30. Байр суурийг орхиход амаргүй байлаа

Ли Жэн, Хятад

Би тариачны гэр бүлд төрсөн. Жаахан байхдаа эцэг эхээ алдсан тул ах бид хоёр бие биеэ түшиж тулах ёстой болсон юм. Бид маш ядуу байсан бөгөөд хүмүүс биднийг дорд үздэг байв. “Би сургуульд явж, нэг л өдөр бусдаас илүү болно доо” гэж би боддог байлаа. Харамсалтай нь бидэнд ямар ч мөнгө байгаагүй тул би дунд сургуулийн хоёрдугаар ангид байхдаа сургуулиасаа гарах хэрэгтэй болж, бусдаас илүү дээр байх гэсэн мөрөөдөл минь нурж, үнэхээр сэтгэл гонсойсон билээ.

1990 онд би Эзэн Есүст итгэх боллоо. Эзэнд итгэснээр бид энэ амьдралдаа амар амгаланг олоод зогсохгүй, хожмын амьдралдаа мөнх амьтай болно гэж номлогч хэлсэн юм. Тэрээр бас, сайн мэдээ түгээснээр илүү олон хүнийг элсүүлж, илүү их ерөөгдөж, өөрсдийн шагнал болон титмийг хүлээн авч, Бурхантай хамт хаанчилна гэж хэлсэн. Тэр үед би Библиэс энийг уншсан юм: “Би сайн тэмцлээр тэмцэж, явах замаа дуусгаж, итгэлээ хадгалсан: Одооноос эхлээд надад зориулсан зөвт байдлын титэм зэхэгджээ” (2 Тимот 4:7–8). Ингээд би гэр бүлээ орхиж, Бурханы төлөө сайн мэдээ түгээхээр явахаар шийдсэн юм. Тухайн үед би эрч хүчээр дүүрэн байсан бөгөөд жил хүрэхгүй хугацаанд олон зуун хүнийг элсүүлсэн билээ. Элсэгчдийн тоо өсөхийн хэрээр 1997 он гэхэд бид 30,000 гаруй хүнтэй олон зуун чуулган байгуулав. Чуулгануудтай хамаатай юм бүхнийг би шийддэг байсан бөгөөд аль ч чуулган руу ажиллахаар явлаа гэсэн тэндхийн ах эгч нар надтай үргэлж хүндэтгэлтэйгээр мэндэлж, очихыг хүссэн газар луу минь хүргэж, амттай хоол идүүлж, байрлах сайхан газар гаргаж өгч, миний аяллын зардлыг ч төлдөг байлаа. Тэгээд эдгээр зүйл надад таалагдах болсон.

Нэгэн өдөр дээд түвшний удирдагч биднийг цуглаанд оролцуулж, Эзэн Есүс Төгс Хүчит Бурхан болж эргэн ирсэн гэж номлодог Зүүний Аянга гэгч урсгал одоо гарч ирсэн гээд тэдний номлолыг маш өндөр дээд гэж хэллээ. Чуулганы цуглааны олон сайн гишүүнийг тэд хулгайлсан ба манай чуулганы хоёр хамтран зүтгэгч болох Ван ах, Ву ах хоёр хүртэл Зүүний Аянгыг хүлээн авсан гэж удирдагч хэлэв. Тэгээд удирдагч биднээс энэ хоёр ахаас бүрэн татгалзахыг хүсээд, хэн нэгэн Зүүний Аянгын номлолыг сонсож буйг олж мэдвэл нэн даруй хөөнө гэж хэлсэн юм. Энэ бүхэн намайг гайхширууллаа. Би тэр хоёр ахыг нэлээд сайн мэднэ; тэд Библийг сайтар мэддэг, Эзэнд чин сэтгэлээсээ итгэдэг байсан. Гэхдээ тэд яаж Зүүний Аянгыг хүлээн авч чадсаныг л би ойлгохгүй байсан юм. Жилийн эцэс дөхөж байтал энэ хоёр ах манай гэрт гэнэт зочлов. Би тэдэнд хаалгаа онгойлгож өгөх эсэхээ шийдтэл нэлээд удаан эргэлзэж, намайг хууран мэхлэхээр ирж хэмээн айж байлаа. Гэхдээ дараа нь “Ямар ч байлаа гэсэн би Эзэнд итгэдэг тул энэ хоёр ахыг үүднээсээ хөөж болохгүй” гэж бодов. Тэгээд би тэр хоёрыг гэртээ оруулсан юм. Тэд, Эзэнийг угтан авахын тулд Бурханы дуу хоолойг сонсоход анхаарах хэрэгтэй, төөрөлдөхөөс айсандаа үнэн замыг эрж хайж, судлахаас татгалзах ёсгүй гэж хэлэв. Дараа нь тэд, яаж Бурханы дуу хоолойг сонсдог ухаалаг охин байх тухай, үнэн зам болон хуурамч замын ялгааг хэрхэн таних тухай дэлгэрэнгүй нөхөрлөсөн юм. Тэдний хэлсэн зүйл шинэлэг, бас гэгээрэлтэй юм гэж бодоод би бүрэн үнэмшлээ. Явах үедээ тэр хоёр үүнд Төгс Хүчит Бурханы айлдварууд байгаа гээд нэг ном өгч, үүнийг унш, Эзэнийг угтан авах боломжоо бүү алд гэж шавдуулав. Тэднийг явсны дараа би төөрөлдөж байгаа эсэхдээ санаа зовж, энэ хоёр ахыг гэртээ оруулсныг минь дээд түвшний удирдагч олж мэдвэл намайг чуулганаас хөөнө гэж санаа зовлоо. Гэхдээ тэр үед бас “Хэрвээ Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс байгаад, би хөөгдөхөөс айсандаа үүнийг судлахгүй бол Бурханыг голж, эсэргүүцсэн хүн болох бус уу?” гэж бодогдсон юм. Ийн бодоод би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг судлахаар даруйхан шийдсэн билээ.

Дараа нь би Төгс Хүчит Бурханы үгийг өдөр бүр уншдаг байв. Тэр хооронд хоёр ах надад хүн төрөлхтнийг аврах Бурханы ажлын гурван үе шат, Бурхан бие махбодтой болохын нууц, хүнийг цэвэрлэж, аврахын тулд Бурхан эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлаа хэрхэн хийдэг, Бурхан эрин үеийг хэрхэн төгсгөдөг, Христийн хаанчлал хэрхэн газар дэлхий дээр биеллээ олдог гэх зэргийн тухай нөхөрлөсөн юм. Эзэнд итгэх энэ бүх хугацаандаа би иймэрхүү зүйл хэзээ ч сонсож байгаагүй бөгөөд сонсох тусам Төгс Хүчит Бурханы үг төдий чинээ эрх мэдэлтэй, хүчирхэг санагдсан билээ. Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс байж болох юм, үүнийг судлах хэрэгтэй гэж бүр их санагдаж байсан ч би дотроо үргэлж зөрчилдөж байсан юм. Пастор, ахлагч нар олон жилийн турш Зүүний Аянгыг ялласаар ирсэн, би ч бас тэднийг даган чуулганыг аль болох чанд битүүмжилж, Зүүний Аянгатай холбоо барихыг хэнд ч зөвшөөрөлгүй, тэдний замыг хүлээн авсан хэнийг ч хөөдөг байсан. Хэрвээ би Зүүний Аянгыг хүлээн авах юм бол чуулганд миний доор байдаг 30,000 гаруй итгэгч юу гэж бодох вэ? Хэрвээ тэд бүгд намайг дагаад, Зүүний Аянгыг хүлээн авах юм бол тэр нь гайхалтай байх болно, гэхдээ тэгэхгүй бол надаас татгалзах нь гарцаагүй. Тэгээд би, цаг агаар ямар ч байсан гадагш гарч, өдөр шөнөгүй номлож ажиллаж, ХКН-д мөшгүүлэх эрсдэл хүлээн, энэ бүх чуулганыг цус, хөлс, нулимсаараа байгуулж байснаа бодсон юм. Өдий хүрч, маш олон хүнд ингэж өндрөөр хүндлүүлэх хүртлээ би маш их ажилласан—энэ бүхнийг яаж ийм амархан хаяж чадах билээ? Үүнээс гадна, чуулганд миний доор буй хүн бүр Төгс Хүчит Бурханыг хүлээн авсан ч гэсэн би тэдний удирдагч хэвээр байж чадна гэж үү? Гэхдээ дараа нь “Хэрвээ Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс мөн байгаад, би Түүнийг хүлээн авахгүй бол Эзэнийг угтах боломжоо алдах юм биш үү?” гэж бодлоо. Энэ бүхнийг оюун санаандаа ахин дахин эргэцүүлэн бодоод, юу хийхээ шийдэж чадсангүй. Яг тэр үед эхнэр минь Төгс Хүчит Бурханы үгийг сонсоныхоо дараа догдлон гүйж ирээд “Төгс Хүчит Бурханы үгийг сонслоо, энэ нь Бурханы дуу хоолой мөн гэж бодож байна. Хэрвээ Төгс Хүчит Бурхан үнэхээр эргэн ирсэн Эзэн Есүс байх юм бол бид аль болох хурдан судалж, хүлээн авах ёстой шүү дээ!” хэмээн намайг гайхшируулав. Би уцаарлан “Мэдэж байна аа, гэхдээ энэ тийм ч энгийн хэрэг биш. Манай чуулганы удирдагч, хамтран зүтгэгчид чуулганыг битүүмжилсэн болохоор Зүүний Аянгыг судлахыг хэнд ч зөвшөөрөхгүй. Хэрвээ би Зүүний Аянгын замыг хүлээн авах юм бол тэд гарцаагүй надаас татгалзана” гэлээ. Гэтэл үүнд эхнэрийн минь сэтгэл түгшиж, “Бид энэ бүх хугацаанд юуны төлөө Эзэнд итгэсэн юм бэ? Тэнгэрийн хаанчлалд өргөгдөхийн тулд Эзэний ирэхийг тэсэн ядан хүлээж байсан бус уу? Эзэн одоо эргээд ирчихсэн байхад чи удирдагч биш байлаа ч гэсэн Бурханы ажлыг хүлээн авч, Эзэнийг угтах ёстой шүү дээ!” гэв. Би санал нийлж байна гэж хэлсэн боловч дотроо “Чинийх бол эмэгтэй хүний энгийн сэтгэл. Би 30,000 гаруй хүнийг бодолцон үзэх ёстой. Анхааралтай явах ёстой. Энэ талаар дахиад жаахан бодох хэрэгтэй байна” гэж бодож байсан юм. Тэгээд Зүүний Аянгыг хүлээн авалгүйгээр олон сар өнгөрөв. Энэ хугацаанд Төгс Хүчит Бурханы Чуулганы ах эгч нар надтай уулзахаар үргэлж ирдэг байлаа. Тэд надтай тэвчээртэйгээр нөхөрлөсөн ба үнэн хэрэгтээ, энэ нь үнэхээр Бурханы ажил мөн гэдгийг би зүрх сэтгэлдээ тодорхой мэдрэх болсон ч байр сууриа орхиж чадахгүй байсан учраас үүнийг хүлээн авахаа хойшлуулж байв. Хэсэг хугацааны дараа, байгаа байр байдлыг минь ах эгч нар ухаарсан юм. Нэгэн удаа Бай ах, Сон ах хоёртой цуглаан хийж байхад Сон ах өөрийнхөө туршлагыг надтай нөхөрлөлөө. Өмнө нь ах ч бас олон арван чуулган хариуцсан, чуулганы удирдагч байсан аж. Хэн нэгэн түүнд сайн мэдээ номлосны дараа Төгс Хүчит Бурханы үгийг уншсанаар Төгс Хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс гэдэгт итгэх болжээ. Гэхдээ үнэхээр хүлээн авах цаг ирэхэд түүнд өөр бодол төрж, “Хэрвээ би Төгс Хүчит Бурханыг хүлээн авбал удирдагч хэвээр байж чадах уу? Ийм олон хүнийг удирдсан хэвээр байж чадах уу?” гэж бодсон байна. Тэгээд Матайн 21-р бүлгийн 33-41 дүгээр эшлэлд байдаг хорон муу тариаланчдын тухай Эзэн Есүсийн хэлсэн сургаалт зүйрлэлийг санажээ: “Нэг газрын эзэн усан үзмийн талбай байгуулж, үүнийгээ тойруулан хашаа барьж, дарс шахагчийн нүх ухаж, цамхаг босгож, тариаланчдад түрээслээд, алс холын нутаг руу явжээ. Жимс хураах цаг ойртоход усан үзэм авчруулахын тулд тэр зарц нараа тариаланчид руу илгээв. Тариаланчид зарц нарыг нь барьж аваад нэгийг нь зодож, нөгөөг нь хөнөөж, бас нэгийг нь чулуугаар цохьжээ. Тэр урьдныхаас ч олон зарцыг дахин илгээлээ, тэд мөн адил үйлдэв. Гэхдээ эцэст нь тэр, Тэд миний хүүг хүндэлнэ гээд хүүгээ илгээжээ. Гэвч тариаланчид хүүг харангуутаа, ‘Энэ бол өв залгамжлагч байна; ирцгээ, түүнийг алаад, өв хөрөнгийг нь булаацгаая’ гэж өөр хоорондоо ярилцжээ. Тэд түүнийг барьж аваад, усан үзмийн талбайгаас гарган хаяж, түүнийг хөнөөв. Тиймээс усан үзмийн талбайн эзэн ирэх үедээ тэдгээр тариаланчдыг яах вэ? гэхэд тэд Түүнд, ‘Тэр тэдгээр хорон муу хүмүүсийг аймшигтайгаар устгах ба хугацаанд нь жимс тушаах өөр тариаланчдад усан үзмийн талбайгаа түрээслүүлнэ’ гэв.” Сон ах өөрийгөө зэмлэх мэдрэмжийг хэчнээн хурцаар мэдэрснээ хэлсэн юм. Эзэн түүнд Өөрийнхөө хонин сүргийг даатгаад, одоо эргээд ирсэн байхад Эзэнийг угтан авахад нь ах эгч нараа удирдахын оронд тэрээр Эзэний хонин сүргийг булаан авч, Эзэнийг голохоор оролдож байжээ. Ах яг л тэр хорон муу тариаланчидтай адил авирлаж байсан ба Эзэнийг эсэргүүцэж байсан хорон муу зарц байсан гэж хэлсэн юм. Тэгээд ах өөрөөсөө “Би удирдагч болохын тулд Бурханд итгэдэг гэж үү? Байр суурь, амин зуулгынхаа төлөө итгэдэг гэж үү? Би үнэхээр Бурханд итгэгч мөн үү?” хэмээн асууж, эдгээр зүйлийг бодох үедээ маш их харамссан тул Бурханд улайж, гэмшээд Төгс Хүчит Бурханыг хүлээн авсан байна. Дараа нь ах өөрийнхөө доор байсан бүх ах эгч нарт сайн мэдээ түгээжээ. Ахын ингэж нөхөрлөхийг сонсоод би маш их ичиж, сэтгэл гонсойсон юм. Энэ нь үнэхээр Бурханы ажил мөн гэдгийг мэдэж байсан ч би өөрийнхөө байр суурийг хамгаалахын тулд Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авахдаа алгуурласан. Ах эгч нарыг ч бас судлуулаагүй; би Бурханы хонийг Бурханд өгөхөөс татгалзаж байжээ. Би хорон муу зарц байсан бөгөөд хараагдаж, шийтгүүлбэл зохих байлаа! Гэхдээ чуулганыг хэр чанд битүүмжилснээ, манай чуулганаас нэг ч хүн Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн аваагүйг бодох үедээ би “Хэрвээ би үүнийг хүлээн авбал өөд нь шидсэн чулуу өөрийн толгой дээр гэдэг болох бус уу? Яаж хүний нүүр харж чадах юм бэ? Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан гэдгийг минь манай чуулганыхан олж мэдвэл намайг гарцаагүй үзэн ядаж, голно, тэгээд би юу ч үгүй хоцорно” гэж бодсон юм. Ингээд үүнийг хүлээн авахгүй байх нь дээр гэж шийдлээ.

Хэд хоногийн дараа хоёр ахтай хамт хийсэн дараагийн цуглаан дээр би санаа зовнилынхоо талаар хэлэв. Тухайн үед би маш ов мэхтэй байсан бөгөөд тойруулан ярьж, “Миний удирддаг хүмүүс ч бас Төгс Хүчит Бурханд итгэж эхэлбэл хэн тэднийг удирдах вэ? Одоо байгаа өнөөх удирдагчид, хамтран зүтгэгчид удирдах уу?” хэмээн асуулаа. Үнэндээ үүгээрээ би “Би тэднийг манлайлж, удирдсан хэвээр байх ёстой” гэж хэлж байсан юм. Гэвч Бай ах “Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсны дараа Бурхан Өөрөө биднийг удирдаж, усалж, хариулдаг. Манай чуулганд Христ болон үнэн ноёрхдог. Чуулганы удирдагчдыг сонгодог тул үнэнийг ойлгодог, бодит байдалтай, ах эгч нарыг усалж, бодит асуудлуудыг нь шийдвэрлэж чаддаг хэн боловч сонгогддог” хэмээн хэлж намайг гайхширууллаа. Тэгээд цааш нь үргэлжлүүлэн “Хэрвээ үнэнийг эрэлхийлдэг бол та ч бас удирдагчаар сонгогдож болно. Чуулганд олон өөр үүрэг байдаг: Удирдагчид, сайн мэдээ номлогчид—хүн бүрд өөрийн гэсэн чиг үүрэг бий. Үүргийн тухайд бол ‘чухал’, ‘чухал биш’, ‘өндөр’, ‘дорд’ байр суурь гэх ялгаа байхгүй. Яагаад гэвэл, хүн бүр Бурханы өмнө эн тэнцүү бөгөөд шашны урсгалынхаас шал өөр” гэсэн юм. Бай ахыг сонсох тусмаа би улам уруу царайлан сэтгэлээр унаж, “Үүний дараа ийм олон хүний удирдагч болж чадахгүй л байх даа” хэмээн бодлоо.

Надад ямар санагдаж байгааг Сон ах анзаараад, Ниневегийн хааны туршлагын талаар нөхөрлөж, “Ниневегийн хаан улсын захирагч байлаа. Иона Бурханы үгийг тунхаглаж, Ниневе сүйрэх гэж байна хэмээн хэлэхийг сонсоод тэрээр сэнтийгээсээ бууж, хотын бүх хүнийг удирдан таар нөмөрч үнсэн дунд суугаад, өвдөг сөгдөн Бурханд улайж, гэмшжээ. Бурхан тэднийг өршөөж, хотыг сүйрлээс хэлтрүүлсэн юм” гэлээ. Тэгээд цааш үргэлжлүүлэн, “Чуулганы удирдагчийн хувиар та Эзэний ирэлт гэх ийм том үйл явдалтай нүүр тулсан юм чинь Ниневегийн хааныг дуурайхаар оролдон, Бурханд улайж, гэмшихэд нь ах эгч нарыг хөтлөх ёстой биш үү?” гэсэн юм. Ахын хэлсэн зүйл сэтгэлийг минь үнэхээр хөдөлгөлөө. Түүний зөв; Ниневегийн хаан улсын захирагч байсан. Тийм өндөр байр суурьтай хүн өөрийгөө даруухан болгож, Бурханд улайж гэмшиж чадсан байхад би байр сууриа орхиж, Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч яагаад болохгүй гэж? Тэгтэл Сон ах үргэлжлүүлэн ингэж хэлсэн юм: “Эзэн Есүсийг ажлаа хийх үед фарисайчууд байр суурь, амин зуулгаа хамгаалахыг хүссэн, ингээд тэд Эзэн Есүсийг эсэргүүцэж, яллахын тулд чадах бүхнээ хийж, итгэлтэй хүмүүсийг хяналтдаа байлгаж байлаа. Эзэн Есүс тэднийг зэмлэж, ‘Хоёр нүүрт хуулийн багш нар, фарисайчууд та нар золгүй еэ! Яагаад гэвэл та нар хүмүүсээс тэнгэрийн хаанчлалыг хааж, өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч оруулахгүй(Матай 23:13) гэсэн.” Дараа нь ах надад “Бурхан үнэнийг илэрхийлж, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлыг хийж байгаа нь тэнгэрийн хаанчлалын ирэлтийн сайн мэдээ юм. Эхэндээ та сонссон худал үгэндээ итгэж, шашны удирдагчдыг даган чуулганыг битүүмжилж, эцсийн өдрүүдийн Бурханы ажлыг хүлээн авахад нь ах эгч нарт саад хийсэн. Ингэснээрээ та Бурханыг эсэргүүцсэн юм. Одоо та Төгс Хүчит Бурханы үгийг уншиж, Тэр бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэж дүгнэсэн. Хэрвээ та Бурханы ажлыг хүлээн авахаас, эсвэл ах эгч нарт Эзэн ирсэн тухай мэдээг хэлэхээс гөжүүдлэн татгалзсаар, тэднийг тэнгэрийн хаанчлалын гадна үлдээвэл зориуд буруу юм хийж, өөр нэг алдаа гаргаж буй хэрэг болно шүү. Энэ нь Бурханы эсрэг асар ёрын муу зүйл байх болно! Биднийг саад болсноос болоод ах эгч нар аврагдах боломжоо алдвал энэ нь цусан өр болно! Бид ахин дахин үхсэн ч гэсэн энэ өрийг төлж чадахгүй. Харин та ах эгч нарыг Бурханы өмнө хөтлөн аваачвал тэд таныг үзэн ядахгүйгээр үл барам, тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ, мөнх амийн замыг хуваалцсанд тань талархана” гэлээ.

Дараа нь Бай ах Төгс Хүчит Бурханы үгээс хоёр хэсгийг уншиж өгсөн юм. “Бурханыг махбод болж, хүмүүсийн дунд ажиллахаар ирэх үед бүгд Бурханыг харж, үгийг нь сонсож, махбодоороо Бурханы хийдэг бүх үйл хэргийг хардаг. Тэр үед хүний бүх үзэл хөөс болдог. Бурхан махбодоор гарч ирэхийг харсан хүмүүсийн хувьд, хэрвээ тэд Түүнийг дуртайяа дуулгавартай дагадаг бол яллагдахгүй, харин зориуд Түүний эсрэг зогсдог хүмүүсийг Бурханыг эсэргүүцэгч гэж үзэх болно. Тийм хүмүүс бол антихристүүд, Бурханыг зориуд эсэргүүцдэг дайснууд юм(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм). “Том сүмд Библи уншиж, үүнийг бүхэл өдөржингөө цээжээр уншдаг хүмүүс байдаг атал тэдний дундаас нэг нь ч Бурханы ажлын зорилгыг ойлгодоггүй. Тэдний дундаас нэг нь ч Бурханыг мэдэж чаддаггүй; тэдний дундаас бүр нэг ч хүн Бурханы хүсэлд нийцэж чаддаггүй. Тэд бүгдээрээ үнэ цэнгүй, өөдгүй хүмүүс бөгөөд Бурханд зааж сургахын тулд дор бүрнээ өндөрт зогсдог. Тэд Бурханы нэрээр далайлгадаг атлаа Түүнийг дур зоргоороо эсэргүүцдэг. Бурханд итгэдэг гэх атлаа тэд хүний махыг идэж, цусыг уусаар байдаг. Ийм хүмүүс бүгд хүний сүнсийг залгидаг диаволууд, зөв замд орохоор хичээж буй хүмүүст зориуд саад учруулдаг толгойлогч чөтгөрүүд, мөн Бурханыг эрж хайдаг хүмүүст садаа болдог бул хар чулуу билээ. Тэд ‘эрүүл чийрэг бие махбодтой’ харагдаж болох ч Бурханыг эсэргүүцэхэд хүмүүсийг хөтөлдөг антихристүүдээс цаашгүй гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ? Хүний сүнсийг залгидаг амьд диаволууд гэдгийг дагагчид нь яаж мэдэх юм бэ?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Бурханыг мэддэггүй бүх хүн бол Бурханыг эсэргүүцдэг хүмүүс юм). Ахыг эдгээр хэсгийг уншсаны дараа би нэлээд шаналж, нүүр лүүгээ алгадуулаад ув улаан болчихсон юм шиг санагдаж, газрын гаваар орохыг хүсэж байлаа. Эзэн Есүс эргээд ирсэн, Тэрээр олон үнэнийг илэрхийлж, хүнийг шүүж, цэвэрлэх ажил хийж байгаа гэдгийг би тун сайн мэдэж байсан. Гэвч байр суурь, амин зуулгаа хамгаалахын тулд Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авахаас татгалзаж, чуулганыг битүүмжилсэн, ингэснээр Бурханы хоньд Бурханы дуу хоолойг сонсож, Түүн рүү хандаж чадаагүй. Тэр олон жилийн өмнө Эзэн Есүсийг эсэргүүцэж байсан фарисайчуудаас би юугаараа ялгаатай юм бэ? Эзэн бол бидний Хоньчин, одоо Тэр Өөрийн хоньдыг Өөр лүүгээ буцаан дуудахаар эргэн иржээ; би Бурханы хоньдыг Бурханд хүлээлгэн өгөх ёстой байсан. Би одоо байр сууриа хамгаалахаар оролдож яаж чадаж байна аа? Бурханы шийтгэл над дээр ирэх хүртэл хүлээх гэж байгаа юм уу? Тэгээд би Бурханыг цаашид эсэргүүцэж болохгүй гэж шийдсэн юм. Би удирдагч байхаа болиод, хүн бүр надаас татгалзсан ч гэсэн Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, ах эгч нарыг Бурханы өмнө хөтлөн аваачаад, Бурханы хонин сүргийг Бурханд буцаан өгөх ёстой байлаа. Энэ тухай бодоод би Төгс Хүчит Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авч, өөрийнхөө удирддаг хүмүүст сайн мэдээ номлож эхлэхээр шийдсэн билээ.

Хэсэг хугацааны дараа Ариун Сүнсний удирдамжтайгаар манай чуулганы 10,000 гаруй хүн Бурханы эцсийн өдрүүдийн ажлыг хүлээн авсан юм. Бурханд талархъя, эцэст нь би Бурханы хонин сүргийг Бурхан руу хөтлөн аваачсан бөгөөд маш тайван, амар амгалан санагдсан билээ.

Зургаан сарын дараа, томоохон газар нутгийн улам олон хүн чуулганд нэгдсэн тул чуулганыг бүс нутгаар нь хувааж, удирдагчид болон ажилчдыг сонгосон юм. Гэхдээ би маш их биеэ тоож, “Чуулганыг яаж ч хуваалаа гэсэн ажлын чадвар, туршлагаасаа болоод би удирдагч хэвээр байх болно. Би ямар ч асуудалгүйгээр хэд хэдэн чуулганыг удирдаж чадна” гэж бодож байлаа. Гэсэн ч хэд хоногийн дараа хоёр ахтай уулзаж байтал чуулганы удирдагч ирээд, “Одоо бол хаанчлалын сайн мэдээг түгээх цаг. Библийг сайн мэддэг, сайн хэв чанартай зарим ах эгчийг бусад газарт сайн мэдээ түгээлгэхээр явуулах хэрэгтэй байна. Энэ бол маш чухал ажил. Та гурав явахыг хүсэж байна уу?” гэсэн юм. Нөгөө хоёр ах баяртайгаар тэгье гэсэн боловч би тийм ч их баярлаагүй бөгөөд дотроо “Би хуучин урсгалдаа олон жил чуулгануудыг удирдаж, олон мянган хүн удирдаж байсан. Миний доорх зарим хамтран зүтгэгч удирдагч болчихсон байхад би одоо буцаад сайн мэдээ номлох гэж байна. Би ер нь яаж хүний нүүр харж чадах юм бэ? Гутамшигтай юм” гэж бодож байв. Удирдагчаар ажилласан энэ бүх хугацаанд намайг хаашаа ч явсан ихэд хүндэлж, шүтдэг байсныг, хүссэн бүхнээр минь дайлдаг байсныг би бодлоо. Одоо харин надад юу ч байхгүй, дахиад сайн мэдээ номлохоор зовж шаналах ёстой болжээ. Би үүнийг хүлээн зөвшөөрч ер чадахгүй байв. Гэхдээ бусдын өмнө татгалзах нь хэтэрхий ичмээр байсан тул дурамжхан зөвшөөрлөө. Тэгээд дотроо “Би сайн мэдээг сайн номлох ёстой. Олон хүнийг элсүүлж чадах л юм бол ах эгч нар намайг хүндэлсэн хэвээр байх болно” гэж бодов. Ингээд үүнийг хийх болоход би сайн мэдээг сайтар номлож амжсан юм. Төд удалгүй 400 гаруй хүн Бурханы шинэ ажлыг хүлээн авлаа. Тухайн үед, намайг хаашаа ч явсан, ах эгч нар урам зоригтойгоор надтай мэндэлж, намайг хүндэлж байгааг би мэдэрсэн билээ. Тэгээд хашиж байсан албан тушаалынхаа авчирсан таашаал дунд дахин нэгэнтээ амьдарч, сайн мэдээг түгээх хүсэл эрмэлзэл минь улам өссөн юм.

2000 оны наймдугаар сард би сайн мэдээ түгээхийн тулд Лю ахтай хамт хотоос явлаа. Лю ах надаас удаан хугацаанд Төгс Хүчит Бурханд итгэсэн, үнэний талаар тодорхой нөхөрлөдөг байв. Би ч бас баярлаж, ахын давуу талыг ашиглан өөрийнхөө дутагдлыг нөхөж болно гэдэг үнэхээр сайн хэрэг гэж бодож байлаа. Нэгэн удаа ах бид хоёр шашны нэг урсгалд харьяалагддаг бүлэг хүнд сайн мэдээ номлохоор очсон юм. Тэд шашны зарим нэг үзэл дэвшүүлж, би тэдэнтэй нөхөрлөхийг хүсэж байв. Гэхдээ үнэний талаарх ойлголт минь маш дутмаг байсан учраас туслахаар эрмэлзэж байсан ч чадахгүй байлаа. Эцэст нь Лю ах үзлийг нь няцаахын тулд тэдэнтэй тайвнаар нөхөрлөж, баримттайгаар, ухаалгаар ярив. Бидний нөхөрлөж байсан тэр хүмүүс эхэндээ хүлээн авахгүй байсан ч сонсох тусмаа Лю ахын хэлж байгаа зүйл үнэн гэдэгт итгэж эхлэн, эцэст нь зөвшөөрч толгой дохиж байлаа. Тийм юм болохыг хараад би Лю ахад атаархахын сацуу бас биширлээ. “Лю ах маш тодорхой нөхөрлөх юм. Хэрвээ энэ хэвээр үргэлжилбэл ахыг сайн харагдуулах нь л миний цорын ганц үүрэг болж, бусад хүмүүс ахыг надаас дээр гэж хэлнэ. Тэгж болохгүй! Би өөрийгөө үнэнээр зэвсэглэн, Лю ахаас давж гарахаар хичээх хэрэгтэй” гэж би бодсон юм. Харьсныхаа дараа би үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол Бурханы үгийг уншиж, сайн мэдээ түгээх үнэнээр өөрийгөө зэвсэглэж эхэлсэн билээ. Хоолны үеэр ч гэсэн, дараагийн удаа сайн мэдээний байтай хэрхэн нөхөрлөхөө мэддэг болохын тулд Лю ахын яаж нөхөрлөснийг боддог байсан ба ингэснээр ядаж л Лю ах шиг сайн харагдах байлаа.

Гэхдээ гайхмаар нь, дараагийн удаа тэр хүмүүст сайн мэдээ номлохоор очих үед тэд зарим нэг шинэ асуулт асууж, би дахиад л тодорхой нөхөрлөж чадаагүй юм. Миний хэлж байгаа зүйлийг үнэндээ ойлгохгүй байгааг нь харахад маш ичмээр байлаа. Тэр үед Лю ах яаран оролцсон юм. Тэд ахыг анхааралтай сонсож, хааяа хааяа толгой дохин, эцэст нь бүхнийг тун сайн ойлголоо. Харин би өөрийгөө эвгүй байдалд оруулахад л амжилт олоод, газрын гаваар орохыг хүсэж байв. “Би Лю ахтай хамт ирсэн боловч тодорхой нөхөрлөж чадаагүй, ямар ч хэрэггүй байлаа. Лю ах бас л хөндлөнгөөс оролцож, тэдний асуудлыг шийдэхэд нь туслах хэрэгтэй болж. Ямар ичмээр юм бэ!” гэж би бодсон юм. Нэр төрөө бага зэрэг сэргээхийн тулд Лю ахын нөхөрлөлөө завсарлах завшааныг ашиглан хэдэн үг хэлснээ санаж байна. Нэг хоногийн дараа тэд бүгд сайн мэдээг хүлээн авлаа. Үүнд би үнэхээр баярласан боловч дотроо бага зэрэг сэтгэлээр унаж байв. Тэд сайн мэдээг хүлээн авсан нь надтай хамаагүй, би өөрийгөө сайн харуулаагүй мэт санагдаж байсан юм. Хамт хооллосны дараа шинээр элссэн тэр хүмүүс биднээс өөрсдийнхөө туршлагыг ярихыг хүслээ. “Ихэнхдээ Лю ах онцгойрч ялгардаг, гэхдээ энэ удаа би боломжийг ашиглан өөрийнхөө туршлагыг ярих ёстой, ингэвэл тэд намайг ямар ч хэрэггүй хүн гэж бодохгүй” гэж бодсон тул би хийсэн ажил, туулсан зовлон болон 10,000 гаруй хүнийг яаж Бурхан руу хөтөлсөн тухайгаа ярьсаар л байсан бөгөөд үнэхээр дэгсдүүлсэн юм. Тэр ах эгч нарын зарим нь гайхаж, зарим нь намайг бишрэн харж, харин бусад нь анхааралтай сонсож байлаа. Миний сэтгэл хөөрч, цэх зогсон, өөртөө итгэлтэйгээр ярьсан юм.

Тэр өдөр хариад би: “Сайн мэдээ түгээх тухайд надад ихээхэн үнэн дутаж байна. Энэ талаар Лю ахтай хамт эрж хайх ёстой юм болов уу?” гэж бодсон. Гэвч дараа нь “Хэрвээ би энэ талаар Лю ахтай хамт эрж хайвал ах надаас илүү харагдахгүй гэж үү? Мартаж үз, би зүгээр л нууцаар үнэнээр зэвсэглэхээ үргэлжлүүлье. Би ахаас асуухгүй ээ” гэж бодогдсон юм. Дараа нь бид хоёрыг сайн мэдээ түгээхээр дахиад хамт явах үед ах эгч нар Лю ахтай маш халуун дулаанаар мэндэлж байлаа. Тэд ахыг тойрон бөөгнөрч, энэ тэрийг асууж байв. Үүнд би үнэхээр бухимдаж, толгойгоо унжуулан нэг тийш зогсоод, “Лю ах ийм сайн нөхөрлөл хийж байхад би энд байх ямар хэрэгтэй юм бэ? Бусдын нүдээр бол би зүгээр л илүүдэл хүн юм биш үү? Ах үргэлж онцгойрдог, хэрвээ энэ хэвээр үргэлжилбэл хэн ч намайг өндрөөр үнэлэхгүй” гэж бодож байлаа. Гэнэт надад тэрслүү бодол төрж, цаашид Лю ахтай хамт үүргээ гүйцэтгэхийг үнэхээр хүссэнгүй. Ингэж бодсоноос хойш Лю ахтай хамт сайн мэдээ номлохоор явах болгондоо би бие сайнгүй байна, үлдмээр байна хэмээн шалтаг тоочиж эхэлсэн юм. Заримдаа ахтай хамт явах үедээ ч гэсэн би нөхөрлөл хийдэггүй байсан бөгөөд хэн нэгэн надаас асуулт асуух үед л дурамжханаар хэдэн үг нөхөрлөдөг байлаа. Үндсэндээ би ахтай ерөөсөө хамтран ажиллахгүй байв. Ийнхүү би ахтай хамт хоёр сар гаруй хугацаанд ажилласан бөгөөд алдар нэрийн төлөө байнга өрсөлдөж, хувийн ашиг сонирхлынхоо төлөө тэмцэлдсээр байсан. Миний байр байдал улам бүр харанхуй болж, улам дордсон хэдий ч миний толгойд гэмшил ер орж ирээгүй юм. Энэ үед л Бурхан намайг цээрлүүлж, сахилгаажуулсан билээ.

Нэгэн өдөр надад Хятадын зүүн хойд хэсэгт очиж сайн мэдээ түгээ гэж хэллээ. Үүнийг сонсоод би хөөрцөглөн баярлаж, “Эцэст нь Лю ахтай хамт ажиллах шаардлагагүй боллоо. Энэ бол миний гялалзах цаг, сайн мэдээ номлоод хүмүүсийг элсүүлэх үед энэ бүхэн нь ганцхан миний хариуцлага болно. Ах эгч нар гарцаагүй намайг хүндэлнэ” гэж бодсон. Харин миний мэдээгүй байсан нэг зүйл бол, тийшээ явах замд иргэний үнэмлэхээ биедээ авч яваагүйг минь цагдаа хараад, зугтаж яваа нэг төрлийн алуурчин байна гэж бодон намайг баривчилсан юм. Би яаж ч тайлбарлахаар оролдсон, тэд ердөө сонсоогүй бөгөөд гурван өдөр шөнийн турш намайг тамлаж, юм идэх, унтах, тэр ч бүү хэл балга ус уухыг надад зөвшөөрөөгүй. Тэд ам хамарнаас минь цус гоожтол намайг зодож, нүд минь маш их хавдсан болохоор би нүдээ нээж ч чадахгүй байлаа. Би нэвширтлээ зодуулж, олон удаа ухаан алдсанаа санаж байна; үхсэн нь илүү ерөөлтэй байх байлаа. Би зүрх сэтгэлдээ үнэхээр их тарчилж, ийм ёрын муу байсных нь төлөө энэ диаволуудыг үзэн ядаж байсан юм. Тэд нарийн нягт мөрдлөг явуулаагүй, ямар ч нотлох баримтгүй мөртөө намайг харгисаар байцаасан. Тухайн үед би, намайг хамгаалж, залж чиглүүлээч хэмээн Бурханд залбирсаар байв. Тэгээд Бурхан энэ бүхнийг надад тохиолдохыг зөвшөөрсөн ба үнэнийг эрж хайж, тохиолдож байгаа зүйлээс сургамж авах ёстой гэдгээ ухаарсан билээ. Дараа нь би өөрийгөө эргэцүүлж эхлэв: “Яагаад энэ надад тохиолдож байгаа юм бэ?” Яг тэр үед Бурханы үгийн нэг хэсэг санаанд орлоо: “Та нар ийм байдлаар хэдий чинээ их эрж хайна, төдий чинээ бага үр дүнд хүрнэ. Байр суурийн төлөөх хүний хүсэл хэдий чинээ их байна, тэдэнтэй төдий чинээ ноцтой харьцах учиртай бөгөөд тэд төдий чинээ их цэвэршүүлэлт туулах ёстой. Тийм хүмүүс үнэ цэнгүй! Тэднээр эдгээр зүйлийг бүрэн хаяулахын тулд харьцаж, шүүх ёстой. Хэрвээ та нар эцсийг нь хүртэл ийм маягаар эрэлхийлбэл ямар ч үр дүнд хүрэхгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). Бурханы үгийг тунгаан бодож байхдаа би байр суурийн төлөөх хүсэл минь хэчнээн их болохыг ухаарч, Лю ахтай хамт сайн мэдээ номлож өнгөрүүлсэн хугацаагаа дахиад бодсон юм. Ах сайн нөхөрлөж, хүн бүр ахыг бишрэн харахыг хараад би атаараж, түүнтэй өрсөлдөн, хэн нь илүү дээр болохоо үзэхийг хүссэн. Тэгээд бусдаар хүндлүүлж, шүтүүлэхийн тулд өөрийгөө өргөмжилж, онгирох гэсэндээ шинээр элссэн хүмүүсийн өмнө хувийн туршлагынхаа талаар ярьсан. Ах эгч нарын бахдал бишрэлийг хүртээгүй үедээ сөрөг, тэрслүү болж, Лю ахтай хамт ажиллахыг хүсэхээ болиод, үүргээ гүйцэтгэхдээ зүгээр л оромддог болсон. Би Бурханыг гэрчлэхийн тулд үүргээ гүйцэтгээгүй, харин хариуд нь алдар нэр, байр суурь олж авахын тулд л үүргээ ашиглаж байж; үнэхээр жигшүүртэй байжээ! Би алдар нэр, хувийн ашиг сонирхлоо л эрэлхийлж байсан бөгөөд харанхуйд маш гүн гүнзгий уначихсан хэр нь оюун санаанд минь хэзээ ч гэмшил төрөөгүй. Би маш тэрслүү байжээ! Энэ тухай бодох тусам, өөрийгөө улам үзэн ядаад Бурханд залбирлаа. “Хүндэт Бурхан минь, би үүргээ гүйцэтгэхдээ үргэлж байр суурь эрэлхийлж, алдар нэр, ашиг хонжооны төлөө өрсөлддөг байжээ. Та үүнийг үзэн ядаж байсан байж таарна! Одоо Та намайг цээрлүүлж, сахилгажуулж байгаа, би чин сэтгэлээсээ өөрийгөө эргэцүүлж, Таны зохицуулалт, зохион байгуулалтыг дуулгавартай дагахыг хүсэж байна. Хэрвээ би эндээс амьд мэнд гарах юм бол байр сууриа хаяад, чин сэтгэлээсээ үнэнийг эрэлхийлэхийг хүсэж байна” гэж би хэлсэн. Гайхмаар нь, захирагдаж, зарим сургамж авах үед минь Бурхан надад өршөөл үзүүллээ. Цагдаа нар системээсээ миний иргэний үнэмлэхийг олж, алуурчин биш гэдгийг минь ойлгоод, намайг сулласан юм.

Гэртээ харих үедээ би эмнэлэгт очиж үзлэг хийлгэлээ. Баруун хөл, бас нэг хавирга хугарсан байв. Дараагийн хэдэн сарын хугацаанд гэртээ тэнхрэх зуураа Бурханы үгийг идэж ууж, өөрийгөө эргэцүүллээ. Тэгээд нэгэн өдөр Бурханы үгээс энэ нэг хэсгийг уншив. Төгс Хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг: “Эрэл хайгуулд чинь хэтэрхий олон хувийн үзэл, найдлага, ирээдүй байдаг. Одоогийн ажил бол байр суурийн төлөөх хүсэл болон хэрээс хэтэрсэн хүсэлтэй чинь харьцахын төлөө байдаг. Итгэл найдвар, байр суурь, үзэл нь бүгд сатанлаг зан чанарын сонгодог төлөөлөл юм. Сатаны хор хүмүүсийн бодол санааг үргэлж эвддэг ба хүмүүс Сатаны эдгээр уруу таталтаас салж чаддаггүйгээс болж л хүмүүсийн зүрх сэтгэлд эдгээр зүйл оршдог. Тэд нүгэл дунд амьдарч байгаа мөртөө үүнийг нүгэл гэж итгэдэггүй, ‘Бид Бурханд итгэдэг, иймээс Тэр бидэнд ерөөл хайрлаж, бидний төлөө бүх зүйлийг зохих ёсоор зохицуулах ёстой. Бид Бурханд итгэдэг, иймээс бид бусдаас илүү дээр байх ёстой ба өөр хэнээс ч илүү их байр суурь, ирээдүйтэй байх ёстой. Бид Бурханд итгэдэг болохоор Тэр бидэнд хязгааргүй их ерөөл өгөх ёстой. Эс бөгөөс үүнийг Бурханд итгэх явдал гэж нэрлэхгүй’ хэмээн бодсоор байдаг. Олон жилийн турш, амьд үлдэхийн төлөө хүмүүсийн итгэж найддаг үзэл санаа нь тэднийг зальхай, хулчгар, жигшүүртэй болтол зүрх сэтгэлийг нь эвдсээр ирсэн. Тэдэнд сэтгэлийн тэнхээ, шийдвэр дутмаг байгаад зогсохгүй, тэд бас шунахай, биеэ тоосон, дур зоргоороо болсон. Тэдэнд өөрсдийгөө даван гарах шийдвэр огт байдаггүй ба үүнээс гадна эдгээр харанхуйн нөлөөний барьцаас салах эр зориг тэдэнд өчүүхэн ч байдаггүй. Хүмүүсийн бодол болон амьдрал үнэхээр илжирсэн, Бурханд итгэх тухай тэдний үзэл бодол тэвчихийн аргагүй муухай хэвээр байгаа бөгөөд хүмүүс Бурханд итгэх итгэлийн талаарх өөрсдийн үзэл бодлыг ярих үед сонсож тэвчихийн аргагүй байдаг. Хүмүүс бүгд хулчгар, чадваргүй, жигшүүртэй агаад эмзэгхэн. Тэд харанхуйн хүчинд зэвүүцдэггүй, гэрэл болон үнэнийг хайрладаггүй; харин ч тэдгээрийг хөөн зайлуулахын тулд бүхнийг хийдэг. Та нарын одоогийн бодол болон үзэл санаа яг ийм биш гэж үү? ‘Нэгэнт Бурханд итгэдэг тул би зүгээр л ерөөлүүдэд дарагдах ёстой, миний байр суурь хэзээ ч алга болохгүй бөгөөд үл итгэгчдийнхээс илүү өндөр байх нь баталгаатай байх ёстой.’ Та нар дотроо ийм үзэл санааг ганц, хоёрхон жилийн турш өвөрлөсөөр ирээгүй, харин энэ нь олон жилийн турш тэнд байсан. Та нарын наймаацах сэтгэлгээ хэт их хөгжсөн. Та нар өнөөдөр энэ алхамд хүрсэн хэдий ч байр суурийг одоо ч гэсэн тавьж явуулаагүй, харин нэг л өдөр нэр төр чинь сүйрнэ гэсэн гүн айдастайгаар үргэлж энэ талаар сураглаж, үүнийг өдөр тутам ажиглаж байдаг. Хүмүүс тав тухтай байдалд шунах хүслээ хэзээ ч хойш тавиагүй… Та нарын хувьд хэтийн ирээдүй, хувь заяагаа хойш тавих хэцүү байдаг. Та нар одоо дагалдагчид бөгөөд ажлын энэ үе шатны талаар зарим нэг ойлголт олж авсан. Гэсэн ч та нар байр суурийн төлөөх хүслээ хойш тавиагүй хэвээр байна. Байр суурь чинь өндөр үед сайн эрж хайдаг боловч байр суурь чинь дорд байх үед эрж хайхаа больдог. Байр суурийн ерөөл үргэлж оюун ухаанд чинь байдаг. Яагаад дийлэнх хүмүүс сөрөг байдлаас гарч чаддаггүй юм бэ? Найдваргүй хэтийн ирээдүйгээс болдоггүй гэж үү?(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?).

Би бас Бурханы үгийн магтан дуу сонссон юм: “Хүн махан бие дотор амьдардаг нь хүний тамд амьдардаг гэсэн үг бөгөөд Бурханы шүүлт, гэсгээлт байхгүй бол хүн Сатантай адил бохир заваан юм. Бурханы гэсгээлт, шүүлт бол хүний хамгийн сайн хамгаалалт, хамгийн агуу нигүүлсэл юм. Бурханы гэсгээлт, шүүлтээр л дамжуулан хүн сэрж, махан биеийг үзэн ядаж, Сатаныг үзэн ядаж чадна. Бурханы хатуу чанд сахилгажуулалт хүнийг Сатаны нөлөөнөөс чөлөөлж, өөрийнх нь жижигхэн ертөнцөөс чөлөөлдөг ба Бурханы гэрэлд хүнийг амьдруулдаг. Гэсгээлт, шүүлтээс илүү дээр аврал гэж үгүй!(Хургыг дагаж шинэ дуу дуулъя номын “Бурханы шүүлт, гэсгээлт бол хүний авралын гэрэл юм”). Энэ магтан дууг сонсонгоо би маш их уйлж, Бурхан хүнийг үзэн яддаг учраас биш, харин аврахыг хүсдэг учраас шүүж, гэсгээдэг гэдгийг эцэст нь ухаарсан юм. Тэрээр алдар нэр, байр суурь эрэлхийлэх эндүү ташаа үзэл бодлыг минь засахыг хүсжээ. Би бага байхаасаа л “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрах”, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг” хэмээх сатанлаг хороор амьдарч, боломж олдох бүрд бусдаас онцгойрохыг хүсэж, тэр ч бүү хэл үүнийг мөрөөддөг байлаа. Эзэнд итгэж эхэлснийхээ дараа би өндөр байр сууринд хүрэхийн төлөө л золиос гаргаж, өөрийгөө зарлагадсан, ингэснээр ах эгч нар намайг хүндэлж, шүтэх байв. Би бүр Христтэй хамт хаан мэт хаанчлахыг ч хүссэн. Миний санаархал хэмжээ хязгааргүй байжээ! Төгс Хүчит Бурханы сайн мэдээг сонсоод Эзэн ирсэн гэдгийг мэдсэн боловч удирдагчийн албан тушаалаа орхиж чадахгүй байсан учраас үүнийг хүлээн авахыг хүсээгүй бөгөөд итгэлтэй хүмүүсийг Бурханы хаанчлалд орохыг нь болиулсан ёрын муу зарц шиг болохоо шахсан. Төгс Хүчит Бурханы ажлыг хүлээн авснаас хойш өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гаднаа удирдах албан тушаалаа орхисон мэт харагдаж байсан ч зүрх сэтгэл минь алдар нэр, байр суурийн хяналтад байсаар байсан. Ах эгч нар намайг биширч, шүтэх үед би үүргээ гүйцэтгэхдээ баяртай, эрч хүчтэй байсан ч надад хайхрамжгүй хандах үед нь гутарч, гонсойгоод, үүргээ гүйцэтгэхийг хүсэхээ больсон. Үнэнийг эрэлхийлж, зан чанараа өөрчлөхийн тулд, эсвэл Бурханаар магтуулахын тулд биш, харин бусдаас онцгойрон, бусдаар хүндлүүлж, хувийн санаархал, хүслээ биелүүлэхийн төлөө л үүргээ гүйцэтгэж байснаа би харсан юм. Би Бурханыг улайм цайм ашиглаж, Түүнийг хуурахаар оролдож байсан биш үү? Би Бурханыг эсэргүүцэж байжээ! Тэгээд эдгээр сатанлаг хороор амьдарч, өчүүхэн ч хүн чанар, эрүүл ухаангүйгээр улам бүр биеэ тоож байв. Бурханы үгийн шүүлт, илчлэл байгаагүй бол, мөн Түүний цээрлүүлэлт, сахилгажуулалт байгаагүй бол Сатан намайг хэр гүн завхруулсныг, байр суурийн төлөөх хүсэл минь хэчнээн их байсныг хэзээ ч ухаарахгүй байх байлаа. Би зүгээр л байр суурийн ерөөлд улам бүр шунаж, улам доройтон, эцэст нь Бурханаар хараагдаж, шийтгүүлэх байв. Бурхан юу ч хийлээ гэсэн, энэ нь шүүлт, гэсгээлт, цээрлүүлэлт, сахилгажуулалт ч бай, бүгд хүн төрөлхтнийг гэх аврал, хайр мөн гэдгийг би эцэст нь ойлгож авсан юм.

Тэгээд би Бурханы үгээс үүнийг уншлаа: “Бурханы үзэл бодол бол анхдагч үүрэг болон байр сууриа сэргээхийг хүнээс шаардах явдал юм. Хүн бол Бурханы бүтээл, иймээс хүн Бурханд ямар нэгэн шаардлага тавьж даврах ёсгүй ба Бурханы бүтээлийн үүргээ биелүүлэхээс өөрийг хийх ёсгүй(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). “Бурханы бүтээл болохын хувьд хүн бас үүргээ биелүүлэх ёстой. Хүн бүх зүйлийн эзэн үү, эсвэл захирагч уу гэдгээс үл хамааран, бүх зүйлийн дундах хүний байр суурь хэчнээн өндөр байх нь хамаагүй тэр бол ердөө Бурханы эрх мэдэл дор буй өчүүхэн хүн, шалихгүй хүн, Бурханы бүтээлээс цаашгүй бөгөөд Бурханаас дээгүүр байж хэзээ ч чадахгүй. Бурханы бүтээл болохын хувьд хүн Бурханы бүтээлийн үүргийг биелүүлэхээр эрж хайж, өөр сонголт хийлгүйгээр Бурханыг хайрлахаар хичээх ёстой, учир нь Бурхан хүний хайрыг хүртвээс зохино. Бурханыг хайрлахаар эрж хайдаг хүмүүс ямар нэг хувийн эрх ашгийг, эсвэл өөрсдийн хүсэн хүлээдэг зүйлийг эрж хайх ёсгүй; энэ нь эрэл хайгуулын хамгийн зөв зүйтэй арга барил юм. Хэрвээ эрж хайдаг зүйл чинь үнэн бол, хэрэгжүүлдэг зүйл чинь үнэн бол, олж авсан зүйл чинь зан чанарын өөрчлөлт бол чиний явж байгаа зам зөв байна. Хэрвээ эрж хайдаг зүйл чинь махан биеийн ерөөл бол, хэрэгжүүлдэг зүйл чинь чиний өөрийн үзлээс гарсан үнэн бол, мөн зан чанарт чинь ямар ч өөрчлөлт гараагүй, махбод дахь Бурханд огтхон ч дуулгаваргүй хандаж, тодорхой бус байдалтай амьдарсаар байгаа бол чиний эрж хайдаг зүйл чамайг гарцаагүй там руу аваачна, учир нь чиний алхдаг зам бүтэлгүйтлийн зам юм. Төгс болгуулах уу, таягдан хаягдах уу гэдэг чинь чиний өөрийн эрэл хайгуулаас хамаардаг, өөрөөр хэлбэл, амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхаж буй замаас хамаардаг(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Амжилт эсвэл бүтэлгүйтэл нь хүний алхдаг замаас хамаардаг). Бурханы үгийг уншсаныхаа дараа, би бол зүй ёсны байраа эзэлж, Бурханыг хайрлаж, Бурханд дуулгавартай байж, завхарсан зан чанараа хаяж, бүтээгдсэн зүйлийн үүргээ сайтар биелүүлэх ёстой бүтээгдсэн зүйл гэдгээ ойлгосон юм. Энэ нь цорын ганц зөв эрэл хайгуул билээ. Хүн аврал хүртэж, төгс болгуулж чадах эсэх нь байр суурьтай юу, үгүй юу гэдэгтэй огт хамаагүй гэдгийг ч бас ухаарсан юм. Хүн ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн Бурхан чин сэтгэл, дуулгавартай байдлыг нь харж, үнэнийг эрэлхийлж байгаа эсэхийг, амь зан чанар нь өөрчлөгдсөн эсэхийг хардаг. Үүнийг ухаараад би “Ирээдүйд ямар ч үүрэг гүйцэтгэлээ гэсэн, ямар нэг байр суурьтай ч бай, үгүй ч бай би чин сэтгэлээсээ үнэнийг эрэлхийлж, бүтээгдсэн зүйлийн үүргээ сайн биелүүлэхийг хүсэж байна” хэмээн Бурханд залбирлаа. Хоёр сар гаруйн дараа миний бэртэл сайжирч эхэлсэн бөгөөд би дахиад сайн мэдээ номлохоор гарч чадах болов. Өөрчлөгдсөн зүйл юу гэвэл, надад байр суурьгүй мэт санагдахаа больж, бусадтай хамт ажиллах үедээ би хамгийн сайн нь байхаар өрсөлдөхөө больсон байлаа. Зүгээр л үүргээ гүйцэтгэж байгаа минь Бурхан намайг өсгөсөн гэдгийг харуулсан мэт надад санагдаж байв.

Хэдэн жил өнгөрч, би өөрийгөө байр суурийн хүлээс, дөнгөнөөс ангижирсан гэж бодож байлаа. Гэвч Бурхан надад зориулан шинэ нөхцөл байдал зохицуулах үед байр суурийн төлөөх хүсэл минь дахиад цухалзсан юм. Энэ нь 2012 оны өвөл байлаа. Цагдаа нар Христэд итгэгчдийг улайран баривчилж, маш хэцүү цаг үе байсан юм. Нэгэн өдөр удирдагч, санваартнууд манай тосгонд цуглаан хийлээ. Удирдагчдын нэг нь завтай байгааг минь хараад надаас гудамжны үзүүрт, манаанд зогсооч гэж хүссэн юм. Энэ тухайд би үнэхээр сэтгэл дундуур байсан боловч ах эгч нарын аюулгүй байдлыг бодоод зөвшөөрсөн. Тэгээд удирдагчийг явсны дараа “Би олон жил удирдагч байж, үргэлж сайн мэдээ номлож байсан. Манаанд зогсох энэ дорд ажлыг хийх хоёр жирийн итгэгч олсон нь дээр. Би яагаад үүнийг хийх ёстой гэж? Та нарыг тэнд цуглаан хийж байхад би гадаа хүйтэнд аюулыг сөрж байна. Байр суурьгүйгээс болоод ингэж байгаа юм уу? Хэрвээ би удирдагч байсан бол иймэрхүү харуулын үүрэг гүйцэтгэхгүй байсан даа” гэж бодлоо. Байр суурийн төлөөх хүсэл минь дахиад буруу юм хийх гэж байгааг гэнэт ухаараад би Бурханд яаран залбирч, “Хүндэт Бурхан минь, би одоо энэ дорд үүргийг хийх ёстой болчхоод байр суурийн төлөөх хүсэл минь дахиад гарч ирлээ. Өө Бурхан минь, би байр сууринд дахиад хүлэгдэхийг хүсэхгүй байна. Байр суурийн дөнгөнөөс ангижрахад минь намайг залж чиглүүлээч” гэсэн юм. Дараа нь би Бурханы үгээс үүнийг уншлаа: “Зарим хүн ялангуяа Паулыг шүтдэг: Тэд гадагш гарч, үг хэлж, ажил хийх дуртай, мөн цуглаанд оролцож, номлох дуртай, хүмүүс өөрсдийг нь сонсож, шүтэж, тойрон хүрээлэхэд дуртай байдаг. Тэд бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэх дуртай бөгөөд өөрсдийнх нь гаргадаг дүр төрхийг бусад хүн үнэлэхэд дуртай байдаг. Тэдний уг чанарыг эдгээр ааш авираас шинжилье: Тэдний уг чанар ямар вэ? Хэрвээ тэд үнэхээр ийм маягаар авирладаг бол биеэ тоосон агаад ихэрхүү гэдгийг нь харуулахад энэ нь хангалттай. Тэд Бурханд огтхон ч шүтэн мөргөдөггүй; тэд өндөр байр сууринд тэмүүлдэг ба бусдыг удирдаж, эзэмдэж, бусдын зүрх сэтгэлд байр суурь эзлэхийг хүсдэг. Энэ бол Сатаны сонгодог дүр юм. Тэдний уг чанараас ялгарч харагддаг зүйл нь биеэ тоосон, ихэрхүү зан, Бурханыг шүтэн мөргөх дургүй байдал, бусдаар шүтүүлэх хүсэл юм. Ийм ааш авираас тэдний уг чанарыг маш тодорхой харж болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Хүний уг чанарыг хэрхэн мэдэх вэ”). Бурханы үгийг уншсаны дараа би, үргэлж өндөр албан тушаалын араас явж, бусдаар хүндлүүлж, шүтүүлэхийг үргэлж хүсдэг байснаа ухаарлаа. Би бусад хүмүүсийн зүрх сэтгэлд зай эзлэхийг хүссэн, мөн чанартаа би бусад хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэхийг хүссэн гэсэн үг юм. Би хүмүүсийн төлөө Бурхантай тэмцэлдэж байжээ! Маш биеэ тоосон уг чанартай байж! Тэгээд би Паул үргэлж өөрийгөө өргөмжилж, гэрчилж, бусдаар өөрийгөө бишрүүлж, шүтүүлж байсан тухай бодлоо, ийм ч учраас тэрээр “Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ашиг юм” (Филиппой 1:21) гэж хэлсэн юм. Энэ нь ихэнх хүнийг Паулыг маш их биширч, шүтэхэд хүргэж, хүмүүсийн зүрх сэтгэл дэх түүний байр суурь Эзэн Есүсийнхээс ч давсан юм. Тухайн үед миний бодож, эрэлхийлж байсан зүйл ч яг л Паултай адил биш гэж үү? Чухамдаа би антихристүүдийн Бурханыг-эсэргүүцдэг замаар явж байлаа; би үнэхээр Бурханыг, хүмүүсийг зэвүүцүүлж байсан ба шийтгүүлбэл зохих байв. Эцсийн өдрүүдэд Бурхан хүмүүсийг цэвэрлэж, аврахын тулд үнэнийг илэрхийлдэг ч энэ олон жил итгэснийхээ дараа би үнэнийг эрэлхийлэх ямар ч хичээл чармайлт гаргаагүй, Бурханыг дуулгавартай дагаж, шүтэн мөргөдөг хүн болж өөрчлөгдөхөөр чармайх талаар огтхон ч бодоогүй. Харин ч бүх бодол санаа, эрч хүчээ ашиглан байр суурь эрэлхийлсэн. Хэрвээ би тэр хэвээрээ үргэлжлүүлсэн бол Бурханаар хараагдаж, шийтгүүлэх байжээ. Би ямар тэнэг байгаа вэ!

Тэгээд би Бурханы үгээс үүнийг уншлаа: “Хүмүүс бол сайрхаад байх юмгүй, бүтээгдсэн зүйл юм. Нэгэнт та нар Бурханы бүтээл болохоор бүтээлийн үүргийг биелүүлэх ёстой. Та нарт тавих өөр шаардлага байхгүй. Та нар ингэж залбирах ёстой: ‘Өө Бурхан минь! Надад байр суурь байсан ч, үгүй ч одоо би өөрийгөө ойлгодог. Хэрвээ миний байр суурь өндөр бол Таны өргөлтөөс болж байгаа бөгөөд хэрвээ дорд бол энэ нь Таны тогтоосноос болж байгаа билээ. Бүх зүйл Таны гарт оршдог. Надад ямар ч сонголт, ямар ч гомдол байхгүй. Намайг энэ улсад, энэ хүмүүсийн дунд төрнө гэдгийг Та тогтоосон бөгөөд бүх зүйл Таны тогтоосон зүйл дотор байдаг учраас би зөвхөн Таны ноёрхол дор бүрэн дуулгавартай байх ёстой. Би байр суурь боддоггүй; эцсийн эцэст би бол ердөө бүтээлүүдийн л нэг. Хэрвээ Та намайг ёроолгүй нүхэнд, гал болон хүхэртэй нуурт хийвэл би ердөө л нэг бүтээлээс цаашгүй. Хэрвээ Та намайг ашиглавал би бүтээл. Та намайг төгс болгосон ч би мөн л бүтээл. Та намайг төгс болгохгүй бол би бүтээлээс өөрцгүй учраас Таныг хайрласаар л байх болно. Би бол бүтээлийн Эзэний бүтээсэн өчүүхэн жаахан бүтээл, бүтээгдсэн бүх хүний дундах нэгэн төдий билээ. Та намайг бүтээсэн бөгөөд надад хүссэнээ хийхийн тулд одоо намайг дахин нэгэнтээ Өөрийн гарт байрлуулсан. Бүх зүйл Таны тогтоосон зүйл учраас би Таны хэрэгсэл, Таны товойлгогч байхад бэлэн байна. Хэн ч үүнийг өөрчилж чадахгүй. Бүх зүйл, бүх үйл явдал Таны гарт байдаг.’ Цаг нь ирэх үед чи байр суурийн талаар бодохоо больж, үүнээс ангижирна. Тэр үед л чи өөртөө итгэлтэйгээр, зоригтойгоор эрж хайж чадах бөгөөд тэр үед л зүрх сэтгэл чинь ямар нэгэн хязгаарлалтаас ангид болж чадна(Үг. I Боть: Бурханы илрэлт ба ажил. Чи яагаад товойлгогч байхыг хүсдэггүй юм бэ?). Бурханы үгийг уншсаныхаа дараа би, хэн нэгэн хүн өндөр байр суурьтай байх юм бол Бурхан түүнийг өсгөсөн, дорд байр суурьтай байх юм бол энэ нь Бурханы урьдчилан тогтоосон зүйл гэдгийг ойлгосон юм. Тэр хүмүүст яаж ч хандсан, биднийг хаана ч тавьсан, бид үргэлж захирагдаж, үүргээ сайтар гүйцэтгэж, гомдоллохгүй байх ёстой. Энэ нь ухаалаг зүйл бөгөөд жинхэнэ бүтээгдсэн зүйлийн хийдэг зүйл билээ. Үүнийг ойлгох үедээ би захирагдаж, үнэнийг хэрэгжүүлэхийг хүсэх болсон ба тэр үеэс хойш манаанд зогсоход өөрийгөө зориулсан. Удирдагч, санваартнуудын цуглааныг тайван хийлгэхийн тулд би өөрөө харуулд гардаг байлаа. Тэрнээс хойш удирдагч надаас харуулд гарахыг дахиад хэдэн удаа хүссэн боловч энэ нь өндөр, дорд байр суурь эсэх тухай би бодохоо больсон байв; тэгэхэд маш чөлөөтэй, амар тайван санагдаж байлаа.

Тэр олон жилийн хугацаанд Бурхан намайг ил болгох нөхцөл байдлыг ахин дахин зохицуулж, намайг шүүж гэсгээхийн тулд Өөрийн үгийг ашигласан, ингэснээр би Сатаны завхралд хэр гүн гүнзгий өртсөнөө, байр суурийн төлөөх хүсэл минь хэчнээн их байсныг үнэхээр харах болсон юм. Бас байр суурь гэдэг бол хүмүүсийг хүлээтэй байлгахын тулд Сатаны ашигладаг зүйл юм гэдгийг тодорхой ухаарсан: Байр суурийг эрэлхийлэх тусам Сатан чамайг төдий чинээ хорлож, чамаар тоглодог бөгөөд чи төдий чинээ Бурханд дуулгаваргүй болж, Бурханыг эсэргүүцдэг. Хүмүүс аврагдахын тулд Бурханд итгэх итгэлдээ юу эрэлхийлэх ёстойг би бас ойлгож авсан. Байр суурийн төлөө тийм хүчтэй хүсэлтэй, тийм том санаархалтай байсан би одоогийнх шигээ болж өөрчлөгдөн, Бурханы зохион байгуулалт, зохицуулалтыг дуулгавартай дагаж, үүргээ дуулгавартайгаар гүйцэтгэж чадсан нь бүгд Бурханы шүүлт, гэсгээлтийн ач юм. Бурхан миний өмнөөс тийм уйгагүй хичээл чармайлт гаргасан ба намайг аварсных нь төлөө Төгс Хүчит Бурханд чин сэтгэлийн гүнээс талархаж байна!

Өмнөх: 29. Офицерын гэмшил

Дараах: 31. Үүргээ чанд мөрдөх нь

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

52. Баяртай, бялдууч аа!

Ли Фэй, ИспаниБялдуучдын талаар ярихад, Бурханд итгэхээсээ өмнө би тэднийг агуу гэж боддог байлаа. Тэд зөөлөн зан чанартай, хэзээ ч хэнтэй...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих