66. Биеэ тоосон байдлаа өөрчилсөн минь

Жингвэй, АНУ

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурханы ажлын алхам бүр—хатуу ширүүн үг ч бай, шүүлт ч бай, эсвэл гэсгээлт ч бай—хүнийг төгс болгодог бөгөөд туйлын зохистой байдаг. Эрин үеүдийн туршид Бурхан ийм ажил хэзээ ч хийж байгаагүй; өнөөдөр Тэр та нарын дотор ажилладаг болохоор та нар Түүний мэргэн ухааныг ойлгосон. Та нар дотроо жаахан өвдөж шаналсан ч зүрх сэтгэл чинь тууштай, амар амгалан байгаа; Бурханы ажлын энэ үе шатыг эдлэх чадвартай байгаа нь та нарын ерөөл билээ. Ирээдүйд юу олж авч чадах чинь хамаагүй, өнөөдөр та нарын дотор Бурханы хийсэн ажил бүхэлдээ хайр гэдгийг л та нар хардаг. Хэрвээ хүн Бурханы шүүлт, цэвэршүүлэлтийг туулдаггүй бол түүний үйлдэл, урам зориг үргэлж өнгөцхөн түвшинд үлдэж, зан чанар нь үргэлж өөрчлөгдөөгүй хэвээр үлдэнэ. Үүнийг Бурханаар авхуулсанд тооцдог уу? Эдүгээ хүний дотор биеэ тоосон, ихэрхүү зан ихээхэн байсаар байгаа боловч хүний зан чанар урьдынхаасаа хавьгүй илүү тогтвортой байдаг. Бурхан чамтай харьцдаг нь чамайг аврахын төлөө байдаг бөгөөд чи тухайн үед хэсэг шаналж магадгүй боловч зан чанарт чинь өөрчлөлт гарах өдөр ирнэ. Тэр үед чи эргэж хараад, Бурханы ажил хэчнээн ухаалаг болохыг ойлгоно, тэр үед л чи Бурханы хүслийг үнэхээр ойлгож чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Зовлонт шалгалтыг туулснаар л Бурханы хайр татам байдлыг мэдэж болно). Би зүгээр л үүрэгтээ төлөөс төлөх урам зориг, хүсэлтэй байснаар Бурханаас сайшаал хүртэж чадна гэж боддог байлаа. Тэгээд Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг хүлээн авч, зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлэхэд анхаараагүй. Ердөө л биеэ тоож, дарангуй байдлаар үүргээ гүйцэтгэж, ах эгч нарыг боогдуулж, хорлож, чуулганы ажилд хохирол учруулсан. Бурханы шүүлт, гэсгээлтгүйгээр завхарсан зан чанараа цэвэрлэж, өөрчилж чадахгүй, бас үүргээ Бурханыг сэтгэл хангалуун байлгахуйц сайн хийж хэзээ ч чадахгүй гэдгээ эцэст нь ойлгосон. Бурханы шүүлт, гэсгээлт бидний аврал гэдгийг үнэхээр мэдэрсэн.

2016 онд би тайз засалчийн үүрэг аваад баяр хөөр болж, “Би дотоод заслаар суралцсан, салбартаа дөрвөн жилийн туршлагатай. Үүнийг сайн хийж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахад мэргэжлийн чадвараа бүрэн ашиглах болох нь” гэж бодсон юм. Дараа нь ах эгч нартай хамт ур чадвар сурч авч, зарчмын талаар нөхөрлөлөө. Хэсэг хугацааны дараа би үүрэгтээ зарим нэг үр дүн үзэж эхэлсэн. “Та нар энэ тайзыг сайн зассан байна. Үнэхээр бодитой болж” гэж хэн нэгний хэлэхийг сонсох үедээ энэ нь Бурханы удирдамж гэж хариулдаг байсан ч “Мэдээж шүү дээ, энэ тайзыг хэн зассаныг мэдэхгүй байна уу? Би бол мэргэжлийн хүн!” гэж боддог байлаа. Тэгээд бардамнан алхаж, илүү чанга дуугаар ярьж эхэллээ. Бусад хүний үүрэг дэх зарим алдааг харвал тэднийг дорд үзэж, тэдэнтэй тайзны зохион байгуулалтыг хэлэлцэхээ больсон юм. Би дизайнаар суралцсан болохоор тэдэнтэй хэлэлцэх хэрэггүй, тэд угаасаа миний санааг дэмжих болохоор цагийн гарз гэж бодоод, ганцаараа санаандаа зураглалаа гаргачхаад, найруулагчтай очиж хэлэлцдэг байлаа.

Багийн удирдагч болж тушаал дэвшсэнийхээ дараа ах эгч нарыг бүр ч тоохоо больсон. Нэг удаа рестораны тайз засаж байтал “Урд хаалга хангалттай өндөр биш болохоор онцгүй харагдаж байна” гэж манай багийн Жан ах хэллээ. Би үүнийг нь огт тоогоогүй. “Би өчнөөн л рестораны тайз заслаа. Та үнэхээр намайг хаалга хэр өндөр байх ёстойг мэдэхгүй гэж бодоо юу? Та олон тайз засаагүй, дизайнаар суралцаагүй, бас нэг их бодит туршлагагүй байж аавдаа адуу манахыг заах гэгч болох нь ээ” гэж бодлоо. Ахын саналыг тэвчээргүйхэн няцаачхаад хаалгыг өөрийнхөө хүссэнээр хийлгэлээ. Зураглаач үүнийг хараад хаалга хэтэрхий нам, зураг авалтыг халхална. Ийм маягаар зураг авч болохгүй гэлээ. Тэгээд бид шинэ хаалга хийхээс өөр аргагүй болсон юм. Дараа нь аяганы шүүгээ хийх хэрэгтэй болсон учраас би Чэнь ахад миний зурсан зургийн дагуу хий гэж хэлсэн. Ахыг: “Төв хэсэг нь хэтэрхий өргөн юм. Онцгүй харагдаж байна. Жаахан нарийсгавал яасан юм бэ?” гэхэд “Би интернэтээр бүх төрлийн материал үзсэн, энэ зөв харьцаатай байгаа. Хэлснээр минь хийвэл буруутна гэж байхгүй” гэж бодоод өөрийнхөөрөө зүтгэн, “Та юу яриад байгаа юм бэ? Зүгээр л миний зурснаар хийгээдэх” гэж хэллээ. Эцэст нь бүгд, төв хэсэг нь хэтэрхий өргөн, онцгүй харагдаж байна гэцгээсэн. Чэнь ах илүү их цаг зарцуулан үүнийг засах ёстой болсноор кино зураг авалтын явц удааширлаа. Би эргэцүүлж, өөрийгөө мэдэх гэж оролдохын оронд үүнийг юман чинээ тоосонгүй. “Заримдаа алдаа гаргахгүй хэн байх вэ? Жаахан л цаг, материал гаргаад засчихад сүржигнэх юмгүй” гэж бодлоо.

Нэг удаа цуглааны дараа Жан ах надад санал бодлоо хэлж: “Сүүлийн үед та бусадтай ажиллахдаа нэлээд зөрүүдэлж байгаа нь анзаарагдлаа. Та бусдын саналыг сонсоогүй, бүрэн үндэслэлтэй зарим саналыг ч няцаасан. Хүмүүстэй ихэрхүү байдлаар ярьж, тэднийг боогдуулж биднийг дандаа өөрийнхөөрөө байлгах гэж зүтгэдэг. Энэ бүгд биеэ тоосон зан чанарын илэрхийлэл шүү” гэлээ. Үүнийг би аман дээрээ зөвшөөрсөн боловч “Би биеэ тоодог ч энэ нь шалихгүй асуудал” гэж бодож байлаа. Хэд хоногийн дараа Лиу ах бас биеэ тоосны минь төлөө надтай харьцаж, бусдыг сонсдоггүй, харин боогдуулдаг гэж хэлсэн. Би ахыг үгээ хэлж дуусахаас нь ч өмнө сонсохоо болилоо. “Та нарын хэн нь ч надтай дүйцэхгүй. Яаж надтай харьцаж зүрхэлж байна аа?” гэж бодсон. Үүнийг бодох тусам хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Тэр ч бүү хэл, Бурханд залбирахдаа шалтаг тоочиж байсан юм. Тэгэх тусам сэтгэл улам харанхуйлж, гутраад, тайз засал хийхдээ эмх замбараагүй болсон ч өөрийгөө эргэцүүлэхгүй л байлаа. Нэг өдөр би хөлөө төмөр сандлын хөндлөвчид цохиод айхтар том зүсчихлээ. Тэгээд эмнэлэгт долоон оёдол тавиулсан. Энэ нь санаандгүй явдал огт биш, үүний цаана Бурханы хүсэл гарцаагүй байгаа гэдгийг би сайн мэдэж байсан юм. Эцэст нь зүрх сэтгэлээ тайван байлгаж, үнэхээр эргэцүүллээ. Ах эгч нар санал гаргаж, тустай зөвлөгөө хэлэх болгонд би үнэмшихгүй, эсэргүүцээд, огт нааштай хандаж, дуулгавартай байгаагүй. Харин туйлын их зөрүүдэлсэн. Би Бурханд залбирч, завхарсан зан чанараа мэдэхэд минь намайг замчлаач гэж гуйгаад.

Өглөөний сүнслэг үйл ажиллагаандаа Бурханы ийм үгийг уншсан юм: “Хэрэв бусдыг өөрөөсөө доогуур гэж үздэг бол чи өөрийгөө зөвтгөдөг, ихэрхүү бөгөөд хэнд ч ач тус болдоггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 22-р бүлэг). “Чи өөрийгөө тэнгэрээс ялимгүй доогуур ч газраас хавьгүй өндөр, төрөлхийн авьяастан гэж бүү бод. Чи өөр хэнээс ч илүү ухаантай биш—өөрийгөө хэтэрхий өндрөөр үнэлж, бусдаас дор гэж хэзээ ч үздэггүй учраас чамайг газар дээрх эрүүл ухаантай ямар ч хүнээс илүү гайхмаар тэнэг гэж ч хэлж болох юм; чи Миний үйлдлийг нэгд нэггүй мэддэг юм шиг санагддаг. Үнэн хэрэгтээ чи эрүүл ухаан угаас дутмаг хүн, учир нь Миний хийх зүйлийн талаар чи огт мэддэггүй, одоо юу хийж байгааг минь бүр ч мэддэггүй. Тиймээс чи, хүний амьдралын талаар өчүүхэн ч мэддэггүй мөртөө газраа хагалахдаа Тэнгэрийн ерөөлд найддаг хөгшин тариачинтай ч эн тэнцэхгүй гэж Би хэлсэн. Чи амьдралынхаа талаар нэг секунд ч бодож үздэггүй бөгөөд нэр хүндийн талаар юу ч мэддэггүй, өөрийнхөө талаар бүр ч мэддэггүй. Чи туйлын ‘өндөр дээд!’(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Суралцдаггүй агаад мэдлэггүй хэвээр үлддэг хүмүүс: Тэд араатан биш гэж үү?). Үүнийг уншаад асар их эмзэглэсэн. Үг болгон нь намайг илчилж байх шиг санагдлаа. Би салбараа мэддэг, туршлагатай болохоор тайз засалч болсноосоо хойш өөрийгөө нэн чухал авьяастан гэж бодоод, ах эгч нарт ихэрхүү хандаж, би мэргэжлийн хүн учраас өөр хэн ч миний цагийг хумслах эрхгүй гэж бодсон. Үргэлж эцсийн шийдвэр гаргаж, ажлаа бусадтай хэлэлцэхийг хүсээгүй. Тэднийг дизайны ямар ч мэдлэггүй болохоор цагийн гарз гэж бодоод, дурамжханаар юм хэлэлцэх үедээ би илүү мэдлэгтэй болохоор аливааг илүү иж бүрэн харж чадна гэж боддог байлаа. Тэдний санал болгосон ямар ч зүйлийг огт судлалгүй, зүгээр л няцаадаг байсан. Бусдыг гэх хамгийн наад захын хүндлэл ч надад байгаагүй. Ах эгч нар намайг биеэ тоосон гэцгээж, өөрийгөө эргэцүүл гэж шавдуулахад үүнийг нь ч хүлээн зөвшөөрөлгүй эсэргүүцсээр байсан. Би гагцхүү биеэ тоосон байдал илчилж явснаа олж харсан юм. Биеэ тоосон зан чанараараа амьдарснаар зүгээр л бусдыг дорд үзэж, ах эгч нараа гагцхүү боогдуулж, шархлуулсан. Ажилдаа биеэ тоож, дарангуй болж, бусдыг албан хүчээр үгэндээ оруулж, юмыг ахин дахин хийлгэж, чуулганы ажлыг үймүүлээд би үнэхээр мууг үйлдэж байж! Энэ бүхнийг ухаараад жаахан айж, Бурханд залбирч, гэмшсэн. Дахиад биеэ тоосон байдлаар юм хийхийг хүсээгүй.

Үүний дараа үүрэгтээ өөрийгөө ухамсартайгаар хойш тавьж, дутагдлаа нөхөхийн тулд бусад хүний саналыг илүү их сонсдог болсон. Заримдаа дизайн гаргахаар минь ах эгч нар миний санаанаас өөр олон зөвлөгөө өгдөг байлаа. Би тэднийг үл ойшоох гэж байснаа, дараа нь дахиад л биеэ тоож байгаагаа ухаарч, зүрх сэтгэлдээ Бурханд залбирч, өөрийгөө хаяж, завхарсан зан чанараараа амьдрахаа болиход минь замчлаач гэж гуйсан юм. Хэний санал Бурханы гэрийн ажилд хамгийн их ашиг тустай байна, түүнийг дагахыг хүссэн. Бусдын саналыг хүлээн зөвшөөрч эхэлмэгц тайзны чимэглэл маань илүү сайжирч, үйлдэл сайтай, үр ашигтай болж, илүү хурдан хийгдэж байгааг олж мэдлээ. Бурханы үгийг хэрэгжүүлэхийн сайхныг би амссан. Гэхдээ би биеэ тоосон уг чанараа үнэхээр ойлгодоггүй, өөрийгөө мэддэггүй байлаа. Хэдэн сарын дараа манай тайз заслыг хүн бүр нааштай хүлээн авч, үүрэгт маань амжилт гарсныг би олж хараад биеэ тоосон зан чанар минь өөрийн мэдэлгүй дахин цухалзаж байлаа.

Нэг удаа баян айлын тайз заслыг бүрдүүлж байтал “Тийм хүн байр суурийг нь харуулах дээд зэрэглэлийн эд хогшилтой байна” гэж бодогдлоо. Ах эгч нараар тэр тайзыг яг өөрийнхөө хүссэнээр бэлтгүүлсэн. Жан ах үүнийг хэт орчин үеийн байна, гол дүрийн баатрын цаг үед таарахгүй байна гэлээ. Тийм юм сонсох жаахан онцгүй байсан. “Та юу мэддэг юм бэ? Уян хатан байх гэж үүнийг хэлдэг юм. Бид гол дүрийн баатрын байр суурийн дагуу, тодорхой цаг үед хязгаарлагдалгүй зохиомжлох ёстой. Минийхээр бол, та иймэрхүү айл ямар хэв маягтай байх ёстойг огт мэдэхгүй байна. Таны санаа бүр үеэ элээчхэж” гэж бодсон. Тэгээд ахад, “Би тэр цаг үеийг мэдэж байгаа. Зүгээр л надад итгэ” гэж хэллээ. Төд удалгүй Чэнь ах бас цонхнууд хэт орчин үеийнх байна гэсэн. Би тэднийг яагаад ийм хоцрогдмол, уян хатан бус юм бэ гэж гайхан, маш их унтууцлаа. Тэгээд уураа барьж, өөрийнхөөрөө зүтгэхэд Чэнь ах өөр юу ч хэлээгүй юм. Тайз засал дуустал найруулагч бидний дизайныг бодитой биш, дэндүү гял цал байна, бас гол дүрийн баатрын насанд сайн тохирохгүй байна гэж хэлэхэд би гайхсан. Тэгээд бид дахиад хийх ёстой болсон ч би үүнийг бас л тоогоогүй. Тэд зүгээр л тайзыг маань ер үнэлж чадахгүй байх шиг санагдаж байлаа. Гэхдээ хүн болгон таарахгүй байна гэсэн болохоор дахин тайз засахаар дурамжхан зөвшөөрсөн.

Дараа нь нэг удаа тайз засалд наяад оны маягийн халуун ханз хэрэг боллоо. Үүнд маш их мөнгө төсөвлөх хэрэгтэй гэж бодож байтал Жан ах, өөрөө хийчихвэл их мөнгө хэмнэж болох юм гээд, нарийвчилсан төлөвлөгөө гаргасан байсан. Гэхдээ би тэр санааг гагцхүү басамжилж байлаа. Өөрсдөө үүнийг бага өртгөөр хийж болох ч хангалттай бат бөх байхгүй. Тэгэхээр хайран хөдөлмөр л болох биш үү? Жан ахын санаа ер бүтэхгүй гэж найруулагчид бас хэллээ. Найруулагч миний төсвийг дэндүү их байна гээд, халуун ханзтай хэсгийг хассан юм. Жан ахыг дараа нь өөр санал гаргахаар нь юм ойлгохгүй, муйхарлаж байна гэж бодоод сургаал айлдсан. Өөр нэг эгч ахыг боогдуулж байгааг минь хараад, намайг биеэ тоосон гэж хэлэхэд үүнийг нь би хүлээн зөвшөөрөөгүй. Тэгээд тайз заслын талаар найруулагчтай хэлэлцэж байхдаа ч биеэ тоож, зөрүүдэлсээр байсан. Үүнээс болж заримдаа тайз бидэнд хэрэгтэй байгаагаас өөр болж, бүр дахиад хийх шаардлага гарч, энэ нь зураг авалтыг хойш татсан.

Би ч төд удалгүй тэр үүргээс халагдсан юм. “Ах эгч нар таныг биеэ тоож, аливааг өөрийнхөөрөө хийж, үргэлж эцсийн шийдвэр гаргадаг гэсэн. Та хүмүүст ихэрхүү байдлаар сургаал айлддаг. Бас өөрөө дарга, ах эгч нар цэрэг мэт аашилдаг юм байна. Та хүн болгоныг боогдуулж байна” гэж удирдагч надад хэлсэн юм. Үүнийг сонсоод би мэл гайхсан. Бусдад өөрийгөө тийм биеэ тоосон, ухаангүй санагддаг гэж хэзээ ч төсөөлж байгаагүй юм. Тэгээд маш их гутарсандаа удирдагчийн хэлсэн өөр ямар ч үгийг сонсоогүй. Би хэд хоногийн турш шаналж, хоол хоолойгоор давахгүй, олигтой нойр ч авч чадахгүй байсан. Эргэцүүлж байтал Бурханы үгийн нэг мөр санаанд орлоо: “Та нар дор бүрнээ… амьдралынхаа туршид Бурханд хэрхэн итгэснээ шинээр шинжлэн шалгах ёстой(Үг. II Боть: Бурханыг мэдэх тухай. Өмнөх үг). Би үүнийг тунгаан бодож, “Одоо Бурханд итгээд таван жил боллоо, гэхдээ би хэзээ ч өөрийгөө үнэхээр эргэцүүлж, өөрийгөө мэдээгүй. Тэгээд өөрийн мэдэлгүй маш их биеэ тоосон байдал харуулжээ, би үнэхээр жинхэнээсээ өөрийгөө эргэцүүлэх ёстой юм байна” гэж бодлоо. Тэгээд Бурханд залбирч, “Өө Бурхан минь, завхарсан зан чанараа мэдэж, өөрийгөө үзэн ядаж, орхиж чаддаг байхад намайг замчилж, гэгээрүүлээч. Би гэмшмээр байна” гэсэн. Нэг өдөр кино зураг авах байршил дээр зараалаар очтол наяад оны загварын халуун ханзыг Жан ахын санал болгосноор хийсэн байгаа харагдлаа. Үүний өртөг миний анхны төсвийн талд нь ч хүрэхгүй байсан юм. Бас Жан ах бусдынхаа хамт картон хайрцгаар маш олон чимэглэл хийсэн нь аятайхан болж, цаг, хүч хэмнэж, илүү цөөн материал ашигласан байсан. Үүнийг хараад би ичиж, хэчнээн их биеэ тоож, кино зураг авалтын ажлаа хэр ноцтой саатуулснаа олж харсан. Тэгээд “Би яагаад тийм их биеэ тоож, бусдыг үргэлж үгээрээ байлгав аа? Үүний бодит уг үндэс юу юм бэ?” гэж өөрөөсөө асууж эхэллээ.

Маргааш өглөө нь сүнслэг үйл ажиллагаандаа Бурханы ийм үгийг уншсан юм: “Хэрэв чиний дотор үнэхээр үнэн байдаг бол алхдаг зам чинь аяндаа зөв байх болно. Үнэн байхгүй бол ёрын мууг үйлдэхэд амархан бөгөөд чи өөрийн эрхгүй үүнийг хийнэ. Жишээлбэл, хэрвээ биеэ тоосон, ихэрхүү зан дотор чинь оршиж байгаа бол Бурханыг эсэргүүцэхгүй байх боломжгүй мэт чамд санагдана; Түүнийг эсэргүүцэх ёстой мэт санагдана. Чи үүнийг зориуд хийхгүй; өөрийн биеэ тоосон, ихэрхүү уг чанарт захирагдан хийх болно. Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг; тэдгээр нь чамайг өөрийгөө өргөмжилж, байнга өөрийгөө гайхуулж, сүүлдээ Бурханы орыг эзлэн суугаад, өөртөө гэрчлэл хийхэд хүргэдэг. Эцэст нь чи өөрийн санаа, бодол, үзлийг шүтэх ёстой үнэн болгож хувиргана. Биеэ тоосон, ихэрхүү уг чанарынхаа эрхшээлд байдаг хүмүүс хэчнээн их ёрын муу үйл хийдгийг хараач!(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрэлхийлснээр л хүн амь зан чанарын өөрчлөлтөд хүрч чадна”). Үүнийг уншаад сэтгэл өвдсөн. Би биеэ тоосон зан чанараа мэддэг байсан ч биеэ тоохын үр дагаврыг огт мэддэггүй байж. Энэ нь намайг мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэхэд хүргэдгийг Бурханы үгийн илчилсэн зүйлээс харж, өөрийнхөө үг, үйл хэргийг эргэцүүлснээр эцэст нь ойлголоо. Би биеэ тоосон уг чанараасаа болоод өөрийгөө их юманд бодож, бага зэрэг чадвартай байсан болохоор бусдыг огт тоогоогүй. Аливаа юмны талаарх миний бодол үргэлж зөв, хэн ч надтай дүйцэхгүй, тэд миний хэлснээр хийх ёстой гэж бодсон. Намайг “зүүн” гэвэл хэн ч баруун тийш явж болохгүй, хэн ч өөр санал гаргаж болохгүй байлаа. Би үгэнд орохгүй байгаа хүн бүхнийг загнаж, дураараа, дарангуй байсан. Тэгээд захирангуй аашилж, антихристийн замаар явж байж. “Биеэ тоосон, ихэрхүү зангаасаа болж чи Бурханыг дорд үзэж, Түүнийг шалихгүй гэж үзэхэд хүрдэг” гэх Бурханы энэ үг үүрэгтээ яаж онгирдог байсан тухай минь ялангуяа бодогдууллаа. Би Бурханы хүсэл, үнэний зарчмыг хэзээ ч эрж хайж байгаагүй. Бусад нь санал гаргах үед энэ нь Бурханаас ирсэн эсэх, Бурханы удирдамж эсэхийг хэзээ ч бодолцож үзээгүй. Миний санаа биш бол ер сонсдоггүй байлаа. Би Бурханыг огт хүндэлдэггүй байснаа олж харсан юм. Би дэндүү биеэ тоогоод бусдыг басамжилж, зүрх сэтгэлдээ Бурханыг гэх орон зайгүй байж. Итгэлдээ би үнэнд болон Ариун Сүнсний ажилд захирагдах ёстой. Ах эгч ямар ч санал дэвшүүллээ гэсэн, миний санаатай таарсан ч бай, үгүй ч бай, тэр санал Ариун Сүнснээс ирсэн байх боломжтой. Би Бурханаас эмээдэг дуулгавартай зүрх сэтгэлээр үүнийг нь хүлээн авч, судлах ёстой. Хэрвээ үнэнд нийцэж, Бурханы гэрийн ажилд ашиг тустай байвал дуулгавартай дагаж, хэрэгжүүлэх ёстой. Харин Ариун Сүнсний гэгээрэл, удирдамжаас гарсан зүйлийг голбол Сүнсний ажилд саад хийж, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг. Ингэх нь Бурханы зан чанарт халддаг. Би биеэ тоосон байдлаар үүргээ гүйцэтгэж, дарангуй байж, ах эгч нарыг боогдуулж, зүв зүгээр санааг хойш тавьж байсан. Энэ нь чуулганы ажлыг үймүүлсэн. Халагдсан минь Бурханы зөвт зан чанар над дээр ирсэн хэрэг байлаа. Ах эгч нартаа учруулсан тэр бүх хор хөнөөл, чуулганы ажилд учруулсан алдагдлыг бодоод би маш их харамсаж, буруутайгаа мэдэрч, завхралаа үнэхээр үзэн ядсан. Тэгээд ч би хатуу шүүлт, гэсгээлт амсаагүй бол биеэ тоосон, зөрүүд байдлаасаа болж өөрийгөө хэзээ ч мэдэхгүй, Бурханыг эсэргүүцсээр байх байсан болохоор Бурханд талархаж байсан.

Дараа нь Бурханы үгийн өөр нэг хэсгийг уншлаа: “Авьяас билигтэй хүмүүсийн бодол, үйлдэл, сэтгэлгээ ихэвчлэн үнэнээс зөрүүтэй байдаг ч тэд өөрсдөө үүнийг мэддэггүй. ‘Хэчнээн ухаантайг минь хараач; би ийм ухаалаг сонголт хийлээ! Ийм мэргэн шийдвэр! Та нарын хэн нь ч надтай эн зэрэгцэж чадахгүй!’ гэж тэд бодсоор байдаг. Тэгээд өөрсдөөрөө бахархаж, өөрсдийгөө үнэлэх байдалтайгаар үүрд амьдардаг. Зүрх сэтгэлээ тайван болгож, Бурхан өөрсдөөс нь юу хүсдэг, үнэн гэж юу болох, үнэний зарчим гэж юу болохыг тунгаан бодоход тэдэнд хэцүү байдаг. Үнэн рүү болон Бурханы үг рүү орох, үнэнийг хэрэгжүүлэх зарчмыг олж, ухаарах, үнэний бодит байдалд ороход хэцүү байдаг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүмүүс яг юуны дагуу амьдарч ирсэн тухай”). Хэрвээ бид амьдралд билиг авьяас, давуу талдаа найдвал илүү их биеэ тоож, өөртөө сэтгэл ханаж, үнэний зарчмыг эрж хайлгүй, тэдгээр зүйлийг үнэн гэж боддог гэдгийг Бурханы үг надад харуулсан. Би бага зэрэг чадвартай болохоор тайзны дизайн, чимэглэлийг надгүйгээр хийж чадахгүй гэж бодсон, гэтэл үнэндээ зарим нь ямар ч мэргэжлийн чадваргүй байж үүргээ үнэхээр сайн биелүүлж, тайзны чимэглэлийг бүр миний хийж чадахаас ч илүү сайн хийсэн. Би өөрийгөө мэдлэгтэй, чадвартай, сайхан санаа гаргадаг гэж бодсон ч юмны эх захыг алдагдуулж байж. Цаг хугацаа, хөлс хүч, мөнгө гарздаж, хийсэн зүйл минь хэрэг болохгүй, ихэвчлэн дахин хийх ёстой болдог байсан. Үнэний зарчмыг эрж хайлгүй билиг авьяас, давуу талдаа найдсанаар би Ариун Сүнсний ажилгүй болсон болохоор үүргээ сайн биелүүлж чадаагүй. Хэрвээ хүний зүрх сэтгэл зөв газраа байвал Бурхан тэднийг гэгээрүүлж, замчилна. Бурхан ямар ч хүний төсөөлж чадашгүй мэргэн ухааныг хайрладаг. Тэгж их бахархдаг авьяас билиг, чадвар минь үнэ цэнгүй байсныг би ухаарсан. Тэдгээрээр далимдуулах гэж оролдсон минь үнэхээр биеэ тоосон, ухаангүй хэрэг байсан юм. Энэ талаар бодоод маш их ичлээ. Тэгээд Бурханд хандан залбирч, “Би цаашид биеэ тоосон зан чанараараа амьдармааргүй байна. Үнэнийг тууштай эрэлхийлж, хэрэгжүүлж, үүргээ сайн биелүүлмээр байна” гэсэн юм.

Дараа нь шинэ итгэгчдийг услах үүрэг аваад бусадтай хамтран ажиллахдаа даруу төлөв байлаа. Асуудал гарах бүрд Бурханы хүслийг ухамсартайгаар эрж хайж, бусдын саналыг илүү их сонсдог болсон. Нэг өдөр багийн нэг ах надад, “Ах эгч нарыг усалж, дэмжих хэв маяг тань жаахан уян хатан биш, төдийлөн их үр нөлөөгүй байна. Та усалгаандаа хүн тус бүрийн сул тал дээр төвлөрвөл илүү дээр” гэлээ. Гэхдээ би тийм ч их үнэмшээгүй. Би бүх туршлагаа ашиглаж байгаа юм чинь юу гэж буруу юм хийж байх вэ дээ гэж санагдсан. Ахыг яг няцаах гэж байхдаа биеэ тоосон байдал минь дахин цухалзсан гэдгийг ухаараад, Бурханд чимээгүйхэн залбирч, дараа нь Бурханы үгийн ийм хэсэг санаанд орсон: “Бусад хүн зөрүүтэй санаа бодол хэлэх үед дур зоргоороо авирлахгүйн тулд чи юу хэрэгжүүлж болох вэ? Чи юун түрүүнд даруу төлөв хандлагатай байж, зөв гэж итгэдэг зүйлээ хойш тавьж, хүн бүрд нөхөрлөх боломж олгох ёстой. Өөрийн арга замыг зөв гэж итгэдэг байлаа ч гэсэн чи зүтгээд байх ёсгүй. Юуны өмнө энэ бол нэг төрлийн ахиц дэвшил; энэ нь үнэнийг эрж хайх, өөрийгөө үгүйсгэх, Бурханы хүслийг хангах хандлагыг харуулдаг. Ийм хандлагатай байхын зэрэгцээ өөрийн үзэл санааг баримтлахгүй болмогцоо чи залбирна. Чи өөрөө зөв бурууг мэддэггүй учраас юу хийх нь хамгийн зөв, хамгийн тохиромжтой болохыг Бурханаар илчлүүлж, хэлүүлдэг. Хүн бүр нөхөрлөлд нэгдэхэд Ариун Сүнс та бүхэнд гэгээрэл авчирдаг(Бурханы нөхөрлөл). Урьд нь би дэндүү их биеэ тоож, зөрүүдлээд, бусдыг боогдуулж, Бурханы гэрийн ажлыг үймүүлсэн. Би тийм маягаар хүмүүсийг боогдуулж, Бурханыг эсэргүүцээд байж болохгүй, харин бусад хүний саналыг сонсох ёстой гэдгээ мэдэж байлаа. Би эхлээд үүнийг хүлээн зөвшөөрч, захирагдаад, дараа нь Бурханы хүслийг эрж хайх ёстой. Энэ л Бурханы удирдамжийг хүлээн авах цорын ганц арга юм. Тийм болохоор тэр ахын хэлэхийг тэвчээртэйгээр сонсоод миний арга барилд үнэхээр сайжруулах зүйл байгааг ухаарсан. Ахын санал болгосон арга илүү уян хатан, хялбархан байлаа. Би үүнийг хэрэгжүүлээд, үнэхээр үр нөлөөтэй болохыг нь олж мэдсэн. Үүний дараагаас би ах эгч нарыг санал гаргах юм бол эсэргүүцэхээ больж, хүлээн авч, судалж, хэрэгжүүлэх илүү сайн зам олохын тулд бусадтай хэлэлцдэг болсон юм. Тийм төрлийн усалгаанаас их зүйл олж авсан гэдгээ дараа нь хүн бүр хэлж, би жинхэнэ амар амгаланг мэдэрсэн дээ. Энэ нь Бурханы удирдамж гэдгийг мэдэж байсан болохоор Бурханд л талархал, магтаалаа өргөж, бас үүргээ биеэ тоосон байдлаар биелүүлэхийн оронд үнэний зарчмыг хэрэгжүүлэхээс үүсэн гардаг Бурханы ерөөлийг мэдэрсэн.

Өмнөх: 65. Биеэ тоосон байдлыг зассанаар хүний төрхийг олох боломжтой

Дараах: 67. Хүний төрхийг бага ч болов амьдран харуулах мэдээж сайхан

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

60. Бурхан үнэхээр зөвт

Жан Линь, Япон2012 оны 9-р сард би Янь Жуо гэх удирдагчтай уулзах үедээ чуулганы ажлыг хариуцаж байлаа. Удирдагч айл дамжин сайн мэдээ...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих