Үнэнийг хэрхэн эрэлхийлэх вэ (16)
Гарал үүсэлд нь үндэслэсэн хүмүүсийн гурван ангилал
Бидний саяхны нөхөрлөлийн агуулга нь янз бүрийн төрлийн хүмүүсийг ялган таних–гарал үүсэлд нь үндэслэн тэдний өөр өөр ангилал, төрлийг ялгаж салгах, улмаар бодит амьдрал дээрх олон янзын илрэлээр нь дамжуулан янз бүрийн төрлийн хүмүүсийн мөн чанарыг ялган таних тухай байлаа. Янз бүрийн төрлийн хүмүүсийг ялган таньж сурах нь тэдэнд зөв хандах болон өөртөө зөв хандахад ашиг тустай, тийм биз дээ? (Тийм.) Эдгээр зүйлийн талаар нөхөрлөх нь Бурханд итгэгчдийн талаарх хүмүүсийн урьдын үзэл, төсөөллийг бас шийдвэрлэсэн биш гэж үү? Жишээ нь, олон хүн бүх итгэгчдийг ах, эгч гэж үздэг байв. Хэн нэгэн хүн чуулганд л байх юм бол, үүргээ гүйцэтгэхдээ урам зоригтой л байх юм бол, хэчнээн их муу зүйл хийсэн ч, хүн чанар нь хэчнээн аймшигтай байсан ч, эсвэл зан чанар нь хэчнээн биеэ тоосон, зальтай, ов мэхтэй байсан ч хамаагүй, энэ хүмүүс тэднийг ах эгч мэт үзэж, хайраар тусалдаг байсан. Ийм хүмүүс ялган таних чадвартай юу? (Үгүй.) Өнгөрсөн хэдэн жилийн усалгаа, тэжээлийн үр дүнд та нарын үзэл бодол нэлээд өөрчлөгдсөн, тийм биз дээ? (Тийм ээ.) Одоо үзэл бодол чинь өөрчлөгдсөн болохоор та нар янз бүрийн төрлийн хүмүүст хандахдаа харьцангуй зарчимч болсон биш үү? (Тийм.) Янз бүрийн төрлийн хүмүүст хандах та нарын үзэл бодол, хандлага урьдынхаас өөр болсон биш үү? (Тийм ээ, өөр болсон.) Эдгээр асуудлын талаар нөхөрлөхөөс өмнө хүмүүс янз бүрийн төрлийн хүмүүсийг ялган таних чадваргүй байсан бөгөөд хүн Бурханд итгэж л байх юм бол тэр сайн хүн, Бурханы гэрийн гишүүн гэж үзэж, мөн хүн чанар муутай хүмүүсийг ч гэсэн Бурханы аврахаар зорьдог хүмүүс гэж боддог байв. Одоо харахад тийм байна уу? (Үгүй.) Одоо бол тийм биш. Тэгвэл одоо харахад, сайн хүн олон байна уу, эсвэл муу хүн олон байна уу? (Муу хүн илүү олон гэж би бодож байна. Өмнө нь би олон хүнийг нэлээд сайн гэж хардаг байсан ч Бурханы нөхөрлөлөөр дамжуулан, мөн үүнийг янз бүрийн төрлийн хүмүүсийн илрэлтэй холбож үзэхэд муу хүн илүү олон байдаг гэж санагдаж байна.) Өмнө нь та нар сайндаа л илэрхий үл итгэгчид, завшааныг ашиглагчид, муу ёрын сүнснүүд, бузар сүнснүүд болон илт саад тотгор, үймээн учруулж чадах хүмүүсийг бага зэрэг ялган таньж, тэд бол сайн хүмүүс юм уу ах эгч нар биш гэдгийг мэддэг байсан. Одоо ийм нөхөрлөлөөр дамжуулан та нар тодорхой илрэлтэй хүмүүсийг ялган таньж чадахаас гадна үндсэндээ илчлэлт, илрэлд нь үндэслэн бүх хүнийг ялган таньж чаддаг болсон биш үү? (Тийм.) Тэгвэл ийм нөхөрлөлийн дараа хүмүүстэй дахин харилцах үед урьдынхаас өөр санагдаж байгаа биз дээ? (Бага зэрэг өөр байна. Одоо би хүмүүстэй харилцахдаа тэд хүн, амьтан, эсвэл диаволын хойд дүр эсэхийг тогтоохын тулд тэдний илчлэлт, мөн ямар нэг зүйлтэй тулгарах үедээ ямар үзэл бодол илэрхийлж байгааг нь ажиглахад анхаардаг болсон. Би хүмүүсийг мөн чанар, ангилалд нь үндэслэн ялган танихад анхаардаг болсон.) Энэ нь хүмүүсийг ялган таньж сурсан гэсэн үг. Тэгвэл өөрийгөө ялган таньж чадах уу? (Бага зэрэг.) Товчхондоо, энэ сэдвээр нөхөрлөх нь хүмүүсийг ялган танихад тустай. Энэ нь янз бүрийн төрлийн хүмүүсийн зан авир, үзэл бодлыг ялган таньж, энэ хүмүүсийн мөн чанарыг нэвт харахад чинь тусалж чадна. Ийм маягаар та нар янз бүрийн төрлийн хүмүүст зарчмын дагуу хандах бөгөөд зарим нэг онцгой хүмүүс, үйл явдал, зүйлстэй тулгарах үедээ үзэл, төсөөлөлдөө үндэслэн тэдэнд хандахгүй, мөн асуудлыг зохицуулах зарим үндсэн зарчмыг ойлгож авч чадна, улмаар мунхаг зүйл хийх чинь багасна. Жишээлбэл, өмнө нь хэвийн бус зан авиртай, эсвэл гажууд бодол, үзэл санаатай зарим хүнийг хараад та нар ийм хүмүүс хэв чанар муутай, ухамсарлах чадваргүй, эсвэл цөөн номлол сонссон, хэтэрхий нимгэн суурьтай болохоор тэднийг усалж, тэдэнд туслахын тулд илүү их хүчин чармайлт гаргах ёстой гэж боддог байсан байж магадгүй. Одоо нөхөрлөлөөр дамжуулан амьтны хойд дүр болон диаволын хойд дүр болсон хүмүүсийг ялган таних чадвартай болсноор та нар урьдын тэр мунхаг дадлаа орхиж, үр дүнгүй ажил хийхээ болино. Тэгвэл та нар хүмүүст үнэн-зарчмын дагуу хандаж чадах уу? (Бид бага зэрэг чадна.) Хэрэгжүүлэлтэд чинь гажилт гарах уу? (Хэрвээ би хүний мөн чанарыг үнэн зөв шүүж чадахгүй бол хэрэгжүүлэлтэд минь гажилт гарч магадгүй.) Ямар нөхцөл байдалд хэрэгжүүлэлтэд чинь гажилт гарах вэ? Хүний гадаад зан авир ихэнх хүний үзэлд ихэд нийцдэг–тэр төлөөс төлж, юмыг орхиж чаддаг, үргэлж зөв зүйл хэлж, байнга өглөг өгч, бусдад тусалдаг гэж бодъё–хүн чанарын хувьд энэ хүн сайхан сэтгэлтэйд тооцогдох боловч үүний зэрэгцээ тэр зүгээр л хэвийн биш бөгөөд байнга зарим нэг туйлширсан зан авир гаргаж, ер бусын илрэл харуулдаг бол чи ийм хүнийг ялган таньж чадах уу? Түүнд хэрхэн хандахыг чи мэдэх үү? (Өнгөрсөн удаагийн Бурханы нөхөрлөлөөс л би ийм хүн бол диаволын хойд дүрүүдийн нэг гэдгийг мэдсэн.) Чи түүний мөн чанарыг диаволын мөн чанар гэж тодорхойлж, энэ баримтыг нэвт харж чадах боловч өдөр тутмын амьдрал дахь илрэл болон одоогийн байдалд нь үндэслэн түүнд хандах тохиромжтой арга зам юу болохыг тодорхойлж чадах уу? Энэ нь хүмүүст хандах зарчмуудыг хамардаг. Тэгвэл ийм төрлийн хүнд хандах тохиромжтой арга зам юу вэ? Хэрвээ түүний амьдралын байдал нь үндсэндээ хэвийн, чуулганы ажилд үймээн учруулаагүй, бусдыг үймүүлээгүй бол түүнд зөв ханд–хэрвээ тэр үйлчлэл үзүүлж чадах бол түүгээр үйлчлэл хийлгэ; хэрвээ тэр чадахгүй бөгөөд бусдыг үймүүлсэн, мөн ихэнх хүн түүний илрэл, илчлэлтийг нэвт харж, мөн чанар нь диаволынх гэдгийг тодорхойлж чадвал түүнийг зайлуулж зохицуулахад оройтоогүй байна. Энэ нь зарчим биш гэж үү? (Мөн.) Энэ бол зарчим; чи зүрх сэтгэлдээ тодорхой ойлгох ёстой. Дараа нь түүнийг хэрхэн зохицуулахаас үл хамааран цаг хугацаа нь тохиромжтой байх ёстой. Чи түүнийг нэвт харсан боловч ихэнх хүн түүнтэй харилцах нь бүү хэл нэвт хараагүй гэж бодъё. Тэгэхэд чи үнэний талаар нөхөрлөж, түүнийг хэрхэн ялган танихыг тайлбарлахгүйгээр түүнийг шууд ангилж, зохицуулбал тэр нь хэтэрхий яаруу хэрэг болно. Мөн чанарыг нь нэвт харсныхаа дараа чи түүнийг зэвүүцэж эхлэн, улмаар засах боломж хайж, эсвэл үг, үйлдлээрээ, түүнчлэн үнэнийг нөхөрлөх үедээ үргэлж түүнийг онилдог гэж бодъё–ингэж үйлдэх нь сайн арга зам мөн үү? (Үгүй.) Яагаад үгүй гэж? (Учир нь хэрвээ бид түүнд ингэж хандвал ихэнх хүн юу болоод байгааг мэдэхгүй, тэр ч байтугай буруу ойлголттой болж магадгүй. Энэ хүний мөн чанар баримтаар дамжуулан илчлэгдэж, ил болгогдох ёстой бөгөөд хүмүүс түүнийг ялган таньдаг болсон үед л түүнийг ил болгож, задлан шинжилж, эсвэл засах нь тохиромжтой–тэгвэл хүн бүр ойлгоно. Хэрвээ энэ хүн үнэнийг эрэлхийлдэггүй боловч үймээн учруулдаггүй, мөн тодорхой хэмжээнд үйлчлэл үзүүлж чаддаг бол бид түүгээр үйлчлэл үзүүлүүлэх ёстой. Хэрвээ бид түүнийг үнэнийг эрэлхийлдэг хүн биш гэдгийг мэдсээр байж байнга засах юм бол энэ нь үүргээ гүйцэтгэхэд нь нөлөөлнө.) Тийм ээ. Тэгж үйлдэх нь зарчимгүй хэрэг. Диаволын хойд дүр болон амьтны хойд дүр болсон хүмүүст хандахдаа, урт хугацааны турш харилцаж, ажигласнаар дамжуулан чи тэдний мөн чанарыг нэвт харсан байлаа ч гэсэн бага зэрэг мэргэн ухаан ашиглаж, тэдэнд зарчмын дагуу хандах ёстой. Мэргэн ухаан ашиглах нь зүгээр боловч чи зарчмыг зөрчиж болохгүй. Ийм хүмүүст зарчмын дагуу хандахад олон нарийн ширийн зүйл ордог. Тэдгээрийн нэг нь, тэд үнэнд зэвүүцдэг, диаволын мөн чанартай хүмүүс гэдгийг чи тодорхой харсан байлаа ч гэсэн тэднийг засахын тулд тэднээс үргэлж өө хайж, гоочилж, эсвэл алхам тутамд нь ил болгож болохгүй. Тэд юу болоод байгааг мэдэхгүй; тэд юу ч ойлгохгүй бөгөөд чи яагаад тэднийг засаж, онилоод байгааг мэдэхгүй. Ингэх нь үүргээ гүйцэтгэхэд нь хүртэл нөлөөлнө. Бусдын нүдээр чиний хийж, хэлж байгаа зүйл буруу биш байлаа ч гэсэн ингэж үйлдэх нь ямар ч үр дүнд хүрэхгүйгээр үл барам, бүр сөрөг үр дагаварт хүргэдэг бөгөөд үнэн-зарчимд нийцдэггүй. Тиймээс чи ямар төрлийн хүнтэй харилцаж байгаагаас үл хамааран түүнд зарчмын дагуу, ялгаварлалгүй хандах ёстой; мэдрэмждээ үндэслэн бүү үйлд. Бага зэрэг мэргэн ухаан ашиглах нь зүгээр боловч чи түүнд зарчмын дагуу хандах ёстой. Ийм маягаар үйлдэх нь нэгдүгээрт, дэг журмыг баримталж, дүрмийг дагаж буй хэрэг бөгөөд саад тотгор учруулах магадлал багатай; хоёрдугаарт, энэ нь Бурханаас эмээдэг сэтгэлтэйг чинь, дураараа авирлаж муу үйл хийхгүй, өөрийн санаа зорилгын дагуу дур зоргоороо юм уу бодлогогүй үйлдэхгүй байгааг чинь бас нотолдог. Төрөл бүрийн хүнд хандахдаа чи зарчимтай байх ёстой. Тэд диавол, амьтан, эсвэл хүн байхаас үл хамааран чи тэдэнд зарчмын дагуу хандах ёстой. Чи ийм төрлийн хүмүүсийг ялган таньж, хүмүүст хандах зарчмыг ухаарч чаддаг байх ёстой. Энэ асуудал дээр чи гажууд ойлголттой байж болохгүй, тийм үү? (Тийм.) Саад болох ямар нэг зүйл бүү хий. Хэрвээ чи саад тотгор, үймээн учруулах зүйл хийвэл хэтэрхий тэнэг байна; энэ бол хүний хийх ёстой зүйл биш. Ойлгов уу? (Ойлголоо.)
Өмнө нь бид амьтны хойд дүр болон диаволын хойд дүр гэх хоёр өөр ангиллын хүмүүсийн мөн чанарын илрэлийн талаар нөхөрлөсөн. Энэ нь, бүх төрлийн хүмүүс хүний төрхтэй хэдий ч үнэнд хандах өөр өөр хандлагаар нь дамжуулан тэдний мөн чанар болон ангиллын ялгааг ялган таньж болно гэдгийг харахад хүмүүст тусалсан. Хүний гадаад төрх ямар байхаас үл хамааран–магадгүй хүн тэгш сайхан царай зүстэй, нэлээд боловсон, сайхан сэтгэлтэй харагддаг, эсвэл боловсролтой, хүмүүжилтэй, байр суурьтай, намбатай, тэр ч байтугай нэр төртэй, нэлээд агуу, эгэл жирийн хүн биш мэт харагддаг байж болох ч эдгээрийн аль нь ч мөн чанарыг нь тодорхойлох үндэс биш юм. Түүний гадаад төрх ямар байх, өндөр, нам, тарган, туранхай байх, арьсны өнгө нь ямар байх, амьдрал нь элбэг хангалуун, эсвэл ядуу зүдүү байхаас үл хамааран эдгээрийн аль нь ч мөн чанар нь үнэндээ юу болохыг харуулж чадахгүй. Хүний мөн чанарыг тодорхойлохдоо хүний уламжлалт соёлын стандарт, эсвэл ёс суртахууны зан үйлийн талаарх үг хэллэгт үндэслэж болохгүй, мөн түүхэн туршид хүмүүсийн нэгтгэн дүгнэсэн алдартай хүмүүсийн уриа үг, алдартай хэлц үг, эсвэл эрх баригч намуудын төөрөлдүүлсэн мэдэгдэлд ч үндэслэж болохгүй. Тэгвэл юунд үндэслэх ёстой вэ? Хүмүүс Бурханы үгийг, Бурханы илэрхийлсэн үнэнийг, хүмүүст тавих Бурханы шаардлагыг янз бүрийн төрлийн хүмүүсийн мөн чанарыг шүүж, тогтоох үндэс болгон ашиглах ёстой. Хүмүүсийг гадаад төрх, билиг авьяас, эсвэл ойлгож авсан мэдлэгт нь үндэслэж яавч болохгүй, мэдээж хүний байр суурь, эсвэл нийгэмд болон хүмүүсийн дунд гүйцэтгэдэг үүрэг рольд нь үндэслэн шүүж болохгүй. Хүмүүсийг шүүх ийм арга зам бүгд буруу. Хүмүүсийг Бурханы үгэнд үндэслэн шүүх ёстой; Бурханы үг л үнэн. Нэг талаар, энэ нь үнэнд үндэслэх ёстой; нөгөө талаар, энэ нь хүний үнэнд хандах хандлага болон үнэнийг ухамсарлаж чадах эсэхэд үндэслэх ёстой. Үнэнд үндэслэн хүний мөн чанарыг ялган таньж, ангиллыг нь тодорхойлох нь хамгийн үнэн зөв юм. Энэ нь гарцаагүй ямар ч алдаагүй байх болно.
Хүнээс хойд дүр олсон хүмүүсийн шинж чанар
I. Мөс чанар, эрүүл ухаантай байх
Амьтнаас хойд дүр олсон болон диаволоос хойд дүр олсон гэсэн тэр хоёр төрлийн хүний илрэлийн талаар нөхөрлөсний дараа бид жинхэнэ хүмүүсээс хойд дүр олсон хүмүүсийн илрэлийн талаар нөхөрлөх ёстой. Одоо бид хамгийн чухал хэсэгтээ хүрлээ. Амьтнаас хойд дүр олсон хүмүүс үүнийг харуулах тодорхой илрэл, онцлог шинжтэй байдаг, диаволоос хойд дүр олсон хүмүүс ч мөн адил. Тэгвэл хүнээс хойд дүр олсон хүмүүс ч бас харгалзах илрэл, онцлог шинжтэй байдаг уу? (Тийм.) Энэ нь гарцаагүй. Жинхэнэ хүмүүст байдаг хүн чанарын зарим үндсэн илрэл, онцлог шинжийг бид дурдсан. Өнөөдөр бид хүнээс хойд дүр олсон хүмүүсийн тодорхой илрэл, онцлог шинжийн талаар нөхөрлөнө. Энэ төрлийн хүний ангилал нь хүн гэдгийг харгалзан үзээд албан ёсоор нөхөрлөхөөсөө өмнө хүн байхын үндсэн онцлог шинж юу болохыг эхлээд бодоцгооё. Эсвэл олон жилийн турш хүмүүстэй харилцаж, холбогдохдоо хүн гэсэн ангилалд багтдаг энэ төрлийн хүнээс чи ямар онцлог шинжийг ажигласан бэ? Тэдний илрэл юу вэ? Алив хэл дээ. (Хүн гэсэн ангилалд багтдаг энэ төрлийн хүн мөс чанар, эрүүл ухаантай байдаг. Жишээлбэл, хэрвээ тэд буруу зүйл хийвэл, эсвэл хэн нэгнийг гомдоовол, эсвэл үнэнийг зөрчсөн зүйл хийвэл мөс чанартаа зэмлүүлдэг.) (Энэ төрлийн хүн ядаж л үнэнийг ухамсарлаж чаддаг, эерэг зүйлийг хайрлаж, сөрөг зүйлийг жигшдэг. Түүний мөс чанар, эрүүл ухаан эрүүл байдаг.) Үнэнийг ухамсарлаж чаддаг байх нь харьцангуй өндөр стандарт юм. Үнэнтэй тулгарахаасаа өмнө энэ төрлийн хүнд хүн чанарын ямар онцлог шинж байдаг вэ? Түүний үйлдэл, үг яриа, биеэ авч явах байдал болон ертөнцтэй харилцдаг онцлог шинж юу вэ? Тэрээр хэвийн хүн чанарын ямар илрэл, илчлэлт харуулдаг вэ? Өөрөөр хэлбэл, тэрээр хүмүүстэй харилцаж, холбогдохдоо бусдад эерэг хүн гэдгээ харуулах ямар илрэл гаргадаг вэ? (Тэр харьцангуй ухаалаг, сайхан сэтгэлтэй, бусдыг хуурах юм уу хорлох зүйл хийдэггүй, бусдад хор хөнөөл учруулах санаа зорилгогүй байдаг.) Та нарын бодож олж чадах зүйл бол хүн чанарт харьцангуй нийцдэг эдгээр эерэг илрэл бөгөөд энэ нь хүмүүсийн оюун ухаан дахь сайн хүний илрэл юм. Сайхан сэтгэлтэй байх, бусдыг хуурахгүй эсвэл хорлохгүй байх, хэлсэн үгэндээ хүрдэг байх, хариуцлагын мэдрэмжтэй байх, бусадтай эвтэй байж чаддаг байх, эерэг зүйлийг хүсэн эрмэлзэж, сөрөг зүйлийг жигших–эдгээр нь бүгд хүн чанарын зарим эерэг илрэл юм. Өөр байна уу? (Бас сүнслэг ойлголттой байх–Бурханы үгийг ойлгож чаддаг байх.) Сүнслэг ойлголттой байх нь бидний одоо ярилцаж байгаа хүн чанартай холбоогүй. Бид хүн чанартай хүмүүсийн, хэрэг явдлыг зохицуулах талаарх янз бүрийн үзэл бодол, түүнчлэн биеэ зөв авч явах болон бусдад хандах хандлагын мөн чанарын илрэл, биеэ авч явах, үйлдэл хийх тэдний зарчим, наад захын стандарт гэх мэт зүйлсийн тухай голчлон ярьж байна. Хүмүүсийн харж, сурч авч болох хүн чанарын эерэг илрэл цөөхөн байдаг. Хүн төрөлхтний дунд биеэ хэрхэн зөв авч явахаа ойлгодог хүн үнэхээр ховор бололтой. Олон хүн биеэ зөв авч явахдаа бүтэлгүйтсэн гэж хэлдэгт гайхах юмгүй. Кино, телевизийн нэвтрүүлгийн жүжигчид эерэг дүрийг хэрхэн бүтээдгийг хар даа–ямар нэг хэрэг явдал дээр тодорхой үзэл бодол, илрэл, эсвэл хандлагыг илэрхийлэх тухайд жүжигчид хэрхэн жүжиглэх, эсвэл үүнийг хэрхэн илэрхийлэхээ мэддэггүй, энэ талаарх ойлголт нь хоосон байдаг. Хэрвээ тэднээс танхай этгээд, дээрэмчин, мафийн толгойлогч, биеэ үнэлэгч, садар эмэгтэй, эсвэл алдартай юм уу агуу хүний дүрд тоглуулахыг хүсвэл тэд маш сайн жүжиглэж, энэ хүмүүсийн дохио зангаа, үг яриа, үйлдэл бүрийг, бүр ганц харцыг нь ч туйлын тодорхой, ойлгомжтой харуулж чаддаг. Зарим үзэгч тэднийг сөрөг дүрд тоглохыг харсныхаа дараа үнэхээр кинон дээрх тэр муу хүн мөн гэж эндүүрч, тэдэнтэй таарвал цохихыг хүснэ. Зарим нь бүр тэдэн рүү нулимна. Тэд дүрээ ямар тодорхой бүтээснийг, тэр муу хүнийг үнэхээр амилуулсныг хар даа. Тэгвэл сайн хүний дүрд тоглох тухайд ямар байдаг вэ? Хүмүүс тэдний жүжиглэлтээс урам зориг авч, хүн чанартай хүн ямар байдгийг мэдэж чадах уу? Тийм жүжигчин үнэндээ байдаггүй. Хүн чанартай хүн ямар байдаг тухайд хүн төрөлхтөн юу ч мэддэггүй. Кино зохиолчид, найруулагчид юу ч мэддэггүйгээр үл барам, үзэгчид ч бас юу ч мэддэггүй–хүн чанартай байх гэдэг нь ямар утгатай болохыг хэн ч ойлгодоггүй. Тиймдээ ч кино, телевизийн нэвтрүүлгүүдэд үүнийг туйлын хий хоосон байдлаар харуулдаг. Жишээлбэл, нэг жүжигчин Коммунист Намын гишүүний дүрд тоглож, үхэхийнхээ өмнөхөн нүдээ аних үед үзэгчид “Тэр лав хараахан үхээгүй, намын татвараа төлөөгүй шүү дээ!” гэж хэлдэг. Тэгтэл нэг секунд ч хүрэхгүй хугацааны дараа тэр нүдээ нээж, чичирсээр халааснаасаа хэдэн зоос гаргаж ирээд, “Энэ бол миний намын татвар. Би Намд өртэй байж болохгүй. Нам санаа амар байг. Би нөгөө ертөнцөд очсон ч Намдаа үнэнч байж, үхэн үхтлээ гуйвшгүй байх болно!” гэж хэлдэг. Тэгээд л тэр амьсгал хураадаг. Кино, телевизийн нэвтрүүлгүүдэд хүн чанартай хүнийг ингэж л дүрсэлдэг. Үзэгчдийн нүдээр бол энэ нь үнэндээ туйлын хий хоосон юм. Бодит амьдрал дээр ийм хүмүүс байдаггүй бөгөөд хүмүүс үүнд хүрэх маш хэцүү байдаг. Тиймээс хүн төрөлхтөн жинхэнэ хүн чанар гэж юу болохыг ерөөсөө ойлгодоггүй бөгөөд стандартыг нь тодорхойлоход тэдэнд маш хэцүү байдаг. Нэг бол стандартыг нь хэт өндөр тогтоож, туйлын хий хоосон болгодог, аль эсвэл хүмүүс юу ч ойлгохгүй, дур зоргоороо тогтоодог. Үнэндээ жинхэнэ хүнд байдаг хүн чанар маш энгийн. Хэр энгийн бэ? Энэ нь чиний хүрч чадах, олж авч чадах зүйл юм. Хүрч чадах гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь маш бодит, маш жинхэнэ, маш объектив оршдог, огтхон ч хий хоосон биш гэсэн үг юм. Энэ нь маш объектив, бодит учраас хүмүүс үүнийг маш эгэл жирийн, дурдахад зохисгүй гэж боддог, хүн төрөлхтөн эдгээр илрэлийг харуулах ёстой гэж бүр ч боддоггүй. Энэ хүн төрөлхтөн сүрлэг, эрхэмсэг, сэтгэл хөдөлгөм зүйлсийг дэмждэг. Олон хүн жинхэнэ хүн чанарын илрэлтэй байдаггүйгээр үл барам, хэвийн хүн чанарын илрэл маш бодит, маш эгэл жирийн, маш түгээмэл байдаг учраас тэдгээрийг жигшиж, оронд нь мэдлэгийг эрэлхийлж, дээдэлдэг. Ийм маягаар, нийгэм даяар жинхэнэ хүний илрэлийг жигшиж, дорд үздэг ёрын муу чиг хандлага бий болсон. Үнэхээр хүн чанартай хүн хүртэл биеэ ингэж авч явах нь жинхэнэ хүн, эсвэл хүн чанартай хүн байх явдал гэж боддоггүй. Харин ч тэд нийгмийн ёрын муу чиг хандлагаар дэмжигддэг, эрхэмсэг, ер бусын гэгддэг хүмүүс болохоор эрж хайдаг. Энэ нь хүн чанартай зарим хүнд байдаг хүн чанар-мөн чанарыг няцааж, далдалдаг. Энд буй “далдалдаг” гэдэг нь юу гэсэн үг вэ? Хэн ч чамайг хүн чанартай хүн гэж үздэггүй гэсэн үг. Чи юу ч хийсэн бай, бусад хүн чамайг гадуурхаж, дорд үздэг бөгөөд хүмүүсийн дунд авьяас чадвараа ашиглах газар, үг хэлэх газар, давуу талаа гаргах боломж чамд байхгүй гэсэн үг юм. “Няцаах” гэдэг нь чиний хэвийн хүн чанар завхарсан хүн төрөлхтний дунд дурдахад ч зохисгүй гэсэн үг юм. Хүн чанартай байх нь тэдний дэмждэг зүйл биш. Тэд юуг дэмждэг вэ? Тэд олонхыг аялдан дагах, зальжин байх, зусардаж, тал засах, худал хэлж, хууран мэхлэх, дотор муухайрам нялуун, эсвэл чин сэтгэлийн бус юу ч хэлж чаддаг байхыг дэмждэг. Үнэнийг хэлэх нь чамайг энэ нийгэмд хааш нь ч хүргэхгүй. Хүн чанар чинь хэчнээн сайн байсан ч энэ нийгэм үүнийг дэмждэггүй бөгөөд няцаах болно. Хэрвээ чи зарим эерэг, шударга, зүй ёсны зүйл, эсвэл мөс чанартай үг хэлбэл, хэрвээ зөв байр сууринаас зарим нэг ухаалаг зүйл хэлбэл тэд чамайг гадуурхаж, няцааж, дорд үзнэ. Зарим хүн чамайг шоолж, дооглож, доромжилж, дараа нь бүх ёрын муу хүч, эрх мэдлийг цуглуулан чам руу дайрч давшилж, чамайг гадуурхаж, эцэст нь чамайг нүүр хийх газаргүй болгож, өөрийгөө няцаахад хүргэнэ. Эцэст нь чи “Би тааруухан хүн, нийгмийн чиг хандлагад ч, энэ хүмүүст ч дасан зохицож чаддаггүй. Би хэрхэн явуулга хийхийг мэдэхгүй, арга мэх, заль зохиож чадахгүй учраас энэ хүмүүсийн дунд амьд үлдэхэд маш хэцүү” гэж бодно. Чи өөрийгөө ихэд дорд үзэж, энэ хүмүүстэй нэгдэж чадахгүй мэт санагдаж эхэлдэг. Үнэндээ чи тэдний ертөнцийн гүн ухаан, хэрэг явдлыг зохицуулах арга барил, арга зам, амьд үлдэх арга замд нь уусан ижилсэж чаддаггүй. Энэхүү ёрын муу чиг хандлага болон энэ ёрын муу хүмүүст няцаагдсаныхаа дараа чи өөрийнхөө хүн чанарыг няцааж, дараа нь тэдэнд дасан зохицох, тэднийг дагах, нийгэмд нэгдэх, энэ ёрын муу хүмүүстэй нэгдэх, энэ ёрын муу чиг хандлагатай нэгдэхийн тулд боломжтой бүх аргаар оролддог. Бусад хүн арга мэх, явуулга, заль ашиглаж байгааг чи дуурайхаар оролддог бөгөөд бусад хүн зусар үг, нялуун үг, чин сэтгэлийн бус үг хэлдгийг ч дуурайхаар оролддог. Гэхдээ чи эдгээр зүйлийг дуурайх гэж хэчнээн хичээж, хэчнээн их хүчин чармайлт гаргасан ч эцсийн эцэст эдгээр нь чиний хэлэхийг хүсдэг үг, хийхийг хүсдэг зүйл биш гэдгийг мэдэрдэг. Чиний хэлсэн үг бүр жинхэнэ мэдрэмжийн чинь эсрэгээр байдаг бөгөөд хийсэн зүйл бүр чинь мөс чанартаа зэмлүүлэхэд хүргэдэг; чи үүнийг хэлэх юм уу хийх ёсгүй гэдгээ мэдэрдэг. Чи өдөр бүр баг зүүж ингэж амьдардаг. Хэдийгээр зан авир, үг яриа, эсвэл зарим бодол, үзэл санааны хувьд чи энэ ёрын муу чиг хандлагатай нэгдэж, энэ завхарсан хүн төрөлхтөнд ууссан мэт санагдах боловч сэтгэлийнхээ гүнд чи шаналж, дарамтад орж, дургүйцдэг. Ийм амьдралын туршлагатай болсныхоо дараа чи зүй ёсны, шударга хандлага, эерэг зүйл, гэрлийг хүсэн эрмэлзэж эхэлдэг. Тэгвэл ийм хүн бусад хүмүүс болон ёрын муу чиг хандлагын дунд ийм мэдрэмжтэй, ийм туршлагатай болох боломжийг олгодог хүн чанарын ямар онцлог шинжтэй байдаг вэ? Үнэндээ энэ нь маш энгийн: Хүн мөс чанар, эрүүл ухааны хүн чанар-мөн чанартай байх үедээ хүмүүсийн дунд амьдрахдаа ийм туршлага хуримтлуулах болно.
Мөс чанар, эрүүл ухаан бол хүн чанартай хүмүүст байх ёстой хамгийн үндсэн хоёр зүйл юм. Хэдийгээр энэ хоёр зүйлийн талаар олон дахин ярилцсан ч эдгээр нь хүмүүсийн хувьд туйлын чухал, бас аливаа хүний ангилал хүн мөн эсэхийг үнэлэх хамгийн чухал шалгуур юм. Мөс чанар гэж чухамдаа юуг хэлдэг вэ? Мөс чанар бол хүний зүрх сэтгэлд бий болдог чадавх бөгөөд энэ нь хүмүүст тодорхой шаардлага тавьдаг, голчлон биеэ авч явах зарчим болон биеэ авч явах наад захын стандартаар илэрдэг гэж Би өмнө нь хэлсэн. Тодруулбал, хүний биеэ авч явах итгэл үнэмшил, биеэ авч явах болон ертөнцтэй харилцах зарчим, хүн чанарынх нь илчлэлт түүнийг мөс чанартай эсэхийг нотолж чадна. Дөнгөж сая Намайг мөс чанар гэж яг юуг хэлдгийг асуухад та нар хариулж чадаагүй. Та нар зөвхөн өөрсдийнхөө гүн гүнзгий үнэн гэж үздэг зүйлст л анхаардаг боловч ийм төрлийн үнэний тухайд та нар эдгээрийг хэтэрхий жижиг, хэтэрхий жирийн, дурдахын ч хэрэггүй хэтэрхий ач холбогдолгүй гэж боддог учраас зүгээр л анхаардаггүй, нухацтай авч үздэггүй. Хэрвээ хүн мөс чанартай бол хүн чанар нь хоёр онцлог шинжтэй гэсэн үг: Нэг нь шулуун шударга байдал, нөгөө нь сайхан сэтгэл. Хүний сайхан сэтгэлтэй эсэхийг нь чи гадаад төрхөөс нь мэдэж чадахгүй байж болох ч хэрвээ хүн сайхан сэтгэлтэй бол чи түүнтэй харилцмагцаа л мэдэх болно. Хүн шулуун шударга эсэхийг үнэлэх үндэс юу вэ? Энэ нь түүний биеэ авч явах болон ертөнцтэй харилцах зарчим юм. Хэрвээ тэр биеэ авч явах болон ертөнцтэй харилцахдаа хуудуутай, ов мэхтэй, дотуур тамиртай, хашир суусан, башир аргатай, ойлгохын аргагүй байвал энэ хүн гарцаагүй шулуун шударга биш. Хэрвээ түүний биеэ авч явах болон ертөнцтэй харилцах арга барил маш энгийн, маш шулуухан, маш ний нуугүй байвал, хэрвээ тэр бусадтай маш илэн далангүй ярьдаг, хүмүүстэй харилцахдаа шударга бус, ов мэхтэй байдал гаргадаггүй, худал хуурмаггүйгээр ярьж, үйлддэг–харыг хар, цагааныг цагаан гэж нэрлэж, ийм зүйлсийг маш тодорхой ялгаж салгадаг–эерэг зүйлсийг баримталж чаддаг, ёрын муу хүчинд буулт хийдэггүй бол энэ хүн нэлээд шулуун шударга юм. Хэрвээ хүн шулуун шударга, бас сайхан сэтгэлтэй бол энэ хүн мөс чанартай, хүн чанарын наад захын онцлог шинжийг эзэмшсэн байдаг. Хүн чанарын өөр нэг онцлог шинж бол эрүүл ухаан юм. Эрүүл ухаан нь бидний бас л байнга ярилцдаг нэр томьёо, сэдэв боловч эрүүл ухаан гэж юу болохыг хэн ч, хэзээ ч тодорхой тодорхойлж байгаагүй. Эрүүл ухаанд юу багтдаг, ямар илрэлүүд нь эрүүл ухаантайн илрэл болдог вэ–та нар энэ талаар тодорхой ойлголттой юу? Ихэнх хүн тийм ч тодорхой ойлгодоггүй; энэ талын ойлголт нь харьцангуй бүрхэг хэвээр байдаг. Тэгвэл эрүүл ухаантай байна гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь зөв байр суурь баримтлахын зэрэгцээ хэлэх ёстойгоо хэлж, хийх ёстойгоо хийж чаддаг байхыг хэлнэ; энэ бол эрүүл ухаантай байгаа хэрэг юм. Хэрвээ чи хүн чанартай хүн бол чиний үг, үйлдэл хэмжээ хязгаартай байна. Одоогийн нөхцөл байдалд, өөрийнхөө ялгамж чанар, байр сууринд үндэслэн ямар үг хэлэх ёстой, ямар зүйл хийх ёстой, эдгээр үгийг хэлэхдээ ямар байр суурьтай байх ёстой, тодорхой нэг хэрэг явдлыг илэрхийлэхэд ямар ярианы хэв маяг ашиглах ёстойгоо чи мэдэх болно. Эдгээр зүйл дээр чи зүрх сэтгэлдээ стандарт, хэмжээ хязгаартай байх болно. Өөрөөр хэлбэл, чиний эрүүл ухаан үг яриа, зан авирыг чинь зохицуулж, үг яриа, зан авирыг чинь зохистой болгож чадна, ингэснээр гаднаа чи ухаалаг, хэмжээ хязгаартай харагдаж, үг, үйлдэл чинь яг тохирсон, хүмүүсийг босгон байгуулж чадахуйц байгааг бусад хүн харах болно. Чиний хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл хэв чанар, боловсролын түвшин, эсвэл насанд чинь бүрэн тохиромжтой эсэхээс үл хамааран, ядаж л чи зүрх сэтгэлдээ хил хязгаартай, өөрийгөө хянах стандарттай байх бөгөөд энэ нь чамд ухаалаг байдлаар ярьж, үйлдэх боломжийг олгоно. Эрүүл ухаантай байна гэж энийг хэлнэ. Эрүүл ухаантай хүн баян эсвэл ядуу, байр суурьтай эсвэл байр суурьгүй хэнтэй ч нүүр тулсан ямар ч нөхцөл байдалд түүний үг, үйлдэл сэтгэл санаа нь сайн, муу байгаа эсэхээр хазаарлагдаггүй, мөн хэрэг явдал өөрт нь ашигтай эсэхийг ч бодолцдоггүй; түүний зүрх сэтгэл үргэлж эрээ цээртэй, үүнийг зохицуулах үүрэгтэй стандарт юм уу хил хязгаартай байдаг. Тэр санаатайгаар гажууд санаа чалчихгүй, үндэслэлгүйгээр төвөг удах ч үгүй. Тэр заримдаа уурлаж, дотроо маш их бухимдаж, үгийн сонголт нь төдийлөн оновчтой биш байсан ч гэсэн түүний хэлсэн зүйл гажууд санаа, эсвэл төөрөгдөл болдоггүй; харин ч тэдгээр нь зохимжтой, үндэслэлтэй байдаг. “Үндэслэлтэй” гэж юу гэсэн үг вэ? Түүний хэлсэн зүйл үнэнд нийцэх албагүй байлаа ч гэсэн ихэнх хүний нүдээр энэ “үндэслэл” нь баттай байж чадна; энэ нь ерөнхийдөө зөв гэж хүлээн зөвшөөрөгддөг, хэн ч үүнийг эсэргүүцдэггүй гэсэн үг юм. Ийм хүн бол эрүүл ухаантай хүн.
Мөс чанар, эрүүл ухаан гэх энэ хоёр талыг хоёуланг нь тодорхой тайлбарлалаа. Хүн чанартай байхын гол илрэлүүд бол энэ хоёр юм: Нэг нь мөс чанартай байх, нөгөө нь эрүүл ухаантай байх. Надад хэл дээ, энэ хоёр тал хий хоосон уу, үгүй юу? (Хий хоосон биш.) Эдгээр нь маш бодитой биш гэж үү? (Тийм.) Эдгээр нь маш бодитой бөгөөд хий хоосон биш. Тэгвэл хүн төрөлхтөн яагаад эдгээрийг дэмждэггүй юм бэ? Учир нь мөс чанартай хүн шулуун шударга байдалтай, сайхан сэтгэлтэй байдаг бөгөөд ёрын муу чиг хандлагын дунд болон ёрын муу, завхарсан хүн төрөлхтний дунд шулуун шударга, сайхан сэтгэлтэй хүмүүс зэвүүцмээр, түүнчлэн туйлын өчүүхэн гэж тооцогдож, хүн бүрд дорд үзэгддэг. Хэрвээ чи шулуун шударга, сайхан сэтгэлтэй хүн бол тэд үнэндээ чамайг бүр байцааж, “Шулуун шударга, сайхан сэтгэлтэй байх чинь ямар хэрэгтэй юм бэ? Чи мэдлэгтэй юу? Нийгмийн байр суурьтай юу? Нийгэмд чи алдартай, эрх мэдэлтэй юу?” гэх болно. Чи: “Би ямар ч алдар нэр, эрх мэдэлгүй; би зүгээр л бага зэрэг шулуун шударга, сайхан сэтгэлтэй хүн” гэж хэлнэ. Хүмүүс бүгд чамайг шоолж, жигшин голно. Тэдний нүдээр бол мөс чанартай байгаа чинь, шулуун шударга, сайхан сэтгэлтэй байгаа чинь хөрөнгө биш–мэдлэг, байр суурь, алдар нэр, эсвэл эрх мэдэлгүйгээр чи нийгэмд хаа ч хүрэхгүй. Тэд: “Чи мөс чанартай, гэхдээ мөс чанар хэр үнэ цэнтэй вэ? Чи юу хийж чадах юм бэ? Чи явуулга, арга мэх ашиглаж, эсвэл хүмүүсийг мэхэлж чадах уу? Чи хүмүүсийн зүрх сэтгэлийг татаж, тэдний тааллыг олж чадах уу?” гэдэг. Чи эдгээрийн алийг нь ч хийж чадахгүй. Хэрвээ чи мөс чанартай бол, хэрвээ чи хүн чанарын хоёр тал болох шулуун шударга байдал, сайхан сэтгэлтэй бол нийгмийн ёрын муу чиг хандлагад байдаг тэр зүйлсийг сонирхохгүй, эдгээр чиг хандлагыг дагахгүй тул нийгэмд хөлөө олохгүй бөгөөд хүмүүст гадуурхагдана. Тэд яагаад чамайг гадуурхах вэ? Учир нь ихэнх хүн ёрын муу чиг хандлагыг хүндэлдэг бөгөөд ёрын муу чиг хандлага нийгэмд зонхилох чиг хандлага болсон байдаг–хэрвээ чи мөс чанарынхаа дагуу үйлдэж, аливааг явдлыг шударгаар зохицуулбал бусад хүн чамайг нийгэмтэйгээ зохицохгүй хүн гэж үзээд гадуурхах болно. Хэрвээ чи чуулганд мөс чанартаа найдаж, үг, үйлдэлдээ үнэн-зарчмыг баримталж чаддаг, ёрын муу хүмүүсийг ил болгож, задлан шинжилж зүрхэлдэг бол диаволд харьяалагддаг тэр хүмүүс хөл алдаж, илчлэгдэх болно; тэдний явуулга, арга мэх, түүнчлэн үнэнийг үзэн яддаг сатанлаг уг чанар нь бүрэн ил болно. Тиймээс диаволд харьяалагддаг энэ хүмүүс чуулганд үнэн-зарчмыг баримталдаг хүмүүс байхаас ихэд айдаг. Тэд үнэнийг ойлгодог хүнийг харах болгондоо гадуурхаж, дардаг бөгөөд үнэнийг ойлгодог хүмүүс өндийн босож өөрсдийг нь ил болгон, илчлэгдэж, таягдан хаягдахад хүргэнэ гэхээс маш их айдаг. Тэд ингэж үйлдэхдээ сатанлаг уг чанартаа хөтлөгддөг. Диаволд харьяалагддаг хүмүүс Бурханы гэрт бат зогсож чаддаггүйн учир нь чухамдаа Бурханы гэрт үнэн эрх мэдлийг барьдаг, Бурхан эрх мэдлийг барьдагтай холбоотой. Харин үл итгэгч ертөнцөд өөр байдаг. Энэ ертөнцөд бурхангүй үзэл болон ёрын муу чиг хандлага ноёлдог учраас хүн чанартай хүмүүс ёрын муу чиг хандлагын дунд болон ёрын муу, завхарсан хүн төрөлхтний дунд хөлөө олж чаддаггүй. Харин хэрцгий арга барилтай, дотуур тамиртай, зальтай хүмүүс ихэвчлэн удирдагчид, онцгой хүмүүс, хүмүүсийн дунд элит гэгддэг хүмүүс байдаг. Хүн чанартай хүн хэв чанар, билиг авьяас, давуу тал, эсвэл авьяас чадвараасаа үл хамааран гадуурхагддаг бөгөөд урагшлах боломж олддоггүй. Тэрээр хэдэн шударга үг хэлэх юм уу хэрэг явдлыг шударгаар зохицуулах л юм бол тэр ёрын муу хүмүүс, диаволууд түүнийг тарчлаана. Тиймээс диаволд харьяалагддаг энэхүү ёрын муу хүн төрөлхтөн мөс чанарыг үл тоомсорлодог; хүн чанартай хүмүүс л мөс чанартай байдаг. Эрүүл ухааны хувьд гэвэл, эрүүл ухаантайн илрэл нь хүнд юу ч тохиолдсон бай, тухайн хүн үүнд ухаалгаар хандаж, шударгаар ярьж, үйлдэж чаддаг ба мэдрэмжийнхээ дагуу, эсвэл алдар нэр, байр суурийнхаа дагуу үйлдэхгүй, бусдыг албадаж, хазаарлахгүй. Тэрээр хэрэг явдалд ухаалгаар хандаж чаддаг: Зөв бол зөв, буруу бол буруу; үнэн бол үнэн, худал бол худал. Тэр аливааг шударгаар үнэлж, зарчмын дагуу шударгаар хийдэг бөгөөд хүн чанарын ёс суртахууны хил хязгаарыг давдаггүй. Энэ бол эрүүл ухаантайн илрэл юм. Мөс чанар, эрүүл ухаан гэх энэ хоёр зүйл нийгэмд тэсдэггүй, ялангуяа ёрын муу улс орнуудад болон ёрын муу чиг хандлагын дунд бүр ч тэсдэггүй, байх боломжгүй байдаг. Гэсэн хэдий ч мөс чанар, эрүүл ухаан бол яг үнэндээ хэвийн хүн чанарт байдаг хоёр том онцлог бөгөөд хүн төрөлхтөнд байх ёстой онцлог шинжүүд юм. Чи энэ хоёр онцлог шинжийг эзэмшсэн үедээ л жинхэнэ хүн болно. Хэрвээ чи мөс чанар, хүн чанартай хүн бол, нэг талаар, биеэ авч явахдаа тун зарчимч байж, хүмүүст харьцангуй шударга хандаж чадна. Хэн нэгэнтэй харилцах харилцаа ямар байхаас, эсвэл тэр чамайг гомдоосон эсэхээс үл хамааран чи түүнд зөв хандаж, түүнийг обьектив байдлаар үнэлж чадна. Энэ бол хүн чанарын онцлог шинж болох шулуун шударга байдал юм. Үүнээс гадна, хэрвээ чи хүн чанарын өөр нэг онцлог шинж болох сайхан сэтгэлийг эзэмшсэн бол хүмүүстэй харилцах, эсвэл ямар нэг зүйл хийх үедээ тодорхой хил хязгаартай байх болно, энэ нь мөс чанарынхаа эсрэг ярих юм уу үйлдэхийг чинь хориглож чадна. Жишээлбэл, ёрын муу хүмүүс үргэлж гажууд үг хэлж, гажууд санаа чалчдаг, хар цагааныг урвуулж, баримтыг гуйвуулдаг. Тэд өөрсдөд нь халтай, эсвэл өөрсдийг нь гомдоосон, онилсон хэнд ч өс санаж, түүнийг тарчлааж, өшөө авах боломж олохын тулд бүхий л аргыг сүвэгчилдэг. Гэхдээ хүн чанартай хүний хувьд, тэрээр мөс чанарын нэг хэсэг болох шулуун шударга байдал, сайхан сэтгэлтэй байдаг учраас хэн нэгэн түүнийг хорлож, мэхлэхэд хариугаа авч, өшөө авахыг хүсэн, түргэн зангаараа “Би түүнийг голдоо ортол үзэн ядаж байна!” гэх мэт хатуу үг хэлж магадгүй ч гэсэн өшөө авах жинхэнэ боломж гарч ирэх үед зүрх сэтгэл нь зөөлөрч, буулт хийдэг; тэр үүнийг хийж зүрхэлдэггүй, түүний зүрх нь хүрдэггүй. Тэгээд хэсэг хугацааны дараа энэхүү үзэн ядалтыг тээхээ больдог. Сайхан сэтгэлтэй хүн ийм байдаг. Хэрвээ хэн нэгэн хүн чамайг мэхэлж, эсвэл хорлосон бол, мөн чамд өшөө авах боломж олдож, дайсан чинь шийтгэл, залхаан цээрлүүлэлт амсахыг харах боломж олдвол чи арга хэмжээ авч, түүнээс хариугаа авах зүйл хийж чадах уу? Чи дургүйцэж байх үедээ “Би гарцаагүй түүнд хариуг нь барина даа! Тэр туйлын аймшигтай, хэрцгий юм!” гэж хэлж магадгүй. Гэхдээ өшөө авах боломж үнэхээр гарч ирэх үед чи үүнийг хийж чадахгүй. Чи: “Мартаж үз, тэр үеэс хойш нэлээд удаан хугацаа өнгөрлөө. Ингээд орхиё” гэж хэлнэ. Чи үүнийг эцэс төгсгөлгүй хөөцөлдөхгүй, дайснаа шийтгэл амсах юм уу муу төгсгөлтэй болохыг нь харах гэж зүтгэхгүй. Чи зүрх сэтгэлдээ үргэлж үзэн ядалт тээж амьдрахгүй; хэсэг хугацааны дараа үзэн ядалт сарнина. Энэ бол сайхан сэтгэлтэйн илрэл юм. Сайхан сэтгэл бол хүн мөс чанартай байхын онцлог илрэл, бас хүн гэсэн ангилалд багтдагийн ч онцлог шинж юм. Мэдээж, зарим хүний нүдээр сайхан сэтгэл бол сул тал. Зарим үл итгэгч чамайг ноён нуруугүй гэж бодож, бүр чамайг шахаж, “Чи хэрцгий, хүйтэн сэтгэлтэй байх хэрэгтэй. Өшөө авах боломж гарч ирэх үед чи шүдийг шүдээр сольж, дайснаа өөрөө буулган авч, өөрийн гараар алах ёстой” гэж хэлж магадгүй. Гэхдээ чи “Хэрвээ би дайснаа өөрийн гараар албал муу зүйл хийх биш үү? Түүний амьд байгаа нь надад нөлөөлөхгүй; зүгээр л түүний хийсэн нэг зүйл хэрээс хэтэрч, намайг гомдоосон, гэхдээ тэр бүхэн өнгөрсөн” гэж бодолхийлдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр чи түүнийг үзэн ядахаа больсноо мэдэрдэг. Зарим хүн чамайг хэтэрхий хулчгар, хангалттай хэрцгий биш гэж хэлдэг. Чи өөрөө ч бас гайхдаг: “Би яагаад хэрцгий байж чаддаггүй юм бэ? Би яагаад дайснууддаа үргэлж өршөөнгүй хандаж, өс санаж чаддаггүй юм бэ?” Зарим хүний нүдээр сайхан сэтгэлтэй байх нь хүн чанарын сул тал юм. Гэвч үнэн хэрэгтээ энэ нь хүн чанарын онцлог шинж мөн биз дээ? (Тийм.)
II. Зөв бурууг ялгаж, юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх
Хүн чанарын онцлог шинжийн хоёр чухал бүрэлдэхүүн хэсэг болох мөс чанар, эрүүл ухааны талаар бид илүү дэлгэрэнгүй ярихгүй. Хамгийн амархан орхигдуулдаг, эсвэл хүмүүсийн огт мэддэггүй өөр хоёр, хамгийн тодорхой талын тухай ярилцъя. Хэрвээ бид нэг хүнийг хүн чанарын мөс чанар, эрүүл ухаантай гэж л хэлэх юм бол энэ нь хүмүүст харьцангуй ерөнхий санагдах бөгөөд тухайн хүн үнэхээр мөс чанар, эрүүл ухаантай гэдгийг харуулах ямар зүйл хийсэн, эсвэл ямар илрэл гаргасныг тогтооход маш хэцүү, тэр үнэхээр хэвийн хүн чанартай эсэхийг үнэлэхэд хэцүү байх болно. Тиймээс бид мөс чанар, эрүүл ухааны тодорхой илрэлийн өнцгөөс биш, харин өөр хоёр талын өнцгөөс нөхөрлөнө. Өөрөөр хэлбэл, хэрвээ хүн хүн чанар-мөн чанартай бол нэг талаар, тэр зөв бурууг ялгаж чадна, түүнчлэн юу нь зөв, юу нь буруу болохыг ч мэднэ. Хэн нэгэн хүн энэ хоёр талыг эзэмшсэн эсэх нь мөс чанар, эрүүл ухаантай эсэхийг нь харуулахад хангалттай юм. Энэ нь хэн нэгний хүн чанар мөс чанар, эрүүл ухаантай эсэхийг задлан шинжлэх илүү тодорхой арга зам юм. Хүн зөв бурууг ялгаж, юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх–энэ хоёр талыг эзэмшсэн үедээ л хүн чанарын мөс чанар, эрүүл ухаантай гэдгээ үнэхээр харуулдаг. Хэрвээ тэр энэ хоёр талыг эзэмшээгүй бол мөс чанар, эрүүл ухаантай гэсэн түүний мэдэгдэл худал бөгөөд баримттай нийцдэггүй. Эхлээд зөв бурууг ялгаж чаддаг байхыг харцгаая. “Ялгах” гэдэг нь ойлгох, мэдэх, ухамсарлах, ухан ойлгохыг хэлнэ. “Зөв буруу” гэж юу гэсэн үг вэ? Зөв буруу гэдэг нь эерэг зүйлс болон сөрөг зүйлсийг хэлдэг. Тэгвэл юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх гэдэг нь юу гэсэн үг вэ? Жишээлбэл, “Хүн төрөлхтөн Бурханаар бүтээгдсэн.” Энэ мэдэгдэл зөв үү, буруу юу? (Зөв.) “Хүн төрөлхтөн сармагчнаас үүссэн.” Энэ мэдэгдэл зөв үү, буруу юу? (Буруу.) Хэрвээ чи ямар үзэл бодол зөв, ямар нь буруу болохыг ялгаж, шүүж чаддаг бол юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэж байгаа хэрэг юм. Диаволууд: “Хүн төрөлхтөн сармагчнаас үүссэн” гэж хэлдэг. Үүнийг сонсоод чи: “Энэ буруу. Хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн” гэж хэлдэг. Тэгвэл энэ хэрэг дээр чи мунгинаагүй бөгөөд юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэж байна. Тэгвэл зөв, буруу, үнэн, худлын хооронд ялгаа байна уу? (Тийм.) “Бурхан бүх хүн төрөлхтний хувь заяаг захирдаг.” Энэ мэдэгдэл зөв үү, буруу юу? (Зөв.) “Хүн төрөлхтөн өөрийнхөө хувь заяаг хянадаг.” Энэ мэдэгдэл зөв үү, буруу юу? (Буруу.) “Хүн хэр удаан амьдрах нь өөртөө анхаарч, эрүүл саруул байхаас хамаарна.” Энэ мэдэгдэл зөв үү, буруу юу? (Буруу.) “Хүний амьдрах хугацааг Бурхан тогтоодог.” Зөв үү, буруу юу? (Зөв.) Одоо чи юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдлээ, тийм биз дээ? (Тийм.) Тэгвэл зөв бурууг ялгах гэдгийг харцгаая. Бид сая “зөв буруу” гэдэг нь юуг хэлдэг гэсэн бэ? (Эерэг зүйлс болон сөрөг зүйлсийг.) Жишээлбэл, үнэнч шударга хүн байх–энэ эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Эерэг зүйл.) Тэгвэл “Амьдрал мөнгөн дээр тогтдог” гэвэл ямар вэ? (Энэ бол сөрөг зүйл.) Хэн өөр жишээ хэлж чадах вэ? (Хүмүүс Бурханыг шүтэн мөргөх нь тун жам ёсны, үндэслэлтэй. Энэ бол эерэг зүйл.) Тэгвэл хүж асааж, Буддаг шүтэх нь ямар вэ? (Энэ бол сөрөг зүйл.) Аливааг хийхдээ үнэнийг эрж хайх. (Энэ бол эерэг зүйл.) Юу ч хийсэн өөрийнхөө хүслийг дагаж, өрөөсгөл шийдвэр гаргах. (Энэ бол сөрөг зүйл.) Ямар зүйл эерэг, ямар нь сөрөг болохыг чи мэддэг, мөн ямар үзэл бодол зөв, ямар нь буруу болохыг шүүж чаддаг–үүнийг зөв бурууг ялгаж чаддаг байх, юу нь зөв, юу нь буруу болохыг мэдэх гэж нэрлэдэг. Ийм мэдлэг, ойлголттой байж, зүрх сэтгэлдээ эдгээр зүйлийг ялгах чадвартай байх–энэ нь хүн чанарын шинж чанартай хүн гэдгийг чинь илтгэдэг. Зөв бурууг ялгаж чаддаг байх, юу нь зөв, юу нь буруу болохыг мэддэг байх гэдэг нь хүний хүн чанар зарим эерэг, сөрөг зүйлийг ялгаж таних төрөлхийн чадвартай байдаг гэсэн үг юм. Үүнээс гадна, зарим зүйл зөв үү, буруу юу гэдгийг зүрх сэтгэлдээ ухамсарлаж, мэдэрдэг. Үнэнийг сонсоогүй, эсвэл үнэнийг ойлгоогүй байсан ч гэсэн хүний хүн чанар ийм төрлийн ялган таних чадвартай байдаг. Тэр үүнийг тодорхой илэрхийлж чадахгүй байлаа ч гэсэн ямар зүйл эерэг, ямар нь сөрөг болохыг зүрх сэтгэлдээ мэддэг, сөрөг зүйлс буруу гэдгийг мэддэг. Хэрвээ хүн бас зүрх сэтгэлдээ жигших мэдрэмжтэй байж, эдгээр зүйлийг голж, дагахгүй байж чадвал энэ нь бүр ч сайн. Тэд үнэнийг ойлгохгүй байх үедээ, эерэг болон сөрөг зүйлсийг маш тодорхой ялгаж чаддаггүй байлаа ч гэсэн зүрх сэтгэлдээ эерэг болон сөрөг зүйлийг өөр өөрөөр мэдэрч, өөр өөрөөр ханддаг. Жишээлбэл, нийгэм дэх зарим ёрын муу чиг хандлагын тухайд, хүн чанартай хүмүүс эдгээр ёрын муу чиг хандлагыг харах үедээ зүрх сэтгэлийнхээ гүнд жигшдэг. Тэд эдгээр зүйл нь зөв зам биш, эерэг зүйл биш, хүмүүсийн эрэлхийлэх юм уу хийх ёстой зүйл биш гэдгийг мэдэрдэг. Энэхүү нийгмийн орчинд амьдардаг хүний хувьд ёрын муу чиг хандлагыг дагахаас өөр сонголт тэдэнд байдаггүй хэдий ч зүрх сэтгэлийнхээ гүнд тэд эдгээрийг зэвүүцдэг. Тэдгээрийг зэвүүцэхийн зэрэгцээ бас энэ орчноос зугтах боломж бүрийг хайдаг, эсвэл үүнээс зайлсхийж, эдгээр ёрын муу чиг хандлагыг голох бүхий л аргыг сүвэгчилдэг.
А. Зөв бурууг ялгах
Зөв бурууг ялгах нь хүний хувьд маш чухал юм. Нэгэнт зөв ба буруу нь эерэг зүйлс болон сөрөг зүйлсийг хамардаг тул та нарынхаар ямар зүйлс эерэг, ямар зүйлс сөрөг вэ? (Бурханд итгэх, Бурханыг дагах, Бурханд шүтэн мөргөх, Бурханыг дуулгавартай дагах, түүнчлэн үүргээ гүйцэтгэх, үнэнч шударга хүн байх–эдгээр нь бүгд эерэг зүйл. Худал хэлж, хууран мэхлэх, Бурханыг эсэргүүцэх, Бурханы эсрэг тэрслэх, Бурханаас урвах–эдгээр нь сөрөг зүйл.) (Эерэг зүйлс нь голчлон Бурханаас ирдэг, үнэнд нийцдэг. Жишээлбэл, Бурханы ажлаар хүрсэн янз бүрийн үр дүн, түүнчлэн Бурханы зан чанар, мөн чанарын талаарх хүмүүсийн жинхэнэ мэдлэг нь бүгд эерэг зүйл бөгөөд бүгд үнэнд нийцдэг.) Эерэг зүйлсийг маш хий хоосон, эсвэл маш өндөр дээд гэж бүү бод. Үнэн хэрэгтээ эерэг зүйлс гэдэг нь хүмүүст ашиг тустай янз бүрийн эерэг, зөв хүмүүс, үйл явдал, зүйлс юм. Хүмүүст ашиг тустай, хэвийн амьдралд нь хор хөнөөлгүй аливаа зүйл бол эерэг зүйл мөн. Жишээлбэл, байгалийн хууль нь эерэг зүйлс мөн үү? (Мөн.) Бурханы үг бүгд үнэн бөгөөд бүгд эерэг зүйл; үнэнтэй холбоотой ямар ч зүйл эерэг зүйл юм. Бурхан хүн төрөлхтнийг амь, үнэнээр хангах явдал, түүнчлэн хүн төрөлхтнийг удирдаж, аврах Бурханы ажлын агуулга нь үнэнтэй холбоотой эерэг зүйлс юм. Бурханы хүмүүст тавьдаг бүх шаардлага, Бурханы үг бүр, янз бүрийн үнэний хэрэгжүүлэлтийн зарчим–эдгээр нь бүгд эерэг зүйл. Хүн төрөлхтнийг удирдах Бурханы ажлаас гадна хүний оршин тогтнолд ашиг тустай, хүмүүст хор хөнөөлгүй өөр олон эерэг зүйл бий. Та нар тэдгээрийг харж чадах уу? Та нар тэдгээрийг таньж чадах уу? Та нар тэдгээрийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хүлээн авч, сайшааж чадах уу? Та нар тэдгээртэй нийцэж, дасан зохицож, дагаж чадах уу? Жишээлбэл, дөрвөн улирлын зүй тогтол нь эерэг зүйл мөн үү? (Мөн.) Хавар дулаарч, цэцэг дэлгэрч, бүх зүйл ургаж, сэргэж, мөс, цас хайлдаг. Энэ эерэг зүйл мөн үү? (Мөн.) Зун нар хурцаар ээж, цацраг нь төөнөж, бүх зүйл хурдацтай ургаж, нарны гэрэлд дулаацдаг. Энэ эерэг зүйл мөн үү? (Мөн.) Намар аагим халуун аажмаар цэлмэг тэнгэр, цэнгэг агаараар солигддог; янз бүрийн ургамал аажмаар боловсорч, үр жимс ургуулж, ургац өгдөг. Энэ эерэг зүйл мөн үү? (Мөн.) Өвөл температур буурч, цаг агаар аажмаар хүйтэрч, заримдаа цас ордог. Хэдийгээр бусад улирал шиг тааламжтай, тав тухтай, эсвэл эрх чөлөөтэй биш боловч өвөл бүх зүйл эрч хүчээ нөөж чаддаг, хүн төрөлхтөн ч бас амарч, тэнхэрдэг. Тэгвэл энэ зүй тогтол эерэг зүйл мөн үү? (Мөн.) Нар мандахад болжмор шулганаж, эртэч шувууд жиргэн, өглөө болж, босох цаг болсныг, амьдралын төлөө, амин зуулгынхаа төлөө, хүн төрөлхтний тасралтгүй оршин тогтнолын төлөө хөдөлмөрлөж эхлэх ёстойг нь хүмүүст сануулдаг. Энэ эерэг зүйл мөн үү? (Мөн.) Хүн төрөлхтөн эртэч шувууд, болжморын дуунаар босож, нэг өдрийн хөдөлмөрөө эхлүүлдэг. Энэ бол эерэг зүйл. Шөнө янз бүрийн шавж, амьтад өөрсдийн зүй тогтлын дагуу төрөл бүрийн үйл ажиллагаа явуулдаг–зарим нь идэш тэжээл хайхаар гарч ирж, зарим нь дуугарч эхэлдэг. Энэ үед хүн төрөлхтөн чимээгүй болж, унтаж амардаг. Хүмүүс хүрэлзгэний жиргээ, янз бүрийн амьтдын дуу чимээ болон тэдний шөнийн үйл ажиллагааг сонсонгоо зүүдний ертөнцөд умбаж, маш сайхан, аз жаргалтай, амар тайван унтдаг. Энэ эерэг зүйл мөн үү? (Мөн.) Хүмүүсийн хувьд эдгээр эерэг зүйл нь бүгд байнга тохиолддог зүйлс юм. Чи тэдгээрийн янз бүрийн тэмдэг, дохиог хүлээн авч чадна, амьдралд чинь авчирдаг ашиг тусыг, түүнчлэн амьдрах явцад чинь авчирдаг янз бүрийн өөрчлөлт, нөлөөллийг ч мэдэрч чадна. Хэрвээ чи эргэн тойрон дахь янз бүрийн эерэг зүйлийн оршин тогтнолд зөв хариу үйлдэл үзүүлж, зөвөөр ухамсарладаг бол, мөн эдгээр эерэг зүйлд зөв арга замаар ханддаг бол энэ нь зөв буруугийн талаар тодорхой хэмжээний ойлголттой хүн гэдгийг чинь, Бурханы бүтээсэн бүх зүйлээс бүрдсэн амьдрах орчинд уриалагхан, мэдрэмтгий, гярхай гэдгийг чинь, эргэн тойрныхоо энэ бүх зүйлд, эсвэл амьдралд чинь хань болдогт талархах зүрх сэтгэлтэй гэдгийг чинь харуулдаг. Энэ нь чи Бурханы оршин тогтнол болон Түүний бүтээсэн бүх зүйл үгүйсгэхийн аргагүй бодитой гэдгийг мэдэрч, бүх зүйлийн чамд өгөх ашиг тус, янз бүрээр чамд үзүүлэх нөлөөг мэдэрч чаддагийг чинь харуулдаг. Хэрвээ чи ийм мэдээлэл хүлээн авч, ийм мэдрэмжтэй байж чадвал зөв бурууг ялгаж чаддаг, хүн чанартай хүн мөн. Чи эерэг зүйлсийг зөвөөр ухамсарлаж, тэдгээрт дасан зохицож, тэдгээрийг даган мөрдөж, зэрэгцэн оршиж чадна. Чи эдгээр зүйлд зэвүүцдэггүй төдийгүй, харин ч Бурханд итгэж, зарим үнэнийг ойлгодог учраас энэ бүх эерэг зүйл Бурханаас, Бүтээгчээс ирдэг гэдэгт бүр ч их үнэмшиж, эдгээр эерэг зүйлийн оршин тогтнолд илүү их талархаж чадна. Үүнтэй уялдан чи зүрх сэтгэлдээ сөрөг зүйлсийг зэвүүцэж, жигшдэг. Тэгвэл ямар зүйлс сөрөг вэ? (Байгаль орчныг бохирдуулах, хэтрүүлэн олборлох.) Байгаль орчныг сүйтгэж, бохирдуулах, замбараагүй мод огтлох, хэтрүүлэн олборлож, ашиглах–эдгээр нь бүгд сөрөг зүйл. Үүнээс гадна, өөр ямар зүйлсийг та нар сөрөг гэж мэдэрч, зүрх сэтгэлдээ илт жигшдэг вэ? Хүн төрөлхтөн үргэлж байгалийг эзэгнэхийг хүсдэг–энэ нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Сөрөг зүйл.) Жишээлбэл, зарим газарт байнга хар салхи дэгддэг тул зарим хүн “Энэ хар салхи хаа сайгүй тоос шороо босгож, байшин барилга, тариалангийн талбайг сүйтгэдэг. Бид хар салхийг хаах хана барихын тулд чадах бүхнээ хийж, хүний технологи дэвшилттэй, хүний чадавх улам хүчирхэг болсон гэдгийг харуулах ёстой” гэж үргэлж бодолхийлдэг. Энэ эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Сөрөг зүйл.) Үүнийг сонсоод та нарын зүрх сэтгэлд ямар санагдаж байна вэ? (Хүмүүс өөрсдийнхөө чадварыг хэтрүүлэн үнэлдэг юм шиг санагдаж байна.) Яг тийм. Зарим газар өргөн уудам бэлчээртэй байдаг тул зарим хүн: “Малчид тал нутагт нүүдэллэн амьдарч, бүтэн жилийн турш олигтой хоол бараг иддэггүй. Жилийн хагаст нь тэд үргэлж хээр гадаа байж, тал нутагт үхэр, хонь хариулдаг. Энэ хэцүү өдрүүд хэзээ дуусах вэ? Бид малчдын амьдралыг сайжруулж, тал хээр, бэлчээрийг барилга байгууламж, хот болгох арга замыг олох ёстой, тэгвэл малчид цаашид мал хариулж амьдрах шаардлагагүй болно. Тэгээд тэд илүү сайхан амьдралыг эдэлж, улс орон, засгийн газарт талархах болно” гэж хэлдэг. Энэ эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Сөрөг зүйл.) Ингэх нь сөрөг зүйл гэдгийг та нар мэдэрч чадаж байна уу? Тал нутгийг барилга байгууламж, хот болгон өөрчлөх–энэ бол эндүү ташаа бодол, үзэл санаа юм; энэ үйлдэл туйлын утгагүй! Та нар энэ асуудлыг нэвт харж чаддаггүй, тийм үү? Та нар “Энэ бол засгийн газрын хэрэг, бид юу ч хийж чадахгүй” гэж боддог бөгөөд энэ талаар юу ч мэдэрдэггүй. Мөн хүн төрөлхтөн сансар огторгуйн судалгааг үргэлжлүүлэн хөгжүүлж, сар луу явж, Ангараг, Бархасбадь гаргийг судлахыг үргэлж хүсдэг. Тэд бүр нарыг ч судлахыг хүсдэг боловч нарны температур хэт өндөр учраас тийшээ явж чаддаггүй. Тиймээс тэд Дэлхийн татах хүчийг давж, сар, Ангараг руу нисэхийн тулд сансрын хөлөг бүтээдэг. Энэ эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Сөрөг зүйл.) Энэ бол сөрөг зүйл. Тэгвэл шинжлэх ухаантай холбоотой эерэг зүйл байдаг уу? Эерэг бөгөөд Бурханы бүтээсэн бүх зүйлийн байгалийн хуульд нийцдэг ямар нэгэн мэдэгдэл байна уу? (Компьютер гэх мэт шинжлэх ухааны аргаар зохион бүтээж, үйлдвэрлэсэн зарим хэрэгсэл нь бидний ажлын үр ашгийг дээшлүүлж чаддаг. Эдгээр нь эерэг зүйл.) Эдгээр нь эерэг ч биш, сөрөг ч биш. Тэдгээр нь зүгээр л хэрэгсэл юм. Тэдгээр нь тодорхой нэг бодол, онол, эсвэл үзэл баримтлалыг хамардаггүй. Бидний ярьж байгаа эерэг болон сөрөг зүйлс нь аливаа зүйлийн мөн чанар, үндэс суурийг, түүнчлэн хүн төрөлхтний явуулж буй шинжлэх ухааны янз бүрийн судалгааны төслийн цаад сэдлийг хамардаг. Эдгээрт үндэслэн бид ямар нэг зүйл эерэг үү, эсвэл сөрөг үү гэдгийг тодорхойлдог. Тэгвэл өөр ямар сөрөг зүйлс байна вэ? (Одоогоор хүн төрөлхтөн бүх зүйлийн өсөлтийн хуулийг дагадаггүй, харин эдгээр байгалийн хуулийг өөрчлөхийн тулд шинжлэх ухааны арга хэрэгсэл ашигладаг. Жишээлбэл, тахиаг даавартай тэжээлээр тэжээж, гуч хоногийн дотор зах зээлд гаргахад бэлэн болгодог, улирлын бус хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалдаг. Шинжлэх ухаан, технологи хөгжсөн мэт санагдах боловч энэ нь бүх зүйлийн өсөлтийн хуулийг зөрчиж байгаа бөгөөд хүмүүсийн хоол хүнсний шуналыг хангах зорилготой юм. Энэ бол сөрөг зүйл.) Энэ бол сөрөг зүйл. Зарим хүн бар, арсланг номхотгохыг хүсдэг. Тэд бар сүрдмээр харагддагийг–барын эвшээх нь хүртэл хүмүүсийг айлгаж зугтаалгадгийг хардаг учраас тэднийг номхотгож, дараа нь соёог нь сугалан, хашаандаа тэжээж, барыг нохой шиг байшинг нь манадаг болгохыг хүсдэг. Энэ эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Сөрөг зүйл.) Энэ бол сөрөг зүйл. Махан биеийн таашаалыг эрэлхийлж, шинжлэх ухааны янз бүрийн арга хэрэгсэл ашиглан, байгалийн хуулийг зөрчин хүмүүсийн хийдэг бүхэн, тэдний зохион бүтээдэг янз бүрийн зүйл нь бүгд эерэг зүйл биш, харин сөрөг зүйл юм, учир нь тэдгээрийн хүн төрөлхтөнд учруулах хор хөнөөл нь хэтэрхий их бөгөөд хүний амьдрах орчинд учруулах хохирол нь хэтэрхий ноцтой байдаг. Жишээлбэл, зарим газар туйлын хуурай байдаг тул засгийн газар бороо оруулахын тулд онгоц ашиглан үүл рүү химийн бодис цацдаг. Энэ эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Сөрөг зүйл.) Зарим газар хэт их бороо орж, үер буудаг тул засгийн газар бороог хянахын тулд онгоц илгээн үүлийг сарниулдаг. Энэ нь байгалийн хуулийг зөрчиж, сүйтгэж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Байгалийн хуулийг сүйтгэх, байгалийн хуулийг зөрчих, байгалийн хуульд нийцэхгүй байх, дур зоргоороо аашлах, хүний дэвшилтэт технологийг гайхуулах–эдгээр нь сөрөг зүйл. Эдгээрээс гадна өөр ямар сөрөг зүйлс байна вэ? Биологийн бодис болон генийн өөрчлөлтийн талаар судалгаа хийх нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Сөрөг зүйл.) Генийн шинжлэх ухааны судалгаанаас үүдэн хүмүүс генийн өөрчлөлттэй хүнс илүү их идэх боломжтой болсон. Тэгвэл генийн өөрчлөлттэй хүнс нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Сөрөг зүйл.) Та нар яагаад сөрөг гэж хэлж байна вэ? Зарим хүн: “Энэ бол илүү олон хүнийг хангалттай идэх хоолтой болгож, өлсгөхгүй байх зорилготой шинжлэх ухааны ололт амжилт юм. Түүгээр ч барахгүй хүмүүс хэдэн арван жилийн турш генийн өөрчлөлттэй хүнс идэж, өндөр, биерхүү болж байна–ялангуяа өнөөгийн залуус өмнөх үеийнхнээсээ өндөр болсон. Энэ бүхэн нь шинжлэх ухааны хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмрийн ач юм. Генийн өөрчлөлттэй хүнс хүмүүст ийм их ашиг тус авчирдаг байтал яагаад сөрөг зүйл гэж хэлдэг юм бэ?” гэдэг. Та нар үүнийг тайлбарлаж чадах уу? (Хэдийгээр хүмүүс одоо илүү өндөр болсон ч бие хаа нь улам дордож, илүү олон өвчин тусаж байна–энэ бүхэн нь хүмүүс шинжлэх ухааны аргаар боловсруулсан тэр зүйлсийг идсэнээс болж байгаа юм. Тиймээс тэдгээр нь сөрөг зүйл мөн.) Өнгөн дээрээ генийн өөрчлөлттэй хүнс хүмүүст ашиг тустай мэт санагдаж–хүмүүс илүү өндөр, биерхүү болдог боловч бие хаа нь муудсан. Ерөнхийдөө тэдгээр нь хүмүүст сөрөг нөлөө үзүүлж, ашиг тус болохоосоо илүү хор хөнөөл учруулдаг. Хүмүүс ашигтай, эсвэл хортой гэж үзэхээс үл хамааран тэдгээр нь сөрөг зүйл бөгөөд яавч эерэг зүйлс биш, учир нь тэдгээр нь Бурханы бүтээсэн байгалийн хуулийг зөрчиж, Бурханы бүтээсэн янз бүрийн анхдагч амьд зүйлсийн хүний биед гүйцэтгэх чиг үүргийг зөрчдөг. Хүмүүст үзүүлэх үр нөлөө нь эхэндээ мэдрэгдэхгүй байж болох ч хорин жилийн дараа сөрөг үр дагавар нь илэрхий болдог: Олон хүн элдэв янзын хачин өвчин тусаж, бүр нөхөн үржихүйд нь ч нөлөөлдөг. Энэ нь ийм хүнс эерэг зүйл биш гэдгийг нотлоход хангалттай юм. Хэдийгээр хүний өнцгөөс харвал генийн өөрчлөлттэй хүнс нь технологийн бүтээгдэхүүн, шинжлэх ухааны хүн төрөлхтөнд оруулсан хувь нэмэр боловч эерэг болон сөрөг зүйлсийн өнцгөөс харвал энэ нь яавч эерэг зүйл биш.
Хүн төрөлхтөн үргэлж сарыг судалж, бусад гараг хүн амьдрахад тохиромжтой эсэхийг судлахаар оролддог. Шинжлэх ухааны энэ судалгаа, энэ үзэл бодол нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Сөрөг зүйл.) Яагаад сөрөг зүйл вэ? (Бурхан хүмүүсийг Дэлхий дээр амьдруулахаар бүтээсэн; Тэр хэзээ ч биднийг өөр гараг дээр амьдруулахаар зориогүй. Хүмүүс үргэлж амбицтай байж, хаа сайгүй явахыг хүсдэг. Эцэстээ энэ нь хүчин чармайлтаа дэмий үрж байгаа хэрэг бөгөөд тэд хаашаа ч явж чадахгүй.) Хүмүүсийн өнцгөөс харвал эдгээр зүйлийг судлах нь нэлээд хэвийн; энэ нь хүн төрөлхтний ирээдүйн амьдрах нөхцөлийг бүтээж буй хэрэг бөгөөд сайн зүйл юм. Бурханы Дэлхий дээр тогтоосон олон чиг үүрэг сүйрсэн; янз бүрийн гамшиг байнга тохиолдож, Дэлхийн амьдрах орчин сүйдэж, агаар, ус, хөрс бүгд ноцтой бохирдож, бүх төрлийн амьд амьтан мөхөх аюулд ороод байна. Дэлхий дээр амьдрахад хэцүү болсон. Иймээс шинжлэх ухааны зарим судалгааны байгууллага өөр гарагуудыг судалж эхэлсэн ба хүн төрөлхтөн өөр гараг руу явж, тэнд суурьшиж чадна гэж найддаг. Хүн төрөлхтний үр удмыг амьд үлдээхийн тулд хүмүүс урьдчилан бэлтгэх ёстой–хэрвээ одоо бэлтгэхгүй, ирээдүйд хүн төрөлхтөн Дэлхий дээр оршин тогтнож чадахгүй бол хүн төрөлхтөн гарах гарцгүй болох биш үү гэж тэд боддог. Тэгвэл энэ үзэл бодол, шинжлэх ухааны энэ судалгаа эцсийн дүндээ сөрөг зүйл үү, эсвэл эерэг зүйл үү? (Сөрөг зүйл.) Юунд үндэслэн та нар үүнийг сөрөг зүйл гэж хэлж байна вэ? (Бурхан зүгээр л өөр гарагууд дээр хүмүүст таатай нөхцөлийг бэлтгээгүй гэдэг үндэслэлээр. Өөр гарагуудыг бүү хэл Дэлхий дээрх маш халуун, маш хүйтэн газрууд ч хүн амьдрахад тохиромжгүй байдаг. Гэвч хүмүүс үргэлж амбицтай байж, Бурханы дээд эрх, Бурханы зохион байгуулалтаас ангижирч, өөр гараг дээр очиж амьдрахыг үргэлж хүсдэг–энэ нь Бурханы зохицуулалт, тогтоолын эсрэг байдаг. Тийм учраас энэ бол сөрөг зүйл.) Бурхан хүмүүст зориулан Дэлхийг буюу амьдрах гайхалтай орчныг бүтээсэн боловч хүмүүс үүнийг сайн эзэгнэдэггүй. Тэд үргэлж шинжлэх ухаан, орчин үеийн аж үйлдвэрийг хөгжүүлж байдаг, үүний үр дүнд тэд Дэлхийн экологийн орчныг сүйтгэж, агаар, ус, тэр ч бүү хэл газар нутгийг бохирдуулсан. Хүмүүс органик үр тариа, хүнсний ногоо хэрэглэх боломжгүй болж, янз бүрийн өвчин тусдаг. Дэлхий дээр оршин тогтноход хэцүү болсон бөгөөд одоо тэд мөнх бус махан бие нь тийшээ очиж чадах эсэхийг ч бодолцохгүйгээр өөр гараг руу явах талаар бодож байна. Мөнх бус махан биетэй оршихуй болох хүмүүс зөвхөн Дэлхий дээр суурьшихад тохиромжтой, зөвхөн Дэлхий дээр л суурьшиж чадна. Энэ бол Бурханы тогтоосон зүйл юм. Хүмүүс гагцхүү өөрсдийн янз бүрийн төрөлх нөхцөл байдалд найдаад ернь хаашаа явж чадах юм бэ? Шувууд далавчаа дэвэн хэдэн мянган метрийн өндөрт нисэж чаддаг ч хүмүүс өөрсдөө тийшээ нисэж чадахгүй; тэдэнд онгоцны тусламж хэрэгтэй. Гэвч онгоцоор нисэх нь заримдаа аюултай байдаг. Тиймээс хүмүүс Дэлхий дээр амьдрахад хамгийн тохиромжтой. Хүмүүсийн бие махбодын шинж чанар нь Дэлхийн хөрстэй болон бүх зүйл, дөрвөн улирал, байгалийн зүй тогтол зэрэг Дэлхий дээрх амьдрах нөхцөлийн бүх талтай нийцэлтэй байдаг. Тийм учраас хүн төрөлхтнийг зөвхөн Дэлхийн оршин суугчид гэж нэрлэж болно. Бурхан бүх зүйлийг бүтээх үедээ хүний оршин тогтнолын эдгээр хууль болон эдгээр амьдрах нөхцөлийг хүмүүст зориулан урьдчилан тогтоосон. Тиймээс хүн төрөлхтөн өөр гараг дээр суурьшихад биш, зөвхөн Дэлхий дээр л оршин тогтноход тохиромжтой. Хүн төрөлхтөн Дэлхийг хүн амьдрахын аргагүй болтол сүйтгэж, хор хөнөөл учруулсан бөгөөд тэд зүгээр л үүнийг орхин явахыг хүсэж, өөр гараг дээр амьдрахыг үргэлж эрж хайдаг. Энэ бол хий дэмий тэмцэл юм. Энэ үйлдэл нь Дэлхийн оршин суугчдад зориулан Бурханы тогтоосон байгалийн хуулийг дагаж мөрддөггүй; харин ч Дэлхийн оршин суугчдын бие махбодын оршин тогтнолын хуулийг зөрчдөг, маш ухаалаг бус үйлдэл юм. Тиймээс энэ бол сөрөг зүйл. Агаартай хэдэн гараг байгаад, Дэлхийн оршин суугчид тийшээ очиж үзэж болох ч энэ нь хүн төрөлхтөн тэр гарагууд дээр амьдарч чадна гэсэн үг биш. Дэлхий дээр ч гэсэн чи Өмнөд туйл юм уу Хойд туйл руу очиж үзэж, тэнд хөл тавьж болох ч хэрвээ тэнд олон жил амьдарвал тэсвэрлэж чадах уу? Мөн жилийн турш Цельсийн жараас дээш хэм халдаг харьцангуй халуун газрууд ч бий; эдгээр нь ч бас хүн амьдрахад тохиромжгүй. Газар зүйн онцгой орчны улмаас Дэлхий дээрх цөөн хэдэн газарт хүмүүс урт хугацаанд амьдрахад тохиромжгүй байдаг, өөр гараг дээр амьдрах тухай бүр ярих ч хэрэггүй. Энэ нь Бурханы зохицуулалтын нэг хэсэг биш. Хүний махан биеийн онцлогт үндэслэвэл энэ хүн төрөлхтөн зөвхөн Дэлхий дээр амьдрахад тохиромжтой; энэ нь үндэслэлтэй юм. Бурхан Дэлхийг бүтээсний зорилго нь хүн төрөлхтөнд тохиромжтой амьдрах орчныг зохицуулахын төлөө байв. Хэрвээ чи ийм орчноос зугтаж, өөр гарц олохыг хүсвэл энэ нь зөвхөн сүйрэлд л хүргэнэ. Тиймээс энэ бол сөрөг зүйл. Хэрвээ чи өөр гараг дээр суурьших талаар үргэлж судлах нь сөрөг зүйл гэдгийг мэддэг ч хүн төрөлхтөн өөр гараг дээр амьдрах арга замыг олохын тулд шинжлэх ухааны судалгаа хийхийг зүрх сэтгэлдээ дэмжсээр байвал энэ нь хүн чанар чинь асуудалтайг, зөв бурууг ойлгодоггүйг чинь, мөн зөв, бурууг ялгаж чаддаггүйг чинь нотолдог. Хэрвээ чи энэ зам хэрэгжих боломжгүй гэдгийг тодорхой мэддэг атлаа дараагийн эрин үед өөр гараг дээр амьдарч чадна гэж хүсэн хүлээсээр байгаа бол хэвийн хүн биш юм–чи бол гаж хүн.
Зөв бурууг ойлгодог хүн нэг талаар, эерэг зүйлсийг хайрлаж, хүлээн авч, тэдгээрийн талаар тодорхой ойлголттой байж чаддаг. Түүнчлэн тэрээр сөрөг зүйлсийг ялгаж чаддаг бөгөөд хүн чанар, эрүүл ухаантай учраас зүрх сэтгэлдээ сөрөг зүйлсийг зэвүүцэж, жигшдэг. Мэдээж тэр зарим үнэнийг ойлгосны үндсэн дээр тэдгээрийг бас жигшиж, шүүмжилж, үгүйсгэж чаддаг. Хэрвээ чи ингэж чадахгүй бол зөв бурууг ойлгодог хүн биш. Чамайг хүн чанарын хувьд дутмаг гэж хэлж ч болно. Хэрвээ хүн чанар чинь зөв бурууг ялгах чадваргүй бол чиний хүн чанарт маш чухал нөхцөл, маш чухал бүрэлдэхүүн хэсэг дутуу байна гэсэн үг. Энэ нь чи хэвийн хүн чанаргүй бөгөөд жинхэнэ хүн гэж нэрлэгдэх боломжгүй гэсэн үг юм. Зарим хүн: “Сая дурдсан жишээнүүд нь хүмүүсийн өдөр тутмын амьдралын үндсэн хэрэгцээтэй холбоотой зарим зүйлийг хамарч байна, шинжлэх ухааныг ч бас хамарч байна. Хэрвээ эдгээр нь сөрөг зүйл бөгөөд бид тэдгээрийг ялгах шаардлагатай бол тэдгээрийг голох ёстой юу?” гэж хэлж магадгүй. Тэгэх шаардлагагүй. Зөв бурууг ялгана гэдэг нь чи зүрх сэтгэлдээ эерэг болон сөрөг зүйлсийг ялган таних чадвартай гэсэн үг. Хүн чанар чинь шүүх стандарттай бөгөөд ямар зүйл эерэг, ямар зүйл сөрөг болохыг чи мэддэг. Чи бас тодорхой хандлагатай, эерэг болон сөрөг зүйлд хэрхэн хандахаа мэддэг. Чи эерэг зүйлсийг хүлээн авч, тэдгээрийг даган мөрдөж, тэдгээрт дасан зохицож чаддаг, зүрх сэтгэлдээ тэдгээрийг эсэргүүцэх юм уу зэвүүцдэггүй. Сөрөг зүйлсийн хувьд чи тэдгээрийг зүрх сэтгэлийнхээ гүнээс ялгаж чаддаг, тэдгээрийг голж, зэвүүцэж, жигшиж, тэр ч байтугай тэдгээрийн талаар өөрийн гэсэн үзэл бодолтой болж, үүгээрээ тэдгээрийг шүүмжилж чаддаг. Энэ бол зөв бурууг ялгаж чаддаг хүнд байх ёстой хандлага, илрэл юм. Гэхдээ чи илт эерэг зүйлсийг дотроо голж, жигшдэг, бүр тэдгээрийг сөрөг зүйлстэй харьцуулахад онцгойрох юмгүй, түүнчлэн хэтэрхий эгэл жирийн, хэтэрхий энгийн, дурдахад ч зохисгүй гэж үздэг гэе. Чи бас сөрөг зүйлсийг дотроо биширч, хүсэн эрмэлзэж, эрэлхийлдэг, тэр ч байтугай нийгэм, ертөнц дэх тэдгээр сөрөг зүйлийг сайшаадаг. Үнэнийг, эсвэл ялган таних зарчмыг яаж ч нөхөрлөсөн тэдгээрийг ойлгож, эсвэл хүлээн авч чаддаггүй гэе. Тэр тохиолдолд чиний хүн чанар хэвийн биш. Чи залуу, амьдралын туршлага, эсвэл мэдлэг дутмаг учраас, эсвэл эдгээр зүйл чамд хамааралгүй, эсвэл амьдралд чинь орж ирээгүй учраас эерэг болон сөрөг зүйлсийн талаар ямар ч ойлголтгүй, эсвэл тодорхой үзэл бодолгүй байдаг бол чамайг зөв бурууг ялгаж чаддаггүй хүн гэж хэлж хараахан болохгүй. Гэхдээ ямар зүйлс эерэг, ямар зүйлс сөрөг болох талаар нөхөрлөсний дараа хэрвээ чи эерэг зүйлсийг зүрх сэтгэлийнхээ гүнээс хүлээн авч, эсвэл даган мөрдөж чадахгүй хэвээр, харин ч зэвүүцэж, голохын зэрэгцээ сөрөг зүйлсийн хойноос эрч хүчтэйгээр хөөцөлдөж, хүсэн эрмэлздэг бол чи зөв бурууг ялгаж чаддаг хүн биш. Энэ өнцгөөс харвал ийм хүнд хүн чанар байхгүй нь маш тодорхой байна. Зөв бурууг ялгах энэ явдал нь эерэг болон сөрөг зүйлд хандах хүний чиг хандлагыг илчилж, улмаар энэ хүний ангилал үнэндээ юу болохыг тодорхойлох боломжийг бидэнд олгодог. Тэр юутай ч тулгарсан бай, эерэг зүйлс рүү биш, харин сөрөг зүйлс рүү хэлбийдэг бол энэ хүнд хүн чанар байхгүй, мөн мөс чанар, эрүүл ухаангүй нь тодорхой байна. Би яагаад ингэж хэлж байна вэ? Тэрээр Бурханаас ирдэг, эерэг зүйлсийн анхдагч дүрэм, зүй тогтлыг хүсэн эрмэлзэж, дагахын оронд Сатан болон ёрын муу хүн төрөлхтний сурталчилж, сайшааж, оролцдог янз бүрийн үйл ажиллагаа, судалгааны төсөл, эсвэл технологийн тодорхой талуудыг хүсэн эрмэлзэж, ёрын муу зүйлсийг хүсэн эрмэлздэг. Тэгвэл ийм хүмүүс гарцаагүй хүн биш. Энэ тодорхой байна уу? (Тийм.)
Бид сая хүмүүсийн хүн чанар дахь зөв бурууг ялгах чадвар буюу хүмүүс эерэг болон сөрөг зүйлсийг таньж чадах эсэх талаар ярилаа. Ийм ялган таних чадвартай хүн олон байдаггүй ч хүмүүс амьдралдаа эерэг болон сөрөг зүйлсийн аль алинтай нь байнга тулгардаг. Жишээлбэл, хүмүүсийн хэвийн сэтгэл хөдлөл–баяр баясгалан, уур хилэн, уй гашуу, аз жаргал нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Эерэг зүйл.) Хүмүүс Бурханд тэрслэх нь ямар вэ? Энэ нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Сөрөг зүйл.) Тэгвэл хүмүүсийн Бурханд хандах хэт их хүсэл ямар вэ? Тэдгээр нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Сөрөг зүйл.) Хүмүүс өдөр тутмын амьдралд нь тулгардаг олон зүйлийн талаар яг үнэндээ ямар ч ойлголтгүй байдаг. Зарим эерэг зүйл хүмүүсийн амьдрал, оршин тогтнолтой үргэлж хамт байдаг; тэдгээр нь хүмүүсийн амьдралд маш чухал үүрэг роль гүйцэтгэдэг бөгөөд хүний оршин тогтнолд үзүүлэх эерэг нөлөөг нь ямар ч сөрөг зүйлийн нөлөөгөөр орлуулах боломжгүй. Гэсэн хэдий ч хүмүүс эдгээр эерэг зүйлийг ихэвчлэн үл тоомсорлож, харин ч олон сөрөг зүйл хүмүүстэй үргэлж хамт байж, амьдралыг нь тэтгэж, оршин тогтнолыг нь дагалддаг гэж үздэг. Үүнээс үзвэл, олон хүн яг үнэндээ эерэг зүйлсийг огт мэдэрдэггүй. Эдгээр зүйлийг мэдэрдэггүй бол энэ нь тийм ч чухал биш. Чи тэдгээр нь эерэг зүйл гэдгийг мэдээд зэвүүцдэггүй, бүр зүрх сэтгэлийнхээ гүнээс хүсэн эрмэлзэж, хайрлаж чаддаг л бол чиний хүн чанар эерэг зүйлийг хүсэн эрмэлздэг гэдгийг энэ нь баталдаг. Чи ямар зүйл эерэг, ямар нь сөрөг болохыг мэддэг боловч эерэг зүйлд дуртай байж чаддаггүй, харин ч зүрх сэтгэлдээ сөрөг зүйлд дуртай байдаг, бүр тэдгээрийг онцгойлон сонирхдог, цаашлаад нөхцөл нь бүрдэж, боломж олдвол тэдгээрийг гарцаагүй эрэлхийлж, олж авахыг хичээдэг гэж бодъё. Энэ нь эерэг болон сөрөг зүйлд хандах чиг хандлагынхаа тухайд чи эерэг зүйлсийг бус, харин сөрөг зүйлсийг хайрладаг гэдгийг илтгэдэг. Хэрвээ чи эерэг зүйлсийг хайрладаггүй бол эерэг хүн биш гэдгийг чинь энэ нь харуулдаг. Хэрвээ чи эерэг хүн биш бол мөс чанар, эрүүл ухаантай хүн гарцаагүй биш; чи бол сөрөг хүн. Хэрвээ чи мөс чанар, эрүүл ухаантай хүн биш бол чи хүн-бус бөгөөд хүн биш юм. Жишээлбэл, хэн нэгэн хүн улаан лооль тарьдаг байв. Улаан лоолийг ургангуут нь зүгээр л химийн бодис түрхээд нэг шөнийн дотор ногооноос улаан болгон хувиргаж, тэр даруй зарахад бэлэн болгож болдгийг тэр сонсжээ. Тэгээд тэр “Энэ гайхалтай юм. Бусад бүх хүн ингэж зардаг юм чинь би ч бас тэгье. Ингэвэл би баяжиж, бас улаан лоолийг эрт идэж чадна. Энэ төгс юм байна!” гэж бодов. Ингээд тэр энэ улаан лоолийг зарж, өөрөө ч бас иджээ. Химийн бодисоор боловсруулж улайлгасан улаан лооль хүмүүст хор хөнөөлтэй, ийм зүйл зарах нь бусдыг хорлож байгаа хэрэг гэдгийг хэн нэгэн хүн түүнд сануулсан ч тэр үүнийг хүлээн авахаас татгалзаж, “Энэ яахаараа хүмүүсийг хорлож байгаа хэрэг байх юм бэ? Энэ бол шинжлэх ухааны судалгааны үр дүн; энэ бол эерэг зүйл. Шинжлэх ухаан хүн төрөлхтөнд үйлчилдэг, эдгээр зүйлийг шинжлэх ухаанаар дамжуулан зохион бүтээсэн учраас хүмүүсийн амьдралд өргөнөөр хэрэглэх ёстой. Хүмүүсийн амьдрал шинжлэх ухаангүйгээр байж чадахгүй; бид шинжлэх ухаанд найдах ёстой” гэж хэлсэн. Зарим хүн бүр шинжлэх ухааныг үнэн мэт үздэг бөгөөд шинжлэх ухааныг хайрлах, судлах, ашиглах, бүх зүйлийг шинжлэх ухаанд үндэслэхийг хүмүүст заадаг. Шинжлэх ухаан зөв байх албагүй бөгөөд шинжлэх ухаанаар дамжуулан зохион бүтээсэн зарим зүйл хүмүүст хор хөнөөлтэй гэдгийг зарим хүн одоо олж мэдсэн байж магадгүй–жишээлбэл, химийн зэвсэг болон дэвшилтэт зэвсгүүд хүн төрөлхтнийг хядах чадвартай, ялангуяа генийн өөрчлөлттэй хүнс бол хүн төрөлхтний хувьд эцэс төгсгөлгүй гай зовлон юм. Гэхдээ олон хүн тэгж боддоггүй бөгөөд “Шинжлэх ухаан буруу байж болох уу? Хэрвээ шинжлэх ухаан буруу байсан бол төр үүнийг дэмжих байсан уу? Бүх хүн төрөлхтөн шинжлэх ухааныг судалж, ашигладаг–бүх хүн төрөлхтний буруу байж болох уу?” гэж хэлдэг. Энэ мэдэгдэл зөв үү? Бүх хүн төрөлхтөн шинжлэх ухааныг дээдэлж, ашигладаг бөгөөд энэ нь нийгмийн чиг хандлага учраас хэчнээн сөрөг байсан ч эерэг зүйл болж чадна гэж тэд үздэг. Эдгээр нь зөв бурууг ялгаж чаддаг хүмүүс мөн үү? (Биш.) Тэдний хэлж байгаа энэ үг юу вэ? (Төөрөгдөл.) Тэдгээр нь төөрөгдөл, тэрс үзэл, гажууд тайлбар юм. Хэдийгээр ёрын муу хүн төрөлхтний дундах ихэнх хүн эдгээр үгтэй санал нийлж, хүлээн зөвшөөрдөг ч, хэчнээн олон хүн тэдгээрийг хүлээн зөвшөөрч, сайшаадаг байлаа ч буруу зүйл үргэлж буруу байх болно, сөрөг зүйлс үргэлж сөрөг зүйлс байх болно, гажууд үндэслэл үргэлж гажууд үндэслэл байх болно. Тэдгээр нь эерэг зүйлс болох боломжгүй, хэзээ ч үнэн болж чадахгүй.
Үргэлж нийгмийн чиг хандлагыг эрэлхийлж, төөрөгдөл ярих дуртай хүмүүс сөрөг зүйлсийг онцгойлон хайрладаг хүмүүс биш гэж үү? (Мөн.) Тэд үнэн болон эерэг зүйлсийг хүлээн авч чадах уу? (Үгүй.) Тэд эерэг зүйлсийг хүлээн авч чадахгүй. Жишээлбэл, зарим хүн өвчин тусдаг бөгөөд яг үнэндээ тэдний өвчнийг дасгал хөдөлгөөн хийж, өдөр тутмын дэглэмээ тохируулснаар эмчлэх боломжтой байдаг ч тэд орчин үеийн, өндөр технологийн арга хэрэгсэл, арга барилыг ашиглаж эмчлүүлэхээр зүтгэдэг. Чи: “Хэдийгээр одоо анагаах ухаан өндөр хөгжиж, тэр эмчилгээ илт үр дүнтэй байгаа ч ужиг нөлөө үүсгэх бөгөөд үр дагавар нь буцаах аргагүй байх болно. Чи биеэ аажмаар хэвийн, жам ёсны хэмнэлд оруулахын тулд дасгал хөдөлгөөн хийх, өдөр тутмын дэглэмээ тохируулах, хоолны дэглэм, хэв маягаа тохируулах зэрэг ердийн арга хэрэглэх ёстой, үүний дараа зарим шинж тэмдэг аажмаар багасна” гэж хэлж болох юм. Зарим хүн ийм үзэл бодлыг хүлээн авч чаддаг ч зарим нь чаддаггүй. Тэд “Тэр чинь хоцрогдсон арга. Тэр бол хэдэн мянган жилийн өмнө хүн төрөлхтөн өвчнийг эмчилж байсан арга зам, гүн ухаан. Эдгэрэх нь гучин хувийн эмчилгээ, далан хувийн сувилгаанаас шалтгаална гэдэг санаа одоо зүгээр л бүтэхгүй! Одоо анагаах ухаан өндөр хөгжсөн, өндөр технологийн эмчилгээ хурдан үр дүнд хүргэдэг. Эм хүнийг нүд ирмэхийн зуурт л эдгээнэ!” гэж боддог. Тэдний үзэл бодлоор бол анагаах ухаан өндөр хөгжиж, хүн төрөлхтний янз бүрийн өвчнийг эмчилж, хүмүүсийг урт удаан амьдруулж чадаж л байвал анагаах ухаан эерэг зүйл болсон бөгөөд хүмүүс анагаах ухаанд итгэж, шинжлэх ухаанд итгэж, хувь заяагаа шинжлэх ухаанаар захируулах ёстой. Хүмүүс хэчнээн олон өвчин туссан ч айх зүйлгүй–өндөр технологийн аргаар ямар ч төвөгтэй, эмчлэхэд хэцүү өвчнийг эмчлэх боломжтой, түүнчлэн ужиг нөлөө үлдлээ ч санаа зовох зүйлгүй гэж тэд боддог. Энэ үзэл бодол үнэн зөв үү? Энэ нь төөрөгдөл юм. Надад хэл дээ, хэрвээ чи ийм төрлийн хүнтэй эерэг зүйлс гэж юу болох талаар ярилцвал түүнд ойлгуулж чадах уу? Тэр үүнийг хүлээн авч чадах уу? (Үгүй, бид түүнд ойлгуулж чадахгүй.) Түүнд ойлгуулж чаддаггүй нэг шалтгаан нь тэр өөрөө эерэг үзэл бодлыг хүлээн авч чаддаггүй. Өөр нэг шалтгаан нь дэлхий даяарх бүх хүн төрөлхтөн бүгд ялгаагүй ёрын муу чиг хандлагад автаж байна. Хэдийгээр тэд Бурханд итгэдэг ч зүрх сэтгэлийнхээ гүнд үнэнийг хүлээн авдаггүй, эерэг зүйлсийг хүлээн авдаггүй, хүмүүс болон зүйлсийг Бурханы үгэнд үндэслэн хардаггүй. Харин ч аливаа асуудлыг авч үзэх юм уу зохицуулахдаа Сатаны үзэл бодол, Сатаны ёрын муу чиг хандлагыг үндэс болгон ашигласаар байдаг. Тиймээс ийм төрлийн хүн олон жил Бурханд итгэж, зарим нэг номлол сонсож, үүргээ гүйцэтгэн, үнэнийг хүлээн авахад бэлэн гэж хэлдэг хэдий ч бодит амьдрал дээр баримталдаг зүйлсийнх нь талаарх үзэл бодол өөрчлөгдөөгүй хэвээр үлддэг, мөн сөрөг зүйлс болон эерэг зүйлсийн хоорондох сонголт нь ч өөрчлөгдөөгүй байдаг. Түүний хүлээн авсан сөрөг зүйлс зүрх сэтгэлд нь хэдийнээ үндэслэсэн бөгөөд эдгээр зүйл үнэн биш гэдгийг мэдэж байсан ч гэсэн тэр эдгээртэй зууралдсаар байх болно. Энэ нь түүний зүрх сэтгэлдээ үнэхээр хайрладаг зүйл нь үнэн биш, харин сөрөг зүйлс гэдгийг маш их харуулдаг. Хэдийгээр тэр Бурханы үгийг уншиж, үнэний талаарх номлол сонссон, мөн хоосон сургаалын үүднээс эдгээр үг нь зөв, үнэн гэдгийг ойлгодог ч зүрх сэтгэлийнхээ гүнд аль хэдийн хүлээн авсан сөрөг зүйлсээ орхихыг хүсэхгүй хэвээр байдаг бөгөөд сөрөг зүйлсийг ялган танихын тулд Бурханы үгийг хэзээ ч үндэс болгон ашигладаггүй. Тодорхой асуудалтай тулгарах үедээ тэр зүрх сэтгэлдээ анхны, буруу үзэл бодолтойгоо зууралдсаар байдаг бөгөөд сөрөг зүйлсийг эерэг зүйлс, буруу үзэл бодлыг зөв үзэл бодол гэж үзсээр байдаг. Эерэг зүйлсийн тухайд гэвэл, хэдийгээр тэр эдгээрийг сөрөг зүйлс гэж илт хэлдэггүй ч зүрх сэтгэлдээ сөрөг зүйлсийг орхиж, эерэг зүйлсийг хүлээн авахыг хүсдэггүй, учир нь “Эерэг зүйлс хэтэрхий бага нөлөөтэй, тэдгээрийг хүлээн авч чадах хүн хэтэрхий цөөхөн бололтой. Тэдгээр нь нийгэмд хэрэгжих боломжгүй–энэ бол объектив баримт” гэж түүнд санагддаг. Энэ нь тэрээр зүрх сэтгэлдээ зөв бурууг ялгах чадваргүй, хүн чанартаа асуудалтай гэдгийг баталдаг. Ийм төрлийн хүн эерэг зүйлсийг сонирхдоггүй бөгөөд ихэвчлэн байгалийг өөрчлөх, байгаль ертөнцийн оршин тогтнолын хуулийг өөрчлөх, хүний физиологийн хуулийг өөрчлөх, хүний оршин тогтнох хуулийг өөрчлөхийг хүсдэг, үргэлж байгалийг байлдан дагуулж, янз бүрийн амьд зүйлсийг байлдан дагуулахыг хүсдэг. Жишээлбэл, тэр үргэлж иймэрхүү зүйл бодолхийлдэг: “Нохойг муур шиг хулгана барьж чаддаг болгохын тулд бид яаж нохойд муурны ген суулгах вэ? Муур хулгана барьж, нохой шиг гэр манаж чаддаг бол сайхан байх биш үү?” “Хэрвээ эм тахиа өндөглөж, бас донгодож чаддаг байсан бол бид эм тахиа тэжээхэд л хангалттай байх байсан–энэ хэчнээн сайхан байх вэ!” Хар даа, тэр үргэлж зохисгүй зүйлсийг бодолхийлж байдаг. Хэрвээ зөв бурууг ялгаж чаддаг хүн байсан бол “Бурханы бүтээсэн амьтад үнэхээр гайхалтай! Азарган тахиа донгодож, эм тахиануудад хань болж чаддаг, эм тахиа өндөглөж, дэгдээхэй гаргаж чаддаг бөгөөд хүмүүс азарган тахиа, эм тахианы аль алиных нь махыг идэж болно. Нохой гэр орноо хамгаалж, эзэндээ хань болж чаддаг, харин муур хулгана барьж чаддаг, заримдаа тэд гэр бүлийн үл анзаарагдам гишүүд ч болж чаддаг. Эдгээр нь бүгд гайхалтай, тус бүрдээ өөрийн гэсэн чиг үүрэгтэй–Бурханы бүтээсэн бүхэн сайн!” гэж бодох байсан. Гэхдээ эерэг зүйлсийг ухамсарлаж чаддаггүй хүмүүс Сатаны үзэл бодлыг ашиглан тэдгээрийг үгүйсгэж, яллана, тэр ч байтугай Сатаны үзэл бодолд үндэслэн янз бүрийн амьтдын оршин тогтнох хуулийг өөрчлөх, байгалийн ертөнцийн янз бүрийн хуулийг өөрчлөх, тэр ч байтугай хүний оршин тогтнох хуулийг өөрчлөхийг оролдох бөгөөд энэ бүхэн нь шинжлэх ухаанд эрх мэдэл өгөхийн төлөө байдаг. Ийм хүмүүс гарцаагүй хэвийн хүн чанаргүй байдаг. Тэдний хүн чанарт зөв бурууг ялгаж чаддаг байх онцлог шинж дутмаг байдаг. Үүнээс гадна, тэд байгалийн хуулийн дагуу амьдралаа хэрхэн удирдахаа мэддэггүй, хүний хүслийн дагуу аливааг хийхийг үргэлж хүсдэг, технологийн арга юм уу хиймэл арга барил ашиглан махан биеийн амьдралын хэвийн хуулийг өөрчилдөг. Жишээлбэл, хэвийн хүн эрч хүчээр дүүрэн байж, өдөр тутмын амьдрал, ажлаа авч явахын тулд өдөрт долоогоос найман цаг амрах шаардлагатай байдаг ч ийм төрлийн хүн “Хүмүүс унтаж, идэх шаардлагагүйгээр өдөр бүр хэвийн амьдарч, ажиллаж чаддаг байсан бол сайхан байх биш үү? Өндөр технологийн ямар арга ашиглан үүнийг хийж болох бол?” гэж бодолхийлдэг. Хөгийн, хачин санаанууд л түүний оюун ухаанд ордог. Тэр хэвийн хүн чанарын өнцгөөс эдгээр хуульд хэрхэн дасан зохицож, дагах, улмаар махан биеийн янз бүрийн хэрэгцээ, асуудлыг хэрхэн зөв зохицуулах талаар бодолхийлдэггүй, харин оронд нь үргэлж эдгээр хуулийг өөрчлөх, жирийн хүмүүсээс өөр байх, махан биеийн зөн совингоо даван гарч чаддаг байх, махан биедээ хянуулж, хазаарлагдахгүй байж чаддаг байхыг хүсдэг. Энэ аймшигтай биш гэж үү? Тэр үргэлж олноос онцгойрч, ялгарахыг хүсдэг. Бусад хүн өдөрт найман цаг унтдаг байхад тэр аравхан минут, эсвэл хамгийн ихдээ л ганц хоёр цаг унтаад өдрийн турш хангалттай эрч хүчтэй байхыг хүсдэг. Энэ бол хэвийн хүмүүсийн хийж чадахгүй зүйл юм. Хүний биеийн байгалийн хуулийг Бурхан хэдийнээ тогтоочихсон. Хүний хоолны дуршил хэр их байх, дотоод эрхтнүүдийнх нь үйл ажиллагааны хууль ямар байх, хүн хэр их эрч хүчтэй байх, өдөрт хэр их ажил хийж чадах, тархи нь өдөрт хэчнээн зүйлийн талаар бодож дөнгөх, хэр удаан бодож чадах зэргийг бүгдийг нь тогтоосон. Хүн чанарын өнцгөөс харвал эдгээр хууль яг үнэндээ хэвийн, эерэг зүйлс юм. Хүн төрөлхтөн тодорхой хуулийг дагаснаар л жилээс жилд үргэлжлүүлэн амьдарч, үеэс үед үржиж, амьд үлдэж, хүн төрөлхтний оршин тогтнол үргэлжлэх боломжтой. Бүх амьд зүйлийн хувьд ийм л байдаг. Тэд байгалийн тодорхой хуулиуд болон амьдралын тодорхой хуулийг даган мөрдөж, амрах, үйл ажиллагаа явуулах цагтай байснаар л амьдралаа хэвээр үргэлжлүүлэх боломжтой. Хэрвээ хүн байгалийн хуулийг зөрчвөл амийнх нь үргэлжлэлд асуудал гарч, төдийлөн удаан амьдрахгүй байж магадгүй. Хэрвээ хүний бие махбодод асуудал гарвал хэвийн амьдрал, өдөр тутмын хоол хүнс, түүнчлэн хэвийн сэтгэлгээ, хэвийн тунгаан бодох чадвар, өдөрт хийж чадах ажлын хэмжээ зэрэгт бүгдэд нь нөлөөлнө. Тиймээс хүн төрөлхтний байгалийн хууль нь хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг хамгаалдаг. Эдгээр нь эерэг зүйл бөгөөд хүмүүс тэдгээрийг жигших ёсгүй, хүмүүс тэдгээрт зэвүүцэх ч ёсгүй. Харин ч тэдгээрийг хүндэтгэж, дагаж мөрдөх ёстой. Сатанд харьяалагддаг тэрхүү хүн-бус хүмүүс үргэлж “Хүн төрөлхтний эдгээр байгалийн хуулийг дагах нь хүмүүсийг туйлын чадваргүй, хэрэггүй мэт харагдуулдаг! Бид үргэлж эдгээр байгалийн хуульд хязгаарлагддаг–ядрах үедээ унтах ёстой; өлсөх үедээ идэх ёстой. Хэрвээ эдгээр зүйлийг хийхгүй бол хүний оюун ухаан амныхаа хурдыг гүйцэхгүй, гар чичирч, зүрх дэлсэж, хөл суларч, бат зогсож чадахгүй. Энэ маш төвөгтэй! Зүгээр л ямар нэг эм уугаад хэвийн амьдарч чаддаг, эсвэл хэдэн өдөр амрахгүй байсан ч эрч хүчээр дүүрэн байж чаддаг байсан бол хүн роботоос ч илүү гайхалтай байх байсан гэж төсөөлөөд үз дээ. Эсвэл өлсөх үедээ тодорхой нэг цэг дээр дараад л тэр дороо өлсөхөө больдог байсан бол гэж төсөөл. Эсвэл хэдэн өдөр юм идэхгүй байсан ч зүгээр байж, махан бие турж эцэхгүй, эрч хүч буурахгүй, бие хэвийн, эрүүл хэвээр байдаг байсан бол гэж төсөөл дөө. Тэгвэл гайхалтай байх байсан!” гэж боддог. Хүмүүс үргэлж эдгээр байгалийн хуулийг өөрчлөхийг хүсдэг. Энэ нь эерэг зүйлсийг үгүйсгэж, эсэргүүцэж байгаа хэрэг биш үү? (Тийм.) Эдгээр эерэг зүйл оршин байх нь хүн төрөлхтний хэвийн оршин тогтнолыг баталгаажуулж, хүн төрөлхтний хэвийн амьдралыг хадгалдаг тул хүмүүс тэдгээрийг дагаж мөрдөөд зогсохгүй, тэдгээрт ухаалгаар хандах ёстой. Тэд байгалийн хуулиудыг зөрчиж, тэдгээрийг дарангуйлж, эсвэл тэдгээртэй сөргөлдөх ёсгүй, тэдгээрийг эсэргүүцэж бүр ч болохгүй. Нөгөөтээгүүр, хүн төрөлхтний байгалийн хуулиас гадуурх зүйлс, хүмүүсийн төсөөлөл, зарим хэвийн бус санаа, ер бусын зан авир нь бүгд сөрөг зүйл юм. Тэдгээр нь бүгд сөрөг зүйл учраас хүмүүс тэдгээрийг хүлээн авах бус, харин ялган таньж, голох ёстой. Хэрвээ чи эерэг болон сөрөг зүйлсийг ялган таньж, амьдрах явцдаа тэдгээрт зөв хандаж, ухаалгаар зохицуулж чаддаг бол хүн чанар чинь хэвийн байна. Хэрвээ чи эдгээр эерэг зүйлсийн чамд үзүүлэх эерэг нөлөөг ихэвчлэн мэдэрдэггүй, тэдгээрийг эсэргүүцэж, тэдгээрийн эсрэг зүйл хийхийг ихэвчлэн хүсдэг бол, зарим сөрөг үг, үзэл бодолд үндэслэн эдгээр эерэг зүйлийг өөрчлөхийг үргэлж оролдож, аливаа зүйлийн объектив хуулийг зөрчдөг бол энэ нь хүн чанарынхаа тухайд зөв бурууг ялгах чадваргүйг чинь нотолж байна. Ингэж нөхөрлөхөөр та нар одоо ойлгож байна уу? (Тийм.)
Хэрвээ хүн хүн чанартай бол эерэг зүйлс гэж юу болохыг ойлгож, тэдгээрийг хүлээн авах ёстой биш үү? (Тийм.) Түүнчлэн сөрөг зүйлсийг ялган таньж чаддаг байхын сацуу зүрх сэтгэлээсээ тэдгээрийг жигшиж, голж чаддаг байх ёстой биш үү? (Тийм.) Тэгвэл хүмүүс өөр ямар зүйлсийг эерэг, эсвэл сөрөг гэдгийг нь таньж чаддаггүй вэ? Бурханд итгэж, дагах нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Эерэг зүйл.) Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдаг нь эерэг зүйл үү, эсвэл сөрөг зүйл үү? (Эерэг зүйл.) Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдаг нь эерэг зүйл юм. Тэгвэл завхарсан хүн төрөлхтөн Бурханы дээд эрх, зохион байгуулалтыг эсэргүүцэхийн үндэс болдог гол үзэл бодол юу вэ? (Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг, мэдлэг хүний хувь заяаг өөрчилж чадна гэж хүмүүс үздэг.) Эдгээр нь завхарсан хүн төрөлхтөн Бурханыг үгүйсгэж, Бурханыг эсэргүүцэхийн үндэс болдог үзэл бодол юм; эдгээр нь үнэхээр сөрөг зүйл. Тэгвэл Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдаг гэх хэрэг явдлыг хүмүүс хэрхэн ухамсарлах ёстой вэ? Зарим хүн “Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдаг” гэх үг зөв, эерэг зүйл гэдгийг хоосон сургаалын хувьд хүлээн зөвшөөрдөг хэдий ч хүний өөрийнх нь хүчин чармайлт хувь заяаг нь өөрчилж чадна, хүний хувь заяа өөрийнх нь гарт байх боломжтой, мөн хүн эцсийн шийдвэрийг гаргана гэж зүрх сэтгэлдээ итгэсээр байдаг. Хэрвээ тэд шаргуу суралцаж, хичээнгүйлэн зүтгэхгүй бол сайн их сургуульд орж чадахгүй, сайн ажилтай, сайн хэтийн ирээдүйтэй, эсвэл амьдрах сайхан орчинтой байж чадахгүй гэж боддог. Ийм хүмүүс зөв бурууг ялгаж чаддаг хүмүүс мөн үү? (Биш.) Хорь, гучин жил амьдарсан хэр нь тэд “Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдаг” гэх үг ямар утгатайг мэддэггүй хэвээр байна. Тэд олон жил Бурханд итгэсэн ч хувь заяа нь өөрсдийнх нь гарт байдаг, мэдлэг хувь заяаг нь өөрчилж чадна, хэрвээ сайн хүрэх газартай болж, сайхан зүйлсийг эдэлж, сайн сайхан амьдрахыг хүсвэл өөрийнхөө хичээл зүтгэлд найдах ёстой гэж боддог–шүтлэггүй хүмүүсийн хэлдэгчлэн “Бүхнийг дэнчин тавьж байж л ялна.” Ийм хүмүүс зөв бурууг ялгаж чаддаг хүмүүс мөн үү? (Биш.) Зөв бурууг ялгаж чаддаггүй хүн хүн мөн үү? (Биш.) Тэр сайхан амьдралыг таашааж, сайн хооллож, сайхан хувцаслаж, нийгэмд бусдад өндрөөр үнэлэгддэг бөгөөд одоогийн амьдрал нь зөвхөн өөрийнх нь шаргуу хөдөлмөрийн ач гэж боддог. Тиймээс тэр “Бүхнийг дэнчин тавьж байж л ялна, хүний хувь заяа бусдаас биш, өөрөөс нь шалтгаална” гэх үг үнэн бөгөөд зөв үзэл бодол гэж үздэг. Энэ нь хэвийн хүн чанарын илрэл мөн үү? (Биш.) Хүмүүс мэдлэгтэй болохоосоо өмнө эдгээр зүйлийг ойлгодоггүй боловч зарим мэдлэгийг эзэмшмэгцээ “Бурхан хүн төрөлхтний хувь заяаг захирдаг” гэх үгийг бүрмөсөн үгүйсгэж, оронд нь “Хүний хувь заяа өөрийнх нь гарт байдаг; хүн аз жаргалыг өөрийн гараар бүтээж чадна” гэж боддог. Ийм хүн зөв бурууг ялгаж чадах уу? (Үгүй.) Тэгвэл ийм хүн ямархуу бүтээгдсэн зүйл вэ? Тэр хүн чанаргүй биш гэж үү? (Тийм.) Ийм хүн бол мөс чанар, эрүүл ухаангүй хүн бөгөөд мөс чанар, эрүүл ухаангүй хүн зөв бурууг ялгаж чаддаггүй. Амьдралын баримтуудыг үнэхээр мэдэрч туулсныхаа дараа ч тэр эерэг зүйлс гэж юу болохыг үнэхээр ухамсарлаж чаддаггүй, эерэг зүйлсийн мөн чанар юу болохыг ч үнэхээр үнэлж чаддаггүй. Энэ нь тэр зөв бурууг ялгаж чаддаггүй гэдгийг харуулдаг. Ийм хүнд хүн чанар байдаггүй; тэр яавч хүн биш. Мөн хоосон сургаал урсгаж, “Бүх зүйлийн хууль Бурханаас ирдэг, тэдгээр нь эерэг зүйл, хүн төрөлхтөнд ашиг тустай бөгөөд хүн төрөлхтний дагаж мөрдөх ёстой, хүн төрөлхтний хүсэн эрмэлзэж, эрэлхийлэх ёстой зүйл юм” гэж хэлж чаддаг зарим хүн байдаг ч өндөр технологийн зарим мэдээлэл, өндөр технологийн зүйлстэй харьцсаныхаа дараа эдгээр хэрэг явдлын талаарх үзэл бодол нь өөрчлөгддөг. Тэд ямар үзэл бодолтой болж өөрчлөгддөг вэ? Тэд: “Бурханд итгэгч бид үргэлж амьдралын хууль, бүх зүйлийн хууль, бүх зүйлийн оршин тогтнох хуулийн талаар ярьж, эдгээрийг эерэг зүйл гэж боддог. Энэ маш хоцрогдсон! Энэ нь мэдлэг дутмаг, явцуу хараатай байгааг харуулж байна! Одоо технологи маш өндөр хөгжсөн; чи олон зүйлийг өөрөө хийх шаардлагагүй, технологийн бүтээгдэхүүнүүд чиний өмнөөс үүнийг хийж чадна–үүнийг л дэвшилтэт гэж нэрлэдэг! Хар даа, зарим машин өөрөө жолоодож чадна. Чи машинд суусныхаа дараа очих газраа тохируулаад, ганц үг хэлэхэд л машин жолоодож эхэлнэ. Тэр үнэхээр өндөр технологи, үнэхээр биширмээр! Хүн төрөлхтөн дэвшилтэт технологийг хөгжүүлж, бид юу ч хийлгүйгээр бүх зүйлийн эзэд болсон. Тиймээс шинжлэх ухаан л туйлын үнэн! Боловсрол, мэдлэггүй, шинжлэх ухааныг ойлгодоггүй хүмүүс хоцрогдсон, соёлгүй!” гэж хэлдэг. Тэдний үзэл бодол өөрчлөгдсөн, тийм биз дээ? Зүрх сэтгэлдээ тэд эерэг болон сөрөг зүйлсийг ялгаж салгаагүй. Мөн нисэхийн музей үзсэнийхээ дараа зарим хүн “Хөөх, нүд нээгдэх шиг л боллоо, шинжлэх ухаан ийм өндөр хөгжсөн байна! Жирийн хүмүүс бид тэнд юу ч мэдэхгүй юм шиг санагддаг–бид үүнийг огт ойлгож чадахгүй. Одоо шинжлэх ухаан хэдий хэр хөгжсөнийг чи төсөөлж ч чадахгүй. Бид тэр орчин үеийн, дэвшилтэт технологийн зүйлстэй огт харилцаж байгаагүй! Тэгсэн хэр нь бид Бурханд итгэж, байгалийн дүрэм, хуулийн талаар ярьсаар байдаг–бид үнэхээр хоцрогджээ!” гэж дуу алддаг. Орчин үеийн нийгмийн эдгээр нүд гялбам зүйлийг харсныхаа дараа ийм хүмүүс урьд нь ойлгож байсан эерэг болон сөрөг зүйлсийн талаарх онолоо зүрх сэтгэлийнхээ гүнээс бүрмөсөн үгүйсгэдэг. Тэд эерэг зүйл гэж юу болохыг илүү тодорхой тодорхойлдоггүй, харин ч эерэг зүйлсийг хоцрогдсон, орчин үеийн технологи болон орчин үеийн хүн төрөлхтний хөгжлийн хурдаас хоцорсон гэж үздэг. Түүгээр ч зогсохгүй, тэд бас эдгээр сөрөг зүйлийг онцгойлон сайшааж, хүсэн эрмэлздэг бөгөөд орчин үеийн, дэвшилтэт технологийг хөгжүүлдэг хүмүүсийн нэг болохыг хүсдэг. Ийм хүн зөв бурууг ялгаж чаддаг хүн мөн үү? (Үгүй.) Зөв бурууг ялгаж чаддаг байх нь хүн чанарын онцлог шинж гэдгийг харгалзан үзвэл энэ нь сүүлд үүсэж бүрэлддэг биш, хүн чанарт угаас, төрөлхөөсөө байдаг зүйл юм. Өөрөөр хэлбэл, зөв бурууг ялгаж чаддаг байх хүн чанарын энэ онцлог шинж нь цаг хугацаа өнгөрөх, эсвэл газарзүйн орчин, хүмүүс, үйл явдал, зүйлс өөрчлөгдөхтэй зэрэгцэн өөрчлөгдөхгүй. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй, юу ч үүнийг өөрчилж, арилгаж чадахгүй. Зөв бурууг ялгаж чаддаг хүмүүс зүрх сэтгэлийн гүндээ эерэг зүйлсийг үргэлж хүсэн эрмэлздэг бол сөрөг зүйлсийг үргэлж зэвүүцэж, жигшдэг бөгөөд энэ нь тэдний хүн чанарт хэрэгтэй зүйл биш юм. Тэдэнд юу хэрэгтэй вэ? Тэдэнд махан биеийн амьдралын хууль болон махан биеийн оршин тогтнолд ашиг тустай зүйлс, жам ёсны, хүмүүст амар амгалан, тайван мэдрэмж төрүүлдэг, хэвийн хүн чанарын мөс чанар, эрүүл ухааны хэрэгцээнд нийцдэг зүйлс хэрэгтэй болохоос биш, сүрлэг, эрхэмсэг, сэтгэл хөдөлгөм зүйлс хэрэггүй. Чи хар даа, биеэ авч явахын тухайд, зарим хүн амьдралаа арай илүү энгийн, даруухан байлгах дуртай; тэд сүр дуулиантай амьдралаар амьдрах дургүй, харин зүгээр л тайван байдалд дуртай, амар амгалан, баяр баясгалантай байж, амьдралаа маш чимээгүй өнгөрөөх дуртай байдаг. Гэвч бусад хүн ингэх дургүй; тэд сүр дуулиантай амьдралаар амьдрах дуртай, сүрлэг, эрхэмсэг, сэтгэл хөдөлгөм зүйлст дуртай, юм хийх дуртай, олноос онцгойрох, алдартай байх дуртай, эгэл жирийн, эсвэл жам ёсны байдалд дургүй байдаг. Энэ нь хүмүүсийн хүн чанарын ялгааг харуулдаг.
Зөв бурууг ялгаж чаддаггүй хүмүүс зарим зөв, эерэг үгтэй санал нийлж, эсвэл гаднаа бусдыг даган зарим эерэг зүйлд дурлаж, хүсэн эрмэлзэж магадгүй. Гэвч цаг хугацаа өнгөрч, орчин өөрчлөгдөж, хүмүүс, үйл явдал, зүйлс ч бас өөрчлөгдмөгц эдгээр эерэг зүйл зүрх сэтгэлийнх нь гүнд тэр даруй сөрөг зүйлс болдог, харин тэдний үнэхээр дуртай сөрөг зүйлс нь эерэг зүйлс болж, эрэлхийллийнх нь бай болно. Өөрөөр хэлбэл, өөрсдийнхөө дуртай ямар нэг сөрөг зүйлийг харахаас өмнө эерэг зүйлс тэдний хувьд зүгээр л хоосон сургаал байдаг бөгөөд тэд урсгалаараа явж, олныг дагаж чаддаг ч нас ахиж, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр зүрх сэтгэлдээ үнэхээр хайрладаг зүйлс, жинхэнэ үзэл бодол нь аяндаа ил гарч ирдэг. Жишээлбэл, зарим хүн: “Бурханд итгэх нь сайн; Бурханд итгэдэг хүмүүс зөв замаар алхдаг, мууг үйлддэггүй; тэд бүгд сайн хүмүүс” гэж байнга хэлдэг. Гэвч тэд Бурханд хэдэн жил итгэж, Бурханы гэр дэх бүх номлол, нөхөрлөл нь хүмүүсээс үнэнч шударга байхыг, үнэнийг эрэлхийлж, Бурханыг дуулгавартай дагахыг, бүтээгдсэн зүйлийн үүргийг гүйцэтгэхийг шаарддагийг харсныхаа дараа үүнд зэвүүцэж, Бурханд итгэх нь утгагүй санагдан, чуулганыг орхиж, ертөнц рүү буцахыг хүсдэг; тэдний зүрх сэтгэл чуулганд байдаггүй. Үнэнийг хайрладаггүй хүмүүс ийм л байдаг. Үнэндээ ийм хүмүүс эерэг зүйлсийг хайрладаггүй, зүрх сэтгэлд нь олон гажууд үндэслэл, тэрс үзэл байдаг. Тэдний хувьд эдгээр гажууд үндэслэл, тэрс үзэл нь эерэг зүйлс байдаг, харин зүрх сэтгэлийнхээ гүнд тэд жинхэнэ эерэг зүйлсийг зэвүүцэж, жигшиж, дорд үзэн, хэзээ ч хүлээн авдаггүй. Чухамдаа тэд эерэг зүйлсийг хэзээ ч хүлээн авдаггүй учраас, дуртай зүйлс нь сөрөг зүйлс байдаг учраас л ийм хүмүүсийн хүн чанар зөв бурууг ялгах чадваргүй байдаг. Яг л зарим хүн анх Бурханд итгэж эхлэхдээ зүгээр л ерөөлийн төлөө итгэдэгтэй адилхан. Олон жил номлол сонссоныхоо дараа тэд эцэст нь “Бурханд итгэнэ гэдэг нь хүмүүсээс үнэнч шударга байж, үүргээ гүйцэтгэхдээ бүхнээ зориулж, төлөөс төлөхөд бэлэн байж, Бурханд чин сэтгэлээсээ хандаж, дур зоргоороо, хөнгөн хуумгай үйлдэхгүй байж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалахыг шаарддаг гэсэн үг. Ялангуяа Бурханы гэрийн ашиг сонирхол өөрсдийнх нь ашиг сонирхолтой зөрчилдөх үед тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж, хувийн ашиг сонирхлоо хаях ёстой юм байна” гэдгийг ойлгодог. Үнэний янз бүрийн талуудыг олж мэдсэнийхээ дараа тэд Бурханд итгэсэндээ харамсаж, “Бурханд итгэх гэдэг нь найдах том бүлэгтэй, хүчирхэг хүчтэй байхыг хэлдэг бөгөөд хүмүүс ихийг хаяж, зовж, төлөөс төлж байгаа цагт хаанчлалд орж, сайн хүрэх газартай болж, дараагийн эрин үе рүү сүр жавхлантайгаар орж, эзэд нь болж, хаанчлах боломжтой гэж би бодсон. Гэтэл тийм биш болж таарлаа. Бурханд итгэх нь тэр чигтээ хэрхэн биеэ авч явч, хэрхэн Бурханыг дуулгавартай дагаж, муугаас зайлахыг хүмүүст заах явдал юм байна. Ялангуяа, хэрвээ хүмүүс Бурханд итгэдэг бол тэднээс үргэлж үнэнч шударга байж, үнэнчээр ярихыг шаарддаг, үргэлж үнэнийг хэрэгжүүлэхийг шаарддаг; тэдэнд эцсийн шийдвэр гаргахыг зөвшөөрдөггүй. Тэгвэл Бурханд итгэхийн утга учир юу юм бэ?” гэж хэлдэг. Тэгээд тэд зүрх сэтгэлдээ гомдол тээж, итгэлээсээ ухрахыг хүсдэг. Гэвч дараа нь тэд “Би Бурханд хэдэн жил итгэсэн; хэрвээ одоо больчихвол дэмий итгэсэн болох биш үү?” гэж боддог. Тэр үед тэд орхиод явахдаа дурамжхан байдаг. Гэвч хэрвээ үргэлжлүүлэн итгэх юм бол тэд үнэнийг сонирхдоггүй. Бурханы гэр үргэлж үнэнийг эрэлхийлэх, бодит байдалд орох, Бурханыг дуулгавартай дагах, үнэнийг эрж хайх, зарчмын дагуу үйлдэх тухай ярьдаг. Тэд эдгээр зүйлийн талаар сонсохоос залхаж, цаашид сонсохыг хүсдэггүй. Ялангуяа Бурханы гэр үнэнийг хэрэгжүүлэх талаар ярих үед тэд дотроо бухимдаж, шаналдаг; эерэг зүйлсийн талаар дурдах үед тэд зэвүүцэж, зүрх сэтгэлдээ тэдгээрийг жигшдэг бөгөөд сонсохыг хүсдэггүй. Зарим хүн эцсээ хүртэл итгэсэн ч үнэнийг юм уу сайн хүрэх газрыг олж авахгүй гэдгээ ухаармагцаа зүгээр л итгэхээ больдог. Тэдний зарим нь ажилд орохоор, эсвэл бизнес хийхээр явдаг бол зарим нь гэрлэхээр гэртээ харьдаг. Тэд үнэнийг хайрладаггүй учраас Бурханд итгэхээ больдог. Бурханы гэр үргэлж үнэний талаар ярьж, үнэний талаар нөхөрлөдөг бөгөөд тэд үүнийг онцгойлон зэвүүцдэг. Энэ нь ийм хүн мөс чанар, эрүүл ухаангүй бөгөөд зөв бурууг ялгаж чаддаггүйг харуулдаг. Зөв бурууг ялгаж чадахгүй байна гэдэг нь тэдний хүн чанарт эерэг болон сөрөг зүйлсийг таньж мэдэх стандарт, чадвар байхгүй гэсэн үг; энэ бол тэдэнд байдаггүй зүйл юм. Тэгвэл ийм хүн хэвийн хүн чанартай юу? (Үгүй.) Тэр бол хүн-бус. Хэрвээ хэн нэгэн үнэхээр хүн чанартай бол нэг зүйл үүнийг нотолж чадна: Тэр зүрх сэтгэлдээ эерэг зүйлсийг хайрлаж, хүсэн эрмэлздэг. Тэр үнэнийг ойлгохгүй байх үедээ ч гэсэн харанхуйгаас ангид, шударга нийгмийг хүсэн эрмэлзэж, эерэг зүйлсийг хүсэн эрмэлзэж, үнэн эрх мэдэл бариасай гэж хүсэн эрмэлздэг. Гэвч энэ ёрын муу нийгэм түүнд ийм орон зай олгодоггүй бөгөөд хүмүүс эерэг зүйл харуулах юм бол гадуурхагдаж, дарлагддаг. Ийм нөхцөлд хүн чанартай хүмүүс өөрсдийн дуртай, хүсэн эрмэлздэг эерэг зүйлсийг олж авч чаддаггүй тул зүрх сэтгэлдээ бухимддаг. Гэвч Бурханд итгэснийхээ дараа тэд Бурханы үгийг уншиж, номлол сонссоноор олон үнэнийг ойлгодог бөгөөд эдгээр үнэн нь тэдний хүн чанарын хайрладаг эерэг зүйлстэй нийцэж, тохирдог, эерэг зүйлсийн хэрэгцээг нь яг таг хангадаг. Тиймээс тэдний зүрх сэтгэл эерэг зүйлсийг бүр ч их хүсэн эрмэлздэг. Хэдийгээр тэд одоо орчны хязгаарлалт, жижиг биеийн хэмжээнээс болоод, эсвэл тодорхой завхарсан зан чанарт хазаарлагдаж, хүлэгдсэнээсээ болоод үнэнийг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаа ч хэзээ нэгэн цагт үнэн болон Бурханы үгийн дагуу бүрэн хэрэгжүүлж, улмаар Бурханы үгийг дуулгавартай дагаж, эерэг зүйлсийг хайрлах хайраас үүдсэн хэрэгцээгээ хангаж чаддаг болох шийдэмгий байдал, хүсэл тэдэнд байдаг. Ийм хүмүүс бол хүн чанар нь зөв бурууг ялгаж чаддаг шинж чанартай хүмүүс юм; тэд бол хүн чанартай хүмүүс. Хэрвээ чи зөвхөн эерэг зүйлсийг хайрладаг гэж хэлээд, Бурханы хийдэг бүхэн сайн гэдгийг амаараа хүлээн зөвшөөрдөг бол энэ нь зүгээр л хоосон сургаал ярьж, уриа лоозон хашхирч байгаа хэрэг юм. Чихэнд чимэгтэй үг, зөв онол хэлэх, эсвэл сүржин үг чалчихыг хэн ч хийж чадна. Энэ нь эерэг зүйлсийг үнэхээр хайрладаг гэдгийг чинь харуулахгүй. Гэвч хэрвээ чи үнэнийг сонсох үедээ үнэнийг хайрлаж, хүсэн эрмэлзэж чаддаг бол, мөн үнэнийг сонсох тусмаа улам их хүсэн эрмэлзэж, үнэнийг эрж хайх эрч хүч чинь улам ихсэж, Бурханыг дагаж, аврал хүртэх итгэл чинь улам бат бөх болдог бол; Бурханд итгэх явцдаа чи янз бүрийн эрэлхийллээсээ үр шим хүртэж, завхарсан зан чанараа аажмаар хаяж, Бурханыг эсэргүүцэж, Бурханд тэрслэх үйлдэл чинь улам бүр багасдаг бол чи эерэг зүйлсийг хайрладаг хүн мөн, үнэн-бодит байдалтай хүн мөн. Ийм хүмүүс Бурханд итгэх итгэлдээ үр жимс гаргаж, үр шим хүртдэг. Чи өөрийгөө өөрчлөгдсөнийг, Бурхан болон үнэнд хандах хандлага чинь урьдынхаас өөр болсныг мэдэрч чадна. Өмнө нь чи Бурханд тэрсэлдэг, Бурханыг дуулгавартай дагадаггүй байсан бөгөөд маш жижиг явдал дээр ч үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй байсан. Гэвч энэ олон жилийн эрэлхийллээр дамжуулан, энэ олон жил үүргээ гүйцэтгэснээр дамжуулан, бүх талын хүчин чармайлтаараа дамжуулан чи зарим үнэнийг ойлгосон бөгөөд ямар нэгэн хэрэг явдалтай тулгарах үедээ үнэнийг эрж хайж, махан биеийнхээ хүслээс урваж чаддаг болсон. Зарчимтай холбоотой зарим томоохон явдал дээр чи бас зарчмыг мөрдөж, өөрийн хүслээр үйлдэхгүй байж чаддаг, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж, чуулганы ажлыг хамгаалж чаддаг. Энэ нь чи тодорхой биеийн хэмжээтэй болсон, өөрөөсөө урваж, үнэнийг хүлээн авч, дуулгавартай дагах тал дээр тодорхой хэрэгжүүлэлт, оролттой болсон, янз бүрийн завхарсан зан чанар чинь ч бас янз бүрийн хэмжээнд өөрчлөгдсөн гэсэн үг юм. Энэ бол үнэхээр хүн чанартай хүмүүсийн зөв бурууг ялгах илрэл юм.
Зөв бурууг ялгаж чаддаггүй хүмүүс бас үнэнийг хүлээн авахыг хүсэж, авралыг эрэлхийлэхэд бэлэн байж болох ч ямар нэгэн зүйлтэй тулгарах үедээ үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй. Тэд завхарсан зан чанараараа амьдарсаар, өөрийн мэдэлгүй байнга Бурханд тэрсэлж, Бурханыг эсэргүүцэж байдаг. Тэд арван жилийн өмнө Бурханд ингэж тэрсэлдэг байсан бөгөөд арван жилийн дараа ч ингэж тэрсэлсээр л байдаг. Тэд үнэнийг хүлээн авдаг ч үгүй, хэрэгжүүлдэг ч үгүй. Үүнд хоёр шалтгаан бий: Нэг талаар, тэд үнэн гэж юу болохыг огт ойлгодоггүй, зүгээр л өөрсдийнхөө үндэслэл, өөрсдийнхөө үг хэллэг, өөрсдийнхөө үзэл бодолтой зууралддаг. Нөгөө талаар, тэд бол үнэнийг хүлээн авдаг хүмүүс огт биш. Арван жилийн өмнө тэд Бурханд яаж тэрсэлдэг байсан, арван жилийн дараа ч яг тэр хэвээрээ, огт өөрчлөгдөөгүй байдаг. Тэд Бурханд хэчнээн олон жил итгэсэн нь хамаагүй, үнэнийг хүлээн авч, Бурханыг дуулгавартай дагасан гэрчлэл тэдэнд байдаггүй, махан бие болон завхарсан зан чанараасаа урвасан гэрчлэл бүр ч байдаггүй. Энэ нь тэд үнэнийг хүлээн авдаг хүмүүс биш гэдгийг харуулж байна. Ийм хүмүүс бол зөв бурууг ялгадаг хүмүүс биш юм. Тэднийг хүн чанартай хүмүүс биш гэж ч хэлж болно–шулуухан хэлэхэд, тэд бол хүн биш. Зарим хүн энэ үгийг сонсоод зүрх сэтгэлдээ үнэмшдэггүй. Тэд: "Би Бурханд арав гаруй жил итгэж, үүргээ үргэлж гүйцэтгэсээр ирсэн. Зүгээр л би хааяа зарим нэг алдаа гаргаж, бага зэрэг засалт туулдаг. Энэ маш хэвийн биш гэж үү? Хүн бүр завхарсан зан чанартай; алдаа гаргадаггүй хэн байна вэ? Ямартай ч би бол жинхэнэ итгэгч. Та яаж намайг хүн чанаргүй гэж хэлж чадаж байна аа?" гэдэг. Чи жинхэнэ итгэгч мөн гэдэг нь үнэн, гэхдээ жинхэнэ итгэгч байна гэдэг нь чи үнэнийг хүлээн авч чадна гэсэн үг үү? Жинхэнэ итгэгч байна гэдэг нь чи махан биеэсээ урваж чадна, дур зоргоороо авирлахгүй гэсэн үг үү? Жинхэнэ итгэгч байна гэдэг нь чи Бурханыг дуулгавартай дагаж чадна гэсэн үг үү? Тийм биш. Жинхэнэ итгэгч байх нь бүх зүйл биш бөгөөд чи аврал хүртэж чадна гэсэн үг биш. Аврал хүртэх нь хүн чанар чинь үнэнийг хүлээн авч чадах эсэхээс, чи зөв бурууг ялгаж чадах эсэхээс үндсэндээ хамаардаг. Жинхэнэ итгэгч байх нь хүмүүс эцэстээ аврал хүртэх хамгийн чухал нөхцөл биш, үндсэн нөхцөл ч биш юм. Чи өөрийгөө жинхэнэ итгэгч гэж хэлдэг ч хэр их үнэнийг ойлгож, олж авсан бэ? Бурханы гэрийн ашиг сонирхлыг чи хэдэн удаа хамгаалсан бэ? Хэрвээ чи өөрийгөө жинхэнэ итгэгч, мөс чанар, хүн чанартай, жинхэнэ хүн мөн гэж боддог бол, яг ижил явдал дээр арван жилийн өмнө Бурханд тэрсэлж байсан бол одоо ч Бурханд тэрсэлдэг хэвээр байх боломжтой юу? Чи өөрчлөгдсөн үү? Чи махан биеэсээ урвасан уу? Хэрвээ чи махан биеэсээ урваагүй бол дараагийн арван жилд урваж чадах уу? Чи махан биеэсээ урваж чадахгүй хэвээр бөгөөд Бурханд тэрсэлсээр байж чаддаг бол чиний хүн чанарт асуудал байгааг энэ нь харуулж байна. Чи үнэнийг хэрэгжүүлж чаддаггүй, тиймээс чи өөрийгөө жинхэнэ итгэгч гэж хэлсэн ч гэсэн энэ нь нэмэргүй. Чи зовж, төлөөс төлөхөд бэлэн, бүхнээ зориулан үүргээ гүйцэтгэхэд бэлэн гэж хэлдэг ч ингэж бэлэн байх нь үнэ цэнгүй. Энэ нь зүгээр л үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж чаддаг байхын чинь урьдач нөхцөл боловч эцэстээ үүнийг хэрэгжүүлж чадах эсэх чинь чамд хүн чанар байгаа эсэхээс хамаарна. Хэрвээ зүрх сэтгэл чинь завхарсан зан чанараа үүрд хазаарлаж, хянаж чадахгүй, чи өөрийнхөө ашиг сонирхлыг хамгаалахаар сонгож, эерэг зүйлсийн оронд сөрөг зүйлсийг сонгодог бол энэ нь хүн чанар чинь үнэнийг хайрладаггүй, завхарсан зан чанараа хянах чадваргүй гэдгийг харуулж байна. Хэрвээ чи үнэнийг ойлгодоггүй байхдаа завхарсан зан чанарынхаа илрэлийг хянах чадваргүй байсан бол үүнийг уучилж болно. Гэвч одоо бол өөр. Чи үнэний тухай номлолыг олон жил сонссон хэр нь завхарсан зан чанараа хазаарлаж чаддаггүй хэвээр байгаа тул ямар нэгэн зүйлтэй тулгарах үедээ үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлж, зөв сонголт хийж чаддаггүй. Ёрын муу хүмүүс чуулганы ажлыг үймүүлж байгааг чи тодорхой хардаг хэр нь өндийн босож Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаггүй. Гэвч хэн нэгэн чиний ашиг сонирхолд хор хөнөөл учруулах үед чи ашиг сонирхлоо хамгаалахын тулд чадах бүхнээ хийдэг. Энэ нь зөв зам, хэрэгжүүлэлтийн зарчмыг сонгоход чинь чамайг зохицуулж, хазаарлах мөс чанар, эрүүл ухаан хүн чанарт чинь байхгүйг хангалттай нотолдог. Хэрвээ чи ийм эрүүл ухаангүй зүйл хийдэг хэр нь өөрийгөө хүн гэж хэлсээр байдаг бол мөс чанар, эрүүл ухаан чинь цаашид ажиллахаа больсныг энэ нь харуулж байна. Тэгвэл чи хэвийн хүн биш, учир нь чиний хүн чанарт мөс чанар, эрүүл ухаан байхгүй, мөн чамд зөв сонголт хийх боломж олгох юу ч байхгүй. Ойлгов уу? Зарим хүн: “Миний биеийн хэмжээ одоо жижиг байна. Гэр бүлийн орчин, хүмүүжлээсээ болоод би дураараа, өөрийгөө өөгшүүлдэг, бардам зантай. Гэхдээ бодит амьдрал дээр би ямар зүйл эерэг, ямар нь сөрөг болохыг мэддэг, юу хийх ёстой, юу хийх ёсгүйгээ мэддэг. Зүгээр л миний биеийн хэмжээ жижиг, мөн намайг гэгээрүүлж, хяналт тавьж, шавдуулах үнэнийг ойлгодог хүн байгаагүй учраас би үнэнийг хэрэгжүүлээгүй, зарим нэг гэм буруу үйлдсэн бөгөөд дотроо бага зэрэг харамсаж байна” гэж хэлдэг. Бодит амьдрал дээр ийм хүмүүс зөв замаар явахын тулд мөс чанараа ашиглан биеэ авч явах байдлаа зохицуулж, өөрсдийгөө хазаарлаж чаддаг. Тэд бол аврагдаж чадах хүмүүс юм. Учир нь тэд үнэнийг хүлээн авч чаддаг, зарим үнэнийг хэрэгжүүлж чаддаг, зарим нэг өөрчлөлтийг гаргасан байдаг. Зүгээр л тэдний ахиц дэвшлийн хурд дунджаас арай удаан, өсөлт нь арай бага цар хүрээтэй байдаг ч тэд өөрчлөгдөж байгаа. Яг л зарим үр сайн хөрсөнд хурдан ургадаг, харин зарим нь элс юм уу хадны завсар илүү удаан, илүү хүндрэлтэйгээр ургадагтай адилхан; гэхдээ тэдгээрт амь л байвал ургах болно. Хүмүүсийн хувьд ч бас адилхан. Тэдний хүн чанар хүмүүст байх ёстой мөс чанар, эрүүл ухааныг эзэмшсэн л бол энэ нь тэдэнд хүний амь байгааг баталдаг–тэд үнэнийг хүлээн авсныхаа дараа өөрчлөгдөх болно. Хэдийгээр өөрчлөлт нь удаан–бусад хүн арван жилийн дотор маш их ахиц дэвшил гаргадаг байхад тэд хорь, гучин жилийн дотор бага зэрэг л ахиц гаргадаг байлаа ч удаан байхаас үл хамааран тэд эерэг чиглэлд хөгжиж, өөрчлөгдөж байгаа, амь нь тасралтгүй өсөж байгаа. Тэд хэр хурдан эсвэл удаан өсөх нь хамаагүй, ийм хүмүүс хүн чанарын шинж чанартай байдаг. Гэвч Бурханд олон жил итгэсэн хэр нь амийн өсөлт огт гаргаагүй өөр нэг төрлийн хүн байдаг. Хэн үнэний талаар нөхөрлөх нь хамаагүй, тэрээр зэвүүцдэг бөгөөд сонсохыг хүсдэггүй. Бурхан ямар ч орчин бүрдүүлсэн бай, тэр үнэнийг эрж хайдаггүй, үүнээс сургамж авч чаддаггүй, үүнээс эерэг удирдамж, тусламж авч чаддаггүй. Тэр зүрх сэтгэлдээ эерэг зүйлсийг зэвүүцдэг. Түүний хүссэнээ хийдэг зан чанар, амьдралын хэв маяг нь хэзээ ч өөрчлөгдөөгүй. Ийм хүн бол мөс чанар, эрүүл ухаангүй хүн юм. Тэр бол хүн биш–тэрээр хүн-бус. Намайг ингэж тайлбарлахаар та нарт улам тодорхой, илүү ойлгомжтой болж байна уу? (Тийм.)
Өөр нэг төрлийн хүн байдаг: Тэр Бурханд итгэх нь сайн гэдгийг мэддэг ч эерэг болон сөрөг зүйлс гэж юу болохыг ойлгодоггүй; түүнчлэн тэр үг, үйлдлээ зохицуулж, хазаарлахын тулд мөс чанараа огт ашигладаггүй. Ийм хүмүүсийг ялган танихад илүү хялбар байдаг. Тэд эерэг зүйлсийг огт хайрладаггүй, аливаа зүйлийн утга учрыг ч ойлгоход ч дөхөж очихгүй. Энэ бүхэн тэдний хувьд холион бантан байдаг. Хэрвээ чи тэднээс эерэг зүйл гэж юу болохыг асуувал тэд хоосон сургаалын үүднээс ярьж, Бурханы хэлдэг, хийдэг бүхэн эерэг зүйлс гэж хэлнэ. Тэдний хэлдэг зүйл нэлээд сайхан сонсогддог ч ямар нэгэн зүйлтэй тулгарах үедээ тэдгээрийг Бурханы үгтэй холбож, эсвэл ялган таньж чаддаггүй; тэдний оюун ухаан бантан шиг болж, тэд мунгинаж, юуны ч талаар тодорхой ойлгодоггүй. Хэрвээ чи тэднээс Бурханд энэ олон жил итгэхдээ ямар үнэнийг олж авсныг нь асуувал тэд: “Бурхан бүх зүйлийг захирдаг, хүний төлөө Бурханы хийдэг бүхэн сайн, Бурхан хүнийг хайрладаг. Сатан Бурханыг эсэргүүцдэг, Сатан хүнийг хорлож, хавчиж, хүчирхийлдэг” гэж хэлдэг. Хэрвээ чи тэднээс өөр юу олж авсныг нь асуувал тэд: “Бид үүргээ сайн гүйцэтгэж, илүү их зовж, илүү их төлөөс төлөх ёстой” гэж хэлдэг. Тэгээд чи тэднээс үүргээ гүйцэтгэхдээ ямар зарчим баримтлах ёстойг асуувал тэд: “Бид дээд удирдлагын хэлсэн бүхнийг сонсож, шаардсан бүхнийг нь хийх ёстой. Ажил нь заваан, ядаргаатай байсан ч гэсэн бид ажлаа сайн хийх ёстой; бид саад болж, үймүүлэх юм уу төвөг удах ёсгүй. Бид хүн бүрд болон Бурханы гэрт ашиг тустай зүйл хийх ёстой” гэж хэлдэг. Тэдний ярьдаг эдгээр хоосон сургаал бүгд зөв, тэдгээрт ганц ч буруу үг байхгүй. Гэвч ямар нэгэн зүйлтэй тулгарах үедээ тэд зарим нэг гажууд, мунхаг үзэл бодлоос өөр юу ч харуулдаггүй бөгөөд хэчнээн олон удаа засаж залруулахаас үл хамааран тэд өөрчлөгдөж чаддаггүй. Ийм хүмүүс ямар гээчийн өөдгүй амьтад вэ? (Тэд бол мунхаг хүмүүс.) Мунхаг хүмүүс хүн мөн үү? (Биш.) Мунхаг хүмүүс юу вэ? (Араатан.) Боловсон үг нь “амьтан”, харин ярианы хэллэг нь “араатан” юм. Тэд хэчнээн олон номлол сонссон ч үнэн гэж юу болохыг, эерэг зүйлс гэж юу болохыг, эсвэл сөрөг зүйлс гэж юу болохыг ойлгодоггүй. Тэд Бурханд тэрсэлдэг хэчнээн олон зүйл хийсэн ч зүрх сэтгэлдээ үүнийгээ огт мэддэггүй бөгөөд өөрсдийгөө төрөлхийн сайхан сэтгэлтэй, өрөвч зүрх сэтгэлтэй гэж бодсоор байдаг. Тэд хэн нэгний зовж байгааг харах үедээ зүрх сэтгэлдээ шаналж, түүний оронд зовохыг хүсдэг. Тэд идэх хоолгүй, өмсөх хувцасгүй хэн нэгнийг харах үедээ өөрсдийнхөө хувцас, хоолыг түүнд өгөхийг хүсдэг. Хүн төрөлхтний завхралыг илчилсэн Бурханы үгийг хэчнээн ихийг сонссон ч өөрсдийгөө маш сайн, бусдаас илүү дээр гэж бодсоор байдаг. Тэд хэчнээн олон буруу зүйл хийсэн ч хаана буруутсанаа мэддэггүй, завхарсан зан чанартай гэдгээ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй. Хэрвээ чи тэднээс “Чи завхарсан хүн мөн үү? Завхарсан зан чанартай юу?” гэж асуувал тэд: “Тийм ээ, мөн. Хүн бүрд завхрал байдаг, надад яаж байхгүй байх юм бэ? Чи мунхаг үг хэлж байна!” гэдэг. Тэд бүр чамайг мунхаг гэж дууддаг. Гэвч тэд ямар нэг буруу зүйл хийх үедээ үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, тэр ч байтугай бусдад буруугаа чихдэг. Тэд ямар ч буруу зүйл хийсэн үүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд хэчнээн ноцтой муу үйл үйлдсэн ч өөрсдийгөө зөвтгөх шалтаг, шалтгаан үргэлж олдог. Ийм хүмүүст ямар нэгэн эрүүл ухаан байна уу? Тэд зөв бурууг ялгаж чаддаг хүмүүс мөн үү? (Тэд ямар ч эрүүл ухаангүй, зөв бурууг ялгаж чаддаггүй.) Тэд өдөр бүр маш их хүчин чармайлт гаргаж, үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл номлол сонсож, Бурханы үгийг уншдаг мэт харагддаг ч үнэний ганц ч өгүүлбэрийг ойлгож чаддаггүй, үнэн-зарчимд нийцэх ганц ч зүйл хийж чаддаггүй, үнэнд нийцэх ганц ч үг хэлж чаддаггүй. Үнэнд нийцэлтэй үг хэлэх нь бүү хэл тэд хүн чанарын мөс чанар, эрүүл ухаанд нийцэх ганц ч үг хэлж чаддаггүй; тэд зөвхөн мунхаг, утгагүй үг хэлж, гажууд маргаан л өрнүүлдэг. Ийм хүмүүс мөс чанар, эрүүл ухаантай байх өдий; тэд бол зүгээр л гажууд үндэслэлээр дүүрэн мунхаг хүмүүс юм. Олон номлол сонссоныхоо дараа тэд зарим сүнслэг үгийг хэлж чаддаг. Сүнслэг үг хэлэхийг нь сонсох үедээ чи тэднийг нэлээд чадварлаг, уран цэцэн гэж боддог ч асуудал зохицуулах үед нь мунхаг, бас утгагүй болохыг нь олж хардаг. Тэд гажууд маргаан өрнүүлэх үедээ чамайг хэлэх үггүй болгож чаддаг. “Хэлэх үггүй болгох” гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ нь хүн ийм утгагүй үг хэлж чадна, эсвэл ийм сэтгэлгээтэй байж чадна гэж чи төсөөлж ч чадахгүй, энэ нь чиний хувьд зүгээр л санаанд багтамгүй зүйл бөгөөд эцэст нь чи түүнд зөвхөн чимээгүй байдлаар л хариу өгч чадна, энэ нь түүнтэй харьцах хамгийн сайн арга зам гэсэн үг юм.
Хүн мөн бол, хэвийн хүн чанартай бол зөв бурууг ялгаж чаддаг байх нь нэн чухал. Хүн Бурханы үгийн хангалтыг хүлээн аваагүй, үнэнийг ойлгоогүй байх үедээ мөс чанар, эрүүл ухаанаа ашиглан зарим энгийн эерэг болон сөрөг зүйлсийг ойлгож чаддаг. Бодит амьдрал дээр тааралддаг зарим эерэг болон сөрөг зүйлийн тухайд хүн ялгаж салгах, танин мэдэх тодорхой чадвартай байдаг. Хүний наад захын суурь мэдлэгт багтдаг зүйлс, хүний оршин тогтнох хууль, байнга таардаг зарим хүн, үйл явдал, зүйлийн талаар тэд тодорхой хэмжээний ялган таних чадвартай байдаг. Тэр бол мунгинасан байдлаар амьдардаг хүн биш, харин хүний ертөнц дэх эерэг болон сөрөг зүйлсийн тухайд ялгаж салгах, танин мэдэх чадвартай бөгөөд мэдээж эдгээр зүйлийн талаар тодорхой бодол, байр суурь, зөв хандлагатай байдаг. Гучин наснаас хойш ийм хүмүүс амьдралын янз бүрийн хэрэг явдалтай аажмаар тулгарч эхэлдэг. Тэд Бурханы үгийг уншаагүй, эсвэл Бурханы үгийн хангалтыг хүлээн аваагүй байсан ч тавь, жар хүрэх үедээ ямар зүйл эерэг, ямар нь сөрөг болохыг аажмаар ухаарч, улмаар өөрсдийн ухамсарлаж чадах тэрхүү эерэг зүйлсийн дагуу амьдарч, эерэг зүйлсийн зарим хуулийг даган мөрдөж чаддаг. Зарим сөрөг зүйлийн хувьд тэд тэдгээрийг ялган таньж чадахаас гадна зүрх сэтгэлийнхээ гүнээс тэдгээрээс зай барьж чаддаг. Тэд ертөнцийн чиг хандлага, эсвэл хүмүүсийн дунд эргэлддэг ертөнцийн гүн ухаан, үг хэллэгийг дагахаас өөр аргагүй болох үедээ мөс чанарынхаа эсрэг явж байна гэдгээ мэдэрдэг бөгөөд мөс чанар нь тэднийг зэмлэдэг. Зүрх сэтгэлийнхээ гүнээс тэд ийм үзэл бодлыг хүлээн авдаггүй; тэд зөвхөн амьд үлдэхийн тулд, эсвэл түр зуурын ашиг тусын тулд л ингэж үйлддэг. Эдгээр зүйлийг хийх нь тэдний анхны санаа зорилго биш; харин энэ нь хүсэл зоригийнхоо эсрэг хийсэн сонголт юм. Ийм хүмүүс Бурханд итгэснийхээ дараа хүний амьдрал, оршин тогтнолтой холбоотой гэх мэт бүх төрлийн асуудлын талаар Бурханы үг яг юу хэлдэг, хүний амьдрал дахь хүнд хэцүү асуудлуудын талаарх Бурханы үнэн зөв мэдэгдэл яг юу болох, мөн тэдгээртэй тулгарах үедээ яг юу хий гэж Бурхан хүмүүсээс шаарддагт илүү их санаа тавьдаг. Тэд эдгээр асуултын хариуг хүсдэг. Хариулт авах үедээ тэд Бурханы үгийн дагуу хэрэгжүүлэх нь хэтэрхий хэцүү, эсвэл хүн чанарын хэрэгцээтэй хэтэрхий зөрчилддөг гэж боддоггүй. Харин ч эдгээр үнэн л зөв зам, хүмүүсийн эзэмшиж, хүрэх ёстой зүйл, хүмүүсийн амьдралд байх ёстой төрх гэж боддог. Хэрвээ хүмүүс ийм маягаар амьдарвал энэ нь тэдний мөс чанар, хүн чанарын хэрэгцээг үнэхээр хангаж чадна, ингэж амьдарснаар л тэд хүсэл зоригийнхоо эсрэг явахгүй, тэгсэн цагт л тэд ул суурьтай байж, баяр хөөртэй, амар амгалан байж чадна гэж тэдэнд санагддаг. Тэгсэн цагт л хүмүүст найдвар төрж, цааш амьдрахыг хүснэ, тэгсэн цагт л тэд янз бүрийн ёрын муу хүч, янз бүрийн ёрын муу чиг хандлага болон хүн төрөлхтний амьдарч буй хий хоосон байдлаас ангижирч чадна гэж тэдэнд бас санагддаг. Зүрх сэтгэлийнх нь гүн дэх мөс чанарын нөлөөгөөр тэд Бурханы үгэн дэх янз бүрийн айлдвар, сургаал болон хангалтыг таашааж, зүрх сэтгэлийнхээ гүнээс тэдгээрийг хүлээн авдаг. Тэд үнэнийг олж авахаар эрэлхийлэх хүсэлтэй байдаг. Түүгээр ч барахгүй, Бурханы үг улам бүр илэрхийлэгдэж, Бурханы үгийн хангалт улам бүр бодит, дэлгэрэнгүй болохын хэрээр үнэнийг болон эерэг зүйлсийг хүсэн эрмэлзэх тэдний хүсэл улам бүр хангагддаг. Тэд сонсох тусмаа улам тайван бус болж, үүнийг хэтэрхий дэлгэрэнгүй гэж үзэж, эсвэл улам бүр мунгинадаг юм биш. Харин ч эсрэгээрээ, сонсох тусам юмс илүү тодорхой болж, өөрсдөө аливааг нэвт харж чадна, замтай боллоо гэж тэдэнд улам бүр санагддаг. Өөрсдөд нь найдвар байна, гэрлийг харж байна, үнэнийг хэрэгжүүлж, авралд хүрэх зам байна гэж тэд боддог. Тэдний зүрх сэтгэл улам бүр ул суурьтай болж, Бурханд итгэх зам зөв бөгөөд Бурханд итгэхдээ өнөөдрийг хүртэл өдөр бүр төлсөн төлөөс, зарлагадсан эрч хүч, зүрх сэтгэлийн цус нь бүгд үнэ цэнтэй, утга учиртай байсан гэдгийг улам бүр мэдэрдэг. Энэ нь тэдний зүрх сэтгэлийн гүнд батлагддаг. Хэдийгээр тэдний хүсэл биелж, үнэнийг хүсэн эрмэлзэх нь тодорхой хэмжээнд ханасан ч үнэнийг үнэхээр хүсэн эрмэлздэг хүмүүс шийдвэр гаргаж, төлөвлөгөө гарган, үнэний бүх талыг хэрэгжүүлж, тэдгээрт орохыг, Бурханы үг, янз бүрийн үнэн-зарчим болон Бурханы янз бүрийн шаардлагыг хэрэгжүүлэхийг өөрсдөөсөө шаардаж, Бурханы үгийг бодит амьдрал дээрх үйлдэл болон биеэ авч явах байдлынхаа шалгуур, мөн амь-бодит байдлаа болгодог. Өмнө нь тэд үнэнийг ойлгодоггүй байх үедээ зарим бичиг үсэг, хоосон сургаалыг л ярьж чаддаг байв. Тэд ямар нэг зүйлтэй тулгарах үедээ сохор хүмүүс заан тэмтэрдэг сургаалт үлгэрт гардаг шиг зөвхөн өрөөсгөл үзэл бодолтой байсан; тэд асуудлын мөн чанарыг харж чаддаггүй, юу хийхээ мэддэггүй байсан. Амьдрал маш уйтгартай, чармайн зүтгэх зорилгогүй, найдваргүй мэт тэдэнд санагдаж, тэд мунгинаж амьдардаг байсан. Гэхдээ одоо өөр. Бурханы үг улам бүр тодорхой хэлэгдэж, үнэн улам бүр тодорхой нөхөрлөгдөж байна. Зам улам гэрэлтэй, тодорхой болж байгааг, урагшлах зам байгааг тэд мэдэрдэг. Мөн хэлж буй бүх үг, хийж буй бүх зүйл, тааралдаж буй бүх хүнийхээ хувьд Бурханы үгийг тэд дагаж мөрдөх үндсээ болгодог. Бурханы үг маш бодит, маш сайн гэж тэдэнд санагддаг бөгөөд Бурханд итгэх нь зөв зам, Бурханд итгэх нь авралд хүргэж чадна, ийм маягаар Бурханд итгэх нь хүний төрхийг амьдран харуулах боломжийг өөрсдөд нь олгоно, энэ нь маш их утга учиртай, үнэ цэнтэй гэдгийг тэд баталгаажуулсан! Үнэнийг хүсэн эрмэлзэж, хэрэгжүүлэхийн зэрэгцээ тэд бас эдгээр үнэнд тасралтгүй орж, тасралтгүй сайн ургац хураадаг. Мөс чанар, хүн чанарынх нь эерэг зүйлсийг гэх хүсэл эрмэлзэл, хэрэгцээ хангагдахын хэрээр тэдний амь бас аажмаар өөрчлөгдөж байна. Хэдийгээр тэд завхарсан зан чанараа байнга харуулж, Бурханы эсрэг тэрсэлж, аливаа зүйлтэй тулгарах үедээ өөрийн эрхгүй завхарсан зан чанар, махан бие, мунхаг, эндүү ташаа бодол санаа, үзэл бодлынхоо дагуу байнга үйлддэг боловч үүний зэрэгцээ нэг сайн үзэгдэл бас байдаг: Тэднийг ингэж үйлдэх үед мөс чанар нь байнга тайван бус болдог бөгөөд завхарсан зан чанар нь гүн үндэслэсэн, өөрчлөхөд хэцүү гэдгийг тэд мэдэрдэг. Тэгээд мөс чанарынхаа нөлөөгөөр тэд зүрх сэтгэлдээ байнга зэмлүүлж, буруутайгаа мэдэрч, харамсдаг. Тэд яг хаана буруутсанаа байнга эргэцүүлж, байнга гэмшдэг. Энэ бүхэн бол мөс чанарын үр нөлөө юм. Хэрвээ хүмүүс мөс чанартай бол ийм мэдрэмж, ийм илрэлтэй байх болно; хэрвээ хүмүүс мөс чанартай бол ингэж амьдарч, өөрсдийгөө байнга эргэцүүлж, байнга гэмшиж, буруу замаасаа буцах болно. Хэдийгээр тэд байнга бүтэлгүйтэл, ухралттай тулгарч, буруу зүйл хийснийхээ төлөө байнга засалт, шүүлт, гэсгээлттэй тулгардаг ч байнга гэмшиж, өөрчлөгддөг учраас үнэнийг эрэлхийлэх зорилго нь хэвээр үлддэг бөгөөд эцэст нь тэд сайн үр дүнд хүрч, сайн ургац хураах болно. Тэд байнга зэмлүүлж, буруутайгаа мэдэрдэг бөгөөд байнга буруу замаасаа буцаж, гэмшдэг. Энэ бол сайн үзэгдэл–энэ нь тэд хэдийнээ зөв замд орсныг харуулдаг бөгөөд эцэст нь тэд бодитой ололттой байх болно. Нэг талаар, тэдний завхарсан зан чанар бага зэрэг буурч, Бурханы эсрэг тэрслэх нь багассан. Өмнө нь тэд үзэлтэй нь нийцэхгүй зүйлтэй тулгарах үедээ гомдоллодог байсан бол одоо гомдоллохоо больж, үнэнийг эрж хайж чаддаг болсон; Бурханд болон Бурханы ажилд үзэл, төсөөлөлдөө үндэслэн хандах нь утгагүй, инээдтэй, буруу гэдгийг тэд мэддэг. Үүнээс гадна, өмнө нь тэд бэрхшээлтэй тулгарах үедээ сөрөг болдог байсан бол одоо сөрөг болохоо больсон; тэд бэрхшээлд зөв хандаж, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж чаддаг. Хэдийгээр тэд заримдаа сөрөг болдог ч энэ нь үүргээ гүйцэтгэхэд нь нөлөөлдөггүй, тэд үүрэгтээ бүхнээ зориулдаг болсон. Ингэх нь зөв гэдгийг мөс чанар нь тэдэнд хэлнэ. Тэд ингэж үйлдэх үедээ зүрх сэтгэлдээ амар амгалан байж, буруутгагдах мэдрэмж төрөхгүй бөгөөд ингэж үйлдэх ёстойгоо улам бүр мэдрэх болно. Тэд ингэж хэрэгжүүлэх тусмаа бүх зүйл дээр үнэнийг эрж хайж, хэрэгжүүлэхийн чухлыг улам бүр ухаарч, үнэнийг эрж хайж, үнэн-зарчмын дагуу хэрэгжүүлэх ёстойг, энэ зам зөв бөгөөд ингэж хэрэгжүүлэх нь ололт авчирдаг гэдгийг улам бүр мэдэрдэг. Хүмүүс ийм ололттой байх үедээ Бурхантай харилцах харилцаа нь өөрчлөгдөж, өөрсдийнх нь доторх амь өөрчлөгдөж, завхарсан зан чанар нь давамгай байдлаа улам бүр алдаж, өөрсдөө эдгээр зан чанарт баригдаж, хазаарлагдах нь багасаж байгааг олж хардаг; үнэнийг эрэлхийлэх хүсэл, үнэнийг гэх эрмэлзэл нь улам хүчтэй болж, үнэнийг хэрэгжүүлж, завхарсан зан чанараа ялан дийлэх хүч чадал нь ч бас нэмэгдэж байгааг тэд олж хардаг. Ийм маягаар хүмүүст нэг төрлийн мэдрэмж төрнө, энэ нь завхарсан зан чанараа хаяж, авралд хүрэх найдвар өөрсдөд нь байгаа, өөрсдийнх нь алхаж буй зам зөв бөгөөд үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж, дуулгавартай дагах нь зөв гэсэн мэдрэмж юм. Энэ бол хүн чанарын мөс чанар, эрүүл ухаантай хүмүүсийн үнэнд ханддаг хандлага юм. Энэ бол хүмүүс үнэнийг аажмаар хүлээн авах үедээ гаргадаг илрэл юм. Энэ бол хамгийн хэвийн илрэл. Ийм илрэл гаргадаггүй хүмүүсийн хувьд мөс чанар нь ямар ч зохицуулах үүрэг роль гүйцэтгэж чаддаггүй–энэ бол хамгийн наад захын зүйл. Хэрвээ чи мөс чанартай бол мөс чанар чинь гарцаагүй зохицуулах үүрэг роль гүйцэтгэнэ. Хэрвээ мөс чанар чинь зохицуулах үүрэг роль гүйцэтгэж чадахгүй бол чиний тэр мөс чанар бол мөс чанар биш–чи мөс чанаргүй. Хэрвээ хүмүүс мөс чанартай бол зөв бурууг ялгаж, эерэг зүйлсийг сөрөг зүйлсээс ялгаж чадна, эерэг зүйлсийг сонгож, сөрөг зүйлсийг хаях болно. Хэрвээ хүмүүс мөс чанартай, зөв бурууг ялгаж чаддаг бол үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж, дуулгавартай дагах сонголт хийж, үнэн-зарчмын дагуу үйлдэх болно. Хэрвээ тэд энэ удаад үнэнийг хэрэгжүүлэхгүй бол мөс чанар нь тэднийг зэмлэнэ, дараагийн удаа үнэнийг хэрэгжүүлэхгүй бол тэд дахиад л зэмлүүлнэ. Хэрвээ чи мөс чанарын мэдрэмжтэй, зөв бурууг ойлгодог бол маш олон үнэнийг сонсчихоод ахин дахин буруу зүйл хийх үед мөс чанар чинь чамайг бүр ч их зэмлэж, буруутгах бөгөөд чи мөс чанарынхаа мэдрэмжид захирагдаж, зөв сонголт хийж чадна. Зарим хүн: “Буруу зүйл хийх үед миний мөс чанар ч бас намайг зэмлэдэг, гэхдээ арав, хорин жил зэмлүүлсний дараа ч би үнэнийг хэрэгжүүлэхээр сонгохыг хүсдэггүй хэвээр байна” гэж хэлдэг. Тэгвэл чиний тэр мөс чанар бол мөс чанар биш гэж Би хэлнэ. Чи мөс чанартаа зэмлүүлдэг гэж хэлдэг ч олон жилийн турш буруу замаасаа буцаж, эсвэл гэмшиж чадаагүй бөгөөд чиний мөс чанар гэгч зөв замыг сонгохыг чинь зохицуулж чадаагүй байна. Тэгэхээр чиний мөс чанар бол мөс чанар биш бөгөөд чи хүн чанаргүй юм. Чи: “Би зөв, буруу юу болохыг мэднэ–Та яагаад намайг мөс чанаргүй гэж хэлж чадаж байна аа?” гэдэг. Энэ нь чиний зүрх сэтгэл хэтэрхий гөжүүд, мөс чанар чинь ажиллахаа больсон гэсэн л утгатай. Хэрвээ чи үнэхээр хүн чанарын мөс чанартай бол буруу зүйл хийж, мөс чанартаа зэмлүүлэх үедээ хүн чанар чинь эерэг зүйл рүү хандах хандлагатай байх бөгөөд мөс чанар чинь дотроос чинь чамайг буруутгаж, “Энэ буруу, энэ үнэхээр хүн чанаргүй хэрэг!” гэж хэлнэ. Хэрвээ мөс чанар чинь чамайг үргэлж ингэж зэмлэдэг бол үүнийг мэдрэхгүй байхын тулд чи ямар хүн байх ёстой вэ? Мөс чанаргүй хүмүүст л энэ мэдрэмж байдаггүй. Хэрвээ чи үнэхээр мөс чанартай бол мөс чанартаа зэмлүүлэх үедээ гөжүүд хэвээр байж чадах уу? Хэрвээ чи: “Би арав, хорин жил зэмлүүлсэн ч ямар нэг онцгой зүйл мэдрээгүй” гэж хэлбэл мөс чанартай хүн биш юм. Тийм биз дээ? (Тийм.) Чи мөс чанаргүй хэр нь өөрийгөө хүн чанартай гэж хэлдэг–энэ нь хүмүүсийг мэхэлж байгаа хэрэг биш үү? Хэрвээ чи хүн чанартай бол яаж мөс чанаргүй байж чадах юм бэ? Хэрвээ чи мөс чанаргүй бол хүн чанаргүй юм байна. Хүн чанаргүй байхын нэг шинж тэмдэг бол ямар зүйл эерэг, ямар нь сөрөг болохыг ойлгодоггүй явдал юм. Чи өөрийгөө мөс чанартай гэдэг, тэгвэл яагаад зөв бурууг ялгаж чаддаггүй юм бэ? Чи маш олон номлол сонссон, тэгвэл яагаад үнэнийг эрэлхийлэхийг хүсэн эрмэлздэггүй юм бэ? Чи: “Миний зүрх сэтгэл үнэнийг эрэлхийлж, үнэнийг хэрэгжүүлэхэд бэлэн байна” гэж хэлдэг–тэгвэл чи ямар үнэнийг хэрэгжүүлсэн бэ? Нотлох баримт нь хаана байна? Хэрвээ зүрх сэтгэл чинь үнэнийг хайрлаж, үнэнийг эрэлхийлэхэд бэлэн байгаа юм бол чи яагаад үнэнийг хэрэгжүүлдэггүй юм бэ? Энэ нь хүмүүсийг мэхэлж байгаа хэрэг биш үү? Энэ нь яг л мэхлэгчийн худал үгтэй адилхан биш үү? Энэ нь яг л агуу улаан луутай адилхан бөгөөд агуу улаан луу хийж байгаа бүхэн нь ард түмэнд үйлчилж, тэднийг аз жаргалтай амьдруулахын төлөө гэж үргэлж тунхагладаг ч хүмүүсийг Бурханд итгэж, зөв замаар алхах үед улангасан баривчилж, хавчдаг. Энэ нь хүмүүст Бурханыг дагахыг зөвшөөрдөггүй, үнэнийг хүлээн авч, авралд хүрэхийг зөвшөөрдөггүй–зөвхөн Намыг дагаж, тушаалыг нь дуулгавартай дагахыг л зөвшөөрдөг, улмаар тэднийг тамд очиж, шийтгүүлэхэд хүргэдэг, энэ нь агуу улаан лууг баярлуулдаг. Тэгвэл “ард түмэнд үйлчилдэг” гэх агуу улаан лууны үг үнэн үү, худал уу? Сатан өөрийнх нь хийж байгаа зүйл хүмүүсийн ашиг тусын төлөө гэж үргэлж хэлдэг боловч хүмүүсийг үнэнээр хангаж чаддаггүй, хүмүүсийг амьдралын зөв зам руу хөтөлж ч чаддаггүй. Хүмүүст зөвхөн тэрс үзэл, төөрөгдлийг нэвтрүүлж, тэднийг садар самуун амьдралд ташуурч, ёрын муу замаар алхаж, ертөнцийг эрэлхийлж, алдар нэр, ашиг хонжоог эрэлхийлж, бие биетэйгээ тэмцэлдэж, нэг нэгнээ хорлоход хүргэдэг бөгөөд хүмүүст зөв замаар алхахыг зөвшөөрөлгүй, Бурханы хажуугаас хүмүүсийг булаан авдаг. Эцэст нь хүмүүс алдар нэр, ашиг хонжоог олж авдаг ч тэдний бие, сэтгэл бүрэн сүйрдэг; тэд Сатаны тэрс үзэл, төөрөгдлөөр дүүрч, зүрх сэтгэлд нь Бурхан байхгүй болж, хүн төрөлхтнийг Бурхан бүтээсэн гэдэгт итгэхээ больдог. Тэд Бурханыг үгүйсгэж эхэлдэг бөгөөд Түүнд дайсагнадаг. Сатан үүнийг хүний ашиг тусын төлөө хийж байна уу? Энэ нь хүмүүсийг хорлож, сүйрүүлж байгаа биш үү? Гэсэн ч зөв бурууг ялгаж чаддаггүй хүмүүс эдгээр зүйлийг нэвт харж чаддаггүй.
Зарим хүн: “Би хүн чанартай, зөв бурууг ялгаж чаддаг, ихэнх хүнээс илүү мөс чанартай” гэж хэлдэг. Тэгвэл өөрийгөө өнөөдрийн нөхөрлөсөн агуулгатай харьцуулаад, мөс чанартай эсэхээ, үнэнийг хүлээн авч, хэрэгжүүлж чадах эсэхээ, буруу зүйл хийх үедээ харамсаж, гэм буруутайгаа мэдэрдэг эсэхээ, үнэхээр гэмшиж, өөрчлөгдсөн эсэхээ хар. Хэрвээ чамд амь-оролтын эдгээр илрэл байхгүй бол Бурханд итгэж эхэлснээсээ хойш олон жилийн турш номлол сонссон ч мөс чанар чинь ажиллаагүйг энэ нь нотолж байна. Мөс чанар чинь ажиллахгүй байгаагийн цаад шалтгаан юу вэ? Энэ асуудлыг тайлбарлаж чадах ганцхан шалтгаан бий: Чи бол мөс чанаргүй хүн. Зарим хүн: “Хэдийгээр надад амь-оролт байхгүй ч би бүх үнэнийг ойлгодог” гэж хэлдэг. Хэрвээ чи үнэнийг ойлгодог юм бол яагаад хэрэгжүүлдэггүй юм бэ? Чи яагаад ямар ч оролтгүй байдаг юм бэ? Одоог хүртэл чиний амь яагаад өөрчлөгдөөгүй хэвээр байгаа юм бэ? Чи үнэнийг ойлгодог ч хэрэгжүүлдэггүй–мөс чанар чинь хаана байна. Зарим хүн бүр “Би Бурханд маш олон жил итгэсэн. Хэрвээ би мөс чанаргүй байсан бол ингэж ихийг хаяж, ингэж их зовж, ийм их төлөөс төлж чадах байсан гэж үү? Би үүргээ дуртайяа гүйцэтгэж чадах байсан гэж үү?” хэмээн маргадаг. Хэрвээ чи мөс чанартай юм бол маш олон үнэнийг сонссоны дараа мөс чанар чинь ямар үр нөлөө үзүүлсэн бэ? Чамайг хазаарлаж, үнэн-зарчмын дагуу үйлддэг болгож чадах уу? Энэ нь чиний зан авир, бодлыг захирч чадах уу? Чи маш олон жил номлол сонссон, олон хоосон сургаал ярьж чаддаг, маш их зовж, асар их төлөөс төлсөн–тэгвэл яагаад мөс чанар чинь зан авирыг чинь захирч, чамайг зарчмын дагуу үйлддэг болгож, зарчмыг зөрчихөөс чинь сэргийлэх үүрэг роль гүйцэтгэдэггүй юм бэ? Хэрвээ чи ийм их мөс чанар, хүн чанартай, маш олон үнэнийг ойлгосон юм бол яагаад тэдгээрийг хэрэгжүүлж чаддаггүй юм бэ? Чи яаж зарчмыг ил тод зөрчиж, чуулганы ажлыг ил тод үймүүлж чадаж байна аа? Хэрвээ чи мөс чанартай юм бол олон жилийн турш үүргээ гүйцэтгэсний дараа амь чинь өөрчлөгдсөн үү? Чи өөрчлөгдөөгүй бөгөөд чамд үнэний ямар ч оролт алга; энэ нь мөс чанаргүй гэдгийг чинь харуулж байна. Зарим хүн: “Хэрвээ би мөс чанаргүй байсан бол үүргээ гүйцэтгэж чадах байсан уу?” гэдэг. Чи үүргээ гүйцэтгээгүй; чи хөдөлмөрлөж байна. Хөдөлмөрлөхөд мөс чанар шаардлагагүй; бага зэрэг хүчин чармайлт гаргахад л хангалттай. Энэ нь чухамдаа энэ үгийг баталдаг: Хөдөлмөрлөдөг хүмүүс бол мөс чанаргүй хүмүүс юм; тэд амь-оролтыг, эсвэл үнэнийг эрэлхийлдэггүй, зөвхөн хөдөлмөрлөхөөр чармайж, хүчин чармайлт гаргахад бэлэн байдаг. Хөдөлмөрлөхийн онцлог шинж юу вэ? Зовлон зүдүүр туулж, төлөөс төлөхөд бэлэн байх, өөрийнхөө баяр баясгалан, чухал байдлын мэдрэмжийг хайх, зовлон зүдүүр туулж, төлөөс төлөхөөс үнэ цэнийг хайх, ерөөл хүртэх хүсэл болон Бурхантай наймаацах амбицаа хангахыг хичээх, зовлон, золиослолынхоо хариуд ерөөл олж авахыг хичээх явдал юм. Хэрвээ чи тэднээс ажилдаа хүчин чармайлт гаргаж, зовлон зүдүүр туулж, төлөөс төлөхийг шаардвал тэд үүнийг хийх эрч хүчээр дүүрэн байдаг; гэхдээ чи тэднээс зарчмын дагуу үйлдэж, үнэнийг хэрэгжүүлэхийг шаардвал тэд үлбийж, самгардаж, хэрхэн хэрэгжүүлэхээ мэддэггүй. Зарим хүнд бүр өөрөө хүнд байдалд орсон мэт санагдаж, “Надаас хүчин чармайлт гаргаж, зовлон зүдүүр туулж, төлөөс төлөхийг шаардах юм бол зүгээр. Би хэчнээн ч зовлон зүдүүр туулж чадна, хэчнээн их ядарсан ч гомдоллохгүй. Гэхдээ надаас зарчмын дагуу үйлдэхийг шаардах нь надад хүндрэл учруулж байгаа хэрэг биш үү? Хүчин чармайлт гаргаж, гомдоллохгүйгээр зовлон зүдүүр туулж, төлөөс төлж чаддаг байх нь хэдийнээ нэлээд сайн хэрэг–яагаад надаас зарчмын дагуу үйлдэхийг шаардсаар байгаа юм бэ? Хүмүүст тавьдаг та нарын шаардлага хэтэрхий өндөр! Хүмүүс юмыг хүссэнээрээ хийг л дээ; ажил хийгдсэн л байх юм бол тэр нь хангалттай сайн. Хэрвээ ажил сайн хийгдээгүй байвал цаг хугацааны явцад үүнийг засаж болно шүү дээ!” гэж боддог. Тэд зүгээр л хөдөлмөрлөхөд бэлэн байдаг, хөдөлмөрлөх үедээ маш эрч хүчтэй байдаг ч үнэнийг хэрэгжүүлэх тухайд үлбийж, амь-оролтын тухайд бүр ч их мунгинадаг. Гэсэн ч тэд өөрсдийгөө сайн хүмүүс гэж бодсоор байдаг. Тэд ихэвчлэн “Би мөс чанартай, сайхан сэтгэлтэй хүн. Би үүргээ гүйцэтгэхэд бүх эрч хүчээ зориулдаг, хэзээ ч хойш суудаггүй. Би Бурханы төлөө өөрийгөө зарлагадахын тулд гэр бүл, ажил мэргэжлээ орхиж чадна. Би яаж ийм эрч хүчтэй байж чадаж байна аа? Би төрөлхийн сайн хүн!” гэж хэлдэг. Үнэндээ тэд ямар ч үнэнийг ойлгодоггүй, үнэн-зарчмын дагуу үйлдэж бүр ч чаддаггүй. Тэд зөвхөн балмад хүч ашиглаж л мэддэг хэр нь өөрсдийгөө сайн гэж бодсоор байдаг. Энэ үе шатанд ч гэсэн тэдний мөс чанар, эрүүл ухаанд ямар ч мэдрэмж байдаггүй. Хэрвээ чи үнэхээр мөс чанартай байсан бол яаж ийм гажууд маргаан өрнүүлж чадах юм бэ? Чи яаж үнэний талаар цэвэр ойлголтгүй байж чадах юм бэ? Хэрвээ чи мөс чанар, хүн чанартай байсан бол Бурханы үгийг, хүмүүст тавьдаг Бурханы шаардсан шалгуур юу болохыг, хийж буй бүх зүйлдээ ямар зарчмыг дагах ёстойг анхааралтай сонсохгүй байж яаж чадах юм бэ? Хэрвээ чи сонсдог ч ойлгодоггүй бол, мөн үнэнд мэдрэлгүй ханддаг бол мөс чанар, хүн чанаргүй өөдгүй амьтан юм. Чи балмад хүчин чармайлтаа үнэн, амь, авралаар сольж чадна гэж бодож байна уу? Ингэх боломжгүй; тэр зам бүтэхгүй. Чи хүчин чармайлт гаргахад бэлэн, чин сэтгэлээсээ хөдөлмөрлөж, бага зэрэг зовлон зүдүүр туулж чаддаг, хүмүүсийн нүдээр тодорхой хэмжээнд үнэнч мэт харагддаг ч гэсэн эцсээ хүртэл үнэнч байж чадах эсэхийг чинь хэлэхэд хэцүү хэвээр байна. Араатанлаг уг чанар чинь хэзээ дүрсхийж, чи төвөг удаж, саад тотгор, үймээн дэгдээхийг хэн ч мэдэхгүй бөгөөд тэр үед чи цэвэрлэгдэх шаардлагатай болно. Саяхан чуулганаас хэдэн хүн цэвэрлэгдсэн биш гэж үү? Ийм хүмүүс маш чихэнд чимэгтэй үг хэлдэг бөгөөд тэднийг сонссон хэн боловч тэднийг үнэнийг ойлгодог гэж боддог ч тэд зүгээр л үнэнийг хэрэгжүүлдэггүй. Тэд сайхан сонсогдох зүйл ярьдаг ч бодитой ажил хийдэггүй. Тэд хүмүүсийн эсрэг зогсоод зогсохгүй Бурханы гэрийн эсрэг зогсдог. Энэ нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг биш үү? Бурханы гэр тэднийг багтааж чадах уу? Хэрвээ тэд үүргээ гүйцэтгэхэд бэлэн байгаа бол үүнийг зүй ёсоор, дүрэм журам мөрдсөн байдлаар хийх ёстой ч тэд тэгдэггүй. Тэд даргалж, эрх мэдэл барихыг хичээдэг, тэр ч байтугай үймээн дэгдээж, сүйтгэдэг. Тэд хэр хэмжээнд үймээн дэгдээдэг вэ? Намайг ямар нэг зүйл хийж байхад хүртэл тэд хөндлөнгөөс оролцож, энийг ч, тэрийг ч шүүмжилж, саад болж, үймүүлэхийг оролддог. Тэд Миний үйлдэлд үймээн учруулахыг оролддог–Би тэдэнд өршөөл үзүүлж чадах уу? Хэрвээ чи зөвхөн Миний хувийн амьдралыг үймүүлж байсан бол Би чамайг хойш тавьж, үл тоож чадна, гэхдээ Би Бурханы гэрт ажил хийж, Бурханы сонгосон хүмүүсийн төлөө бодитой ажил хийж байгаа ба чи үүнийг үймүүлж, хорлон сүйтгэх гэж оролдсоор байна. Энд ямар асуудал байна вэ? Ийм хүнийг яах ёстой вэ? (Тэднийг цэвэрлэх ёстой.) Бурханы гэрт хүмүүстэй харьцах зарчим байдаг бөгөөд ийм хүмүүсийг цэвэрлэх ёстой. Зарим хүн: “Намайг хэлмэгдүүллээ! Энэ нь Танд халдаж байна гэдгийг би мэдээгүй. Энэ нь Дээрхийг эсэргүүцэж, Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг гэдгийг би мэдээгүй. Би үүнийг санаатай хийгээгүй” гэдэг. Чи ийм зүйл хийж чадсан гэдэг баримт санаатайгаар үйлдэж байсныг чинь харуулж байна. Чи хэдэн жил номлол сонссон бэ? Чамд мөс чанар байна уу–чамд хүн чанар байна уу? Хэрвээ чи хүн мөн байсан бол, хэрвээ чи хүн чанартай, мөс чанар, эрүүл ухаантай байсан бол санаатай ч бай, үгүй ч бай ийм зүйл хийхгүй байх байсан. Намайг ажил хийж байхад тэд санаатайгаар үймүүлж, хорлон сүйтгэхийг оролддог. Тэд ер нь хүн мөн үү? Тэд диаволууд биш гэж үү? Хэрвээ хүмүүс үнэхээр мөс чанар, эрүүл ухаантай, үнэхээр хүн чанартай бол, жирийн нэгэн хүн ямар нэг зүйл хийж байсан ч гэсэн энэ нь чуулганы ажил болон ах эгч нарт ашиг тустай л бол үүнийг хорлон сүйтгэх биш, харин дэмжих ёстой гэдгээ мэддэг, Миний биечлэн хийж байгаа зүйлийг бүр хэлэх ч юм биш. Гэсэн ч тэд үймээн дэгдээж, хорлон сүйтгэх гэж зүтгэдэг бөгөөд хэн ч тэднийг зогсоож чаддаггүй. Тэд нэвт шувт диаволууд болсон, тийм биз дээ? Ийм этгээдүүдийн муу үйл ноцтой гэж Би хэлдэг–бид тэдэнд зөөлөн хандаж болохгүй; Бурханы гэрт хүмүүстэй харьцах зарчим байдаг бөгөөд тэднийг зайлуулж шийдвэрлэх ёстой. Энэ нь тэдэнд хандах тохиромжтой арга зам мөн үү? (Мөн.) Хэрвээ тэд зөвхөн өдөр тутмын амьдралдаа л хувийн дур сонирхлоо дагадаг бол үүнийг хүлээн зөвшөөрч болно. Жишээлбэл, Намайг “Би гоймон идэх дуртай” гэж хэлэхэд тэд: “Би гоймон идэх дургүй. Би хоол хийхдээ Танд жаахан гоймон хийж өгөөд, өөртөө будаа агшаана” гэж хариулж магадгүй. Энэ хэрэг явдал чуулганы ажилд хамаагүй, ямар ч үнэн-зарчимтай хамаагүй, хүний хүн чанар, мөс чанартай бүр ч холбоогүй. Энд хувийн дур сонирхлоо дагах нь зүгээр боловч чуулганы ажилтай холбоотой хэрэг явдлын тухайд бол үүнийг хүлээн зөвшөөрөх аргагүй. Хэрвээ чи болчимгүй байдлаар муу үйл үйлдэж, саад тотгор, үймээн дэгдээвэл захиргааны зарлигийг зөрчиж байгаа юм. Ямар хүн захиргааны зарлигийг улайм цайм зөрчиж чадах вэ? Ямар хүн үнэн болон Бурханы гэрийг ил тод эсэргүүцэж чадах вэ? (Диаволууд.) Тэр мунхаг, мунгинасан хүмүүс болон араатнууд ийм маягаар эсэргүүцэж, үймүүлж чаддаг, диаволууд үүнийг бүр ч илүү сайн хийж чаддаг. Бурханы гэр юу ч хийсэн бай, диаволууд үргэлж үүнийг үймүүлэхийг оролддог–тэд үр дагаврыг нь огтхон ч тоохгүйгээр, яг л чөтгөрт эзэмдүүлсэн мэт үймээн дэгдээдэг. Тэд ийм хэмжээнд үймүүлчхээд үүнийгээ ухаарахгүй хэвээр байж, өөрсдөө үймээн дэгдээгээгүй, ямар ч гэм буруугүй гэж бодсоор байдаг, тэр ч бүү хэл өөрсдийгөө өмөөрдөг. Ийм хүмүүстэй юу ч нөхөрлөх шаардлагагүй; зүгээр л тэднийг зайлуулах нь зөв зүйл юм. Хүн чанарын мөс чанар, эрүүл ухаангүй ийм хүмүүс бол жинхэнэ диаволууд юм; тэд хэзээ ч өөрчлөгдөхгүй. Чамаас үнэнийг эрэлхийлэхийг шаарддаггүй, бүх зүйл дээр үнэнийг хэрэгжүүлэхийг ч шаарддаггүй, гэхдээ хамгийн наад зах нь чи дүрэм журмыг дагаж мэддэг байх ёстой. Хэрвээ чи дүрэм журмыг ч ойлгодоггүй, Бурханы гэрийн захиргааны зарлигийг ч ойлгодоггүй, захиргааны зарлигийг зөрчих үедээ үүнийгээ ч мэддэггүй бол чамд хүн чанар байна уу? Чамд хүн чанар байхгүй; чи бол диавол. Диаволууд мууг үйлдэх үедээ биеэ барьж чаддаггүй. Бурханыг эсэргүүцэж, Бурханыг шүүж, Бурханыг доромжлох нь тэдний уг чанарын төрөлх илрэл юм. Хэн ч тэднийг өдөөн турхирч, зааж сургаагүй байхад тэд аяндаа ингэж мууг үйлдэж чаддаг. Учир нь тэд диаволын уг чанартаа захирагддаг.
Өнөөдөр бид хүмүүсийн мөс чанар, эрүүл ухааны нэг хэсэг болох зөв бурууг ялгах асуудлын талаар нөхөрлөлөө. Энэхүү нөхөрлөлөөр дамжуулан та нар одоо энэ талыг тодорхой харж байна уу? Жинхэнэ хүн мөс чанартай байдаг, зөв бурууг ялгаж чаддаг; түүний мөс чанар ажиллаж байдаг. Тэр ямар ч хүмүүс, үйл явдал, зүйлстэй тааралдсан бай, ямар ч асуудал гарсан бай, мөс чанар нь ядаж л хамгаалалтын эхний шугам болдог. Нэг талаар, мөс чанар чинь ямар зүйл эерэг, ямар нь сөрөг болохыг шүүж, ялгахад чамд тусална; нөгөө талаар, энэ нь урдах замыг чинь авч үзэж, шалгахад чамд тусална, ингэснээр чи биеэ авч явах наад захын стандартаас доош орохгүй бөгөөд эцэст нь энэ нь дэнсэлж үзэж, зөв замыг сонгоход чамд тусална. Мэдээж, үнэнийг ойлгодог, эсвэл Бурханд олон жил итгэсэн, итгэлийн суурьтай хүмүүс мөс чанарынхаа нөлөөгөөр эцэст нь эерэг зүйлсийг сонгож, үнэнийг эрж хайж, хүлээн авах сонголт хийнэ. Тиймээс мөс чанар нь хүн чанар дотор тэргүүлэх үүрэг роль гүйцэтгэдэг; энэ нь хүмүүсийг зөв зам руу хөтөлж, хүмүүсийг зохицуулан эерэг зүйл сонгуулах үүрэг роль гүйцэтгэдэг. Хэрвээ хүн мөс чанаргүй бол эерэг зүйлс болон зөв замыг сонгох чадваргүй байгаад зогсохгүй, хийж буй аливаа зүйлд нь мөс чанарын наад захын хазаарлалт, зохицуулалт байхгүй байх нь ойлгомжтой. Ийм хүн асар их аюулд ордог; тэр мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэх магадлал маш өндөр. Хэрвээ тэрээр амьтны хойд дүр бол ёрын муу чөтгөрүүдийн хийдэг зүйлийг хийж магадгүй бөгөөд ёрын муу чөтгөр, диавол болох хүмүүс бүр ч их мууг үйлдэж чаддаг, энэ нь маш аймшигтай. Тиймээс мөс чанартай байх нь маш чухал. Энэ тодорхой байна уу? (Тийм.) Хэрвээ хүнд зан авирыг нь зохицуулж, зөв замаар алхахад нь хөтлөх мөс чанар байхгүй бол түүний сонгосон зам гарцаагүй буруу байх бөгөөд түүний хийх зүйл сөрөг зүйлс байх болно–үр дагавар нь төсөөлөхийн аргагүй байна. Хэрвээ хүн үнэнийг болон аливаа зүйлийн хөгжлийн хуулийг улайм цайм зөрчиж, мөн болчимгүйгээр доромжилж, үнэнийг болон Бурханы хийдэг бүх ажлыг шүүж, тэр ч бүү хэл Бурханыг ил тод эсэргүүцэж, Бурханы захиргааны зарлигийг зөрчиж, увайгүй байдлаар Бурханыг харааж, яллаж, доромжилж чаддаг бол диаволууд болон Сатантай яг адилхан юм. Тэрээр диаволууд болон Сатаны үйлддэг бүх мууг үйлдэж, диаволууд болон Сатаны хийдэг бүх зүйлийг хийж, диаволууд болон Сатаны хэлдэг бүх төөрөгдөл, тэрс үзэл, гажууд маргааныг хэлж чаддаг. Энэ хүмүүс бол жинхэнэ диаволууд, Сатанууд юм.
Өнөөдрийн нөхөрлөлөөс та нар юу ойлгосон бэ? (Хүн чанартай хүмүүс мөс чанар, эрүүл ухаантай байдаг, зөв бурууг ялгаж чаддаг гэдгийг би ойлгосон. Зөв бурууг ялгах тухайд, Бурхан янз бүрийн жишээ ашиглан эерэг болон сөрөг зүйлс гэж юу болохыг туйлын тодорхой тайлбарласан, ингэснээр бид ямар нэг зүйлтэй тулгарах үедээ үнэн зөв дүгнэлт хийхийн сацуу эрэлхийллийнхээ ард зөв үзэл бодолтой байж чадна–бид эерэг зүйлсийг хүсэн эрмэлзэж, эрэлхийлж, сөрөг зүйлсийг үзэн ядаж, голох ёстой.) Хүн чанар дахь мөс чанар, эрүүл ухаан бол хүн аврал хүртэх хамгийн үндсэн нөхцөл юм. Хэрвээ чи энэ хоёр үндсэн нөхцөлийг эзэмшсэн ч үнэнийг эрэлхийлдэггүй, ойлгосон жаахан үнэнээ хэрэгжүүлдэггүй, эцэст нь үнэнд дуулгавартай байж чаддаггүй бол аврал хүртэж чадахгүй хэвээр байх болно. Мөс чанар, эрүүл ухаан бол авралын үндсэн нөхцөл төдий юм; харин ямар замаар алхах чинь чиний өөрийн сонголтоос хамаарна. Хэрвээ чи үнэхээр мөс чанар, эрүүл ухаантай хүн бол мөс чанарынхаа зохицуулалт дор, үнэнийг эрэлхийлэх замаар явахыг сонгох боломжтой. Хэрвээ мөс чанар чинь чамайг зохицуулж, залж чиглүүлэн зөв зам сонгуулдаг ч чи зовж, төлөөс төлөх хүсэлгүй, махан биедээ тэрсэлж, махан биеийн ашиг сонирхолтой холбоотой зүйлсийг орхих хүсэлгүй, үнэнийг эрэлхийлэх замд ороогүй бол чамд аврагдах найдвар байхгүй хэвээр байна. Аврагдах найдвар нь нэг талаар, чиний хүн чанарын мөс чанартай шууд холбоотой; нөгөө талаар, үнэнийг эрэлхийлэхдээ чиний төлж чадах төлөөс, үнэнийг хэрэгжүүлэх чиний шийдвэр, хүсэлтэй ч бас шууд холбоотой. Мөс чанар нь ердөө л аврагдах үндсэн нөхцөлийг чамд өгдөг бөгөөд үнэнийг хэрэгжүүлэх олон боломжийг бас бий болгож, мөс чанарынхаа зохицуулалт дор зөв замаар алхах боломжийг чамд олгодог. Өөрөөр хэлбэл, зөв замаар алхах боломж чинь харьцангуй өндөр байна, аврал олж авах найдвар чинь бас харьцангуй өндөр буюу тавиас илүү хувьтай байх болно–гэхдээ энэ нь баталгаатай биш юм. Тиймээс, чи өөрийгөө мөс чанар, хүн чанартай гэж боддог байлаа ч үүндээ сэтгэл ханаж, зүгээр л мөс чанар, эрүүл ухаантай байна гэдэг нь чи бол сайн хүн, авралд хүрч чадна, энэ нь баталгаатай гэсэн үг хэмээн бүү бод. Хэрвээ чи ингэж боддог бол энэ хэрэг явдлын талаарх ойлголтод чинь гажилт байна гэдгийг Би чамд хэлье. Хэрвээ чи мөс чанар, хүн чанартай бол энэ нь Бурханаар сонгогдож, дуудагдсан хүн мөн гэдгийг чинь л баталдаг. Гэсэн хэдий ч эцэстээ авралд хүрч чадах эсэхийг чинь тодорхойлох хамгийн чухал хүчин зүйл нь чиний өөрийн эрэлхийлэлд оршдог. Чиний мөс чанар ерөнхийдөө идэвхтэй байж, зан авирыг чинь байнга зохицуулж, чамайг зохицуулж зөв замыг сонгуулдаг байлаа ч гэсэн, хэрвээ чи мөс чанараа байнга зөрчиж, зөв замыг сонгодоггүй, үнэнийг хэрэгжүүлэхийг сонгодоггүй, харин оронд нь хувийн ашиг сонирхол, хувийн нэр хүнд, бахархлаа байнга хамгаалж, өөрийн хэтийн ирээдүй, амбиц, хүслээ байнга бодолцдог бол эцэстээ аврал хүртэх найдвар чинь маш бага байх болно–чи үүнийг өөрийнхөө гараар бага багаар сүйтгэсэн байх болно. Энэ бол маш эмгэнэлтэй зүйл. Та нар ойлгож байна уу? (Тийм.) За, өнөөдрийн нөхөрлөл үүгээр өндөрлөж байна. Баяртай!
2024 оны 3 дугаар сарын 9