74-р бүлэг

Миний үгийг уншиж, энэ нь биелнэ гэдэгт итгэдэг хүмүүс ерөөлтэй еэ. Би чамтай муухай харьцахгүй; Би чиний итгэдэг зүйлийг чиний дотор биелүүлж өгнө. Энэ бол Миний ерөөл чам дээр ирж буй нь юм. Миний үг хүн бүрийн дотор нуугдсан нууцыг яг онож цохидог. Хүн бүр үхлийн шархтай ба Би бол эдгээрийг анагаадаг сайн эмч юм: Зүгээр л Миний өмнө ир. Би ирээдүйд уй гашуу болон нулимс байхаа болино гэж яагаад хэлсэн бэ? Үүний учир нь энэ шүү дээ. Миний дотор бүх зүйл гүйцэлдсэн байдаг, харин хүмүүсийн дотор бүх зүйл завхарч, хий хоосон ба хүмүүст хуурмаг байдаг юм. Миний дэргэд чи бүх зүйлийг хүлээж авах бөгөөд төсөөлж ч чадахааргүй ерөөлүүдийг харж, мөн эдлэх болно. Миний өмнө ирдэггүй хүмүүс лав тэрслүү бөгөөд яахын аргагүй Намайг эсэргүүцдэг хүмүүс юм. Би тэднийг яав ч хялбар өршөөхгүй; ийм төрлийн хүмүүсийг Би хатуу гэсгээнэ. Үүнийг санагтун! Миний өмнө олон хүн ирэх тусам улам илүүг олж авна, гэхдээ энэ нь зөвхөн нигүүлсэл байна. Дараа нь тэд бүр ч илүү их ерөөлүүд хүлээж авна.

Дэлхийг бүтээснээс хойш Би энэ бүлэг хүмүүсийг, тухайлбал, өнөөдрийн та нарыг урьдчилан тогтоож, сонгож эхэлсэн. Та нарын зан авир, хэв чанар, гадаад төрх, биеийн хэмжээ, та нарын төрсөн гэр бүл, ажил, гэрлэлт гээд чамайг бүхэлд чинь, үс болон арьсны чинь өнгийг, мөн чиний төрөх цаг, газрыг хүртэл бүгдийг нь Би гараараа зохицуулсан. Өдөр тутам чиний хийдэг зүйлс болон уулздаг хүмүүс хүртэл Миний гараар зохицуулагдсан ба өнөөдөр чамайг Өөрийнхөө дэргэд авчрах нь ч үнэн хэрэгтээ Миний зохицуулалт гэдгийг дурдаад ч хэрэггүй. Өөрийгөө эмх замбараагүй байдалд бүү оруул; чи тайван урагшлах хэрэгтэй. Миний өнөөдөр чамд эдлүүлдэг зүйл нь чиний хүртвэл зохих хувь бөгөөд үүнийг дэлхий бүтээгдэх үед Би урьдчилан тогтоосон. Хүмүүс бүгд маш туйлшрамтгай: Нэг бол хэтэрхий гөжүүд, үгүй бол туйлын ичгүүргүй. Тэд аливааг Миний төлөвлөгөө болон зохицуулалтын дагуу хийгээд явж чаддаггүй. Цаашид ингэдгээ боль. Миний дотор бүгд чөлөөлөгдсөн; аминд чинь гарз учрах учир өөрийгөө бүү хүл. Үүнийг сана!

Бүх зүйл Миний гарт байдаг гэж итгэ. Урьд та нарт нууцлаг байсан зүйлс өнөөдөр бүгд илэн далангүй илчлэгдсэн; эдгээр нь цаашид нуугдмал биш (учир нь Би, ирээдүйд юу ч нууц биш болно гэж хэлсэн билээ). Хүмүүс дандаа тэвчээргүй байдаг; тэд ямар нэгэн зүйлийг гүйцээх гэж хэтэрхий сандарч, Миний зүрх сэтгэлд юу байгааг анхаарч үздэггүй. Та нар Миний ачааг хуваалцаж, Миний гэр орныг зохицуулж болох тул Би та нарыг сургаж байна. Та нар дүү нараа удирдаж чадна, Эцэг, хөвгүүд бид удахгүй дахин нэгдэж, дахиад хэзээ ч салахгүй байж болох тул Би та нарыг хурдан өсөөсэй гэж хүсэж байна. Энэ нь Миний санаа зорилгыг биелүүлнэ. Нууцлаг зүйлс бүх хүнд хэдийн илчлэгдчихсэн ба юу ч нууц далд үлдээгүй: Би—хэвийн хүн чанар болон бүрэн бурханлаг чанарыг хоёуланг нь эзэмшдэг, бүрэн төгс Бурхан Өөрөө—өнөөдөр яг та нарын нүдний өмнө илчлэгдсэн. Миний бүхий л оршихуй (хувцас, гадаад төрх, биеийн хэлбэр) бол Бурханы Өөрийн төгс илрэл; энэ бол дэлхий бүтээгдсэнээс хойш хүмүүсийн төсөөлж байсан боловч хэний ч харж байгаагүй Бурханы үнэн бие юм. Миний үйлдлүүд Миний үгтэй адил сайн байдаг нь Миний хэвийн хүн чанар болон бүрэн бурханлаг чанар нэг нэгнээ гүйцээдэг учиртай; түүнчлэн энэ нь ийм үлэмж хүч эгэл хүнд байдгийг харах боломжийг бүх хүнд олгодог. Надад чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүст Би Намайг хайрлаж чадах жинхэнэ зүрх сэтгэлийг өгсөн учраас та нар Намайг хайрладаг билээ. Чамтай харьцах үедээ Би чамайг ухааруулж, гэгээрүүлдэг бөгөөд үүгээр дамжуулан Намайг мэдэх боломж олгодог. Үүний үр дүнд Би чамтай яаж ч харьцсан, чи зугтахгүй; харин Миний талаар улам бүр эргэлзээгүй болно. Чи сул дорой байх үед энэ нь ч бас Миний зохицуулалт бөгөөд Намайг орхих л юм бол үхэж, хатна гэдгийг харах боломжийг чамд олгодог. Чиний амь бол Би гэдгийг чи үүнээс мэдэж болно. Сул дорой байсныхаа дараа хүчтэй болохдоо чи сул дорой юм уу хүчтэй байх нь чамаас хамаарахгүй гэдгийг ойлгох боломжтой болно; энэ бол бүхэлдээ Миний шийдэх зүйл.

Бүх нууц бүхэлдээ илчлэгдсэн. Та нарын ирээдүйн үйл ажиллагаанд Би Өөрийн зааварчилгааг нэг бүрчлэн өгнө. Би бүрхэг байхгүй; та нар юмыг өөрсдөө бодож тунгаах хэрэггүй, тэгвэл Миний удирдлагыг үймүүлэх тул Би маш илэн далангүй байх ба тэр ч бүү хэл та нартай шууд ярина. Ийм учраас, Би үүнээс хойш юу ч нууц далд байхаа болино гэж ахин дахин онцлон тэмдэглээд байна.

Өмнөх: 73-р бүлэг

Дараах: 75-р бүлэг

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих