31. Үүргээ чанд мөрдөх нь

Янму, Өмнөд Солонгос

Ах эгч нар үзүүлбэр үзүүлж, Бурханыг магтан дуулж, бүжиглэж байгааг хараад би маш их атаархдаг байсан. Би өөрөө нэг л өдөр тайзан дээр гарч дуулаад, Бурханд гэрчлэл хийж чадна гэж мөрөөддөг байлаа. Тэгвэл тун ч их нэр төрийн хэрэг болно гэж бодсон доо! Харин тэр өдөр бодож байснаас минь эрт ирсэн юм.

2018 оны 5-р сард би Хаанчлалын сүлд дуулал найрал дууны үзүүлбэрийн сургуулилтад орсон. Хэзээ ч дуу, бүжгийн хичээл заалгаж байгаагүй болохоор эхэндээ бэлтгэл маш хэцүү байсан л даа. Дуулахдаа үнэхээр сандарч, болхи царай гаргаж, бүжиглэж байхдаа үргэлж зөрдөг байлаа. Гэхдээ би зүрх алдаагүй. Хаанчлалын сүлд дуулал бол Бурхан ирсэн талаар бүх хүн төрөлхтөнд хийх гэрчлэл гэж бодоод тэр дороо маш их урамшиж, залбирсаар байсан. Тэгээд сайн дуулж бүжиглэхийн тулд бүхнээ зориулахаар шийдлээ. Бурхан намайг бага багаар замчилж, хэдэн сарын дараа би энэ бүгдэд илүү эв дүйтэй болж эхэлсэн юм. Бас ах эгч нарыг илэрхийллээ давтахад нь удирдаж байлаа. Тэгээд өөртөө нэлээд бардамнаж эхлэн, “Одоо илэрхийлэл, хөдөлгөөн маань үнэхээр дажгүй болжээ. Зураг авах үеэр намайг гарцаагүй хамгийн урд зогсооно, тэгээд нутгийн ах эгч нар миний гарч байгааг үзээд маш их догдолж, баярлана даа. Бас атаархаж, намайг хүндлэх биз” гэж бодсон юм. Ингэж бодох бүрд маш сайхан санагдаж, үүргээ гэх энгүй их эрч хүч ордог байлаа. Усан хулгана болж, биеэ хөндүүрлэтэл сургуулилсан ч би амардаггүй байсан. Назгайрах юм бол намайг урд зогсоохгүй, тэгвэл өөрийгөө харуулах боломж багасна гэж айж байлаа. Хэчнээн хэцүү, ядарч туйлдмаар байсан ч чадлаараа хичээх ёстойгоо мэдэж байсан. Зураг авалт дөхөхөд найруулагч тайзан дээрх байрлалыг маань төлөвлөсөн юм. Догдолсондоо би дуучдын жагсаалтыг нээж, нэрээ хайгаад, долоодугаар эгнээнд байгаагаа харлаа. Тэгээд хэсэг зуур нүдэндээ ч итгэж чадаагүй. Яагаад намайг тийм хойно зогсоосон юм бол? Найруулагч алдаа гаргасан юм болов уу? Илэрхийлэл, хөдөлгөөн маань яг таг байсан, тэр ч байтугай би ах эгч нарын бэлтгэлд тусалж байсан шүү дээ. Өөрийгөө үнэхээр эхний хэдэн эгнээнд байх ёстой гэж бодсон юм сан. Яаж хойно зогсож болох юм бэ? Дэлгэцээр гарахгүй, миний ямар ч зураг байхгүй бол бусад хүн намайг харах ч үгүй. Тэгж бодоод үнэхээр бухимдсан. Удаах сургуулилтууд дээр би дуундаа ямар ч баяр баясал харуулж, бүжигтээ эрч хүч гаргаж чадахгүй байлаа. Ялангуяа зарим эгч илэрхийлэл, хөдөлгөөн нь гойд юмгүй байж, эхний гурван эгнээнд орсныг хараад үргэлж уруу царайлдаг байсан юм. Би үнэхээр ойлгохгүй байсан. Тэд надаас юугаараа илүү юм бэ? Яагаад намайг хойно гацаачхаад тэднийг урд зогсоож байгаа юм бэ? Би атаархлаар дүүрч, үүнийг хүлээн зөвшөөрч чадаагүй. Бэлтгэл дээр гол төлөв надаас сайн байсан зарим ах эгч бүр хойно зогсчхоод яагаа ч үгүй юм шиг сургуулилтын үеэр маш тайван байгааг би харах нь харсан. Тэд хойно зогслоо ч дуулгавартай байж, үүргээ идэвхтэй гүйцэтгэж байна, гэтэл яагаад надад ийм хэцүү байгаа юм бэ, яагаад би захирагдаж чадахгүй байна вэ? Би үнэхээр үндэслэлгүй аашилж байна уу гэж гайхсан. Тэр үед өөрийгөө жаахан зэмлэсэн ч үнэнийг эрж хайж, өөрийгөө эргэцүүлээгүй юм. Би өөрийнхөө эгнээтэй эвлэрч чадахгүй хэвээр байсан.

Хэд хоногийн дараа найруулагч эгнээнд зарим нэг өөрчлөлт хийсэн байлаа. Миний сэтгэл нууцхан огшиж, намайг урагшлуулах юм болов уу гэж бодсон юм. Гэхдээ өөрчлөлтийг хараад үнэхээр уйлмаар санагдсан даа. Намайг хамгийн арын эгнээнд, камерт бараг өртөхөөргүй хамгийн захад зогсоосон байсан. Бүр ч итгэмээргүй нь, сургуулилт хийгээд удаагүй зарим эгч миний урд орсон байлаа. Сэтгэл минь бүрмөсөн үймэрч, яахаа мэдэхээ больсон шүү. Зураг авалтад орохын тулд илэрхийлэл, хөдөлгөөнөө давтан маш шаргуу ажилласан байтал яагаад намайг харагдахгүй буланд зогсоож, царайгаа харуулах өчүүхэн ч боломж өгөхгүй байгаа юм бэ? Би зүгээр л дэмжлэг болох нь! Ер нь энэ үзүүлбэрт оролцох ямар хэрэг байна? Эртхэн мэдсэн бол сургуулилт дээр тэгтлээ шаргуу ажиллахгүй байсан юм. Элэг зүрх минь өмөрч байх шиг санагдаж, энэ баримтыг ер хүлээн зөвшөөрч чадаагүй. Дараачийн хэд хоногийн сургуулилт дээр би шагайгаа булгалж орхилоо. Тэгээд “Шагай булгарчихсан болохоор одоо амсхийж болох нь. Өдөр болгон үхтлээ ядрах хэрэг алга. Угаасаа хойно хэнд ч харагдахгүй байгаа юм чинь. Тэгж шаргуу ажиллаж яах юм бэ?” гэж бодсон юм. Би хоцорч ирээд, эрт явж эхэлсэн, бас сургуулилт эрчимжих үеэр тайзны ард амардаг байлаа. Үүнийг харчхаад хэдэн эгч, “Зураг авах дөхөж байна. Энэ хэд хоногт бэлтгэлээ хийхгүй бол бусдаасаа зөрнө шүү. Хэдүүлээ назгайрч болохгүй” гэж надад сануулсан. Үүнийг сонсоод сэтгэл жаахан гонсойж, буруутай юм шиг санагдсан л даа. Хорьхон хоногийн дараа зураг авах болохоор эрчимтэй сургуулилахгүй бол төсөл тэр чигтээ хойшилно гэдгийг мэдэж байсан юм. Би садаа болох нь байна шүү дээ. Тэгээд гэнэт айдас төрсөн. Би яаж ингэтлээ доройтож чадав аа? Хойно зогсоод, онгирох боломжгүй болсноосоо хойш шалтаг тоочиж, эсэргүүцэж, үүргээ биелүүлэх урам зоригоо алдсан гэдгээ эргэцүүлж байж л ухаарсан юм даа. Би зүгээр л дүр эсгэж, дөнгөн данган юм хийж байж. Бурханыг эсэргүүцэж, тэрсэлж байж. Булгарсан шагай минь бас улам дордож байсан нь Бурханы сахилгажуулалт байсан байж болох юм. Хэрвээ би тэгж эсэргүүцсэн хэвээрээ байвал онгирох нь байтугай тайзан дээр гарч ч чадахгүй, тэгээд бүр үүргээ алдах байлаа. Тэр шөнө би шаналж, өөрийгөө зэмлэхдээ Бурханы өмнө сөгдөөд, “Өө Бурхан минь, би хойно зогсохоо харснаас хойш үнэхээр сэтгэл гонсойсон, тэгээд гомдлоор дүүрч, захирагдаж чадаагүй, бас үүргээ муу биелүүлж, ажилдаа хариуцлага алдсан. Би хэчнээн тэрслүү гэдгээ, бас урмыг тань яаж хугалснаа харлаа. Бурхан минь, намайг энэ байдлаас гаргаж өгөөч” гэж залбирсан.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан юм: “Байр суурь, нэр нүүр, нэр хүндийг хөндмөгц хүн бүрийн зүрх сэтгэл догдолсондоо булгилдаг бөгөөд та нар дор бүрнээ онцгойрч, алдаршиж, танигдахыг үргэлж хүсдэг. Тэмцэлдэх нь ичмээр бөгөөд Бурханы гэрт зөвшөөрөгддөггүй ч гэлээ хүн бүр бууж өгөхийг хүсэлгүй, оронд нь үргэлж тэмцэлдэхийг хүсдэг. Тэгээд тэмцэлдэхгүй бол сэтгэл чинь мөн л ханадаггүй. Хэн нэгэн онцгойрохыг харах үедээ чи атаархаж, үзэн ядаж, үүнийг шударга бус гэж боддог. ‘Би яагаад онцгойрч болдоггүй юм бэ? Яагаад дандаа тэр хүн онцгойрч, миний ээлж хэзээ ч ирдэггүй юм бэ?’ Дараа нь чи хорсол мэдэрдэг. Тэгээд үүнийгээ дарах гэж оролддог ч чаддаггүй. Чи Бурханд залбираад хэсэгхэн хугацаанд дээрддэг боловч иймэрхүү нөхцөл байдалтай дахиад тулгармагцаа үүнийг даван гарч чаддаггүй. Энэ нь төлөвшөөгүй биеийн хэмжээг харуулж байгаа бус уу? Хүн ийм байдалд унана гэдэг урхи бус уу? Эдгээр нь хүмүүсийг хүлдэг Сатаны завхарсан уг чанарын дөнгө юм. Хүн эдгээр завхарсан зан чанарыг хаясан бол сул, эрх чөлөөтэй нэгэн биш гэж үү? Бодоод үз: Эдгээр нөхцөл байдлын урхинд орохоос зайлсхийж, эдгээрээс өөрийгөө салгаж чаддаг байж, шаналгаа, хүлээсээс нь чөлөөлөгдөхийг хүсвэл хүн ямархуу өөрчлөлт гаргах ёстой вэ? Жинхэнээсээ сул, эрх чөлөөтэй байж чадахаасаа өмнө хүн юу олж авах ёстой вэ? Нэг талаар тэр аливааг нэвт харах ёстой: Алдар нэр, эд баялаг, байр суурь бол хүмүүсийг завхруулж, урхинд оруулж, хорлож, доройтуулахдаа Сатаны ашигладаг хэрэгсэл, арга барил юм. Онолын хувьд чи эхлээд үүний талаар тодорхой ойлголттой болох ёстой. Цаашлаад эдгээр зүйлийг тавьж явуулж, хойш нь тавьж сурах ёстой… Эс бөгөөс тэмцэх тусам чинь харанхуй чамайг улам хүрээлж, атаархал, үзэн ядалт улам их мэдрэгдэж, олж авах гэсэн хүсэл чинь улам ихэснэ. Олж авах гэсэн хүсэл ихсэх тусам олж авч чадахгүй бөгөөд бага олж авах тусам үзэн ядалт чинь нэмэгдэнэ. Үзэн ядалт чинь нэмэгдэх тусам чи дотроо улам хар бараан болно. Дотроо хар бараан болох тусмаа чи үүргээ улам муу гүйцэтгэнэ; үүргээ муу гүйцэтгэх тусмаа улам хэрэггүй болно. Энэ бол хоорондоо холбоотой, ёрын тойрог юм. Хэрвээ чи үүргээ сайн гүйцэтгэж хэзээ ч чаддаггүй бол аажмаар таягдан хаягдана(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Үүнээс би бага зэрэг ухаарсан. Бурханы үг миний байдлыг яг таг илчилсэн юм. Би найрал дууны бүлэгт ороод үзүүлбэрээ улам сайн мэддэг болж, илэрхийллээ давтахад нь бусдыг удирдаж байгаагаа хараад өөрийгөө тэднээс дээр байна, зураг авалт дээр урд зогсох юм байна гэж бодож эхэлсэн. Тэгээд зураг авалтад орно, онгирно гэж бодохоор үүрэгтээ эрч хүчээр бялхаж байлаа. Дуртайяа шаргуу ажиллаж, биеэ туйлдуулж, илэрхийлэл, хөдөлгөөнөө давтахад л анхаардаг байсан. Гэхдээ эцэст нь бүр хойно зогсохоор болоод онгирох найдлага минь тасарсан байж. Би найруулагчийн зохицуулалтыг эсэргүүцэж, урд зогсоо хүмүүсийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан. Бас тэдэнд атаархсан. Тэгээд буруугаар ойлгож, гомдоллож, үүнийг шударга бус гэж бодоод Бурханд учирлаж, Түүнтэй өрсөлдөх гэж хичээж, сөрөг болж, үүрэгтээ назгайрсан. Бүр бэлтгэлд гаргасан хүчин чармайлтдаа харамссан гээч. Өөрийнхөө сэдэл, зан авирыг эргэцүүлээд би, Бурханы хүслийг анхаарч, Түүнд гэрчлэл хийх гэсэндээ үүргээ биелүүлж байгаагүй гэдгээ мэдсэн. Харин ч би тэр боломжийг ашиглан онцгойрч, бусдад хүндлүүлэхийг хүссэн юм байна. Би зүгээр л өөрийн нэр хүнд, байр суурийн төлөө тэмцэж байсан биш үү? Би маш аминчхан, жигшүүртэй байж! Найрал дууны бүлэгт орох тэр боломж бол Бурхан намайг өргөсөн хэрэг, гэтэл би мөс чанар, эрүүл ухаангүй болохоор яаж үүргээ сайн биелүүлж, Бурханыг сэтгэл хангалуун байлгах вэ гэж бодоогүй. Харин ч онгирох гэж л зүтгэсэн. Тэгээд онгирч чадахгүй болохоороо гонсойж, гомдоллосон. Улам бүр харанхуй байдалд орсон. Эцэст нь үүргээ тааруухан биелүүлсэнд маань Бурхан ой гутсан юм байна. Би Сатаны торонд унасан юм биш үү? Нүднээс далд үүргээ гүйцэтгэдэг, тайзан дээр гарах боломж олдоогүй мөртөө гомдолгүй шаргуу ажиллаж, ул суурьтайгаар үүргээ биелүүлдэг тэр бүх ах эгчийг би бодлоо. Тэдэнтэй харьцуулахад би юу ч биш байсан юм. Би сайн мууг ялгаж мэддэггүй, бас Бурханд маш их өртэй гэдгээ мэдэрсэн. Би ийм тэрслүү хэвээр үлдмээргүй байсан юм. Тэгээд Бурханд гэмшихийг хүссэн.

Дараа нь би Бурханы ийм үгийг уншсан: “Чи эдгээр зүйлийг орхиж, хойш тавьж, бусдыг санал болгож, тэдэнд онцгойрох боломж олгож сурах ёстой. Бусдаас онцгойрч, алдар суу хүртэх боломж олдмогц бүү тэмц, мөн завшааныг ашиглахаар бүү яар. Чи буулт хийж сурах ёстой, гэхдээ үүргийн биелэлтээ хойш тавих ёсгүй. Чимээгүйхэн далд байдлаар ажилладаг, үүргээ үнэнчээр биелүүлж байхдаа бусдад онгирдоггүй хүн бай. Чи нэр хүнд, байр сууриа орхих тусмаа, мөн ашиг сонирхлоо орхих тусмаа улам амар амгалан болж, зүрх сэтгэлд чинь улам их орон зай нээгдэж, байр байдал чинь улам сайжирна. Тэмцэлдэж, өрсөлдөх тусам байдал чинь улам хар бараан байх болно. Хэрэв чи үүнд итгэхгүй бол өөрөө оролдоод үз! Ийм байдлыг өөрчилж, эдгээр зүйлд хянуулахгүй байхыг хүсвэл эхлээд тэдгээрийг хойш тавьж, орхих ёстой(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Бурханд чин сэтгэлээ өг, тэгвэл чи үнэнийг олж авч чадна”). Бурханы үг надад хэрэгжүүлэх зам өгсөн. Дахиад онгирмоор санагдах болгонд Бурханд залбирч, өөрийгөө хаяж, хүслээ орхиод, үүргээ яаж Бурханы шаардлагад нийцүүлэн биелүүлэх, хөдөлгөөнөө зөв хийж, дуугаа сайн дуулах талаар илүү их бодох ёстой болсон юм. Ингэх л хэрэгтэй байсан. Хаанчлалын сүлд дуулалд оролцох боломж олдсон нь урд ч, ард ч зогссон хамаагүй бүтээгдсэн зүйлийн үүргээ биелүүлж байгаа явдал гэдгийг би ухаарсан. Хүмүүс үүрэгтээ хэр үнэнч вэ гэдгийг Бурхан, аль эгнээнд зогсож байгаагаар нь биш, харин чин сэтгэлд нь үндэслэж, үнэнийг хэрэгжүүлж, Бурханд захирагддаг эсэхэд нь тулгуурлан шийддэг. Бурханы хүслийг ойлгосны дараа сэтгэл нэлээд уужирч, “Бурхан минь, би дахиж Таны эсрэг тэрсэлмээргүй байна. Хаана ч зогслоо гэсэн, хамгийн ард хэнд ч харагдахгүй байлаа ч Таныг сэтгэл хангалуун байлгахын тулд үүргээ сайн биелүүлмээр байна!” гэж залбирсан юм.

Дараа нь сургуулилт дээр би дандаа арын хоёр эгнээнд зогсдог байсан юм. Энэ маягаараа хэзээ ч зураг авалтад орохгүй нь, хэн ч, хэзээ ч намайг бишрэхгүй нь гэж хааяа үнэхээр бодогдож, жаахан урам хугардаг байлаа. Гэхдээ тэгэх үед Бурханд яаран залбирч, сэтгэлийг минь тайвшруулж өгөөч гэж гуйгаад Бурханы шаарддаг зүйлийг дуулсан мөр болгондоо яаж илэрхийлэх, яаж дэглэлтийн дагуу эрч хүчтэй бүжиглэхээ тунгаадаг байсан юм. Эдгээр зүйлд сэтгэлээ шингээж эхэлтэл Бурханд маш ойр дотно болсон санагдаж, хаана зогсохоо тоохоо больсон доо. Гайхмаар нь, зураг авалт ойртох тусам намайг байнга урагшлуулж, бас зураг авхуулах багахан хэсэг ч оноосон шүү. Хэрэгжүүлэх ийм боломж олгосонд нь би Бурханд талархсан юм. Зураг авалтын тэр хэд хоногт талархах сэтгэл төрсөөр байсан. Зураг авах болгонд, би үүрэгтээ огт харамсахгүйн тулд сэтгэлээ шингээхэд анхаарсан. Сүүлийн зураг авалт дээр намайг эхний эгнээнд камертай маш ойрхон зогсоосон юм. Би үүнд огт итгэж өгөхгүй байсан шүү. Энэ үнэхээр нэр төрийн хэрэг гэж бодогдсон. Тэгээд Бурханд ахин дахин талархаж, сайн ажиллахаар сэтгэл шулуудлаа. Эхний эгнээ рүү баяртайгаар алхаж байх яг тэр үед маань бүх гэрэл над дээр тусаж, камерууд над руу чиглэсэн байсан юм. Нэг эгч гүйж ирээд хувцсыг минь янзалж, үс, будгийг минь зассан. Би анхаарлын төвд орж, хүн бүр над руу харж байгаа мэт мэдрэмж гэнэт төрсөн болохоор догдлолоо дарж дийлээгүй. Эхний эгнээнд зогсоно гэж зүүдэлж ч байсангүй. Энэ зураг авалт сайн болбол намайг маш олон хүн харна, тэгээд би үнэхээр нэрд гарна гэж бодогдсон юм. Ингэж бодох үнэхээр таалагдсан. Тэр мэдрэмж үгээр илэрхийлшгүй байсан. Тэгж бодмогцоо би буруу байдалд байна, дахиад онгирохыг хүсэж байна гэдгээ гэнэт ухаарсан. Тэгээд цаг алдалгүй Бурханд залбирч, өөрийгөө орхисон ч буруу сэтгэлгээгээ дарж, тайвширч чадахгүй л байлаа. Угсруулан хоёр, гурван зураг авсан ч би нэг л болж өгөхгүй байсан юм. Дараа нь найруулагч сэтгэл санаагаа зөв байлгаарай гэж бидэнд санууллаа. Илэрхийлэл маань болж өгөхгүй байгааг найруулагч харчхаад намайг дахиад хойно зогсоох вий гэж би санаа зовж эхэлсэн. Онгирох тэр боломжоо алдах нь гэж санаа зовсон л доо. Гэхдээ үргэлж хувийн ашиг сонирхлоо бодоод байж болохгүй, харин үүргээ сайн биелүүлэхийн тулд байдлаа яаж өөрчлөх вэ гэдэгт анхаарах ёстойгоо ухаарсан. Сэтгэлд минь үүргээ сайн биелүүлэх хүсэл, онгирох боломжоо алдах вий гэх зовнил хоёрын хооронд тулаан өрнөж байлаа. Үүнээс болж би маш их сандарсан. Таван зураг угсруулан авсан ч би бас л болж өгөхгүй, үнэхээр хөшүүн харагдаж байсан юм. Зураг авалтын дараа бусад эгч нар бүгд юу сурснаа догдлон ярьж, зарим нь сэтгэл хөдөлсөндөө уйлж байгаа харагдсан ч би сэтгэлээ засаж чадаагүй. Тэгээд маш их гутарч, хурдхан гарч явлаа.

Харьж явахдаа, зураг авалт дээр тааруухан байсандаа маш их гэмшсэн юм. Бусад нь бүгд үнэнч сэтгэл, цайлган инээмсэглэлээ Бурханд өгсөн, гэтэл би онгирох дон туссан байж. Бурханд гэрчлэл хийхэд миний үзүүлбэр огт хангалтгүй байсан, бас Бурхан миний үүргийг сайшааж чадаагүй. Тухайн үед би үнэхээр сэтгэлээ онгойтол уйлмаар байлаа. Тэгээд, “Бурхан минь, би энэ сүүлийн зураг авалтад харамсаж байна. Дахиж үнэхээр онгирмооргүй байна, бас хэнд ч, бүр камерт ч харагдахааргүй тайзны хойно, мухарт зогсмоор байна. Энгийн, үнэнч сэтгэлээр Таны төлөө чин сэтгэлээсээ дуулж байгаа цагт би аз жаргалтай, амар амгалан болно, бас дахиж хэзээ ч ийм буруутай санагдахгүй. Гэхдээ одоо дэндүү хожимдсон болохоор би өрөө барагдуулж чадахгүй нь” гэж Бурханд хэлсэн юм. Энэ талаар бодох тусам сэтгэл гонсойж, үүргээ яаж биелүүлсэндээ маш их харамссан.

Тэгээд сэтгэлээ тайвшруулаад, тунгаан бодож эхэллээ. Онгирч, онцгойрох хүсэл минь яагаад ийм хүчтэй байж, махан биеийг хаяж, үнэнийг хэрэгжүүлэхэд ийм хэцүү болов оо? Би Бурханы үгээс үүнийг уншсан юм: “Чиний дурлаж, анхаарч, шүтэж, атаархдаг, зүрх сэтгэлдээ өдөр бүр боддог зүйлс бүгд уг чанарын чинь төлөөлөл юм. Чиний уг чанар зөвт бус байдлыг таалдаг, мөн ноцтой нөхцөлд уг чанар чинь ёрын муу, засаршгүй байдгийг нотлоход энэ хангалттай. Уг чанараа ийм маягаар шинжлэх хэрэгтэй; өөрөөр хэлбэл, амьдралдаа юуг таалдаг, юуг хаядгаа шинжил. Чи хэн нэгэнд хэсэг зуур сайн хандаж болох ч түүнд дуртай гэдгийг чинь энэ нь нотолдоггүй. Чиний үнэхээр таалдаг зүйл бол яг уг чанарт чинь байгаа зүйл юм; яс чинь хугарлаа ч чамд таалагдсаар байх бөгөөд хэзээ ч орхиж чаддаггүй. Үүнийг өөрчлөх амаргүй(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”). “Хүмүүсийн уг чанартаа дуртай байдаг зүйлсийг ухан гаргахаас гадна уг чанарт нь хамаарах бусад талыг ч бас ухан гаргах хэрэгтэй. Жишээлбэл, хүмүүсийн аливааг үзэх үзэл бодол, амьдралын арга барил, зорилго, амьдралыг үзэх үзэл, амьдралын үнэт зүйлс, бас үнэнтэй холбоотой бүх зүйлийн талаарх үзэл бодол гэх мэт. Энэ бүх зүйл хүмүүсийн сэтгэлийн гүнд байдаг бөгөөд зан чанарын өөрчлөлттэй шууд хамаатай юм(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Зан чанараа өөрчлөх талаар мэдэх ёстой зүйл”). Хүний сэтгэлгээ, сонирхол, эрэл хайгуул бүгд уг чанараас гардаг, бас уг чанарт маань захирагддаг гэдгийг ойлгоход Бурханы үг тус болсон юм. Дараа нь би, үүргээ биелүүлэх тэр бүх хугацаанд үнэндээ юуг анхаарч, эрж хайж байсан юм бэ гэж өөрөөсөө асуусан. Тайзан дээрх миний байр байнга урагшилж, улам их зураг авалтад орох үедээ ингэж нэг урд гарч, өөрийгөө харуулж, бусдын атаархал, хүндлэлийн төвд байх боломж олдлоо гэж л хамгийн их бодсон. Ялангуяа урд зогссон сүүлийн үзэгдэл дээр би нэг ёсондоо од шиг санагдсан. Энэ нь маш том амжилт шиг санагдсан болохоор онгирч, камерт царайгаа хамгийн сайхнаар харуулж, таньдаг ах эгч нараа алмайруулж, үүрд дурсагдах гайхамшигтай дурсамж бүтээх хүслээ барьж дийлээгүй юм. Би нэр төр, байр суурийг хэчнээн их эрхэмлэдгээ харж, эдгээр нь миний зүрхэнд маш гүн шигдсэнийг ойлгосон.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан юм: “Завхарсан сатанлаг зан чанар хүмүүст маш гүн гүнзгий үндэслэсэн байдаг; энэ нь тэдний амь болдог. Хүмүүс чухам юу эрж хайж, олж авахыг хүсдэг вэ? Завхарсан сатанлаг зан чанарын хөдөлгөгч хүчээр удирдуулсан хүмүүсийн туйлын зорилго, найдвар, эрмэлзэл, амьдралын зорилго, чиглэл юу вэ? Тэд эерэг зүйлсийн эсрэг явдаггүй гэж үү? Нэгдүгээрт, хүмүүс нэр алдарт хүрэх юм уу алдартай болохыг үргэлж хүсдэг; тэд агуу алдар нэр, нэр хүнд олж авахыг, өвөг дээдэстээ алдар хүнд авчрахыг хүсдэг. Эдгээр нь эерэг зүйл мөн үү? Эдгээр нь эерэг зүйлстэй огтхон ч нийцдэггүй; түүнчлэн хүн төрөлхтний хувь заяаг Бурхан ноёрхож байдаг гэсэн хуульд харшилдаг. Би яагаад ингэж хэлж байна вэ? Бурхан ямар төрлийн хүнийг хүсдэг вэ? Тэр агуу, алдартай, язгууртан хүн юм уу дэлхийд шуугиан тарьсан хүнийг хүсдэг үү? (Үгүй.) Тэгвэл Бурхан ямар төрлийн хүнийг хүсдэг вэ? Шаардлага хангасан Бурханы бүтээл байхаар эрж хайдаг, бүтээлийн үүргээ биелүүлж чаддаг, хүний орон зайг хадгалж чаддаг, аливаад ул суурьтай ханддаг хүнийг Тэр хүсдэг(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үнэнийг эрж хайж, Бурханд найдсанаар л завхарсан зан чанарыг шийдвэрлэх боломжтой”). “Чи үргэлж агуу байдал, цол гуншин, нэр хүнд хайж байдаг; үргэлж өргөмжлөл эрж хайдаг. Үүнийг хараад Бурханд ямар санагддаг вэ? Тэр үүнийг жигшиж, харахыг хүсдэггүй. Агуу байдал, цол гуншин, бусдаас дээгүүр, шалгарсан, суут, анхаарал татахуйц байдал гэх мэтийг эрэлхийлэх тусам чи Бурханд илүү жигшүүртэй санагддаг. Бурханы жигшлийг төрүүлэх нэгэн бүү бай! Тэгвэл үүнд яаж хүрэх вэ? Хүний байр сууринд зогсонгоо аливааг бодитоор хийснээр. Хоосон мөрөөдөлд бүү найд, алдар нэртэй болох юм уу үеийнхнээсээ ялгарах гэж бүү эрж хай, түүнчлэн бусад бүх хүнээс хэтийдсэн агуу чанартай, илүү давамгай, бусдаар өөрийгөө шүтүүлдэг хүн байх гэж бүү хичээ. Энэ бол Сатаны явдаг зам; Бурхан ийм бүтээгдсэн зүйлсийг хүсдэггүй. Хэрэв, эцэст нь Бурханы бүх ажил дууссаны дараа хүмүүс бас л эдгээр зүйлийг эрэлхийлсээр байвал тэдэнд таягдан хаягдах гэсэн нэг л үр дүн байгаа(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай”). Бурханы үг намайг үнэхээр сэрээсэн. Би яагаад ингэтлээ их онгирох дуртай, ийм нэрэлхүү юм бэ гэдгээ эргэцүүлсэн. Энэ бүгд нь Сатаны боловсрол, завхралд өртсөнөөс үүдэлтэй байсан. “Өөрөө онцгойрч, өвөг дээдэстээ алдар нэр авчрах”, “Хүн дээшээ тэмүүлдэг, ус уруугаа урсдаг” гэх зэрэг Сатаны хор миний дотор үнэхээр нэвчиж, амьдралын талаар буруу үзэл бодол суулгасан байсан юм. Нэр төр, байр суурь хөөцөлдөж, бусдаас дээр амьдрах нь эерэг зүйл гэж боддог байлаа. Тэгээд эднийг амьдралын зорилго болгосон байж. Би юу ч хийлээ гэсэн онгирч, бусдад хүндлүүлж, атаархуулахыг хүсдэг байсан. Тэгэх нь бусдаас дээр амьдарч байгаа, хүндлүүштэй хэрэг гэж бодсон юм. Тиймээс би нэр төр, байр сууринд маш их дурладаг болсон. Тэгээд урьд нь сургуульд байхдаа ч, бусадтай харилцахдаа ч үргэлж онц сайн байхыг хүсдэг байснаа бодсон. Би бусдын өмнө, анхаарлын төвд байхыг хүссэн. Хүнд анзаарагдаж эхэлмэгц надад маш сайхан санагддаг байсан юм. Харин ямар ч бүлэг хүмүүст анзаарагдахгүй, ач холбогдолгүй байхыг тэвчиж чаддаггүй байлаа. Би байр суурийн төлөө тэмцэхийг хүсэж, бүтэлгүйтэхээрээ гонсойдог байсан юм байна. Үргэлж ийм сатанлаг хороор амьдарч, ямагт бусдад хүндлэгдэхийг хүсдэг байж. Эдгээр нь намайг боогдуулдаг дөнгө мэт байж, бодлыг минь хянан, Бурханд гэрчлэл хийх зураг авалтыг өөрийгөө харуулах хувийн тайз гэж үзэхэд намайг хүргэсэн. Би хүслээ хангах хөшүүрэг мэтээр үүрэгтээ хандаж байж. Яаж онцгойрох вэ, яаж гялалзах вэ гэдгээс өөр зүйл сэтгэлд минь байгаагүй. Үүргээ яаж сайн биелүүлэх, Бурханыг яаж сэтгэл хангалуун байлгах талаар би огт бодоогүй. Сатанлаг хор, зан чанараа шийдвэрлэхгүй бол үүргээ сайн биелүүлж, Бурханыг хангалуун байлгах боломжгүйгээс гадна эцэстээ би Бурханыг эсэргүүцэж, тэрсэлдгээсээ үүдэн Бурханаар таягдуулна гэдгээ харсан даа.

Дараа нь Бурханы ийм үгийг уншсан юм: “Бурхан хүмүүсээс тодорхой тооны ажил үүргийг гүйцэлдүүлэх юм уу ямар нэг агуу үйл хэрэг биелүүлэх чадвартай байхыг шаарддаггүй, тэд ямар нэг агуу үйл хэргийг анхлан санаачлах нь ч Түүнд хэрэггүй. Бурханы хүсдэг зүйл бол хүмүүс чадах бүхнээ бодитой байдлаар хийж, Бурханы үгийн дагуу амьдрах явдал юм. Чи агуу, хүндтэй хүн байх нь Бурханд хэрэггүй, бас ямар нэг гайхамшиг үзүүлэх ч хэрэггүй, чамаас тааламжтай гэнэтийн бэлэг харахыг ч Тэр хүсдэггүй. Түүнд иймэрхүү зүйлс хэрэггүй. Чи Бурханы үгийг сонсож, сонссоныхоо дараа тэдгээрийг үнэн сэтгэлээсээ авч үзэн, бодитой байдлаар хэрэгжүүлэх явцдаа анхаарал хандуулж, тэгснээр Бурханы үг чиний амьдран харуулдаг зүйл, чиний амь болох л Бурханд хэрэгтэй юм. Тэгснээр Бурхан сэтгэл хангалуун болно(Эцсийн өдрүүдийн Христийн ярианы тэмдэглэл номын “Үүргээ зохистой биелүүлэхэд эв найртай хамтын ажиллагаа шаардлагатай”). Бурхан биднийг үнэнийг эрэлхийлж, үнэнч хүмүүс байж, Өөрийнх нь захиралт, зохицуулалтад захирагдаж, үүрэгтээ бүхнээ зориулаасай гэж хүсдэг гэдгийг би харсан. Эдгээр зорилгын төлөө хөдөлмөрлөвөл Бурханыг сэтгэл хангалуун байлгана. Би урьд нь зүгээр л нэр хүнд, байр суурийг үнэн сэтгэлээсээ хөөцөлдөөд Бурханы хүслийг хэзээ ч ойлгодоггүй байж. Тийм болохоор үүргээ сайн биелүүлж чадалгүй Бурханыг гонсойлгосон юм. Бурхан намайг маш завхарсан байсан ч орхиогүй. Завхарсан сатанлаг зан чанарыг маань харуулж, намайг замналаа эргүүлж, өөрчлөөсэй гэсэндээ Бурхан тайзан дээрх байрыг минь өөрчлөх замаар эрэл хайгуулын талаарх буруу бодлыг маань удаа дараа илчилсэн. Бурханы хайр сэтгэлийг минь үнэхээр хөдөлгөсөн. Тэгээд би, “Бурхан минь, би дахиад онцгойрч, хүндлүүлэх гэж хөөцөлдмөөргүй байна. Тийм эрэл хайгуул надад шаналал л авчирдаг, үүрэгтээ Таныг сэтгэл хангалуун байлгах чадваргүй болгож, намайг маш их буруутай санагдуулдаг. Одоогоос би зөвхөн Таны үгийн дагуу хэрэгжүүлмээр байна. Ямар ч байранд зогслоо гэсэн, өөрийгөө гайхуулж чадах эсэх нь хамаагүй би гагцхүү Танд дуулгавартай чин сэтгэлээр Таныг магтан дуулж, сэтгэлийг тань хангалуун байлгахын тулд үүргээ биелүүлмээр байна” гэж Бурханд залбирсан юм. Дараа нь дахин зураг авалт дээр би заримдаа хойшилж, зарим үед урагшилж, бас заримдаа зураг авалт биш, сургуулилт дээр ажиллах хэрэгтэй болдог байсан. Энэ нь сэтгэл санаанд минь нөлөөлсөн ч би сэтгэл санаагаа хянахын тулд Бурханд залбирч, Түүний үгийг унших замаар хүслээ орхиж чадсан. Хааяа зарим эгч байр нь өөрчлөгдсөний нөлөөгөөр үүргээ сайн биелүүлэхгүй байгаа харагддаг байсан. Би Бурханы холбогдох зарим үгийг амжиж олоод өөрийнхөө туршлагатай холбон тэдэнд тусалж чадсан юм. Үүргээ тэгж биелүүлэх нь намайг үнэхээр тайвшруулсан, бас маш утга учиртай байсан! Дараа нь найруулагч намайг дахиад урд эгнээнд оруулсан ч би урьдынх шигээ онгирох гэж хичээгээгүй юм. Би үүргээ биелүүлж, үзэгдэл болгон дээр гэрчлэл хийх ёстой юм шиг надад санагдсан. Тэгээд сайн дуулж, үүргээ зохих ёсоор биелүүлэхэд анхаарсан даа. Миний хамгийн ард зогсож байсан нэг үзэгдэл дээр “Бурханыг тэмдэглэхийн тулд ялгуусан тугаа өргө! Ялалтын ялгуусан дуугаа дуулж, Бурханы ариун нэрийг түгээ!” гэсэн Бурханы үгийг бид дуулсан санагдаж байна. Би Сатаны завхралд хэчнээн гүн автаж, нэр төр, байр суурь хөөцөлдөн, Бурханыг сэтгэл хангалуун байлгах үүргээ биелүүлж чадалгүй Бурханыг үнэхээр шархлуулсан тухайгаа бодсон. Тэр өдөр би Сатаныг шившиглэж, ялахын тулд Бурханыг зүрх сэтгэлээсээ магтаж, Түүнд хамгийн сайхан дуугаа өргөх ёстой санагдсан! Тэгээд тайзан дээр ийм хандлагатайгаар Бурханыг магтан дуулж байхдаа урьд нь хэзээ ч мэдрээгүй амар амгалан, баяр баяслыг мэдэрсэн. Бас маш их бахархал, шударга ёсыг мэдэрсэн шүү!

Удалгүй Хаанчлалын сүлд дуулал гэх өргөн хэмжээний найрал дууны бүтээл интернэтэд тавигдлаа. Тэгээд ах эгч бид бүгдээрээ тэр видеог догдлон үзэцгээсэн дээ. Бурханы сонгосон маш олон хүн Чидун уулын өмнө зогсоод “Үй түмэн хүн Бурханыг уухайлдаг, үй олон хүн Бурханыг магтдаг” гэж бахархалтайгаар дуулж байгааг хараад би үнэхээр хөөрч, сэтгэл маш их хөдөлсөндөө өөрийн эрхгүй талархлын нулимс унагасан. Болсон бүх зүйлийг эргээд бодохоор, би анх байр сууринд маш их анхаарч, үүрэгтээ сэтгэлээ шингээж чаддаггүй байсан хэрнээ сүүлдээ миний байр урд ч, ард ч байсан хамаагүй, зүгээр л бүтээгдсэн зүйлийн байр сууриас чөлөөтэй дуулж, Бурханд гэрчлэл хийж, нэр хүнд, байр суурийг тоохоо больсон нь бүгд надад хийсэн Бурханы ажлын үр дүн байсан юм. Бурханд талархъя!

Өмнөх: 30. Байр суурийг орхиход амаргүй байлаа

Дараах: 32. Сүнс минь чөлөөлөгдлөө

Одоо үед гай гамшиг ойр ойрхон тохиолдож, Эзэн эргэн ирэх тухай зөгнөлүүд үндсэндээ биелсэн. Бид Эзэнийг хэрхэн угтан авч болох вэ?

Холбогдох контент

71. Онгирсноос үүдсэн хор хөнөөл

Руою, ИспаниХэдэн жилийн өмнө би үе тэнгийн хэдэн ах эгчтэй хамт усалгааны үүрэг гүйцэтгэж байсан, тэд маш их урам зоригтой, хариуцлагатай,...

59. Шударгаар мэдээлэхийн үр шим

Жао Мин, Хятад улс2011 оны 4-р сард би, улсын өөр нэг хэсэгт байдаг чуулганд Яао Лань хэмээх удирдагчийн оронд очих хэрэгтэй боллоо. Ажил...

Тохиргоо

  • Текст
  • Загвар

Цулгуй өнгө

Загвар

Үсгийн хэв

Үсгийн хэмжээ

Мөр хоорондын зай

Мөр хоорондын зай

Хуудасны өргөн

Гарчиг

Хайх

  • Энэ текстийг хайх
  • Энэ номоос хайх

Messenger дээр бидэнтэй холбоо барих