77. Өвчнөөр дамжуулан олж авсан үр өгөөж

Жан Ли, Хятад

2007 он миний амьдралд томоохон эргэлтийн цэг байсан. Тэр жил манай нөхөр машины осолд орж, хэвтэрт орсон юм. Манай хоёр хүүхэд бас жаахан байсан болохоор манай гэр бүлийн хувьд хүндхэн үе байсан. Надад үнэхээр хэцүү байлаа, үүнийг бид яаж даван туулахыг ер мэдэхгүй байсан шүү. Дараа нь би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан. Бидний амь Бурханаас ирсэн, бидний хувь заяа Бурханы гарт байдаг, бас бид сайн хувь заяатай учрахын тулд Бурханыг шүтэн мөргөж, Бурханд итгэх ёстойг Бурханы үгийг уншаад сурч авсан. Тэгээд найдаж болох зүйлээ оллоо. Цуглаанд тогтмол оролцож эхлэн, хүүхдүүдээ дагуулан Бурханы үгийг уншиж, залбирахаар явдаг байлаа. Төд удалгүй чуулганы төлөө үүргээ биелүүлэх болсон.

Чуулганы удирдагчаар сонгогдоод нигүүлслийнх нь төлөө Бурханд талархлаа. “Би итгээд үнэхээр удаагүй ч чуулганы удирдагчаар сонгогдлоо. Би үнэнийг эрэлхийлэхдээ сайн болж таарлаа. Үүргээ сайн биелүүлж, чадах бүхнээ хийх ёстой юм байна, тэгвэл аврагдах нь гарцаагүй” гэж дотроо бодсон. Ийм бодлоор үүрэгтээ үнэхээр урамшсан. Тэгээд сайн мэдээ номлож, үүргээ биелүүлэхэд ихэнх цагаа зарцуулдаг байлаа. Найз нөхөд, хамаатнууд маань миний итгэлийг эсэргүүцэж, хөршүүд минь намайг доромжилж, дооглодог байсан. Тухайн үед би жаахан сул дорой болж эхэлсэн ч тэглээ гээд үүргээ гүйцэтгэхээ болиогүй. Нөхөр маань ч бас дараа нь Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг зөвшөөрөөд, үүргээ биелүүлж эхэллээ. Үүнд би маш их баярласан шүү. Би, “Үүргээ сайн биелүүлж, Бурханы төлөө золиос гаргаж байгаа цагт Бурхан биднийг ерөөнө” гэж боддог байсан. Ялангуяа ах эгч нар намайг зовж, төлөөс төлсөн болохоор Бурханд аврагдах нь лавтай гэж хэлэхийг сонсоод маш их баярлаж, Бурханы төлөө ажиллах илүү их урам орсон шүү.

2012 оны нэг өдөр хөхөн дээрээ нэг гүвдрүү байгааг олсон, тэнд жаахан хөндүүртэй байлаа. Тэгээд ноцтой юм байж магадгүй гэж санаа зовж эхэлсэн. Гэхдээ дараа нь, “Үгүй ээ, тийм байх учиргүй. Би өдөр болгон чуулганд үүргээ биелүүлдэг. Бурхан Өөрийнх нь төлөө бодитой золиос гаргадаг хүнд тийм юм хийхгүй. Бурханы хамгаалалтаар би хүнд өвдөхгүй” гэж бодсон юм. Ингэж бодоод зовнихоо больж, яг урьдын хэвээр үүргээ үргэлжлүүлэн биелүүллээ. 2013 онд ХКН итгэгчдийг хяхаж хавчих нь улам бүр хурцадсан. Нөхөр бид хоёр сайн мэдээ түгээдгээрээ нутагтаа алдартай байсан болохоор баривчлагдах байнгын аюулд байлаа. Үүргээ үргэлжлүүлэн биелүүлэхийн тулд бид гэр орноо орхин, алсад нүүсэн юм. Дараа нь хөхөн дээрх гүвдрүү томорч байгааг олж мэдээд нэг янзын өвчин байж болох нь гэж санаа зовлоо. Гэхдээ олон жилийн турш ямар ч муу зүйл тохиолдоогүй, Бурхан намайг гарцаагүй хамгаалж байгаа гэж бодсон. Үүргээ сайн биелүүлж, илүү ихийг золиосолж байгаа цагт Бурхан намайг өршөөж, хүнд өвдөхгүй гэж бодсон юм.

2018 онд миний бие муудаж эхлэн, нөхөр маань намайг үзлэгт орууллаа. Хөхөн дээрх гүвдрүү галууны өндөг шиг томорчихсон, сайнгүй харагдаж байна гэж эмч хэлсэн юм. Шууд мэс засал хийх маш эрсдэлтэй болохоор хагалгаа хийхийн өмнө гүвдрүүг агшаахын тулд эхлээд химийн эмчилгээ хийх ёстой гэлээ. “Сайнгүй харагдаж байна”, “химийн эмчилгээ” гэх үг сонсоод би мэгдэж гүйцсэн. “Хорт хавдартай хүмүүс л химийн эмчилгээ хийлгэдэг шүү дээ. Би хорт хавдартай юм гэж үү? Ийм залуугаараа үхэх юм гэж үү?” гэж бодсон. Үүнд итгэж ч чадахгүй байлаа. Эмнэлгийн коридорт сандал дээр лүг хийтэл суугаад асгартал уйлсан.

Нөхөр маань, “Эхний шинжилгээ зөв байх албагүй шүү дээ. Маргааш өөр эмнэлэгт очиж шинжлүүлье” гэж хэлэн намайг тайтгаруулах гэж хичээлээ.

Маргааш нь бид өөр нэг эмнэлэгт очоод, эдийн шинжилгээ өгсөн. Эмч миний биеийг хүнд байна, хорт хавдар байж магадгүй гэж нөхөрт маань хэлсэн юм. Тэгээд цаг алдаж болохгүй, хоёр хоногийн дотор хагалгаа хийлгэх ёстой гэлээ.

Эмчийн ингэж хэлэхийг сонсоод хамаг бие бадайрч, зүрх царцчих шиг л болсон. “Үнэхээр хорт хавдар гэж үү? Хүмүүс хорт хавдраар үхдэг шүү дээ! Яахаараа ийм зүйл надад тохиолдож болдог байна аа?” гэж бодогдлоо. Гэхдээ дараа нь, “Үгүй байлгүй дээ. Би итгэгч болсноосоо хойш байнга үүргээ гүйцэтгэж, золиос гаргаж, зовж, төлөөс төлсөн. Бусдын доог тохуу, доромжлол, ХКН-ын хавчлага, мөшгөлтийг тэсвэрлэсэн шүү дээ. Үүрэгтээ хэзээ ч, юунд ч сатаарч байгаагүй. Яахаараа би хорт хавдар тусаж болдог юм бэ? Тэгэхээр би аврагдаж, тэнгэрийн хаанчлалд орох ямар ч найдлагагүй гэсэн үг биш үү? Энэ олон жилийн бүх золиос минь хий дэмий байсан гэж үү?” гэж бодсон. Тэгээд маш их сэтгэлээр уналаа.

Тэр шөнө цурам ч хийж чадалгүй эргэж хөрвөөн орондоо хэвтэж байсан. Би ер ойлгож чадахгүй байлаа. Өөрийгөө тэгж их зарлагадсан байтал яахаараа би ингэтлээ өвдөж болдог юм бэ? Яагаад Бурхан намайг хамгаалсангүй вэ? Дараа нь хоёр хоногийн дотор хийлгэх хагалгааны тухай бодогдлоо. Хагалгаа амжилттай болох эсэхийг огт мэдэхгүй байсан… Би маш их шаналсан болохоор “Хүндэт Бурхан минь, яг одоо би маш их зовж байна. Энэ нөхцөлийг яаж даван туулахаа мэдэхгүй юм. Намайг гэгээрүүлж, замчлаач дээ…” гэж Бурханд чимээгүйхэн залбирсан. Дараа нь хүнд тавьдаг Бурханы эцсийн 11 шаардлагыг уншлаа: “5. Хэрвээ чи Надад үргэлж маш үнэнч байж, Намайг ихэд хайрлаж байсан ч өвчин зовлон, ядуурлын тарчлаан амсаж, найз нөхөд, төрөл төрөгсдөдөө орхигдох юм уу амьдралдаа өөр золгүй явдал туулбал Намайг гэх үнэнч зан, хайр чинь үргэлжилсээр байх уу? 6. Зүрх сэтгэлдээ төсөөлсөн зүйлээс чинь нэг нь ч Миний хийсэнтэй таардаггүй бол чи ирээдүйн замдаа хэрхэн алхах вэ? 7. Хэрвээ чи хүртэнэ гэж найдаж байсан зүйлийнхээ нэгийг нь ч хүлээн авч чадахгүй бол Миний дагалдагч хэвээр байж чадах уу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Тун ноцтой асуудал: Урвалт 2). Эдгээр шаардлагыг тунгаагаад би Бурхан энэ өвчнөөр Өөрт нь үнэхээр үнэнч, үнэхээр хайртай эсэхийг минь туршиж байна гэдгийг ухаарсан юм. Иов шалгалт туулсан үеийн талаар бодлоо. Тэр өмч хөрөнгө, үр хүүхдээ алдаж, хамаг бие нь яр шарханд баригдсан. Тэгээд Бурханы хүслийг ойлгоогүй ч Бурханыг буруутгаснаас өөрийгөө хараахыг илүүд үзэж, Ехова Бурханы нэрийг шагшин магтсан шүү дээ. Иов Бурханд үргэлжлүүлэн итгэж, дуулгавартай хэвээр үлдэж, Сатаны өмнө Бурханы гэрчлэлд зогссон. Гэтэл би олон жил итгэж, Бурханы үгийн маш их хангалтыг эдэлсэн атлаа Бурханы ажлыг огт ойлгодоггүй байж. Хорт хавдартай гэдгээ олж мэдээд аврагдаж, тэнгэрийн хаанчлалын ерөөлийг эдэлж чадахгүй нь гэж бодсон. Тэгээд Бурханыг буруугаар ойлгож, буруутгасан. Бурханд би олон жил итгэж, маш олон золиос гаргасан юм чинь Бурхан надад өвчин тусгахгүй байх ёстой гэж бодсон. Миний гаргасан бүх золиос Бурханы хүслийг анхаарсных биш, үнэнийг хэрэгжүүлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах гэснийх ч биш гэдгийг Бурханд илчлэгдсэнийхээ дараа л олж харсан даа. Эдгээр нь ерөөл хүртэж, Бурханы хаанчлалд орохын төлөө байж. Би Бурхантай наймаацаж байж. Миний үнэнч байдал, Бурханыг хайрлах хайр гэгч бүгд үлгэр домог байсан юм. Энэ бүхэлдээ худал хуурмаг байсан бөгөөд би Бурханыг үнэхээр шархлуулж, урмыг нь хугалсан байсан.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан юм: “Бүх хүн төрөлхтнөөс хэн нь Төгс Хүчитийн нүдэнд анзаарагддаггүй вэ? Хэн Төгс Хүчитийн урьдаас тогтоосон тавилангаар амьдардаггүй вэ? Хүний амьдрал, үхэл өөрсдийнх нь сонголтоор тохиолддог уу? Хүн хувь заяагаа хянадаг уу? Олон хүн үхлийг урин дууддаг ч энэ нь тэднээс хол байдаг; олон хүн амьдралдаа хүчтэй хүн байхыг хүсэж, үхлээс айдаг ч нэг л мэдэхэд үхэх өдөр нь ойртож, тэднийг үхлийн ангал руу унагадаг; олон хүн тэнгэр лүү хараад, гүнзгий санаа алддаг; олон хүн асар их уйлж, цурхиран гасалдаг; олон хүн шалгалт дунд унадаг; мөн олон хүн уруу таталтын олзлогдогсод болдог. Хэдийгээр хүнд Өөрийгөө тодорхой харуулахын тулд Би биечлэн гарч ирээгүй ч олон хүн Миний царайг харахаас айж, өөрсдийг нь цохих вий, мөн сөнөөх вий гэж үхтэлээ айдаг. Хүн Намайг үнэхээр мэддэг үү, эсвэл мэддэггүй юу?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурханы айлдварууд, 11-р бүлэг). Хүний махан бие, сүнс Бурханаас эхтэй гэдгийг Бурханы үг надад харуулсан юм. Амьдрал үхэл Бурханы гарт байдаг бөгөөд үүнийг бид шийддэггүй. Бүтээгдсэн зүйлсийн хувьд бид Бурханы зохицуулалтад захирагдах ёстой. Үүнийг ухаараад үхэхээс тэгтлээ их айхаа больсон. “Хагалгаа минь ямаршуу болсон ч, үхсэн ч сэхсэн ч Бурханд амиа даатган, Бурханы захиралтад захирагдъя” гэж чимээгүйхэн шийдлээ.

Захирагдмагц зүрх сэтгэл асар их тайвширлаа. Хагалгааны өрөө рүү хүргүүлж байхдаа би зогсолтгүй залбирсан. Дараа нь эмч хагалгааг үнэхээр сайн болсон, гэхдээ ямартай ч байдал яаж эргэхийг мэдэхийн тулд гаргаж авсан гүвдрүүг бас шинжлэх ёстой гэлээ. “Бурхан намайг хамгаалж байгаа болохоор хагалгаа маш сайн боллоо” гэж би бодсон. Бусад өвчтөн хагалгаанаас гарч ирэхдээ үнэхээр сульдаж, орон зайн баримжаагаа алдчихсан байгаа харагдсан, гэтэл би зүв зүгээр, сэтгэл өндөр байлаа. Тасгийн маань бусад хүн намайг хагалгаа огт хийлгээгүй юм шиг харагдаж байна гэсэн. Үүний төлөө би зүрх сэтгэлдээ Бурханд талархсаар байлаа. Бас, “Би хөхөн дээр байгаа тэр гүвдрүүг зургаан жилийн өмнө олсон. Хорт хавдар байсан бол аль эрт дордчих нь лавтай. Харин би энэ бүх хугацаанд огтхон ч зовуурилаагүй. Хорт хавдар биш байх. Мөн байлаа ч Бурхан төгс хүчтэй юм чинь үүнийг зүгээр болгоно гэж итгэж байна” гэж бодлоо. Үнэхээр өвдөх үедээ Бурханд найдаад Бурханы гайхамшигт үйл хэргийг нүдээр үзсэн зарим ах эгчийн талаар урьд нь сонсож байсан юм. Би үргэлж Бурханы төлөө золиос гаргадаг учраас Бурхан намайг хамгаалах нь лавтай байсан.

Гурав хоногийн дараа хариугаа авахаар найдлага дүүрэн очсон ч миний бүх найдлага цөхрөл болон хувирсан юм. Энэ үнэхээр хорт хавдар байлаа.

Би тэнд зүгээр л суугаагаараа хөшиж, хариу руугаа эгц ширтээд, ахин дахин уншингаа уйлсаар л байсан. Нэлээд хугацааны дараа л сэтгэлээ барьж чадсан даа. “Бурхан намайг илчилж, таягдан хаяхын тулд энэ өвчнийг ашиглаж байна уу? Цаашдаа би Бурханд үйлчлэл үзүүлэхэд ч тэнцэхгүй гэж үү? Бурханд би олон жил итгэж, салхи шуурга, цас бороог туулан золиос гаргаж, сайн мэдээ номлосон шүү дээ. Бурхан алийг нь ч санахгүй байгаа гэж үү? Бурханд итгэх итгэл минь ингээд эцэс болох юм гэж үү?” гэж дотроо бодлоо. Тэгээд улам бүр сэтгэлээр унаж, ямар ч эрч хүчгүй болсон.

Дараа нь юм идэж уух байтугай ярихыг ч хүсэхгүй байлаа. Эмч намайг нэмэлт тэжээл ууж, илүү их дасгал хий гэсэн. “Би үхлийн ял сонсчхоод байна. Нэмэлт тэжээл, дасгал ямар нэмэртэй юм бэ? Би угаасаа эрт орой хэзээ нэгэн цагт үхнэ” гэж бодогдсон. Маш их сэтгэлээр унаж, “Ах эгч нар маань итгэгч болохынхоо өмнө өвдсөн ч итгэж эхлээд бие нь сайжирсан. Гэтэл би Бурханд итгэдэг болсноосоо хойш өдөр бүр үүргээ биелүүлж ирсэн шүү дээ. Яахаараа би хорт хавдар тусаж болдог юм бэ? Золиос гаргана гэдэг авралд хүрэх тасалбар гэж боддог байлаа. Гэтэл одоо би аврагдахгүйгээр зогсохгүй хорт хавдраар үхэх нь” гэж өөрийн эрхгүй бодсон. Бурханыг буруутгаж, буруугаар ойлгох мэдрэмж ухаан жолоогүй шууд ундарлаа. Цөхрөхдөө би нулимс цийлгэнүүлэн Бурханд, “Хүндэт Бурхан минь, би маш их шаналж байна. Өвдчихөөд, Таны юу хүсээд байгааг ойлгохгүй байна. Намайг гэгээрүүлж, хүслийг тань ойлгоход замчлаач дээ” гэж хэллээ.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан: “Цэвэршүүлэлт нь бүх хүний хувьд шаналгаатай, хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байдаг хэдий ч цэвэршүүлэлтийн үеэр Бурхан зөвт зан чанараа хүнд ил болгож, хүнд тавих шаардлагаа ил тод болгож, хүнийг улам их гэгээрэл, улам бодитой засалт, харьцалтаар хангадаг; Тэрээр баримт, үнэн хоёрыг харьцуулах замаар хүнд өөрийнх нь талаар болон үнэний талаар илүү их мэдлэг өгч, Бурханы хүслийн талаар улам их ойлгуулж, улмаар Бурханыг илүү жинхэнэ, цэвэр ариунаар хайрлах боломжийг олгодог. Цэвэршүүлэлт явуулах Бурханы зорилго ийм юм. Хүнд Бурханы хийдэг бүх ажил нь өөрийн гэсэн зорилго, ач холбогдолтой байдаг; Бурхан утга учиргүй ажил хийдэггүй, хүнд ашиггүй ажил ч хийдэггүй. Цэвэршүүлэлт нь хүмүүсийг Бурханы дэргэдээс холдуулна гэсэн үг биш, тэднийг тамд устгана гэсэн ч үг биш. Харин цэвэршүүлэлтийн үеэр хүний зан чанар, санаа зорилго, хуучин үзэл бодлыг өөрчилж, Бурханыг гэх хайрыг нь өөрчилж, хүний бүхий л амьдралыг өөрчилнө гэсэн үг юм. Цэвэршүүлэлт бол хүнийг турших жинхэнэ туршилт, бодит сургалтын нэг хэлбэр бөгөөд цэвэршүүлэлтийн үеэр л хүний хайр төрөлх үүргээ гүйцэтгэж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хүн цэвэршүүлэлтийг туулж байж л жинхэнэ хайрыг олж авч чадна). Бурханы хүслийг ойлгоход Бурханы үг тус болсон юм. Бурхан миний дотоод завхрал, тэрслүү байдал, бузар сэдлийг илчлэхээр өвчин ашиглаж байв, ингэснээр би өөрийгөө мэдэж, завхралаас ангижирч, Бурханаас аврал хүртэх байлаа. Гэхдээ би Бурхан амийг минь авч, намайг таягдан хаяхыг хүсэж байна гэж бодсон болохоор Бурханыг буруугаар ойлгож, буруутгаж, бүрмөсөн бууж өгч, цөхрөлд автсан байж. Золиосоо үнэ өртөгтэй болгож, үүнийхээ гавьяаг хүртэх, Бурхантай маргах гэж үзсэн. Тэр ч бүү хэл үхлээ ашиглан Бурхантай сөргөлдөх гэсэн. Би хамаг мөн чанараа алдсан байж! Бурханд би маш их өртэйгөө мэдэрсэн, иймээс залбирч, өвдөх үедээ яагаад захирагдаж чадаагүй, харин ч Бурханыг буруугаар ойлгож, буруутгаснаа олж мэдэхээр Бурханы өмнө очлоо.

Дараа нь Бурханы зарим үгийг уншсан юм. “Өөрсдийг нь эмчилж магад гэсэндээ л маш олон хүн Надад итгэдэг. Намайг хүч чадлаа ашиглан биеэс нь бузар сүнснүүдийг зайлуулах байх гэсэндээ, бас Надаас зүгээр л амар амгалан, баяр хөөр хүртэж магад гэсэндээ маш олон хүн Надад итгэдэг. Надаас илүү их материаллаг эд хөрөнгө шаардахын тулд маш олон хүн Надад итгэдэг. Мөн энэ амьдралаа амар амгалан өнгөрөөж, ирэх ертөнцөд эсэн мэнд, эрүүл саруул байхын тулд маш олон хүн Надад итгэдэг. Тамын зовлонгоос зайлсхийж, тэнгэрийн ерөөлийг хүлээж авахын тулд маш олон хүн Надад итгэдэг. Зөвхөн түр зуурын тав тухын төлөө маш олон хүн Надад итгэдэг хэдий ч ирэх ертөнцөд ямар нэг зүйл олж авахаар эрж хайдаггүй. Би Өөрийн уур хилэнг хүн дээр буулгаж, нэгэн цагт хүнд байсан бүхий л баяр баясал, амар амгаланг булаан авах үед хүн эргэлзсэн. Би хүнд тамын зовлон өгч, тэнгэрийн ерөөлийг буцааж авах үед хүний ичгүүр нь уур хилэн болж хувирсан. Хүн өөрийг нь анагаагаач гэж Надаас гуйх үед Би ямар ч анхаарал тавилгүй, хүнд зэвүүцсэн; харин хүн ёрын муу эм болон хар шидийн замыг эрж хайхын тулд Надаас холдсон юм. Надаас нэхсэн бүхнийг нь хүнээс булаан авсны дараа хүн ул мөргүй алга болсон. Тиймээс, Намайг хэтэрхий их нигүүлсэл өгдөг учраас л, энэ нь маш их ашигтай байдаг учраас л хүн Надад итгэдэг гэж Би хэлдэг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи итгэлийн талаар юу мэдэх вэ?). “Тийм хүмүүст Бурханыг дагах энгийн нэг зорилго л байдаг бөгөөд тэр зорилго нь ерөөл хүртэх явдал юм. Ийм хүмүүс энэхүү зорилгыг шууд агуулдаггүй өөр ямар ч зүйлд анхаарал хандуулан яршиг удаж чаддаггүй. Тэдний хувьд, ерөөл хүртэхийн тулд Бурханд итгэхээс илүү зөв зүйтэй зорилго үгүй—энэ нь тэдний итгэлийн жинхэнэ үнэ цэн юм. Хэрвээ ямар нэг зүйл энэ зорилгод нь нэмэр болдоггүй бол үүнд тэдний сэтгэл огт хөдөлдөггүй. Өнөөдөр Бурханд итгэдэг ихэнх хүмүүсийн хувьд ийм л байдаг. Тэдний зорилго болон санаархал зөв зүйтэй мэт харагддаг, учир нь Бурханд итгэхийн зэрэгцээ тэд бас Бурханы төлөө зарлагадаж, өөрсдийгөө Бурханд зориулж, үүргээ биелүүлдэг. Тэд залуу насаа орхиж, гэр бүл, ажил мэргэжлээ хаяж, тэр ч байтугай олон жилийг гэрээсээ хол завгүй өнгөрүүлдэг. Өөрсдийн эцсийн зорилгын төлөө тэд дур сонирхол, амьдралыг үзэх үзэл, тэр ч бүү хэл эрэл хайгуулаа өөрчилдөг; гэхдээ Бурханд итгэх итгэлийнхээ зорилгыг өөрчилж чаддаггүй. Тэд өөрсдийн туйлын зорилгыг удирдахын төлөө ийш тийш гүйдэг; зам хэчнээн хол байсан ч хамаагүй, замд нь хэчнээн их зовлон бэрхшээл, саад тотгор байх нь хамаагүй, тэд цөхрөлтгүй зүтгэж, үхлээс айдаггүй. Ямар хүч тэднийг ийм маягаар өөрсдийгөө үргэлжлүүлэн зориулахад хүргэдэг вэ? Тэдний мөс чанар уу? Агуу, жудагтай байдал нь уу? Ёрын муу хүчтэй эцсээ хүртэл тэмцэх шийдвэр нь үү? Шагнал эрэлхийлэлгүйгээр Бурханд гэрчлэл хийх тэдний итгэл үү? Бурханы хүслийг биелүүлэхийн тулд бүхнээ орхиход бэлэн үнэнч сэтгэл нь үү? Эсвэл хэрээс хэтэрсэн хувийн шаардлагаас үргэлж татгалзсан тэдний зориулалтын сэтгэл үү? Бурханы удирдлагын ажлыг хэзээ ч ойлгож байгаагүй хүний хувьд тийм их хүчин чармайлт гаргана гэдэг бол үнэхээр л гайхамшиг юм! Энэ хүмүүс хэчнээн ихийг зориулсныг одоохондоо хэлэлцэхээ больё. Гэсэн ч тэдний үйлдлийг задлан шинжлэвээс тун зохилтой. Бурханыг хэзээ ч ойлгоогүй хүмүүс Бурханы төлөө яагаад маш ихийг зориулдаг вэ гэдэгт, өөрсөдтэй нь нягт холбоотой ашиг тусаас гадна өөр ямар нэгэн шалтгаан байж болох уу? Үүнээс бид урьд нь таниагүй нэг асуудлыг олж илрүүлдэг: Бурхантай харилцах хүний харилцаа нь ердөө л цэвэр хувийн ашиг сонирхлын харилцаа юм. Энэ нь ерөөл хүлээн авагч болон өгөгчийн хоорондох харилцаа билээ. Шуудхан хэлэхэд, энэ нь ажил олгогч болон ажилтны хоорондох харилцаатай адилхан. Ажилтан нь ажил олгогчийн өгч буй шагналыг хүлээн авахын тулд л ажилладаг. Ийм харилцаанд ямар ч хайр энэрэл байдаггүй, зөвхөн наймаа л байдаг. Хайрлаж, хайрлуулах явдал байхгүй, өглөг болон өршөөл л байдаг. Ямар ч ойлголцол байдаггүй, дарлагдсан дургүйцэл, хууран мэхлэлт л байдаг. Ойр дотно байдал байдаггүй, гэтлэхийн аргагүй ангал л байдаг. Нөхцөл байдал иймдээ тулахад хэн ийм чиг хандлагыг өөрчилж чадах вэ? Энэхүү харилцаа нь хэр аймшигтай болсныг хэчнээн хүн үнэхээр ойлгож чадах вэ? Хүмүүс ерөөгдөхийн баяр баясалд умбах үед, Бурхантай харилцах тийм харилцаа нь хэчнээн ичгэвтэр, үзэшгүй муухай болсныг хэн ч төсөөлж чадахгүй гэдэгт Би итгэж байна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Хавсралт 3: Хүн Бурханы удирдлага дунд л аврагдаж чадна). Бурханы үгэнд зүрх зүсэгдэж, би маш их ичсэн. Бурханы яг хэлсэнчлэн итгэлийн минь цаана ирээдүйд ерөөл хүртэх сэдэл байсан биш үү? Би яаж ч золиос гаргаж байгаа харагдлаа гэсэн гагцхүү ерөөлийн төлөө Бурхантай зүгээр л наймаацаж байж. Бурханыг үнэхээр дуулгавартай дагаж, бүтээгдсэн зүйлийн үүргийг биелүүлэхгүй байсан. Итгэгч болоод удаагүй байхдаа надад ямар ч гамшиг нүүрлэхгүй, би ерөөгдөж, Бурханы хаанчлалд орно гэж боддог байлаа. Иймээс үүргээ биелүүлэхэд бүхнээ зориулж, юунд ч сатаараагүй. Бүр үр хүүхдээ сургуулиас нь авах зав ч байгаагүй. Бусдад дооглуулж, доромжлуулж, ХКН-д хавчигдаж, мөшгүүлэх гээд юу ч намайг үүргээс минь хөндийрүүлээгүй. Энэ бүхнээс үүдээд би өөрийгөө Бурханд үнэнч гэж үзэж, Бурхан намайг магтаж, ерөөх нь лавтай гэж бодсон. Хорт хавдар туссанаа олж мэдээд ингээд өнгөрлөө, хаанчлалд орох хамаг мөрөөдөл минь талаар боллоо гэж бодсон юм. Тэгээд буруу ойлголт, буруутгалаар дүүрч, Бурхантай маргаж, тэр ч байтугай үхлээ ашиглан Бурхантай сөргөлдөхийг хүссэн. Үүргээ биелүүлж, зовж, өөрийгөө зарлагадаж байсан минь бүгд хариуд нь сайн хүрэх газар авахын төлөө байж гэдгийг баримттай нүүр тулгараад ухаарлаа. Бурхантай би, “ажил олгогч болон ажилтны харилцаатай” байсан. Тэгээд өчүүхэн бага төлөөс төлөх бүрдээ шагнуулахыг хүссэн. Бурханыг би үнэндээ хайрладаггүй байж. Бурханыг ашиглаж, хуурахаар оролдож байж. Итгэлдээ ийм үзэл бодолтой байхаар Бурхан зэвүүцэж, жигших нь аргагүй. Бурхан намайг ухаан оруулах гэж тэр өвчнийг ашиглаагүй бол би итгэлийн талаарх буруу бодолтойгоо зууралдсаар, эцэстээ Бурхан намайг орхиж, таягдан хаях байлаа. Үүнийг ухаараад харуусаж, өөрийгөө зэмлэх сэтгэлд автсан. Тэгээд Бурханы өмнө сөгдөн залбирсан юм. “Хүндэт Бурхан минь, Та энэ өвчнөөр дамжуулан намайг илчлээгүй бол би итгэл дэх буруу бодлоо хэзээ ч ойлгохгүй байх байлаа. Таны үгийн шүүлт, илчлэл миний сүнсийг сэрээлээ. Би буруу сэдлээ залруулж, ерөөл хүсэх хүслээ орхимоор байна. Бие минь сайжирсан ч, сайжраагүй ч, үхсэн ч сэхсэн ч би Танд захирагдмаар байна” гэсэн. Залбирсны дараа нэлээд тайвширч, байдал минь хавьгүй дээрдсэн. Удаах өдрүүдэд нь би дасгал хийж, нэмэлт тэжээл уусаар, бие минь ч өдөр ирэх тусам сайжирлаа. Тэгээд төд удалгүй эмнэлгээс гарч чадсан юм.

Гэртээ би нөхөр, хүүхдүүдээ гарч сайн мэдээ түгээж, үүргээ биелүүлж байгааг харлаа, гэтэл би ямар ч үүрэг гүйцэтгэж чадалгүй орондоо хэвтэхээс өөр аргагүй байсан. Тэгээд жаахан сэтгэлээр унаж эхэллээ. Хэзээ бүрэн эдгэрэх, хэзээ нэг өдөр дахиад үүргээ биелүүлж чадах эсэхээ огт мэдэхгүй байлаа. Үүргээ биелүүлж чадахгүй бол зүгээр л тээр болох биш үү? Тэгвэл би яаж аврагдах юм бэ? Тэгээд ерөөл хүсэх хүсэл минь дахин цухалзаж байгааг ухаарлаа. Би даруйхан Бурханд залбираад, Бурханы ийм үгийг уншсан: “Хүмүүс юунд үндэслэн амьдардаг байсан бэ? Хүн бүр өөрийнхөө төлөө амьдардаг ба би үхэхээр чи үх—энэ бол хүний уг чанарын товчлол юм. Хүмүүс өөрсдийнхөө төлөө Бурханд итгэдэг; тэд аливааг орхиж, Бурханы төлөө өөрсдийгөө зарлагадаж, Түүнд үнэнч байдаг боловч энэ бүх зүйлийг өөрсдийнхөө төлөө л хийдэг. Дүгнэж хэлбэл, тэд өөрсдөдөө ерөөл олж авах зорилгоор энэ бүхнийг хийдэг. Нийгэм дээр бүх зүйл хувийн ашиг тусын төлөө хийгддэг. Бурханд итгэх нь гагцхүү ерөөл хүртэхийн төлөө л байдаг. Ерөөл хүртэхийн төлөө л хүмүүс бүх зүйлийг хаяж, ихээхэн зовлонг тэсвэрлэж чаддаг: Энэ нь бүгд хүний завхарсан уг чанарын баримтат нотолгоо юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Гaдаад талын өөрчлөлт болон зан чанарын өөрчлөлтийн хоорондох ялгаа”). Элдэв янзын сатанлаг хор миний сэтгэлийг хянаж байгаа учраас л аливаа юм хүссэнээр болохгүй байх үед би итгэлдээ Бурхантай наймаацаж, тэрсэлж, Бурханыг эсэргүүцсэн гэдгээ олж харахад Бурханы үг тус болсон юм. Би, “Хүн бүр өөрийгөө боддог, би үхэхээр чи үх”, “Ашиггүй л бол хэзээ ч эрт бүү бос” гэх эдгээр сатанлаг гүн ухаанаар амьдардаг байж. Өөрийнхөө төлөө, өөрөө ашиг хүртэхийн төлөө л бүхнийг хийсэн. Би маш аминчхан, жигшүүртэй байж. Итгэхдээ ч гэсэн гагцхүү ерөөл, шагнал хүртэхийн тулд л хөдөлмөрлөөд, завгүй байсан. Үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхөд огт анхаараагүй. Хүссэн ерөөлөө олж аваагүй үед сатанлаг уг чанар минь тэсэрч, Бурханыг буруугаар ойлгож, буруутгаж, Бурханы төлөө хийсэн бүхэндээ харамссан. Паул Эзэний төлөө ажиллаж, маш их зовсон ч үнэнд огт хайргүй байсан, бас Бурханыг мэдэж, зан чанараа өөрчлөхөөр эрэлхийлээгүй. Тэгээд зовлон шаналал, золиосныхоо хариуд зөвт байдлын титэм л хүссэн. Эцэстээ сатанлаг зан чанар нь өөрчлөгдөөгүй учраас Паул эрүүл ухаангүй болтлоо биеэ тоож, өөрийгөө Христ гэж гэрчлэн, хүмүүсийг өөрийнхөө өмнө аваачсан. Энэ нь Бурханы зан чанарт халдаж, Паул мөнхийн шийтгэл хүртсэн шүү дээ. Хэрвээ би сатанлаг хороор амьдарсаар байвал эцэстээ яг Паул шиг л болно гэдгээ мэдэж байлаа. Бурхан Өөрийг нь эсэргүүцсэн гээд намайг шийтгэх байсан. Ерөөл эрж хайгаад үнэнийг эрэлхийлэхгүй байх яг хэчнээн аюултайг би олж харсан юм. Тэгээд Бурханд маш их талархсан. Надад өөртөө дүгнэлт хийж, өөрийгөө мэдэж, улмаар итгэл дэх эрэл хайгуулын тухай буруу үзэл бодлоо олж харах боломж олгож, Бурханыг эсэргүүцэх замаар алхаж байгааг минь ойлгуулахаар энэ өвчнийг ашигласанд нь Бурханд талархсан юм.

Дараа нь Бурханы ийм үгийг уншлаа: “Бурхан үүрд дээдийн дээд, хэзээд эрхэмсэг байхад хүн үүрд олиггүй, үүрд үнэ цэнгүй байдаг. Яагаад гэвэл, Бурхан үүрд хүн төрөлхтний төлөө золиос гаргаж, зориулж байдаг; гэтэл хүн үүрд өөртөө л авч, өөрийнхөө төлөө зүтгэдэг. Бурхан хүн төрөлхтнийг оршин байлгахын төлөө хүч чадлаа үүрд дайчилдаг байхад хүн гэрлийн төлөө юм уу зөв шударга байдлын төлөө хэзээ ч, ямар ч хувь нэмэр оруулдаггүй. Хүн хэсэг хугацаанд хичээл чармайлт гаргадаг ч гэсэн, тэр нь ганц цохилт ч дааж чадахааргүй маш сул байдаг, учир нь хүний хичээл чармайлт бусдын төлөө биш, үргэлж өөрийнх нь төлөө байдаг. Хүн үргэлж хувиа хичээдэг байхад Бурхан үүрд сэтгэл харамгүй байдаг. Бурхан бол шударга, сайн, сайхан бүхний эх сурвалж байхад хүн бол муухай, ёрын муу бүхнийг өвлөн авч, ил харуулдаг нэгэн юм. Бурхан шударга байдал болон гоо сайхны мөн чанараа хэзээ ч өөрчлөхгүй, харин хүн хэдийд ч, ямар ч нөхцөлд зөв шударга байдлаас урваж, Бурханаас холдон одохоос ер сийхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханы зан чанарыг ойлгох нь маш чухал). Энэ үгийг эргэцүүлэх зуур маш их сэтгэл хөдөлсөн. Сатаны маш гүн гүнзгий завхруулсан хүн төрөлхтнийг аврахын тулд Бурхан ийм уйгагүй төлөөс төллөө шүү дээ. Хоёр мянган жилийн өмнө Бурхан хүн төрөлхтнийг аврахын тулд Иудад анх удаа махбод болсон. Тэгээд доог тохуу, гүжирдлэгийг тэсвэрлэж, Иудейн шашны дагалдагчдад хавчигдаж, адлуулсан. Эцэстээ загалмайд цовдлогдож, тийнхүү золин аврах ажлыг гүйцэлдүүлсэн юм. Өнөөдөр Бурхан хүн төрөлхтнийг нэгмөсөн цэвэрлэж, аврахын тулд хоёр дахь удаагаа, Хятадад махбод боллоо. Бурхан толгой тавьж, амрах газаргүйгээр ХКН-д мөшгүүлж, хавчигдаж ирсэн, бас итгэгч бидний буруу ойлголт, буруутгал, дуулгаваргүй байдал, эсэргүүцлийг тэсвэрлэх ёстой. Гэсэн ч Бурхан хүмүүсийг аврах гэж хичээдгээ хэзээ ч болиогүй, харин хэзээ ч, юу ч хариу нэхэлгүйгээр бидний төлөө чадах бүхнээ чимээгүйхэн хийдэг. Гэтэл би үүрэгтээ золиос гаргаад хариуд нь ерөөл, хүрэх газар авна гэх хүлээлттэй байсан. Бурхантай наймаацах гээд би мөс чанарынхаа эсрэг явсан юм. Би маш аминчхан, жигшүүртэй байж! Би ер жинхэнэ итгэгч байгаагүй. Үүнийг ухаараад гэмшихийг хүсэн, Бурханы өмнө очиж залбирлаа.

Нэг өдөр сүнслэг үйл ажиллагааны үеэр Бурханы ийм үгийг уншсан: “Бурханд итгэх жинхэнэ итгэл гэдэг нь Бурхан бүх зүйлийг захирдаг хэмээх итгэлд үндэслэн Бурханы үг ба ажлыг туулж, завхарсан зан чанараасаа ангижирч, Бурханы хүслийг хангаж, Бурханыг мэдэж авна гэсэн үг юм. Ийм төрлийн аяныг л ‘Бурханд итгэх итгэл’ хэмээн нэрлэж болно(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Өмнөх үг). “Бурханд итгэх нь Түүнийг сэтгэл хангалуун байлгаж, Түүний шаарддаг зан чанарыг амьдран харуулах зорилготой байдаг, ингэснээр Түүний үйлдэл, алдар энэхүү ямар ч үнэ цэнгүй бүлэг хүнээр дамжин илэрч болох юм. Энэ бол Бурханд итгэх зөв харах өнцөг бөгөөд мөн чиний эрж хайх ёстой зорилт юм. Чи Бурханд итгэх талаар зөв үзэл бодолтой байж, Бурханы үгийг олж авахаар эрж хайх ёстой. Чи Бурханы үгийг идэж, уух хэрэгтэй, үнэнийг амьдран харуулж чаддаг байх ёстой, ялангуяа Түүний бодитой үйл хэрэг, орчлон даяарх гайхамшигтай үйл хэрэг, мөн махбодод хийдэг бодитой ажлыг нь харж чаддаг байх ёстой. Хүмүүс бодитой туршлагаараа дамжуулан Бурхан Өөрийн ажлыг тэдэн дээр яг хэрхэн хийдэг, тэдэнд чиглэсэн Түүний хүсэл юу болохыг үнэлж чадна. Энэ бүгд нь хүмүүсийн завхарсан сатанлаг зан чанарыг таягдан хаях зорилготой юм. Дотроо байгаа бүх цэвэр бус байдал, зөвт бус байдлыг хаяж, буруу санаа зорилгоо хаяж, Бурханд итгэх жинхэнэ итгэлийг бий болгосноор, жинхэнэ итгэлээр л чи Бурханыг үнэхээр хайрлаж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Төгс болгуулах хүмүүс цэвэршүүлэлт туулах ёстой). Итгэлдээ эрэлхийлэх ёстой зөв зорилгыг маань Бурханы үг харуулдаг. Туршлагаараа бид яаж ч сахилгажиж байлаа гэсэн Бурхан биднийг цэвэрлэж, өөрчлөхийн тулд бүх зүйлийг тусгайлан зохицуулдаг. Би энэ бүгдийг хүлээн авч, үүнтэй дуулгавартайгаар нүүр тулж, завхарсан зан чанараа шийдвэрлэхээр аливаа нөхцөлд үнэнийг эрж хайж, бүх зүйл дээр Бурханыг сэтгэл хангалуун байлгаж, хайрыг нь хариулах ёстойгоо мэдэж байлаа. Тэр л зөв эрэл хайгуул шүү дээ. Тэгээд дахин ерөөлийн төлөө Бурхантай наймаацахыг хүсээгүй. Тэр цагаас хойш өвчин минь ямар ч замналаар явлаа гэсэн би амьсгал тасартлаа Бурханыг шүтэн мөргөх байсан. Бурхан надад үүргээ биелүүлэх дахин нэг боломж олговол Бурхантай ерөөлийн төлөө наймаацахгүй байлаа. Би гагцхүү үүрэгтээ үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхийг л хүссэн юм.

Төд удалгүй Бурхан намайг туршлаа.

Нэг өдөр манай охин чуулганы цуглаанаас эргэж ирээд, итгэгчдийг усалдаг Ван эгчийг цагдаа нар дагаад байна, эгчийг орлох хүн арай олдоогүй гэлээ. Тэгээд чуулганд хэн тийм ажил хийж чадах бол гэж асуусан. Би урьд нь энэ үүргийг гүйцэтгэж явсан, энэ талаар сайн мэддэг болохоор өөрийгөө хамгийн сайн тохирно гэж бодлоо. Гэхдээ хагалгаагаа хийлгээд дөнгөж 20 орчим хонож байгаагаа дараа нь бодсон. Оёдол минь бүрэн эдгэрээгүй, цаг агаар ч халж байлаа. Би гэртээ оёдлоо өдөрт хэд хэдэн удаа угаах ёстой болдог байсан юм. Хэрвээ тэр үүргийг аваад оёдлоо цэвэрлэх ямар ч завгүй болбол оёдол минь үрэвсэж болзошгүй. Гарын минь хөдөлгөөн хязгаарлагдмал хэвээр байсан учраас өдөр бүр цахилгаан скүүтер дээр сэгсчүүлээд байх юм бол оёдол эдгэхгүй, бие үнэхээр өвдөхөөр байсан. Ийм нөхцөлд тэр үүргийг авах нь миний эрүүл мэндэд ер горьгүй байх байлаа. Гэхдээ дараа нь би, “Энэ үүрэгт тохирох хүн арай олдоогүй байна. Хэрвээ би хариуцаж авахгүй бол Бурханы гэрийн ажил саатах биш үү? Яах хэрэгтэй вэ?” гэж бодлоо. Тэгтэл Бурханы үгийн нэг хэсэг санаанд орсон юм: “Бурханд итгэхдээ болон үнэнийг эрэлхийлэхдээ чи ‘Бурхан ямар ч өвчин, тааламжгүй үйл явдал надад тохиолдуулж—Бурхан юу ч хийсэн хамаагүй—би дуулгавартай дагаж, бүтээгдсэн зүйлийн хувьд байрандаа байх ёстой. Юу юунаас илүү, би үнэний энэ тал болох дуулгавартай байдлыг хэрэгжүүлж, үүнийг биелүүлж, Бурханд бодитойгоор дуулгавартай байхыг амьдран харуулах ёстой. Түүнчлэн Бурханы надад даалгасан зүйлийг, мөн гүйцэтгэх ёстой үүргээ би хөсөр хаях ёсгүй. Эцсийн амьсгалаа хураахдаа хүртэл би үүргээ мөрдөх ёстой’ гэж хэлж чадаж байвал энэ нь гэрчлэл хийж байгаа хэрэг бус уу?(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг байнга эргэцүүлснээр л чи урагшлах замтай болж чадна”). Бурханы үг надад хэрэгжүүлэлтийн зам өглөө. Оёдол минь бүрэн эдгээгүй ч би Бурханы гэрийг биш, өөрийгөө л бодож, дахиад аминчхан, олиггүй байхыг хүсээгүй юм. Өчнөөн жил ерөөлийн төлөө үүргээ биелүүлж, Бурхантай наймаацлаа. Бурханы хүслийг хэзээ ч хайхарч, Бурханыг сэтгэл хангалуун байлгах юм хийгээгүй. Би Бурханд үнэхээр өртэй байсан! Энэ үүргийг хийх хүн яаралтай хэрэгтэй байсан, харин би үүнийг хийх хүсэлтэй байлаа. Эрүүл мэндэд минь юу ч тохиолдлоо гэсэн Бурханд тайтгарал авчирч чадах юм сан л гэж би хүссэн юм. Би Бурханы үгээр замчлуулаад, өвчиндөө боогдохоо больж, тэр ажлыг сайн дураараа авсан.

Энэ үүрэгт бүхнээ зориулаад Бурханы гайхамшигт хамгаалалтыг нүдээр үзсэн дээ. Долоо хоногийн дараа миний оёдол дордох нь бүү хэл бүрмөсөн эдгэсэн байлаа. Эмч, “Иймэрхүү хагалгааны дараа гар хавагнах нь түгээмэл. Бас өвчтөн эдгээд сар гаруйн дараа ч химийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй болдог” гэсэн. Харин би тэр үүргийг биелүүлж эхэлснээс хойш оёдол минь өвдөхөө больж, гар ч хавагнаагүй, бас химийн эмчилгээнд ч ороогүй. Одоо хагалгаа хийлгээд жил гаруй болсон ч би зүв зүгээр байгаа. Гайхамшигт үйл хэргийнх нь төлөө Бурханд талархъя. Бурханы ийм үгийг би биечлэн туулсан юм: “Амьд ч бай, үхсэн ч бай аливаа бүх зүйл Бурханы бодлын дагуу хувирч, өөрчлөгдөж, шинэчлэгдэн, алга болдог. Энэ бол Бурханы бүх зүйлийг удирддаг арга зам юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурхан бол хүний амийн эх сурвалж). Үндэслэлгүй шаардлагаа орхиж, Бурхантай наймаацахаа болимогц би Бурханы эрх мэдэл, захиралтыг үнэхээр харж, Бурханы гайхамшигт үйл хэргийг нүдээр үзсэн дээ!

Энэ өвчний сорилт гаднаа гай гамшиг мэт харагдаж байсан боловч үүн дотор Бурханы хайр нуугдаж байлаа. Бурханы гэгээрэл, удирдамж надад ерөөл хүртэх сэдэл болон бохир хольцыг минь ухамсарлуулсан юм. Би Бурханд бага зэрэг дуулгавартай болж, өвчин туулах нь Бурханаас ирсэн ерөөл, энэ нь намайг цэвэрлэж, өөрчлөхийн төлөө байдаг гэдгийг үнэхээр олж мэдсэн билээ. Авралынх нь төлөө Бурханд талархъя!

Өмнөх: 76. Өвчнөөр дамжуулан ерөөл хүртэх сэдэл минь илчлэгдсэн

Дараах: 78. Шалгалтаас сурсан сургамж

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

59. Шударгаар мэдээлэхийн үр шим

Жао Мин, Хятад улс2011 оны 4-р сард би, улсын өөр нэг хэсэгт байдаг чуулганд Яао Лань хэмээх удирдагчийн оронд очих хэрэгтэй боллоо. Ажил...

2. Үхлийн шалгалт дунд

Шиндао, Өмнөд СолонгосТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бурхан завхарсан хүн төрөлхтнийг аврахын тулд газар дээр ажиллахаар ирсэн;...

45. Бурханы өмнө амьдрах нь

Ёнсуй, Өмнөд СолонгосТөгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Бодит байдалд орохдоо хүн бүх зүйлийг бодит амьдрал руу хандуулах ёстой....

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих