоор сайтар оролдож, дараа нь үр дүнг нь ашиглан үнэхээр аль үе шатанд харьяалагдаж байгаа, биеийн хэмжээ чинь үнэхээр хэр том болох, үнэхээр ямар төрлийн хүн болохоо баримжаалах ёстой.

Нэг дэх төрөл: Өлгийтэй нярай үе шат

“Өлгийтэй нярай” гэдэг нь юу гэсэн үг вэ? Өлгийтэй нярай гэдэг нь хорвоод дөнгөж төрсөн нялх хүүхэд юм. Энэ үед хүмүүс хамгийн дутуу дулимаг байдаг.

Энэ үе шатанд байгаа хүмүүс Бурханд итгэх явдлын талаар үндсэндээ ямар ч мэдлэг, ухамсаргүй байдаг. Тэд бүх зүйлийн талаар гайхширч, харанхуй бүдүүлэг байдаг. Энэ хүмүүс Бурханд маш удаан хугацаанд, эсвэл магадгүй маш богино хугацаанд итгэсэн байж болох ч гайхширсан, харанхуй бүдүүлэг байдал болоод жинхэнэ биеийн хэмжээнийхээ улмаас тэд өлгийтэй нярай үе шатанд ордог. Өлгийтэй нярайн нөхцөл байдлын тухай ийм яг таг тодорхойлолт байдаг: Ийм төрлийн хүн Бурханд хэчнээн удаан итгэсэн байх нь хамаагүй, үргэлж мунгинуу, будилсан, дүйнгэ байдалтай байдаг; тэр яагаад Бурханд итгэдгээ мэддэггүй, бас Бурхан хэн болох, хэн Бурхан бэ гэдгийг ч мэддэггүй. Хэдий тэр Бурханыг дагадаг ч зүрх сэтгэлд нь Бурханы талаар яг таг тодорхойлолт байдаггүй, Бурханд үнэхээр итгэж, Түүнийг дагах ёстой эсэхээ шийдэх нь байтугай, өөрийнх нь дагадаг Нэгэн, Бурхан мөн эсэхийг ч тодорхойлж чаддаггүй. Ийм төрлийн хүний жинхэнэ байдал нь энэ юм. Ийм төрлийн хүмүүсийн бодол нь бүрхэг, товчоор хэлбэл, итгэл нь булингартсан байдаг. Тэд үргэлж гайхширсан, алмайрсан байдалд оршдог; “мунгинуу”, “будилсан”, “дүйнгэ” байдлаар тэдний байдлыг нэгтгэн дүгнэдэг. Тэд Бурханы оршин тогтнолыг хэзээ ч харж, бас мэдэрч байгаагүй учраас Бурханыг мэдэх талаар тэдэнтэй ярих нь тэдэнд дүрс үсгээр бичсэн ном уншуулахтай л адилхан; тэд үүнийг ойлгох ч үгүй, мөн хүлээн авах ч үгүй. Тэдний хувьд, Бурханыг мэдэх нь уран зөгнөлт түүх сонсохтой адил. Тэдний бодол нь бүрхэг байж болох ч үнэндээ Бурханыг мэдэх нь цаг хугацаа, хичээл зүтгэлийн гарз гэж бат итгэдэг. Энэ бол өлгийтэй нярай хэмээх эхний төрлийн хүн юм.

Хоёр дахь төрөл: Хөхүүл хүүхдийн үе шат

Өлгийтэй нярайтай харьцуулбал ийм төрлийн хүн зарим нэг ахиц дэвшил гаргасан байдаг. Харамсалтай нь, тэд Бурханы талаар ямар ч ойлголтгүй хэвээр байна. Тэд, Бурханы талаарх тодорхой ойлголт, мэдлэг ухаанаар дутмаг хэвээр байдгийн дээр, яагаад Бурханд итгэх ёстойгоо тийм ч сайн мэддэггүй атлаа зүрх сэтгэлдээ өөрийн гэсэн зорилго, тодорхой санаатай байдаг. Бурханд итгэх зөв эсэх нь тэдэнд хамаагүй, Бурханд итгэх итгэлээр дамжуулан эрж хайдаг зорилго, зорилт нь Бурханы нигүүлслийг эдлэх, баяр хөөртэй, амар тайван байх, тав тухтай амьдралаар амьдрах, Бурханы халамж, хамгаалалтыг авч, Бурханы ерөөл дор амьдрах юм. Тэд Бурханыг хэр их мэддэг байх талаар анхаардаггүй; Бурханыг ойлгохоор эрж хайх хүсэл тэдэнд байдаггүй, мөн Бурхан юу хийж байгаа, юу хийхийг хүсдэг талаар анхаардаггүй. Тэд зөвхөн Бурханы нигүүлслийг эдэлж, Түүнээс илүү их ерөөл хүртэх гэж сохроор эрж хайдаг; тэд өнөөгийн эрин үед зуу дахин ихийг, дараагийн эрин үед мөнх амь олж авахаар эрж хайдаг. Тэдний бодол, өөрсдийгөө хэр зарлагадаж, зориулдаг, түүнчлэн зовж зүдэрч байгаа нь бүгд Бурханы нигүүлсэл, ерөөлийг хүртэх гэсэн нэгэн зорилготой. Тэд өөр юуг ч анхаардаггүй. Ийм төрлийн хүн, Бурхан өөрийг нь аюулгүй байлгаж, нигүүлслээ хайрлаж чадна гэдэгт л итгэлтэй байдаг. Бурхан яагаад хүнийг аврахыг хүсдэг, эсвэл үг болон ажлаараа Бурханы хүрэхийг хүсдэг үр дүнгийн талаар сонирхдоггүй, бас тийм ч сайн мэддэггүй гэж хэлж болно. Тэд Бурханы мөн чанар, зөвт зан чанарыг мэдэх гэж хэзээ ч хичээл чармайлт гаргаж байгаагүй, тэгэх сонирхол ч төрдөггүй. Тэд ийм зүйлд анхаарлаа хандуулах сонирхолгүй, мэдэхийг ч хүсдэггүй. Тэд Бурханы ажил, хүнд тавих Бурханы шаардлага, Бурханы хүсэл болон Бурхантай холбоотой өөр юуны ч талаар асуухыг хүсдэггүйн дээр бас эдгээр зүйлийн талаар асуух сонирхолгүй байдаг. Яагаад гэвэл, эдгээр зүйл Бурханы нигүүлслийг эдлэхтэй хамаагүй гэж тэд итгэж, зөвхөн өөрсдийнх нь ашиг сонирхолтой шууд хамаатайгаар оршдог, хүнд нигүүлсэл хайрлаж чадах Бурханыг л сонирхдог. Өөр ямар ч зүйлийг тэд сонирхдоггүй учраас хэчнээн олон жил Бурханд итгэсэн ч гэсэн, үнэн-бодит байдалд орж чаддаггүй. Тэднийг байнга усалж, тэжээх хэн нэгэн байхгүй бол тэдний хувьд Бурханд итгэх итгэлийн замаа үргэлжлүүлэх нь хэцүү байдаг. Хэрвээ тэд урьдын амар амгалан, баяр хөөр, эсвэл Бурханы нигүүлслийг эдэлж чадахгүй бол яваад өгөх магадлал тун өндөр. Энэ бол хоёр дахь төрлийн буюу хөхүүл хүүхдийн үе шатанд байгаа хүн юм.

Гурав дахь төрөл: Хөхнөөс гарч буй буюу жаахан хүүхдийн үе шат

Энэхүү бүлэг хүн тодорхой хэмжээний мэдлэг ойлголт сайтай байдаг. Бурханы нигүүлслийг эдэлнэ гэдэг нь өөрсдөө жинхэнэ туршлагатай болсон гэсэн үг биш гэдгийг тэд мэддэг бөгөөд амар амгалан, баяр хөөрийг эрж хайж, нигүүлслийг эрж хайхаас хэзээ ч залхдаггүй байсан ч гэсэн Бурханы нигүүлслийг эдэлсэн туршлагаа хуваалцаж, эсвэл өөрсдөд нь ерөөл хайрласны төлөө Бурханыг магтсанаар гэрчлэл хийж чаддаг бол эдгээр нь амийг эзэмшдэг гэсэн үг биш, мөн үнэний бодит байдал тэдэнд байгаа гэсэн үг ч биш гэдгийг тэд мэддэг. Ухамсраасаа эхлээд, өөрсдийг нь зөвхөн Бурханы нигүүлсэл дагалдах болно гэсэн даварсан найдвар тээхээ больдог; харин ч тэд Бурханы нигүүлслийг эдлэхийн зэрэгцээ Бурханы төлөө ямар нэг зүйл хийхийг хүсдэг. Тэд үүргээ биелүүлж, бага зэргийн зовлон бэрхшээл, зүдүүр туулж, тодорхой хэмжээнд Бурхантай хамтран ажиллахыг хүсдэг. Гэвч Бурханд итгэх итгэлийн эрэл хайгуул нь хэтэрхий хуурамч, өвөрлөдөг хувийн санаа зорилго, хүсэл эрмэлзэл нь хэтэрхий хүчтэй, зан чанар нь дэндүү биеэ тоосон байдаг учраас Бурханы хүслийг хангаж, Бурханд үнэнч байх тэдэнд маш хэцүү байдаг. Тиймээс тэд өөрсдийн хувийн хүсэл, Бурханд өгсөн амлалтаа биелүүлж үргэлж чаддаггүй. Тэд Бурханыг байж болох хамгийн их хэмжээгээр хангалуун байлгахыг маш их хүсдэг атлаа Түүнийг хамаг чадлаараа эсэргүүцдэг, үргэлж Бурханд тангараг өргөдөг боловч андгайнаасаа амархан буцдаг гээд үргэлж ийм зөрчилдөөнтэй байдалд байдаг. Тэд чин сэтгэлээсээ Бурханд итгэдэг атлаа Бурханыг болон Түүнээс ирдэг бүхнийг үгүйсгэдэг; Бурхан тэднийг гэгээрүүлж, хөтөлж, хангаж, тэдэнд туслах болно гэж сэтгэл түгшин найддаг атлаа гарах гарцаа хайсаар байдаг гээд өөр бусад зөрчилдөөнтэй байдалд орох нь бүр ч олонтоо байдаг. Тэд Бурханыг ойлгож, мэдэхийг хүсдэг мөртөө Түүнд ойртох дургүй. Харин ч тэд үргэлж Бурханаас зайлсхийж, зүрх сэтгэл нь Түүнд хаалттай байдаг. Бурханы үг, үнэний үгчилсэн утгын талаар өнгөц ойлголт, туршлагатай, Бурхан болон үнэний талаар өнгөц үзэл баримтлалтай байдаг ч дотоод ухамсартаа Бурхан үнэн мөн эсэхийг баталж, тодорхойлж чаддаггүй, Бурхан үнэхээр зөвт эсэхийг баталж бас чаддаггүй. Мөн Бурханы жинхэнэ оршин тогтнолыг байтугай, Түүний зан чанар, мөн чанарын үнэн бодитой байдлыг тодорхойлж чаддаггүй. Бурханд итгэхдээ тэд үргэлж эргэлзэж, буруу ойлголттой байж, мөн төсөөлөл, үзэлтэй байдаг. Тэд итгэлээ баяжуулж, Бурханд итгэх туршлагаа нэмэгдүүлж, Бурханд итгэх тухай ойлголтоо бататгаж, өөрсдийн бүтээсэн амьдралын замаар алхан, хүн төрөлхтний төлөө зөв шударга үйл хэргийг гүйцэтгэж, бардам сэтгэлээ хангалуун болгохын тулд Бурханы нигүүлслийг эдлэх явцдаа боломжийн гэж үзсэн зарим үнэнийг мөн дуртай дургүй туулж, хэрэгжүүлдэг. Үүний зэрэгцээ тэд хүн төрөлхтөнд зориулан илүү их ерөөл хүлээж авна гэж найдаж тавьсан мөрийнийх нь нэг хэсэг болох ерөөл хүртэх хүслээ хангаж, Бурханыг олж авах хүртлээ амрахгүй байх асар их эрмэлзэл, насан туршийн хүслээ биелүүлэхийн тулд мөн ийм зүйл хийдэг. Ийм хүмүүс Бурханы гэгээрлийг олж авч чадах нь ховор, учир нь ерөөл хүртэх хүсэл эрмэлзэл, санаархал нь тэдний хувьд дэндүү чухал юм. Тэд үүнийгээ хаях ямар ч хүсэлгүй, хаяж ч тэвчихгүй. Ерөөл хүртэх хүсэл эрмэлзэл, Бурханыг олж авах хүртлээ амрахгүй байх удаан нандигнасан санаархал нь байхгүй бол Бурханд итгэх сэдлээ алдана гэдгээс тэд айдаг. Тиймээс тэд бодит байдалтай нүүр тулахыг хүсдэггүй. Тэд Бурханы үг, Бурханы ажилтай тулгарахыг хүсдэггүй. Тэд Бурханы зан чанар, мөн чанарыг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй, Бурханыг мэдэх тухай сэдвийг хөндөхийг бүр ч хүсдэггүй. Учир нь Бурхан, Бурханы мөн чанар, зөвт зан чанар тэдний төсөөллийг орломогц мөрөөдөл нь утаа болон замхарч, олон жилийн уйгагүй хөдөлмөрөөр хуримтлуулсан цэвэр ариун итгэл болон “гавьяа” гээч зүйл нь алга болж, талаар өнгөрөх болно. Үүний адилаар, тэдний олон жилийн турш хөлс цусаараа байлдан дагуулсан “нутаг дэвсгэр” нь сүйрлийг үзэх болно. Тэдний олон жилийн шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэл хий дэмий болж, дахин оргүй хоосноос эхлэх ёстой гэдгийг энэ бүхэн илтгэнэ. Энэ нь тэдний хувьд зүрх сэтгэлдээ тээх хамгийн хэцүү шаналал, харахыг хамгийн их хүсдэггүй үр дүн учраас тэд үргэлж ийм мухардалд гацаж, эргэж буцахаас татгалзаж байдаг. Энэ бол гурав дахь төрлийн буюу хөхнөөс гарч буй хүүхдийн үе шатанд байгаа хүн юм.

Дээр тайлбарласан гурван төрлийн хүмүүст, өөрөөр хэлбэл, энэ гурван үе шатанд байгаа хүмүүст, Бурханы ялгамж чанар, байр суурь, зөвт зан чанарт итгэх жинхэнэ итгэл байдаггүй, мөн эдгээр зүйлийг том томруун агаад үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч, батлаагүй. Тиймээс энэ гурван төрлийн хүний хувьд үнэний бодит байдалд орох нь маш хэцүү, мөн Бурханы өршөөл, гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авахад ч бас хэцүү байдаг, учир нь тэдний Бурханд итгэдэг байдал, Бурханд хандах буруу хандлагаас нь болж Бурхан тэдний зүрх сэтгэл дотор ажиллах боломжгүй болдог. Бурханы талаарх тэдний эргэлзээ, эндүүрэл, төсөөлөл нь Бурханд итгэх итгэл, Бурханы тухай мэдлэгээс нь хэтэрсэн. Энэ бол маш эрсдэлтэй байдалд байгаа гурван төрлийн хүн бөгөөд эдгээр нь тун аюултай гурван үе шат юм. Хүн Бурхан, Бурханы мөн чанар, Бурханы ялгамж чанар, Бурхан үнэн мөн эсэх, Тэр үнэхээр оршиж байгаа эсэх талаар эргэлзсэн хандлага баримталж, итгэлтэй байж чадахгүй байхдаа Бурханаас ирдэг бүхнийг яаж хүлээн авч чадах юм бэ? Бурхан бол үнэн, зам, амь гэсэн бодит үнэнийг хэрхэн хүлээн авч чадах юм бэ? Бурханы гэсгээлт, шүүлтийг хэрхэн хүлээн авч чадах билээ? Бурханы авралыг хэрхэн хүлээн авч чадах билээ? Ийм төрлийн хүн Бурханы жинхэнэ удирдамж, хангалтыг хэрхэн олж авч чадах билээ? Энэ гурван үе шатанд байдаг хүмүүс хэдийд ч Бурханыг эсэргүүцэж, Бурханыг шүүж, Бурханыг доромжилж, Бурханаас урваж чадна. Тэд хэдийд ч үнэн замыг орхиж, Бурханыг хаяж чадна. Энэ гурван үе шатанд байгаа хүмүүс бүгд шийдвэрлэх үедээ оршдог гэж хэлж болно, учир нь тэд Бурханд итгэх зөв замдаа ороогүй байгаа билээ.

