45. Бурханы өмнө амьдрах нь

Ёнсуй, Өмнөд Солонгос

Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бодит байдалд орохдоо хүн бүх зүйлийг бодит амьдрал руу хандуулах ёстой. Хэрвээ хүмүүс Бурханд итгэхдээ, бодит амьдралд орсноор дамжуулан өөрсдийгөө мэдэж чадахгүй бол, мөн бодит амьдрал дээр хэвийн хүн чанарыг амьдран харуулж чадахгүй бол бүтэлгүй хүмүүс болно. Бурханд дуулгаваргүй хүмүүс нь бүгдээрээ бодит амьдралд орж чаддаггүй хүмүүс юм. Тэд бүгдээрээ хүн чанарын талаар ярьдаг мөртөө чөтгөрийн уг чанарыг амьдран харуулдаг хүмүүс юм. Тэд бол бүгдээрээ үнэний тухай ярьдаг мөртөө хоосон сургаалыг амьдран харуулдаг хүмүүс юм. Бодит амьдралд үнэнийг амьдран харуулж чаддаггүй хүмүүс бол Бурханд итгэдэг ч Түүнд жигшигдэн гологддог хүмүүс билээ. Чи бодит амьдралд оролтоо хэрэгжүүлж, өөрийн дутагдал, дуулгаваргүй болон мунхаг байдал, хэвийн бус хүн чанар, сул талыг мэдэх ёстой. Ийм маягаар мэдлэг чинь чиний бодит нөхцөл байдал, бодит бэрхшээлтэй нэгдэнэ. Ийм төрлийн мэдлэг л бодит бөгөөд байр байдлаа бүрэн ухамсарлаж, зан чанарын өөрчлөлтөд хүрэх боломжийг чамд олгож чаддаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чуулганы амьдрал ба бодит амьдралыг хэлэлцэх нь). “Амийн оролтыг эрж хайхдаа хүн өдөр тутмын амьдралд тулгардаг асуудал бүрд өөрийн үг, үйл, бодол, санааг шинжих ёстой. Өөрийн байр байдлыг ухаараад, үүнийгээ үнэнтэй харьцуулж, үнэнийг эрж хайж, өөрийн ойлгодог үнэний бодит байдалд орох ёстой. Үнэний бодит байдалд орох явцдаа хүн өөрийн байдлыг ухаарч, байнга Бурханы өмнө очин залбирч, Түүнээс гуйх ёстой. Мөн түүнчлэн бусад ах эгчтэй нээлттэй зүрх сэтгэлээр үргэлж нөхөрлөж, үнэний бодит байдалд орох замыг хайж, үнэний зарчмыг эрж хайх ёстой. Эцсийн эцэст хүн, өдөр тутмын амьдралдаа ямар зан чанар илчилдэг, үүнд нь Бурхан баясдаг эсэх, хэрэгжүүлдэг зам нь үнэн зөв эсэх, Бурханы үгтэй өөрийгөө харьцуулан шинжих замаар дотроосоо олж илрүүлсэн байдлаа шалгасан эсэх, үүнийгээ үнэн зөв шалгасан эсэх, энэ нь Бурханы үгтэй нийцдэг эсэх, мөн өөрөө үнэхээр амжилт гаргаж, үнэндээ Бурханы үгтэй нийцдэг эдгээр байдалтайгаа холбоотойгоор оролтод хүрсэн эсэхээ мэдэж авна. Чи үргэлж эдгээр байдал, ийм нөхцөлд амьдрах үедээ зарим үнэний талаар болон өөрийнхөө бодит байдлын талаар яваандаа үндсэн ойлголттой болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанарыг мэдэх нь зан чанарыг өөрчлөхийн үндэс”). Бурханы үг бидэнд амийн оролтын замыг харуулдаг, энэ нь бодит амьдрал дээр тохиолддог бүх зүйл дээр бодол, үйлдэл бүрээ шинжлээд, дараа нь тэдгээрийг Бурханы үгийн илчлэлтэй харьцуулж, завхарсан зан чанараа эргэцүүлж, мэдэж, үнэнийг ашиглан үүнийгээ шийдвэрлэх гэж эрэлхийлэх явдал юм. Өөрсдийгөө үнэхээр мэдэж, Бурханы үгийн бодит байдалд орох цорын ганц зам бол энэ.

Зургаан сарын өмнөх цуглаан дээр Чэнь ах туршлагаа хуваалцсан юм. Тэгээд дуусахад нь би, ах үүрэгтээ дураараа байж, зарчмын эсрэг явсан болохоор засалт, харьцалт туулжээ гэж бодсон. Ах зүгээр л шалтаг хэлэлгүй биеэ хянаж, бас захирагдаж байгаа харагдсан. Харин ажилдаа яагаад дураараа байж, ямар завхарсан зан чанарт хянуулсан, уг шалтгаан нь юу байсан тухайд ах үнэндээ эргэцүүлээгүй, бас эдгээрийг ойлгох гэж хичээж, шийдвэрлэхийн тулд үнэнийг эрж хайгаагүй байсан юм. Ах дуулгавартай байхдаа зүгээр л дүрэмтэй зууралдсан. Үүнийг жинхэнэ дуулгавартай байдал гэж болохооргүй байлаа. Тэгээд би “Ахад энэ дутагдлыг нь хэлж өгөх хэрэгтэй юу?” гэж бодсон. Гэхдээ дараа нь, “Чэнь ах надаас удаан хугацаанд итгэсэн, бас ойлголт, туршлагаар ч надаас давуу. Би ахад санал хэлбэл аавдаа адуу манахыг заана гэгч болох болов уу? Биеэ тоосон харагдах болов уу? Юу ч хэлэхгүй байсан нь дээр юм байна” гэж бодлоо. Ах нөхөрлөлөө дуусгаад өөрөөс нь алдаа дутагдал анзаарсан бол хэлээрэй гэж биднээс хүссэн юм. Би ахын асуудлыг хэлж өгмөөр байсан ч ер чадаагүй. “Надаас нэлээд ах хүн шүү дээ. Ахыг үнэндээ захирагдаагүй, зүгээр л дүрэм дагаж байна гэж хэлбэл ах нэр нүүрээ барж, эвгүй байдалд орно. Хэрвээ ах үүнийг хүлээн зөвшөөрөхгүй, намайг дэндүү биеэ тоосон, туршлагагүй гэвэл би маш их ичнэ. Би ахыг сайн мэддэггүй юм чинь онцгүй сэтгэгдэл төрүүлээд дэмий” гэж бодлоо. Тэгээд нэлээд удаан эргэлзсэнийхээ дараа, “Та арвин их туршлагатай, бас зарим нэг бодит ойлголттой юм” гэж хэлсэн.

Ингэж хэлчхээд сэтгэл тавгүйтлээ. Би ахын асуудлыг тодорхой олж харчхаад энэ талаараа ганц ч үг цухуйлгаагүй юм. Оронд нь зүгээр л мөс чанартаа нийцэхгүй сайхан үг хэлсэн. Ингэх нь огт чин шударга, үнэнч байгаагүй юм. Дараа нь, би тэр хугацаан дахь цуглаанууд дээр хүн бүр нөхөрлөл хийсэн талаар бодлоо. Бид өдөр бүр өөрсдийгөө эргэцүүлж, өөрсдийгөө мэдэж, хэчнээн их худал хэлж, үнэнийг зөөлрүүлж ярьсан, хувийн санаа зорилготой хэр олон үг хэлж, үнэний эсрэг юу хэлж, хийсэн гэдгээ олж харах учиртай байсан шүү дээ. Би Чэнь ахад зүгээр л худал хэлсэн гэдгээ ухаарсан юм. Бурхан бидэнд үнэнч, илэн далангүй байж, байгаа юмыг байгаагаар нь хэл гэж ахин дахин захидгийг би мэдэж байсан. Тэгсэн мөртөө ийм хамгийн наад захын шаардлагыг ч хэрэгжүүлж чадаагүй юм. Тухайн үед миний сэтгэл гонсойж эхэллээ. Тэгээд цаг алдалгүй Бурханы өмнө очин залбирч, өөрийгөө мэдэхэд минь намайг залж чиглүүлээч гэж гуйсан юм. Дараа нь Бурханы ийм үгийг уншсан: “Та нар бүгд боловсрол сайтай. Үг яриа, ярьдаг хэв маягтаа боловсон, даруу байхад бүгд анхаарал хандуулдаг: Та нар эв дүйтэй, мөн бусдын өөрийгөө хүндлэх сэтгэл, нэр төрийг сэвтээхгүй байж сурсан байдаг. Үг, үйлдэлдээ хүмүүст бултах зай үлдээдэг. Хүмүүсийг тайвшруулахын тулд чадах бүхнээ хийдэг. Тэдний сэтгэлийн шарх, дутагдлыг илчилдэггүй, мөн тэднийг шархлуулж, ичээх гэдэггүй. Ихэнх хүн ийм зарчмаар үйлддэг. Тэгвэл энэ ямар төрлийн зарчим бэ? Энэ нь овжин, зальхай, арга мэхтэй, дотуур тамиртай байдаг. Хүмүүсийн инээмсэглэсэн царайны цаана хорлонт, дотуур тамиртай, жигшмээр маш олон зүйл нуугдаатай бий. Жишээлбэл, зарим хүн бусадтай харилцаж байгаад нөгөө хүнээ бага зэрэг байр суурьтай гэдгийг олж хармагцаа харилцагчаа тав тухтай болгох гэж аятайхан, чихэнд чимэгтэй, зусардсан байдлаар ярьж эхэлнэ. Гэвч тэд үнэндээ тэгж бодож байгаа гэж үү? Тэд санаа зорилго, далд сэдэл өвөрлөж байгаагаас зайлахгүй. Тийм хүмүүсийн зүрх сэтгэл харанхуй, маш жигшүүртэй байдаг. Тийм хүмүүсийн биеэ авч явах байдал ой гутам, зэвүүн юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Амийн өсөлтийн зургаан үзүүлэлт”). Бурханы үг миний байр байдлыг яг илчилсэн юм. Би үг хэлэхдээ огтхон ч үнэнч биш, туйлын зальтай байж. Хүмүүсийг гомдоохгүйн тулд тойруулж ярьж, байнга сайхан юм хэлдэг байлаа. Гаднаа бусдыг бодолцож байгаа мэт харагдсан ч жинхэнэ сэдэл маань бусдад сайнаар дурсагдах, нэр хүнд, байр сууриа хамгаалах явдал байж. Чэнь ахын туршлагыг сонсчхоод, ах дүрэмтэй дэндүү их зууралдаж байна, энэ нь ахын амийн оролтод нэмэргүй гэж сайн мэдэж байсан ч ингэж хэлбэл ахыг ичээж, онцгүй сэтгэгдэл төрүүлнэ гэж бодсон болохоор ам нээгээгүй. Ах саналыг минь сонсъё гэхэд нь ч илэн далангүй байгаагүй. Оронд нь зүгээр л ахад тал засаж, хуурч мэхэлсэн шүү дээ. Би маш зальжин, ов мэхтэй байж! Чэнь ах алдаа эндэгдлээ засахыг хүссэн болохоор дутагдлыг нь хэлж өгөөч гэж биднээс хүссэн, гэтэл би ахад туслах үүргээ биелүүлж чадаагүйн дээр ахыг мэхэлж, нүдийг нь хуурахын тулд зүгээр л магтсан юм. Миний үг чихэнд чимэгтэй, аятайхан сонсогдож, хэнийг ч гомдоогоогүй ч гэлээ би асуудалтай тулгарчхаад үнэнийг хэрэгжүүлээгүй гэдгээ тэгэхэд л ухаарсан даа. Ингэх нь үнэндээ сайн хүн огт биш, зальжин, ов мэхтэй байгаа хэрэг. Би өөрийгөө бага залуу, туршлага нимгэн, ертөнцийн арга замыг мэддэггүй гэж боддог байлаа. Үнэндээ баримтаар илчлэгдсэнээр л би маш зальхай гэдгээ олж мэдээд, өөрийгөө жигшиж эхэлсэн. Цаашид тийм ов мэхтэй, үнэнч бус байхыг хүсээгүй. Тэгээд гэмшиж, Бурханы шаарддагаар үнэнээ хэлж, үнэнч хүн байхыг хүсэн, Бурханд залбирсан юм.

Чэнь ахаас олж илрүүлсэн асуудлуудаа бичээд, ахад явуулъя гэж төлөвлөсөн боловч бичиж байхдаа дахиад л эргэлзлээ. Би зохистой үг хэрэглэхгүй байна, ах үүнийг сайнаар хүлээж авахгүй, намайг өө эрж байна гэж бодно гэж санаа зовсон. Тэгээд ч тэр үед нь хэлээгүй юм байж одоо сүржигнэх юм бол ах намайг дэмий юманд сүр бадрууллаа гэж бодох болов уу? “Энэ удаад юу ч хийгээд дэмий байх, дараагийн удаад л хэлье” гэж бодсон. Гэхдээ тэгж бодоод дахиад л сэтгэл гонсойлоо. Бурхан өөр юунд ч биш, миний ойлголтод л зориулж ийм нөхцөл бэлдээгүй шүү дээ. Бурхан намайг үгийг нь хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлнэ гэж найдаж байсан. Хэрвээ би шууд бууж өгч, үүнийг зүгээр өнгөрөөх юм бол Бурханыг хуурсан болох биш үү? Би Бурханд дахин залбираад, “Дахиад Чэнь ахын нэрэлхүү занд санаа зовж, бусад нь намайг юу гэж бодохыг анхаармааргүй байна. Бурхан минь, үнэнийг хэрэгжүүлэхэд намайг замчлаач дээ” гэж хэлсэн. Дараа нь Чэнь ахын туршлагыг тунгааж, Бурханы үгтэй нэгтгэсэн юм. Тэгээд анзаарсан асуудлуудаа багахан ойлголтынхоо хамт бичээд, Чэнь ахад явууллаа. Ийм маягаар хэрэгжүүлээд нэлээд санаа амарсан шүү. Үүний яг маргааш нь Чэнь ахаас хариу ирсэн юм. Ах захиаг минь уншаад маш их сэтгэл хөдөлсөн гээд, асуудлынх нь талаар захиа бичсэн минь Бурханы хайраас үүдэлтэй гэсэн байлаа. Асуудал гарах үед үнэнийг эрж хайхад анхаараагүй, засалт, харьцалт туулах үедээ зүгээр л аргацаасан гэдгээ ах ухаарчээ. Тэгээд аливааг туулдаг аргад нь байгаа алдаа дутагдлыг засахад бэлэн гэдгээ бичсэн байлаа. Ахын хариуг уншиж дуусаад маш их сэтгэл хөдөлсөн шүү. Бас ах эгч нартай харилцахдаа тэгж их санаа зовох хэрэггүй юм байна гэж бодсон. Зүгээр л асуудлыг хэлж өгөхдөө зөв сэдэлтэй байх ёстой, тэгвэл тэд үүнийг хүлээн зөвшөөрөхөд бэлэн байх болно. Би ургуулан бодоод л тэгж их санаа зовж, сатанлаг зан чанартаа хянуулсан байж. Бас чуулган дахь харилцаа нь амьдралын гүн ухаан, овжин арга мэхэнд тулгуурладаггүй, харин Бурханы үгийн хэрэгжүүлэлт, харилцан үнэнч байдал дээр тогтдог гэдгийг ойлгож авсан юм.

Гэтэл Сатан намайг маш гүнзгий завхруулж, завхарсан зан чанар минь маш гүн үндэслэсэн байсан болохоор нэр төр, ашиг сонирхол маань эрсдэлд орох үед үнэнийг хэрэгжүүлэхэд хэцүү санагдсан байж.

Хэсэг хугацааны дараа, нэг залуухан эгч интернэтээр байнга роман уншдагийг олж мэдсэн юм. “Интернэт дэх эдгээр романы ихэнх нь зүгээр л хүний зохиосон уран зөгнөл шүү дээ. Эгчийн толгой ийм юмаар дүүрвэл Бурханы үгийг уншиж, үүргээ биелүүлэхийг хүсэхгүй. Тэгвэл эгч Ариун Сүнсний ажлыг алдаж, аминд нь маш том гарз тохионо. Би эгчид энэ асуудлыг хэлэх хэрэгтэй” гэж бодоод, зүрх дэлсэж эхэллээ. Гэхдээ яг ам нээх гэж байхдаа, “Эгчийн дургүй хүрч, намайг бусдын хэрэгт хошуу дүрлээ гэж бодох болов уу? Эгч миний үгэнд орохгүй бол бид хоёр өдөр болгон уулзахад маш эвгүй болно. Магадгүй энэ талаар чуулганы удирдагчид мэдэгдээд, удирдагчаар нөхөрлөл хийлгэх хэрэгтэй байх” гэж эргэлзлээ. Гэхдээ ингэж бодох буруу гэдгийг мэдэж байсан. Би өөрөө олж илрүүлсэн болохоор өөрөө эгчтэй нөхөрлөх үүрэгтэй байсан юм. Хариуцлагаа зүгээр л бусдад тохоод байж болохгүй шүү дээ. Дараа нь эгчид асуудлыг нь хэлэх талаар нэлээд хэдэн удаа бодсон ч тэр болгондоо үгээ хэлж чадахгүй, хаанаас эхлэхээ мэдэхгүй байлаа. Өдөр болгон ингэж явсаар, нэг өдөр чуулганы удирдагч надаас эгчийн байдлыг асуусан юм. Тэгэхэд л би удирдагчид энэ талаар хэлсэн. Гайхмаар нь, удирдагч өөр хийх юмтай болохоор намайг эгчтэй нөхөрлөөч гэж хүслээ. Бурхан, махан биеэ хаяж, үнэнийг хэрэгжүүлж чадах эсэхийг минь харах гэж энэ нөхцөл байдлыг бэлдэж өгч байгааг би ухаарсан. Тэгээд би нэг хэсэг яаж түгшиж байснаа бодлоо. Ялангуяа тэр эгчтэй уулзахаар, эгчтэй яриагүй гэж бодогдоод салдаггүй байсан. Би эгчид хайраар хандаж, хариуцлага хүлээлгүй, мөс чанараа зовоож байлаа. Интернэт дэх романд донтохын аюулыг би маш сайн мэдэж байсан юм. Диавол Сатан эдгээр хорон муу чиг хандлагыг ашиглан хүмүүсийг хуурч, завхруулж, бодлыг нь хянаж, Бурханаас зайлахад хүргэдэг, ингэснээр тэд улам бүр доройтож, мохож, эцэстээ Сатанд залгиулдаг. Эгчийн амь яаж хохирч болох, үүрэгтээ сатаарч байгаа нь чуулганы ажилд асар их хор хөнөөл учруулж болох талаар би өчүүхэн төдий ч бодолцож үзээгүй. Энэ талаар сөхөж, эгчийг гомдоохоос айж, харилцаагаа хамгаалахын тулд үг бүрээ цэгнэж байж. Би маш аминчхан, жигшүүртэй байсан юм байна!

Тэгээд Бурханы ийм үгийг уншсан юм: “Сайн хүн байх нь үнэндээ амархан, зүгээр л бага ярьж, ихийг хийж, сайхан зүрх сэтгэлтэй байж, муу санаа өвөрлөхгүй байхад л болно гэж олон хүн итгэдэг. Ингэвэл хаашаа ч явсан хөгжин цэцэглэж, хүмүүс өөрсдөд нь дуртай байх нь лавтай бөгөөд ийм хүн байхад л хангалттай гэж тэд итгэдэг. Тэд үнэнийг эрэлхийлэхийг ч хүсэхгүй байхдаа тулдаг; ердөө сайн хүн байх төдийд сэтгэл ханадаг. Үнэнийг эрэлхийлж, Бурханд үйлчлэх асуудал нь хэтэрхий төвөгтэй; энэ нь олон үнэнийг ойлгохыг шаарддаг, хэн үүнийг биелүүлж чадах юм бэ? гэж тэд боддог. Тэд ердөө илүү амархан замаар явж—сайн хүн байж, үүргээ биелүүлэхийг хүсдэг—энэ л хангалттай гэж боддог. Энэ байр суурь зөв үү? Сайн хүн байх нь үнэхээр тийм амархан уу? Нийгэмд тун сүрлэг маягаар ярьдаг олон сайн хүн байдаг бөгөөд гаднаа тэд ямар нэг томоохон муу юм хийгээгүй мэт харагдавч зүрх сэтгэлдээ ов мэхтэй, зальхай байдаг. Ялангуяа тэд нөхцөл байдал хаашаа эргэхийг харж чаддаг ба уран цэцэн үг нь эелдэг, хашир байдаг. Миний харж байгаагаар, тийм ‘сайн хүн’ бол хуурамч, хоёр нүүртэн юм; тийм хүн ердөө сайн хүний дүр үзүүлж байгаа. Алтан дундажтай зууралддаг бүх хүн хамгийн хорлонтой. Тэд хэнийг ч гомдоохоор хичээдэггүй, хүмүүст бялдуучилдаг, аливаа зүйлтэй нийцдэг ба хэн ч тэднийг ойлгож чаддаггүй. Тийм хүн бол амьд Сатан юм!(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна”). Би Бурханы үгэнд илчилсэнтэй яг адилаар үргэлж дундыг баримтлаад хэзээ ч, хэнийг ч гомдоодоггүй, бусдын алдааг хэзээ ч хэлж өгдөггүй, “нийцтэй” хүн гэдгээ олж харсан болохоор Бурханы үг зүрхийг минь нэвт зүссэн юм. Би ер нь юм хэллээ гэхэд ярьж байгаа хүн, тухайн нөхцөл байдлаа бодолцох ёстой болдог байсан. Бас нөхөрсөг харилцаандаа сэв суулгаж, өөр хүнээр шүүмжлүүлэхийг хэзээ ч зөвшөөрч чаддаггүй байлаа. Тэр эгчид асуудал байгааг харчхаад энэ тухай хэлж өгмөөр байсан ч эгчийг гомдоож магадгүй гэж бодмогцоо ингэхээс удаа дараа зайлсхийж, оронд нь чуулганы удирдагчид хариуцлагаа тохсон. Би өөрийгөө л бодож, хэл амтай ажлыг бусдад өгч, өөрийнхөө ашиг сонирхлыг ямар ч байдлаар хохироохыг хүсээгүй гэдгээ ухаарсан юм. Би ах эгч нартаа ингэж хандаж байж. Заримдаа, муу байр байдалтай, завхрал харуулж байгаа хүнийг хараад энэ талаар нь хэлж өгч, нөхөрлөхгүй, нүдээ аниад өнгөрөөдөг байлаа. Гаднаа би бүх хүнтэй эв найртай харагддаг байсан. Бас үнэхээр анхаарал халамжтай санагддаг байсан. Гэхдээ энэ бүгд худал хуурмаг, дүр эсгэлт байсан юм. Би зүгээр л дүр эсгэж, чин сэтгэлийн үнэн үгээ нууж байж. Би үнэхээр хоёр нүүртэй байж! Тэгээд ах эгч нарыг улайм цайм хуурсан мөртөө тэдэнд сайнаар дурсагдахыг хүсэж байсан юм. Би маш ичгүүргүй байсан! Тэгээд дотуур тамиртай, ов мэхтэй, үгүй гэж хэлж чаддаггүй дүр эсгэгчээс цаашгүй гэдгээ олж харсан.

Дараа нь Бурханы үгээс дахиад уншлаа: “Хүмүүс Бурханы ажлыг туулж, үнэнийг олж авах хүртэл Сатаны уг чанар тэднийг хянаж, дотроос нь ноёлж байдаг. Тэрхүү уг чанар ялангуяа яг юу агуулдаг вэ? Жишээлбэл, чи яагаад аминчхан байдаг юм бэ? Яагаад байр сууриа хамгаалдаг юм бэ? Яагаад сэтгэл хөдлөл ихтэй байдаг юм бэ? Яагаад чи тэр зөв шударга бус зүйлд дуртай байдаг юм бэ? Яагаад чи тэдгээр ёрын мууд дуртай байдаг вэ? Ийм зүйлсэд дурладгийн чинь үндэс юу вэ? Эдгээр зүйл хаанаас гаралтай вэ? Яагаад чи тэдгээрийг хүлээн авахдаа тун дуртай байдаг вэ? Энэ бүх зүйлийн ар дахь гол шалтгаан нь чиний дотор Сатаны хор байдгаас болж байгаа гэдгийг одоо та нар бүгд ойлгож авсан. Сатаны хор гэж юу болох тухайд бол үүнийг үгээр бүрэн илэрхийлж болно. Жишээ нь, хэрвээ чи зарим мууг үйлдэгчээс яагаад тэгж авирласныг нь асуувал тэд: ‘Яагаад гэвэл, хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэж хариулна. Энэ нэг хэллэг асуудлын яг уг сурвалжийг илэрхийлдэг. Сатаны логик хүмүүсийн амь болсон. Тэд энэ, тэр зорилгын төлөө аливааг хийдэг ч өөрсдийнхөө төлөө л хийж байгаа. Хүн бүр өөрийнхөө төлөө байдаг ба би үхэхээр чи үх гэдэг тул хүмүүс өөрсдийнхөө төлөө амьдарч, сайн байр суурь болон өөрсдөд нь хэрэгтэй хоол хүнс, сайхан хувцас хунарыг баттай олж авахын тулд чадах бүхнээ хийх ёстой гэж хүн бүр боддог. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’—энэ бол хүний амь, гүн ухаан бөгөөд бас хүний уг чанарыг төлөөлдөг. Сатаны энэ үг бол яг нарийндаа Сатаны хор бөгөөд хүмүүс үүнийг эзэмших үед энэ нь тэдний уг чанар болдог. Энэ үгээр дамжуулан Сатаны уг чанар ил болдог; энэ нь Сатаныг бүрэн төлөөлдөг. Энэхүү хор хүмүүсийн амь, түүнчлэн оршин тогтнолынх нь суурь болдог ба энэхүү хор завхарсан хүмүүсийг хэдэн мянган жилийн турш тогтмол ноёрхож ирсэн(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Петрийн замаар хэрхэн алхах вэ”). Үгүй гэж хэлж чаддаггүйн уг шалтгаанаа би эдгээр үгээс бага зэрэг ойлгож авсан юм. Энэ нь гол төлөв надад гүн шингэсэн Сатаны гүн ухаан, хор байсан. “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Сайн найзуудынхаа алдааны талаар амаа хамхих нь урт удаан, сайхан нөхөрлөлийг бий болгодог”, “Эрс шулуухан байх нь бусдын уурыг хүргэдэг тул бусдын мэдрэмж, сэтгэл санаанд зохицох сайхан үг хэл” гэх мэт зүйлсэд хордсоноор би ер нь нэр төр, байр сууриа л боддог болсон. Би хийдэг юм бүхэндээ бусдад сайнаар дурсагдахыг хүсэж, маш аминчхан, зальхай, ов мэхтэй болсон байсан. Аав ээж хоёр минь намайг бага байхаас л бага ярьж, их сонс, үг цөөтэй байх тусам сайн гэж үргэлж хэлдэг байсан. Тэгээд бусадтай дэндүү илэн далангүй байж болохгүй, тэгвэл тэдэнд таалагдахгүй гэцгээдэг байлаа. Би эдгээр сатанлаг гүн ухааны дагуу амьдарч, бусад хүнтэй нээлттэй, үнэнч байх нь тун ховор байсан юм. Хамгийн сайн найзынхаа ч дургүйг хүргэж, нэр нүүрээ сүйтгэхгүйн тулд сэтгэлээ уудлан, дутагдлыг нь хэлж өгөх нь маш ховор байлаа. Харин ч тэдний аяыг дагуулж, тал засахыг илүүд үздэг байсан, гэтэл энэ нь бүгд худал хуурмаг, дүр эсгэлт байж! Би насан туршдаа эдгээр сатанлаг гүн ухааны дагуу амьдарвал гагцхүү дэндүү хуурамч, зальхай, аминчхан, өөдгүй болно гэдгээ ухаарсан. Би өөрийнхөө л ашиг сонирхлыг бодоод, бусдыг ер бодолцоогүй. Хүмүүстэй чин үнэнч байгаагүй, бас тэднийг хайрлаагүй. Над шиг хүн хэнд ч, ямар ч байдлаар тус, нэмэр болж чадахгүй, ер нь ойр дотно болох үнэ цэнгүй байсан юм. Эдгээр сатанлаг гүн ухаан үнэхээр утгагүй, бас биеэ авч явах зарчим байж хэзээ ч болохгүйг би ойлгосон. Насан туршдаа эдгээр сатанлаг гүн ухааны дагуу амьдарвал бид улам завхарсан, хүн чанараар дулимаг болохоос өөр аргагүй гэдгийг олж харсан. Би асуудлыг анзаарчхаад юу ч хэлэхгүй байх бүрдээ дараа нь гэмшиж, сэтгэлд нэг хүнд юм торчих шиг л болдог байсныг бодсон. Би үнэнийг мэддэг мөртөө хэрэгжүүлж чадахгүй байгаа мэт санагддаг байсан юм. Би ямар ч нэр төр, шулуун шударга зангүй, үнэхээр хулчгар амьтан байж. Ийм насан дээрээ ч бас олигтой хүн байж чадахгүй, хүнтэй харилцах зарчмыг мэддэггүй байлаа. Харин ч Сатаны зааж, түгээн дэлгэрүүлсэн шашнаас ангид арга замыг л эрэлхийлдэг байж. Би тэр мөчид өөрийгөө үнэхээр үзэн ядсан. Цаашид эдгээр сатанлаг гүн ухааны дагуу амьдрахыг хүсээгүй. Зүгээр л Бурханы үгийн дагуу үйлдэж, биеэ авч явахыг хүсэж байлаа.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан юм: “Үнэнч хүн байхын хамгийн чухал хэрэгжүүлэлт юу вэ? Энэ нь Бурханд зүрх сэтгэлээ нээлттэй байлгах явдал юм. ‘Нээлттэй’ гэдгээр Би юуг хэлж байна вэ? Энэ нь өөрийн боддог бүх зүйл, ямар санаа зорилго агуулж, юунд хянуулдаг болохоо Бурханд тов тодорхой харуулахыг хэлдэг. Хэрэв чи зүрх сэтгэлдээ байгаа юмыг хэлдэг бөгөөд энэ нь өчүүхэн ч ялгаагүй, нуун далдлаагүй, бүдэг бадаг талгүй, бусад хүн таамаглах, эсвэл асуулт асууж цааш лавлах шаардлагагүй байж, чи өөр ямар ч санаархал агуулалгүй, зүгээр л бодож байгаа юмаа бөөрөнхийлөх шаардлагагүй хэлдэг бол зүрх сэтгэл чинь нээлттэй гэсэн үг. Заримдаа чиний шулуун шударга байдал бусдыг шархлуулж, дургүйг нь хүргэж болох юм. Гэхдээ, ‘Чи ийм үнэнч байдлаар ярьж, сэтгэлийг минь үнэхээр шархлууллаа. Үнэнч байдлыг чинь би хүлээн зөвшөөрч чадахгүй’ гэж хүн хэлэх үү? Үгүй, хэн ч тэгж хэлэхгүй. Чи хааяа хүмүүсийг шархлууллаа ч гэсэн тэдэнд сэтгэлээ уудалж, уучлал хүсэн, ухаалаг бусаар яриад, өөрсдийнх нь сул талыг хайхарч үзээгүй гэдгээ хүлээн зөвшөөрч чадвал тэд чамайг хорссон сэтгэлгүй, үнэнч хүн бөгөөд ердөө л ярьж байгаа байдалдаа төдийлөн анхаарал хандуулдаггүй, зүгээр л маш илэн далангүй гэдгийг олж харна; үүний чинь төлөө чамайг хэн ч буруутгахгүй… Үнэнч хүн байхын хамгийн чухал хэсэг нь чиний зүрх сэтгэл Бурханд нээлттэй байх ёстой. Дараа нь чи бусад хүнд нээлттэй байж, үнэнчээр, үнэнээ ярьж, зүрх сэтгэлдээ байгаа зүйлийг хэлж, нэр төртэй, шулуун шударга, ёс жудагтай хүн байж, хэтрүүлэгтэй, худал ярихгүй, дүр эсгэж, бусдыг хуурахад үгээ ашиглахгүй байхад суралцаж болох юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнч хүн байснаар л чи жинхэнэ хүний төрхийг амьдран харуулж чадна”). Бурханы үгийг тунгааж байхад сэтгэл маш их хөдөлсөн. Бурхан гараас минь хөтлөөд, хүний хувьд биеэ яаж авч явах ёстойг минь зааж өгч байгааг мэдэрсэн юм. Үнэнч хүн байж, үнэнчээр ярьж, үйлдэж, зүрх сэтгэлээ Бурханд бүрэн нээж, ах эгч нартай илэн далангүй байж, арга ашиглахгүй, заль мэх гаргахгүй амьдрах нь залхмаар биш байдаг. Дараа нь би тэр эгчид асуудлыг нь хөндөж, интернэтийн романд донтох аюулын талаар нөхөрлөлөө. Эхэндээ эгч нэлээд урвагар харагдаад, жаахан эвгүй байлаа. Гэхдээ намайг сэтгэлээ уудалж, нөхөрлөхөд эгч аюултай байдалд байгаагаа ухаарсан. Тэгээд дахиж интернэтээр роман уншихгүй, үүрэгтээ анхаарал хандуулна гэлээ. Эгчийн ингэж хэлэхийг сонсоод би эцэст нь тайвшран санаа алдаж, бас өөрийгөө зэмлэсэн. Эртхэн хэлсэн бол эгчийн байдал ч эртхэн засрах байсан байх. Би үргэлж нийцтэй байхыг хүсдэг болохоороо л өөртөө бууж өгч, үнэнийг хэрэгжүүлээгүй, тэгээд асуудал сунжирсан шүү дээ. Үгүй гэж хэлж чаддаггүй байх үнэхээр хор хөнөөлтэй. Дараа нь, би ах эгч нарын үүрэгт байгаа асуудлыг олж хараад заримдаа тэднийг гомдоох вий гэж санаа зовсоор байсан ч Бурханд залбирч, үнэнийг анхааралтай хэрэгжүүлж, үнэнч хүн байснаар хожим нь асуудлыг үргэлж үнэнээр нь хэлж өгч чаддаг болсон. Бурханы үгийн удирдамжаар л би яаж биеэ авч явж, ах эгч нартай харилцахаа сурч чадсан юм. Тэгээд Бурханы үг хэчнээн эрхэм нандин гэдгийг ойлгосон. Тэдгээр нь бидний биеэ авч явах байдал, үйлдлийн зарчим юм. Бидний үүрэгт ч, биеэ авч явахад ч Бурханы үгийн удирдамж үргэлж хэрэг болдог. Асуудал гарахад үнэнийг эрж хайж байгаа цагт бид хэрэгжүүлэх замтай байх болно.

Эргээд бодох нь ээ, би үгүй гэж хэлж чаддаггүй, бас ов мэхтэй гэдгээ онолын хувьд хүлээн зөвшөөрдөг байсан ч завхарсан зан чанараа судалж, задлан шинжлэхийн тулд өөрийгөө Бурханы үгтэй хэзээ ч үнэхээр харьцуулж байгаагүй. Бас Бурханы үгээс хэрэгжүүлэх зам, зарчим хайх нь ховор байсан болохоор аминчхан, ов мэхтэй зан чанар минь огт өөрчлөгдөөгүй байж. Хэдийгээр би амьдралд зарим шалихгүй асуудал туулсан ч өөрийгөө шинжилж, Бурханы үгээс үнэнийг хайхад анхаарснаар үр өгөөж хүртэж, зарим нэг ойлголттой болдог. Бас сэтгэлдээ жинхэнэ амар амгаланг мэдэрч, амийн оролтын замыг бага зэрэг олж авдаг. Ийм ойлголтод хүрч, энэ үр өгөөжийг хүртэж байгаа нь тэр чигтээ Бурханы үгийн удирдамжийн л ач юм! Бурханд талархъя!

Өмнөх: 44. Эцэст нь би өөрийнхөө талаарх үнэнийг олж харлаа

Дараах: 46. Бялдууч хүмүүс Бурханы магтаалыг хүртэж чадах болов уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

88. Шоронгийн зовлон бэрхшээл

Шяо Фань, Хятад2004 оны 5 дугаар сарын нэгэн өдөр зарим ах эгч нартай хамт цуглаанд оролцож байтал 20 гаруй цагдаа дайран орж ирсэн юм. Тэд...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих