81. Зовлон бол Бурханы ерөөл юм

Ван Ган, Хятад

2008 оны өвлийн нэгэн үдээс хойш би хоёр эгчийн хамт сайн мэдээний зорилтот хүмүүст Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг гэрчилж байх үед муу хүмүүс биднийг мэдээлсэн байв. Цагдаагийн зургаан албан хаагч бидний оршин суух зөвшөөрлийг шалгах хэрэгтэй гэсэн шалтгаар сайн мэдээний зорилтот хүмүүсийн гэрт дайран орж ирэв. Тэд хаалгаар орж ирээд, “Бүү хөдөл” гэж хашхирлаа. Хоёр цагдаа ухаанаа алдсан мэт над руу дайрч, нэг нь миний цээж хавийн хувцаснаас зуурч, нөгөө нь гарыг минь шүүрэн, хамаг чадлаараа нурууны ард мушгиад заналтайгаар: “Юу хийж байгаа юм бэ? Нэр чинь хэн бэ? Хаанаас ирсэн бэ?” гэж асуув. Би хариуд нь: “Та нар яаж байгаа юм бэ? Намайг яагаад баривчилж байгаа юм бэ?” гэж асуусан. Ингэж хэлэхийг минь сонсоод тэд маш их уурлан түрэмгий байдлаар: “Яагаад гэдэг нь хамаагүй, чамайг бид хайж байсан, бидэнтэй хамт явна даа” гэж хэлсэн юм. Үүний дараа цагдаа нар намайг хоёр эгчийн хамтаар цагдаагийн машин руу түлхэж оруулав.

Олон Нийтийг Аюулаас Хамгаалах Товчоонд очсоны дараа цагдаа нар намайг жижигхэн өрөөнд түгжлээ; тэд надад шалан дээр явган суухыг тушааж, дөрвөн хүнээр намайг мануулсан юм. Би удаан хугацаагаар явган сууснаас маш их ядарч, тэсэхэд бэрх болов. Намайг босох гэж оролдох төдийд тэд намайг босгохгүй гэсэндээ толгойг минь доош дарж байлаа. Нэг их удалгүй зэргэлдээ өрөөнд хэн нэгний зүрх зүсмээр хашхирах дууг сонсох мөчид би маш их айсан: дараа нь тэд над дээр ямар эрүү шүүлт хэрэглэхийг би мэдэхгүй! Би зүрх сэтгэлдээ Бурханд яаран залбирч эхлэв: “Өө Төгс Хүчит Бурхан минь, би одоо маш их айж байна, Та надад итгэл, хүч чадал өгч, намайг тууштай, зоригтой байлгаач. Би Таны төлөө гэрчлэлд зогсохыг хүсэж байна. Хэрэв би тэдний харгис эрүү шүүлтийг тэсэж чадахгүй бол Иудасын адил Танаас урвасны оронд хэлээ хазаад амиа хорлохыг илүүд үзнэ!” Залбирсны дараа миний дотор хүч чадал нэмэгдэхийг би мэдэрсэн бөгөөд айдас минь намжсан юм.

Тэр оройн 7 цагаас хойш цагдаа нар миний гарыг ар нуруунд гавлаж, дээд давхрын байцаалтын өрөө рүү оруулаад, шал руу түлхэж унагаав. Тэнд олс, модон саваа, бороохой, ташуур гэх мэт эрүү шүүлтийн элдэв янзын багаж хэрэгсэл байлаа. Нэг цагдаа гартаа “тачигнасан” дуутай цахилгаан бороохой бариад, мэдээлэл авахийн тулд “Танай чуулганд хэдэн хүн байдаг вэ? Та нар хаана уулздаг юм? Хэн удирддаг вэ? Хэчнээн хүн энэ нутагт сайн мэдээ номлож байгаа вэ? Яриач! Үгүй бол, чи юу болохыг үзнэ шүү!” хэмээн заналхийллээ. Би цахилгаан бороохойны заналхийлж буй аюул, эрүү шүүлт тулгах хэрэгслээр дүүрэн өрөөг дахин харал; тэгээд өөрийн эрхгүй айж сандарсан юм. Энэ эрүү шүүлтийг давж чадах эсэхээ ч мэдэхгүй байсан тул зүрх сэтгэлдээ Бурханыг дуудсаар байлаа. Намайг юу ч хэлэхгүй байхыг хараад, цагдаа уурласандаа цээжний зүүн тал руу цахилгаан бороохойгоор хүчтэй ёворч, намайг бараг минут хэртэй тогонд цохиулсан. Тэр даруй цус маань буцалж байгаа мэт санагдаж, хөлөөс толгой хүртэл тэвчихийн аргагүй өвдсөн бөгөөд би шалан дээр өнхөрч, зогсоо зайгүй хашхирч байв. Тэр ингээд больсонгүй, гэнэт намайг чирч, бороохойгоо эрүүнд тулган толгойг минь өргөөд: “Яриач! Чи юу ч хэлэхгүй юу?” гэж хашхирлаа. Энэ чөтгөрүүдийн галзуурсан эрүү шүүлттэй нүүр тулаад би тэдний тамлалыг тэвчиж чадахгүй байх вий гэж л айж байсан тул зүрх сэтгэлдээ цөхрөнгөө баран Бурханд залбирч байсан юм. Тэр үед Бурханы энэ үг бодогдлоо. “Эрх мэдэлтэй хүмүүс гаднаа хэрцгий мэт санагдаж болох ч бүү ай, учир нь энэ нь та нарын итгэл өчүүхнээс болж байгаа юм. Итгэл чинь өсөж байгаа цагт юу ч хэтэрхий хэцүү байхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 75-р бүлэг). Бурханы үг надад итгэл, хүчийг дахин өгсөн бөгөөд ёрын муу цагдаа нар миний өмнө галзуурч, догширч байсан ч тэднийг Бурханы гар зохицуулж байгааг би мэдсэн. Бурханы зөвшөөрөлгүйгээр тэд намайг хөнөөж чадахгүй. Би Бурханд итгэж, найдан тэдэнд бууж өгөхгүй байгаа цагт тэд эцэстээ гутамшигт унах нь гарцаагүй. Ингэж бодоод би хамаг хүчээ дайчилж, “Яагаад намайг энд авчирсан юм бэ? Намайг яагаад бороохойгоор тогонд цохиулж байгаа юм бэ? Би ямар гэмт хэрэг үйлдсэн юм бэ?” гэж чанга дуугаар асуув. Ёрын муу цагдаа гэнэт машины гэрэлд орж ирсэн буга шиг болж, мөс чанар нь буруушаахыг мэдэрч, түгдрэн гацаад, юу ч хэлж чадалгүй, сүүлээ хавчин зугтлаа. Сатаны мухардмал байдлын ичгүүртэй нөхцөл байдлыг хараад миний сэтгэл хөдөлж, нулимс унагасан юм. Энэ хүнд хэцүү үед би Төгс Хүчит Бурханы үгийн хүч чадал, эрх мэдлийг үнэхээр мэдэрсэн. Бурханы үгийг хэрэгжүүлж байгаа цагт би Бурханы үйл хэргийг харж байвна. Тав юм уу зургаан минутын дараа хоёр цагдаа орж ирсэн боловч энэ удаа өөр арга барилаа өөрчилж, туранхай цагдаа нь үнэхээр эелдгээр: “Бага зэрэг л хамтран ажиллачих. Бидний асуултад хариул, тэгэхгүй бол бид чамайг суллаж чадахгүй” гэлээ. Би нэг ч үг хэлээгүй тул тэрээр надаар гарын үсэг зуруулахаар нэг цаас гаргаж ирлээ. Тэр цаасан дээр “хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх” гэсэн үг бичсэнийг хараад би гарын үсэг зурахаас татгалзтал тэр цагдаа миний зүүн чих рүү хорсолтойгоор алгадаад, намайг эгээтэй л шалан дээр унагачихсангүй. Тэрхэн зуур миний зүүн чих дүнгэнэж, нэлээд удаж байгаад намжив. Дараа нь тэд намайг дахин гавлаад, тэр жижиг өрөөнд хорилоо.

Жижиг өрөөнд буцаж ирэхэд би хөх няц болсон байсан бөгөөд тэсэхүйеэ бэрх өвдөж байв. Зүрх сэтгэл минь өөрийн эрхгүй шаналж, сул дорой санагдаж байлаа: Би сайхан сэтгэлээр сайн мэдээ номлосон, Аврагч ирсэн гэдгийг, мөн яаравчлан үнэнийг эрэлхийлж, аврагдах хэрэгтэй гэдгийг хүмүүст харуулсан, гэсэн ч би энэ хавчлагыг санаандгүй амслаа. Энэ тухай бодоход бүр ч хэлмэгдсэн юм шиг санагдсан. Зовж байхдаа би залбирдаа Бурханыг дуудан, “Өө Бурхан минь, миний биеийн хэмжээ хэтэрхий бага, би маш сул дорой. Бурхан минь, би Танд найдаж, Таны төлөө гэрчлэлд зогсохыг хүсэж байна. Намайг залж чиглүүлээч дээ” хэмээн залбирсан юм. Дараа нь би Бурханы үгийн магтан дууг бодлоо: “Бүү урам хугар, бүү сул дорой бай, Би чиний хувьд аливааг тодорхой болгоно. Хаанчлалд хүрэх зам тийм ч дардан биш; юу ч тийм энгийн биш! Чи ерөөлүүдийг амархан авахыг хүсдэг. Өнөөдөр хүн бүр гашуун шалгалттай нүүр тулна. Тийм шалгалтгүйгээр Намайг хайрлах зүрх сэтгэл чинь хүчтэй болохгүй бөгөөд Намайг гэх жинхэнэ хайргүй байх болно. Эдгээр шалгалт багахан орчин нөхцөл төдийхнөөс бүрддэг байсан ч гэсэн хүн бүр тэдгээрийг туулах ёстой; ердөө шалгалтын бэрхшээл нь нэгээс нөгөө хүнд ялгаатай байх болно. Шалгалтууд бол Надаас ирж буй ерөөл бөгөөд та нараас хэчнээн олон чинь үргэлж Миний өмнө ирж, Миний ерөөлийг гуйн өвдөг сөгддөг билээ? Та нар үргэлж, цөөн хэдэн таатай үг л Миний ерөөл гэж тооцогдоно хэмээн боддог ч гашуун зовлон бол Миний ерөөлүүдийн нэг гэдгийг таньдаггүй(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Шалгалтын шаналал бол Бурханы ерөөл юм”). Ийм хяхалт хавчлага, бэрхшээл зовлонтой нүүр тулсан минь Бурхан миний итгэл, хайрыг төгс болгохын тулд байж гэдгийг би Бурханы үгээс ойлгов. Тэр орчин нөхцөл бол Бурханы ерөөл байлаа. Би Бурханд гомдоллож, Бурханыг буруутгаж яахан болох билээ? Би баривчлагдаж, эрүү шүүлт амссан боловч бүхий л зовлон зүдүүрийн үеэр Бурхан намайг үгээрээ залж чиглүүлж байсан; энэ нь Бурханы хайр байлаа. Би зүрх сэтгэлдээ энэ магтан дууг дуулж байсан бөгөөд дуулах тусам улам зоригжиж байв. Энэ нь бас итгэлийг минь сэргээсэн ба “Бурхан минь, цагдаа нар намайг яаж ч тамласан бай, би гэрчлэлд зогсож, Танаас хэзээ ч урвахгүй байхыг хүсэж байна. Би бүр эцсээ хүртэл Таныг дагахаар шийдсэн” гэж Бурханд тангарагласан юм.

Хорих лагерьт цагдаа нар янз бүрийн эрүүдэн шүүх аргуудыг хэрэглэсээр байсан бөгөөд хоригдлуудыг байнга турхиран намайг зодуулдаг байлаа. Өвлийн тэсгэм хүйтэнд тэд хоригдлуудад зааварчилж, над дээр хувинтай хүйтэн ус асгуулж, хүйтэн усанд оруулдаг байв. Би толгойноосоо хөлөө хүртэл дагжин чичирдэг байлаа. Зүрх дэлсэж, хөлс асгарч, зүрхний өвдөлтөөс болж ар нуруу ч бас өвддөг байсан юм. Тэндхийн хоригдлууд Хятадын Коммунист Намын мөнгө олох машин байсан бөгөөд ямар ч хууль ёсны эрхгүй байв. Тэдэнд шахалтад орж, боол мэт ашиглуулахаас өөр сонголт байгаагүй юм. Өдөр нь шоронгийн харгалзагчид надаар нас барагсдад зориулсан шатаалт тахил болгон ашигладаг цаасан мөнгийг албадан хэвлүүлдэг байв. Эхэндээ тэд надаар өдөр бүр 1,000 ширхэг хэвлүүлж байснаа өдөр бүр 1,800 ширхэг болгон нэмэгдүүлж, эцэст нь 3,000 ширхэг болгосон. Энэ нь над шиг туршлагагүй хүн байтугай, туршлагатай хүний ч хийж дуусгаж чадахгүй хэмжээ байсан юм. Үнэндээ тэд намайг зовоож, тарчлаах шалтаг олох гэсэндээ зориуд гүйцээж чадахааргүй ажил өгч байв. Намайг өдрийн нормоо биелүүлж чадахгүй л бол ёрын муу цагдаа нар 5 кг гаруй жинтэй дөнгө хөлд минь зүүж, гар хөлийг минь хамтад нь гинжилдэг байсан юм. Би гагцхүү толгойгоо унжуулан, нуруугаа бөгтийлгөн суугаад, хөдөлж чаддаггүй байв. Үүнээс ч жигшүүртэй зүйл бол хүнлэг бус, цэвдэг сэтгэлтэй энэ цагдаа нар миний үндсэн хэрэгцээг асуудаггүй, анхаардаггүй байв. Шоронгийн өрөөнд суултуур байдаг байсан ч би алхаж очоод, ашиглаж огт чаддаггүй байлаа; харин суултуур луу өргөөд аваачаач гэж л өрөөнийхөө хориглуудаас гуйдаг байв. Хэрэв арай гайгүй хоригдол байвал намайг татаж суулгадаг; хэрэв хэн ч надад туслахгүй бол би тэсэхээс өөр аргагүй болдог байсан юм. Миний гар хөлийг холбож гавладаг байсан учраас хоолны цаг л хамгийн хэцүү нь байлаа. Би хамаг чадлаараа толгойгоо тонгойлгож, гар хөлөө өргөж л чаддаг байв. Ам руугаа мантуу хийж болох цорын ганц арга энэ байсан юм. Хазах бүрдээ би асар их эрч хүч зарцуулдаг байв. Дөнгө миний гар, хөлийг үрж, маш их өвтгөдөг байсан. Нэлээд урт хугацаа өнгөрсний дараа миний бугуй, шагай хоёр гялайсан хатуу хар саарьтай болсон юм. Намайг түгжсэн үед би ихэвчлэн юм идэж чаддаггүй байсан бөгөөд хааяа хоригдлууд надад хоёр жижиг мантуу өгдөг байв. Ихэнх тохиолдолд тэд миний хоолыг идэж, би хоосон ходоодтой үлддэг байлаа. Уух юм бүр ч багыг өгдөг байсан, хүн бүрд өдөрт хоёр аяга ус өгдөг байсан боловч би цоожтой, хөдөлж чадахгүй тул бараг ус ууж чаддаггүй байв. Би дөрвөн удаа, нийтдээ арав хоногийн турш ийм хүнлэг бус тамлал амссан билээ. Тийм нөхцөл байдалд ч цагдаа нар намайг шөнийн ээлжинд ажиллуулж байв. Би удаан хугацаанд цадталаа идэж чадаагүй болохоор үргэлж зүрх дэлсэж, дотор муухайрч, цээж хөндүүрлэдэг болж, бас яс арьс болж хувирсан байлаа. Тэвчихийн аргагүй их өлсөх үедээ би, уруу таталтын үеэр Эзэн Есүсийн Сатанд хэлсэн зүйлийг бодсон юм: “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг(Матай 4:4). Энэ нь надад тайтгарал өгч, Сатаны хяхалт хавчлагын үеэр Бурханы энэ үгийг өөрийн биеэр туулахад бэлэн санагдсан юм. Тэгээд залбирахын тулд Бурханы өмнө өөрийгөө тайван болгож, Түүний үгийг тунгаан бодсон бөгөөд нэг л мэдэхэд өвдөлт, өлсгөлөн минь намдсан байлаа. Нэгэн удаа, нэг хоригдол надад: “Өмнө нь нэг залуу ингэж гавлагдсаар байгаад өлбөрч үхсэн. Хэдэн өдрийн турш бараг юу ч идээгүйг тань би харсан, харин та сэтгэлийн их тэнхээтэй юм” гэж хэллээ. Түүний үгийг сонсоод би чимээгүйхэн Бурханд талархав. Энэ бол Бурханы үгэн дэх амийн хүч намайг дэмжиж байгаа хэрэг гэдгийг би гүнээ мэдэрсэн билээ. Бурханы үг бол үнэн, зам, амь мөн, түүнчлэн амьд үлдэхийн тулд миний найдах ёстой үндэс суурь гэдгийг энэ нь надад үнэхээр мэдрүүлсэн юм. Тиймээс Бурханд итгэх итгэл минь өөрийн эрхгүй нэмэгдлээ. Энэхүү зовлонт орчинд би “Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин Бурханы амнаас гарах үг бүрээр амьдардаг” гэх үнэний бодит байдлыг жинхэнээсээ туулж чадсан билээ. Энэ бол Бурханы надад өгсөн хамгийн үнэ цэнтэй амийн баялаг, мөн миний хосгүй бэлэг юм. Түүнчлэн, хоол хүнс, хувцас хунарт санаа зовох шаардлагагүй орчинд үүнийг би хэзээ ч олж авч чадахгүй байсан. Энэхүү зовлон маш үнэ цэнтэй, утга учиртай байлаа!

Ийм хавчлага, тамлалыг туулаад би зүрх сэтгэлдээ Коммунист Намыг улам их үзэн ядах болов. Ердөө л Бурханд итгэснийхээ төлөө би баривчлагдаж, элдэв янзын эрүү шүүлт амссан. Энэ бол хүнлэг бус хүчирхийлэл; үнэхээр ёрын муу байсан! Тэгэхэд урьд нь уншиж байсан Бурханы үгийн нэг хэсэг бодогдсон юм: “Оёоргүй гүний гадаргуу эмх замбараагүй, харанхуй байдаг, харин энгийн ардууд ийм зовлон зүдүүр туулж, Тэнгэр өөд уйлж, газарт гомдоллодог. Хүн хэзээ толгой өндийн цэх явж чадах вэ? Туранхай, эцэнхий хүн яаж энэ харгис түрэмгий диаволтай тэмцэлдэж чадах юм бэ? Яагаад тэр өөрийн амьдралыг Бурханд аль болох хурдан өгдөггүй юм бэ? Яагаад тэр эргэлзэн тээнэгэлзсээр байдаг юм бэ? Бурханы ажлыг хэзээ дуусгаж чадах юм бэ? Тэгээд зорилгогүйгээр дээрэлхүүлж, дарлагдсан түүний бүхий л амьдрал эцэстээ хий дэмий өнгөрсөн байх болно; хүн яагаад ирэхдээ ч тийм их яарч, явахдаа ч тийм их яаравчилдаг юм бэ? Бурханд өгөх ямар нэгэн эрхэм нандин зүйлийг тэр яагаад хадгалдаггүй вэ? Хүн үүрдийн үзэн ядалтыг мартчихсан гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Ажил ба оролт 8). Энэхүү туршлага надад Коммунист Намын жинхэнэ мөн чанар бол Бурханы дайсан, үнэний дайсан гэдгийг харуулж, Бурханы төлөө гэрчлэлд зогсох шийдвэрийг минь батжуулсан юм.

Нэг сарын дараа ХКН-ын цагдаа нар надад “нийгмийн дэг журмыг алдагдуулж, хуулийн хэрэгжилтэд саад болсон” хэмээн үндэслэлгүй ял тулгаж, нэг жил хөдөлмөрөөр засан хүмүүжүүлэх ял оноолоо. Хөдөлмөрийн лагерьт очмогц цагдаа нар намайг өдөр бүр албадан ажиллуулдаг байв. Би уут тоолох цехэд 100 уут тоолоод, дараа нь холбож уядаг байсан юм. Хоригдлууд үргэлж ирж, миний тоолсон уутнаас зориуд нэг юм уу хэд хэдэн уут авчхаад, намайг зөв тоолсонгүй гэцгээж, тэр завшааныг ашиглан намайг цохиж, өшиглөдөг байлаа. Намайг зодуулж байхыг багийн дарга хараад ирж, хоёр нүүр гарган юу болж байгааг надаас асуухад хоригдлууд намайг уут дутуу тоолсон гэх худал нотолгоо үзүүлдэг байсан. Ингээд би багийн даргын хатуу ширүүн шүүмжлэлийг тэвчих хэрэгтэй болдог байв. Хэлмэгдсэн мэт санагдаж, өвдөж шаналах бүрдээ би ажиллах зуураа Бурханы үгийн магтан дууг дуулдаг байсан юм: “Эцсийн энэ өдрүүдэд та нар Бурханд гэрчлэл хийх ёстой. Зовлон чинь хэчнээн их байх нь хамаагүй, та нар бүр эцсийг нь хүртэл алхах ёстой, эцсийн амьсгалаа авч байхдаа ч Бурханд үнэнч байж, Бурханы зохицуулалтад захирагдсаар байх ёстой; энэ нь л Бурханыг үнэхээр хайрлаж байгаа хэрэг бөгөөд энэ нь л хүчтэй, цангинасан гэрчлэл юм(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Зовлон чинь хэчнээн их байсан ч Бурханыг хайрлахаар эрж хай”). Дуулан дуулсаар сэтгэл маш их хөдөлж, зоригжоод, хацар даган урсах нулимсаа барьж чаддаггүй байлаа. Тэгээд би, хэчнээн их зовсон ч Бурханы төлөө гэрчлэлд зогсоно гэж шийдэв. Тухайн үед ойролцоо насны нэг ах надтай хамт хоригдож таарсан юм. Өдөр нь ажиллаж байх үедээ бид үг сольж болдоггүй байсан ч шөнийн цагаар өөрсдийн цээжилсэн Бурханы үг болон магтан дууны хэсгүүдийг нууцаар бичиж, нэг нэгэндээ дамжуулдаг байлаа. Хэсэг хугацааны дараа биднийг хамт ажиллуулах болсон тул бид маш аяархан нөхөрлөж, нэг нэгнээ зоригжуулж тусалдаг болсон бөгөөд энэ нь зовлонгоо нимгэлэхэд үнэхээр тус болсон билээ.

Үүнээс гадна, тэд өглөө бүр “биеэ авч явах дүрэм”-ийг албан хүчээр цээжлүүлдэг байсан бөгөөд хэрэв цээжлээгүй бол зодуулдаг байв; мөн тэд надаар Коммунист Намыг магтсан дууг хүчээр дуулуулдаг байлаа. Хэрвээ тэд дуулахгүй байхыг минь, эсвэл уруулаа хөдөлгөхгүй байхыг минь харвал шөнө нь гарцаагүй зоддог байсан юм. Мөн тэд надаар шал арчуулж шийтгэдэг, санаанд нь хүртэл арчаагүй бол хэрцгийгээр зоддог байлаа. Нэгэн удаа хэсэг хоригдлууд гэнэт намайг цохиж, өшиглөж эхлэв. Зодсоныхоо дараа тэд надаас: “Банди аа, чи яагаад зодуулж байгаагаа мэдэж байна уу? Яагаад гэвэл чи харгалзагчийг орж ирэхэд босож мэндлээгүй!” гэсэн юм. Зодуулах болгондоо миний уур хүрдэг байсан ч юу ч хэлж зүрхэлдэггүй байв; би гагцхүү уйлж, Бурханд чимээгүйхэн залбирч, зүрх сэтгэл дэх гомдол, дургүйцлийнхээ талаар Түүнд хэлдэг байлаа. Хуульгүй, бодлогогүй энэхүү газарт зүй зохистой байдал байхгүй, зөвхөн хүчирхийлэл л байсан. Тэнд ямар ч хүмүүс байгаагүй, зөвхөн галзуурсан чөтгөрүүд л байсан! Ийм хүнд байдалд өдөр бүр амьдрахдаа би маш их шаналал, дарамтыг мэдэрч, тэнд дахиад нэг ч минут байхыг хүсээгүй. Сульдан доройтож, шаналах нөхцөл байдалд орох бүрдээ Төгс Хүчит Бурханы үгийг боддог байлаа: “Өөрсдөд чинь өгсөн ерөөлийг та нар ер нь хүлээн авсан уу? Та нарт өгсөн амлалтыг ер нь эрж хайсан уу? Та нар Миний гэрлийн удирдамж дор харанхуйн хүчний дарлалаас гарцаагүй ангижирч, харанхуйн дунд өөрсдийг чинь замчлах гэрлийг алдахгүй нь лавтай. Та нар бүх бүтээлийн эзэн байх нь лавтай. Та нар Сатаны өмнө ялагч байх нь гарцаагүй. Агуу улаан лууны хаанчлал нуран унахад та нар Миний ялалтад гэрчлэл хийхээр үй олон хүн дунд зогсох нь гарцаагүй. Синимийн нутагт та нар бат, тууштай зогсох нь маргаангүй. Туулсан зовлонгоороо дамжуулан та нар Миний ерөөлийг өвлөж, бүхий л орчлон ертөнц даяар Миний алдрыг цацруулах нь дамжиггүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 19-р бүлэг). Бурханы үг намайг зоригжуулав. Надад Бурханы хийсэн бүхэн намайг хангаж, аврахын төлөө байсан; үнэнийг надад оруулж, үнэнийг миний амь болгохын төлөө байсан гэдгийг би ойлгосон юм. Бурхан энэ хавчлага, гай зовлонг над дээр ирэхийг зөвшөөрсөн бөгөөд би бие махбодоороо ихээхэн зовсон хэдий ч энэ нь надад агуу улаан лууны Бурханыг эсэргүүцэж, үзэн яддаг ёрын муу мөн чанарыг тодорхой харуулж, үүнийг жигшиж, хаяж, Сатаны нөлөөнөөс бүрмөсөн ангижирч, Бурхан руу бүрэн эргэж, Бурханаар ялагч болгуулах боломж олгосон. Түүнчлэн Бурхан надтай хамт байгааг бодитоор мэдэрч чаддаг болгож, Бурханы үг миний амийн талх, миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл болж, энэ тамын хар нүхэнд алхам бүрд минь удирдаж байгааг үнэхээр таашаах боломж олгосон юм. Энэ бол хавчлага, гай зовлонгийн үеэр миний эдэлж, олж авсан Бурханы хайр, хамгаалалт билээ. Энэ үед би үнэхээр сохор байснаа олж харж чадсан. Бурханд итгэхдээ би Бурханы нигүүлсэл, ерөөлийг эдлэхээ л мэддэг байсан бөгөөд үнэн болон амийг өчүүхэн төдий ч эрэлхийлдэггүй байжээ. Махан бие минь жаахан зовлон амсмагц би тасралтгүй гоншигносон; би зүгээр л Бурханы хүслийг ойлгоогүй, Бурханы ажлыг ойлгохоор эрж хайгаагүй. Өөрөөсөө болоод Бурханыг үргэлж шаналгаж, гуниглуулж байж. Би үнэхээр мөс чанаргүй байжээ! Харамсаж, өөрийгөө буруутгахдаа би чимээгүйхэн Бурханд залбирлаа: “Өө Төгс Хүчит Бурхан минь, Таны хийдэг бүхэн намайг аврах, олж авахын төлөө байдгийг би харж байна. Би үнэхээр тэрслүү, харалган байгаагаа үзэн ядаж байна. Би Таныг үргэлж буруу ойлгож, Таны хүслийг анхаарч үзээгүй. Өө Бурхан минь, өнөөдөр Таны үг миний хөшүүн зүрх сэтгэл, сүнсийг сэрээж, Таны хүслийг надад ойлгууллаа. Би өөрийн гэсэн хүсэл, шаардлагатай байхыг хүсэхгүй байна; зөвхөн Таны зохицуулалтыг л дуулгавартай дагана. Хэчнээн их зовлон амсах ёстой байсан ч Сатаны хавчлага дунд Танд гэрчлэл хийнэ.” Залбирсны дараа би Бурханы сайн санаа зорилгыг ойлгосон бөгөөд Бурханы зөвшөөрлөөр миний туулсан орчин нөхцөл болгон намайг гэх Бурханы агуу хайр, аврал гэдгийг мэдсэн. Тиймээс би айж далдичих талаар бодохоо больж, Бурханыг буруугаар ойлгохоо больсон юм. Хэдийгээр нөхцөл байдал хэвээрээ байсан ч миний зүрх сэтгэл баяр хөөр, таашаалаар дүүрэн байлаа; Бурханд итгэх итгэлийнхээ төлөө зовлон, хавчлага туулах нь нэр төрийн хэрэг болохыг би мэдэрсэн ба энэ нь над шиг ялзарсан хүний хувьд хосгүй бэлэг, Бурханы онцгой ерөөл, нигүүлсэл байв.

Шоронд хүнд бэрх нэг жилийг өнгөрөөсний дараа би өчүүхэн биеийн хэмжээтэй, үнэнээр маш их дутмаг гэдгээ олж харлаа. Төгс Хүчит Бурхан энэ өвөрмөц орчноор дамжуулан миний дутагдлыг үнэхээр нөхсөн бөгөөд өсөх боломжийг надад олгосон юм. Гай зовлонгоосоо амийн хамгийн эрхэм нандин баялгийг олж авч, урьд нь ойлгоогүй олон үнэнийг ойлгож, ХКН-ын Бурханыг хяхан хавчиж, Христэд итгэгчдийг тарчлаадаг жигшүүрт гэмт хэргийг харах боломжийг Тэр надад олгосон. Би чөтгөр Сатаны үзэшгүй муухай төрхийг болон Бурханыг эсэргүүцдэг харгис мөн чанарыг нь танин мэдсэн. Ялзарсан хүн намайг гэх Төгс Хүчит Бурханы агуу аврал, өршөөлийг би үнэн сэтгэлээсээ мэдэрч, Төгс Хүчит Бурханы үгийн хүч чадал, амь нь надад гэрэл авчирч, миний амь болж, Сатаныг ялан дийлж, үхлийн сүүдрийн хөндийгөөс алхан гарахад намайг удирдан хөтөлж чадна гэдгийг мэдэрсэн билээ. Бурханд талархъя!

Өмнөх: 80. Ид залуу насандаа шоронд

Дараах: 82. Байцаалтын өрөөний эрүү шүүлт

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

32. Сүнс минь чөлөөлөгдлөө

Мибу, Испани“Хүн Сатаны зохион байгуулалт, нөлөөнөөс ангижирч, Бурханы гэрэлд амьдрахын тулд амьдралдаа цэвэрлэгдэж, зан чанартаа өөрчлөлт...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих