116-р бүлэг
Миний үгэн дунд хүмүүсийг айлгадаг үг олон бий. Миний олон үг хүмүүсийг айн чичрэхэд хүргэдэг, Миний олон үг хүмүүсийг зовоож, итгэл найдварыг нь алдуулж, бүр ч олон үг нь хүмүүсийг сүйрүүлдэг. Миний үгийн баялаг байдлыг хэн ч тодорхой ойлгож, ухаарч чадахгүй. Би та нарт үгээ өгүүлбэр бүрээр нь хэлж, илчлэх үед л та нар ерөнхий байдлыг мэдэж чаддаг, харин тодорхой баримтуудын үнэн мөнийг ойлгохгүй хэвээр үлддэг. Иймээс Би та нарт илүү их ойлгуулахын тулд Өөрийн бүх үгийг илчлэхдээ баримт ашиглана. Миний ярианы хэв маягийг харвал, Би үгээ хэлээд зогсохгүй, харин ч бүр үгээрээ үйлдэж байна; энэ нь “үг болон бодит байдал зэрэгцэн явагдаж буйн” жинхэнэ утга юм. Учир нь Миний хувьд юм бүхэн эрх чөлөөтэй, юм бүхэн чөлөөлөгдсөн байдаг бөгөөд энэхүү суурин дээр Миний хийдэг бүхэн мэргэн ухаанаар дүүрэн байдаг. Би дураараа ярьдаггүй, бас дураараа үйлддэггүй. (Хүн чанарт ч бай, бурханлаг чанарт ч бай, Би мэргэн ухаанаар үг хэлж, үйлддэг, учир нь Миний хүн чанар бол Миний салшгүй хэсэг юм.) Гэвч Намайг ярихад ярианы минь өнгөнд хэн ч анхаарал хандуулдаггүй; Намайг үйлдэхэд ажлын минь арга барилд хэн ч анхаарал тавьдаггүй. Энэ бол хүний дутагдал юм. Би хүч чадлаа бүх хүн дээр илчилнэ, ууган хөвгүүд дээрээ төдийгүй, цаашлаад бүх улс үндэстэн, бүх ард түмний дотор илчилнэ; ингэх нь л Сатаныг шившиглэх хүчирхэг гэрчлэл юм. Би тэнэг юм хийдэггүй. Би ууган хөвгүүдээ гэрчилдэг нь алдаа гэж олон хүн боддог; тэд Надаас гадна өөр Бурхад бий гэдэг, бас Намайг ухаангүй авирлаж, Өөрийгөө доош хийж байна гэцгээдэг; эндээс хүний завхрал бүр ч их илчлэгддэг. Ууган хөвгүүдэд гэрчлэл хийх нь Миний алдаа юм гэж үү? Та нар Намайг буруутай гэдэг, тэгвэл та нар гэрчилж чадах уу? Хэрэв Миний өргөлт, Миний гэрчлэл байгаагүй сэн бол та нар бас л Миний Хүүг дороо дэвсэлж, Түүнтэй хүйтэн хөндий байдлаар харьцаж, зарц чинь мэт хандах байсан. Гахайн сүрэг! Хариуд нь Би та нарыг нэг нэгээр чинь хаяна! Хэнийг ч зүгээр өнгөрүүлэхгүй! Надад хэл дээ, хэвийн хүн чанартай хүнтэй нийцдэггүй тэр юмнууд юу вэ? Гахай гэдэг нь эргэлзээгүй! Би тэднийг ерөөсөө л харж тэвчдэггүй. Та нарын гэрчлэлийг хүлээсэн бол Миний ажил аль хэдийн саатсан байх байлаа! Энэ гахайн сүргийг дээ! Та нарт ердөөсөө л хүн чанар гэж огт алга! Чамаар Өөртөө үйлчлэл хийлгэх хэрэг Надад байхгүй! Эндээс яг одоо яв! Чи Миний Хүүг маш удаан хугацаанд дээрэлхэж, дарлалаа; Би чамайг няц гишгэнэ! Чи зүгээр л дахиад зэрлэг байх гээд үз; чи зүгээр л Намайг дахиад шившиглэх гээд үз! Би агуу ажлаа аль хэдийн гүйцэлдүүлсэн; Би энэ араатны сүргийг хөөн явуулж, хаях учиртай!
Миний гарт бүгд биелж (Миний хайрладаг хүмүүсийн хувьд), бас Миний гарт бүгд устгагддаг (Миний үзэн яддаг тэр араатнууд, Миний жигшдэг тэр хүмүүс, үйл явдал болон зүйлсийн хувьд). Би Өөрийн хийх юм бүхнийг ууган хөвгүүддээ харуулж, бүрэн ойлгуулж, улмаар Сионоос гарснаасаа хойш Өөрийн хийсэн бүхнийг харуулна. Дараа нь бид Сион уул руу хамт орж, эрин үеүдийн өмнө өөрсдийнхөө байсан газарт орж, шинээр амьдарна. Тэр үеэс эхлээд дэлхий болон энэ гахайн сүрэгтэй дахин хэзээ ч холбоо тогтоохгүй, харин бүрэн эрх чөлөөтэй байна; бүгд саадгүй, төвөггүй урагшилна. Хэн ууган хөвгүүдийн минь нэгийг эсэргүүцэж зүрхлэх вэ? Хэн Миний ууган хөвгүүдийг үргэлжлүүлэн сөрж зүрхлэх вэ? Би түүнийг амархан өршөөхгүй! Намайг өмнө нь хүндэлсэн шигээ өнөөдөр ууган хөвгүүдийг минь тэгж хүндлэх ёстой. Миний өмнө нэг өөр, ар хударгаар минь нэг өөр байж болохгүй; Би хүн бүрийг тов тодорхой хардаг. Миний Хүүд үнэнч бус байна гэдэг Надад ачлалгүй байна гэсэн үг, энэ бол илэрхий баримт, учир нь Бид нэгэн бие юм. Хэрэв хүн Надад сайн атлаа ууган хөвгүүдэд минь өөр хандлага баримталдаг бол тэрээр Христийн биеийг хувааж буй учир агуу улаан лууны үр удам гэдэг нь эргэлзээгүй; энэ нүглийг хэзээ ч өршөөж болохгүй! Үүнийг хүн бүр харах ёстой. Намайг гэрчлэх нь та нарын үүрэг, ууган хөвгүүдийг гэрчлэх нь бүр ч та нарын даалгавар юм. Хэн чинь ч хариуцлагаасаа бултах учиргүй; саад болсон хэнийг ч бай Би тэр дор нь хаяна! Өөрийгөө гойд сайн гэж бүү бод. Би чамд хэлье: Ийм байх тусмаа хамгийн хатуу шийтгэлийн минь бай болно! Ийм байх тусмаа найдвар чинь улам бүр тасарч, улам бүр мөхлийн хүү болно. Би чамайг үүрд гэсгээнэ!
Миний бүх ажлыг Миний Сүнс биечлэн хийдэг бөгөөд төлөвлөгөөг минь сүйтгэхээс зайлсхийхийн тулд Би Сатаны төрлийн хэнд ч хөндлөнгөөс оролцохыг зөвшөөрдөггүй. Эцэст нь Би хүүхдүүд болон насанд хүрэгчдийн аль алинд өндийн босож, Намайг болон ууган хөвгүүдийг минь магтаж, гайхамшигт үйл хэргийг минь магтаж, Миний үнэн биеийн илрэлийг магтах боломж олгоно. Би магтаалын дууг бүхий л орчлон ертөнц, газар дэлхийн зах хязгаар хүртэл цуурайтуулж, уул нурууд, гол мөрөн, бүх зүйлийг доргиож, Сатаныг бүрэн шившиглэнэ. Би Өөрийн гэрчлэлийг ашиглан бузар, булай хуучин дэлхийг бүхэлд нь устгаж, ариун, бузартаагүй шинэ дэлхийг байгуулна. (Нар, сар, одод, огторгуйн эрхэс ирээдүйд өөрчлөгдөхгүй гэж хэлсэн минь хуучин дэлхий оршсоор байна гэсэн үг биш, харин ч бүхий л дэлхий устгагдаж, хуучин дэлхий солигдоно гэсэн үг юм. Би орчлон ертөнцийг солино гээгүй.) Зөвхөн тэр л үед энэ нь Миний хүсэлд нийцсэн дэлхий байх болно; тэнд өнөөгийнх шиг дарлал гэж байхгүй, мөн хүмүүс нэг нэгнээ шулан мөлжих явдал байхгүй байх болно. Харин ч махан биеийн дотор бүрэн дүүрэн шударга ёс, үндэслэлтэй байдал л байна. (Хэдийгээр Би тэнд шударга ёс, үндэслэлтэй байдал байна гэж хэлдэг ч энэ нь махан биеийн дотор байх болно; Миний хаанчлалтай харьцуулахад энэ нь тэнгэр, газар мэт тун их ялгаатай; энэ хоёрыг үнэхээр харьцуулахын аргагүй—эцсийн эцэст, хүний ертөнц бол хүний ертөнц, сүнсний ертөнц бол сүнсний ертөнц юм.) Тэр үед Би ууган хөвгүүдийнхээ хамт ийм дэлхийг захирна (Сатаныг Би бүрэн хаясан байх учир энэ дэлхийд Сатаны хөндлөнгийн оролцоо гэж байхгүй байна), гэвч бидний амьдрал хаанчлалын амьдрал хэвээр байна, үүнийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Эрин үеүдийн туршид Миний ууган хөвгүүн болох нэг ч хүн байгаагүй учир эрин үеүдийн туршид ямар ч хүн (хэчнээн ч үнэнч байлаа гэсэн) энэ төрлийн амьдралыг хэзээ ч туулаагүй бөгөөд дараа нь тэд мөн л Надад үйлчлэл үзүүлнэ. Хэдийгээр энэ үйлчлэл үзүүлэгчид үнэнч боловч эцсийн эцэст Миний байлдан дагуулсан Сатаны үр удам учир махан биеийн үхлийн дараа тэд бас л Надад үйлчлэл үзүүлэхээр хүний дэлхийд төрдөг; “хөвгүүд бол эцсийн эцэст хөвгүүд, үйлчлэл үзүүлэгчид бол эцсийн эцэст Сатаны үр удам” гэдгийн жинхэнэ утга учир энэ юм. Эрин үеүдийн туршид хэчнээн олон хүн өнөөдрийн ууган хөвгүүдийн төлөө үйлчлэл үзүүлснийг бүү мэд; бүх үйлчлэл үзүүлэгчийн хэн нь ч зугтаж чадахгүй бөгөөд Би тэднээр Өөртөө үүрд үйлчлэл хийлгэнэ. Тэдний уг чанарыг авч үзвэл бүгд Сатаны хүүхдүүд бөгөөд бүгд Намайг эсэргүүцдэг, хэдий тэд Надад үйлчлэл үзүүлдэг ч албан хүчээр л хийдэг ба өөр сонголт тэдэнд байдаггүй. Яагаад гэвэл, Миний гар бүх зүйлийг хянадаг, Миний ашигладаг үйлчлэл үзүүлэгчид эцсээ хүртэл Надад үйлчлэл үзүүлэх ёстой. Тиймээс, эрин үеүдийн турш дахь эш үзүүлэгчид, элч нартай адил шинж чанартай хүмүүс өнөөдөр ч олон байдаг, учир нь тэд нэг сүнстэй юм. Иймд, Миний төлөө гүйдэг үнэнч үйлчлэл үзүүлэгч олон хэвээр боловч эцэстээ (зургаан мянган жилийн турш Надад үйлчлэл үзүүлсээр ирсэн тул энэ хүмүүс үйлчлэл үзүүлэгчдэд харьяалагдана) эрин үеүдийн туршид тэр бүх хүний найдаж ирсэн зүйлийг хэн ч олж авч чадахгүй, учир нь Миний бэлдсэн зүйл тэдэнд зориулагдаагүй.
Миний бүх зүйл аль хэдийн нүдний өмнө биелсэн; Би ууган хөвгүүдээ Өөрийн гэрт буцаан ирүүлж, Өөрийн хажууд эргүүлэн авчирч, нэг дор цуглуулна. Би амжилттайгаар, ялгууснаар эргэн ирж, алдар сууг бүрэн олж авсан учир та нарыг буцаан аваачихаар ирсэн. Өмнө нь зарим хүн “ухаалаг таван охин, мунхаг таван охины” тухай таамагласан; хэдийгээр энэ таамаглал үнэн зөв биш боловч бас тэр чигтээ буруу биш, тиймээс Би та нарт зарим нэг тайлбар өгч болно. “Ухаалаг таван охин болон мунхаг таван охин” нь хамтдаа хүмүүсийн тоог ч, нэг төрлийн хүнийг ч төлөөлдөггүй. “Ухаалаг таван охин” гэдэг нь олон тооны хүнийг хэлж, “мунхаг таван охин” нь нэг төрлийн хүнийг төлөөлдөг, гэхдээ энэ хоёрын аль нь ч ууган хөвгүүдийг хэлдэггүй. Харин тэд бүтээлийг төлөөлдөг. Эцсийн өдрүүдэд тос бэлтгэхийг тэднээс хүссэн нь ийм учиртай юм. (Бүтээлд Миний чанар байдаггүй; хэрэв тэд ухаалаг хүмүүс байхыг хүсвэл тос бэлтгэх хэрэгтэй, тиймээс тэд Миний үгээр зэвсэглэсэн байх хэрэгтэй.) “Ухаалаг таван охин” нь Миний бүтээсэн хүмүүсийн дундах Миний хөвгүүд, Миний ардуудыг төлөөлдөг. Газар дээр төрсөн мөртөө Надаар авхуулдаг учраас тэднийг “охид” гэж нэрлэдэг; тэднийг ариун гэж дуудаж болох тул “охид” гэж нэрлэдэг. Дээр дурдсан “тав” гэдэг нь Миний урьдчилан тогтоосон хөвгүүд, ардуудын тоог төлөөлдөг. “Мунхаг таван охин” нь үйлчлэл үзүүлэгчдийг хэлдэг. Тэд аминд өчүүхэн төдий ч ач холбогдол өгөлгүй, зөвхөн гадаад зүйлсийг хөөцөлдөн Надад үйлчлэл үзүүлдэг (тэдэнд Миний чанар байхгүй учир юу ч хийсэн бай, тэр нь гадаад зүйл байдаг), бас тэд Миний чадварлаг туслагчид байж чаддаггүй учир “мунхаг охид” гэгддэг. Дээр дурдсан “тав” нь Сатаныг төлөөлдөг бөгөөд тэднийг “охид” гэж дууддаг нь Надаар байлдан дагуулагдсан, Миний төлөө үйлчлэл үзүүлж чадна гэсэн утгатай—гэвч ийм хүмүүс ариун биш тул үйлчлэл үзүүлэгч гэж нэрлэдэг.