46. Бялдууч хүмүүс Бурханы магтаалыг хүртэж чадах болов уу?

Лю И, Хятад

Итгэгч болохоосоо өмнө би бусдын дургүйг хүргэхгүйн тулд үргэлж болгоомжилж, хүн болгонтой нийцтэй байж чаддаг байлаа. Хэцүүхэн цаг үеийг туулж байгаа хэн нэгнийг харах л юм бол, тусалдаг байсан болохоор би бол хүн чанар сайтай, сайн хүн юм шиг надад санагддаг байсан. Бурханы үгийн шүүлт, гэсгээлтийг туулснаар л, би өөрийгөө зөвхөн бусадтай харилцах харилцаагаа хамгаалж байгаагаа, шударга ёсны тухай ойлголтгүй нэгэн гэдгээ ухаарсан юм. Хамгийн амин чухал үед би хэзээ ч үнэний зарчмыг баримталж, эсвэл Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалж чаддаггүй байв. Би өөрийгөө Бурханы зэвүүцлийг төрүүлсэн аминч, ов мэхтэй, бялдууч нэгэн гэдгээ харсан. Гэмшил, өөрийгөө жигших сэтгэлээр дүүрсэн би үнэнийг хэрэгжүүлэхэд төвлөрч эхэлснээр, өөрчлөгдөж эхэлсэн юм.

Чуулганы усалгааны багийн удирдагч байхдаа би, Ли эгчтэй хамт ажилладаг байлаа. Хэсэг хугацааны дараа би эгчийг үүрэгтээ ямар ч ачаа үүрэхгүй байгааг, ямар ч зүйл хийсэн хичээл зүтгэл гаргадаггүйг нь анзаарсан юм. Эгч, ах эгч нарыг асуудлаа шийдвэрлэхэд нь бараг л тусалдаггүй, заримдаа бүр цуглааны цагийг хүртэл хольж хутгадаг байлаа. Энэ талаар эгчид хэлэхийг хүссэн боловч, түүнийг энэ үүргийг гүйцэтгээд нэг их удаагүй байгаа, тийм болохоор юм хэлбэл эгч намайг хэтэрхий их юм шаардаж, хатуурхаж байна гэж бодох байх гэж би бодсон юм. Эгч миний тухай маш өндөр сэтгэгдэлтэй байдаг, тиймээс хэрэв би ийм зүйл хэлбэл миний тухай бодол нь өөрчлөгдөх болов уу? Эгчийн нэр нүүрийг унагахгүйн тулд би түүнтэй аминчлан нөхөрлөхөөр шийдлээ. Нөхөрлөлийнхөө үеэр би эгчийн асуудлыг шийдвэрлэхээр үнэнийг хэлэлцсэнгүй, харин оронд нь аятайхнаар зөвлөж “Та үүрэгтээ сүүлийн үед нэг их үр дүн гаргахгүй байна. Энэ талаараа эргэцүүлж үзсэн үү? Хэрэв та буруу байдлаа зохицуулахгүйгээр амьдраад байвал үүргээ сайн гүйцэтгэж чадахгүйгээр үл барам энэ нь бүр таны амийн оролтын замд саад болж болно” гэсэн юм. Үнэндээ, эгчийг үүрэгтээ хайхрамжгүй, цалгар хандаж байгааг, асуудлын уг чанарыг задлан шинжлэхийн тулд эгчтэй үнэний талаар нөхөрлөх хэрэгтэйг, түүнтэй харьцаж, илчлэх хэрэгтэй, тэгснээр эгч асуудлынхаа талаар ойлголттой болж чадна гэдгийг би мэдэж байсан л даа. Гэхдээ хэтэрхий хатуурхаад эгч түүнийг нь хүлээж авч чадахгүй бол энэ нь бидний харилцааг нурааж, эгч надад хорсох вий гэж би санаа зовсон юм. Тиймээс, би эгчтэй зүгээр л тэвчээртэйгээр нөхөрлөсөн.

Дараа нь би Ли эгчийг үүрэгтээ өрсөлдөх маш их дуртай, үргэлж бусдаас давж гарах гэж хичээдэг болохыг нь олж харав. Хүмүүсээр бишрүүлж чадахгүй үедээ тэр сөрөг байдалд автдаг байлаа. Би эгчтэй хэд хэдэн удаа ганцаарчлан нөхөрлөхөд эгч маш сайн хүлээж авч буй мэт харагддаг байсан ч, юу ч өөрчлөгдсөнгүй. Нөхцөл байдлыг удирдагч нарт мэдээлье гэж бодож үзсэн ч, Ли эгчийн ар нуруунаас нь хутгалсан хэрэг болно гэж айж байлаа. Түүний дургүйг хүргэчихвэл, дараа нь бид яаж нийцтэй байж чадах билээ? Бид энэ бүх хугацаанд бие биеэ мэддэг байсан бөгөөд нэгнээ сайн мэддэг байх нь давуу талуудтай юм шиг надад санагдсан. Би эгчид үргэлжлүүлэн туслахаар хичээе, хэрэв эгч энэ маягаараа үргэлжлээд байвал, удирдагч нартай ярилцах цаг надад гарна гэж би бодсон юм.

Ли эгчийн үүргийн гүйцэтгэл муудсаар, ах эгч нарын асуудлыг тэр шийдвэрлэж чадахгүй л байв. Нэг удаа шинэ итгэгчдийн асуудлыг цуглаан дээр шийдвэрлэх гэж оролдохдоо, эгч алдаатай нөхөрлөл хуваалцав. Бид түүнийг нь хамтдаа залруулсан ч, хожим нь эгч ижил асуудалтай тулгарахдаа нөгөө л алдаатай нөхөрлөлөө хуваалцсан. Шинэ итгэгчдийн асуудлыг шийдвэрлэж чадаагүйгээр үл барам бүр тэднийг төөрөгдөлд оруулчхав. Энэ тухай олж мэдээд би өөрийгөө үнэхээр их буруутгаж, Ли эгчийг үүргээ гүйцэтгэхдээ саад учруулж байгааг илчлэхийг хүссэн боловч, эгчийг харангуутаа хэл минь эвлэж өгсөнгүй. Би зүгээр л асуудлыг зөөлрүүлээд, түүнийг ах эгч нартай буруу нөхөрлөжээ гэж хэлэв. Хэтэрхий хатуу хандах юм бол түүний сэтгэлийг гонсойлгож, миний талаар муугаар бодоход хүргэх вий гэж айсандаа би тодорхойгүй, тойруулж ярьсаар байв. Үр дүнд нь эгч өөрийнхөө талаар ямар ч ойлголт олж авсангүй. Эгчийг юмсын талаар ойлголт муутай, усалгааны үүрэгт сайн тохирохгүй гэдгийг нь би харж байсан учраас зарчмын дагуу бол түүнийг өөр үүрэгт шилжүүлэх хэрэгтэй бөгөөд би эгчийг аль болох эртхэн удирдагч нарт мэдээлэх ёстой байсан юм. Гэхдээ би эгчийн дургүйг хүргэж, ингэж удаан хамт ажилласныхаа дараа найзууд биш дайснууд болох вий гэж айсандаа санаагаа өөрчиллөө. Эцэс нь би үнэний зарчмыг баримтлалгүй, түүнийг удирдагч нарт мэдээлэхээ хойшлуулсан юм. Үнэнийг хэрэгжүүлэхгүй, ажил дээрх асуудлуудыг нүдээ аниад өнгөрөөж байсан болохоор би өөрөө ч аймшигтай байдалд орж орхилоо. Ли эгчийн гүйцэтгэлд би дасаж, өнгөн дээрээ нийцтэй байгаа л бол сэтгэл хангалуун байх болов. Бурханы гэрийн ажлыг өргөх талаар би бодохгүй, бас үнэн хэрэгтээ юу болж байгааг удирдагч нарт хэлээгүй.

Тэгтэл нэг өдөр, Ли эгч Хятадын Коммунист Намын цагдаагийн мэдээлэгч нарын хараанд өртсөнөө олж мэдсэн бөгөөд хэрэв үүргээ үргэлжлүүлсээр байвал бусад ах эгч нарыг ч бас араасаа дагуулж мэдэхээр байлаа. Энэ мэдээг сонсоод зүрх минь дэлссэн. Энэ үнэхээр ноцтой асуудал гэдгийг мэдэж байсан болохоор, би эцэст нь нэг юм нөхцөл байдлыг удирдагч нартай хуваалцав. Удирдагч нар надад маш хатуу хариу ийнхүү бичсэн байв: “Ли эгч үүрэгтээ хайхрамжгүй байсны дээр ойлголт нь ташаа юм. Энэ байдал ажилд саад болоод удсан атал чи удаан хугацааны турш энэ талаар мэдээлэхгүй явжээ. Чи зүгээр л төвийг сахиад, бялдууч хүний зарчмыг баримталжээ. Үүгээрээ Бурханы гэрийн ажлыг хойш татаж, хохироов. Чи үнэхээр эргэцүүлж, өөрийгөө мэдэх хэрэгтэй.” Тэд бас Дээрхийн номлолоос эшлэл оруулсан байлаа: “Бялдууч хүмүүс ялган таних чадвараа ашиглаж чаддаггүй. Тэд үнэний зарчмыг сайн мэддэг боловч тэдгээрийг баримталдаггүй. Хувийн ашиг сонирхолд нь нөлөөлөх аливаа зүйл дээр тэд үнэний зарчмыг хүртэл хөсөр хаяад, хувийн ашиг хонжоогоо л хамгаалдаг. Бялдууч хүн муу хүний муу үйл хийж байгааг хараад, тэрхүү үйлдэл нь Бурханы гэрийн ажилд саад болж, чуулганы амьдралыг үймүүлдэг гэдгийг мэдэж байдаг ч, дургүйг нь хүргэчих вий гэж айсандаа үг хэлдэггүй. Тэд муу хүмүүсийг илчилж, мэдээлдэггүй. Тэдэнд шударга ёс, хариуцлагын мэдрэмж огт байдаггүй. Ийм хүмүүс чуулганд ямар ч үүрэг биелүүлэхэд тохирохгүй—тэд юунд ч хэрэггүй. Бялдууч хүмүүс үнэнч шударга мэт харагдаж, бусад хүн тэднийг хүн чанар сайтай, сайн хүмүүс гэж бодож, зарим удирдагч, ажилчид бүр тэднийг хөгжүүлдэг. Энэ бол үнэхээр мунхаг хэрэг. Бялдууч хүмүүс юунд ч хүрч чадахгүй тул хөгжүүлэх гэж хэзээ ч бүү хичээ. Хамгийн гол нь тэд үнэнийг хайрладаггүй, эсвэл үнэнийг хүлээж авдаггүй, үнэнийг хэрэгжүүлэх тухайд бүр ярихын ч хэрэггүй. Тийм ч учраас Бурхан бялдууч хүмүүсийг хамгийн их үзэн яддаг. Хэрэв ийм хүмүүс чин сэтгэлээсээ гэмшихгүй бол, таягдан хаягдах болно” (Ажлын зохицуулалт). Удирдагч нар намайг ийм хатуу засаж, харьцахад, ялангуяа “бялдууч хүн” гэсэн үгийг хараад миний сэтгэл үнэхээр гонсойв. Би нулимсаа барьж чадсангүй: Би яаж бялдууч хүн байж болох юм бэ? Бурхан бялдууч хүмүүсийг жигшин голдог. Тэд хэнд ч хэрэггүй, бас таягдан хаягдах болно. Сэтгэл минь ихэд хямарч, яг бялдууч хүмүүсийн хийдэг зүйлийг хийсэн мөртөө өөрийгөө бялдууч хүн гэдэг бодит үнэнийг хүлээн зөвшөөрч чадахгүй байв. Би уйлан байж Бурханд ийнхүү залбирсан: “Өө Бурхан минь, би үнэнийг хэрэгжүүлэхгүй байснаараа Бурханы гэрийн ажилд саад учруулжээ. Би мууг үйлдсэн болохоор удирдагч нар надад харьцалт хийх нь зөв байсан. Гэхдээ би одоо ч гэсэн өөрийгөө гүн гүнзгий ойлгоогүй байна. Намайг гэгээрүүлж, өөрийгөө мэдэхэд залж чиглүүлээч.”

Залбирсныхаа дараа би үүнийг Бурханы үгээс уншив: “Зарим хүн сайн хүн чанартай гэж үргэлж бардамнан, хэзээ ч, ямар ч муу юм хийж, бусдын өмчийг хулгайлж, бусад хүний юманд шунаж байгаагүй гэцгээдэг. Тэр ч бүү хэл ашиг сонирхлын маргаан гарах үед өөрсдөө хохирол амсаж, бусдад ашиг хүртээхдээ тулж, хохирол амсахыг илүүд үздэг бөгөөд бусад бүх хүнд өөрийгөө сайн хүн гэж бодогдуулахын тулд хэний ч талаар ямар ч муу юм огт хэлдэггүй. Гэвч тэд Бурханы гэрт үүргээ гүйцэтгэж байхдаа овжин, залирхаг байж, өөрсдийнхөө төлөө үргэлж явуулга хийдэг. Тэд Бурханы гэрийн ашиг сонирхлыг хэзээ ч боддоггүй, Бурханы яаралтай гэж үздэг зүйлийг хэзээ ч яаралтай гэж үздэггүй, Бурханы боддог шиг боддоггүй, мөн үүргээ биелүүлэхийн тулд өөрсдийн ашиг сонирхлыг хойш тавьж хэзээ ч чаддаггүй. Тэд өөрсдийн ашиг сонирхлыг хэзээ ч орхидоггүй. Мууг үйлдэгсэд муу үйл үйлдэж байгааг харах үедээ ч тэднийг илчилдэггүй; тэдэнд ямар ч зарчим гэж үгүй. Энэ нь сайн хүн чанарын жишээ биш юм. Ийм хүний хэлдэг зүйлд анхаарал бүү хандуул; тэр юуг амьдран харуулдаг, юуг илчилдэг, үүргээ гүйцэтгэхдээ ямар хандлагатай байдаг, мөн дотоод байдал нь ямар байдаг, юунд дуртай болохыг нь харах ёстой. Хэрэв нэр алдар, хөрөнгө мөнгөнд дурлах сэтгэл Бурханд үнэнч сэтгэлээс нь давдаг бол, нэр алдар, хөрөнгө мөнгөнд дурлах сэтгэл нь Бурханы ашиг сонирхлоос илүү байдаг бол, нэр алдар, хөрөнгө мөнгөнд дурлах сэтгэл нь Бурханыг гэх анхаарал халамжаас нь давдаг бол тэрээр хүн чанартай хүн биш юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). “Сайн хүн байх нь үнэндээ амархан, зүгээр л бага ярьж, ихийг хийж, сайхан зүрх сэтгэлтэй байж, муу санаа өвөрлөхгүй байхад л болно гэж олон хүн итгэдэг. Ингэвэл хаашаа ч явсан хөгжин цэцэглэж, хүмүүс өөрсдөд нь дуртай байх нь лавтай бөгөөд ийм хүн байхад л хангалттай гэж тэд итгэдэг. Тэд үнэнийг эрэлхийлэхийг ч хүсэхгүй байхдаа тулдаг; ердөө сайн хүн байх төдийд сэтгэл ханадаг. Үнэнийг эрэлхийлж, Бурханд үйлчлэх асуудал нь хэтэрхий төвөгтэй; энэ нь олон үнэнийг ойлгохыг шаарддаг, хэн үүнийг биелүүлж чадах юм бэ? гэж тэд боддог. Тэд ердөө илүү амархан замаар явж—сайн хүн байж, үүргээ биелүүлэхийг хүсдэг—энэ л хангалттай гэж боддог. Энэ байр суурь зөв үү? Сайн хүн байх нь үнэхээр тийм амархан уу? Нийгэмд тун сүрлэг маягаар ярьдаг олон сайн хүн байдаг бөгөөд гаднаа тэд ямар нэг томоохон муу юм хийгээгүй мэт харагдавч зүрх сэтгэлдээ ов мэхтэй, зальхай байдаг. Ялангуяа тэд нөхцөл байдал хаашаа эргэхийг харж чаддаг ба уран цэцэн үг нь эелдэг, хашир байдаг. Миний харж байгаагаар, тийм ‘сайн хүн’ бол хуурамч, хоёр нүүртэн юм; тийм хүн ердөө сайн хүний дүр үзүүлж байгаа. Алтан дундажтай зууралддаг бүх хүн хамгийн хорлонтой. Тэд хэнийг ч гомдоохоор хичээдэггүй, хүмүүст бялдуучилдаг, аливаа зүйлтэй нийцдэг ба хэн ч тэднийг ойлгож чаддаггүй. Тийм хүн бол амьд Сатан юм!(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлснээр л завхарсан зан чанарын хүлээсээс ангижирч чадна”). Бурханы үг бүхэн миний хувьд голыг нь олж хэлсэн байсан бөгөөд би бүрэн үнэмшлээ. Би өөрийгөө бүх талаараа бялдууч хүн, “сайн залуу” гэдгийг олж харсан. Харилцаагаа хамгаалахын тулд би Ли эгчтэй ажиллахдаа туйлын болгоомжтой хандаж байв. Эгчийг үүрэгтээ ачаа үүрэхгүй, үргэлж л алдаа гаргаж, үргэлж л нэр хүнд, ашиг хонжооны төлөө өрсөлдөж, Бурханы гэрийн ажилд нөлөөлж байгааг хараад би түүнтэй нөхөрлөж, тэр даруй энэ бүгдийг хэлж өгөх ёстой байсан юм. Гэтэл би эгчийн дургүйг хүргэхээс айсандаа асуудлыг зүгээр л зөөлрүүлж байв. Энэ нь эгчид тусалж эсвэл хайрлаж байгаа хэрэг биш—харин ч ус болсон. Би түүний ойлголт алдаатай, усалгааны үүрэг гүйцэтгэхэд тохирохгүй гэдгийг мэдэж байсан ч, эгчийг гомдоохыг, бас намайг муугаар бодоход хүргэхийг хүсэхгүй байсан болохоор удирдагч нарт үүнийг мэдээлэхээ хойшлуулсан. Би ташуу, алдаатай ойлголттой хайхрамжгүй хүнд усалгааны үүрэг гүйцэтгэх боломж олгож, Бурханы гэрийн ажилд саад учруулж байв. Би Сатаны хамсаатнуудын нэг болж, Бурханы гэрийн ажилд ноцтойгоор саад учрууллаа. Итгэлдээ, өнгөн дээрээ би гэр бүл, ажил мэргэжлээ ардаа орхиж, өдөр шөнөгүй ажиллан төлөөс төлсөн боловч, асуудал гарах үед өөрийн ашиг сонирхлын төлөө л явуулга хийж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг огтхон ч хамгаалаагүй. Би Бурханд итгэсэн боловч, Түүнтэй зүрх сэтгэл нэгтэй байгаагүй. Би яаж өөрийгөө Итгэгч гэж хэлж болох билээ? Би Бурханы өмнө амьдрах гавьяагүй! Ийн бодоод би гасланд нэрвэгдэж, үнэний зарчмыг баримталж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалаагүйдээ гэмшил дүүрэн байв.

Хожим нь би үүнийг Бурханы үгээс уншсан юм: “Улс орны засгийн газар, алдартай, агуу хүмүүсийн боловсрол болон нөлөөллөөр дамжуулан Сатан хүмүүсийг завхруулдаг. Тэдний диаволын үг хүний амь-уг чанар болсон юм. ‘Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх’ гэдэг нь хүн бүрд шингэж, хүний амь болсон сатаны алдартай үг юм. Амьдралын гүн ухааны иймэрхүү өөр үг ч бас бий. Сатан хүмүүсийг боловсруулахын тулд улс орон бүрийн сайхан уламжлалт соёлыг ашиглан, хүн төрөлхтнийг сүйрлийн эх захгүй ангал руу унаж, залгиулахад хүргэсэн бөгөөд Сатанд үйлчилж, Бурханыг эсэргүүцдэг учраас эцэстээ хүмүүс Бурханаар устгагддаг. Хэдэн арван жилийн турш нийгэмд идэвхтэй байсан хүнээс дараах асуултыг асуулаа гэж төсөөл: ‘Энэ дэлхий дээр маш олон жил амьдарч, маш ихийг биелүүлэхдээ чи ямар алдартай үгийн дагуу амьдарсан бэ?’ Тэрээр: ‘Хамгийн чухал нь “Албан тушаалтнуудад бэлэг өгдөг хүн цохилтод нь өртдөггүй, бялдуучилдаггүй хүн юунд ч хүрдэггүй” гэдэг юм’ хэмээн хэлж магадгүй. Эдгээр үг тэр хүний уг чанарыг төлөөлж байгаа бус уу? Байр суурь олж авахын төлөө аливаа аргыг ичгүүр сонжуургүйгээр ашиглах нь түүний уг чанар бөгөөд албан тушаалтан байх нь түүнд амь өгдөг зүйл юм. Хүмүүсийн амьдрал, биеэ авч явах байдал, зан авирт олон сатанлаг хор байсаар байдаг; тэдэнд бараг ямар ч үнэн байдаггүй. Жишээлбэл, тэдний амьдралын гүн ухаан, аливааг хийх арга зам, онч мэргэн үг нь бүгд агуу улаан лууны хороор дүүрэн байдаг бөгөөд тэдгээр нь бүгд Сатанаас ирдэг. Тиймээс хүмүүсийн яс, цусаар дамждаг бүх зүйл Сатаны зүйлс юм. Тэр бүх албан тушаалтан, эрх баригчид, амжилт гаргасан хүмүүст амжилтад хүрэх өөрсдийн гэсэн зам болон нууц байдаг. Тийм нууц тэдний уг чанарыг төгс төлөөлдөггүй гэж үү? Тэд дэлхий ертөнц дээр тийм том зүйл хийсэн бөгөөд тэдгээрийн ард орших арга заль, далд явуулгыг хэн ч нэвт харж чаддаггүй. Тэдний уг чанар хэчнээн өөдгүй, хорлонтой болохыг энэ нь харуулдаг. Хүн төрөлхтнийг Сатан гүн гүнзгий завхруулж ирсэн. Сатаны хор хүн нэг бүрийн цусаар урсдаг бөгөөд хүний уг чанар завхарсан, ёрын муу, тэрслүү, мөн Сатаны гүн ухаанаар дүүрч, үүнд автсан байдгийг харж болно—энэ нь тэр чигтээ Бурханаас урвадаг уг чанар билээ. Ийм учраас хүмүүс Бурханыг эсэргүүцэж, Бурханыг сөрөн зогсдог(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Бялдууч нэгэн би бээр, Сатаны “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Дахиад нэг найз гэдэг нь дахиад нэг зам гэсэн үг”, “Танилтай бол талын чинээ”, “Хэрэг явдал буруутсаныг мэдвэл хэлэх үгээ гамнасан нь дээр”, “Бусдыг хэзээ ч бүү нүүрэн дээр нь алгад, дутагдлынх нь төлөө бүү загна” зэрэг гүн ухаанд төөрөлдөж, захирагдаж байсныг Бурханы үгийн илчилсэн зүйлс надад харуулав. Эдгээр Сатанлаг гүн ухаан надад гүн шингэж, би тэдгээрийн дагуу амьдарч байж. Би улам л аминч, зальжин болж байлаа. Бурханд итгэхээсээ өмнө би хэзээ ч хэн нэгэнд таалагдахааргүй зүйл хийж байгаагүй. Бизнестээ би хүмүүсийн сонсохыг хүссэн болгоныг хэлж, сатанлаг гүн ухаанаар явах нь амьдрах ухаалаг арга зам бөгөөд тийм байдлаар биеэ авч явах нь чадварлаг байдлыг илэрхийлдэг гэж санан, бүр онгирч явсан. Итгэгч болсныхоо дараа би үнэнийг хэрэгжүүлэлгүй, харин Сатаны тэдгээр хорын дагуу амьдарсаар байжээ. Ли эгчийг үүрэгтээ завхрал гаргаж байгааг би харсан атлаа түүнд үүнийг нь нөхөрлөлийн үеэр хэлж өгөөгүй. Ялангуяа би түүний завхралыг илчилж, задлан шинжилж зүрхлээгүй, харин үнэнийг хэлчихвэл харилцаандаа сэв суулгачих байх гэж туйлын ихээр айсандаа зүгээр нэг дурдаад өнгөрсөн. Эгчийг Бурханы гэрийн ажилд саад болж байгааг хараад үүнийг удирдагч нартаа мэдээлээгүй, харин нөхцөл байдлыг удирдагч нартай хуваалцах нь эгчийг ховлосон, ар нуруунаас нь хутгалсан хэрэг болно гэж бодсон. Би ямар хөгийн юм бэ! Асуудлыг мэдээлж байгаа нь Бурханы гэрийн ажлыг өргөж байгаа хэрэг—энэ бол зөв, зүйтэй, шударга юм. Ингэснээр бас чуулган Ли эгчид хэв чанар, биеийн хэмжээнд нь тохирсон үүрэг хариуцуулах боломжтой болох байв. Энэ нь Ли эгчид ч тэр, чуулганд ч мөн адил ашигтай байх байсан ч би үүнийг муу зүйл гэж бодсон. Энэ сатанлаг хор хүмүүст ямар их хор хөнөөл учруулж байгааг би ухаарлаа. Энэ хор намайг мэхэлж, завхруулсаар сүүлдээ аливааг харах өнцөг минь гажуудаж, зөв буруу, дээд доодхоо мэдэхгүйдээ тулсан байжээ. Би аминч, жигшүүртэй байсны дээр өөрийн ашиг сонирхлын төлөө л ажиллаж байсан. Би ямар ч зарчим, байр суурьгүйгээр аливааг хийж байж. Надад шударга ёсны ойлголт дутагдаж, жинхэнэ хүний төрхийг огтхон ч амьдран харуулаагүй. Үүнийг ухаараад би тэдгээр сатанлаг гүн ухаан болон хүмүүст бялдуучлах үзэл санаагаа жигшин, зэвүүцэх сэтгэлд автсан юм. Би гаргасан үйлдлээ үнэхээр үзэн ядаж, дахиж тийм маягаар байхыг чин зүрхнийхээ гүнээс хүсээгүй. Би тэнэг хүн шиг аашилж, Сатанд дахин хорлогдохыг хүссэнгүй. Бас үнэнийг хэрэгжүүлэх нь ямар эрхэм болохыг мэдэрсэн болохоор бялдууч байх асуудлаа шийдвэрлэхийн тулд би даруй үнэнийг эрж хайж эхэлсэн.

Эрж хайх явцдаа би үүнийг Бурханы үгээс уншив: “Сайн хүн чанартай байх стандарт гэж байх ёстой. Энэ нь дундыг баримтлах явдал биш, зарчимтай зууралдаж, хэн нэгнийг гомдоохгүй байхаар хичээж, явсан газар бүрдээ зусардаж, уулзсан хүн бүрдээ тайван дөлгөөн, зальжин хандаж, хүн бүхэнд сайхан сэтгэгдэл төрүүлэх явдал биш. Энэ нь стандарт биш юм. Тэгвэл стандарт гэж юу вэ? Үүнд Бурхан, бусад хүмүүс болон үйл явдалд чин сэтгэлээсээ хандаж, хариуцлага үүрч чаддаг байж, бүгдэд харагдахуйц, бүгдэд мэдрэгдэхүйцээр энэ бүхнийг хийх явдал багтдаг. Түүнчлэн Бурхан хүмүүсийн зүрх сэтгэлийг шинжиж, нэг бүрчлэн мэддэг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). “Төрөлхийн төлөв төвшин хүн үнэхээр сайн хүн мөн үү? Ямар төрлийн хүн нь Бурханы нүдээр үнэхээр сайн хүн, үнэнтэй хүн бэ? Юун түрүүнд, тэд Бурханы хүслийг ойлгож, үнэнийг ойлгох ёстой. Хоёрдугаарт, тэд үнэнийг ойлгосны суурин дээр үүнийг хэрэгжүүлж чаддаг байх ёстой… Өөрөөр хэлбэл, асуудалтай гэдгээ илрүүлсэн мөчөөсөө л тэд асуудлаа шийдвэрлэхээр Бурханы өмнө ирж, мөн Түүнтэй хэвийн харилцаатай байж чаддаг. Тэр хүн сул дорой, завхарсан, дээр нь бас тэрслүү байж магадгүй, түүнчлэн биеэ тоосон зан, өөрийгөө зөвтгөх үзэл, шударга бус зан, ов мэхтэй байдал зэрэг бүхий л төрлийн завхарсан зан чанарыг харуулдаг байж ч болно. Гэхдээ өөрийгөө эргэцүүлж, эдгээр зүйлийг ухамсарламагц асуудлаа цаг тухайд нь шийдвэрлэж, эргэлт хийж чаддаг. Эдгээр нь үнэнийг хайрладаг, үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс юм. Эдгээр нь Бурханы нүдээр сайн хүмүүс билээ(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүн төрхтэй байхын тулд үүргээ бүхий л зүрх, санаа, сэтгэлээрээ зохистой биелүүлэх шаардлагатай”). Дараа нь Төгс Хүчит Бурханы үгийн өөр нэг хэсэг надад бодогдлоо: “Чуулганд Намайг гэрчлэхдээ бат зогсож, үнэнийг баримтал; зөв нь зөв, буруу нь буруу. Хар цагааныг бүү хольж хутга. Чи Сатантай дайтах бөгөөд дахин хэзээ ч босохгүй болтол нь үүнийг бүрэн ялах ёстой. Миний гэрчлэлийг хамгаалахын тулд чи бүхнээ өгөх ёстой. Энэ нь үйлдлүүдийн чинь зорилго байх болно—үүнийг бүү март(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Христийн эхэн үеийн айлдварууд, 41-р бүлэг). Бурханы үгээр дамжуулан би жинхэнэ сайн хүн бол бусадтай төгс зохицолтой байдаг, бас хэний ч дургүйг хүргэх үг хэлдэггүй нэгэн биш гэдгийг ойлгож авсан. Харин ч сайн хүн шударга, үнэнч байж, хайрыг үзэн ядалтаас сайн ялгаж, Бурханы гэрийн ашиг сонирхол яригдаж байгаа үед хувийн ашиг сонирхлоо хойш тавьж чаддаг. Тэд үнэний зарчмыг баримталж, бусдын дургүйг хүргэхээс айдаггүй, мөн Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалдаг. Ийм хүн л шударга ёсны ойлголттой, Бурханы сайшаалыг хүртэж чаддаг хүн юм. Бурханы шаардлагыг ойлгомогцоо, би залбирч, тэр мөчөөс хойш би үнэнийг хэрэгжүүлж, Бурханы гэрийн ашиг сонирхлыг хамгаалах болно гэж шийдсэн; дотроо байгаа бялдууч хүндээ баяртай гэж хэлж, шинэ хүн болно.

Удирдагч нар хожим нь асуудлыг судалж үзээд, Ли эгчийг үүргээс нь татан буулгах хэрэгтэй гэдгийг баталгаажуулсан бөгөөд тэд надаас түүнтэй нөхөрлөхийг хүсэв. Би “Яагаад би гэж? Хэрэв эгч өөрийнх нь тухай удирдагч нарт хэлсэн хүн нь намайг гэдгийг, түүнээс болоод өөрийг нь халж байгаа гэдгийг олж мэдэх юм бол надад хорсох нь гарцаагүй бөгөөд энэ бидний харилцааг сүйрүүлэх болно” гэж бодов. Ингэж бодмогцоо би үнэнийг хэрэгжүүлж чадаагүйгээсээ болж Бурханы гэрийн ажилд хохирол учруулснаа санаж, бялдууч хүн байхаа болих хэрэгтэйгээ мэдсэн юм. Надаар Ли эгчтэй нөхөрлөл хуваалцуулж байгаа нь үнэнийг хэрэгжүүлж, хэрэг явдлыг зарчмын дагуу зохицуулж чадах эсэхийг минь харахаар Бурхан намайг туршиж байгаа хэрэг. Тэнд очих замын турш би Бурханд залбирч, Түүний удирдамжийг гуйсаар байсан. Хэрэв Ли эгчтэй асуудлынх нь талаар тодорхой нөхөрлөхгүй, эгч тэдгээрийг ойлгож авахгүй бол энэ нь түүнд огтхон ч тусалж байгаа биш, харин ч хорлож байгаа хэрэг болно гэдгийг би мөн мэдэж байлаа. Ингэж бодоод би дахин хэзээ ч бялдууч хүн байхгүй хэмээн сэтгэл шулуудав. Тэгээд би Ли эгчтэй нөхөрлөж, үүрэгтээ хайхрамжгүй байсны уг чанар, үр дагаврыг задлан шинжилж, Бурханы гэрийн ажилд саад болж байсан түүний бүх зан авирыг ил гаргав. Энэ бүгдийг сонсоод эгч захирагдаж, өөрийгөө эргэцүүлэхэд бэлэн байлаа. Үнэнийг хэрэгжүүлсний дараа надад хавьгүй дээр, амар амгалан санагдлаа.

Үүний дараа Бурхан намайг туршихаар өөр нэг нөхцөл байдлыг бэлдсэн юм. Насаар залуу нэг дүүг хэсэг хугацаанд мэддэг болсныхоо дараа би, түүнийг биеэ тоосон зан чанартай бөгөөд бусад эгч нарын зөвлөгөөг хүлээж авах дургүй болохоор, хэд хэдэн эгч нар түүний дэргэд биеэ барьдаг болсныг анзаарав. Надтай хамт ажилладаг өөр нэг эгч болох Лю эгч бид хоёр түүнтэй нөхөрлөл хуваалцаж, гаргаж байгаа авирыг нь илчлэхээр очсон боловч тэр хүлээж авахгүй байлаа. Тэр ч байтугай өөрийгөө өмөөрч, уруу царайлав. Түүнийг миний талаар онцгүй бодолтой байхаас зайлахгүй гэж бодоод би үүнээс бага зэрэг хулгасан. Үүний дараа би түүний царайг яаж харах билээ? Яг тэр үед өөр нэг асуудал гарч таарсан тул бид явах хэрэгтэй болсон юм. Буцах замдаа би тэр дүүг бага зэрэг зөрүүд болохыг, бас үнэнийг хүлээж авахад түүнд хэцүү байгаа талаар нь бодлоо. Зөв нөхөрлөхгүй бол, бидний харилцаа хэцүүдэх нь гарцаагүй. Дараагийн удаа хамтрагчаараа түүнтэй нөхөрлөл хуваалцуулъя гэж би бодлоо. Хэд хоногийн дараа түүнтэй таарахад надтай тун найрсаг хандаж байв. Түрүүчийн удаагийн нөхөрлөлөөр бид үнэндээ дүүгийн асуудлыг шийдэж чадаагүйг би ойлгосон юм. Тиймээс би түүнтэй дахин нөхөрлөх хэрэгтэй бөгөөд хэрэв тэр үнэнийг хүлээж авахаас татгалзсан хэвээр байвал түүнийг илчилж, харьцах хэрэгтэй байв. Гэхдээ дүүг надад сандал дөхүүлж өгөөд, биеийг минь асуух үед би яг амаа үдүүлчихсэн юм шиг болчхов. Нөхөрлөж юм хэлэхийг хүссэн боловч ам нээж ер чадсангүй. Ам нээн нөхөрлөх тэр мөчид энэ нь бидний харилцааг сэвтүүлж, тэр нөхөрсөг уур амьсгалыг сүйтгэх юм шиг санагдаж байлаа. Хэрэв тэр өмнөх шигээ хандлагатай хэвээр байгаад, үнэнийг хүлээж авахгүй бол би үнэхээр эвгүй байдалд орох байв. Би бодолтой ярьж, хатуурхахаас зайлсхийн, бага зэрэг мэргэн ухаан ашиглая гэж бодлоо. Яг тэр үед, надад дахиад л бялдуучилж, хүн хоорондын харилцаагаа хамгаалахыг хүсэж байгаагаа би анзаарсан юм. Би даруй Бурханд залбираад Түүнээс хүч тэнхээ гуйсан. Залбирсныхаа дараа би Төгс Хүчит Бурханы үгийн энэ хэсгийн тухай бодов: “Чиний сатанлаг, завхарсан зан чанар чамайг удирдаж байдаг; чи амаа ч хүртэл захирч чаддаггүй. Үнэн үг хэлэхийг хүссэн ч гэсэн чи хэлж чаддаггүй, бас хэлэхээс айдаг. Чи хийх ёстой, хэлэх ёстой зүйл, үүрэх ёстой хариуцлагынхаа арван мянганы нэгийг ч хийж чаддаггүй; хөл гар чинь сатанлаг, завхарсан зан чанарт чинь хүлэгдээд чи ямар ч эрх мэдэлгүй байдаг. Чиний сатанлаг, завхарсан зан чанар юу ярихыг чинь хэлж өгч, чи тийнхүү ярьдаг; энэ зан чанар юу хийхийг чинь чамд хэлж өгч, чи хэлснээр нь хийдэг… Чи үнэнийг эрж хайдаггүй, тэр ч бүү хэл, үнэнийг хэрэгжүүлдэггүй, гэхдээ нууцаар цаг үргэлж залбирч, зоригоо чангалж, амлалт өгч, тангараг өргөдөг. Тэгээд энэ бүхнээс юу гарав? Чи бялдууч хэвээр байж, ‘Би хэнийг ч уурлуулахгүй, бас хэний ч гомдоохгүй. Хэрэг явдал надад хамаагүй бол би зайгаа барина; надад ямар ч хамаагүй зүйлийн талаар би юу ч хэлэхгүй, юу ч байсан ялгаагүй. Аливаа зүйл миний ашиг сонирхол, бардам зан, аминч үзэлд хор хөнөөлтэй байвал би алинд нь ч анхаарал хандуулалгүй, бүгдэд нь болгоомжтой хандана; би яаран хөдлөх ёсгүй. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг, би тийм ч тэнэг биш!’ гэдэг. Хорон муу, зальтай, хатуу ширүүн, үнэнийг жигшдэг завхарсан зан чанартаа чи бүрэн захирагддаг. Тэдгээр нь чамайг сүйрүүлж, чиний хувьд сармагчны хааны алтан цагаригийг зүүхээс ч илүү тэсэхүйеэ бэрх болсон. Завхарсан зан чанартаа захирагдаж амьдрах үнэхээр ядаргаатай, шаналгаатай байдаг! Надад хэлээч, үнэнийг эрэлхийлэхгүй бол завхралаа хаяхад амархан уу? Энэ асуудлыг шийдэж чаддаг уу? Чамд би хэлье, хэрвээ чи үнэнийг эрэлхийлэхгүй, итгэлдээ будилсаар байх юм бол хэчнээн олон жил номлол сонсоод ч ямар ч хэрэггүй бөгөөд эцсээ хүртэл энэ маягаараа үргэлжлүүлэх юм бол чи хамгийн сайндаа л шашны залилагч, фарисай болох бөгөөд үүгээр л дуусна. Хэрвээ чи үүнээс ч дор бол чамайг уруу таталтад унагаах үйл явдал тохиолдож магадгүй, тэгээд чи үүргээ гээж, Бурханаас урвана. Чи унах болно. Чи үргэлж ангалын ирмэг дээр байх болно! Яг одоо үнэнийг эрэлхийлэхээс илүү чухал зүйл гэж үгүй. Өөр юуг ч эрэлхийлээд хэрэг болохгүй(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг хэрэгжүүлдэг хүмүүс л Бурханаас эмээх зүрх сэтгэлтэй байдаг”). Бурханы үг миний бялдууч нэгэн болох үнэнийг бүхэлд нь ил болголоо. Дүүг бага зэрэг зөрүүд бөгөөд үнэнийг хүлээн зөвшөөрөхөд түүнд хэцүү байгааг хараад би гал дээр тос нэмэхийг, эсвэл нүүрээ улайлгахыг хүсээгүй, харин зүгээр л асуудлыг сэмхэн тойроод гарахыг хүссэн. Ердөө түүнтэй харилцах харилцаагаа хамгаалахын тулд өөр хэн нэгнээр түүнтэй нөхөрлөл хийлгүүлэхийг хүртэл хүссэн. Би бялдууч нэгэн хэвээрээ байсан! Өмнө нь үнэнийг хэрэгжүүлээгүйгээсээ болж Бурханы гэрийн ажилд учруулсан хохирлынхоо тухай би бодлоо. Тэр үед би үнэнийг хэрэгжүүлэх боломжоо алдсан, харин энэ удаад харамсаж үлдэж болохгүй гэдгээ мэдэж байлаа. Нэг л мэдэхэд би тэнхээ орохыг мэдрэв: Үнэнийг хэрэгжүүлэх нь хамгийн чухал, тиймээс би дахин бүтэлгүйтэж болохгүй байлаа. Би зоригоо чангалаад эгчтэй нөхөрлөж, түүний хийж байсан зүйлс, үйлдлийнх нь уг чанарыг илчилсэн. Тэр намайг сонсоод хүлээн авч, гэмшихэд бэлэн байлаа. Би зүрх сэтгэлдээ үгээр хэлэхийн аргагүй баяр хөөрийг мэдэрч билээ. Эцэст нь нэг юм би бага ч гэсэн үнэнийг хэрэгжүүлж чадаад, сүнсэндээ амар амгалан, баяр хөөрийг мэдэрсэн. Энэ л шулуун шударгаар амьдрах зам юм шиг, би хүний төрхтэй болсон юм шиг санагдаж билээ.

Над дээр ажиллахын тулд Бурханы хийсэн олон жижиг зүйлсийг эргэн санахад миний завхарсан зан чанарыг өөрчлөхөд яг хэрэгтэй зүйл нь Бурханы шүүлт, гэсгээлт л байсныг би харж болохоор байна. Хэрэв Тэр намайг илчлэх нөхцөл байдлыг ар араас нь гаргаж тавиагүй бол, Түүний үгийн шүүлт, илчлэл байгаагүй сэн бол, би өөрийгөө чухамдаа ямар хүн болохыг хэзээ ч мэдэхгүй, Сатаны хороор амьдарч ирсэн өрөвдөлтэй үнэнийг би хэзээ ч мэдэж авахгүй байсан. Би Бурханы аврал, хүн төрөлхтнийг өөрчлөх өөрчлөлт нь ямар бодитой болохыг, ямар их хөлс хүчээр бүтдэг зүйл болохыг үнэлэх болсон. Өнөөдөр би зарим нэг үнэнийг хэрэгжүүлж, зарим нэг хүний төрхийг амьдран харуулж чадаж байгаа нь бүгд Бурханы шүүлт, гэсгээлтийн ач тус билээ. Бурхан намайг аварсанд би маш их талархаж байна!

Өмнөх: 45. Бурханы өмнө амьдрах нь

Дараах: 47. Бялдууч хүмүүс Бурханы авралыг олж авч чадах уу?

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

70. Цаашид онгирохгүй

Мо Вэнь, Испани2018 онд би чуулганд сайн мэдээний үүрэг авч, дараа нь тэр ажлыг хариуцах болсон юм. Би ах эгч нарынхаа үүрэг дэх асуудал,...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих