48. Хүний төрхийг амьдран харуулахын тулд үнэнийг хэрэгжүүлэх нь
Үүргээ биелүүлж, ах эгч нартай эвтэй байж, илэрхий нүгэл үйлдэхгүй байснаар хүний төрхийг амьдран харуулж байгаа гэж би боддог байв. Гэхдээ би Бурханы үгээр ахин дахин шүүгдэж, илчлэгдсэн бөгөөд хүний төрхтэй байна гэдэг нь гаднах зан авир төдий биш гэдгийг эцэст нь харсан юм. Бурханы үгийг хэрэгжүүлэх гол түлхүүр нь ямар нэгэн зүйл тохиолдох үед өөрсдийн ашиг сонирхлыг орхиж, зарчмуудыг мөрдөн, Бурханы ажлыг хамгаалж, Түүний хүслийг анхаарах явдал билээ.
2018 оны долоодугаар сард манай чуулганы нэг эгч сайн мэдээ түгээж байгаад баривчлагдав. Тэрээр манай гэрт ирж байсан тул хэрвээ эгчийг мөрдөж байсан бол цагдаа нар хаана амьдардгийг минь мэдэх байлаа. Тэгээд бид өөр тийш нүүхээр яаравчлав. Биднийг суурьшаад удаагүй байтал зааварлагч ирээд, “Гурван ах эгчийг мөшгөөд баривчилсан байна. Цуглаан хийхээр тэдний очсон газруудад байсан хүн бүрийг нүүлгэсэн. Та нар анхааралтай байх хэрэгтэй шүү” гэлээ. “Цагдаа нар зарим ах эгчийг аль хэдийн баривчилсан болохоор тэднийг нэлээд удаан хугацаанд мөшгөсөн байх учиртай. Коммунист Нам Бурхан болон үнэнийг үзэн яддаг. Бурханы чуулганыг устгаж, итгэгчдийг барихын тулд сэжүүр хайж, том загас барихаар эгзэгтэй цагийг хүлээдэг. Манай цуглааны бүх газрыг ажиглаж байсан байх ёстой бөгөөд тэр газруудад амьдардаг хүн бүр аль болох хурдан нүүх ёстой” гэж би бодов. Гэвч зааварлагч баривчлагдсан хүмүүсийн очсон газруудад мэдэгдээд бусдад нь мэдэгдээгүй байлаа. Би зааварлагчид үүнийг хэлэх ёстой юу гэж гайхширч байв. Хэрвээ би хэлээгүй байгаад ямар нэг зүйл тохиолдвол хэдэн хүн баривчлагдаж, тамлуулахыг хэн мэдэх билээ? Энэ нь чуулганы ажлыг ч бас хохирооно. Гэхдээ хэрвээ би хэлээд, зааварлагч сонсохгүй бол, эсвэл намайг хэтэрхий их хулчийж байна гэж хэлбэл, миний талаарх эерэг дүр төрх нь үгүй болох биш үү? Энэ тухай санаа зовж байхдаа би Бурханы эдгээр үгийг бодов: “Бурханы ажилд ашигтай бүхнийг хий, харин Бурханы ажлын ашиг сонирхолд хор хүргэх юуг ч бүү хий. Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ажлыг хамгаал” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг). Итгэгчийн хувиар би Бурханы ажил болон чуулганы ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэдгийг энэ нь надад сануулсан юм. Иймээс би өөрийн бодол, үзэл санааг зааварлагчтай хуваалцлаа. Намайг хэлж дуусаагүй байтал тэрээр уруу царайлан, “Нүүх ээ? Хэрвээ бид ялихгүй юмнаас болоод зугтаад байвал Бурханы захиралтад итгэх итгэл мөн гэж үү? Би таныг биеийн хэмжээтэй, багтаа тэргүүлж чадна гэж боддог байсан, гэтэл та ямар нэг зүйл тохиолдмогц халширч зайлсхийдэг болж таарлаа” гэсэн юм. Үүнийг сонсоод би маш их бухимдлаа. Түүнийг надтай ингэж харьцсаны дараа бусад хүн юу гэж бодох вэ? Үүний дараа би зааварлагчийн нүүрийг яаж харна аа? Гэхдээ би чуулганы ажлыг дэмжиж, ах эгч нарын аюулгүй байдлыг хамгаалах тухай бодсон тул үүнийг дахиад дурдахыг хүссэн юм. Гэхдээ зааварлагч ийм тууштай байгааг хараад санаа зовов. Хэрвээ би харьцалт туулсныхаа яг дараа үүнийг дурдсаар байвал намайг үнэний бодит байдалгүй, биеэ тоосон, зөрүүд гэж хэлнэ. Тэр намайг үнэний эрэлчин гэж харах болов уу? Зааварлагч намайг үргэлж үнэлж, намайг чухал үүрэгт оролцуулж, аливаа зүйлийн талаар надтай зөвлөлддөг байсан. Хэрвээ би өөрийнхөө бодсоноор зүтгэвэл намайг сургахаа болиод, дараа нь бусад хүн намайг дорд үзнэ. Тэгээд би үүнийг зүгээр орхихоор шийдэж, толгой гудайлган нэг ч үг хэлсэнгүй.
Түүнийг явсны дараа үнэхээр сэтгэл тавгүйтсэн тул чимээгүйхэн залбирлаа. Тэгтэл Бурханы энэ үг санаанд оров: “Хүний хүн чанарын бүрэлдэхүүн хэсэг нь мөс чанар болон эрүүл ухаан байх ёстой. Энэ бол хоёулаа хамгийн үндсэн, хамгийн чухал юм. Мөс чанараар дулимаг, хэвийн хүн чанарын эрүүл ухаангүй хүн нь ямар хүн бэ? Ерөнхийд нь хэлбэл, хүн чанаргүй, хүн чанар муутай хүн юм. Үүнийг дэлгэрэнгүй задлан шинжилцгээе. Энэ хүн завхарсан хүн чанарыг яаж харуулдаг болохоор хүмүүс түүнийг хүн чанаргүй гэдэг юм бэ? Тийм хүмүүс ямар онцлог шинжтэй байдаг вэ? Ямар онцгой илрэлийг тэд харуулдаг вэ? Ийм хүмүүс үйлдэлдээ хааш яаш байдаг бөгөөд өөрт нь хамаагүй юм бүхэнд хүйтэн хөндий байдаг. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг анхаардаггүй, мөн Бурханы хүслийг ч хайхардаггүй. Тэгээд Бурханы төлөө гэрчлэл хийх, эсвэл үүргээ биелүүлэх ачаа үүрдэггүй бөгөөд хариуцлагын мэдрэмж огт байдаггүй… Үүргээ биелүүлэхдээ асуудал олж хараад ам нээдэггүй хүмүүс ч бий. Бусад нь саад тотгор, үймээн самуун учруулж байгааг харсан атлаа тэднийг зогсоох юу ч хийдэггүй. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг өчүүхэн ч хайхардаггүй бөгөөд үүрэг, хариуцлагаа огт боддоггүй. Тэд өөрийнхөө нэрэлхүү зан, нэр хүнд, байр суурь, ашиг сонирхол, нэр төрийн төлөө л үг хэлж, үйлдэж, онцгойрч, хүчин чармайлт гаргаж, хүч зардаг” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үг яг байгаа байдлыг минь илчиллээ. Тэр газрууд аюулд орох боломжтой, нүүхгүй бол тэндхийн хүмүүс баривчлагдах боломжтой гэдгийг би мэдэж байв. Гэхдээ зааварлагч намайг хулчгар, итгэлгүй гэж хэлнэ, өндрөөр үнэлэхээ болино гэж би айсан. Би зарчмуудыг мөрдөж, чуулганы ажлыг хамгаалж зүрхлээгүй. Үнэнийг мэдэж байсан хэр нь хэрэгжүүлээгүй. Би Бурханд залбирч, “Өө Бурхан минь! Итгэлдээ үнэнийг хэрэгжүүлдэггүй гэдгийг минь бодит байдал харууллаа. Би Бурханы ажлыг хамгаалдаггүй. Зүгээр л өөрийн нэр хүнд, байр суурь, ашиг сонирхлыг боддог. Би маш аминчхан, жигшүүртэй юм! Бурхан минь, надад удирдамжаа өгөөч. Би үнэхээр гэмшихийг хүсэж байна” гэлээ. Тэгээд Ажлын зохицуулалтад, үүргээ гүйцэтгэхдээ аюулгүй байдлыг үргэлж анхаарах ёстой гэж заасан байдгийг санасан юм. Аюулгүй орчинд ах эгч нар үүргээ тайвнаар гүйцэтгэж чадах бөгөөд Бурханы гэрийн ажил амархан тасалдахгүй. Үүний дараа би багийнхаа зарим хүнд өөрийнхөө бодлыг хэлсэн бөгөөд бусад газрууд аюулд орсон тул нүүх ёстой гэдэг дээр тэд надтай санал нийлсэн юм. Би зааварлагчтай уулзах үедээ үүнийг дахиад хэлнэ гэж шийдээд, Бурханд залбиран, үнэнийг хэрэгжүүлэх зориг өгөөч гэж Түүнээс гуйлаа.
Хэд хоногийн дараа өөр нэг зааварлагч Жан эгч манай багт зочлов. Тэгээд баривчилгааны талаар сонссон эсэхийг, юу бодож байгааг биднээс асуусан юм. Би хурдхан “Бусад цуглааны газрууд ч бас аюулгүй биш байх гэж би бодож байна. Ямартай ч тэднийг даруйхан нүү гэж хэлэх хэрэгтэй” гэв. Намайг үгээ дуусгаж амжихаас өмнө Жан эгч ширүүхнээр “Аюулгүй ээ? Хятадад Бурханд итгэхэд аюулгүй газар хаана байна аа? Хаана бид аюулгүй байх юм бэ? Энэ бол сайн мэдээ түгээх шийдвэрлэх цаг. Хэрвээ бид алхам тутамдаа айж чичрээд байх юм бол үүргээ яаж гүйцэтгэж чадах юм бэ? Бурханы ажил дуусаж, Коммунист Нам унах хүртэл нуугдахыг хүсээ юу?” гэлээ. Түүний хэлсэн үгийг сонссоныхоо дараа би: “Би тийм утгаар хэлээгүй. Нигүүлслийн эрин үед Бурхан бидэнд ‘Харагтун, Би та нарыг чонон дундах хонь шиг илгээж байна: тиймээс та нар могой мэт ухаантай, тагтаа мэт гэм хоргүй бай’ (Матай 10:16). ‘Энэ хотод тэд та нарыг хяхан хавчвал өөр хот руу зугтаа’ (Матай 10:23) гэж хэлсэн. Хятадад үүргээ гүйцэтгэхэд мэргэн ухаан шаардлагатай” гэж бодсон юм. Гэхдээ Жан эгчийн хариултаас би, эдгээр газрыг нүүлгэхийг хүсэхгүй байгаа бөгөөд хэрвээ зүтгээд байвал намайг үнэнийг хүлээн авдаггүй, нэг л биш байна гэж хэлж магадгүйг олж харсан юм. Тэгтэл эгч цааш үргэлжлүүлэн, “Хулчгарууд үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Тэд баривчлагдах үедээ Иудас болдог” гэлээ. Энэ нь намайг үнэхээр зөрчилдүүлж орхисон юм. Хэрвээ би хүн бүрийг нүүлгэ гэж зөвлөсөөр байвал зааварлагч нар намайг хулчгар гэж харж магадгүй, бүр халж ч магадгүй байлаа. Тэгвэл бусад хүн намайг юу гэж бодох вэ? Миний урам зоригоос болоод тэд миний талаар сайхан сэтгэгдэлтэй байдаг байсан бөгөөд өөрсдийнх нь асуудлын талаар нөхөрлөхийг надаас хүсдэг байсан. Хэрвээ тэд намайг хулчгар, үнэнийг хүлээн авдаггүй гэж бодох юм бол намайг урьдынх шигээ харахгүй бөгөөд тэдэнтэй нүүр тулахаас би ичих байв. Би үүнийг ихээхэн бодсон боловч зөв зүйл хийх хүсэл минь алга болсон бөгөөд зааварлагчид хүндрэл учруулахыг хүсээгүй тул “Би зүгээр л бодож байгаагаа л хэлсэн юм. Юу болох нь та нараас л хамаарна шүү дээ” гэв.
Хэд хоногийн дараа нэгэн өглөө нэг эгч сандарсан байдлаар, өнөөх баривчилгааны дараа цуглааны зарим газрууд хангалттай хурдан нүүгээгүй, цагдаа нар тэднийг мөшгөж байсан болохоор гурван зааварлагч болон цуглааны газрын зарим хүн саатуулагдсан гэж хэллээ. Үүнийг сонсоод надад тун эвгүй санагдав. Хэрвээ би тухайн үед зүгээр л зарчмуудыг баримталж, ач холбогдлыг нь тайлбарласан бол, эсвэл чуулганы удирдагчтай шууд холбоо барьсан бол тийм нөхцөл байдалд орохгүй байсан байж магадгүй. Маш олон хүн баривчлагдаж, чуулганы ажилд ноцтой саад учрууллаа. Энэ нь хариуцлагагүй байсантай минь, эсвэл зарчмыг дагаагүйтэй минь шууд холбоотой байв. Гэхдээ одоо хэтэрхий оройтжээ. Хийж болох ганц зүйл гэвэл, ХКН-ын ёрын муу гарт оруулахгүйн тулд аюулд орсон байж болзошгүй бүх хүнд аль болох хурдан мэдэгдэх явдал тул би ах эгч нарыг даруйхан зохион байгуулсан юм.
Би сүүлд нь энэ талаар эргэцүүллээ. Би Бурханы гэрийн ашиг сонирхол, чуулганы ажлыг хамгаалах ёстой гэдгийг мэдэж байсан мөртөө яагаад хэрэгжүүлсэнгүй вэ? Яагаад ийм аминч байж, өөрийнхөө л ашиг сонирхлыг хамгаалсан бэ? Тэгээд би Бурханы үгээс үүнийг уншлаа: “Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авах хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг юм бэ? Яагаад байр сууриа хамгаалдаг юм бэ? Яагаад сэтгэл хөдлөл ихтэй байдаг юм бэ? Яагаад чи тэр зөв шударга бус зүйлд дуртай байдаг юм бэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дурладгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн авахдаа тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан нь чиний дотор Сатаны хор байдгаас болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Сатаны хор гэж юу болох тухайд бол үүнийг үгээр бүрэн илэрхийлж болно. Жишээ нь, хэрвээ чи зарим мууг үйлдэгчээс яагаад тэгж авирласныг нь асуувал тэд: ‘Яагаад гэвэл, хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны логик хүмүүсийн амь болсон. Тэд энэ, тэр зорилгын төлөө аливааг хийдэг ч өөрсдийнхөө төлөө л хийж байгаа. Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх гэдэг тул хүмүүс өөрсдийнхөө төлөө амьдарч, сайн байр суурь болон өөрсдөд нь хэрэгтэй хоол хүнс, сайхан хувцас хунарыг баттай олж авахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж хүн бүр боддог. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Сатаны энэ үг бол яг нарийндаа Сатаны хор бөгөөд хүмүүс үүнийг эзэмших үед энэ нь тэдний уг чанар болдог. Энэ үгээр дамжуулан Сатаны уг чанар ил болдог; энэ нь Сатаныг бүрэн төлөөлдөг. Энэхүү хор хүмүүсийн амь, түүнчлэн оршин тогтнолынх нь суурь болдог ба энэхүү хор завхарсан хүмүүсийг хэдэн мянган жилийн турш тогтмол ноёрхож ирсэн” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”). Бурханы үг бидний аминч байдлын үндсийг илчилсэн юм. Бид “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Мэдрэмжтэй хүмүүс өөрсдийгөө сайн хамгаалж, гагцхүү алдаа гаргахаас зайлсхийхээр хичээдэг” гэх мэт сатанлаг гүн ухаанаар амьдардаг. Тэдгээр нь бидний уг чанар болсон. Хүн бүр өөрсдийнхөө төлөө тэмцэж амьдардаг бөгөөд өөрсдийнхөө ашиг сонирхлын төлөө бусдын ашиг сонирхлыг ч золиосолно. Завхарсан хүмүүс бүгд ийм маягаар амьдарч, улам аминч, ов мэхтэй болдог бөгөөд дэлхий ертөнц улам харанхуй, улам ёрын муу болдог. Итгэлтэй хүний хувьд ч Бурханы үг миний амь болоогүй. Миний бодол эдгээр сатанлаг хоронд идэгдсэн хэвээр байсан учраас би үнэнийг мэдэж байсан мөртөө хэрэгжүүлээгүй. Би зааварлагчдыг гомдоож, нэр төрөө сэвтээхээс айсан. Үнэн болон чуулганы ажил биш, харин миний өөрийн нэр, байр суурь эн тэргүүнд байжээ. Би маш аминчхан байв! Би хэзээ, ямар үүрэг гүйцэтгэхийг Бурхан урьдчилан тогтоодог. Гэвч, хувь заяа минь зааварлагчдын гарт байгаа учраас тэднийг гомдоовол үүргийн минь төгсгөл ирнэ гэж би мунхаглан бодсон. Би Бурханы гэрт үнэн болон зөвт байдал засагладгийг үгүйсгэж байсан бус уу? Би юмыг яг л үл итгэгч шиг харж байсан бөгөөд итгэгч биш байжээ. Тэгээд Бурханы үгээс үүнийг бодов: “Бурханы ажил болон Бурханы гэрийн ашиг сонирхолд хэчнээн их хохирол учирлаа ч чи мөс чанартаа ямар ч зэмлэл мэдрэхгүй, тэгэхээр чи сатанлаг зан чанарынхаа дагуу амьдардаг хүн болно гэсэн үг. Сатан чамайг хянаж, хүн ч биш, чөтгөр ч биш зүйл болж амьдрахад хүргэдэг. Чи Бурханы юмыг идэж, Бурханы юмыг ууж, Бурханаас ирдэг бүхнийг эдэлдэг атлаа Бурханы гэрийн ажилд ямар нэг хохирол учрах үед үүнийг өөртөө ямар ч хамаагүй гэж боддог бөгөөд ийм зүйл тохиохыг хараад бүр ‘тохойгоо гадагш нугалаад’a, Бурханы талд ордоггүй, мөн Бурханы ажил болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг ч хамгаалдаггүй. Тэгэхээр чи Сатаны эрхшээлд байдаг гэсэн үг, тийм биз? Ийм хүмүүс хүн шиг амьдардаг уу? Тэд хүмүүс биш, чөтгөр гэдэг нь тодорхой!” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”). Төгс Хүчит Бурханы үг зүрх сэтгэлийг минь илд мэт сүлбэлээ. Би Бурханы бүтээсэн агаараар амьсгалж, хоол хүнсийг нь идэн, Бурханы хайрыг хариулах талаар бодолгүйгээр Түүнээс ирсэн амь болон үнэнийг эдэлж байлаа. Бурханы гэрийн ажилд ноцтой хохирол учирч, ах эгч нар аюулд орсныг би харсан боловч өөрийнхөө төлөө айгаад, зарчмыг баримталж зүрхлээгүй. Тэгээд 20 гаруй хүн баривчлагдаж, шоронд орж, тамлуулж, сайн мэдээний ажилд ноцтой саад учирсан гэсэн үг юм. Завхралд амьдрах нь үгээр хэлэхийн аргагүй үр дагавартай байдаг. Би зүгээр л мууг үйлдэж байжээ. Бурхан аминч хүмүүсийг яагаад үзэн яддагийг, тэднийг хүн чанаргүй, Сатанд харьяалагддаг гэж яагаад хэлдгийг би хэзээ ч ойлгож байсангүй. Аминч хүмүүс бусдыг биш, өөрсдийгөө л боддог бөгөөд чуулганы ажлыг хохироогоод ч хамаагүй өөрсдийнхөө ашиг сонирхлыг хамгаалдаг гэдгийг одоо л би ойлголоо. Тэр нь яаж хүнлэг байх юм бэ? Амьтад ч үүнээс дээр. Ноход эздийнхээ гэрийг хамгаалж, үнэнч байхаа мэддэг, харин Бурхан надад маш ихийг өгсөн хэдий ч би мөн л тусыг усаар хариулжээ. Би огтхон ч үнэнч байгаагүй бөгөөд хүн гэж нэрлэгдэхэд зохисгүй байв. Тэгээд, Бурхан аминч хүмүүсийг амьд Сатан гэж дууддаг нь огтхон ч хэтрүүлээгүй юм байна гэдгийг би харсан. Хэрвээ би гэмшиж, өөрчлөгдөж, үнэнийг хэрэгжүүлэхгүй бол мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэж, Түүгээр шийтгүүлэх байлаа. Үнэнийг эрэлхийлж, сатанлаг зан чанараа шийдвэрлэхгүйгээр бид үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг дуулгавартай дагаж чадахгүй гэдгийг энэ бүтэлгүйтэл надад харуулав. Тэгвэл бид хэчнээн удаан итгэж, хэчнээн их золиосолж, зовсон ч гэсэн зан чанараа хэзээ ч өөрчлөхгүй, эсвэл аврагдахгүй. Тэгээд би Бурханд ийнхүү залбирлаа: “Төгс Хүчит Бурхан минь! Би үнэнийг хэрэгжүүлээгүй, зарчимтай байгаагүйн улмаас чуулганы ажил болон ах эгч нарт маш их хохирол учирсан. Бурхан минь, би мууг үйлджээ. Би гэмшиж, Таны шинжилтийг хүлээн авахад бэлэн байна. Хэрвээ би өөрчлөгдөхгүй хэвээр, аминч байж, Бурханы гэрийн ажлыг дэмжихгүй байвал Та намайг шүүж, гэсгээх болтугай.”
Би залбирсныхаа дараа Бурханы үгээс үүнийг уншлаа: “Чи аминч, жигшүүртэй гэдгээ илчилж, үүнийгээ ухамсарлах юм бол үнэнийг эрж хайх хэрэгтэй: Бурханы хүсэлд нийцэхийн тулд би яах ёстой вэ? Хүн бүрд ашиг тус болохын тулд яаж үйлдэх ёстой вэ? Өөрөөр хэлбэл, чи эхлээд ашиг сонирхлоо хойш тавьж, тэдгээрийг биеийн хэмжээнийхээ дагуу бага багаар, аажмаар орхих ёстой. Үүнийг хэдэнтээ туулсны дараа тэдгээрийг бүрмөсөн хойш тавьсан байх бөгөөд тэгснээр чи улам бүр тууштай болно. Ашиг сонирхлоо хойш тавих тусам хүн болохын хувьд мөс чанар, эрүүл ухаантай байх ёстой гэдгээ улам их мэдэрнэ. Аминч сэдэлгүйгээр чи илэн далангүй, шулуун шударга хүн байж, Бурханыг сэтгэл хангалуун байлгахын тулд л аливааг хийж байгаагаа мэдэрнэ. Ийм ааш авир чамайг ‘хүн’ гэж дуудуулах үнэ цэнтэй болгож, газар дээр ийнхүү амьдарснаар чи нээлттэй, үнэнч, жинхэнэ хүн байж, цэвэр мөс чанартай, Бурханы хайрласан бүх зүйлийг хүртэх үнэ цэнтэй гэдгээ мэдэрнэ. Ингэж амьдрах тусам чамд улам тууштай, гэгээлэг санагдана. Ийнхүү чи зөв замд хөл тавьсан байх бус уу?” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). “Аливааг үргэлж өөрийнхөө төлөө бүү хий, өөрийнхөө ашиг сонирхлыг байнга бүү бодолц; байр суурь, нэр нүүр, нэр хүндээ үргэлж бүү бод. Бас хүний ашиг сонирхлыг бүү харгалзан үз. Чи эхлээд Бурханы гэрийн ашиг сонирхлыг бодож, үүнийг эн тэргүүнд тавих ёстой. Бурханы хүслийг анхааран үзэж, үүргээ биелүүлэхдээ хольцтой байсан эсэхээ, үнэнч байхын тулд чадах бүхнээ хийж, хариуцлагаа биелүүлэхийн тулд чадлынхаа хэрээр хийж, байгаа бүхнээ өгсөн эсэхээ, мөн өөрийн үүрэг болон Бурханы гэрийн ажлын талаар чин сэтгэлээсээ бодож үзсэн эсэхээ эхлээд тунгаан бодох ёстой. Чи эдгээр зүйлийг бодолцон үзэх ёстой. Эдгээр зүйлийг ахин дахин бодож үз, тэгвэл үүргээ сайн биелүүлэхэд амархан байх болно” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Христэд итгэгчийн хувьд, ёс жудаг, нэр төр, хүн чанартай амьдрах цорын ганц арга зам бол Бурханы үг болон үнэний дагуу амьдарч, Түүний хүслийг анхаарч, бүх зүйл дээр өөрсдийн ашиг сонирхлыг орхиж, Бурханы ажлыг хамгаалах явдал юм гэдгийг би тэгэхэд ойлгосон. Тэгвэл бид санаа амар байх болно. Би Бурханы үгийг хэрэгжүүлж, шулуун шударга хүн байхаар эрж хайх ёстой гэдгээ мэдсэн юм.
Арван нэгдүгээр сарын нэгэн орой, 10 цаг өнгөрч байхад шинэ зааварлагч Ли эгч манай багт ирэв. Тэрээр өөрийнх нь ажлын хамтрагч Лиу эгч өөр газраас хоёр хоногийн өмнө ирсэн эгчтэй уулзахаар явсан боловч ерөөсөө буцаж ирээгүй гэлээ. Тэрээр эгчийг баривчлагдсан байх вий гэж айж байв. Хэрвээ тэгсэн бол бусдад нь даруйхан нүү гэж хэлэх хэрэгтэй байлаа. Лиу эгч бас зарим нэг шалтгаанаар гэртээ харьсан байх боломжтой бөгөөд хүн бүрийг нүүлгэх нь үүрэгт нь нөлөөлнө гэж зааварлагч бодоод, яахаа мэдэхгүй байлаа. Үүнийг сонсоод би: “Лиу эгч Бурханд олон жил итгэж, үүргээ тууштай гүйцэтгэсээр ирсэн. Хэрвээ гэртээ харьсан бол бидэнд мэдэгдэх байсан. Магадгүй баривчлагдсан байх. Би удирдагчдад даруйхан хэлэх ёстой” гэж бодсон юм. Гэхдээ дараа нь бас, “Ли эгч зааварлагч. Хэрвээ эгч энэ талаар итгэлгүй байгаад, чуулганы ажлыг үймүүлэхээс айж байгаа бол би яаж итгэлтэй байж болох юм бэ? Бид төвөг удаад хүн бүрийг нүүлгэтэл Лиу эгч баривчлагдаагүй байвал удирдагч бидэнтэй харьцаж, чуулганы ажилд саад хийлээ гэж хэлж магадгүй. Би хэлэх үү, болих уу?” гэж бодогдсон юм.
Тэмцэлдэж байхдаа би Бурханы үгийг уншлаа: “Бурханы ажилд ашигтай бүхнийг хий, харин Бурханы ажлын ашиг сонирхолд хор хүргэх юуг ч бүү хий. Бурханы нэр, Бурханы гэрчлэл, Бурханы ажлыг хамгаал” (Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хаанчлалын эрин үед Бурханы сонгосон хүмүүсийн дуулгавартай дагах ёстой захиргааны арван зарлиг). “Чухал мөч байх тусам хүмүүс захирагдаж, хувийн ашиг сонирхол, нэрэлхүү, бардам зангаа орхиж, үүргээ зүй зохистой биелүүлж төдий чинээ чаддаг бол тэгсэн цагт л Бурхан тэднийг санана. Эдгээр нь бүгд сайн үйл! Хүмүүс юу ч хийлээ гэсэн, нэрэлхүү, бардам зан нь чухал уу, Бурханы алдар суу чухал уу? (Бурханы алдар суу.) Хариуцлага чинь чухал уу, ашиг сонирхол чинь чухал уу? Хариуцлагаа биелүүлнэ гэдэг хамгийн чухал зүйл бөгөөд чи үүнийг гүйцэтгэх үүрэгтэй” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханыг болон үнэнийг олж авна гэдэг хамгийн баяртай зүйл”). Өөрийнх нь ажлыг хамгаалж, үүргээ сайн гүйцэтгэ гэж Бурхан бидэнд тодорхой хэлсэн байдаг. Одоо миний ашиг сонирхол чуулганы ашиг сонирхолтой зөрчилдөхөд Бурхан харж байлаа. Хэрвээ би урьдынх шигээ аминч байвал хүн чанаргүй байгаа хэрэг байв. Өнгөрсөн удаа хүнд хэцүү сургамж авч, аймшигтай төлөөс төлсөн. Би тэр алдааг давтаж болохгүй байв. Би Ли эгчид: “Лиу эгч гэртээ харьсан байх боломжтой боловч бид итгэлтэй байж болохгүй. Бид хамгийн муугаар бодож төлөвлөөд, тэр ах эгч нарыг нүүлгэх хэрэгтэй. Бидний буруу байсан ч гэсэн, энэ нь чуулганы ажил болон хүн бүрийн аюулгүй байдлын төлөө юм. Бид нөхцөл байдлыг ерөнхийд нь харж байна. Хэрвээ аюул олж хараад, цаг тухайд нь үйлдэлгүй, хүмүүсийг баривчлагдахад хүргэх юм бол бид Иудас болж, харамсахад хэтэрхий оройтсон байх болно. Өдөр ирэх тусам аюул ихсэж байгаа. Даруйхан арга хэмжээ авцгаая” гэж хэлсэн юм. Урьд нь чуулганы зарим гишүүн баривчлагдаж байсан тухай би эгчид хэлсэн бөгөөд эгч надтай санал нийлэв. Тэгээд эгч маргааш нь өглөө эрт юмаа янзалж эхэлсэн бөгөөд нөгөөдөр орой нь бид бас өөрсдийнхөө байгаа газрыг чөлөөөлсөн юм.
Үүнийг хийж байхдаа зааварлагч: “Лиу эгч, нөгөө эгч хоёр баривчлагдаад, цуглааны газраас цагдаа нар дахиад дөрвөн хүн барьсан байна. Бид яг цагаа олж нүүжээ. Хэрвээ хүлээсэн бол бүр ч олон хүн баригдах байлаа” гэв. Үүнийг сонсоод уур хилэн минь буцлав. Коммунист Нам үнэхээр ёрын муу! Хятад шиг ийм том улс оронд Христэд итгэгчдэд нуугдах газар огт байхгүй! Би бас чуулганы ашиг сонирхлыг хамгаалах нь хэчнээн чухал болохыг мэдэрсэн юм. Энэ удаа би үнэнийг хэрэгжүүлж, хариуцлагатай байсан тул арай бага хохирол учирсан болохоор надад арай дээр санагдаж байлаа. Бурханы үгээр амьдрах нь хүн чанартай амьдрах цорын ганц зам гэдгийг би мэдэрсэн. Түүнчлэн, Бурханы үгийн шүүлт байгаагүй бол би сатанлаг гүн ухаан болон зан чанарт хүлэгдсэн хэвээр байж, мууг үйлдэж, Бурханыг эсэргүүцэн, хувийн ашиг сонирхлоо орхиж, зарчмуудыг даган мөрдөж чадахгүй байх байсан бөгөөд хэзээ ч хүн чанартай болохгүй гэдгээ өөрийн биеэр мэдэрсэн билээ. Төгс Хүчит Бурханы үгэнд хэлдэгчлэн: “Хэрвээ чи хариуцлагаа биелүүлж, даалгавар, үүргээ гүйцэтгэн, аминчхан хүслээ хойш тавьж, хувийн санаархал, сэдлээ орхиж, Бурханы хүслийг анхаарч, Бурханы болон Бурханы гэрийн ашиг сонирхлыг эн түрүүнд тавьж чадвал хэсэг хугацаанд ингэж туулсныхаа дараа энэ нь амьдрах сайн арга зам мөн гэдгийг мэдэрнэ. Энэ бол жигшүүрт, өөдгүй хүн байлгүй, чигч шударга амьдарч, мөн явцуу сэтгэлгээтэй, олхиогүй, жигшүүртэй байхын оронд төв чигч амьдарч байгаа хэрэг юм. Энэ бол хүний амьдран харуулах ёстой дүр төрх бөгөөд хүний хийх ёстой зүйл юм” (Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”).
Тайлбар:
a. “Тохойгоо гадагш нугалах” гэдэг нь хүн эцэг эх, үр хүүхэд, төрөл төрөгсөд, төрсөн ах дүүс гэх мэт өөрт ойр дотно хүмүүсээ хохироон байж бусдад тусалж байна гэсэн утгатай хятад хэлц үг юм.