Дөрөв дэх төрөл: Торниж байгаа хүүхэд буюу хүүхэд насны үе шат

Хөхнөөс гарсны дараа, өөрөөр хэлбэл, арвин их нигүүлсэл эдэлснийхээ дараа, хүн Бурханд итгэнэ гэж юу гэсэн үг болохыг судалж, хүн яагаад амьдардаг, хүн хэрхэн амьдрах ёстой, Бурхан Өөрийн ажлыг яагаад хүн дээр гүйцэтгэдэг гэх мэт янз бүрийн асуултыг ойлгохыг хүсэж эхэлдэг. Эдгээр тодорхой бус бодол, төөрөлдсөн бодол санааны хэв маяг тэдний дотор үүсэж, оршин тогтнох болсон үед, тэд усалгааг тасралтгүй хүлээн авч, бас үүргээ биелүүлж чаддаг. Энэ үед, Бурхан оршин байдаг тухай үнэнд тэд огт эргэлзэхээ больж, Бурханд итгэнэ гэдэг юу гэсэн үг болох талаар үнэн зөв ойлголттой болдог. Энэ суурин дээрээс тэд Бурханы талаар алгуур мэдлэгтэй болж, Бурханы зан чанар, мөн чанарын тухай тодорхой бус бодол, төөрөлдсөн бодол санаандаа зарим нэг хариултыг аажмаар олж авдаг. Тэдний зан чанарын өөрчлөлтөөс гадна Бурханы талаарх мэдлэгийн тухайд гэвэл, энэ үе шатанд байгаа хүмүүс зөв зам руу алхан орж, шилжилтийн үе рүү орж эхэлдэг. Энэ үе шатанд л хүмүүс амьтай болж эхэлдэг юм. Амьтай болж байгаагийн тодорхой шинж тэмдэг нь, хүмүүсийн зүрх сэтгэл дэх буруу ойлголт, төсөөлөл, Бурханы талаарх бүдэг бадаг тодорхойлолт гэх мэт Бурханыг мэдэхтэй холбоотой олон янзын асуултыг аажмаар шийдвэрлэж буй байдал бөгөөд тэд Бурханы оршин тогтнолын бодитой байдалд үнэхээр итгэж, танин мэдээд зогсохгүй, бас Бурханы талаар үнэн зөв тодорхойлолттой болж, зүрх сэтгэлдээ Бурханд зориулсан зөв орон зайтай болж, тодорхойгүй итгэлийнхээ оронд Бурханыг үнэхээр дагадаг. Энэ үе шатанд, хүмүүс Бурханы талаарх өөрсдийн эндүүрэл, андуу ташаа итгэлийн зам, эрэл хайгуулаа аажмаар мэдэж авдаг. Тэд үнэнээр цангаж, Бурханы шүүлт, цээрлүүлэлт, сахилгажуулалтыг туулж, зан чанараа өөрчлөхийн хүслэн болж эхэлдэг. Энэ үе шатанд тэд Бурханы талаарх бүхий л үзэл, төсөөллөө аажмаар хаяхын зэрэгцээ Бурханы тухай буруу мэдлэгээ өөрчилж, залруулан, Бурханы талаар зарим нэг зөв зүйтэй, суурь мэдлэгийг олж авдаг. Хэдийгээр энэ үе шатны хүмүүсийн эзэмшсэн мэдлэгийн зарим хэсэг нь тийм ч тодорхой, үнэн зөв байдаггүй боловч ядаж л өөрсдийн үзэл, андуу ташаа мэдлэг, Бурханы талаарх буруу ойлголтоо аажмаар орхиж эхэлдэг; тэд Бурханы тухай өөрсдийн гэсэн үзэл, төсөөлөлтэй байхаа больдог. Тэд өөрсдийнх нь үзэлд байдаг, мэдлэгээс үүссэн, Сатанаас ирсэн зүйлсийг хэрхэн хаяхаа сурч эхэлдэг; тэд зөв зүйтэй, эерэг зүйлд, тэр ч бүү хэл Бурханы үгээс ирсэн, үнэнд нийцдэг зүйлд захирагдахыг хүсэж эхэлдэг. Тэд бас Бурханы үгийг туулж, Түүний үгийг биеэрээ мэдэж, хэрэгжүүлж, Түүний үгийг өөрсдийн үйлдлийн зарчим, зан чанараа өөрчлөх үндэс болгон хүлээн авахаар оролдож эхэлдэг. Энэ үед хүмүүс Бурханы шүүлт, гэсгээлтийг өөрийн мэдэлгүй хүлээн авч, Бурханы үгийг өөрийн мэдэлгүй амиа болгодог. Тэд Бурханы шүүлт, гэсгээлт, үгийг хүлээн авах явцдаа зүрх сэтгэлдээ итгэдэг Бурхан нь үнэхээр оршин байдаг гэдгийг улам бүр мэддэг болж, мэдэрч чаддаг. Бурханы үг, өөрсдийн туршлага болон амьдралаас тэд, Бурхан үргэлж хүний хувь заяаг захирч, хүнийг залж чиглүүлж, хангаж ирсэн гэдгийг улам бүр мэдэрдэг. Бурхантай тогтоосон холбоогоороо дамжуулан тэд Бурханы оршин тогтнолыг аажмаар баталдаг. Тиймээс тэд ухаарахаасаа өмнө аль хэдийнээ дотоод ухамсартаа Бурханы ажлыг сайшааж, үүнд бат итгэж, Бурханы үгийг сайшааж байсан. Хүмүүс, Бурханы үг, ажлыг сайшаамагцаа өөрсдийгөө улам бүр үгүйсгэж, өөрсдийн үзэл, мэдлэг, төсөөллөө үгүйсгэхийн зэрэгцээ үнэн гэж юу болох, Бурханы хүсэл юу болохыг улам бүр эрж хайдаг. Хөгжлийн энэ үед, Бурханы талаарх хүмүүсийн мэдлэг тун өнгөц байдаг, тэд энэхүү мэдлэгээ үгээр тодорхой тайлбарлах чадваргүйн дээр, бас нарийвчлан дэлгэрэнгүй илэрхийлж чаддаггүй, тэдэнд ухаж ойлгосон ойлголт л байдаг; гэвч өмнөх гурван үе шаттай харьцуулбал энэ үед байгаа хүмүүсийн боловсорч гүйцээгүй амь нь Бурханы үгийн усалгаа, хангалтыг хэдийнээ хүлээн авсан учраас аль хэдийн нахиалж эхэлсэн байдаг. Тэдний амь нь газарт суулгасан үртэй адилхан; чийг болон шим тэжээл хүртсэнийхээ дараа хөрсийг нэвтлэн гарах бөгөөд нахиалж байгаа нь шинэ амь төрснийг илтгэдэг. Ийнхүү төрөх нь амийн шинж тэмдгийг зэрвэс харах боломжийг хүнд олгодог. Амьтай болсон цагт хүмүүс өсдөг. Тиймээс Бурханд итгэх зөв замд аажмаар орж, өөрсдийн үзлийг хаяж, Бурханы удирдамжийг хүлээн авах зэрэг эдгээр суурин дээрээс хүмүүсийн амь бага багаар өсөх нь гарцаагүй. Юун дээр үндэслэж энэ өсөлтийг хэмждэг вэ? Үүнийг Бурханы үгийн талаарх хүний туршлага, Бурханы зөвт зан чанарын талаарх жинхэнэ ойлголтынх нь дагуу хэмждэг. Өсөлтийн энэ үедээ Бурхан, Түүний мөн чанарын талаарх мэдлэгээ өөрийнхөө үгээр үнэн зөв тайлбарлахад тэдэнд маш хэцүү санагддаг хэдий ч энэ бүлэг хүн Бурханы нигүүлслийг эдлэх замаар тав тухыг эрэлхийлж, Бурханы нигүүлслийг хүртэх зорилгоо эрэлхийлэх гэж Бурханд итгэхийг субьектив байдлаар хүсэхээ больдог. Үүний оронд, тэд Бурханы үгээр амьдрахыг зорьж, Бурханы аврах хүн болохыг хүсдэг. Түүнчлэн, тэд Бурханы шүүлт, гэсгээлтийг хүлээн авахдаа итгэлтэй, бэлэн байдаг. Энэ бол өсөлтийн үе шатанд байгаа хүний тэмдэг юм.

Хэдийгээр энэ үе шатан дахь хүмүүст Бурханы зөвт зан чанарын талаар зарим нэг мэдлэг байдаг ч энэхүү мэдлэг нь маш бүдэг бадаг, тодорхойгүй байдаг. Энэ талаар тодорхой тайлбарлаж чаддаггүй боловч дотроо ямар нэг зүйлийг аль хэдийн олж авсан мэт тэдэнд санагддаг, учир нь тэр Бурханы шүүлт, гэсгээлтээр дамжуулан Бурханы зөвт зан чанарын тухай зарим мэдлэг, ойлголтыг олж авсан билээ. Гэхдээ энэ бүгд нь нэлээд өнгөцхөн бөгөөд мөн л анхан шатандаа байдаг. Энэхүү бүлэг хүн Бурханы нигүүлсэлд хандах тодорхой үзэл бодолтой байдаг бөгөөд энэ нь тэдний зорьдог зорилго болон эрэлхийлэх арга замын өөрчлөлтөөр илэрхийлэгддэг. Хэрвээ үнэнийг эрэлхийлэхгүй хэвээр, бодит байдалд орохоор эрэлхийлэхгүй хэвээр, үгийг нь туулах явцдаа Бурханыг хангалуун байлгаж, Бурханыг мэдэхээр эрэлхийлэхгүй байвал, Бурханд итгэхийн утга учрыг алдах болно гэдгээ тэд Бурханы үг, ажил, хүнд тавьдаг Түүний бүх төрлийн шаардлага, хүний тухай Түүний илчлэлээс аль хэдийнээ харсан. Бурханы нигүүлслийг хэчнээн их эдлэх нь хамаагүй, тэд зан чанараа өөрчилж, Бурханыг хангалуун болгож, Бурханыг мэдэж чадахгүй бөгөөд хүмүүс Бурханы нигүүлсэл дор үргэлж амьдардаг бол хэзээ ч өсөж, амийг олж авч, аврал хүртэж чадахгүй гэдгийг тэд хардаг. Дүгнэж хэлбэл, хэрвээ хүн Бурханы үгийг үнэхээр туулж чадахгүй, Бурханы үгээр дамжуулан Түүнийг мэдэх чадваргүй бол нярай үе шатанд мөнхөд үлдэж, амиа өсгөхөөр нэг ч алхам урагшилж хэзээ ч чадахгүй. Хэрвээ чи нярай үе шатанд мөнхөд байж, Бурханы үгийн бодит байдалд хэзээ ч орж чадахгүй, Бурханы үгийг хэзээ ч амиа болгож чадахгүй, Бурханд жинхэнээсээ итгэж, Бурханы талаарх мэдлэгийг хэзээ ч эзэмшиж чадахгүй бол Бурханаар бүрэн төгс болгуулах боломж чамд байна гэж үү? Тиймээс, Бурханы үгийн бодит байдалд орж, Бурханы үгийг амиа болгож, Бурханы гэсгээлт, шүүлтийг хүлээн авч эхлэн, завхарсан зан чанар нь өөрчлөгдөж эхэлж байгаа, үнэнээр цангадаг зүрх сэтгэлтэй, Бурханыг мэдэж, Бурханы авралыг хүлээн авах хүсэлтэй ямар ч хүн бол амь үнэхээр байдаг хүмүүс юм. Энэ бол үнэхээр дөрөв дэх төрлийн хүн, торниж байгаа хүүхэд буюу хүүхэд насны үе шатанд байгаа хүн юм.

Тав дахь төрөл: Амь нь боловсрох үе шат буюу насанд хүрэгчийн үе шат

Хүүхэд насны үе шат, ахин дахин унаж босох үеүдээр дүүрэн өсөлтийн үе шатыг паацганан алхаж, туулсны дараа хүмүүсийн амь тогтворжиж, урагшаа алхахдаа саатахаа больж, хэн ч тэдэнд саад болж чаддаггүй. Хэдийгээр өмнөх зам нь бартаатай, овон товонтой хэвээр байгаа ч тэд сул дорой, айдастай байхаа больж, урагшаа тэмтчиж, зүг чигээ алдахаа больдог. Бурханы үгийн бодит туршлага дотор тэд сууриа гүн тавьж, зүрх сэтгэл нь Бурханы эрхэм чанар, агуу байдалд татагдаж ирсэн. Тэд Бурханы мөрийг дагаж, мөн чанарыг нь мэдэж, Бурханы талаар бүгдийг нь мэдэхийн хүслэн болдог.

Энэ үе шатанд байгаа хүмүүс хэнд итгэдгээ хэдийнээ сайн мэдэж байдгийн дээр яагаад Бурханд итгэх ёстойгоо, амьдралынхаа утга учрыг, Бурханы илэрхийлдэг бүхэн нь үнэн гэдгийг тодорхой мэддэг. Олон жилийн туршлагаасаа тэд, Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр хүн хэзээ ч Бурханыг хангалуун болгож, Бурханыг мэдэж чадахгүй, Бурханы өмнө үнэхээр очиж хэзээ ч чадахгүй гэдгийг ухаардаг. Энэ хүмүүсийн зүрх сэтгэлд, шалгагдах зуураа Бурханы зөвт зан чанарыг харж, илүү цэвэр ариун хайрыг олж авахын зэрэгцээ Бурханыг илүү жинхэнээсээ ойлгож, мэдэж чаддаг байхын тулд Бурханаар шалгуулах маш их хүсэл байдаг. Энэ үе шатанд байгаа хүмүүс, нялх үе шат, Бурханы нигүүлслийг эдэлж, цадталаа талх идэх үе шаттайгаа аль хэдийн бүрэн дүүрэн салах ёс хийсэн байдаг. Бурханыг өөрсдөд нь хүлээцтэй хандаж, өршөөл үзүүлдэг болгох тухай хэрээс хэтэрсэн итгэл найдвар тавихаа тэд больдог; харин ч тэд завхарсан зан чанараасаа салж, Бурханыг хангалуун байлгахын тулд Бурханы дуусашгүй гэсгээлт, шүүлтийг хүлээн авахдаа итгэлтэй байж, үүнд найддаг. Бурханы талаарх тэдний мэдлэг, эрэл хайгуул, эсвэл эрэл хайгуулынх нь эцсийн зорилго бүгд зүрх сэтгэлд нь тун тодорхой байдаг. Тиймээс, насанд хүрэгчийн үе шатанд байгаа хүмүүс, тодорхойгүй итгэлийн үе шат, авралын төлөө нигүүлсэлд найддаг үе шат, шалгалтыг тэсэж чаддаггүй дутуу дулимаг амьтай байх үе шат, тодорхойгүй байдлын үе шат, тэмтэрч бэдэрсэн үе шат, үргэлж ямар ч явах замгүй байдаг үе шат, гэнэтийн халуун, хүйтэн ээлжилдэг тогтворгүй үе шат, нэг нүдээ дарчхаад Бурханыг дагадаг үе шаттай аль хэдийнээ бүрмөсөн салах ёс хийсэн байдаг. Ийм төрлийн хүмүүс үргэлж Бурханы гэгээрэл, гэрэлтүүлэлтийг хүлээн авч, үргэлж Бурхантай жинхэнэ холбоо, харилцаатай байдаг. Энэ үе шатанд амьдарч байгаа хүмүүс Бурханы хүслийн зарим хэсгийг аль хэдийн ухааран ойлгосон, хийж байгаа юм бүхэндээ үнэний зарчмыг олж чаддаг, Бурханы хүслийг хэрхэн хангахаа мэддэг гэж хэлж болно. Түүнчлэн, тэд Бурханыг мэдэх замыг олж, Бурханы талаарх мэдлэгээ гэрчилж эхэлсэн байдаг. Аажмаар өсөх явцдаа тэд Бурханы хүсэл, хүн төрөлхтнийг бүтээж, хүн төрөлхтнийг удирдах Бурханы хүслийн талаар аажмаар ойлгож, мэддэг. Мөн чанарын тухайд Бурханы зөвт зан чанарыг мөн тэд аажмаар ойлгож, мэддэг. Хүний ямар ч үзэл, төсөөлөл энэхүү мэдлэгийг орлож чадахгүй. Тав дахь үе шатанд хүний амь бүрэн боловсорсон байдаг, эсвэл энэ хүн бол зөв шударга, бүрэн төгс гэж хэлж болохгүй боловч ийм төрлийн хүн амь нь боловсрох үе шат руу аль хэдийн алхаж эхлэн, аль хэдийн Бурханы өмнө ирж, Бурханы үг болон Бурхантай нүүр тулан зогсох чадвартай болсон байдаг. Ийм төрлийн хүн Бурханы маш их үг, тоо томшгүй олон шалгалт, Бурханаас ирсэн тоо томшгүй олон удаагийн сахилгажуулалт, шүүлт, гэсгээлтийг туулсан байдаг учраас ямар нэгэн зүйлээс хамаарч биш, харин бүрэн дүүрэн Бурханд захирагддаг. Бурханы талаарх тэдний мэдлэг дотоод ухамсраас яг таг, тодорхой, өнгөцхөнөөс гүнзгий, бүрэлзсэн бүдэг бадгаас нарийн бодитой мэдлэг болж хувирсан. Тэд хүчлэн тэмтчиж, идэвхгүй эрж хайхаас сурцтай мэдлэгтэй, санаачилгатайгаар гэрчлэл хийдэг болсон. Энэ үе шатанд байгаа хүмүүс Бурханы үгийн үнэн-бодит байдалтай болж, Петрийн алхаж байсан шиг төгс болгуулах замд хөл тавьсан гэж хэлж болно. Энэ бол боловсорсон байдалд—насанд хүрэгчийн үе шатанд амьдардаг, тав дахь төрлийн хүн юм.

2013 оны 12 дугаар сарын 14

Өмнөх: Цор ганц Бурхан Өөрөө I

Дараах: Цор ганц Бурхан Өөрөө III

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих