1. Эзэн Есүсийг ирэхээс өмнө фарисайчууд синагогд байнга Судрыг тайлбарлаж, хүмүүсийн өмнө залбирдаг байв. Тэд маш сүсэг бишрэлтэй харагдаж байсан бөгөөд хүмүүсийн нүдэнд тэд Судрыг зөрчсөн ямар ч зүйл хийгээгүй юм шиг санагдаж байсан. Тэгвэл Эзэн Есүс яагаад фарисайчуудыг хараасан юм бэ? Тэд хэрхэн Бурханыг үл ойшоож, яагаад Бурханы уур хилэнг хөдөлгөв?

Лавлагаанд зориулсан Библийн эшлэлүүд:

“Яагаад Таны шавь нар ахмадуудын уламжлалыг зөрчдөг юм бэ? Учир нь тэд талх идэхдээ гараа угаагаагүй гэхэд Тэрээр тэдэнд хариулж, Яагаад та нар бас өөрсдийнхөө ёс заншлаар Бурханы тушаалыг зөрчдөг юм бэ? Учир нь Бурхан, ‘Эцэг эхээ хүндэл’, ‘Эцэг эхийгээ хараадаг хүн үхэх ёстой’ гэж тушаасан. Гэтэл та нар, ‘Хэрвээ эцэгтээ эсвэл эхдээ, “Танд хэрэг болох байсан зүйлээ би Бурханд өргөсөн” гэж хэлбэл эцэг эхээ хүндлэх хэрэггүй’ гэдэг. Тиймээс та нар ёс заншлаасаа болж Бурханы тушаалыг хүчингүй болгосон. Хоёр нүүрт хүмүүс ээ, Исаиа та нарын тухай сайтар зөгнөж, ‘Энэ хүмүүс Намайг амаараа хүндэлдэг; гэхдээ зүрх сэтгэл нь Надаас хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал хэмээн зааж, Надад хий дэмий шүтэн мөргөдөг’ гэв” (Матай 15:3–9).

“Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй. (Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэрийг цөлмөдөг ба дүр үзүүлж удаан залбирал хийдэг: тийм учраас та нар илүү их хараал хүртэх болно.)

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч, ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татдаг. Түүнийг сүсэгтэн болоход та нар түүнийг өөрсдөөсөө хоёр дахин дор тамын хүү болгодог.

Сохор газарчид та нар золгүй еэ! Та нар, ‘Сүмээр тангарагладаг хэн боловч юу ч биш; харин сүмийн алтаар тангараглагчид үүрэг оногддог’ гэж хэлдэг. Мунхаг, сохор хүмүүс ээ: аль нь чухал вэ? Алт уу эсвэл алтыг ариусгадаг сүм үү? Тахилын ширээгээр тангарагладаг хүн юу ч биш; харин үүн дээрх өргөлөөр тангарагладаг хүн буруутай. Мунхаг, сохор хүмүүс ээ: аль нь чухал вэ? Өргөл үү эсвэл өргөлийг ариусгадаг тахилын ширээ юү? Тиймээс тахилын ширээгээр тангараглах хэн боловч тахилын ширээгээр болон үүн дээр байгаа бүх зүйлээр тангарагладаг. Сүмээр тангараглах хэн боловч сүмээр болоод тэнд оршдог Түүгээр тангараглаж байгаа юм. Тэнгэрээр тангарагладаг хүн нь Бурханы сэнтийгээр болон дээр нь залардаг Түүгээр тангарагладаг.

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар гаа, гоньд, зирааны аравны нэгийг өгдөг мөртлөө хуулийн чухал нөхцөлүүд болох шударга ёс, өршөөл, итгэлийг орхигдуулсан: та нар бусдыг нь ч орхилгүй, эдгээрийг хийх ёстой байсан юм. Шумуулыг шүүж, тэмээг залгидаг сохор газарчид аа!

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар аяга, савныхаа гадна талыг цэвэрлэдэг боловч дотор нь дээрэм тонуул, илүүдэл хүнс дүүрэн байдаг. Сохор Фарисай чи эхлээд аяга, савныхаа дотор талыг цэвэрлэ, тэгвэл гадна тал нь ч бас цэвэрхэн байна.

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар цагаанаар будсан булшны хөшөө шиг үнэндээ гаднаа сайхан харагддаг боловч дотроо үхэгсдийн яс болон бузар бүхнээр дүүрэн байдаг. Та нар бас хүмүүсийн өмнө зөвт мэт харагддаг боловч дотроо хоёр нүүрт зан болон ёс бус явдлаар дүүрэн байдаг.

Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Учир нь та нар эш үзүүлэгчдийн бунхныг барьж, зөв шудрага хүмүүсийн хөшөөг чимээд, ‘Хэрвээ бид эцэг өвгөдийнхөө үед амьдарч байсан бол эш үзүүлэгчдийн цусыг урсгахад тэдний хамсаатан болохгүй байсан’ гэдэг. Тэгснээрээ та нар өөрсдийгөө эш үзүүлэгчдийг хөнөөсөн хүмүүсийн хүүхдүүд гэдгээ гэрчилдэг. Та нар тэгээд эцэг өвгөдийнхөө гэмийн хэмжээг дүүргэг. Могойнууд аа, хорт могойн удам аа, та нар яаж тамын шийтгэлээс зугтааж чадах вэ? Тиймээс харагтун, Би та нар луу эш үзүүлэгчид, мэргэн хүмүүс болон хуулийн багш нарыг илгээнэ: тэдний заримыг нь та нар алж, цовдолно; заримыг нь өөрсдийн синагогуудад ташуурдаж, хотоос хотод тэднийг хавчин мөшгөнө. Зөв шударга Абелын цуснаас эхлээд сүм болон тахилын ширээний хооронд та нарын хөнөөсөн Берехиагийн хүү Зехариагийн цус хүртэлх газар дээр урссан бүх зөв шударга цус та нар дээр ирнэ. Үнэнээр Би та нарт хэлье, Энэ бүх зүйл энэ үеийнхэн дээр ирнэ” (Матай 23:13–36).

Холбогдох Бурханы үг:

Фарисайчууд Есүсийг эсэргүүцсэний уг шалтгааныг та нар мэдмээр байна уу? Фарисайчуудын мөн чанарыг мэдэхийг хүсэж байна уу? Тэд Мессиагийн талаарх уран зөгнөлөөр дүүрэн байсан. Үүнээс гадна, тэд Мессиа ирнэ гэдэгт л итгэсэн ч амь-үнэнийг эрэлхийлээгүй. Иймээс өнөөдөр ч гэсэн тэд Мессиаг хүлээсээр л байдаг, учир нь тэдэнд амийн замын талаар ямар ч мэдлэг байдаггүй, мөн үнэний зам гэж юу болохыг мэддэггүй. Ийм мунхаг, зөрүүд, мэдлэггүй хүмүүс Бурханы ерөөлийг олж авч чадах уу, та нар хэл дээ? Тэд яаж Мессиаг харж чадах юм бэ? Тэд Ариун Сүнсний ажлын чиглэлийг мэдээгүй, Есүсийн хэлсэн үнэний замыг мэдээгүй, түүнчлэн Мессиаг ойлгоогүй учраас Есүсийг эсэргүүцсэн. Тэд Мессиаг хэзээ ч харж байгаагүй, Мессиатай хэзээ ч хамт байгаагүй болохоор Мессиагийн нэр төдийхөнтэй зууралдах зуураа Мессиагийн мөн чанарыг боломжит бүх аргаар эсэргүүцэх алдаа гаргасан. Энэ фарисайчууд мөн чанарын хувьд зөрүүд, биеэ тоосон байж, үнэнийг дуулгавартай дагаагүй. Тэдний Бурханд итгэх зарчим нь энэ: Таны номлол хэр гүн гүнзгий, Таны эрх мэдэл хэчнээн өндөр дээд ч бай, Мессиа гэж нэрлэгдээгүй л бол Та Христ биш. Энэ итгэл нь учиргүй, хөгийн биш гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Есүсийн сүнслэг биеийг харах үед чинь Бурхан тэнгэр, газрыг шинээр бүтээсэн байх болно

Завхарсан хүн бүхэн Сатаны урхинд амьдардаг, мөн махан биед, аминчхан хүсэлд автан амьдардаг ба тэдний дунд Надтай нийцдэг хүн нэг ч байхгүй. Надтай нийцтэй гэж хэлдэг хүмүүс байдаг ч бүгд тодорхойгүй шүтээн шүтдэг. Хэдийгээр тэд Миний нэрийг ариун хэмээн хүлээн зөвшөөрдөг ч Минийхээс эсрэг замаар явдаг, тэдний үг биеэ тоосон зан, өөртөө итгэлтэй байдлаар дүүрэн байдаг. Учир нь угтаа тэд бүгдээрээ Миний эсрэг байдаг бөгөөд Надтай нийцдэггүй. Өдөр болгон тэд Библиэс Миний ул мөрийг эрж хайж, “тохиромжтой” эшлэлийг тохиолдлоор олоод, түүнийгээ уйгагүй уншиж, судар мэт цээжээр дууддаг. Тэд Надтай хэрхэн нийцэлтэй байхаа мэддэггүй, Надтай дайсагнах гэж юуг хэлдгийг ч мэддэггүй. Зүгээр л бичвэрүүдийг сохроор уншдаг. Тэд өөрсдийн хэзээ ч хараагүй, харж ч чадахгүй тодорхойгүй Бурханыг Библи дотор хязгаарлачхаад, үүнийгээ завтай цагтаа гаргаж хардаг. Тэд ердөө Библийн хүрээнд л Миний оршин тогтнолд итгэдэг, тэд Намайг Библитэй адилтгадаг; Библи байхгүй бол Би гэж үгүй, Би байхгүй бол Библи гэж үгүй. Тэд Миний оршин тогтнол болон үйлдэлд ямар ч анхаарал хандуулдаггүй, харин оронд нь Бичвэрийн үг нэг бүрд туйлын онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Бичвэрт зөгнөөгүй л бол Намайг хийхийг хүссэн зүйлээ огт хийх ёсгүй гэж олонх нь итгэдэг. Тэд Бичвэрт хэтэрхий их ач холбогдол өгдөг. Тэд үг үсгийг хэтэрхий чухалчилж, эцэстээ бүр хэлсэн үг бүрийг минь дэнсэлж, Намайг яллахад Библийн эшлэлүүдийг ашигладаг гэж хэлж болно. Тэдний эрж хайдаг зүйл нь Надтай нийцэлтэй байх зам юм уу үнэнтэй нийцэлтэй байх зам бус, харин Библийн үгтэй нийцэлтэй байх зам бөгөөд Библитэй нийцэхгүй л бол бүгдийг нь, огт ялгалгүйгээр Миний ажил биш гэж тэд итгэдэг. Ийм хүмүүс фарисайчуудын ачлалт үр удам биш гэж үү? Иудейн фарисайчууд Есүсийг яллахын тулд Мосегийн хуулийг ашигласан. Тэр үед тэд Есүстэй нийцэлтэй байхыг эрж хайгаагүй, харин хуулийг үг үсэггүй хичээнгүйлэн дагаж, бүр Есүст Хуучин Гэрээний хуулийг дагаагүй, мөн Мессиа биш хэмээн ял оноогоод, эцэст нь гэм зэмгүй Есүсийг загалмайд цовдолсон. Тэд ямар мөн чанартай байсан бэ? Тэд үнэнтэй нийцэлтэй байх замыг хайгаагүй юм биш үү? Тэд Миний хүсэл болон Миний ажлын үе шат, арга барилын аль алиныг нь хайхардаггүй байсан мөртөө Бичвэрийн үг нэг бүрээр хэнээрхдэг байсан. Тэд үнэнийг эрж хайдаг биш, харин үгтэй салахгүй зууралддаг хүмүүс байсан; тэд Бурханд итгэдэг биш, харин Библид итгэдэг хүмүүс байсан юм. Үнэн хэрэгтээ тэд Библийн хоточ нохой байсан. Библийн ашиг сонирхлыг хамгаалж, Библийн нэр төрийг хадгалж, Библийн алдар хүндийг хамгаалахын тулд тэд эцэст нь өршөөнгүй Есүсийг загалмайд цовдлохдоо тулсан. Тэд ердөө Библийг хамгаалахын төлөө, хүмүүсийн зүрх сэтгэл дэх Библийн үг нэг бүрийн байр суурийг хадгалахын төлөө л үүнийг хийсэн юм. Иймээс тэд Бичвэрийн номлолыг мөрддөггүй байсан Есүсийг үхлийн ялаар яллахын тулд өөрсдийн ирээдүй болон нүглийн тахилыг хаяхыг илүүд үзсэн. Тэд Бичвэрийн үг нэг бүрийн боол байгаагүй гэж үү?

Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи Христтэй нийцэлтэй байх замыг эрж хайх ёстой

Есүсийн талаарх фарисайчуудын шүүлт

Mарк 3:21–22 Есүсийн хамаатан нь энэ тухай сонсоод Түүнийг барьж авахаар явав. Тэд, “Тэр өөрийн ухаангүй болжээ” хэмээв. Иерусалимаас бууж ирсэн хуулийн багш нар, “Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг” гэв.

Есүс фарисайчуудыг зэмлэсэн нь

Mатай 12:31–32 Би та нарт хэлж буйн учир бол хүмүүсийн аливаа нүгэл болон доромжлол уучлагдаж болно: гэвч Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй. Хүний Хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдана: гэвч Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй.

………………………

Есүсийн Өөрийнх нь талаар болон Түүний хийсэн зүйлийн талаар фарисайчуудын үнэлснийг Библид: “Тэр өөрийн ухаангүй болжээ… Түүнд Беелзебүл байгаа, Тэр чөтгөрүүдийн захирагчаар чөтгөрүүдийг хөөн зайлуулдаг” (Марк 3:21–22) гэсэн. Эзэн Есүсийн талаарх номлогч нар болон фарисайчуудын шүүлт нь юмыг тоть шиг давтаж, эсвэл оргүй хоосноос төсөөлж байсан хэрэг биш—энэ нь Эзэн Есүсийн талаар Түүний үйлдлийг харж, сонссон зүйлээсээ хийсэн дүгнэлт нь юм. Хэдийгээр тэдний дүгнэлт өнгөн дээрээ шударга ёсны төлөө хийгдсэн, үндэслэл сайтай мэт хүмүүст харагдаж байсан боловч Эзэн Есүсийг шүүсэн хэгжүүн зангаа барих нь тэдэнд ч гэсэн хэцүү байсан. Эзэн Есүсийг үзэн ядах улайрсан эрч хүч нь тэдний өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл болон ёрын муу сатанлаг төрх байдал, түүнчлэн Бурханыг эсэргүүцдэг атгаг муу уг чанарыг илчилсэн юм. Эзэн Есүсийг шүүхдээ тэдний хэлсэн зүйл нь өөрсдийнх нь зэрлэг хүсэл эрмэлзэл, атаархал болон Бурхан ба үнэнд дайсагнасан балиар, атгаг муу уг чанараас үүсэн гарсан юм. Тэд Эзэн Есүсийн үйлдлийн эх үүсвэрийг судлаагүй, мөн Түүний хэлсэн, эсвэл хийсэн зүйлийн мөн чанарыг ч шалгаагүй. Харин тэд зориуд тэгэхээс тэгэх гэж сохроор, уурсан галзуурч дайрч давшлан гутаасан. Энэ нь бүр Түүний Сүнсийг буюу Ариун Сүнсийг, Бурханы Сүнсийг хамаа намаагүй гутаах хэмжээнд хүрсэн. Тэдний “Тэр өөрийн ухаангүй болжээ”, “Беелзебүл” ба “чөтгөрүүдийн захирагч” гэж хэлсэн нь ийм учиртай юм. Өөрөөр хэлбэл, Бурханы Сүнс нь Беелзебүл буюу чөтгөрүүдийн захирагч байсан гэж тэд хэлсэн. Тэд Бурханы Сүнсний өмссөн махбодын ажлыг галзуу хэмээн тодорхойлсон. Тэд Бурханы Сүнсийг Беелзебүл ба чөтгөрийн ван гэж доромжилсноор үл барам Бурханы ажлыг ялласан. Тэд Эзэн Есүс Христийг яллаж, доромжилсон. Тэдний эсэргүүцэл болон Бурханыг доромжилсны мөн чанар нь Сатан болон диаволын Бурханыг эсэргүүцэх эсэргүүцэл, доромжлолын мөн чанартай тэр чигээрээ адилхан байлаа. Тэд ялзарсан хүмүүсийг төлөөлснөөр барахгүй, үүнээс ч илүүтэйгээр Сатаны биелэл байсан юм. Тэд хүн төрөлхтний дундах Сатаны суваг байсан ба Сатаны хамсаатан, зарц нар байв. Тэдний Эзэн Есүс Христийг доромжилж, гүтгэсэн мөн чанар нь байр суурийн төлөө Бурхантай хийсэн тэдний тэмцэл, Бурхантай хийсэн тэдний өрсөлдөөн, Бурханыг эцэс төгсгөлгүй туршсан явдал байсан юм. Бурханыг эсэргүүцсэн тэдний эсэргүүцлийн мөн чанар болон Түүнд дайсагнасан хандлага, түүнчлэн тэдний үг, тэдний бодол Бурханы Сүнсийг шууд доромжилж, хилэгнүүлсэн. Тиймээс Бурхан тэдний хэлсэн, хийсэн зүйлийг зүй зохистойгоор шүүн тодорхойлж, тэдний үйл хэргийг Ариун Сүнсний эсрэг доромжлол үйлдсэн нүгэл гэж тодорхойлсон. Энэ нүгэл нь: “Ариун Сүнсийг доромжилсон хүний нүгэл уучлагдахгүй” ба “Ариун Сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй” хэмээх судрын хэсэгт хэлсэнчлэн энэ насандаа ч, мөн хойд насандаа ч уучлагдахгүй.

Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Бурханы ажил, Бурханы зан чанар ба Бурхан Өөрөө III

Израильд “фарисай” гэдэг нь нэг төрлийн цол хэргэм байсан юм. Одоо яагаад оронд нь шошго болсон бэ? Учир нь фарисайчууд нэг төрлийн хүмүүсийн төлөөлөл болсон. Энэ төрлийн хүмүүс ямар шинж чанартай вэ? Тэд уриа лоозон хашхирч, сүрлэг яруу үг хэл ашигладаг; дүр эсгэж, өөр хүн мэт жүжиглэж, үнэн дүр төрхөө нуухдаа гарамгай бөгөөд агуу сайхан сэтгэлтэй, асар ариун, шулуун шударга, алагчлалгүй, шударга үйлстэн мэт аягладаг. Үр дүнд нь тэд үнэнийг өчүүхэн ч хэрэгжүүлдэггүй. Тэд ямар үйлдэл хийдэг вэ? Тэд бичвэр уншиж, номлож, бусдад сайныг үйлд, мууг бүү үйлд, Бурханыг бүү эсэргүүц хэмээн номлодог; тэд чихэнд чимэгтэй зүйлс хэлж, бусдын нүдэн дээр сайхан авирладаг ч ар хударгаар нь тахил хулгайлдаг. Эзэн Есүс тэднийг “шумуулыг шүүж, тэмээг залгидаг” гэж хэлсэн. Энэ нь, тэд уриа лоозонг сайрхан уншиж, сүрлэг онол ярьдаг бөгөөд үг нь чихэнд чимэгтэй сонсогддог гээд бүх зан авир нь гаднаа сайн мэт харагддаг ч үйл хэрэг нь эмх замбараагүй, бүхэлдээ Бурханыг эсэргүүцдэг гэсэн үг юм. Тэдний зан авир, гадаад төрх байдал нь бүгд дүр эсгэлт, бүгд залилан; зүрх сэтгэлдээ тэд үнэнийг ч, эерэг зүйлсийг ч өчүүхэн ч хайрладаггүй. Тэд үнэнээс, Бурханаас ирдэг юм бүгдээс, эерэг зүйлсээс залхсан байдаг. Тэд юуг хайрладаг вэ? Тэд шударга ёс, зөвт байдлыг хайрладаг уу? (Үгүй.) Эдгээрийг хайрладаггүй гэдгийг нь та нар яаж мэдэж байгаа юм бэ? (Эзэн Есүс ажиллаж, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг түгээхээр ирсэн боловч тэд Түүнийг ялласан.) Тэд Түүнийг яллаагүй бол та нар мэдэж чадах байсан уу? Эзэн Есүсийг ажиллахаар ирэхээс өмнө, тэд шударга ёс, зөвт байдлыг хайрладаггүй гэдгийг нь чи юунаас харж болох байсан бэ? Чи хэлж мэдэхгүй байх байсан, тийм үү? Тэдний бүх зан авир нь дүр эсгэлт бөгөөд энэ дүр эсгэлтээ ашиглан өөрсдөд нь итгэдэг хүмүүсийг залилдаг. Энэ чинь хоёр нүүр, хууран мэхлэлт биш гэж үү? Ийм мэхлэгчид үнэнийг хайрлаж чадах уу? Тэдний энэ сайхан зан авирын цаад зорилго юу вэ? Тэдний зорилгын нэг тал нь бусдыг зальдах; өөр нэг тал нь бусдыг мэхэлж, тэднийг өөртөө үнэмшүүлж, тэднээр шүтүүлж, эцэст нь шагнал хүртэх юм. Тийм том луйвар хийж дөнгөдөг тэдний арга барил хэчнээн ухаалаг байж таарах вэ? Тийм хүмүүс тэгвэл шударга ёс, зөвт байдлыг хайрладаг уу? Мэдээж үгүй хүмүүс тэгвэл шударга ёс, эд хөрөнгийг хайрладаг бөгөөд шагнал хүртэхийг хүсдэг. Тэд хүмүүст зориулсан Бурханы удирдамжийн үгийг хэрэгжүүлдэг үү? Огтхон ч үгүй. Тэдгээрийн өчүүхэн хэсгийг ч амьдран харуулдаггүй; тэд ердөө л хүмүүсийг залилж, ятган үнэмшүүлж, байр суурь, нэр төрөө бататгахын тулд зүсээ хувиргаж, өөр хүн мэт жүжиглэдэг. Эдгээр зүйлийг баттай болгомогцоо тэд хөрөнгө, орлогын эх үүсвэр олж авахдаа тэдгээрийг ашигладаг. Энэ жигшүүртэй биш гэж үү? Үнэнийг хайрладаггүй нь тэдний мөн чанар юм гэдгийг энэ бүх зан авираас харж болно, учир нь тэд хэзээ ч үнэнийг хэрэгжүүлдэггүй. Үнэнийг хэрэгжүүлдэггүйнх нь тэмдэг юу вэ? Хамгийн том тэмдэг нь энэ байсан: Эзэн Есүс ажиллахаар ирсэн бөгөөд Түүний хэлсэн бүхэн зөв, үнэн байсан. Тэд үүнд хэрхэн хандсан бэ? (Үүнийг хүлээн зөвшөөрөөгүй.) Тэд Эзэн Есүсийн үгийг буруу гэж итгэсэн учраас хүлээн зөвшөөрөөгүй юу, эсвэл зөв гэж мэдсээр байж хүлээн зөвшөөрөөгүй юу? (Тэд зөв гэж мэдэж байсан мөртөө хүлээн зөвшөөрөөгүй.) Тэгвэл энэ нь ямар шалтгаантай байж болох вэ? Тэд үнэнийг хайрладаггүй, эерэг зүйлсийг үзэн яддаг. Эзэн Есүсийн хэлсэн бүхэн ямар ч алдаа мадаггүй зөв байсан бөгөөд Эзэн Есүсийн үгээс Түүний эсрэг ашиглах ямар ч өө олоогүй хэдий ч тэд Түүнийг яллаж, дараа нь ийнхүү хуйвалдсан: “Түүнийг цовдлуулъя. Тэр эсвэл бид.” Ийм маягаар тэд өөрсдийгөө Эзэн Есүсийн эсрэг турхирсан. Хэдий тэд Эзэн Есүс бол Эзэн мөн гэдэгт итгээгүй ч Тэрээр хууль эрх зүйг ч, Еховагийна хуулийг ч зөрчөөгүй сайн хүн байв; тэд яагаад Эзэн Есүсийг ялласан юм бэ? Тэд яагаад Эзэн Есүст тэгж хандсан юм бэ? Тэр хүмүүс хэчнээн хорон муу, хорлонтой болохыг эндээс харж болно—тэд туйлын ёрын муу! Фарисайчуудын илчилдэг ёрын муу төрх байдал нь сайхан сэтгэлийн өнгөлөн далдлалтаас нь нэг их ялгаатай байж чадахгүй. Аль нь тэдний жинхэнэ төрх байдал, аль нь худал хуурмаг болохыг олон хүн ялган таньж чаддаггүй ч Эзэн Есүсийн илрэлт, ажил тэднийг бүгдийг нь илчилсэн. Фарисайчууд зүсээ ямар сайн хувиргаж, гаднаа хэчнээн эелдэг харагддаг гээч—баримтуудыг илчлээгүй байсан бол хэн болохыг нь хэн ч харж чадахгүй байх байлаа.

Үг. III Боть: Эцсийн өдрүүдийн Христийн яриа. Гуравдугаар хэсэг

Фарисайчуудын хоёр нүүрт байдлын гол илрэл юу байсан бэ? Тэд зөвхөн судрыг анхааралтай судлаад, үнэнийг эрж хайгаагүй. Бурханы үгийг уншихдаа залбирч, эрж хайхын оронд тэд Бурханы үгийг судалж, Бурханы хэлсэн үг, хийсэн үйлийг судалсан бөгөөд тийнхүү Бурханы үгийг бусдад заадаг нэг ёсны онол, хоосон сургаалаа болгон хувиргасан. Бурханы үгийг анхааралтай судална гэдэг нь энэ юм. Тэгвэл яагаад тэд тэгсэн юм бэ? Юуг тэд анхааралтай судалсан юм бэ? Тэдний нүдээр, эдгээр нь Бурханы үг, Бурханы илэрхийлэл байгаагүй, үнэн бүр ч байгаагүй, харин нэг хэлбэрийн эрдэм байсан юм. Тэдний нүдээр, тийм эрдмийг уламжилж, түгээх ёстой байсан бөгөөд энэ нь л Бурханы зам болон сайн мэдээг түгээж байгаа явдал байлаа. Үүнийг тэд “номлол” гэцгээж, тэдний номлодог номлол нь теологи байсан юм.

…Фарисайчууд өөрсдийн эзэмшсэн теологи болон онолд нэг ёсны мэдлэг, хүмүүсийг яллаж, зөв, бурууг нь цэгнэх хэрэгсэл хэмээн ханддаг байв. Тэд бүр үүнийгээ Эзэн Есүс дээр ашиглаж, тийнхүү Эзэн Есүс яллагдсан юм. Тэдний хүмүүст өгдөг үнэлэлт, тэдэнд ханддаг байдал хэзээ ч мөн чанарт нь үндэслээгүй, мөн хэлсэн зүйл нь зөв үү, буруу юу гэдэгт байтугай тэдний үгийн эх сурвалж, хангалтад ч хэзээ ч үндэслээгүй. Тэд хүмүүсийг зүгээр л өөрсдийн эзэмшсэн нугаршгүй үг, хоосон сургаалд үндэслэн яллаж, цэгнэдэг байсан. Иймээс энэ фарисайчууд Эзэн Есүсийн хийсэн зүйл нүгэл биш, хууль зөрчөөгүй гэдгийг мэдсээр байж Түүнийг ялласан, учир нь Эзэн Есүсийн хэлсэн үг тэдний эзэмшсэн мэдлэг, эрдэм, тэдний тайлбарладаг теологийн онолоос зөрүүтэй байгаа харагдсан юм. Харин фарисайчууд эдгээр үг, хэллэгтэй зууралдахаа ер болихгүй, энэ мэдлэгээс зуурчхаад тавихгүй байлаа. Эцэстээ цорын ганц боломжит үр дүн юу байсан бэ? Эзэн Есүс бол ирэх байсан Мессиа мөн, Эзэн Есүсийн хэлсэн үгэнд үнэн бий гэдгийг тэд хүлээн зөвшөөрөөгүй, мөн Эзэний хийсэн зүйл үнэнтэй нийцэлтэй гэдгийг бүр ч хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд Эзэн Есүсийг яллахын тулд үндэслэлгүй ял олсон. Гэвч үнэн хэрэгтээ, Эзэнийг ялласан эдгээр нүгэл нь үндэслэлтэй эсэхийг тэд зүрх сэтгэлдээ мэдэж байсан уу? Мэдэж байсан. Тэгсэн хэрнээ яагаад Эзэнийг тэгж ялласан юм бэ? (Тэд өөрсдийнх нь оюун санаан дахь өндөр дээд, хүчит Бурхан нь ердийн хүний Хүүгийн ийм дүртэй Эзэн Есүс байж болно гэдэгт итгэхийг хүсээгүй). Тэд энэ баримтыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. Тэгвэл үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаных нь уг чанар юу байсан бэ? Үүнд Бурханд учирлахаар оролдож байгаа зүйл байгаагүй гэж үү? Тэд юу гэх гэсэн бэ гэвэл, “Бурхан тэгж болно гэж үү? Хэрвээ Бурхан бие махбодтой болсон бол хүндтэй удам сурвалжид төрөх нь лавтай. Түүнчлэн хуулийн багш нар, фарисайчуудын сургалтыг авч, энэ мэдлэгт суралцаж, судрыг маш их унших ёстой. Энэ мэдлэгийг эзэмшсэний дараа л Тэр “бие махбодтой болсон Бурхан” гэх цол авч болно” гэсэн. Нэгдүгээрт, ийнхүү Та энэ шалгуурт тэнцэхгүй тул Бурхан биш, хоёрдугаарт Та ийм мэдлэггүйгээр Бурханы ажил хийж чадахгүй, Бурхан байж бүр ч чадахгүй, гуравдугаарт Та сүмийн гадна ажиллаж болохгүй—одоо Та сүмд байхгүй, үргэлж нүгэлтнүүдийн дунд байгаа тул хийдэг ажил тань Бурханы ажлын хүрээнээс давсан байна гэж тэд үзсэн. Тэдний яллалтын үндэслэл хаанаас үүдэлтэй вэ? Судар, хүний оюун санаа, тэдний эзэмшсэн теологийн боловсролоос үүдэлтэй. Тэд үзэл, төсөөлөл, мэдлэгт автсан учраас энэ мэдлэгээ зөв, үнэн, үндэслэл гэж үзэж, Бурхан эдгээр зүйлийг хэзээ ч зөрчих аргагүй гэдэгт итгэсэн. Тэд үнэнийг эрж хайсан уу? Эрж хайгаагүй. Тэдний эрж хайсан зүйл бол өөрсдийнх нь үзэл төсөөлөл, туршлага байсан бөгөөд тэд эдгээрийг ашиглан Бурханыг тодорхойлж, Бурханы зөв үү, буруу юу гэдгийг тогтоох гэж оролдсон юм. Үүний эцсийн үр дүн юу байсан бэ? Тэд Бурханы ажлыг яллаж, Бурханыг загалмайд цовдолсон билээ.

Үг. IV Боть: Антихристүүдийг илчлэх нь. 7-р зүйл: Тэд ёрын муу, хар санаатай, ов мэхтэй (III хэсэг)

Тайлбар:

а. Эх бичвэрт “Еховагийн” гэх үг байдаггүй.

Өмнөх: 2. Бидний ойлгосноор Төгс Хүчит Бурханы Чуулган бол шинээр гарч ирж буй Христийн чуулган гэдгийг олон улсын нэр хүнд бүхий хэд хэдэн шашны шинжээч, эрдэмтэн судлаачид хүлээн зөвшөөрсөн. Төгс Хүчит Бурханы Чуулган болон уламжлалт Христийн шашин хоёрын хооронд ямар ялгаа байдаг вэ?

Дараах: 2. Шашны ертөнцийн пастор, ахлагч нар бүгд Библийг сайн мэддэг бөгөөд үүний талаар бусдад байнга тайлбарлаж өгөн, хүмүүсээс Библийг дагаж мөрдөхийг шаарддаг. Ингэснээрээ тэд Эзэнийг өргөж, Түүнд гэрчлэл хийж байгаа бус уу? Тэднийг хүмүүсийг мэхэлж байгаа, хоёр нүүртэй фарисай гэж яаж хэлж болох билээ?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих